Монголчуудыг амар тайван суух хооронд цөмийн хаягдал булшлах болжээ

Нийтлэлийг бичихэд гүн туслалцаа үзүүлсэн Д. Раднаад баярлалаа.

Амарлин

             Японы Киодо Ньюс сонинд “Тошиба” корпораци Монгол улсад цөмийн хаягдлын агуулах барихаар АНУ-г лоббидож байна гэсэн гарчигтай мэдээ 2011 оны 7 сарын 1-нд гарсныг Майничи болон бусад сонин бүрэн эхээр нь авч нийтэлжээ. Тус мэдээнд бичихдээ “Тошибагийн” ерөнхийлөгч Норио Сасаки гэгч нь 2011 оны 5 сарын 12-нд АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниел Пониман гэгчид Монгол улсад олон улсын цөмийн хаягдал хадгалах агуулах барих асуудлыг шуурхайлахыг хүссэн захидал илгээсэн гэжээ. Киодо Ньюс сониныхон 2011 оны 2 дугаар сард Японы засгийн газрын дотоод хэрэгцээнд зориулан гаргасан албан бичгийг олж авсан ба түүнд Япон, Монгол, АНУ-ын засгийн газрууд “Цөмийн түлшний цогц хангамж” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон  тухай дурьджээ. Hоён Сасаки захидалдаа “Цөмийн түлшний цогц хангамж” төслийн тухай дэлхий дахинд ил тод болчихсон тул энэ асуудлыг эсэргүүцэх нь тодорхой. Иймд цаашдын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд оролцогч талууд нарийн сайн зохицуулалттай ажиллах шаардлагатай байна гэжээ. “Тошиба” корпорацийн гадаад харилцааны албанаас тус захидлыг Даниел Пониманд илгээснийг баталсан бол АНУ-ын төрийн албаны ажилтан захидлыг ерөнхийлөгч Обамагийн ажлын албаныхан авч үзсэн гэжээ. Харин өнгөрсөн 2 дугаар сард Монгол улсын засгийн газрын төлөөлөгчид Токиод ирж “Цөмийн түлшний цогц хангамж” төслийн талаар хэлэлцэхээр ирсэн гэж нэрээ хэлэхийг хүсээгүй Японы төрийн түшмэл мэдэгджээ   

Эх сурвалж: http://mdn.mainichi.jp/mdnnews/news/20110702p2g00m0dm011000c.html

ТҮҮХИЙГ ЭРГЭН СӨХВӨЛ…

                Монголын эрх баригчид олон улсын цөмийн хаягдал булшлах анхны байгууламжийг нутагтаа байгуулахаар сэм хөөцөлдөж байгаа тухай ноцтой мэдээ дэлхий нийтийг шуугиулсан нь саяхан. Угтаа бол бүр энэ оны 3 сарын 31-нд энэ талаарх анхны мэдээг АНУ-ын нэгэн мэдээллийн сувгаар цацсан бөгөөд ингэж ярьсан Америкийн өндөр албан тушаалтаны аудио бичлэг нь ч интернэт дээр байна. Гэсэн ч дийлэнх Монголчууд энэ мэдээг цуурхал гээд үнэмшсэнгүй, тэд англи хэл мэдэхгүй тул интернэт ухдаггүй, бас дэндүү хашир болохоор орчуулгын материалд итгэсэнгүй. Тиймдээ ч Цөмийн Энергийн Газрын үгүйсгэсэн мэдэгдэлд итгэж тайвширцгаав. Дээрээс нь УИХ-ын гишүүн хэдий ч ухаан санаа эрүүл баймааргүй нэг нөхөр “цөмийн хаягдал Улаанбаатарын утаа, ил жорлонгоос бага хортой” гэж сонингоор ярьж, бас АНУ-ын Элчин сайдын Яамнаас “Та нар манай хүний яриаг буруу ойлгожээ” маягийн юм мэдэгдсэн тул Монголчууд тэгсгээд асуудлыг мартав.

