Мѳнх-Эрдэнэ минь мѳдхѳн эдгээрэй, Монгол ятгаа бас дахин хѳглѳѳрэй

Удтал тѳѳнѳсѳн наран сая л нэг юм шингэж тэнгэрийн хаяа нэлэнхүйдээ улаа бутран туяарч, хаа холын Аризонад зуны үзэсгэлэнт үдэш ердийнхѳѳрѳѳ айлчлах авч чухам энэ л үдэш ѳвѳрмѳц нэгэн дѳрвѳл хѳгжимчид хурсан олны цѳсийг ёстой л хѳѳргѳнѳ гээч нь болж байлаа. Дижеридү гэж нэрлэгддэг урт хѳндий хѳгжим гартаа барьсан Австрали гаралтай залуу эр дараагийн номер “Говь” гэж тайзан дээрээс зарлахад үзэгчид нам гүм болов. Нам гүмийг бага багаар эвдэн салхи исгэрч навчис чичигнэн, хаа нэгтээ ямар нэгэн ан амьтан дуугарч, жигүүртэн шувууд жиргэж байснаа ятгын уяхан эгшиг тасрангуут морин хуурын татлага дагах мѳртѳѳ дижеридүгийн эрдүү ѳнгѳ, индиан лимбэний нарийн бүдүүн ѳнгѳтэй хэмнэлттэйгээр хоршин аадар бороо мэт асгаран нѳмрѳхѳд үзэгчид ѳѳрийн эрхгүй догдолцгооно. Тэр харь хүмүүсийн дунд нутгаа санасан Монгол хүний сэтгэл яахын аргагүй бүр илүү дэгэлзээд ирнэ. Говьд бороо шаагиад байдаггүй л дээ, тэнд араатан жигүүртэн африкийн ширэнгэнд буй мэт буцалж байдаггүй л дээ.  Гэхдээ “Говь гэмээ нь Говь билээ, голио царцаа нь хуурсан тариа шиг үсчин байдаг, Говь гэмээ нь Говь билээ” л. Ингэ нь хүртэл хуурын эгшгэнд уяран нулимс бѳмбѳрүүлж л байдаг энэ нутгийн тэмээчин эжий хүүгээ санахуйд асгахгүй бороо, жиргэхгүй жигүүртэн гэж үгүй дээ.

Тэр үдэш би ятгачин Ч.Мѳнх-Эрдэнэ, морин хуурч Д.Шинэцог болон австрали эр дижеридүчин Стивен Кент, уугуул индиан лимбэчин Карлос Накай нарыг хүндлэн биширч тэдэнтэй сайхан танилцсан билээ. Гайхах юу байхав дээ, олон жил эрдмийн мѳр хѳѳж харьд амьдарсан би гэдэг хүн үнэндээ язгуур урлаг, уран сайхнаас олон жилээр хоцрогдсон болохоор Мѳѳгийг (Мѳнх-Эрдэнэ) тэр үедээ бие даасан ятгын концерт тоглосон, Шинээг олон улсын Гранпри шагнал авсан гэдгийг ор тас дуулаагүй явсан хэрэг. Тэгтэл Бямбаагийн бүтээсэн ”Ингэн нулимс“ баримтат киноны амин сүнс “Говь” хѳгжим дээр энэ дѳрвѳл импровизаци хийгээд палхийтэл тоглоход тийм нэг хэзээ ч мартагдахгүй сайхан бас бахархам мэдрэмж тѳрснийг чадан ядан хэлэх гээд байгаа царай минь энэ. Энэ дѳрвийг Америкийн хэд хэдэн хотоор аялан тоглоход би орчуулагч хийгээд хамт дагаад явсан юм. Очсон хот болгонд танхим дүүрэн үзэгчид угтах, тоглосон хѳгжим болгоных нь дараа “Браво!” гэж хашгиралдах нь сүүлдээ бараг л жирийн үзэгдэл мэт болов. Манай дѳрвийг энд тэнд хүмүүс бүчээд л. Тэрүүхэн тэндээ ѳнѳѳ орчуулагч би хүртэл “од” болчихдог юм.

