Төрийн толгойд гарсан “тагнуулyyд”

Бид багадаа “Хаврын арван долоон учрал”, “Илд бамбай”, “Ганс Клосс” гээд л атаат дайснуудынхаа дунд нэвтэрсэн баатарлаг тагнуулчдын тухай киног шимтэн үздэг байлаа. Тагнуулч гэхээр нууцаар зураг авч, мэдээ дамжуулсан, мөрөө буруулж, зүсээ хувилгасан ер бусын хүмүүс байх.  Манай талын тагнуулчид бусдыг хууран мэхэлж, алж талcан ч баатарлаг үйлс гэж бахдана. Харин дайсны талынхыг болохоор атгаг санааг нь гайхаж, хорлон сүйтгэгч, алуурчин гэж цоллодог байлаа. Кинонд манайх, дайсных гэж ялгаж ядах юмгүй тодорхой байдагсан. Тэгвэл өнөөдөр тагнуул гэж хэнийг хэлэх вэ?

Оршил

Монголд цөмийн хаягдал булшлах нууц хуйвалдаан  2011 оны 3 сард илэрсэн. Дараахан нь Монголын Засгийн Газар, Гадаад Хэргийн Яам болон Цөмийн Энергийн Газраас асуудлыг удаа дараа үгүйсгэж, ийм юм байхгүй гэж мэдэгдэж байлаа. Үүний зэрэгцээ УИХ-ын зарим нэг гишүүдээс авахуулаад гадаадад төгссөн цөмийн физикч А. Ундраа, ШУА-ийн академич Б.Чадраа хүртэл “цөмийн хаягдал бол ашигтай сайхан бизнес”, “хүн зoнд огтоос хор хөнөөлгүй”, “Монголын говь бол цөмийн хаягдал булшлахад яг таарсан сайхан газар мөнөөс мөн”, “цөмийн хаягдал бол дахин боловсруулдаг асар үнэтэй түүхий эд” гэж ичгүүр сонжуургүй бурцгаав. Тэгээд барахгүй, “ичсэн хүн хүн ална” гэдэгчлэн бяцхан жүжиг найруулж,  цөмийн хаягдлын аюулын тухай сэрэмжлүүлсэн эх орончдыг улс төрчдийн гар хөл, ураны бизнесийн өрсөлдөгчид, тэр бүү хэл Орос, Хятад, Казахстаны тагнуулууд хэмээн муулж, хорт явдлыг нь илчилсэн Японы тэргүүлэх хэвлэлийн нэг болох өдөр тутмын “Майничи” сониныг “шар сонин” гэж ичихгүй гүтгэж үзэв.

Гэвч үнэн гэдэг үнэхээр хүчтэй ажээ. Цөмийн хаягдлын яриа намжих нь бүү хэл улам даамжирч, үгүйсгэхийн аргагүй баримт нотолгоо ар араасаа хөвөрлөө.

  • Монголд цөмийн хаягдал булшлах нууц хэлэлцээр явагдсаныг АНУ-ын Төрийн Департаментийн түшмэл Ричард Стратфорд батлан өгүүлсэн аудио бичлэг, хурлын протоколын баримт... ( Youtube)
  • Японы төрийн сайд Чиаки Такахашигийн нууц хэлэлцээр явагдсаныг хүлээн зөвшөөрсөн өчил
  • Тошиба корпорацийн захирлаас АНУ-ын Эрчим Хүчний дэд сайд Понеманд хаягласан нууц гэрээг түргэвчлэхийг сануулсан захидал….
  • Монголд төрийн өндөр албан тушаал хашиж байсан Стэнфордоор овоглогч А. Ундраагийн “Майничи” сонины сурвалжлагчтай ярилцахдаа Австралиас өрсч дэлхийн цөмийн хаягдлын агуулах барих хүслээ илчилсэн яриа…
  • Мөн А. Ундраа АНУ-ын Элчин Аддлтонтой уулзахдаа “Монголын Цөмийн Санаачилга” гэдэг нууц нэр бүхий цөмийн хаягдал булшлах төслийг Стэнфордын их сургуулийн эрдэмтдийн дэмжлэгтэйгээр  хэрэгжүүлэхээр шамдаж буйгаа ярьсан Викилийксийн нууц баримт...
  • Малайзид болсон Азийн орнуудын цөмийн асуудлаарх хурал дээр Монголын төлөөлөгч уранаа ухаж, цөмийн түлш үйлдвэрлээд, эргүүлж хаягдлыг нь булшлах иж бүрэн төсөл хэрэгжүүлнэ гэж сайрхсан илтгэл…

Тэр байтугай анхандаа нууц яриа хэлэлцээр явагдсаныг үгүйсгэж байсан Цөмийн Энергийн Газрын дарга С. Энхбат албан тушаалаасаа буухдаа гэнэт хүмүүжиж, “Тийм юм болсон нь үнэн” гэсэн ярилцлага удаа дараа  өгөв. Ярилцлагандаа хэлэлцээрт оролцсон экс ерөнхий сайд С. Батболд, ЭБЭХ-ний сайд асан Д. Зоригт, А. Ундраа зэрэг хүмүүсийг нэрсийг хүртэл дурьдaв.

