Бидний тархийг ХЭН ХЭРХЭН угааж байна вэ?
Posted: 2011/06/10 Filed under: Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Бодууштай, Ноцтой 6 CommentsТархи угаагчид
Шинэчилж засварласан : 2011 оны 6 сарын 20
Сэтгүүлч: Харанхуйд хулгай хийхэд хялбархан. Нөгөө талаасаа харанхуй өөрөөр хэлбэл, мэдлэг муутай байгаа хүмүүсийг хуурахад амархан байдаг учраас харанхуй хэвээр нь байлгах сонирхол байдаг, мэдээж улстөрчид эрх баригчдад…?
Р. Энхбат: Хүмүүсийг мэдэхгүй, ойлгож амжаагүй байхад нь эсвэл удаан хугацаанд харанхуйд байлгах нь зарим хүмүүст … маш ашигтай.
А. Алтантуяа. Харанхуй хэнд ашигтай вэ? “Эдмон” компанийн захирал Р. Энхбатын ярилцлага.
2011 оны 6 сарын 10нд http://art.news.mn/content/70205.shtml-аас авав.
Монгол улс АЦС барина, уран олборлож, цөмийн түлш үйлдвэрлэж дэлхийн зах зээл дээр гаргана хэмээн санаархаж байгаа. Сүүлийн үед энэ талаар ярьж бичих нэмэгдсэн ч үнэндээ бол Монголын олон нийт АЦС, уран, цөмийн энергийн тухай дийлэнх мэдээллийг эрх баригчид, тэдний тойрон хүрээлэгсдийн ярианаас сонсч мэддэг гэхэд хилсдэхгүй.
Анзаараад байхад манай сэтгүүлчид энэ талаар бие даан эрэл хайгуул хийх, гадаад дотоод эх сурвалжуудыг судлах явдал нь хангалтгүй санагдлаа. Монголын эрх баригчид Япон, АНУ-тай цөмийн хаягдлын байгууламж байгуулахаар ярилцаж буйг илчилсэн Майничи сонины сэтгүүлчтэй мессенжерээр харилцсан “Өдрийн Сонины” сэтгүүлч Б. Долзодмааг эс тооцвол шүү дээ. Ихэнхдээ л “бусдын амнаас будаа иднэ” гэгчийг хийж, олдсон ганц нэг мэдээгээ олон талаас нь “сэмэрч салбартал” нь бичих юм. Тухайлбал, Фукушимагийн АЦС- ын ослын дараа Япон төдийгүй Герман, Франц, Испани, Швейцарь, Тайвань , Энэтхэг, Малайз, Финлянд, Канад гээд дэлхийн олон оронд цөмийн энерги ашиглахыг эсэргүүцэж, АЦС-уудыг хаахыг шаардсан олон нийтийн жагсаал цуглаан хийж байхад манай сэтгүүлчид таг чимээгүй байж чадсан. Магадгүй, энэ нь цөмийн асуудлаар хэвлэж нийтлэх зориг зүрхтэй сонин хэвлэл, сайт цөөн байдагтай ч холбоотой байж болох юм.
https://golomt.org/2011/04/14/nukeprotests/#more-865
http://www.swissinfo.ch/eng/politics/Antinuclear_protests_attract_20,000.html?cid=30291128
http://www.hs.fi/english/article/Hundreds+take+part+in+antinuclear+protest+in+Helsinki/1135264637615
(Үүнд өөрийн бичсэн, golomt.org дээр нийтэлсэн мэдээ материалыг тооцсонгүй, учир нь би сэтгүүлч биш, ямар нэг хэвлэл мэдээллийн газрын харъяа бус, Монголчууддаа үнэн зөв мэдээ мэдээллийг хүргэх гэсэн сэтгэлтэй жирийн нэгэн иргэн билээ. )
Нэгэнт хэвлэл мэдээллийнхэнд цөмийн энерги, ураны асуудлаар хийгдсэн судалгаа, баримт мэдээ байхгүй тул олон нийтийн мэдээллийн цангааг дээрээс “зөвшөөрөгдсөн” байдлаар гаргахаар янз янзын арга сүвэгчилдэг бололтой. Ямар сайндаа УИХ-ын гишүүн О. Чулуунбат, П. Алтангэрэл зэргийн хүмүүстэй уран, цөмийн энергийн асуудлаар ярилцлага хийх вэ дээ. Hөгөөдүүл нь ч “бурхангүй газрын бумба” шиг загнаж, санаанд орсноо ярьцгаах юм.