              Гэвч сар гаруйхны дараа Японы Майничи сонинд гарсан нийтлэл Монголчуудыг дуг нойрноос нь дахин сэрээв. Монголд цөмийн хаягдал булах гэсэн гэрээнд гарын үсэг зурах гэж байтал нь цунами саад болсон шахуу зүйл бичсэн байх нь тэр. Монголчууд ч хэд хоног оволзов. Оволзов ч гэж дээ, тэрүүхэн хавьдаа бухимдаж, интернэтээр сэтгэгдэл бичиж босно шүү гэж хоосон заналхийлэхээс хэтэрсэнгүй. Угтаа бол АНУ, Японы Элчин Сайдын Яамны өмнө жагсаал цуглаан хийж, Конгресс, Парламентад нь эсэргүүцлийн захидал илгээж, Засгийн Газрын ордны өмнө хонон өнжин сууж эсэргүүцэж буйгаа илэрхийлэх гарцаагүй чухал шалтгаан мөн үү гэвэл яалт ч үгүй мөн.

              Нөгөө хэдэн хүний эрхийн төрийн бус байгууллагууд ч таг чиг. Ер нь бол 2.7 сая хүний эрүүл амьд явах, эрүүл саруул орчинд амьдрах эрхийн асуудал баймаарсан. Гайхалтай нь гэм буруугүй хэн нэгнийг мансууруулах бодисоор хордуулж, боож баглаад олон улсын хилээр давуулж авчирсан  гэмт этгээдийг бол хамгаалаад, Английн ЭСЯ руу өндөг, лооль шидэж, цагаан хоолойгоор агсарч байх юм. Харин бүхэл бүтэн улс орны үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, оршин тогтнохтой холбоотой ноцтой асуудал үүсэхэд Ногоон намын ганц нөхөр л Японы ЭСЯ-ны өмнө очиж эсэргүүцсэн бичиг барьж зогсоод дорхноо цагдаад баривчлуулж, дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэгдсэн ба түүнд амaа хамхихыг сануулснаар тэмцэл эхлэлгүй эцэслэв.

               Эрх баригчид ч “тэр бол худал, тайван амгалан байцгаа, бид асуудлыг судална” гэсэншүү мэлзээд өнгөрөв. Биднийгээ маш сайн мэддэг тул ингэсхийж байгаад мартагнуулах тактиктай үзэж байна л даа. УИХ-ын хэдэн идэвхтэй нөхөд Ерөнхий сайдад асуулга тавьсан нэртэй ч нөгөөх нь сэргэлэнтэж, даалгаврыг доош нь дамжуулаад, доодчууд нь хэдэн бөөрөнхий үгээр хариулсан болоод аргацаав. Нөгөө хэдэн идэвхтэй нөхөд ч ухаж төнхөж асуусангүй, хариултанд үнэмшсэн дүр үзүүлээд оромдоод өнгөрлөө. Эрүүл ухаанаар сэтгэвэл Ерөнхий сайдад тавьсан асуулганд Ерөнхий сайд л хариулах ёстой. Зүйрлэвэл, Сү. Батболдоос “Та хүүхэдтэй юу?” гэж асуухад Сү. Батболд асуултыг гэрлэж огт үзээгүй доодох албан тушаалтандаа даатгаваас хариулт нь “Үгүй, би гэрлээгүй” болох нь. Гэтэл хариуг Ерөнхий сайд надад өгч байгаа гэж бодсон надад бол Ерөнхий сайд хүүхэдтэй, тэр бүү хэл хэд хэдэн ч удаа гэрлэсэн гэдэг асуудал мэдэгдэлгүй өнгөрөх нь тодорхой.  Үүнтэй ижлээр энэ оны 1 сард Арабын орнуудаар зочлохдоо “ураны түлш бэлтгэн нийлүүлнэ, хаягдлыг нь бид буцааж аваад нутагтаа хадгална” гэж гэрээ хийж явсан Ерөнхий сайдыг цөмийн хаягдал хадгалах байгууламж барих тухай огт сонсоогүй яваа гэхэд хэн үнэмших юм бэ???

