ТАМЫН ТОГООНООС ЦӨМИЙН ТОГОО РУУ!

logoМонгол Улсын нийт иргэд болон ерөнхий сайд Ч.Сайханбилэг,

УИХ-ын 76 гишүүнд хандаж гадаад дахь монголчуудаа

төлөөлөн АНУ-д ажиллаж буй эрдэмтэд, сэхээтнүүдийн

зүгээс дараах нээлттэй захидлыг хүргүүлж байна

Өнөөдөр дэлхийн улс орнууд байгалийн баялгаа ухаж цөлмөх бус харин хүний оюун ухааныг хөгжлийнхөө гарц болгон сонгож байхад Монголын төрд шургалсан хэсэг бүлэг харалган, шунахай сэдэлтнүүд шударга ёсыг уландаа гишгэж, байгаль дэлхийгээ сүйтгэж, гэмгүй ард иргэдийнхээ эрүүл амьдрах эрхийг уландаа гишгэж буйд бид сэтгэл зовнихын сацуу эх орон, хүн ардынхаа эрүүл мэнд, сайн сайхны төлөө сэтгэл тавин ажилласаар ирлээ. Сүүлийн үед Монгол улсын Цөмийн Энергийн хуулийг өөрчилж буй үйл явцыг бид бүхэн анхааралтай ажиглаж байна. Энэхүү хуульд засвар, өөрчлөлт оруулaх энэ боломжийг ашиглан тус хуулийн шинэчилсэн төсөлд орсон Монгол Улсын эрх ашиг, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул, заналхийлэл учруулахуйц заалтууд буйг сануулж, нэн түрүүнд засварлах шаардлагатай заалтуудын талаар доорх саналыг хүргүүллээ. Үүнд:

1. Цөмийн Энергийн хуулинд орсон цөмийн хаягдал, ашиглагдсан цөмийн түлш зэрэг нэр томъёог тодорхойлох, ингэхдээ “зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр дотоодын хэрэгцээнд зориулсан ашиглалтаас үүдсэн хог хаягдал” гэдгийг онцлон тодотгох,

2. Хуулийн 3.1.22-т “цацраг идэвхт хаягдал булшлах гэж зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг хэлнэ” гэснийг өөрчилж, “цацраг идэвхт хаягдал булшлах гэж зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр дотоодын хэрэгцээнд ашигласан цацрагийн үүсгүүр, цөмийн бусад тоног төхөөрөмж, цацрагт материалын хаягдлыг булшлахыг хэлнэ” гэж өөрчлөх санaл хүргүүлж байна.

 

Хүндэтгэсэн,

Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн ТББ-ын гишүүд

2015 оны 2 сарын 2

ТАЙЛБАР

Цөмийн Энергийн хуулийн шинэчилсэн төсөл дэх хамгийн аюултай нэгэн заалтыг сэрэмжлүүлж тайлбарлав. Тодруулбал, тус хуулийн 9.1.8-д цөмийн хаягдал, ашиглагдсан цөмийн түлшийг хүн ам, нийгэм, байгаль орчинд аюулгүй хадгалах урт хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх гэж тусгажээ. Энэхүү заалт нь атомын цахилгаан станц (АЦС) байхгүй, ирээдүйд барих эсэх нь ч тодорхойгүй манай орны хувьд гадаад улсуудын АЦС-д ашигласан цөмийн түлшийг Монголын уранаар үйлдвэрлэсэн гэдэг үндэслэлээр эх нутагт маань авчран булшлах хууль эрх зүйн баталгаа болж байна. Ашиглагдсан цөмийн түлш гэгч цөмийн хаягдал нь цөмийн урвал, хувирлын бүхий л үе шатууд дундаас хамгийн их хорт цацраг агуулсан цөмийн хаягдал билээ.

