Мѳнх-Эрдэнэ минь мѳдхѳн эдгээрэй, Монгол ятгаа бас дахин хѳглѳѳрэй


Удтал тѳѳнѳсѳн наран сая л нэг юм шингэж тэнгэрийн хаяа нэлэнхүйдээ улаа бутран туяарч, хаа холын Аризонад зуны үзэсгэлэнт үдэш ердийнхѳѳрѳѳ айлчлах авч чухам энэ л үдэш ѳвѳрмѳц нэгэн дѳрвѳл хѳгжимчид хурсан олны цѳсийг ёстой л хѳѳргѳнѳ гээч нь болж байлаа. Дижеридү гэж нэрлэгддэг урт хѳндий хѳгжим гартаа барьсан Австрали гаралтай залуу эр дараагийн номер “Говь” гэж тайзан дээрээс зарлахад үзэгчид нам гүм болов. Нам гүмийг бага багаар эвдэн салхи исгэрч навчис чичигнэн, хаа нэгтээ ямар нэгэн ан амьтан дуугарч, жигүүртэн шувууд жиргэж байснаа ятгын уяхан эгшиг тасрангуут морин хуурын татлага дагах мѳртѳѳ дижеридүгийн эрдүү ѳнгѳ, индиан лимбэний нарийн бүдүүн ѳнгѳтэй хэмнэлттэйгээр хоршин аадар бороо мэт асгаран нѳмрѳхѳд үзэгчид ѳѳрийн эрхгүй догдолцгооно. Тэр харь хүмүүсийн дунд нутгаа санасан Монгол хүний сэтгэл яахын аргагүй бүр илүү дэгэлзээд ирнэ. Говьд бороо шаагиад байдаггүй л дээ, тэнд араатан жигүүртэн африкийн ширэнгэнд буй мэт буцалж байдаггүй л дээ.  Гэхдээ “Говь гэмээ нь Говь билээ, голио царцаа нь хуурсан тариа шиг үсчин байдаг, Говь гэмээ нь Говь билээ” л. Ингэ нь хүртэл хуурын эгшгэнд уяран нулимс бѳмбѳрүүлж л байдаг энэ нутгийн тэмээчин эжий хүүгээ санахуйд асгахгүй бороо, жиргэхгүй жигүүртэн гэж үгүй дээ.

Тэр үдэш би ятгачин Ч.Мѳнх-Эрдэнэ, морин хуурч Д.Шинэцог болон австрали эр дижеридүчин Стивен Кент, уугуул индиан лимбэчин Карлос Накай нарыг хүндлэн биширч тэдэнтэй сайхан танилцсан билээ. Гайхах юу байхав дээ, олон жил эрдмийн мѳр хѳѳж харьд амьдарсан би гэдэг хүн үнэндээ язгуур урлаг, уран сайхнаас олон жилээр хоцрогдсон болохоор Мѳѳгийг (Мѳнх-Эрдэнэ) тэр үедээ бие даасан ятгын концерт тоглосон, Шинээг олон улсын Гранпри шагнал авсан гэдгийг ор тас дуулаагүй явсан хэрэг. Тэгтэл Бямбаагийн бүтээсэн ”Ингэн нулимс“ баримтат киноны амин сүнс “Говь” хѳгжим дээр энэ дѳрвѳл импровизаци хийгээд палхийтэл тоглоход тийм нэг хэзээ ч мартагдахгүй сайхан бас бахархам мэдрэмж тѳрснийг чадан ядан хэлэх гээд байгаа царай минь энэ. Энэ дѳрвийг Америкийн хэд хэдэн хотоор аялан тоглоход би орчуулагч хийгээд хамт дагаад явсан юм. Очсон хот болгонд танхим дүүрэн үзэгчид угтах, тоглосон хѳгжим болгоных нь дараа “Браво!” гэж хашгиралдах нь сүүлдээ бараг л жирийн үзэгдэл мэт болов. Манай дѳрвийг энд тэнд хүмүүс бүчээд л. Тэрүүхэн тэндээ ѳнѳѳ орчуулагч би хүртэл “од” болчихдог юм.