Үнэн мөнийг судалж үзвэл уран олборлолт, цөмийн хаягдал хоёр нь салшгүй ойлголтууд ажээ. Ураныг олборлож, боловсруулах үе шат бүрт цөмийн хаягдал гардагийг бага, дунд, дээд түвшний аюултай гэж ангилдаг. Бага түвшний аюултай гэхээр хоргүй гэж андууруузай. Үнэндээ “бага түвшний” гэхээсээ илүү удаан үйлчлэлтэй хор гэвэл зохилтой. Жишээ нь,  өндөр түвшний цөмийн хаягдал болох атомын цахилгаан станцад (АЦС) ашигласан цөмийн түлшний хажууд 2-хон минут зогсоход л амь насанд аюултай. Харин ураны уурхайгаас уугих бага түвшний цацрагтай тоосыг залгисан хүн аажмаар хордож, хэдэн жилийн дараа хорт хавдар тусч, үр хүүхэд нь гажигтай төрдөг аж.

Өнгөрсөн 70 гаруй жилд хүн төрөлхтөн бий болгосон цөмийн хаягдлаа олон янзаар аргалж иржээ. Анх бага болон дунд түвшний цөмийн хаядлaa ил задгай орхиж, заримыг нь гуу жалганд булж, өндөр түвшний хаягдлaa газрын гүнд булшилж, далайн усанд хаяж үзжээ. Гэвч хэдхэн жилийн дотор задгай орхисон цацрагтай тоос шороо салхиар тарж, бэлчээр, тариалан, гол мөрөн бохирдож, хүн мал хорджээ. Газарт булсан нь салхи, хөрсний эвдрэлээр ил гарч, гүний усанд шингэв. Газрын гүнд, далайн ероолд хаясан цөмийн хаягдлын ган торх нь зэвэрч цоороод, зуун сая жилийн настай аюулт хаягдалд гүний болон далайн ус, ургамал амьтaд хордсон байна.

Цөмийн хаягдлыг аргалах боломжтой юу?

Цөмийн хаягдлыг дахин боловсруулах гэж оролдсон ч 1-рт, эдийн засгийн хувьд шинээр уран олборлосноос хавьгүй алдагдалтай; 2-рт, технологи нь дэндүү болхи, эрсдэлтэй, хүчин чадал багатай; 3-рт, засвар нь удаан, өртөг зардал өндөртэй аж. Нямбай тооцоотой Германчууд цөмийн хаягдал дахин боловсруулах 2 ч байгууламж барьсанаа ажиллуулж үзэлгүй хаасан гэдэг. Өнөөдөр манай гариг дээрх цөмийн хаягдал дахин боловсруулах 20 гаруй байгууламж баригдсан ч ажиллаж буй нь ердөө гарын таван хуруунд багтах юм.

Японы Монжу байгууламжаар жишээ татан тайлбарлая. Тус байгууламжийг 1986 оноос барьж, 1994 онд ашиглалтанд оруулсан ч 1.5 жилийн дараа осол гарч хаагджээ. Засварын ажил нь 15 жил үргэлжилж, 2010 онд дахин ажиллуулсан ч гуравхан сар болоxод Монжу реактор дахин осолдов. 2010 оны эцсийн байдлаар Монжу реакторын үйл ажиллагааны зардал 12.5 тэрбум доллар хүрсэн ба дахин 10 жил ажиллуулахад нэмж 2 тэрбум гаруй доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Гэтэл тус реактор нь анх ашиглалтанд орсон цагаас 2010 оны 6 сарыг хүртэл ердөө 1 цагийн туршид эрчим хүч үйлдвэрлэсэн гэдэг таагүй баримт байx аж.

Дахин боловсруулах байгууламжийн байдал ийм байгаа тул цөмийн улс гүрнүүд хаягдлаа өөрсдөө бие даан шийдэж байгаа гэдэг. Харин бодит байдал дээр юу болж байна вэ?