                Бас Гадаад Хэргийн сайд гэж нэг марзан нөхөр байна. 2010 оны 9 сард АНУ-ын Эрчим Хүчний Яамны сайд Даниел Пониман Монголд айлчлахад цөмийн энергийн асуудлаар хамтран ажиллах гэрээнд тэр л  гарын үсэг зурсан,тиймээс ч нөгөө цөмийн хаягдал булшлах тухай албан бус яриа хэлцлийг хийсэн гэж сэжиглэгддэг (үнэндээ Солонгос, Япон гээд хаа сайгүй цөмийн энергийн салбарт хамтран ажиллах гэрээ бичиг үйлдэж явдаг нөхөр л дөө). Тэгсэн мөртлөө хэл ам гарахаар “гадны цөмийн хаягдлыг Монголд булуулахгүй гэсэн хуулийн заалт оруулна гэж би санаачлаад хөөцөлдөж байгаа” хэмээн сүр дуулиантайгаар зарлав. Үнэндээ ураны түлш үйлдвэрлэж зарчихаад бид хаягдлаа авч байна гээд элдэв бусын юм оруулаад ирэхэд манай хаягдал мөн байна гэж түүнийг ялгаж таних хүн байхгүй нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр, 1.4 сая тонн ураны хаягдлыг Монгол нутагт булшлах болвол хүний өөрийн хаягдал гэлтгүй хордохдоо л хордож таараа. Цөмийн хаягдал эзнээ хордуулдаггүй гэж хэн бас заачихав даа? Сайтар бодвол нэгэнт Монголд ураны түлш үйлдвэрлэх технологи, үйлдвэр, бас мэргэжилтэн ч байхгүй юм чинь Монголд уранаа олборлоод, түүнийгээ гадны аль нэг улсад мөнгө төлж байж боловсруулуулж таарна. Ингээд бүтээгдэхүүнээ гадагш зарчихаад, цацраг идэвхжил нь хэдэн сая дахин нэмэгдсэн цөмийн түлшний хаягдлыг буцааж авах эдийн засгийн хувьд асар эрсдэлтэй мэргэн  төлөвлөгөөг санаачлан хэрэгжүүлэгчдийн нэг нь тэр эрхэм өөрөө гарцаагүй мөн.   

                   “Тошиба” корпорацийн хувьд бол 2010 оны 11 сарын19-д ерөнхийлөгч Ц. Элбэрдорж, ГX-ийн сайд Г. Занданшатар нарын хэсэг бүлэг хүмүүс Японы эрх мэдэлтнүүдтэй уулзаж, цөмийн салбарт хамтран ажиллахаар тохирсноос хойш  долоохон хоногийн дараа буюу 11 сарын 26-нд Тошиба корпораци Монголын “MNFCC” компанитай ашигт малтмал, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудлаар хамтран ажиллахаар Xарилцан Oйлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан. Төрийн ба хувийн түншлэлд суурилсан хэмээгдэх тэр үл мэдэгдэх “MNFCC” компанийн эзэн нь Дүгэрсүрэнгийн Дашдорж буюу Гадаад Хэргийн Яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А. Ундраагийн нөхөр нь билээ. “Тэгээд юу гэж?” гэж та асууж байна уу?

               Та дээрх Киодо Ньюс сонины мэдээг санаж байгаа биз дээ. Энэ хоёр хоорондоо ямар холбоотой вэ гэж үү? Тэгвэл ойлгоогүй хүмүүст зориулан тусгайлан тайлбарлая: “Тошиба” компанитай баталсан ашигт малтмал, дэд бүтцийг хөгжүүлэх санамж бичгийн “ашигт мaлтмал” гэдгийг уран гэж, “дэд бүтэц” гэдгийг олон  улсын цөмийн хаягдал хадгалах байгууламж гэж ойлговол зохино. Мөн өнгөрөгч 2-p дугаар сард А. Ундраа ба түүний нөхөр Д. Дашдорж Японд оччихоод Цагаан сарын дараахан МИАТ-ын нислэгээр Улаанбаатарт буцаж иржээ. Энэ хугацаа нь Киодо Ньюс сонинд дурьдсан хугацаатай тохирч байгааг анзаарна уу? Харин Монгол улсын ерөнхийлөгч 6 сард АНУ-д яаравчлан айлчилж, одон медалиар шагнагдаж, бас цөмийн салбарт хамтран ажиллана гээд гэрээ байгуулчихаад ирсэн. АНУ pyy МонАтомын Бадамдамдин дагалдаж явсаны учир юу вэ? 

