Монгол сургуулийн “дэлхийн жишиг”

Otgonbayar sign

2012-04-13 гэрээнд Гарын үсэг зурж буй нь. Cambridge Assessment Группын тэргүүн Саймон Лебус, Ё. Отгонбаяр

Та бүхэнд боловсролын чухал асуудлаар эргэцүүлсэн судлаач П.Мягмарын шинэ нийтлэлийг танилцуулж байна. Нийтлэл ирүүлсэнд баярлалаа.  

Амарлин 

Коммунизмаас ардчилалд дөнгөж шилжээд буй Монголд туслах хандивлагчдын уулзалт 1991 онд Токиод болох үеэр монголчууд нэгэн зүйл тусламжийг хичээнгүйлэн гуйжээ. Тэр нь 70 жилийн явцад хэлбэржин тогтсон Зөвлөлт маягийн боловсролоо шинэчилж авах байв. Нэг дани судлаачын дурссанаар, энэ ажлыг зөвхөн 5 жилийн дотор амжуулна гэж тухайн үед монголчууд төсөөлж байжээ. Харин, үүнийг яаж амжуулж хийх вэ гэдгийн хувьд тэдэнд бэлэн жор байв. Энэ жорын дагуу, юуны өмнө боловсролоо “олон улсын чиг хандлага, жишигт нийцүүлнэ” гэх зорилт тавьсан ба ингэхдээ бодлого нь гадаад орны юмыг өөрийн санаанд нийцүүлэн авч, засаж хувиргахад чиглэсэн ажээ. Судлаачдын нэрлэснээр энэ нь боловсролыг “монголчилж” буй хэрэг байв.

2008 онд Азийн хөгжлийн банк Монголд судалгаа хийсэн байна. Гэтэл, судалгааны үр дүнгээр ерэн оноос эхэлсэн манай боловсролын шинэчлэл өнөөг хүртэл эргэлзээтэй нөхцөлд хэвээр байгаа ажээ. Хэдийгээр тодорхой өөрчлөлтүүд удаа дараа гарсан боловч боловсрол нь хир зэрэг сайжирсан бэ гэдэгт асуулт байв. Үүний дараахан Дэлхийн банк Монголын боловсролын талаарх өөрийн судалгааны үр дүнг мэдээлсэн ба товчхондоо нөхцөл байдлыг тааруухан гэж үзжээ. Үүний зэрэгцээ, хувь судлаачдын зүгээс бидэнд сануулга өгөв. Нэг америк судлаач манай шинэчлэлийн бодлогыг “боловсролын импорт” гэж ёжилж нэрлэсэн ба боловсрол бол монголчуудын бодож байгаа шиг эд бараа адил зээлдэж авдаг зүйл даан ч биш гэж анхааруулж байна.

Ийнхүү бидний байдлыг шүүмжилж байх зуур манай улс TIMSS-2007 (О.У-ын математик, Ш.У-ны сургалтын чиг хандлага) хэмээх судалгаанд оролцож, өөрийн сурагчдын математикийн сурлагыг үнэлүүлсэн байна. 60-аад улс оролцсон судалгаанаас дараах үр дүн гарав. 4-р ангийн монгол сурагчдын 34% нь олон улсын шалгуураар “дунд” үнэлгээний босго давсан бол “сайн” үнэлгээний босгыг 8%, “онц” үнэлгээний босгыг 1% нь тус тус давжээ. 8-р ангийн сурагчдын хувьд 31% нь дунд, 7% нь сайн, 1% нь онц үнэлгээний босго хүрсэн байна. Товчоор хэлбэл, манай улсын сурагчдын 66-70 шахам хувь нь олон улсын “дунд” үнэлгээний босго даваагүй байна. Энэ нь ихэвчлэн гуравдахь ертөнцийн гэгдэх буурай орнуудын түвшин ажээ.

Otgonbayar Batbold Simon Lebus 2011

Чухам энэ байдлыг мэдэрснээс үүдэв үү гэлтэй шинэчлэлийн бас нэг оролдлого үргэлжлэн гарсан нь Монголын засгийн газраас санаачилсан Кэмбрижийн гэх хөтөлбөр байв. Санаачлагчид нь боловсролын салбарт замбараагүй, хоорондоо уялдаа муутай төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгааг өөрчилж, цэгцтэй хөтөлбөр ба тогтолцоотой болох цаг нэгэнт ирсэн гэдгийг хэлж байсан юм. Гэтэл тэд үүнтэй зэрэгцэн “Дэлхийн монгол хүн” болцгооё гэх уриан дор даяаршсан монгол боловсрол бий болгох зорилгыг тунхаглав. Энэ зорилгод хүрэх арга зам нь Британий олон улсын дунд сургуулийн хөтөлбөрийг авч нэвтрүүлэх ажээ.