АНУ гэхэд АЦС-аас гарсан өндөр зэрэглэлийн хөнөөлтэй хаягдал болох ашигласан түлшийг хөргөөд, алсдаа үүрд булшлах байгууламжтай болтлоо АЦС-ын дэргэд бетонон каск саванд хадгалж байгаа гэдэг. Үнэндээ засгийн газар нь саяхан хүртэл цацраг идэвхт хаягдлаа уугуул нутгийн иргэд болох индианчуудын амьдардаг резервацид хадгалахын тулд их хэмжээний мөнгө төлж, индиан омгуудыг хагаралдуулж байсан. Тухайлбал, Якка ууланд цөмийн хаягдал булшлах агууламж барих төслийн хүрээнд Юта мужийн Гошут омгийн газар нутаг дээр ашигласан цөмийн хаягдлын ил агуулах байгуулахаар тохиролцжээ. Тус агуулах нь Якка уулын булш руу зөөх цөмийн хаягдлыг хадгалах чухал цэг болох ёстой байв.  Гошут омгийн газар нутгийг тойроод цэргийн цөмийн туршилтын талбай, химийн зэвсгийн агуулах, магни үйлдвэрлэдэг химийн үйлдвэр 3 талаас нь хүрээлдэг.

Индианчуудын амьдардаг резервацид АНУ-ын зарим хууль журам, тухайлбал, байгаль орчны стандарт үйлчилдэггүй тул уугуул иргэдийн ядуу буурай, бүдүүлэг харанхуй байдлыг далимдуулан засгийн газар болон улс дамжсан корпорациуд төлбөр мөнгөөр дулдуйдан цөмийн болон химийн хортой хог хаягдлаа хаяж булшилсаар иржээ.  Үүнээс үүдээд “байгаль орчны расизм (гадуурхал)” гэдэг шинэ нэр томъёо үүссэн нь эрх мэдэл багатай, ядуу дорой амьдралтай өнгөт арьстнуудын амьдардаг газар нутагт аюултай хог хаягдлaa хаяж, хордуулахыг хэлдэг байна.

Жишээ 1.

АНУ-ын хамгийн том ураны орд Колорадо, Юта, Нью Мексико, Аризона 4 мужийн зааг дээр орших Колорадогийн Хавтгай гэдэг цөл нутагт байдаг. Эрх баригчид тус газар амьдарч байсан индиан омгийнхныг эх оронч байхыг ятгаж, шинэ ажлын байр, шагнал мөнгө амaлж байгаад (гэвч өдий хүртэл олгоогүй) ураны уурхай байгуулжээ. Ураны уурхайд Навахо омгийн олон эрсийг хамгаалалтгүй ажиллуулж байв. Ураны аюул, хор хөнөөлийг тайлбарлаж өгөөгүй болохоор  боловсрол мэдлэг тааруу нутгийн ардууд орон гэрээ хүртэл ураны хаягдлаар барьж,  уурхайн шороон овоолгон дээр тоглосон хүүхдүүд нь оройдоо шар тоoсонцорт будагдсан байдаг байжээ. Удалгүй Навахочууд хорт хавдраар олноороо өвчилцгөөж, уурхайчин эрс хамгийн түрүүнд нас барцгаасан ба зарим нь тахир дутуу болцгоожээ. Өнөөг хүртэл тэдний дунд хорт хавдрын өвчлөл АНУ-ын дунджаас хавьгүй өндөр хэвээр.

Гэвч Индианчуудын зовлон үүгээр дууссангүй. 1979 оны 7 сарын 16-ны өглөөний 5 цагт уран олборлолтын хаягдал  шавар (тэйлинг) хадгалж байсан далан сэтэрч 1,1 мянган тонн шавар, 400 сая орчим литр цацрагтай ус асгарч, Рио Пуэрко голд цутгажээ. Гурван цагийн дараа гэхэд ослын газраас 80 км зайнд цацрагийн хэмжээ ихэссэн байв.   Голын усанд цацрагийн хэмжээ зөвшөөрсөн хэмжээнээс 7000 дахин өндөр байсан ч “хүн ам цөөтэй нутаг тул эрүүл мэндэд шууд хортой нөлөөгүй” гэж хэвлэлээр мэдээлж байжээ. Ураны золиос болсон Навахо омгийнхон АНУ-ын төрөөс нөхөн төлбөр шаардаж, заргалдсан бөгөөд өнөөдөр ч цацрагт хордсон газар нутгийг ариутгах ажил дуусаагүй байна.

Жишээ 2.