                 Ерөөсөө ч тэгэж ярьвал ашигтай хэсгийг нь ашиглачихаад хогийг нь Монгол руу хаядаг нь ямар учиртай юм? Ингэдэг олон улсын хууль, стандарт байдаг гэж битгий тархи угаагаарай, эрхэмүүд ээ !!! Тэгвэл чухам яагаад АНУ өөрийн үйлдвэрлэсэн ураны түлшээ Япон, Солонгос, Тайванаас эргүүлж авахгүй байгаа юм бэ? Тэдгээр оронтой АНУ-ын байгуулсан “123” гэдэг гэрээнд нь АНУ-аас гаралтай тэр түлшийг ашигласны дараа хаана хаяхыг шийдэхэд АНУ оролцоно гэснээс АНУ нутагтаа авна гэж огт заагаагүй. Шийдэхэд оролцоно гэдэг нь ч хамаагүй Арабын орнууд руу явуулж байж цөмийн зэвсэг үйлдвэрлэчих вий гэсэн болгоомжлолоос л гаралтай.

                  Үнэндээ бол зөвхөн ОХУ л бусад орнуудтай цөмийн түлшний зах зээл дээр  өрсөлдөх гэсэндээ “Цөмийн түлшний банк” гэдэг шинэ үйлчилгээг Ангарск хотод байгуулчихаад зарсан түлшээ эргүүлж авна гэж сурталчилж байгаа. “Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөв” гэгчээр бидэнд тэгэх боломж бас шаардлага байхгүй. Хэрэв тэгэхгүй бол ашиггүй болчих гээд байна гэвэл тийм талын бизнес руу Монгол улс орох хэрэггүй. Ер нь Монгол улс яагаад заавал ураны бизнес руу орох гээд яараад байгаа вэ?  Алт, нүүрс, нефть, газрын үнэт металл, бас өөр юу ч юм бүгдийг нь зөөлөө, баяжаагүй ээ, Монгол улс, жирийн ард түмэн! Өчнөөн жил ашигт малтмалаа гадагш зөөсөөр байтал, албан ёсоор ядуурлын түвшин 36 хувиас хэтэрдэггүй байтал яахаараа манай улс 2010 оны байдлаар  хүнс тэжээлийн дутагдлаар (хүн ам нь өлөн зэлмүүн амьдарч байгаа байдлаараа) Хойт Солонгос шиг дарангуйлагч төртэй эсвэл Сьерра Леоне мэтийн дайн тулаанд шархалсан арав хүрэхгүй Африкийн улс орнуудын дунд  цохиж явдаг юм бэ? Өчнөөн олон биш шүү дээ, бид нар–2.7-хон сая хүнийг өлсгөж чадаж байгаа нь гавьяа юу? Одоо уранаа л зөөвөл баяжиж сайжирна гэж гэж битгий худал амлаарай даа.

Тэгвэл чухам уранаа ухаж зарах нь хэнд ашигтай юм бэ?

                Саяхны “Дуусдаггүй яриа–Цөмийн хаягдал” нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн Н. Батбаяр Монгол улс аюултай уранаар оролдох хэрэггүй гэж хэлсэн. Харин Гадаад Хэргийн Яамны тусгай үүрэг гүйцэтгэгч сайд А. Ундраа сандарч “Тэгээд Арева, Мицубиши хоёр яах болж байнаа?” гэж асууж суух юм. Монгол улсын төрийн өндөр албан тушаалтан яахаараа Монгол улсынхаа эрх ашгийг бодохгүй, алс холын Франц, Японы төлөө ингэж их сэтгэл зовж байна вэ? Энэ асуултыг өөрөөсөө асуусан, надад бол хариулт тодорхой. Уншигч та ч бас өөрөөсөө асуугаарай.

