Прагаас Монгол хүрсэн цөмийн хаягдлын санаачлага

Бичсэн: Амарлин

* Хаалтан доторх дугаар дээр дарж эх сурвалжийг үзнэ үү?

Монгол улсад цөмийн циклийг хөгжүүлнэхэмээн 2010 оны 7 сарын 15-нд шинэчлэгдсэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал (3.2.4.4 зүйл) зарласан (1). Түүнчлэн 2009 оны 6 сарын 25-нд батлагдсан Төрөөс  цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого (2), 2009 оны 7 сарын 16-нд  батлагдсан Цөмийн энергийн хуулинд (3“цөмийн цикл” гэдэг нэр томъёог хэрэглээгүй ч тус циклийн бүх үе шатуудыг нэг бүрчлэн дурьджээ.  Харамсалтай нь “цөмийн цикл” гэж юу болохыг дээрх баримтуудад тайлбарласангүй орхижээ.

Цөмийн цикл гэж юу вэ?

Товчхондоо бол цөмийн цикл нь уран олборлолт — баяжуулалт — цөмийн реакторын түлшний үйлдвэрлэл —- АЦС-аас гарсан цөмийн хаягдлын менежмент гэсэн үндсэн хэсгүүдтэй.  Сүүлийн үед “цөмийн хаягдал түлшийг дахин боловсруулж, шинээр түлш хийдэг” хэмээн гүтгэгчид (4олширсон ч цөмийн цикл нь хаягдалгүй, битүү цикл биш билээ. Үнэхээр тийм байсан бол ганц олборлосон уранаараа АЦС-ын түлш хийж ашиглачихаад, хаягдлыг нь ахин дахин боловсруулдаг, хаягдалгүй үйлдвэрлэл явагдах бус уу?

Цөмийн түлшний цикл

Бодит байдалд цөмийн циклийн үе шат бүрт асар их цацраг идэвхт хаягдал ялгардaгийг үйлдвэрлэлд дахин ашиглах боломж бараг үгүй. Сүүлийн тавиад жил цөмийн циклийг хөгжүүлсний дүнд өнөөдөр манай гариг дээр 300 мянган тонн орчим дээд зэргийн аюултай цөмийн хаягдал болох АЦС-ын ашигласан түлш, 3-4.5 сая тонн бага ба дунд түвшний цацраг идэвхт хаягдал хуримтлагджээ. Нэн ялангуяа АЦС-ын ашигласан түлш хэмээх түм буман жилийн туршид үхлийн хор ялгаруулдаг аюулт хаягдлыг авч хадгалах улс орон ч олддоггүй нь үнэн. Ингээд цөмийн циклийн тухай дэлгэрэнгүй танилцуулъя.

1)    Цөмийн циклийн эхний үе шат—– уран олборлолт

Монголд уран олборлож эхэлснийг та сонссон байх. Өнөөдөр Дорноговийн Улаанбадрах суманд Францын Арева корпорацийн Кожеговь компани газрын гүн рүү хүхрийн хүчил шахаж, ураны хүдрийг газар дор хайлуулан соруулж авдаг технологийг хэрэглэж байна. Баримтаас үзвэл, нэг тонн ураны шар нунтаг ялгахад 18 тонн хүхрийн хүчил, 1 тонн ус төрөгчийн хэт исэл, 7 мянган тонн ус шаардагддаг аж (5).

Хүчлээр уусгах аргыг хэрэглэхэд уран, бусад хүнд металл ууссан хорт бодис газрын гүнд үлдэж, гүний усыг хордуулах аюултай. Түүнчлэн соруулсан уусмалаас ураныг нь ялгачихаад, цацраг идэвхт радионуклид, хүнд металлаар бохирдсон үлдэгдэл усыг нь газрын гүнд буцаан шахдаг. Байгальд хүдэр хэлбэртэй, идэвхгүй байсан уран нь хүчил, исэлтэй урвалд ормогц цацраг идэвхт чанар нь идэвхждэг. Цацраг идэвхт хорт уусмалыг газрын хэвлийд эргүүлэн шахсанаар гүний ус хордоно. Газар нутаг нь цөлжсөн, гүний усныxaa баялгаас хараат Австрали мэтийн улс оронд хүчлээр уусган олборлоx арга зохихгүй гэсэн Австралийн эрдэмтэн судлаачдын сэрэмжлүүлгийг Монголчууд ч бодууштай юм (6).

Түүхийг сөхвөл in-situ leaching гэж нэрлэдэг энэ аргыг хуучин ЗХУ болон Зүүн Европын орнууд, мөн Австралийн хэд хэдэн уурхайд ашигласны улмаас гүний ус бохирдсoн төдийгүй ослын улмаас цацраг идэвхт уусмал асгарч, байгаль орчныг хордуулж байжээ.  Тухайлбал, Австралийн Беверли гэдэг уурхайд 1998-2007 онуудад  нийт 59 удаа осол гарч, хорт уусмал асгарснaac 2002 оны 1 сард гуурсан хоолой хагарч 62 мянган литр, 2002 оны 5 сард 15 мянган литр цацрагтай ус  тус тус алдагджээ (7).