Тэдний ярилцлагын зах зухаас нь толилуулья:
УИХ-ын гишүүн П. Алтангэрэл
- 2009 оны 4 сарын 13: П.Алтангэрэл: Монгол Улс дэлхийг эрчим хүчээр хангах боломжтой. Д. Цэнгэл. http://news.gogo.mn/r/52268
“Ураныг олборлох гэдэг бол бидний ойлгож, бодож байгаа шиг сүйдтэй юм биш. Ерөөсөө шар нунтаг гээчийг гаргаж авах хүртэлх нь бусад ашигт малтмалыг ашиглаж байгаатай адилхан юм билээ”
- 2009 оны 7 сарын 15: П.Алтангэрэл: Төр ураны зөв бодлого гаргах хэрэгтэй. Б. Долзодмаа http://www.vip76.mn/altangerelpg/xevleliin-toim/5652-paltangerel-tor-urany-zov-bodlogo-gargax-xeregtei-.html?tmpl=component
“Урьд өмнө нь ураныг цөмийн зэвсгийн хэлбэрээр ашиглаж байсан. Цөмийн зэвсгийн түүхий эд мөн үү гэвэл тийм. Энэ талаасаа уран гэдэг их л аймшигтай зүйл гэж ойлгоод байдаг. Өнөөдөр дэлхий дахинд гарч байгаа хамгийн дэвшилттэй техник технологид ураныг ашиглах болоод байгаа. Уран бол эрчим хүч үйлдвэрлэх гол түүхий эд. Хамгийн хор хөнөөлгүйгээр хямд эх үүсвэрээр эрчим хүч бий болгож байна”
- 2009 оны 7 сарын 19: П.Алтангэрэл: Яг үнэндээ Оюутолгой, Тавантолгойн дэргэд уран нь өндөр ач холбогдолтой. http://www.vip76.mn/altangerelpg/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/7064-paltangerel-yag-unendee-oyuutolgoi-tavantolgoin-derged-uran-ni-ondor-ach-xolbogdoltoi-.html
“Цөмийн хаягдал гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Манайх цөмийн хаягдал гэдэг аюултай зүйл гэж ойлгоод байгаа юм. Уран олборлодог, цөмийн станцтай Европын зарим улс 1980-аад оны дундуур ОХУ-ын нутагт цөмийн хаягдлаа төлбөр төлж булсан. Тухайн үед олон нийтийн эсэргүүцэл их гарч байсан. Гэтэл одоо нөгөө хаягдлаа булуулсан орнууд чинь ОХУ-аас асар өндөр үнээр булсан хаягдлаа буцаан авч байна шүү дээ. Яагаад гэхлээр цөмийн хаягдлыг буцаагаад цөмийн түлш мэт ашиглах технологи бий болчихсон. Тэгэхлээр ураны орд ашиглаж өндөр зардал гарган малтаж байхаар өмнөх хаягдлаа эргэн ашиглах нь ашигтай болсон. Бид аюулгүй ажиллагааны буюу хяналтын тогтолцоог маш сайн бий болгочихвол ураныг бүх чиглэлээр үр дүнтэй ашиглах боломжтой”.
- 2010 оны 10 сарын 11: П.Алтангэрэл: Ураны салбарт бид гуравдагч, дөрөвдөгч оронтой хамтрах ёстой. Ц. Ургамал. http://www.vip76.mn/altangerelpg/xevleliin-toim/16364-paltangerel-urany-salbart-bid-guravdagch-dorovdogch-orontoi-xamtrax-yostoi.html
“Атомын цахилгаан станцууд бидний төсөөлөн бодоод байгаа шиг нүсэр гэхээсээ илүү дунд, жижиг оврын, байгаль орчинд хал балгүй, аюулгүй болсон”.