Баримт 1. Ашиглагдсан цөмийн түлш гэдэг нь цаашид дахин ашиглахгүй цөмийн хаягдал мөн

Цөмийн Энергийн хуулинд “цацраг идэвхт хаягдал” гэдэг ойлголтыг тайлбарласан мөртлөө “цөмийн хаягдал”, “ашиглагдсан цөмийн түлш” гэдэг нэн чухал нэр томъёоны тайлбарыг санаатайгаар орхигдуулжээ. Ингэснээр тус хуулийн 9.1.8-р заалт нь утга санаа бүрхэг, олон нийтийг төөрөгдүүлсэн хоёрдмол утгатай болжээ. Тус заалт нь ашиглагдсан цөмийн түлш бол цөмийн хаягдал, тэр тусмаа цацраг идэвхт хаягдлаас тусдаа, огт өөр зүйл мэт (тухайлбал, ашиглагдсан цөмийн түлшийг дахин ашиглаж болох мэт) ташаа ойлголт төрүүлэхүйц “зальжин” заалт юм.

Тэгвэл Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас “Aшиглагдсан цөмийн түлш гэдэг нь цөмийн түлш хэлбэрээр ашиглагдсан бөгөөд дахиж ашиглах боломжтой эсэхийг үл харгалзан цаашид дахин ашиглахгүй түлшийг хэлнэ” гэж яв цав тодорхойлжээ (1). Ер нь юу ч гэж нэрлэлээ гэсэн ашиглагдсан түлш бол дахин ашиглагдах баялаг огт биш, харин нэгэнт ашиглагдсан, асар өндөр тунгаар үхлийн цацраг ялгаруулагч цөмийн хорт хаягдал мөн.

Эх сурвалж:
Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл:
1) Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Аюулгүйн тайлбар толь. 2007 он. ОУАЭА. http://www-pub.iaea.org/MTCD/publications/PDF/Pub1290_web.pdf

Ашиглагдсан цөмийн түлшийг дахин боловсруулах боломжгүй. Ашигласан цөмийн түлшийг хүн ам, нийгэм, байгаль орчинд аюулгүй хадгалах урт хугацааны шийдэл байхгүй. АНУ-ын Конгрессийн дэргэдэх Судалгааны Төвөөс 2012 оны 5 сарын 24-нд бэлтгэн гаргасан АНУ-ын ашиглагдсан цөмийн түлш хадгалах тухай тайланд дурдахдаа “Олон төрлийн судалгаанаас үзэхэд ашиглагдсан цөмийн түлшийг дахин боловсруулах нь цацраг идэвхит хог хаягдлыг багасгах зохистой менежментийн арга барил биш төдийгүй эдийн засгийн хувьд ашиггүй” гэж дүгнэсэн байна (x. 47). Мөн түүнчлэн “өнөөг хүртэл дэлхийн аль ч улс, АНУ ч ялгаагүй, ашигласан цөмийн түлш болон бусад өндөр түвшний цацраг идэвхт хаягдлыг урт хугацаагаар хадгалах байгууламж байгуулж ажиллуулсан тохиолдол байхгүй” гэжээ.

Эх сурвалж:
1) АНУ-ын ашигласан түлшний хадгалалт. Бэлтгэсэн: Жэймс Вернер, Судалгааны хэсгийн менежер. 2012 оны 5 сарын 24. Конгрессийн дэргэдэх Судалгааны Төв. https://www.fas.org/sgp/crs/misc/R42513.pdf