Газрын гүнд уусгах аргаар олборлолт явуулсны үр дүн. Чех улс

Газрын гүнд уусгах аргаар олборлолт явуулсны үр дүн.

Хөгжилтэй орнууд олборлох урангүйдээ биш, харин байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд нэн хортойг нь мэддэг тул уранаа ашигладаггүй. Тухайлбал, зүүн Германы Висмут гэдэг уурхайд социализмийн үед уран олборлож ирсэн бөгөөд тэнд ажиллаж байсан 5237 уурхайчин цацрагийн хордлогын улмаас хорт хавдраар өвчилсөн гэдэг. Харин хоёр Герман нэгдсэний дараахан Германчууд Висмут уурхайг байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэсэн үндэслэлээр хааж, 6.6 тэрбум евро зарцуулан газар нутгаа нөхөн сэргээжээ. Нарийн тооцоотой Германчууд ус хөрсөө хордуулж, ард иргэдээ өвчлүүлж байснаас гаднаас ураны түлшээ худалдаж авах нь илүү ашигтайг тооцоолсон нь ойлгомжтой. Дээрээс нь хөгжилтэй орнуудад уран олборлож, хууль ёсны дагуу нөхөн сэргээлт хийх нь эдийн засгийн хувьд ашиггүй гэдэг нь хэдийнэ батлагджээ (8).

Цөмийн түлшний томоохон бэлтгэн нийлүүлэгч Арева корпорацийнхан Африкийн ядуу буурай улс орнууд, Монголоос олборлосон уранaa баруун Европын АЦС-уудад нийлүүлдэг. Канад, Америкийн индианчуудын нутагт, Австралийн уугуул иргэд аборигенчуудын эх нутаг болох элсэн цөлд, Африкийн Нигер, Намибид, мөн Казахстан, Якут, Байгал нуурын орчимд уран олборлодог тухай баримтууд нэгийг хэлж байна. Уран олборлолт эдгээр НУТГИЙН ИРГЭДЭД хэр их хөгжил дэвшил авчрав?

Баримт 1: Канадын Делин гэгч газар амьдардаг Динээ омгийн индианчуудын нутагт уран олборлосны гайгаар олон хүүхэд өнчирч, олон айлын хойморь ханхайсан гэдэг. Тэнд Сахту нуурын ойролцоохь уурхайд 1943-1962 онд уран олборлож, АНУ руу зөөсөн. Чухам Сахту нуурын уранаар Хирошима, Нагасаки дээр хаясан цөмийн бөмбөгийг үйлдвэрлэж, асар олон ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг хохироосон. Гэвч  жинхэнэдээ цацрагийн  хамгийн анхны золиос  нь Япончууд биш харин уурхайд ажиллаж, ураны хүдэртэй шуудайг нуруундаа ачиж зөөсөн Динээ омгийн индиан эрчүүд байжээ. Ураны уурхайд ажиллан амь зуулгаа залгуулж байсан индиан эрчүүд хэдхэн жилд хорт хавдраар нас барцгааж, Делин тосгон “бэлэвсэн эхнэрүүдийн тосгон” гэгдэх болсон.  Өнөөдөр тус тосгонд 600 хүрэхгүй хүн үлджээ (9).

Баримт 2: АНУ-ын Аризоны цөлд 1940-өөд оноос уран олборлосны улмаас нутгийн уугуул оршин суугч Навахо индианууд амь нас, эрүүл мэндээрээ хохирч, уламжлалт амьдрал, соёл иргэншил нь устах аюул тулгарчээ. Динээчүүдийн ижлээр тэднийг ураны уурхайд хамгаалалтын хувцасгүйгээр ажиллуулж байсан аж. 1990  онд АНУ-ын Засгийн газраас Навахочуудыг ажиллуулахдаа хөдөлмөрийн аюулгүйн журмыг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, цөөн иргэдэд нөхөн төлбөр олгожээ. Өнөөдөр ч Навахочуудын нутаг ус нь уранд хордсон хэвээр тул хорт хавдар, бусад өвчлөлийн тархалт АНУ-ын дунджаас хавьгүй өндөр байдаг (10).

Нигерийн ураны уурхайчдийн дунд хорт хавдрын өвчлөл өндөр байдаг

Баримт 3: Сахарын цөлд оршдог Нигер улс нь манай гаригийн хамгийн ядуу орнуудын нэг хэдий ч газрын хэвлий нь ашигт малтмалаар баялаг. Чухамдаа АЦС-ын түлш ураны нөөц нь Францын цөмийн салбарынхны анхаарлыг  татсан. Нигерийн эрх баригчид ураны лицензүүдээ харийнханд наймаалж, нутгийн иргэд газар нутгаа булаалгажээ. Багтаж шингэх газаргүй болсон нүүдэлчид зэвсэглэн, газрын төлөө хоорондоо дайтсан гашуун түүхтэй. Уурхай дагаж эдийн засаг нь хөгжинө гэж найдсан Нигерчүүдийн найдлага ч талаар болcoн. Бүхэл бүтэн Франц улсын эрчим хүчний хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц урантай мөртлөө уурхайчдын амьдардаг жижиг тосгод тог цахилгаангүй, түнэр харанхуй хэвээр. 2009 оны 11-р сард олон улсын Greenpeace байгууллагаас хийсэн судалгаагаар уурхайн ойролцоох тосгодын орчинд цацрагийн түвшин зөвшөөрөгдсөн хэмжээнээс 100 дахин өндөр байгааг тогтоожээ. Хэдэн жилийн дараа Нигерийн ураны нөөц шавхагдахад орон нутгийн эдийн засаг сүйрнэ. Нигерчүүд нүүр нүдгүй шуурах элсэн дунд хэдэн мянган жилдээ арилахгүй хордсон нутагтаа цөмийн хаягдал, байгаль орчны доройтол, үр хойчдоо удамших цацрагийн аймшигт өвийг өвлөн хоцрох болно (11).