- 2010 оны 11 сарын 19: П.Алтангэрэл: Шар нунтагаа олборлоно, баяжуулна, цөмийн түлш болгоно гэхэд шоолоод байсан. http://www.vip76.mn/altangerelpg/xevleliin-toim/18647-paltangerel-shar-nuntagaa-olborlono-bayajuulna-comiin-tulsh-bolgono-gexed-shoolood-baisan.html
“Уран гэхээр л Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтээр төсөөлөөд байдаг. Гэтэл одоо үед техник технологи боловсронгуй болж атомын цахилгаан станц аюулгүй байдалын талаасаа хамгийн найдвартай болсон. Байгаль орчинд халгүй”.
c
- 2011 оны 6 сарын 3. “Зууны Мэдээ”. П.Алтангэрэл: Цөмийн хаягдлаа Монголд булах сонирхол бусад улс оронд байсныг үгүйсгэхгүй. Ц. Ургамал. http://www.vip76.mn/altangerelpg/xevleliin-yarilclaga/25542-paltangerel-comiin-xayagdlaa-mongold-bulax-sonirxol-busad-uls-orond-baisnyg-uguisgexgui.html
“ОХУ, Казахстан зэрэг улс орнуудад цөмийн эрчим хүч үйлдвэрлэгчид хог хаягдлаа өндөр үнэ төлж булдаг байсан. Тэгвэл сүүлийн үед тэр булсан хаягдлаа эргээд өндөр үнээр худалдан авч дахин боловсруулж түлш үйлдвэрлэж байна гэсэн мэдээлэл бий”.
УИХ-ын гишүүн О. Чулуунбат:
Тэгвэл цөмийн хаягдлын наймаатай аль эртнээс нэр холбогдсон, тухайлбал, Н. Энхбаярын тушаалаар 2004 оны 5 сард Тайваньд очиж АЦС-ынх нь цөмийн хаягдлыг Монголд булахаар нууц гэрээ хийж байсан хэмээн сэжиглэгддэг УИХ-ын гишүүн О. Чулуунбат ингэж ярьж байжээ:
- 2009 оны 6 сарын 22: О. Чулуунбат: Уранаа стратегийн орд болгочихвол хөрөнгө оруулагчид үргэнэ. М. Ганцэцэг. http://www.eiti.mn/old/mon/content/view/317/43
“Хамгийн хямд, байгаль орчинд хамгийн халгүй эрчим хүчийг уранаас гаргаж авдаг”.
- 2011 оны 4 сарын 6. “Өнөөдөр” сонин. О.Чулуунбат: Улаанбаатарын утаа, ил жорлонгоос цөмийн хаягдал арав дахин бага хортой байдаг. Го. Энхтөр. http://mongolnews.mn/i/17931
“Цөмийн хаягдлын талаар хувийн бодлоо хэлье. Хүмүүсийн яриад байдаг шиг аймаар зүйл биш шүү дээ. Асар их ашигтай бизнес. Америкт энэ бизнес сайн хөгжсөн. Хаягдлаас цөмийн түлш гарган авч, тодорхой хэсгийг нь Невадад булдаг. Цөмийн хаягдал чинь манай ДЦС-уудын гаргадаг үнс, утаанаас ч бага хортой гэдэг юм билээ. Би энэ талаар бага сага судалгаа хийсэн хүний хувьд ингэж хэлэх байна”.
“Цөмийн хаягдал тийм ч хор хөнөөлтэй зүйл биш. Манайхан юм болгоныг муу муухайгаар нь харах юм. Улаанбаатарын утаа чинь цөмийн хаягдлаас илүү хортой шүү дээ”.
“[Цөмийн хаягдлаас] айгаад байх зүйл байхгүй. Улаанбаатарын утаа, ил жорлонгоос цөмийн хаягдал арав дахин бага хортой”.
“[Цөмийн хаягдал] ашигтай бизнес гэдэг юм билээ. Ашиггүй байсан бол эдийн засгаараа дэлхийн тэргүүлдэг Америк энэ төрлийн бизнес хийхгүй биз дээ”.
Aкадемич Б. Чадраа
Тэр бүү хэл, тэтгэврийн насны академич Б. Чадраа гэхэд сардаа дор хаяж нэг удаа хэвлэл мэдээллийн сувгаар АЦС барихыг сурталчилдаг болсныг анзаарсан хүн байна уу? Уг нь бол рекламдсан хүн шагналтай, реклам өөрөө төлбөртэй байдаг бус уу?
Зөвхөн интернет дээр тавигдсан эх сурвалжуудаас харья л даа (Б. Чадраа гуай өнөөх л АЦС-аа ярьсаар цэнхэр дэлгэцээр ч бас цөөнгүй гардгийг та бүгд юу андах вэ)
- 2011 оны 2 сарын 21. “Өнөөдөр” сонин. Б.Чадраа: Улаанбаатарын агаар дэлхийг цочроож буй хүний генийг гэмтээх ПХДД-ээр хордсон. Б. Нацагдорж. http://www.mongolnews.mn/i/16449.
“Нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг атомын цахилгаан станцтай зэрэгцүүлэн судлахад бидний хэрэглэж байгаа станцын утааны хор атомын цахилгаан станцаас 100-400 дахин их цөмийн цацраг ялгаруулж байна. Энэ бол аймшигтай түгшүүртэй мэдээ юм….Тиймээс бид монгол хүний генид өөрчлөлт орж мэдэх өчүүхэн төдий аюул учрахад л түүнийг нэн даруй таслан зогсоох учиртай….Тиймээс найдвартай, аюулгүй, экологид ээлтэй, бага зардал гаргах эрчим хүч зайлшгүй хэрэгтэй. Тэр эрчим хүчийг өнөөдөр aтомын цахилгаан станцаар хангахаас өөр аргагүй”.
Энэ ярилцлагыг уншсан нэгэн уншигч доoр нь ийм сэтгэгдэл үлдээжээ:
Полихлор дибензопара- диоксин
Сэтгүүлч: Таны яриад байгаа ПХДД ямар аюул учруулдаг юм бэ?
Б. Чадраа: Хорт хавдар үүсгэх цацраг идэвхт бодис
Яахлаараа нүүрстөрөгч, хүчилтөрөгч, устөрөгч, хлорин ийм 4 элементээс тогтсон нэгдлүүд цацраг идэвхтэй байдаг юм бэ? Эдгээр элементүүдэд байгалийн цацраг идэвхит изотоп байхгүй ш дээ. Яагаад ард түмнийг мунхруулаад байнаа?
Үнэндээ ч Чадраа гуай Монгол хүний “генд өөрчлөлт орно”, ПХДД гэгч нь “цацраг идэвхтэй” гэж ярьсан нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын цахим хуудаснаа мэдээлcнээс зөрж байлаа. http://www.who.int/mediacentre/factsheets/fs225/ru/index.html
- 2011оны 3 сарын 15. “Монголын үнэн” cонин. Б. Чадраа: Бурхнаас бидэнд уран гэгч атомын цахилгаан станцын түлшийг бэлэглэсэн. Б. Номин. http://sonin.mn/?p=121529
“Ингэхдээ атомын цахилгаан станцыг сонгож байгаа нь орчин үеийн атомын цахилгаан станц асар найдвартай, өндөр төвшинд технологи нь боловсруулагдаж байгаа экологид аюулгүй явдал. Аваар гарах магадлал нь саяны нэгтэй тэнцүү болсон. Харин монголчууд бид л болдоггүй юм гээд л орилоод сууж байна…”
“Учир нь нь нүүрсийг шатаахад асар их хэмжээний нурам гарна. Нурманд нь баяжсан цөмийн цацрагийг үүсгэдэг уран, тори байдаг. Бүр их хэмжээгээр шүү. Америк, Оросын судлаачдын хэлж байгаагаар ижил чадалтай атомын болон нүүрсний цахилгаан станцыг харьцуулахад нүүрс атомынхаас 100-400 дахин их цөмийн цацраг ялгаруулдаг нь тогтоогдсон”.
“Бид ийм л торгон ирмэг дээр тулчихаад байгаа юм. Монгол уурхайнуудаа ашигласны дараа үйлдвэрүүдээ хөгжүүлнэ. Ажилгүйдэл багасна. Монголчууд их мөнгөтэй болно. Их мөнгөтэй хүмүүс элбэг сайхан амьдарна. Хүчирхэг болно”.
“Нөгөө талаас бүх дэлхий атомын цахилгаан станцыг сонгочихсон байна. Харин хөрөнгийг Монголын Засгийн газар гаргадаггүй. Гэхдээ атомын цахилгаан станц бариад өгье гэсэн улс орон өдий төдий байна. Атомын цахилгаан станц барихад дэмжих, туслах, хөрөнгө гаргах олон улсын банк, санхүүгийн байгууллага, сан олон бий”.
- 2011 оны 4 сарын 18. “Өдрийн сонины” 098 (3800) дугаарын 17 тал дээр Т. Эрдэнэ гэгчтэй ярилцсан хагас нүүр ярилцлага ч байна. Монгол улс атомын цахилгаан станцгүйгээр хөгжихгүй ээ. http://www.medee.mn/content/26734.shtml (Энэ сурвалжлагаа “Өдрийн сонин” сайтаасаа авчихсан байх юм)
“Нүүрсний цахилгаан станц АЦС-аас 100-400 дахин цацраг идэвхт бодис ялгаруулна. Нүүрс дотор ихээхэн хэмжээний тоpи байдаг байхгүй юy…Дэлхийн дахин экологи, эрүүл мэндэд аюулгүй атомын цахилгаан станцыг сонгосон. Манай улс хүссэн хэсээгүй энэ замаар явах болов уу”.