Монгол аялгуу гэдэг сайхан шүү дээ. Тэр тусмаа яагаад ч юм индиан үндэстний аялгуутай хоршихоороо тэр гээд нэрлэчихэж болохгүй ч тийм нэг ѳвѳрмѳц гайхалтай мэдрэмжийг тѳрүүлдэг юм билээ. Индианчууд Тѳв Азиас гаралтай ч бай үгүй ч бай тэрэндээ гол нь биш байх л даа гэхдээ л энэ хоёр аялгуу язгуураасаа уг гарвал нэгэн цул мэт зохицол таарамж гэж ёстой ванлий. Цомог нь дѳрвѳн ч сая хувиар борлогдсон нэрт хөгжимчин уугуул индиан Накай эрхэм бээр цуур лимбэ, цуурай уухайгаараа Монгол аялгуунд уусах тусам, Монгол хѳѳмий австрали дижеридүтэй эвлэгхэн хоршин Аризонагийн салхийг хуурдах тусам чухам л Монголчууд, уугуул австраличууд, индианчууд л онгон байгальтай ѳнѳѳг хүртэл амин судсаараа холбоотой хэвээр үлдэж дээ гэмээр тун ч бахдалтай. Үүн дээр Мѳнх-Эрдэнийн ятгын гоцлол, цангинасан намуун зѳѳлѳн хоолой нэмэгдэхээр хурсан олныг нэгмѳсѳн алмайруулж догдлуулахгүй яах юм бэ.

Тоглолтын үеэр эсвэл дараагаар үзэгчидтэй уулзалт ярилцлага хийнэ. Нэг удаагийн уулзалт дээр Шинээ маань хүмүүст хѳѳмийн талаар сайхан ярьж таниулсан юмдаг. Үзэгчдээс нэг залуу тайзан дээр гарч ирээд заасны дагуу хѳѳмийдѳхийг оролдсон боловч чадсангүй. Тэгтэл Шинээ “гэдсээ чангал” гээд элэгдэх дүр үзүүлтэл сандарсан эр харин хѳѳрхий минь хир чадлаараа хѳѳмийдѳж эхлэхэд үзэгчид нирхийтэл инээлдэж билээ. Бас нэг удаа уулзалтын дараа нэгэн хятад эр бидэн рүү мяраасаар дѳхѳж ирээд “ятга бол хятадаас гаралтай” гэж их л ихэрхүү асуух сануулах хоёрын дундуур хэлэхэд Мѳнх-Эрдэнийн маань яс нь хавтайх шиг болж билээ. “Үгүй, ятга бол Монголынх” гэж хэлмээр л байвч яаж ч чадаагүй билээ тэр үед.

Мѳѳгий, Шинээ хоёр маань Аризонад гэрт минь саатаж, хананд ѳлгѳѳтэй морин хуурыг хѳглѳн хуурдан хѳѳмийлж гэрийн минь жаврыг нэгмѳсѳн үргээж ѳгѳѳд явснаас хойш алинтай нь ч уулзалгүй даруй дѳрѳв таван жил чилийгээд оджээ. Гэхдээ тэр хоёр маань хоёулаа л нэртэй цуутай, амжилттай, үр бүтээлтэй явааг сонин интернэтээс мэр сэр уншиж мэдээд бахархсаар л явлаа. Онцгой нэгэн бахархалт үйл явдал гэвэл Алтай ятга олдож Монголчууд ѳѳрсдийн ятгатай байсныг дэлхий нийтээрээ мэдэж, олон улсын эрдэмтэн мэргэд хүлээн зѳвшѳѳрѳв. Мѳнх-Эрдэнэ маань бүхнээс түрүүнд баярлаж бахархсан нь лав. Одоо тэр нѳгѳѳ хятад нѳхѳрт Алтай ятгаа ам бардам магтах юм чинь! Мѳнх-Эрдэнийн хань Д.Ганпүрэв, ясны урлагийн хүний журмаар чухамдаа герман эрдэмтдээс ч илүү санаа тавьж, Алтай ятгын эх загварыг Монгол сэтгэлгээ шигтгэн байж дахин бүтээсэн буянтай залуу. Харин Мѳнх-Эрдэнэ маань мастер ятгачин хүний хувьд Алтай ятгаа хѳглѳж амь орууллаа гэдгийг сонсоод бахархаж билээ.

Гэтэл саяхан нүүр ном үзэж суухдаа Мѳнх-Эрдэнэ маань хүнд ѳвчин тусаад харь оронд эмчлүүлэхээр явлаа гэдгийг олж уншаад сэтгэл эмзэглэв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд саяхан Мѳнх-Эрдэнэд зориулсан хандивын концерт болсон гэсэн би бас л мэдэлгүй ѳнгѳрүүлчихэж. Харин энэ сарын 30-нд Монголын урлагийнхан дахин цугларч түүнд зориулж хандивын тоглолт UB Palace-т зохион байгуулах гэж байгааг дуулаад далайд дусал нэмэр болох болов уу гэхдээ үүнийг бичиж сууна.

Мѳнх-Эрдэнэ бол энгүй авъяастай хѳгжимчин бас олон шавьтай хѳгмжийн багш хүн. Бахдам авъяасыг нь бодитоор үнэлдэг байсан бол түүн шиг урлагийн жинхэнэ авъяастан хэнээс ч гуйхгүй мундаг баян чинээлэг амьдарч байх байсан биз ээ. Даанч Монгол улс үндэстний бахархал болсон язгуур урлагаа дэлхий нийтэд сурталчилдаг уран бүтээлчдэд маань тийм боломж тѳдийлэн нээлттэй бус.