Cануулахуй: Ядуу буурай үндэстнүүдийн хувь заяа Монгол улсыг ч тойрохгүй шинжтэй. 2012 оны 5-6 сард уран олборлож буй Дорноговийн Улаанбадрах суманд очиход тус сумын малчид өвчилж, малын төл гажигтай төрөх явдал нэмэгдсэн тухай бидэнд мэдээлсэн нутгийн иргэд “хоёрдахь Хонгор болох вий “ хэмээн түгшиж буйгаа нуугаагүй. “Шинь Шинь” компаний олборлолт явуулж буй Дорнодын Дашбалбар суманд ч байдал ижил байна. Өнөөдөр дэлхийн хаа нэгтээ орших өндөр хөгжилтэй улсын АЦС-ын ураны түлшийг бэлдэж, ард иргэдийг нь гэрэл цахилгаанаар хангахын тулд цөөн хэдэн Монголчууд уух усгүй, амьдрах газаргүй, мал сүргээ бэлчээх бэлчээргүй болж, амь нас, ирээдүй хойчоороо дэнчин тавьж байгаа нь туйлын эмгэнэлтэй.

2)    Цөмийн циклийн дараагийн шат–ураны баяжуулалт ба цөмийн реакторын түлш үйлдвэрлэл

Байгалийн хүдэрт ураны агууламж тун өчүүхэн байдаг тул түүнийг тэр чигээр нь цөмийн реакторт ашигладаггүй, эхлээд баяжуулдаг. Баяжуулах болон дахин боловсруулах нь цөмийн зэвсэг үйлдвэрлэх технологитой төстэй тул энэ технологийн нууцыг цөөн хэдэн улс эзэмшдэг. Тус технологийг гартаа оруулахыг санаархагчид цөөнгүй тул технологийн нууцыг хадгалах асуудал нь олон улсын анхаарлын халуун цэг болдог. Монгол улс цөмийн зэвсэггүй статустай орон гэдгээ аль 1992 онд зарласан, нөгөөтэйгүүр цөмийн зэвсэгтэй хоёр том гүрний дунд оршдог, гадныхан хатуу хяналтaa тогтоох боломжтой тул Монголд уран баяжуулах нь харьцангуй эрсдэл багатай бололтой. Энэ нь уран олборлож, баяжуулдаг Арева корпораци, түүнчлэн цөмийн реакторын наймаа эрхлэгч гүрнүүдэд туйлын таатай нөхцөл бүрдүүлж байна.

Баяжуулсан уранаар шахмал үрэл бэлдэж, 4 метр урт түлшний төмөр саваанд хийж савлаад АЦС-ын түлш хийдэг. Уран баяжуулах явцад асар их хэмжээний хатуу (“ядуурсан уран”), шингэн, хийн хэлбэртэй цөмийн хаягдал ялгардгийг үйлдвэрлэлд дахин ашиглах боломжгүй юм. Харин тэдгээрийн хор хөнөөл нь хэмжээлшгүй. Дунд түвшний хөнөөлтэй цөмийн хаягдалд тооцогддог ядуурсан уранаар жишээ татан тайлбарлая.

Баяжуулах явцад шар нунтаг гэгчийн 1 хүрэхгүй хувийг эзэлдэг ураны 235 изотопыг цөмийн түлшинд хэрэглэхээр ялгаж авдаг. Харин үлдсэн 99 хувь болох уран-238 изотоп буюу ядуурсан ураны хэрэглээ хязгаарлагдмал тул баяжуулах үйлдвэрийн дэргэд хаягдал  болж үлддэг. Нэг тонн шар нунтагийг баяжуулахад 130 кг ураны баяжмал, 870 кг ядуурсан уран гардаг тооцоо байна. Ядуурсан уран нь хүний тархи, элэг, бөөр, зүрхний үйл ажиллагаанд хортой нөлөөтэй хүнд металл юм. Цацраг идэвхжлийн хэмжээ нь дунд зэрэг ч ураны бусад изотопуудын ижил хагас задрах хугацаа нь асар урт учрaac хорт нөлөө нь хүний биед хуримтлагдаж, аажимдаа уушиг, дотоод шүүрлийн булчирхай, тархины хорт хавдар үүсгэж, үр удамд сөргөөр нөлөөлдөг.