“…атомын цахилгаан станц Монгол улсын ирээдүй мөн. Манайхаас бусад орнууд атомын цахилгаан станцтай болохыг зорьж байна. Европод атомын цахилгаан станцгүй улс байхгүй боллоо. Хүн төрөлхтөн үйлдвэрийн, интернэтийн хувьсгал хийж, одоо атомын эрин үед орж байна”.
“Ашигласан ураны хог хаягдлыг эргэж ашиглахаар болсон. Тэгэхээр ашигласан ураны хог хаягдал тийм хэрэггүй зүйл биш. Цөмийн хог хаягдлыг нутаг дээрээ байрлуулах нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Хэрвээ манай улс цөмийн хог хаягдлыг нутаг дээрээ байршуулах аваас зуун жил цахилгаанаар хангах атомын цахилгаан станц үнэгүй бариад өгөх болно”.
“Цөмийн хог хаягдалтай улс орон олон бий. Японы 50 гаруй атомын цахилгаан станц тавь гаруй жил ажилласнаас үүдэн асар их хог бий болсон., Үүнийг тодорхой хугацаанд говьд авч ирээд булж хадгалж болно”.
,
- 2011 царын 5 сарын 24. Академич Б.Чадраа: Монголчууд ухаантай болохоор атомын цахилгаан станц барихгүй бусад нь тэнэг учраас бариад байгаа юм биш. С.Зоригт. http://mass.mn/d/3028
“…атомын цахилгаан станцын асуудалд бид л их ухаантай хандаад, дэлхийн хөгжиж буй бусад орнууд тэнэгүүд учраас өөрийн улс оронд барьж байгуулах гээд байгаа мэт харагдах гээд байна. Бид өөрсдөдөө дүгнэлт хийж, өөрийн оронд атомын цахилгаан станц барихад тэднээс юугаараа дутуу юм бэ. Манайд уран байна.”
“Тэд хаягдлаа яаж байна вэ гэвэл дэлхийн эрчим хүчний газар гэж бий. Тэнд эхнээс нь авахуулаад эцсийг хүртэл хянаж байдаг. Хаягдлыг хаана хаяж байна, эрчим хүч гаргаж байна уу, өөр зүйлд ашиглаж байна уу гэдгийг судалдаг. Нөгөөтэйгүүр хүн төрөлхтний эрүүл мэндийн асуудалд давхар хяналт тавьж байгаа юм. Түлш болох ураныг тухайн улс аваад тэндээ хадгалдаг. Эсвэл манай улсад ч юм уу, хаа нэгэн газар хадгалж болно.”
“Дэлхий дээр олон зуун атомын цахилгаан станц ажилласны хаягдал гэж асар их юм бий. Америкт асар том хаягдлын газар бий. АНУ 100 гаруй атомын цахилгаан станцтай. Түүний хаягдал их байхаас аргагүй. Японд ч гэсэн хаягдлаа нэг газар цуглуулж хадгалж байна. Бусад орнууд ч ялгаагүй ийм байдлаар хаягдлаа хуримтлуулдаг. Мөн тэд хаягдлаа олон жил хуримтлуулж авч явах зорилго тавихгүй байгаа. Яагаад гэвэл хаягдал нь эргээд атомын цахилгаан станцын түлш болдог. Өөрөөр хэлбэл уран-235 гэдэг бодисыг шатаагаад уран-238 буюу плутон гээд өөр бодис үүснэ. Түүнийг нь буцаагаад реакторт цөмийн түлш болгож хэрэглэх боломжтой. Ийм технологи аль эрт боловсруулагдсан”.