Олон улсын дунд сургуулийн хөтөлбөрт хоёр төрлийн сургалтыг эн тэргүүнд тавьдаг байна. Эдгээр нь англи хэл ба байгалийн ухаан юм. Үүнийг дараах энгийн жишээгээр тайлбарлаж болно. Гадаадын иргэн ажлын шугмаар (жишээ нь, элчин сайдын хувиар, эсвэл бизнесийн зорилгоор) Монголд амьдрах болжээ гэж төсөөлье. Гэвч хүүхдүүдээ ямар сургуульд явуулах вэ гэсэн асуулт түүнд тулгарав. Хүүхдүүд нь монгол хэл мэдэхгүй төдийгүй монгол сургуулийн хөтөлбөр тэднийхээс ондоо. Харин энэ үед олон улсын сургууль түүнд санал тавина. Олон улсын сургууль түүний хүүхдүүдэд зориулсан хөтөлбөртэй бөгөөд энэ сургуульд хүүхдүүд дэлхийд хамгийн олон хүн ярьдаг англи хэл судалж, энэ хэлээр хичээлүүдээ үзэх ба хөтөлбөр нь аль нэг үндэстэн, соёл, үзэл суртлын нөлөөнөөс ангид гэх байгалийн ухааны хичээлд түшиглэдэг байна.

Ер нь ”олон улсын” гэх нэрнээс энэ төрлийн сургуулиуд хэнд зориулан боловсрол олгодог болохыг төвөггүй ойлгоно. Гэхдээ ийм сургуулиуд нь зөвхөн Британийх байдаггүй. Британиас гадна АНУ-ын хөтөлбөртэй олон улсын сургуулиуд дэлхий даяар сүлжээтэй ба хоёр улсын сургуулиудын хооронд бас ч гэж өрсөлдөөн байх ажээ. Британий олон улсын сургуулийн сурагчид сургууль дүүргэх үед британи хүүхдүүдтэй адил “Боловсролын ерөнхий гэрчилгээ” (GCSE)-ний шалгалт өгч боловсролын гэрчилгээ авна. Тус шалгалтын төв Британид бий. Харин Америкийн олон улсын сургууль төгсөгчид Швейцарьт төвтэй байгууллагын “Олон улсын бакалаврат (IB)”-ын шалгалт өгч гэрчилгээ авах нь түгээмэл ажээ.

Олон улсын хөтөлбөрийг хэнд зориулсан болохыг нь үл харгалзан Монгол Улсын ерөнхий боловсролын тогтолцооны суурь болгон авч буйг хараад эргэлзэн гайхах сэтгэл аяндаа төрөхөөр байна. Гэвч, нөгөө талаар олон улсын сургалттай сургуулийн хөтөлбөрийг “монголчлох” маягаар нутагшуулна гэж буй нь зорилго, хэрэгжүүлж буй арга барилын хувьд өмнөх шинэчлэлүүдээсээ бас ялгаагүй ажээ. Ялангуяа, энэ хөтөлбөрийн даяаршсан монгол боловсрол бий болгох зорилгыг нь арван жилийн өмнө хэвлэгдсэн дунд боловсролын стандартад аль хэдийн ингэж бичжээ: “Боловсролтой иргэн нь хүн төрөлхтний даяаршил болон нийгмийн шалгуурыг ханган ажиллах, амьдрах… Монгол иргэний дүр төрхөөр тодорхойлогдоно… Түүний дүр төрх, төлөвшил нь боловсролын агуулгыг тодорхойлж, боловсролын стандарт үүрэг, зориулалтын биелэлтийн шалгуур болно”.

Үзэл баримтлалын хувьд шинэ биш боловч Кэмбрижийн гэх бэлэн хөтөлбөрийг авна, гэхдээ үүнийг нутагшуулж өөрийн онцлогт тохируулна гэх өнөөгийн бодлого дор төрийн сургуулийн тогтолцооны содон хэв маяг Монголд шинээр үүсэж байна. Тухайлбал, энэ хөтөлбөрөөс шалтгаалан хос хэлний сургалттай олон улсын “лаборатори”, монгол хэлний сургалттай “жирийн” гэх хоёр төрлийн улсын сургууль бий болж байгаа ажээ. Сургуулийн аль ч тогтолцоонд техникийн, ерөнхий боловсролын, төрийн, хувийн, спорт, урлагийн гэх мэт ялгаа түгээмэл бол “хэлээрээ” хоорондоо ялгагдах төрийн сургуулийн өвөрмөгц тогтоц Монголд бий болж байна (үндэстний цөөнхийн сургууль энд хамаагүй бөгөөд тусдаа асуудал болно). Энэ нь тэртэй тэргүй манай боловсролд буй тэгш бус байдлыг улам гааруулна гэсэн үг юм.