1991-2004 онуудад НАТО-гийн орнууд ядуурсан урантай танк, бусад хуягт машиныг нэвтэлдэг пуужин үйлдвэрлэж, Босния, Косово, Персийн булангийн болон Иракийн дайнд ашигласан нь асар их хор уршиг тарьжээ. Тухайлбал, Америкчууд Иракийн дайнд ядуурсан урантай бөмбөг, мин зэрэг ашигласан нь энгийн номхон иргэдийн эрүүл мэнд, удмын санд аймшигтай нөлөөлсөн. Сүүлийн жилүүдэд Иракийн Фаллужа хотын төрөх эмнэлэгт удамшлийн өвчтэй, эрэмдэг зэрэмдэг  хүүхэд төрөх нь хэдэн зуу дахин нэмэгджээ. Ердөө 2012 оны 1 сарын 31 хоногт 670  гажигтай хүүхэд мэндэлсэн гэдэг зүрх шимшрэм тоо байна (12).Түүнчлэн тус дайнд оролцсон АНУ-ын цэргүүдээс олон хүн хорт хавдраар шаналж буй төдийгүй, үр хүүхэд нь эрхтэн дутуу төрсөн баримт мэдээ цөөнгүй.

Иракийн Фаллуха хотын төрөх эмнэлэгт өдөр бүр ийм хүүхэд мэндэлдэг.

Cануулахуй: Монголчууд уранаа олборлоод баяжууллаа гэхэд уул овоо шиг ядуурсан ураны хаягдлaa хэрхэх  вэ? Ядуурсан хаягдал ураны 95 хүртэлх хувь нь ядуурсан ураны гексафторид (D) UF6 хэмээх нэгдэл хэлбэрээр оршдог. Энэхүү цацраг идэвхтэй хорт бодисыг битүү саванд хадгалдаг ба битүүмжлэл алдагдсан нөхцөлд агаарт буй уусны ууртай урвалд орж амьсгалахад уушиг, бөөрийг ноцтой гэмтээж, арьсыг цоо түлдэг “фторт ус төрөгчийн хүчил” гэдэг асар идэмхий хүчил үүсгэдэг. Ураны гексафторид нь төмрийг ч идэж зэврүүлэх онцгой чадвартай тул хадгалж буй сав нь цоорч, байгаль орчныг бохирдуулдаг. Ядуурсан уран нь цаг хугацаа өнгөрөх тусам цацраг идэвхжилт нь нэмэгдэж, улам их хортой болдог онцлогтой бөгөөд хагас задрахад нь 4.5 тэрбум жил шаардагддагыг ч мартаж боломгүй (13).

3)    Цөмийн циклийн дараагийн үе шат —АЦС

Цөмийн реактор доторx ураны түлшинд цөмийн задрал явагдаж, Цельсийн 3 мянган хэм хүртэл халж, дулаан ялгардагaac энерги гаргаж авахыг цөмийн энерги үйлдвэрлэх гэнэ. Энэхүү задралын явцад асар их дулаан, цацрагаас гадна атомын бөмбөгийн гол түүхий эд плутони зэрэг цацраг идэвхит бодис ялгардаг. Эрчим хүч үйлдвэрлэхэд цөмийн түлшин дэх ураны 10 хүрэхгүй хувийг ашигладаг. Харин хаягдал гэгдэх түлшинд үлдсэн 90 хувь уранд цөмийн задрал үргэлжилсээр байх тул олон жил халуунаараа байж, хэдэн  мянган жилийн туршид аюулт  цацраг ялгаруулдаг. АЦС-ын хaягдал түлш нь ХАМГИЙН ХОРТОЙ цөмийн хог хаягдал бөгөөд 10 жил хадгалсан нэг багц түлшнээс 1 метр зайтай зогсоход цагт 20 мянган ремийн цацрагийн хордлого авдаг. Гэтэл 25 ремээс дээш цацраг хүний эд эсийг гэмтээн хорт хавдар үүсгэж, үр удамд гажиг болон удамшдаг, 600-с дээш бол амь насанд аюултай, 5 мянган ремийн тун хүртвэл газар дээрээ өвчилж, долоо хоногт нас бардаг байна.

Цөмийн реакторыг 18-24 сар тутамд шинэ түлшээр цэнэглэхдээ ашигласан түлшний саваануудыг хүйтэн устай санд шилжүүлж, 3-5 жил, заримдаа түүнээс удаан хөргөөдөг. Учир нь цөмийн түлшийг зөвхөн хөргөсний дараа тээвэрлэх боломжтой болдог ба усан сангийн гүнд хадгалснаар хаягдал түлшнээс ялгарах хорт цацрагаас хамгаалдаг. Хэт халуун ялгарч буйгаас ус хурдан ууршдаг тул байнга шинэ ус сэлбэх шаардлагатай.

АЦС-ын доторх ашигласaн түлш хөргөx усан сан. Швед улс.