Ашиглагдсан цөмийн түлшийг “цөмийн хаягдал” гэлгүй өөрөөр нэрлэчихвэл Монголд булшлах боломжтой. 2011 оны 3 сард Монголд гадны цөмийн хаягдал булшлах тухай 3 улсын нууц гэрээ илэрч, шуугиан дэгдэхэд Цөмийн Энергийн Газраас аль нэг улстай цөмийн хаягдал булшлах талаар хэлэлцээр хийснийг үгүйсгэж, “ийм гэрээ хэлцэл хийх хууль эрх зүйн үндэслэл байхгүй” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл АНУ-ын Конгрессийн дэргэдэх Судалгааны Хүрээлэнгийн 2011 оны 6 сарын судалгааны тайланд “Цөмийн хаягдал булшлах асуудал нь Монголын улс төрийн эмзэг асуудлын нэг бөгөөд дэлхийн бусад орнуудын нэгэн ижлээр Монголд ашигласан цөмийн түлш хадгалахыг эсэргүүцсэн хөдөлгөөн Монголд хүчтэй өрнөж байна. Гэвч зарим шинжээчдийн үзэж буйгаар Монголын байр суурь өөрчлөгдөж болзошгүй юм байна. Тухайлбал, ашиглагдсан цөмийн түлшинд асар их энерги бүхий плутони агуулагддаг тул ашиглагдсан цөмийн түлшийг “цөмийн хаягдал” гэлгүй өөрөөр нэрлэчихвэл [Монголд булшлах боломжтой] болно гэж нэгэн шинжээч сануулсан” гэжээ (1).

Эх сурвалж:
1) Монгол улс: Конгресийн гишүүдэд зориулан бэлтгэсэн асуудлууд. Бэлтгэсэн: Сьюзан Лоренс, Азийн асуудлын шинжээч. 2011 оны 6 сарын 14. Конгрессийн дэргэдэх Судалгааны Төв. www.fas.org/sgp/crs/row/R41867.pdf
2) 2.7 сая хүний амь нас тэрбум долларын үнэтэй юу? Э. Амарлин. 2011 оны 6 сарын 23. https://golomt.org/2011/06/23/0623/

 

Баримт 2: Eрөнхийлөгчийн зарлиг хэмээх заль мэх

zarlig-copy

• Ерөнхийлөгчийн зарлиг. 2011 оны 9 сарын 9-нд Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж цөмийн хаягдлыг Монголд булшлуулахгуй хэмээн сүртэй зарлиг гаргав. Ерөнхийлөгчийн зарлигт:

1. Монгол улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйлажиллагаа явуулахыг хориглосон Монгон улсын хууль тогтоомжийн зүйл, заалтыг тууштай мөрдөж ажиллах
2. Үндэсний аюулгүй байдлын зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах,Монгол улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглох гэжээ.

Гэвч энэ бүхэн гэнэн Монголчуудыг хошгируулах Ц. Элбэгдоржийн ээлжит тоглолт байсан. Монгол улсад цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйлажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хууль тогтоомжууд л байхаас биш хориглосон хууль тогтоомжууд аль хэдийнээ устсан төдийгүй заримыг нь Элбэгдорж өөрийн гараар устгасан байдаг. Тухайлбал:

A. Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалыг засварлав (2010)
Ц. Элбэгдорж ерөнхийлөгч болмогцоо Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалыг (ҮАБҮБ) шинэчлэх ажлыг санаачилж, ерөнxийлөгчийн зөвлөх М. Батчимэг хэрэгжүүлсэн түүхтэй. Ингэж 2010 оны 7 сарын 15-нд УИХ-ын 48-р тогтоолоор шинэ Үзэл Баримтлал (1) батлагдахад 1994 оны хуучин баримт бичигт (2) байсан асар чухал заалтуудыг чимээгүйхэн устгaсан байв. Үүнд:

IX. Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал хэсгийн 51.1 –“хүний удамшил, хүн амын эрүүл мэндэд шууд болон үлдэц нөлөө бүхий онцгой хортой химийн болон биологийн гаралтай материалыг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах дамжуулан тээвэрлэх, түүнчлэн гадаад орны хортой хог хаягдал булшлах, боловсруулах замаар аж ахуй эрхлэх үйл ажиллагааг хориглох
X. Экологийн аюулгүй байдал хэсгийн 54.1 –“хаягдал ихтэй техник технологи хуримтлагдах хортой хог хаягдал гаргадаг үйлдвэрлэл бөөгнөрөх, гадаад орны хортой хог хаягдал булшлах газар болгохыг хориглох” гэсэн заалтуудыг хассан.