“Энэ бүгдийг үндэслээд атомын цахилгаан станц маань сэргээгдэх эрчим хүчний салбарт багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нар, салхины энерги дуусахгүй шүү дээ, түүнтэй адил атомын цахилгаан станцыг яагаад сэргээгдэх эрчим хүчний салбарт оруулж байна гэхээр хаягдлыг буцаагаад атомын түлш болгож оруулдаг цөмийн реакторыг одоогоос арван жилийн дараа оруулна гэж байгаа юм. Плутоноор ажилладаг хурдан цахилгаан станцыг ч гэсэн тун удахгүй тийм хэлбэрт шилжүүлнэ, 20, 30 жилийн дараа гэж дэлхий ярьж байна. Тиймээс цөмийн хаягдал гэдэг ус гоожуулаад алчуур чирээд явж байгаа шиг гадаадад хадгалаад хэдэн зуун жил цацраг цацруулаад байх зүйл биш. Өөрөө маш үнэтэй түүхий эд”.
“[Цөмийн хаягдал хадгалахaac] aйх хэрэгтэй л дээ. Аюулгүй зүйл гэж үгүй. Манай ТЭЦ-3, ТЭЦ-4-т ч гэсэн заримдаа аваар гардаг. Тэр нь атомынх байвал аюултай гээд айдаг байлгүй….Сүүлийн үед дэлхий дээр хамгийн их газар хөдлөлт болдог орон Монгол болсон. Миний мэдэхээр 2-3 удаа болсон”.
-Цөмийн хаягдлыг монголд хадгалах боломжтой гэж та нэг ярилцлагадаа хэлсэн байсан. Үнэхээр болно гэж үү?
“Уг нь бол байж болох зүйл. Хог хаягдлыг маш удаан хугацаагаар газрын гүний ус ийш тийш шилждэггүй газар хадгалах ёстой. Монгол шиг тохиромжтой газар дэлхийд ховор. Яагаад гэвэл 200-250 сая жилийн өмнө амьдарч байсан динозаврын яс хэвээрээ хадгалагдаж байдаг. Түүний оронд цементон бортготой эсвэл ямар нэгэн савтай зүйл хадгаллаа гэхэд 250 жил болоход яах ч үгүй байж л байх нь. Тийм газар дэлхийд байдаггүй байхгүй юу. Далайн ёроолд хадгаллаа гэхэд давстай усанд сав нь цоорч мэднэ. Нөгөөтэйгүүр саваа цоорохгүй байлгах гэж асар үнэтэй металлаар хийж таарна. Эдийн засгийн талаас нь авч үзвэл цөмийн хаягдлыг хадгалснаар маш их орлого олох боломжтой. Түүнийг хадгалсны төлөө их хэмжээний төлбөр авдаг. Гэхдээ би хаягдлыг Монголд хадгал, хадгалвал хэрэгтэй гэж хэлж байгаа юм биш шүү. Гагцхүү үнэнийг л хэлж байгаа юм. Үнэндээ Монгол тэр хаягдлыг хадгалахад тохиромжтой орон учраас дэлхийн олон орон ханддаг юм. Ялангуяа манай эргэн тойрны улсууд Mонголд хадгалчихвал яасан юм бэ гэж байгаа”.
Эргэцүүлэл
Ажиглаад байхад дээрх хүмүүсийн яриа ерөнхий зүй тогтолтой, тодорхой санаа байнга давтагдаж байна. Яг л рекламыг сонсоод байхаар зарим үг хэллэг нь зүрхэнд хоногшooд, нөгөө “худал үгийг мянга давтахаар…” гэгчийн юм болдог доo. Tэгвэл тэр ахин дахин давтаад, олон нийтэд хүргэх гээд байгаа санааг дор жагсаалаа (Энэ талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл golomt.org дээрx “Цөмийн Цуврал 1,2,3” нийтлэлд эд бүгдийг няцаахад хангалттай баримт нотолгоо байгаа):
1. Уран бол хоргүй, хамгийн хямд эрчим хүчний үүсвэр, АЦС бол аюулгүй, хамгийн найдвартай, байгаль орчинд хал балгүй зүйл.
2. Бусад хөгжилтэй байтугай хөгжилгүй орнууд бүгд АЦС-тай болчихоод байна , манайх л хоцорлоо
(Б. Чадраа гуай зурагтаар ч, сонинд өгсөн ярилцлагандаа ч өнөө муу ядуу Бангладеш хүртэл болох гээд байна, бусад социалист орнууд бас болчлоо гэж ирээд л рекламдан шавдуулсан нь АЦС барина гэдэг дивангарын социалист уралдаан гэгчтэй ижилхэн гэж санасан юм болов уу)
3. Цөмийн хаягдал гэж аюулгүй, утаа, үнс, нус цэр, ялгадснаас бага хортой.