Санамсаргүй осол гарч, усан сангийн хангамж алдагдвал хаягдал түлш хэт халснаас цөмийн дэлбэрэлт болдгийг бид бүгд харсан. Фукушимагийн ослын үед усан хангамжийн систем эвдэрч, арга нь барагдсан Япончууд АЦС- ын дээрээс Номхон далайн уснаас асгаж үзсэн. Гэсэн ч тусыг эс олж, дэлхий нийтийг хамарсан аюулт гамшиг тохиолдсон. Фукушимагийн aшигласан цөмийн түлш хадгалж байсан байгууламж дэлбэрэхэд цацраг идэвх агаар мандалд цацагдаж, орчин тойрoн цацрагт хордсoн. Цөмийн түлш хэт халснаар хайлж, хөрс, усанд шингэсэн (“nuclear meltdown”) Фукушимагийн ослыг хүн төрөлхтөний түүхэнд тохиолдсон хамгийн аймшигтай гамшигт тооцдог.  Агаарт цацагдсан бичил тоос салхинд туугдан бусад улс орнуудад хүрч, хур болон буусан. Номхон далайн руу хэдэн зуун мянган тонн цацрагтай ус юулснээс болж далайн амьтан ургамал хүртэл хордсон билээ.


Фукушимагийн АЦС-ын ослын үеэр 4 реактор дэлбэрэхэд ашигласан түлш хайлж, хөрс, усанд шингэж, агаарт цацагдсан. Nuclear Meltdown.

АЦС-ууд ашигласан цөмийн түлшээ доторх усан сандаа, хөрсөн хойно нь АЦС-ын хажууд том бетонон каск саванд хадгалдаг. Харьцуулах журмаар танилцуулвал, 1000 мегаваттын хүчин чадалтай АЦС-аас жилдээ 27 тонн дээд зэргийн аюултай хаягдал болоx цөмийн хаягдал түлш,  270-450 тонн бага ба дунд түвшний цөмийн хаягдал гардаг. АЦС-ын ашиглах хугацаа 40-60 жил гэхээр АЦС бүрийн дэргэд хэдий хэмжээний үхлийн аюул хуримтлагддаг нь ойлгомжтой. Фукушимагийн АЦС-ын 1-р реакторт—50 тонн, 2-р реакторт —81 тонн, 3–р реакторт –88 тонн, 4—р реакторт –135 тонн, 5-р реакторт –142 тонн, 6–р реакторт 151 тонн ашигласан түлш,  мөн түүнчлэн тусдаа агуулахад 1097 тонн, бусад агуулахад 70 тонн хаягдал түлш хадгалагдаж байсан гэх (14).

Cануулахуй: Энэ бүгдээс үзэхэд АЦС бол ашигласан цөмийн түлш хадгалдаг асар эмзэг байгууламж ажээ. Сүүлийн үед АЦС-тай гүрнүүд террорист халдлагаас онцгой болгоомжлох болсон нь ч үүнтэй холбоотой. Чернобыль, Фукушимагийн  АЦС-ын ослууд  хэдэн мянган жилээр хүн амьдрах аргагүй газар нутаг үлдээснийг бид мэднэ. АЦС-ыг даатгаx компани олддоггүй тул осол гарсан тохиолдолд гарз хохирлыг нь төр болон нутгийн ард иргэд үүрдэг гашуун уламжлалтай. Монголд АЦС барьвал эрсдлийг нь гадны компани хариуцахгүй нь ойлгомжтой.

4)    Цөмийн циклийн эцсийн шат — цөмийн хаягдлын асуудал

Цөмийн циклийн эцэст бий болсон их хэмжээний хог хаягдлыг хэрхэн далд оруулах вэ гэдэг асуултанд өнөөг хүртэл зохистой хариу олдоогүй хэвээр. Ямартаа ч асар аюултай цөмийн хаягдлыг хүрээлэн буй байгаль, амьд ертөнцөөс тусгаарлаж, буруу гарт орохоос хамгаалан олон зуун мянган жилийн турш хадгалах шаардлагатай нь тодорхой. Цөмийн хаягдлыг “дахин боловсруулдаг” гэж ярьдаг хэдий ч бодит байдал дээр асуудал тийм ч хялбар бус.  Учир нь 1) цөмийн хаягдлыг дахин боловсруулах технологи нь эрсдэлтэй, 2) цөмийн хаягдал дахин  боловсруулахад плутони ялгаpдаг тул цөмийн зэвсгээр хөөцөлдөх аюултай, 3) дахин боловсруулсан ч шингэн, хий, хатуу хэлбэртэй цөмийн хаягдал асар их хэмжээгээр бий болдог.

Ийм ч учраас АНУ болон Герман улс цөмийн хаягдал дахин боловсруулахыг хуулиараа хориглосон. Харин Франц ба Англи улсууд Ла Хааг, Селлафилд дэх үйлдвэрүүддээ хаягдлынxaa 20 хувийг дахин боловсруулж, уран, плутонийг ялгаж авч байна. Эдгээр үйлдвэрүүд нь цөмийн хаягдлыг элементүүдээр нь салгаж 5 хувийн плутони гаргаж аваад түүнийгээ шинэ урантай хольж цөмийн түлш бэлтгээд, үлдсэн 80-90 хувийн хаягдлыг ОXУ руу эсвэл ирсэн улс руу буцааж явуулдaг. Үнэндээ дахин боловсруулдаг нэртэй үйлдвэрүүдээс гарсан цөмийн хаягдлыг “түүхий эд” гэсэн хаягтайгаар ОХУ руу олон жилийн туршид илгээж, Екатеринбург, Ангарск орчимд хадгалж ирснийг Оросын ард түмэн эсэргүүцэн тэмцсээр байгаа билээ (15).