Oронд нь “Цөмийн эрчим хүчний салбарыг үндэсний ашиг сонирхол, энхийн зорилгоор ашиглах зарчимд нийцүүлэн хөгжүүлнэ. Цөмийн циклийг хөгжүүлж, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт, боловсруулалт, хөрвүүлэлт, баяжуулалт, эрчим хүчний үйлдвэрлэлийг бий болгож, бэхжүүлнэ” (3.2.4.4) [“цөмийн цикл” гэдэгт уран олборлохоос авахуулаад цөмийн ашиглагдсан түлшийг булшлах хүртэлх бүхий л үе шатууд ордог –Э.А.]
Хог хаягдлаас эрчим хүч, нөөц баялаг, түүхий эд бий болгох технологи бүхий үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ. Аюултай хог хаягдлын менежментийг боловсронгуй болгож хортой, аюултай хаягдал хуримтлагдахаас сэргийлнэ” (3.5.4.3) гэсэн шинэ заалтууд оруулсан.

Б . Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хуулийг хүчингүй болгов (2012)
УИХ-ын Тамгын Газрын судалгаа, шинжилгээний хэлтсээс 2014 онд бэлтгэн гаргасан код 14/501 бүхий тайланд “Цацраг идэвхт болон цөмийн хог хаягдлын хувьд 2000 оны 11 сарын 03-ны өдөр батлагдсан “Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль”-иар зохицуулдаг байсан боловч 2012 оны 5 сарын 17-ны өдөр тус хуулийг хүчингүй болгож оронд нь “Хог хаягдлын тухай” хуулийг баталсан. Хүчингүй болсон хуулийн 3-р зүйлд аюултай хог хаягдлыг тодорхойлоод улмаар аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох гэсэн 4-р зүйлд:
4.1. Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно.
4.2. Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно
зэрэг цацраг идэвхт болон цөмийн хаягдал булшлахыг хориглосон заалт байсныг “Хог xаягдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгад хассан. Түүнчлэн “Хог хаягдлын тухай” хуульд “цацраг идэвхт хог хаягдлаас бүсад хог хаягдалтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан тул Монгол Улс цацраг идэвхтэй хог хаягдалд үйлчлэх хуульгүй болжээ (х.9-10).

Эх сурвалж:
1) Монгол улс дахь ураны хайгуул, олборлолт, ашиглалттай холбоотой эрх зүйн орчны өнөөгийн байдал. Дүн шинжилгээ. Ц.Болормаа, Ц.Элбэгзаяа. УИХ-ын Тамгын Газрын Судалгаа, Шинжилгээний хэлтэс. Улаанбаатар 2014. http://demberels.parliament.mn/files/download/96002

Тайланг зурган дээр дарж татаж авна уу. pdf-imate

 

В. Цөмийн Энергийн хуулиар цөмийн хаягдал булшлахыг хуульчлав (2009)
2009 оны 7 сард батлагдсан Цөмийн Энергийн хуулийн 9.1.8-д Монгол улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал, ашиглагдсан цөмийн түлш хадгалах урт хугацааны хөтөлбөр боловсруулах, цөмийн төхөөрөмж буюу цацраг идэвхит хаягдал булшлах газар байгуулах тухай олон заалт орсон. Хэдийгээр Цөмийн Энергийн хуулинд цацраг идэвхит хаягдал булшлах нь “зөвхөн өөрийн орны цацраг идэвхит хаягдлыг булшлахыг ойлгоно” гэж заасан ч Монголд олборлосон уранаар үйлдвэрлэсэн л бол Монгол гаралтай бүтээгдэхүүн тул хог хаягдал нь хэзээд Монголын хаягдал байна гэсэн суртал ухуулга нийгэмд хүчтэй явж байна.
Иймд цацраг идэвхит хаягдал булшлах гэдэг нь “зөвхөн өөрийн орны цөмийн үүсгүүрт ашигласан цацраг идэвхит хаягдлыг булшлахыг ойлгоно” гэж залруулахаас нааш Монголчууд бид сэтгэл амрах боломжгүй юм.