Боловсролыг олон улсын буюу дэлхийн жишигт хүргэнэ гэдэг нь манайд болхи, хуучирсан уриа болж хувирчээ. Социализмын үед манай улс өөрийн боловсролыг ах дүү социалист орнуудын түвшинд хүргэх зорилтыг үргэлж тунхагладаг байв. Тэр үеийн олон улсын жишиг нь ЗХУ, Европын социалист орнууд байсан. Гэтэл  цаг хугацаа өнгөрөх тусам энэ жишиг өмнөхөөс бүрхэг, ойлгомжгүй болж байна. Ерээд онд манай боловсролын хөтөлбөрийн шинэчлэл Дани улсаар баримжаа авсан хирнээ үүнтэй зэрэгцэн 100 гаруй орны туршлагыг судалж дундаас нь өөрийн хичээлийн төлөвлөгөө боловсруулан гаргаж ирэхээр ажиллаж байгаа гэдэг байв. Одоо даяаршил буюу дэлхийн жишиг гэх нэршил хэрэглэгдсэнээр улам бүр бүрхэг болжээ. Манай улсын Кэмбрижийн хөтөлбөр нь даяаршлын гэгдэх үзэлд суурилсан бололтой байвч яг амьдрал дээр Британи улсын боловсролыг хэлж байна уу, эсвэл Британий сургууль боловсролын тогтолцоог авч хэрэглэж буй Ази, Африкийн ядуу буурай орнуудын түвшинг хэлээд байна уу гэх ялгаа зааг тодорхойгүй, харин ердөө л дэлхийн жишигт хүрэх, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хөтөлбөр ажээ.

Монгол Улс энэ үеэс эхлэн сургууль боловсролоо дэлхийн жишигт хүргэнэ гэх мэт зорилго тунхаглах хэрэггүй юм. Харин тус улсын өмнө олон улсын байгууллагуудын материалын тусламж, мэргэжил аргазүйн дэмжлэгээр амь аргацааж буй Ази, Африкийн гуравдахь ертөнцийн буурай орнуудын нэг болохын хувьд бэрхшээлээ яаж даван туулах вэ гэсэн асуулт одоо тавигдаж байна. Хэдийгээр эрх баригчид нь үлгэрийн мэт яриагаар ухуулавч тус улсын сургууль боловсролын бодлого нь (олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэг, чиглүүлгээс бусад тохиолдолд) тодорхой бус, өөрт ямар асуудал тулгарч буйг олж тогтоож, шийдэх чадваргүй, өөрийн гэх чиг баримжаагүй явж байгаа юм. Үүнээс үүдэн гадаадын орнуудын тогтолцоо, хөтөлбөрийг хуулна, гэхдээ түүнийг нутагшуулж, өөрчилж засна гэх бус, харин Монголд ямар шинэчлэл хэрэгтэй вэ гэдгийг өөрсдөө бодох шаардлагатай ажээ.

2012. 01. 12

Судлаач П.Мягмар

 


4 Comments on “Монгол сургуулийн “дэлхийн жишиг””

  1. buka king says:

    shan bijjee gehdee end aldaa dutagdaltai bgaa met sanagdlaa. delhiin banknii sudalgaa bur sn bdaggui. ted manai orniig hogjingui ornuudiin hol bolgohiin tuld oorsdiin soyoliig bidend tukgahiin tuld huuramj medeelel tareaasan bj bolzoshgui. tuhailbal mongoliin 4-r angiin huuhed hogjingui orniihoos muu bna gej hezee ch bhgui. usa-d amidardag hunii helsneer bol mongoliin 4-r angiin huuhed usa-giin 6-r angias iluu bdag gej helj bsan. huujin bolowsroliin sistem muu bgaagui. yadaj l zow togtoltsootoi, bat suuritai bsan bol orjin uyiin bolowsrol huuhdiin amidrald yamarch hereggui. het tuilshirsan hewreg emzeg bolwsroliig tugeej bgaa shuu dee

  2. dddd says:

    Нэг америк судлаач манай шинэчлэлийн бодлогыг “боловсролын импорт” гэж ёжилж нэрлэсэн ба боловсрол бол монголчуудын бодож байгаа шиг эд бараа адил зээлдэж авдаг зүйл даан ч биш гэж анхааруулж байна.

  3. dddd says:

    Саяхан ТВ-ээр харж байсан 1 улсын сургууль дээр солонгос багш нар ирээд солонгос хэлээр монгол хүүхдэд түүхийн хичээл зааж байх юм.

  4. Khagaan says:

    Үр дунд нь Монгол хэл, Монгол хун, Монгол соёл гэсэн ойлголт хог руу шидэгдэх юм биздээ! Даяршсан гэж гоё нэрлэдэг, унэн хэрэгтээ харьжсан хумуусийг бэлтгэх хөтөлбөр л гэж ойлгогдож байна.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s