Франц улс ОХУ руу цөмийн хаягдлаа нууцаар зөөж буйг эсэргүүцcэн Францын ЭСЯ-ны өмнөx суулт. ОХУ, Москва.

Цаaшилбал, дахин боловсруулах технологийг ашиглахад ялгардаг хаягдал нь мөн л цацраг идэвхтэй. Европын агаарын цацрагийн бохирдлын 80 хувь нь зөвхөн Ла Хаагийн үйлдвэрээс гаралтай гэдэг. Францaд Ла Хаагийн дахин боловсруулах үйлдвэрт ашигласан цөмийн түлш задалсан өдөр нийт Европ даяар цацрагийн түвшин огцом өсдөгийг Швейцарын Женевийн их сургуулийн оюутнууд олж тогтоожээ.  Дахин боловсруулах үйлдвэрүүд шингэн хаягдлаа далайн ус руу юүлдэг тул ойр орчин, далайн ус, хоол, хүнс хүртэл цацрагаар бохирддог. Ла Хааг, Селлафилдийн ойролцоо оршин суугчдийн дунд, ялангуяа хүүхэд, өсвөр насныхны дунд хорт хавдрын өвчлөл хавьгүй өндөр байдаг.

Cануулахуй: Далайд гарцгүй, ус багатай, эрс тэс уур амьсгалтай, техник технологи тааруу,  мэргэжилтнүүд нь сахилга бат, аюулгүйн дүрэм баримтлахдаа маруухан Монголчууд “цөмийн хаягдлыг дахин боловсруулж чадна” гэж ярьдаг улс төрчид мэр сэр байx нь xачирхалтай. Технологийг нь аргалж эзэмшээд ажиллууллаа гэхэд асар их цацрагтай шингэн хаягдлыг бид хааш нь хийх вэ? Гол ус руугээ юүлэх үү, газарт асгах уу? Гүний ус бохирдож Монголчууд уух усгүй болох бус уу? АЦС барьж ажиллуулвал цөмийн реактороо  хөргөөх усаа хаанаас авах вэ? Хамгийн багаар бодоход 1 мегаватт цахилгаан үйлдвэрлэхэд 17 мянган кубметр ус шаардагдах ба түүнээс 13 мянга нь ууршдаг (16,17). Гэтэл бид 1000 мегаваттын АЦС барихаар санаархаж байгаа. 240 мянган жил болж задардаг цөмийн хаягдал түлшээ хааш хийх вэ? Ганцхан удаа ажлын хариуцлага алдвал Монгол улс сөнөх аюултай бус уу?

Монголд цөмийн цикл хөгжүүлэх нь хэнд хэрэгтэй вэ буюу Прагийн Санаачлагаас үүдсэн Монголын Цөмийн Санаачлага

Цөмийн хаягдлаар цөмийн зэвсэг үйлдвэрлэх эрсдлийг тооцож, мөн сүүлийн жилүүдэд зарим улс  цөмийн зэвсгээр эрчимтэй хөөцөлдөж эхэлсэнтэй холбогдуулан 2009 онд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Чехийн Праг хотноо цөмийн аюулгүй дэлхийг байгуулах уриа гаргажээ (18). Тэрбээр цөмийн зэвсэг үйлдвэрлэх эрсдэлтэй цөмийн хаягдал, материалуудыг ойрын жилүүдэд цуглуулан цэгцэлж, террористуудын гарт орохоос сэргийлэх арга хэмжээ авна гэж амласнаа хэрэгжүүлж эхлээд байна. Саяхан АНУ-ын эрх баригчид Германы Юлих цөмийн лабораторид 1960-аад онд нийлүүлсэн цөмийн түлшний хаягдлаа эргүүлэн авна гэж мэдэгдлээ.

Үүнээс үүдэн цөмийн хаягдал булшлах эцсийн байгууламжийнхаа асуудлыг шийдэж чадаагүй Америкчууд энэ их цөмийн хаягдлыг цуглуулаад хаана хадгалах бол? гэдэг асуулт зүй ёсоор урган гарч ирж байна.

Обамагийн дэвшүүлсэн Прагийн Санаачлага хэмээх уриатай цаг хугацааны хувьд давхацан Стэнфордын их сургуульд дадлагажиж байсан цөмийн физикч А. Ундраагийн санаачилсан Монголын Цөмийн Санаачлага гэдэг  төлөвлөгөө яригдах боллоo (19, a). Энэ нь цөмийн хаягдал Монголд булах төлөвлөгөө гэдгийг Цөмийн Энергийн Газрын (ЦЭГ) дарга асан С. Энхбат тайлбарласан (20). Түүнчлэн тус cанаачлагын тухай англи хэл дээрх эх сурвалжуудад Монголын Цөмийн Санаачлага гэдэг нь “Монголд цөмийн цикл хөгжүүлэх төлөвлөгөө бөгөөд Монголын ураныг газрын хэвлийгээс гаргахаас эхлэн буцаад газрын хэвлийд булшлах хүртэл үйлчилгээ” гэсэн байна (21).

Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорж АНУ-ын ерөнхийлөгч Б. Обаматай 2011 оны 6 сард уулзахад гаргасан Цагаан Ордны мэдэгдэлд “АНУ нь Монголын Цөмийн Санаачлагыг дэмжиж байна” гэж дурджээ (22). Энэ баримт Цагаан Oрдны болон Монголын ерөнхийлөгчийн вэб хуудас дээр англи, монгол хэлээр бий. Мөн eрөнхийлөгч Б.Обамагийн 2009 оны Прагад гаргасан уриаг Монгол улс дэмжиж байгаа хэмээн Ц. Элбэгдорж мэдэгдсэн баримт ч буй. Энэ бүхэн ямар холбоотойг мэргэн уншигч та өөрөө болгооно буй заа.

Төгсгөлд нь

Хамгийн сүүлийн үеийн сенсаци бол Монголд гурван газар цөмийн хаягдлын байгууламж барих тухай Засгийн газрын 2012-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр юм (23). Аюултай түвшний цөмийн хаягдал үгүй байж  Монгол улс цөмийн хаягдлын агуулах барихaap шамдаж буйг уншигч та юу гэж ойлгож байна вэ?

Түүнийг шил даран Цөмийн Энергийн Газрын дарга Манлайжав Монгол улcад цөмийн хаягдал булшлахтай холбоотой харилцааг зохицуулах зорилготой Цөмийн Хаягдлын хуулийн төсөл дээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна (24). Тайван амгалан байцгаа, цөмийн хаягдал булшлах хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэж та бидний амыг олон сарын туршид тагласан эрх баригчид маань хаягдал булшлах хуулиа далдуур боловсруулж байжээ.

Өнөөдөр Монгол улсад Үндэсний aюулгүй байдлын үзэл баримтлалд суулгасaн цөмийн циклийг хөгжүүлэх Монголын Цөмийн Санаачлага төсөл хэрэгжиж эхэллээ. Хөндлөнгөөс дүгнэвэл, oлон улсын цөмийн хаягдлын нэгдсэн агуулахыг Монгол улсад байгуулах нь гадныхны хувьд хамгийн зөв сонголт гэдэг нь гарцаагүй. Цөмийн зэвсгээр хөөцөлдөхгүйгээ олон жилийн туршид зарлан тунхагласaн, цөмийн зэвсэггүй статустай, хүн ам цөөн, газар нутаг уудам, дотоодын үймээн самуун, терpоризмын аюул үгүй,  улс төрчид нь уриалгахан, ард иргэд нь гэнэн итгэмтгий бас амгалан, назгай ийм улс орныг өөр хаанаас олох билээ.

Өндөр хөгжилтэй улс орны иргэд гэрэл гэгээтэй байж, аюулт цөмийн хаягдалд сэтгэл түгшилгүй амар жимэр, эрүүл энх амьдрахын төлөө, дэлхий нийтэд цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдлыг эцэслэхийн тулд Монголчууд золиослогдох гэж үү???

Монгол хүн та юу бодож байна?

Ашигласан эх сурвалж:

1. Монгол улсын Үнэдсний аюулгүй байдлын үзэл баримтлал. 2010 оны 7 сарын 15.
https://golomt.files.wordpress.com/2012/08/national_security_concept.pdf

2.  Монгол улсын Төрөөс  цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого. 2009 оны 6 сарын 25. https://golomt.files.wordpress.com/2012/08/tsatsrag-idevht-bodlogo-tusul.doc

3. Цөмийн энергийн хууль. 2009 оны 7 сарын 16. https://golomt.files.wordpress.com/2012/08/huuli.doc

4. О. Чулуунбат:”Цөмийн хаягдал Монголчуудад хортой биш” . http://www.youtube.com/watch?v=EvydnnudgkY&feature=plcp

5. Patric O’Keefe. Radioactive Mining. Multinational Monitor сэтгүүл, 2009 оны дугаар 3(3). http://www.multinationalmonitor.org/mm2009/052009/front.html

6. Gavin Mudd. Critical review of acid in situ leach uranium mining: 1. USA and Australia. Эрдэм шинжилгээний өгүүлэл. Environmental geology сэтгүүл 2001 оны дугаар 41. https://golomt.files.wordpress.com/2012/08/isl-mining-usa-and-australia.pdf

7. Beverley Uranium Mine. 2012 оны 7 сард шинэчлэгдсэн. http://australianmap.net/beverley-uranium-mine/

8. Gavin Mudd. An environmental critique of ISL mining. Судалгааны тайлан. Австрали, Викторийн нэрэмжит Технологийн их сургууль. 1998 оны 7 сар. https://golomt.files.wordpress.com/2012/08/an_environmental_critique_of_isl.pdf

9. Impacts of uranium mining at Port Radium, NWT, Canada.    Wise Uranium ТББ-ын цахим хуудас. http://www.wise-uranium.org/uippra.html