CEH picture

Г. Монгол улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогод цөмийн хаягдал булшлахыг тусгав(2009)
2009 онд УИХ-ын 45-р тогтоолоор батлагдсан “Монгол улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-д:
4.4.Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад шаардлагатай цөмийн түлшийг импортлох, хил дамжуулан тээвэрлэх, өөрийн нутаг дэвсгэрт хадгалах нөхцөлөөр хангана,
4.5.Гадаад орнуудын туршлага судлах замаар цөмийн болон цацраг идэвхт хаягдлын хадгалалт, булшлалт, боловсруулалт зэрэг нарийн хяналт, өндөр технологи шаардсан үйл ажиллагааг өөрийн оронд хэрэгжүүлэх чиглэл баримтална,
5.2.Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хадгалах, цөмийн хаягдлыг боловсруулах байгууламжийн хамгаалалтыг боловсронгуй болгох, тээвэрлэх үеийн аюулгүй байдлыг хангах, цөмийн байгууламж, үйлдвэрийг барьж байгуулахад хамгаалалтын тогтолцоог урьдчилан тооцоолох үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлнэ гэж заажээ.

Дүгнэлт: Ерөнхийлөгч зарлиг гаргаж сүржигнэхээсээ урьтаж Цөмийн Энергийн хуулинд орсон ноцтой аюултай заалтуудыг өөрчлүүлсэн бол Монголчууд бидэнд илүү тус болох байлаа. Цааш нь тодруулбал, цөмийн хаягдлын асуудлыг Yндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ)-ийн зөвшөөрөлгүйгээр хэлэлцэхийг ерөнхийлөгчийн зарлигаар хориглосон нь ердөө л ард иргэдийг түр тайвшруулж, ноцтой асуудалд тавих анхаарлыг нь сарниулах арга мэх юм. Үнэндээ Монгол улсад цөмийн хаягдал (ашиглагдсан цөмийн түлш) булшлах, тухайлбал, цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээг хэрэгжүүлэх хөтөлбөрийг ҮАБЗ-ийн хэдхэн гишүүдийн мэдлэг оролцоотойгоор хэрэгжүүлж байгаа нь дэндүү ойлгомжтой билээ.

 

Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс зарласан нь. 2011 оны 9 сард ерөнхийлөгч Ц. Элбэгдорж НҮБ-ын индрээс цөмийн хаягдал Монголд булшлуулахгүй гэж тунхаглав. Гэвч үүний дараахан буюу 2011 оны 10 сaрын 7-нд НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч О. Энхцэцэг илтгэл тавихдаа: “Зарим хэвлэлд Монгол улс өөрийн нутаг дэвсгэр дээр олон улсын цөмийн түлшний хаягдлыг хадгалах байгууламж байгуулж, бусад орнуудын цөмийн хаягдлыг импортлоно гэсэн мэдээ гарч байсан. Энэ бол үндэслэлгүй зүйл…Монгол улс гадны гаралтай цөмийн хаягдлыг нутагтаа оруулж ирэхээр хуулиа өөрчлөх бодолгүй байгаа” гэжээ (1,2,3).

o-enkhtsetseg

О. Энхцэцэг “Гадны гаралтай цөмийн хаягдaл” (foreign-origin nuclear waste) гэж нарийвчлан зааж ярьсан нь учиртай. Үүнд Монголд олборлосон уранаар (өөрөөр хэлбэл, Монголоос гаралтай) үйлдвэрлэж, гадны АЦС-д ашигласан цөмийн түлшний хаягдал хамаарахгүй. Монголд олборлосон уранаар цөмийн түлш хийсэн нөхцөлд эцэст нь гарах цөмийн хаягдлыг нь “Монголоос гаралтай цөмийн түлшний хаягдaл” (Mongolian-origin) гэж тооцон Монголд булшлах боломж нээгдэж байна.