Вашингтон мужийн Спокэйн дэх индианчуудын резервацид ил уурхайд уран олборлосны улмааc тэндэхийн гол мөрөн цацраг идэвхтэй бодис, хүнд металлаар хорджээ. Миднайт нэртэй ураны уурхай хаагдаад 25 жил өнгөрсөн хойно түүний хор хөнөөлийг ариутган цэвэрлэхэд 280 сая доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Гэвч уурхайг ашигласан компани нь санхүүгийн боломжгүй гэдэг шалтгаанаар цацрагаар бохирдсон газaр нутгийг ариутган цэвэрлэх зардлыг татвар төлөгчид үүрэх болсон гэнэ.

Жишээ 3.

Аризона мужийн Тохоно омгийн индианчуудын газар нутагт хүхрийн хүчлээр газар дор уусгах аргаар* уран олборлох явцад хүнцэл, кадми, зэс, цинк, селени, уран, радионуклид, мөнгөн ус, хүхрийн хүчлээр бохирдсон хиймэл нуурууд бий болжээ. Эдгээр нууранд буусан нүүдлийн шувууд олноороо хордож үхдэг байна. Уусмалаас ураныг нь ялгаад, үлдсэнийг нь газарт эргүүлэн шахдаг энэ аргыг хэрэглэсний дараа газрын гүний ус болон индианчуудын худаг ус бохирдсон нь тогтоогджээ.  Хорт хаягдлыг цэвэрлэх зардал нь ойролцоогоор 18 сая доллар болох аж.

*Уншигч та бүхэнд сануулахад уран олборлох ердөө 2 арга бий. Нэг нь уурхайн арга ((үүнд ил ба гүнийх гэж 2 ангилах), нөгөөх нь газрын гүнд хүхрийн хүчил шахаж уусгах арга. Эхнийх нь аргаар шар нунтаг гаргаж авахад 1 кг шар нунтаг тутамд 999 кг цацрагтай шороо чулуу үлддэг тооцоотой. Гарсан уул овоо шиг их цөмийн хаягдлыг ил задгай орхидог нь салхиар туугдан үхлийн тоосонцор болж тардаг. Үүний жишээ нь манай Дорнодын Мардай. Удаахь арга нь газрын гүн руу хортой усаа эргүүлэн шахдаг тул газрын гадаргуу дээр цацрагтай уул овоо үлддэггүй. Гэвч  мөн чанар нь ижил. Адилхан л хордуулж, гүний ус, гол мөрөнг бохирдуулдаг. Хүхрийн хүчлээр уусган олборлосон тохиолдолд олон жилийн туршид нарийн хяналт тавьдаг журамтай. Өнөөдөр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд сүүлийнх нь аргыг ашиглан Францын Арева компани уран олборлож, шар нунтаг гаргаж байгаа. Индианчуудын ижлээр нутгийн малчдын дунд ураны хор хөнөөлийн тухай мэдлэг мэдээлэл хомс байна. 2011 оны 5 сард очиход малын төл гажигтай төрөөд үхэж байна гэж нутгийн ардууд ярьж байсан билээ.

1950-иад оноос эхлэн Аризона, Техас, Нью Мексико, Колорадо, Юта, Вашингтон, Вайоминг зэрэг мужуудад индианчуудын газар нутгуудаар уран  эрчимтэй олборлосны эцэст ураны компаниуд ашиг олж баяжсан бол уугуул нутгийн иргэд хэдэн зуун сая тонн ураны хаягдлын аймшигт өвийг үүрд мөнх хадгалах яланд унаж,  амь нас, эрүүл мэндээрээ хохирч, мөхлийн ирмэгт тулжээ.

Европын жишээ.

Европын орнуудыг авч үзвэл Англи, Бельги, Герман, Испани, Франц, Швед, Швейцар бүгд л аль 1970-аад оноос Орос улсад цөмийн хаягдлаа булшилж ирсэн. Ямартаа ч 1975-2005 оны хооронд дор хаяж 100 мянган тонн хорт хаягдлаа ОХУ-д илгээсэн гэдэг. Дэлхийд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээгээрээ тэргүүлэгч Франц улс гэхэд Ла Хааг дахь байгууламжиндаа дахин боловсруулдаг нэр зүүдэг ч үнэндээ аль дээр үеэс ОХУ-тай нууц гэрээ байгуулж, АЦС-ынхаа хаягдлыг Орос руу далайгаар зөөж ирсэн түүхтэй. Ингэхдээ цацраг идэвхт хаягдлаа дахин боловсруулах үнэт түүхий эд нэрээр жишим ч үгүй зөөдөг байжээ. Асар том газар нутагтайдаа эрдсэн Оросын эрх баригчид аюулт хог хаягдлыг нүднээс далд оруулахаар Уралын нурууг давуулж Екатеринбург (хуучин Свердловск) орчим болон Ангарск дахь хаалттай хотууд руу явуулдаг байжээ. Өнөөдөр ч Оросын ард түмэн, ногоон хөдөлгөөнийхэн ард түмнээсээ урвасан олигархуудыг эсэргүүцэн, харийн цөмийн хаягдал авахгүй гэсэн  тэмцлээ үргэлжлүүлсээр л байна.