Монгол аялгуу гэдэг сайхан шүү дээ. Тэр тусмаа яагаад ч юм индиан үндэстний аялгуутай хоршихоороо тэр гээд нэрлэчихэж болохгүй ч тийм нэг ѳвѳрмѳц гайхалтай мэдрэмжийг тѳрүүлдэг юм билээ. Индианчууд Тѳв Азиас гаралтай ч бай үгүй ч бай тэрэндээ гол нь биш байх л даа гэхдээ л энэ хоёр аялгуу язгуураасаа уг гарвал нэгэн цул мэт зохицол таарамж гэж ёстой ванлий. Цомог нь дѳрвѳн ч сая хувиар борлогдсон нэрт хөгжимчин уугуул индиан Накай эрхэм бээр цуур лимбэ, цуурай уухайгаараа Монгол аялгуунд уусах тусам, Монгол хѳѳмий австрали дижеридүтэй эвлэгхэн хоршин Аризонагийн салхийг хуурдах тусам чухам л Монголчууд, уугуул австраличууд, индианчууд л онгон байгальтай ѳнѳѳг хүртэл амин судсаараа холбоотой хэвээр үлдэж дээ гэмээр тун ч бахдалтай. Үүн дээр Мѳнх-Эрдэнийн ятгын гоцлол, цангинасан намуун зѳѳлѳн хоолой нэмэгдэхээр хурсан олныг нэгмѳсѳн алмайруулж догдлуулахгүй яах юм бэ. Read the rest of this entry »


Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг цөмийн эсрэг үзэлтэй


Чех улсын Палацкийн их сургуулийн доктор (2000), АНУ-ын Техасын A&M их сургуулийн доктор (2011), “Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн, МУИС-ийн дэд профессор, эрдэмтэн Гомбожавын Ариунболдын  De Facto нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг сонирхоно уу? 



Монгол сургуулийн “дэлхийн жишиг”


Otgonbayar sign

2012-04-13 гэрээнд Гарын үсэг зурж буй нь. Cambridge Assessment Группын тэргүүн Саймон Лебус, Ё. Отгонбаяр

Та бүхэнд боловсролын чухал асуудлаар эргэцүүлсэн судлаач П.Мягмарын шинэ нийтлэлийг танилцуулж байна. Нийтлэл ирүүлсэнд баярлалаа.  

Амарлин 

Коммунизмаас ардчилалд дөнгөж шилжээд буй Монголд туслах хандивлагчдын уулзалт 1991 онд Токиод болох үеэр монголчууд нэгэн зүйл тусламжийг хичээнгүйлэн гуйжээ. Тэр нь 70 жилийн явцад хэлбэржин тогтсон Зөвлөлт маягийн боловсролоо шинэчилж авах байв. Нэг дани судлаачын дурссанаар, энэ ажлыг зөвхөн 5 жилийн дотор амжуулна гэж тухайн үед монголчууд төсөөлж байжээ. Харин, үүнийг яаж амжуулж хийх вэ гэдгийн хувьд тэдэнд бэлэн жор байв. Энэ жорын дагуу, юуны өмнө боловсролоо “олон улсын чиг хандлага, жишигт нийцүүлнэ” гэх зорилт тавьсан ба ингэхдээ бодлого нь гадаад орны юмыг өөрийн санаанд нийцүүлэн авч, засаж хувиргахад чиглэсэн ажээ. Судлаачдын нэрлэснээр энэ нь боловсролыг “монголчилж” буй хэрэг байв.

Read the rest of this entry »


Анти Нуклеар Мүвмент цөмийн эсрэг тэмцэгчийг дэмжиж байна


Фэйсбүкийн Анти Нуклеар Мүвмент бүлгийнхэн УИХ-д нэр дэвшиж буй “Ногоон Загалмай” ТББ-ын тэргүүн, доктор Ш. Пүрэвсүрэнг дэмжиж байна

Төрсөн он: 1957 он

Төгссөн сургууль:
Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургууль

1982 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн  аспирантур, биологийн ухааны доктор

2006 онд Монголын хэвлэлийн хүрээлэнгийн дээд курсыг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн.