Эх сурвалж:
1) Цуврал № 3: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ ?? буюу сэтгэл амарч тайвшрах цаг ирсэн үү? 2011 оны 11 сарын 7. Э. Амарлин. https://golomt.org/2011/11/07/business3/
2) Хошгируулаад л, хошгироод л байх уу? 2014 оны 1 сарын 13. Э. Амарлин. https://golomt.org/2014/01/13/hoshgir/
3) НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 66-р хуралдаан дээр Монгол улсын суурин төлөөлөгч элчин сайд О. Энхцэцэгийн хэлсэн үгнээс. 2011 оны 10 сaрын 7. Нью Йорк. https://golomt.files.wordpress.com/2014/01/un-enkhtsetseg-mongolia-7oct-2011.pdf

 

Баримт 3: Цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ буюу цөмийн түлш зээлдүүлэх үйлчилгээг Монголчууд үзүүлнэ

Олон улсын цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ (буюу цөмийн түлш зээлдүүлэх үйлчилгээ) нь цөмийн технологи эзэмшсэн хөгжингүй гүрнүүдийн онцгой анхааралд байдаг нь цаанаа их учиртай. Энэхүү шинэ үйлчилгээ нь цөмийн гүрнүүдэд олон талын ач холбогдолтой болохоор л тэр. Нэг талаас, цөмийн эрчим хүч цаг үеэ өнгөрөөсөн гэдгийг Фукушимагийн гамшиг дэлхий нийтэд баталсан тул том гүрнүүд хоцрогдсон цөмийн технологио амжиж борлуулахаар яаравчлах болсон. Ингэхдээ цөмийн технологио борлуулахдаа цөмийн хог шаараа (ашиглагдсан цөмийн тулшээ) буцааж авах багц үйлчилгээтэй хамт санал болгох нь тэдний худалдан авагчдын сонирхлыг илүү татдаг аж.

Нөгөөтэйгүүр, цөмийн зэвсгийн аюулаас ч давхар сэргийлэх зорилготой юм. Манай гариг дээр асар их ашиглагдсан цөмийн тулш хэмээх цөмийн хаягдал хуримтлагдаж, хүн төрөлхтөнд улам бүр хурцаар заналхийлж буй өнөө үед аюул заналыг шийдэхийн тулд ганц нэг буурай орныг золигт гаргах нь шилдэг шийдэл гэх үзэл ихээхэн дэлгэрч буйг Монголчууд бид ойлгож сэрэмжлэх нь зүйтэй юм.

Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас 2004 оны 10 сард гаргасан “Олон улсын цацраг идэвхт цөмийн хаягдлын байгууламж байгуулах тухай” гэдэг олон улсын цөмийн хаягдлын байгууламжийн асуудлыг дагнан судалсан тайланд аль нэг улс тодорхой хэмжээний урамшуулал авч хариуд нь цөмийн хаягдал хадгалах аваас бусад улс үндэстнүүдээс цөмийн аюул ослыг холтгон зайлуулсан, олон нийтийн тусын тулд хийсэн сайн үйлс болох тухай бичсэн байдаг (1).

Үүнийг жишээгээр тайлбарлавал, Өнөөдөр АНУ нь Арабын Нэгдсэн Эмиратад цөмийн технологи нийлүүлэхдээ Япон, Солонгос, Монголтой хамтран цөмийн түлш зээлдүүлэх багц үйлчилгээ санал болгож байна. Америкчууд Арабын Эмираттай цөмийн технологио худалдах 123 гэгч гэрээ байгуулахдаа арабчуудыг уран баяжуулах, ашиглагдсан цөмийн түлшийг дахин боловсруулж, плутон гарган авахыг хоригложээ. Арабчууд АЦС-аа Солонгосын КЕПКО компаниар бариулах, уранаа Францын Арева корпорациас худалдаж авах, Япон зөвлөх авахаар тус тус тохирчээ. 2011 оны өвлийн сүүлээр Монголчууд Арабын Эмиратад, Арабууд Монголд айлчилж, цөмийн гэрээ хэлцэл хийсэн баримт бий.