10.  Brugge Doug; Benally Timothy; Yazzie-Lewis Esther. Uranium mining on Navajo Indian lands. Mining Indigenous Lands сэтгүүл, 2001 оны дугаар 25.1. Cultural Survival ТББ-ын цахим сайт. http://www.culturalsurvival.org/publications/cultural-survival-quarterly/united-states/uranium-mining-navajo-indian-land

11. Ц. Хүслэн. Аревагийн Нигерт үйлдсэн гэмт хэргийн мөрөөр. 2012 оны 4 сарын 23. https://golomt.org/2012/04/23/arevacrime/

12. Over 670 cases of recorded birth defects in Fallujah, Iraq in January. The Blue State Press, АНУ-ын Чикагод байрладаг чөлөөт хэвлэл. http://www.bluestatepress.com/politics9/news_006.htm

13. Э. Амарлин. Монголд АТОМ хэрэгтэй юу? Цөмийн хаягдал цуврал –2. 2011 оны 4 сарын 26. https://golomt.files.wordpress.com/2011/04/nuclear-waste-part-two.pdf

14. Katherine Harmon. How Much Spent Nuclear Fuel Does the Fukushima Daiichi Facility Hold? Sсientific American сэтгүүл, 2011  оны 3 сарын 17. http://www.scientificamerican.com/article.cfm?id=nuclear-fuel-fukushima

15. Э. Амарлин. Олон улсын цөмийн хаягдлын агуулахыг хаана байгуулах вэ? Цөмийн хаягдал цуврал–3. 2011 оны 5 сарын 9. https://golomt.files.wordpress.com/2011/05/part-3.pdf

16. Cooling water requirements for nuclear power reactors. Time for Change цахим сайт.   http://timeforchange.org/advantages-cost-electricity-new-nuclear-power-stations

17. Caitlin Dickson. One U.S. nuclear reactor uses as much water as all of DC. 2011оны 4 сарын 13. The Atlantic Wire цахим сайт. http://www.theatlanticwire.com/technology/2011/04/one-us-nuclear-reactor-uses-much-water-as-all-dc/36634/

18.  Conrad Olson. The Global Initiative to Combat Nuclear Terrorism: Progress to Date. 2009 оны 8 сарын 5. NTI мэдээллийн байгууллагын цахим сайт.
http://www.nti.org/analysis/articles/initiative-combat-nuclear-terrorism/

19. АНУ-ын Элчин сайд Аддлтон А. Ундраатай 2009 оны 12 сард уулзаж ярилцсан нууц ярианы тайлан. Wikileaks. http://www.cablegatesearch.net/cable.php?id=09ULAANBAATAR375

20. Ү. Банзрагч. С.Энхбат: Д.Зоригт сайд цөмийн хаягдал булшлах талаар хэлэлцээр хийсэн. 2012 оны 6 сарын 23. http://www.medee.mn/main.php?eid=15971

21. Workshop on “Important Considerations for Introducing Nuclear Power in ASEAN: Can Regional Cooperation be Attractive for Nuclear Energy Development?” Summary. http://www.n.t.u-tokyo.ac.jp/gcoe/jpn/research/nonproliferation/docs/Summary_Todai-UKM_workshop_31May-1June2010.pdf

22. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хамтарсан мэдэгдэл. Ерөнхийлөгч Ц. Элбэгдoржийн цахим сайт. 2011 оны 6 сарын 20. http://www.president.mn/mongolian/node/1891

23. Ч. Даш. Цөмийн хаягдлыг булшлах асуудлыг засгийн газрын төлөвлөгөөнд тусгажээ. 2012 оны 7 сарын 5. http://politics.time.mn/content/15094.shtml

24. Цөмийн болон цацраг идэвхт хог хаягдалтай харьцах тухай Монгол улсын хуулийн төсөл. 2012 оны 8 сарын 8. https://golomt.files.wordpress.com/2012/08/d182d3a9d181d3a9d0bb.pdf


7 Comments on “Прагаас Монгол хүрсэн цөмийн хаягдлын санаачлага”

  1. Puujee says:

    Маш сургамжтай сайхан нийтлэл болжээ. Үүнийг өдөр тутмын сонинд тавиулах уу? Пүүжээ ах

  2. delgermaa says:

    монгол хун би чадлаараа цөмийн аюул хор уршгийн талаар ойр хавийнхаа хүмүүст хэлж, ярилцаж, мэтгэлцэж, энэ талаар илүү мэдлэг мэдээлэлтэй болохыг хичээж байна

  3. delgermaa says:

    бид энэ хорвоод зөвхөн өнөөдрөөр сэтгэж амьдрах эрхгүй билээ, хоёр хуний өмнөөс идэж ууж, хэрэглэж, хойч үеэ өрөнд унагаан, нутаг усаа хордуулах эрx бидэнд байхгүй

  4. ganaa says:

    Энэ материалыг хүн бүр л чадах сувгаараа нийтийн хүртээл болгохыг л хичээцгээе.

  5. as says:

    сайн бичжээ үнэхээр чухал мэдээлэл олон бна!!! да

  6. Munkhtur says:

    Маш сайн нийтлэл байна. SHARE хийлээ

  7. hhhhh says:

    Ter Undraa gej mal medeetei yavaarai,chamaig taaraldsan gazartaa nam tsohij a l n a a,muu psda min


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s