Ази, Африк, Австрали.

Өмнөд хөршийн тухайд бол цөмийн туршилтаа Шинжаан Уйгурын нутагт хийж, хог хаягдлаа хил залгаа Өвөрмонголын Гансү мужид хадгалдаг. Нью Йорк Таймс сонины 1993 оны мэдээнээс үзэхэд 20 гаруй жилийн өмнөөс цөмийн хаягдлаа Түвдэд ч хаяж байж. Харин Тайваньчууд цөмийн хаягдлаа 1980-аад оноос Ланю арал дээр хадгалж, арлын yугуул иргэд аборигенчуудыг хордуулж ирсэн. Энэтхэгчүүд анхны ураны уурхайгаа үндэсний цөөнх Адивази омгийнхны амьдардаг Жарханд мужид байгуулсан. Уран олборлогч компанийхан уурхайн хаягдал болон шар нунтаг ялгахад   гарсан хаягдал шороо шаврыг Адивазичуудын цагаан буудайн талбай дээр асгажээ. Үүний улмаас нутгийнхан хорт хавдар тусч, тахир дутуу болж, үр хүүхэд нь гажигтай мэндлэн, аж амьдрал нь аажмаар мөхөж буйг “Жадугодад Будда Бурхан ч уйлдаг” (“Buddha Weeps in Jadugoda“) гэдэг баримтат кинонд өгүүлжээ ( Тус кино нь 1999-2000 онуудад НҮБ-ын Нийгэмлэгийн Кино Фестиваль болон бусад уралдаанд оролцож, шилдгээр шалгарсан).

Австралийн засгийн газар  абориген иргэдийнxээ газар нутаг  дээр уран олборлодог төдийгүй тэнд цөмийн хаягдал хадгалах байгууламж барих хуулийг 2012 оны зун баталжээ. Дашрамд дурьдахад, ураны баялгаараа дэлхийд толгойлдог Австрали улс нь өнөөг хүртэл цөмийн эрчим хүч ашиглахаас татгалзаж, нүүрсний цахилгаан станцааpaa дагнадаг гэнэ. Мөн Сомали болон Африкийн эрэг орчмоор үл танигдах усан онгоцнууд торхтой цөмийн хаягдал хаяж байсан нь бүртгэгдсэн ба далайн эрэг орчмын оршин суугчид үл мэдэгдэх өвчинд нэрвэгдэж, эрэг дээр зэвэрсэн торх шидэгдсэн байсан тухай саяхны баримтууд ч бий.

Энэ бүгдийг товчлон дүгнэж үзье. Цөмийн салбарын тоглогч томоохон гүрнүүдэд асар их цөмийн хаягдал хуримтлагдсан байна. Тэр хог хаягдал нь хор хөнөөл ихтэй дээрээс нь газар нутаг дээрээ хадгалахад дотоодын асар их эсэргүүцэлтэй тулгардаг. Иймд газар нутаг томтой улс орнууд (жишээ нь АНУ, Австрали, ОХУ, Хятад) нь ихэвчлэн үндэсний цөөнхи амьдардаг, хүн ам таруу суурьшсан газарта хаягдлaа хаядаг. Тэнд амьдардаг үндэсний цөөнх хичнээн тэмцэвч тэдний дуу хоолой олон нийтэд хүрдэггүй. Учир нь аль ч улсад үндэсний цөөнх нь ядуу буурай, мэдлэг боловсрол дорой, түүнийхээ хирээр эрх мэдэл багатай байдаг нь тэднийг хялбар олз болгодог.  Харин газар нутаг жижигтэй улс орнууд аль болох өөрөөсөө холдуулaн зайлуулахыг хичээдэг ба ингэхдээ нутаг дэвсгэр томтой хөрш улсдаа хандах (Герман, Швед, Францaac–ОХУ) эсвэл нөгөөх л үндэсний цөөнхийг золигт гаргах (Тайваний Ланю арал) аргaa хэрэглэдэг аж.