Уг нь язгуур урлаг бол зѳвхѳн Монголдоо ч биш дэлхийн тавцанд ѳрсѳлдѳхүйц бидний мах цусанд удамшиж шингэсэн онцлог нэгэн урлаг юм. Мэргэжлийн бус мань мэтийн хүний багцаалж байгаагаар язгуур урлагийг жааз, рок, хип хоп, техно зэрэг тѳрлүүдтэй сүлэлдүүлэн хѳгжүүлэх юм бол манай урлагийнхан дэлхийн тавцанд танигдахаас гадна эдгээр чиглэлийг дэлгэрүүлэн хѳгжүүлж, өмчилж, бусдаас илүүрхэхэд уг нь ойрхон юм шиг. Алтан ураг, Хѳсѳгтѳн, Бѳртэ, Домог гээд энэ чиглэлээр хийж бүтээж гялалзаж яваа язгуур урлагийн хамтлагууд байна. Харамсалтай нь тэд маань гадаадын сонсогч нарт youtube-ээс цааш давж хүрч чадахгүй л байх шиг. Олон улсын уран бүтээлчдийн сурталчилгааны индэрүүдийн нэг болсон Spotify хөгжмийн сайт дээр гэхэд л Урнаа Тугчийн ганц нэг дуу байхаас “Наян Наваа” (этник Зоригоо), “Алтаргана” (Хѳсѳгтѳн хамтлаг), “Говь” (Бѳртэ хамтлаг), хөгжмийн зохиолч Б.Чинбатын “Аравт” киноны хөгжим гэх мэт дахин давтагдашгүй топ бүтээлүүдээс нэг нь ч олдохгүй нь харамсалтай. iTunes ч мѳн адил. Энэ нь миний бодлоор урлагийнхан маань гадаадад ѳѳрсдийгѳѳ таниулан сурталчлах тал дээр нэлээд хойрго ханддагаас болдог байх магадлалтай. Нѳгѳѳ талаас, зохиогчийн эрхийг хамгаалах, бүртгүүлэх, ѳмчлѳхтэй холбоотой олон улсын хууль журмыг таниулсан, нэгдэж элсэхийг дэмжсэн тѳрийн бодлого дутмаг, тусалж зѳвлѳх урлагийн мэргэшсэн менежэрүүд дутагддагтай холбоотой болов уу гэж хар ухаанаар таамагладаг юм. Жишээлбэл, алдарт Накайтай хамтраад студид бичлэг хийлгэхэд манай авъяаслаг уран бүтээлчид рояалти шагнал авах боломж үгүй байсан. Үүнтэй ижлээр хичнээн уран бүтээлчийн зам хаагдаж, хохирч үлдсэнийг таашгүй.

Хүндэлж явдаг гавъяат дуучин Жавхлан маань хууль ѳргѳн барих эрхээ ашиглаж Монголын урлаг, тэр тусмаа дэлхийд цахиур хагалахад ойрхон язгуур урлагийн хамтлагууддаа тус болоод урлагийн бүтээл, уран бүтээлчдийг зохицуулах хууль ѳргѳн баривал уран бүтээлч хүний хувьд том гавъяа болох юмсан даа гэж хаaяа боддог юм. Хэрэв уран бүтээлчид хийсэн бүтээсэн дуу хѳгжмѳѳ Монголдоо тѳдийгүй дэлхийд бүртгүүлчихвэл олон улсын зах зээлд уран бүтээлээ үнэлүүлэх эрхтэй болж, гадаад дотоодын хэнээс ч тэр рояалтигаа аваад ѳѳрсдийн авъяас чадлаар баяжих биз ээ.

Тэр тусмаа өвөг дээдсийн минь аргадан татсан балар эртний эгшиг аялгууг өнөө бидэнд дахин сонсгож өвлүүлэх ариун үйлсийг эхлүүлэгч Д.Ганпүрэв, Ч.Мөнх-Эрдэнэ гэдэг авъяаслаг залуус цаг хугацааны машин бүтээгч буянтнууд биш гэж үү.

Мөнх-Эрдэнэ анд минь түргэн эдгээрэй, Монгол ятгаа дахин хөглөөрэй.

 

Улаанбаатар хот

2017 оны 6 сарын 29

 

Г. Ариунболд

“Голомт-ЦЭХ” ТББ-ын тэргүүн

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Фэйсбүүк дээр Ganpurev Dagvan гэж орж үзнэ үү.

 



Сэтгэгдэл үлдээх