4. Техник технологи өндөр хөгжсөн өнөө үед цөмийн хаягдлыг дахин боловсруулдаг болоод байгаа (эсвэл 10-20 жилийн дараа болно), тэгэхээр ирээдүйд цөмийн хаягдлыг авсан улс оронд айхтар ашигтай.
5. Монгол улсаа хөгжүүлэх гэвэл АЦС заавал барих хэрэгтэй.
Одоо та бүхнээс golomt.org-н уншигч ҮнэнМэдлэгийн орчуулж ирүүлсэн цөмийн хаягдлын талаар Германы ТВ-ийн товчхон нэвтрүүлгийг анхаарч үзэхийг хүсье. Харин дотроо дараахь хоёр асуудлыг эргэцүүлэн бодоорой.
- Яагаад манай эрх баригчид бидэнд уран, АЦС, цөмийн хаягдлын талаарх мэдээ мэдээллийг Германчууд шиг ингэж товч тодорхой хүргэдэггүй юм бэ? ЯАГААД?
- ЯАГААД Монголын эрх баригчид Германы ТВ-ийн нэвтрүүлэгт үзүүлснээс ТЭС ХӨНДЛӨН юм яриад байна вэ?
Бидний тархийг ХЭН угааж байна вэ? ЯАГААД?
Сонирхолтой материал ирүүлсэнд баярлалаа, ҮнэнМэдлэг ээ!
Цөмийн хаягдлын талаар Mainichi сонинд дахиад гарчээ. Монголын нэр ч дурсагдаж
Disposal of nuclear waste should be made a top priority
http://mdn.mainichi.jp/perspectives/news/20110613p2a00m0na001000c.html
Читайте.
Одоо энийг олон хумууст хургэвэл маш байх сан. Та бухний хэлснээр маш олон хүмүүс мэдээлэл мэдлэггүйн учир дээрх хор хөнөөлийг өөрсөд лүүгээ уриалан дуудаж бна. Аймшигтай юмааа.
Академич Б.Чадраа гуай “…Нүүрсэнд уран, тори зэрэг цөмийн цацраг идэвхт бодис ихээр агуулагддаг. Нурам үнсэнд нь бүр илүү. Жишээлбэл, нүүрсний цахилгаан станц ижил чадлын цөмийн цахилгаан станцаас 100 дахин их цөмийн цацраг ялгаруулдаг”… гэжээ.
Өөрөөр хэлвэл “АЦС-ын дэргэд олон жилээр байнга хөргөж байлгадаг ЦӨМИЙН түлшний ХАЯГДАЛ нь огт хоргүй, ЦАЦРАГ ИДЭВХГҮЙ, … харин Нүүрсний нурам үнс нь ЦӨМИЙН түлшний ХАЯГДАЛ гэдгээс 100 дахин их цөмийн цацраг ялгаруулдаг”… гэж дэлхийд ГАНЦААРАА л нотлох гээд байх юм даа.
Үүнээс гадна бас “…Ялангуяа, манай ТЭЦ- үүдийн ажиллах хугацаа дууссан…” гээд АЦС-ыг санал болгожээ. Гэтэл Оросын эрдэмтэд “АЦС-уудын нийлбэр чадал нь бусад станцуудын нийлбэр чадлын 20%-аас ихгүй байх ёстой” гэдэг зарчмыг мөрддөг юм билээ. Эрчим хүчний систем жижиг байх хэрээр энэ тоо бүр багасдаг. Үүний шалтгаан нь АЦС байнга бүрэн чадлаараа ажиллахгүй бол эдийн засгийн ашиггүй бөгөөд АЮУЛТАЙ байдаг ажээ. /Үүнийг бүрэн тайлбарлахад багагүй цаг зарцуулагдана./ Иймд “Б.Чадраа гуайн хэлсэн үгс АЮУЛ даллаж байна” гэж үзэж байна.
Reblogged this on Ганболд and commented:
“Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажиж, эрхэлж ядсан хүүхэд ээжийнхээ үснээс зулгаан” гэдэгчлэн бэлэн бгаа 50 сая малынхаа түүхий эдийг ашиглаад амьдарч чадахгүй, нөхөөстэй хэдэн замаа арчилж хэрэглэж дөнгөхгүй байжээж АЦС-н үлгэр яриад амьтны хортой аймшигтай шаар хогоор наадах нь дутаж гэнэ???!!!!!