Энд хүмүүнлэг нинжин сэтгэл, ардчилал, нийгмийн шударга ёсны талаар дурьдахын ч хэрэггүй. Aюулт цөмийн хаягдлаас салж амрах, ашиг олж баяжих гэсэн амь өрссөн тэмцээн явж буй гэдгийг анхаарууштай. Сонирхуулахад, АНУ-д аюулт хог хаягдлыг хаяж булшлах тухай бичихдээ NIMB (НИМБ) гэдэг томьёог хэрэглэж, шүүмжилж байх нь цөөнгүй. Үүнийг тайлж уншвал   Not In My Backyard гэсэн үг юм. Орчуулвал  “Миний хашаанд л биш бол хаана ч хаясан хамаагүй” гэх буюу “Би үхэхээp чи үх” гэсэн аминчхан үзлийг илтгэдэг аж.

Цөмийн хаягдлаа далд оруулах шинэ арга

Тэгвэл сүүлийн үед нэг шинэ арга бий болсон нь эрх баригчид нь авилгад автагдсан, харийнханд тал зассан, ард иргэд нь эдийн засгийн, мөрдлөг хавчлага гээд элдэв дарамтанд аж төрдөг эдийн засгийн хөгжил буурай улс орнуудын төр засгийнхантай нууцаар гэрээлж, газар нутагт нь уран олборлох, цөмийн хаягдал булшлах арга юм. Үүний шилдэг жишээ нь манай улс болоод байна.

Энэ арга нь Монголд олон түвшинд, хэд хэдэн үе шаттайгаар  нягт уялдаатай явагдаж байна. Үүнд мэдээлэл сурталчилгааны хэсэг нь цөмийн эрчим хүчийг магтан дуулж, ард иргэдийн дунд “цөмийн хаягдал хоргүй, уран хоргүй , цөмийн хаягдал бол үнэт түүхий эд гэсэн хуудуутай мэдээлэл түгээх суртал ухуулга явуулах, нэр хүндтэй хүмүүсийг худалдан авч тэднийг ашиглах, сэтгүүлч сурвалжлагчдын тархийг угааж, элдвээр шагнан урамшуулах, гадаадад томилолтоор явуулах зэргээр татаж, хэвлэл мэдээллийнхэнтэй цөмийн аюулын тухай сөрөг мэдээлэл гаргахгүй байх тухай гэрээ хийх, цөмийн эсрэг тэмцэгчдийг зохион байгуулалттайгаар гүжирдэх арга хэмжээ зохион байгуулна. Түүнчлэн “Монгол улс ураны асар их нөөцтэй, ухаад ухаад барахгүй”, “шалавхан АЦС, цөмийн зэвсэгтэй болж цэнгэлийн манлайд хүрье”, “Чингисийн удам цацрагт хордохгүй” гэх мэтээp хошгируулах тактик ч хэрэглэж байна.

Дунд хэсэг буюу тодорхой агентлагуудын түвшинд цөмийн тухай, нэн ялангуяа Монгол дахь цацраг идэвхжилт, түүнээс байгаль орчин, хүн малд учруулж буй хор хөнөөлийн талаарх  баримт мэдээллийг нууцлах, нэн ялангуяа орон нутгаас ирж буй мэдээллийг таг дарах, тэнд хийгдэх мэргэжлийн судалгаа шинжилгээнд саад учруулах, нэгэнт хийгдсэн судалгааг үгүйсгэх, гадаад хамтрагчдынxаа эрх ашгийг хамгаалсан, утга санаа бүрхэг, дутуу дулимаг, эрээвэр хураавар хууль эрх зүйн баримт бичгүүдийг бүрдүүлэх ажилтай.

Дээд хэсэгт тэдгээр хууль дүрмийг УИХ-аар шавдуулан байж батлуулдаг, гадаад орнуудад айлчилж Монгол улсын нэрийн өмнөөс цөмийн түлш нийлүүлэх, хог хаягдлыг буцааж авах, уран болон газрын үнэт металл (цацраг идэвхтэй) олборлох гэрээ тохиролцоог сэмхэн хийдэг, засгийн газрын хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны хөтөлбөрийг сонгууль болон баяр наадмын сиймхийгээр баталдаг өндөр албан тушаалтнууд бий. Шаардлагатай үед дээд түвшнийхэн ард олонд хандаж цаг хожих зорилгоор тайвшруулах мэдэгдэл хийж, молиго үмхүүлнэ. Тэдний үгэнд түр боловч итгэж, амсхийн тайвшрах хойгуур нууц ажиллагаа улам идэвхждэг. Дээр дурьдсан бүх үйл ажиллагааг төсвийн мөнгөөр санхүүжүүлүүлдэг.

 Индианчуудын хувь заяа биднийг хүлээж байна уу?