Одоо байдал ямар байна вэ?

              Ийм ноцтой асуудал үүсээд байхад Монголчууд тоомжиргүй хандаж, нөгөө “сүх далайтал үхэр амар” гэгчийн үлгэрээр тайван амгалан, үнэндээ бол үхээнц дорой, дор бүрнээ амиа хичээсэн байдлаар хандсаар байгаа тул бүх зүйл эрх баригчдын хүссэнээр болж байна. Монголд энэ талаар хийгдсэн зүйл лав ойрмогхон мэдэгдэж сонсогдсонгүй. Баяр наадамдаа бэлдээд завгүй байгаа сурагтай. Цөмийн хаягдлын эсрэг нэртэй цөөн хэдэн Фэйсбукийн болон бусад бүлэглэлүүд байгуулагдсан ч дорвитой үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд гишүүд нь хааяадаа орж мэдээ мэдээллээс нь уншдаг сонирхогчдийн цугларалтын хэмжээнд явагдаж байна. Гэвч энэ хооронд Монголын эрх баригчид ураны түлш үйлдвэрлэх, атомын цахилгаан станц барихаар яаравчлан хөөцөлдсөөр. Та биднийг хоосон амлалтанд хууртагдаж, зуны дэлгэр цаг ирлээ хэмээн амарлингуй суух хооронд цөмийн аюул тулж ирлээ.

             Цөмийн хаягдлын асуудлын ач холбогдлын талаар зарим нэг зүйлийг дахин тайлбарлая. Уншигч та энэ мэдээг гүйлгэж харалгүй анхаарч уншаарай. Таны болоод таны үр хүүхдийн хувь заяатай нягт холбоотой асуудал гэдгийг бодож үзээрэй.

1) Цөмийн хаягдал = Монголын МӨХӨЛ.

Олон улсад ураны түлшээ нийлүүлээд түүнээс гарсан ЦАЦРАГ НЬ ИДЭВХЖСЭН, АСАР ХОРТОЙ хог шаарыг нь  нутагтаа эргүүлж авна гэж байна. Хаягдал түлш шинэхэн түлшнээс хэдэн зуу мянга дахин хортой. Хажууд нь 1 метрийн зайнд зогсоход даруйдаа үхэх аюултай. Маш идэмхий, нэвчимтгий, нэвтлэмтгий байдаг. Цацраг идэвхжил нь сая жилийн дараа бүрэн үгүй болно. Товчдоо бол энэ бол Монгол улсын МӨХӨЛ.

 2) Цөмийн хаягдал урт хугацаагаар хадгалж үзсэн улс орон байхгүй.

Дэлхийн түүхэнд онолын хувьд газарт булшлах тухай ярьдаг ч ингэж хадгалж үзсэн туршлага байхгүй. Анхны цөмийн байгууламжийг Финлянд улс өөрийн дотоодын хэрэгцээнд зориулж Онкала хавьд барьж байна. АНУ-д барьж эхэлсэн ч олон нийтийн хүчтэй эсэргүүцлийн улмаас зогсоогоод байна.

3) Цөмийн хаягдал хадгалах байгууламж барихад асар үнэтэй.

АНУ-ын байгууламж гэхэд л 120 тэрбум ам. доллар болох төсөв гарсан. Харин Монгол улсад хаягдлаа хадгалуулсны оронд 10-20 тэрбум ам. доллар өгнө гэсэн яриа байгаа. Шинэ нарийн технологи бүхий байгууламж барих нь битгий хэл түүний урсгал зардалд ч хүрэлцэхгүй мөнгө гэдэг нь ойлгомжтой.

4) Цөмийн агуулах нь АСАР их аюул эрсдэлтэй.