Мэргэжил: Хөрс судлагч-агрохимич, сэтгүүлч

*  *  *

Анти Нуклеар  Мүвмент бүлэг бол Монгол улсад цөмийн хаягдал булшлах бас үйлдвэрлэн бий болгохын эсрэг үзэлтэй, Монгол үндэстний ариун голомтыг, Монголын жинхэнэ баялаг болох эрүүл хүнийг, эрч хүчтэй хойч үеээ цөмийн осол заналын доор сөхрүүлэхгүй авч үлдэхэд сэтгэл түгшсэн Фэйсбүкээр нэгдсэн эх орончдын хөдөлгөөн.

Бид цөмийн салбарынхны жинхэнэ нүүр царайг илчилж, уран олборлолт, АЦС-ын олон зуун мянган жил үргэлжлэх хор хөнөөлийн талаар олон нийтэд таниулaх үйл ажиллагаа явуулдаг.  Бид аль нэгэн нам, улс төрч, улс төрийн хүчнээс хараат бус, бас аль ч улс төрийн нам хөдөлгөөнийг дэмждэггүй.

Харин Пүрэвсүрэн гуай бол байгаль орчны асуудлаар олон жилийн туршид цуцалтгүй тэмцэж, уул уурхай, алт олборлолт, мөнгөн ус, Хонгорын хордлого, АЦС болон уран олборлолт зэрэг асуудлаар саяхнаас ч биш харин арваад жил тасралтгүй ярьж бичсээр, олон нийтийг сэрэмжлүүлсээр ирсэн  эрдэмтэн, эгэл жирийн иргэн . Үүнийг нь ч бид сайн мэддэг  тул манай Анти Нуклеар Хөдөлгөөнийхөн Ш. Пүрэвсүрэн гуайг хүндэлж, бахархсаар ирсэн.

Өнөөдөр Монголчууд бидэнд алт, уранаас илүү мөнгөн ус, цацрагийн аюулгүй эрүүл орчин, цэвэр ус, агаар, хөрс гэдэг чухал болоод байна. Бид уурхай бүр, зам гүүр болгон хөгжил цэцэглэлт рүү биднийг гулдачин чирч, хүн нэг бүрд оногдох компьютер, ДНБ-ээр хөгжил ирдэг гэсэн итгэл үнэмшилд ард нь асуултын тэмдэг тавимаар байна. Алтай хангайн уулсад шивээлсэн ан гөрөө, говь хээрийн толгодоор сүрэглэсэн зээр гөрөөснүүд явдал гүйдэл нь тасарч халх нөмрөгийн улаан номонд орсон эмийн ургамал нефтийн цооногоор бохирдож, хятад тийш зурайх олон замаар огтлогдож, Солонгос газраас ирсэн анжисан доор тахлагдаж байхад, ямар ч хор хөнөөлгүй алт нүүрсийг хүртэл авахдаа бид талыг там болгож тосон Заамарыг тоосон Заамар болгож, их говийг бид шороон туйран болгож байгааг бэлхнээ харж сууна.

Монголчууд бидэнд үй олноор нь сүйрүүлэх, үр удамгүй болгох гамшигт хор хөнөөлөөс хамгаалахын тулд,  өөрсдийн болоод үр хүүхдийнхээ төлөө, эрүүл орчинд амьдрахын тулд зөвхөн үнэн сэтгэлээсээ байгаль орчноо хайрладаг, Монголоо гэсэн эх оронч сэтгэлтэй  төрийн түшээд хэрэгтэй. Тэднийг Ш. Пүрэвсүрэн гуай манлайлах, итгэл хүлээж чадах хүн гэдэгт Анти Нуклеар бүлгийнхэн огтхон ч эргэлзэхгүй байна.

Монгол эх орон, байгаль орчноо хамгаалахад оруулсан Ш. Пүрэвсүрэн гуайн хичээл зүтгэл, цуцашгүй хөдөлмөрөөр бид бахархдаг тул түүнд Анти Нуклеар Мүвментийн хамгийн анхны
хүндэт Өргөмжлөлийг гардуулсан юм.

Пүүжээ ахдаа амжилт хүсье!