Cаяхны нэг өдөр ерөнхий сайд АЦС барихгүй, цөмийн хаягдал булшлахгүй гээд харин “орчинд хоргүй байдлаар шар нунтаг олборлоно” гэж мэдэгджээ. УИХ-ын гишүүн М.Зоригт хошуу нэмж “Урантай холбоотой асуудлыг дэвэргээд байгаа хэргийн цаана гадныхан л байж байдаг. Үүнийг тагнуулын шугамаар шалгах хэрэгтэй ” гэж шургасан дуулдлаа. М. Зоригтын үгийг дагавал УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ аварга, С. Ганбаатар, Я. Содбаатар гээд хэд хэдэн хүнийг тагнуулын газар шалгах болох нь. Мөн уран олбоpлох, АЦС барихыг эсэргүүцсэн байр сууриа блог, нийтлэлээрээ илэрхийлсэн олны танил бусад хүмүүс — УИХ-ын гишүүн асан Д. Энхбат, биологийн ухааны доктор Ш. Пүрэвсүрэн нар ч бас гадны тагнуул уу?

Дээрх мэдэгдлүүдтэй холбогдoн дараахь санал асуултууд урган гарлаа:

  1. Монгол улс цөмийн эрчим хүч ашиглахаас татгалзсан юм бол Цөмийн Энергийн Газар гэдэг 96 ажилтантай, 5 тэрбумын төсөвтэй нүсэр бүтцийг өөрчилж, цацрагийн хяналтын контор болгож, ард түмний нуруун дээрх ачаанаас хөнгөлье. Олгосон лицензээ хянаж, цацрагаа хэмжиж чаддаг мэргэжлийн 20 хүн байхад бүрэн хангалттай.
  2. АЦС-аас татгалзсан Монгол улс яаран сандран уранаа олборлохыг шавдахын хэрэг юу билээ? Aюул заналхийлэл илэрхий, гарах хаягдал, үр дагавар нь тодорхой байхад газар дор нойрсох тэр аймшгийг амилуулж сэрээх шаардлага байна уу? Алт, мөнгө, зэс, нүүрс, нефть гээд байдаг бүхнээ бид ухаж зөөсөн, ард олны аж амьдрал мэдэгдэхүйц дээрдсэн зүйл алга. Худал гэвэл гадаад өрөө нэг харчихвал яасан юм? Маргааш гэж өдөр байна, үр хойчдоо өвлүүлэх нь зүйтэй биш үү?
  3. Дэлхийн зах зээл дээрх yраны ханш паунд нь (454 грам) 65 ам. доллараар доош буусан тохиолдолд yраны олборлолт эдийн засгийн ашиггүй гэж үздэг. Үнийн уналтын улмаас Канадын Денисон Майнз Африкийн Замби улс дахь ураны олборлолтоо зогсоосон. Яг өнөөдрийн байдлаар ураны үнэ дэлхийн зах зээл дээр 1 паунд нь 42.5 ам доллар байна. Ийм байхад Монгол улс шар нунтаг гаргах нь эдийн засгийн ашигтай гэх нь үнэмшмээргүй. Монголд ажиллах хүч хямд ч арай ч Замбийн иргэдээс хямд үнээр ажиллахгүй байлгүй. Yнэ ханш ийм байхад шар нунтаг боловсруулах нь 2-хон тохиолдолд ашигтай байж болox юм. Эхнийх нь байгаль орчны нөхөн сэргээлт хийлгүй, хамаг хог хаягдлыг нь ил задгай хаяад явах арга, нөгөөх нь шар нунтаг боловсруулах нэрээр нөгөөх лайтай “Монголын Цөмийн Санаачилга” төслөө хэрэгжүүлж, эцcийн хог хаягдлыг нь Монгол улс үүрвэл тухайн үедээ ашиг олсон мэт санагдах байх. Гэвч аль алиных нь үр дагаварыг төсөөлөхөд ч аймшигтай.
  4. Уран олборлох орчин хоргүй арга” гэдэг бол харанхуй бүдүүлэг хүмүүст зориулсан “үлгэрийн далай” гэдгийг МУИС-ын физикийн анги төгссөн H. Алтанхуяг гуай андахгүй буй заа. “Хонио гаргахгүй мах идэх” гэдэгтэй агаар нэг сонсогдох. Угаасаа уран олборлоx хоёрхон арга байдаг талаар дээр дурьдсан. Аль аль нь асар хортой, эрсдэлтэй, нэн ялангуяа ус багатай, мал аж ахуйн орон манайд бол бүр ч халтай. Био-физикч мэргэжилтэй ерөнхий сайд маань уран, цацраг идэвхт бодис, хүнд металлууд хүний биед асар хортойг мартсан дүр эсгээд мэдэн будилж суугаа нь жирийн нэгэн эх оронч миний хувьд гүн эргэлзээ, бас хардах сэтгэл төрүүлж байгааг нуушгүй. Чухам ямар учраас харийн компаниyдaд олз ашиг олгохоор, харь улсын иргэдийг гэрэл цахилгаантай, тохилог дулаан байлгахын тулд Монголчууд биднийг ирээдүйгээ золиосло хэмээн ерөнхий сайд та шавдуулна вэ?  Хэний төлөө, юуны төлөө?
  5. Уран олборлох атлаа “цөмийн хаягдал гаргахгүй, булшлахгүй” гэж үгийн зөрүүн дээр тоглож, олны тархийг бүү угаагтун. “Төрсний эцэст үхэх нь үнэн” гэгчээр уран ухсан ч, шар нунтаг боловсруулсан ч үхлийн цацрагтай хаягдал гарна. Ард иргэдийн айж бишүүрхээд байгаа нь тэр цацрагийн хор нөлөө. Газар дор эргүүлээд шахчихаар хорт хаягдал хамаагүй гэж андуурах ч хэрэггүй. Гүний болон хөрсний усанд шингэж,  байгаль орчин хүн мал хордож ирсэнийг Канад, АНУ, Австралийн түүх гэрчилнэ.
  6. Ураны асуудлыг дэвэргээд байгаа хэргийн цаана гадныхан байдаг гэдэг талаар. Монгол улс дэлхийн ураны нөөцөөр 15-д ордог, Австрали, Казахстан, Канад, Өмнөд Африк, Намиби, ОХУ эхний 6-д жагсдаг, Казахстан улс дэлхийн ураны үйлдвэрлэлийн 33 хувийг гаргадаг. Тэдгээр ураны “акулуудын” хувьд Монгол уранaa олборлосон ч өрсөлдөгч биш. Ингэхэд харин уран олборлох гээд байж сууж ядаад байгаа нөхдийг ѳѳрсдийг нь шалгавал ямар вэ? Хулгайч л хамгийн чангаар “хулгайч” гэж хашгирдаг гэдэг. Чухам хэний эрх ашигт үйлчлэхдээ ураны ордууд руу минь улайрaн дайрч, эх орончдыг тагнуулч гэж чичлэн, элдвийн хор найруулж, худал үнэн ярьж сууна вэ тэд??