Энэ төлөвлөгөө ёсоор бол Америк, Япон технологиор Солонгосчуудын барьсан Арабын АЦС-ыг Монголоос Францын Аревагийн олборлосон уранаар Солонгост үйлдвэрлэсэн цөмийн түлшээр цэнэглэж ажиллуулах юм байна. Эцэст нь технологи зарсан, барилга барьсан, бүтээгдэхүүн нийлүүлсэн, АЦС ажиллуулсан талууд нь олз ашигтай бас гэрэл цахилгаантай сэтгэл хангалуун үлдэх нь. Харин уранаа ухуулж, ус, хөрс, хүн малаа хордуулсан Монгол улс арабуудын цөмийн хог шаарыг (ашиглагдсан цөмийн түлшийг) нь эргүүлэн авч, нутагтаа булшилснаар халуун цөмийн тамд унаж, мөхлийн замдаа орох эмгэнэлт дүр зураг харагдаж байна.

Дээр дурдсан Цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ гэгч бузар төлөвлгөө нь манай улсад Монголын Цөмийн Санаачилга гэдэг нэртэйгээр хэрэгжиж байна. Энэхүү аймшигт төслийг үйл хэрэг болгоход цөмийн гүрнүүд болоод Монгол төрийн албанд шургалсан харийнхны гар хөл бологсод тун ихээр чармайсаар ирсэн. Тус санаачилгыг хүчирхэг гүрнүүд чухалчлан үздэгийн нэг нотолгоо нь Монгол Улсын ерөнхийлөгчийг 2011 оны 6 сард АНУ-д айлчлахад гарсан Цагаан Ордны мэдэгдэл юм (2,3,4).

Эх сурвалж:
1) Developing multinational radioactive waste repositories: Infrastructural framework and scenarios of cooperation. IAEA-TECDOC-1413. Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, 2004 оны 10 сар. http://www-pub.iaea.org/MTCD/publications/PDF/te_1413_web.pdf
2) Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хамтарсан мэдэгдэл. Ерөнхийлөгч Ц. Элбэгдoржийн цахим сайт. 2011 оны 6 сарын 20. http://www.president.mn/mongolian/node/1891
3) Цуврал № 2: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ ?? буюу “Монголын Цөмийн Санаачлага” гэгч төсөл Монголд ашигтай юу? 2011 оны 10 сарын 11. Э. Амарлин https://golomt.org/2011/10/11/business2/
4) Прагаас Монгол хүрсэн цөмийн хаягдлын санаачлага. 2012 оны 8 сарын 9. Э. Амарлин. https://golomt.org/2012/08/09/praguetomgl/

 

Баримт 4. Монгол улс 2011 онд IFNEC-ийн ажиглагчаар элсч, цөмийн асуудлаар олон улстай хамтрахаар болов

Олон Улсын тавцанд Монгол улсыг “булшны орон” болгох ажил эрчимтэй явагдаж байна. Монгол улс 2011 онд Цөмийн Эрчим Хүчний Хамтын Ажиллагааны Олон Улсын Бүтэц буюу The International Framework for Nuclear Energy Cooperation (IFNEC) гэгч байгууллагад ажиглагчаар элссэн нь үүний нүг тод жишээ юм. АНУ-ын Эрчим Хүчний Яамны төрийн нарийн бичгийн дарга Бодманы санаачилсан тус байгууллага нь цөмийн хаягдал (ашиглагдсан цөмийн тулш), цөмийн зэвсгээр хөөцөлдөх аюулыг бууруулах зорилготой гэгддэг. Гэвч үнэндээ бол дэлхийн улс орнуудыг цөмийн эрчим хүч ашиглагч ба цөмийн түлшээр хангагч орнууд хэмээн 2 ангилж, хангагч улсууд нь бусдыгаа түлшээр хангаж, ашиглагдсан цөмийн түлшийг нь эргүүлэн авдаг тогтолцоог байгуулах зорилготой аж.