P.S. Ш. Пүрэвсүрэн гуайн уран олборлолт, цөмийн аюулын талаар эртнээс бичиж байсан зарим нэг нийтлэлээс энд тавилаа.

Ураны сургамж      2010 оны 11 сарын 22

Чимээгүй хот       2011 оны 4 сарын 20

Академич Чадраа гуай та андуурав уу эсвэл эндүүрээд байна уу?   2011 оны 9 сарын 20

Сийхгүй худалчдын балаг болон Фукушимагийн гашуун сургамж   2012 оны 3 сарын 12


Бүү Март! Бүү Давт! 426 жагсаал


Анти Нуклеар Мүвмент Фэйсбүкийн бүлгээс Чернобылийн АЦС-ын ослын 26 жилийн ойг тохиолдуулан “Бүү Март! Бүү Давт!” жагсаалыг 2012 оны 4 сарын 26-ны 14:00 цагаас зохион байгуулна.

Тус жагсаал нь уран олборлох, АЦС барих, цөмийн циклийг Монголд хэрэгжүүлэхээр төр засгаас шамдаж буй өнөө үед ард иргэдэд цацрагийн аюул, хор хөнөөлийн талаар таниулан сэрэмжлүүлэх, өмнө тохиолдсон эмгэнэлт ослын талаар сануулах зорилготой юм.

Жагсаал УИД-ийн урдах Beatles-ийн хөшөөн дээрээс гараагаа эхэлж   Сүхбаатарын талбай хүртэл алхах болно.

Бид жагсаалаа өвөрмөц, шинэлэг байдлаар зохион байгуулахыг хичээсэн бөгөөд оролцогчдод цөмийн аюулыг сурталчилсан бугуйвч,V for Vendetta маск, стикер тараах болно.

Цөмийн эсрэг тайван жагсаалд идэвхтэй оролцохыг та бүхэнд уриалж байна.

https://www.facebook.com/#!/events/213271018780958/

 
АНМ бүлэг


Ураны хайгуул, олборлолт хийж буй аймгууд


Монголд ураны хайгуул хийж буй талбайнууд буй аймгууд

Ураны хагас задралын хугацаа–703 сая 800 мянган жил

Плутоны хагас задралын хугацаа–24 мянга 200 жил

Монгол хүний дундаж наслалт — 66.8 жил (63.9-69.9)

Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Төв аймаг, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарчуудаа сэрцгээ !!! 

Эх орноо цөмийн цацрагаас хамгаалъя !

Бэлтгэсэн : Л.


11/11/11–Nuclear-Free Asia xэвлэлийн бага хурал


Юу:  Цөмийн аюулын эсрэг Хэвлэлийн бага хурал. “Цөмийн аюулгүй Ази Тивийн төлөө” уриан дор Монгол, Солонгос, Японы ард түмэн нэгдэж, цөмийн эрчим хүч ашиглах, уран олборлох, АЦС ажиллуулахыг эрс эсэргүүцэж,  нэг зэрэг мэдэгдэл хийж, засгийн газaрт шаардлага хүргүүлнэ. Бид мэдээллийн багц тараах болно.

Хэзээ: Маргааш 11-p сарын 11 нд 10 цагт

Хаана: MaxMall их дэлгүүрийн 4 давхарт Рамада буудлын хурлын танхимд. Энэ нь Баруун дөрвөн замын баруун хойд талд Макс группийн барьсан шинэ цогцолборт юм байна.

Монгол улс АЦС барих, уран олборлох төлөвлөгөөгөө бүрэн орхиогүй цагт бидний дээр цөмийн аюулын үүл хуралдсаар нэгэн өдөр бид хор хөнөөлийг нь мэдрэх болно.

Улс төрчдийн сонгуулийн хошгируулалтын ов мэхэнд автаж, сэтгэл амар суух цаг биш шүү! Ирээдүйдээ зовнидог хүн бүр оролцоорой!


Hi Joe, No nuclear waste. Go home!


2011 оны 8 сарын 22– Anti Nuclear Movement-н идэвхтнүүд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байденийг ирэхэд Ногоон эвсэл, иргэний нийгмийнхний зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалд оролцсон.

This slideshow requires JavaScript.