Ингэхэд А. Ундраагийн санаачилсан, ерөнхийлөгчийн дэмжсэн “Монголын Цөмийн Санаачилга” төслийг ард түмэндээ ил тод тайлбарлах цаг ирсэн шүү, ерөнхий сайд аа!

Орчин үед зүсээ хувиргасан тагнуулyyд төрийн толгойд залрах болоо юу?

Advertisements

10 Comments on “Төрийн толгойд гарсан “тагнуулyyд””

  1. tuyatsetseg says:

    баримт нотолгоотой зөв нийтлэл оруулсан бна баярлалаа

  2. munkhtur says:

    Ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайдууд, их хурлын гишүүд гээд наад хэдэн гахайнуудад чинь эх орноо бодох түй ч сэтгэл байхгүй!

  3. bender says:

    Тэд нарыг шалгах биш шууд шоронд хатаах хэрэгтэй ш дээ

  4. oyun says:

    Цөмийн Энергийн Газар 96 ажилтантай, 5 тэрбумын төсөвтэй…………….. Цэцэрлэг сургуульд ийм төсөв байхгүй байхад арай дэндэнээ

  5. davaa says:

    манийгаа бодвол техник технологи нь хөгжчихсөн, урдах ажилдаа хичээнгүй ханддаг герман, япон цөмийн энергийг ашиглахаасаа татгалзаад бхад салан задгай, ямар ч туршлагагуй бид чадахгуй юмаар оролдоод яахав.Ямар өөр ашиглачих юмгуй яадгаа алдсан ядуу орон биш.

  6. ssssss says:

    Яасан ч уран олборлоно гэж онгироод яахав,,,мөрөөрөө байсан нь дээрдээ…эх барьж байгаа 3 өндөрлөг, 76 минь эээ ийм зуйл л хийж болдгуйм шуу,,,гуйж бнашуу

  7. mongol huu says:

    М.Зоригт гэж хун Сүхбаатар аймагт очоод юу гэж ярьж явдаг бол доо.

  8. delgermaa says:

    та нартаа баярлалаа

  9. anujin says:

    энд тэндхийн сайт хэсэж явахад ийм юм сонсогдохгуй юм, анх удаа л өнөөдөр үзэж бна. хурээгээ жаахан өргөжүүлээрэй. Та бухэнд амжилт хүсье. юу ч болж байсан та нарын талд шуу…

  10. batsukh says:

    тмээ эх орондоо хайртай монгол хун бур дэмжиж нэгдэх ёстой


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s