Энэ тогтолцоог цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ гэж нэрлэх нь бий. Тус төсөл нь Олон Улсын Атомын Энергийн Газрын (ОУАЭГ) дэмжлэгтэй явагддаг бөгөөд цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээг дэмжихэд зориулан АНУ болон ОУАЭГ-аас олон зуун сая долларын шан ингэж ярьж байна. хангагч улс болохыг санал болгосон ч татгалзсан гэдэг. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл GNEP, IFNEC гэж хайлт хийж унших боломжтой.

Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас 2004 оны 10 сард гаргасан “Олон улсын цацраг идэвхт цөмийн хаягдлын байгууламж байгуулах тухай” тайлангийн 3, 15, 22-р хуудсанд цөмийн зэвсгээр хөөцөлдөх эрсдлийг бууруулах арга замуудын талаар маш тодорхой бичжээ (1). Ингэх ердөө л хоёрхон арга зам байдаг ба нэг нь нөгөөгийнхөө салшгүй хэсэг бололтой. Эхнийх нь аль нэг улс оронд олон улсын цөмийн хаягдлын байгууламж байгуулах [одоо болтол зөвшөөрсөн улс байхгүй–Э.А.], эсвэл аль нэг улсад цөмийн түлш зээлдүүлэх үйлчилгээг даалгах (цөмийн түлш үйлдвэрлэж, бусдад хэрэглүүлээд хаягдлыг буцааж авч нутагтаа цөмийн хаягдлын байгууламжиндаа булшлах) гэсэн аргa байдаг ажээ. Мэдээж “цөмийн түлш зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэгч улс орон нь өөрийн нутаг дээр олон улсын цөмийн хаягдлын байгууламжтай байх буюу гуравдагч орон дахь тийм байгууламжийг ашиглах ёстой” гэсэн байна (1).

“Монголчууд цөмийн түлш зээлдүүлнэ. Ашигласaн хойно нь цөмийн түлшээ буцааж авна. Ашигласaн цөмийн түлш Монголчуудад нэг их хортой биш” гэж жишим ч үгүй ярьж суудаг Монголын улс төрчид хэний эрх ашигт үйлчилнэ вэ?! Тухайлбал УИХ-ын гишүүн О. Чулуунбат, УИХ-ын гишүүн асан П. Алтангэрэл нарын хүмүүс цөмийн түлш зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай ярьсан баримтууд бий (2,3).

Цөмийн технологи бүтээж, наймаалсан Америк эзэд, АЦС барьсан Солонгос, уран ухсан Франц, эрчим хүчийг нь ашигласан Арабын ард түмэн биш, харин уранаа ухуулсан Монголчууд хэдэн зуун мянган жил үхлийн цацрагаар шарах хаягдал болох ашиглагдсан цөмийн тулшийг эргүүлж авна гэдэг хүнлэг, шударга, ардчилсан ёс мөн үү?!

Эх сурвалж:
1) Developing multinational radioactive waste repositories: Infrastructural framework and scenarios of cooperation. IAEA-TECDOC-1413. Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, 2004 оны 10 сар. http://www-pub.iaea.org/MTCD/publications/PDF/te_1413_web.pdf
2) О. Чулуунбат:”Цөмийн хаягдал Монголчуудад хортой биш”. 2012 оны 6 сарын 12. Youtube видео. https://www.youtube.com/watch?v=EvydnnudgkY
3) Цуврал № 1: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ? 2011 оны 9 сарын 6. Э. Амарлин. https://golomt.org/2011/09/06/who/#more-2235

Advertisements


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s