Ийм байгууламжид цөмийн хаягдал булшилж хадгалах аваас олон жилийн явцын дунд газар хөдлөх, террорист халдлага гарахаас авахуулаад техникийн доголдол дутагдлаас осол гарах магадлалтай. Хүн төрөлхтөн өөрөө 6 мянган жилийн түүхтэй. Тэгвэл чухам ямар торх 100 мянган жилийн элэгдэл хорогдлыг даах вэ? Германд  бага хэмжээний цацраг идэвхтэй бодисыг давсны хуучин уурхайд булшилсан нь хэдхэн 10 жил болоход
торхоо идэж зэврүүлээд хөрсөнд  нэвчсэн тохиолдол гарсан.  Германчууд өмнө нь ийм зүйлтэй тулгарч байгаагүй тул яахаа мэдэхгүй харзнаж байгаа. Ядахдаа практик сэтгэлгээтэй хүмүүс болохоор өндөр үнэтэй байгууламж барилгүй уурхайн гүнд орхисон нь асуудлыг улам  хүндрүүлж байна. Монголчуудыг ч бас үнэтэй технологиор цөмийн хаягдлын байгууламж барина гэдэгт хэн ч итгэхгүй. Цөмийн хаягдал шингэн, хуурай, ямар ч хэлбэртэй байж болно. Хор нэвчиж гүний ус, байгаль орчныг хордуулж, агаар мандалд ууршиж, бороо болж ороход Монголчуудад битгий хэл аюул заналхийлж, Монгол улс оршин тогтнох эсэх асуудал тавигдана.  

5) Цөмийн хаягдлын тээвэрлэлт хүртэл осол (бас өртөг) ихтэй.

Монголд ийм цөмийн хаягдлын агуулах байгуулах аваас тийшээ байнга аюулт ачаа тээвэрлэж байна. Тээвэрлэх замд орчин тойрондоо нэвчээн шингээж буй хорт цацрагийн асуудлыг бүр орхие. Тээвэрлэлт нь өөрөө маш аюултай үйл явч юм байна. Манайхаас хавьгүй өндөр хөгжилтэй АНУ гэхэд 300 удаагийн тээвэрлэлтэд дунджаар 1 удаагийн осол гарч, цөмийн хаягдал асгарч задардаг гэж Якка ууланд байгууламж барихыг эсэргүүцэгч бүлгийхэн мэдэгджээ. Харин нэг удаагийн хаягдал түлш асгарсан ослын үр дагаврыг залруулахад дор хаяж 6 тэрбум ам. доллар шаардагддаг. Бидэнд тийм мөнгө, бас ийм өндөр эрсдэл хүлээх шаардлага байна уу? 

6) Монголд АЦС барих нь эдийн засгийн үр ашиггүй, бас хүн хүчний хувьд бэлтгэгдээгүй тул эртэдсэн асуудал.

Энэ үгийг “Дуусдаггүй яриа–Цөмийн хаягдал” нэвтрүүлгийн үеэр А. Ундраагийн хэлсэн тул түүнд энэ удаа гүнээ талархья. АЦС барихыг уриалж байгаа нь хулганы анд их буутай гарахыг санагдуулж байна. Монгол улс эрчим хүчнийхээ ердөө л 4 хувийг гаднаас импортолдог гэж уншиж байсан. Ямар ч байлаа гэсэн асар их нүүрсний баялаг байхад түүгээрээ хөдөө орон нутагт дулааны цахилгаан станцуудыг барьж ажиллуулах боломжтой. Харин АЦС-ын хувьд бол ажиллуулах мэргэжлийн хүн хүч, арга туршлага байхгүй, өртөг зардал асар өндөр, эрчим хүч үйлдвэрлэсэн ч эдийн засгийн үр ашиггүй төдийгүй аюул осол гарах магадлал өндөртэй, улс орны ирээдүйн аюулгүй байдлын хувьд ч илүү эрсдэлтэй гэдэг нь тодорхой.

7) Цөмийн хаягдал бол баялаг БИШ, хэн ч авахыг хүсдэггүй хамгийн адгийн хортой хог шаар.

АЦС барихаар хурдавчилж байгаагийн учир нь гэвэл түүгээр далимдуулан гадны цөмийн хаягдлыг эрээд олдошгүй алт эрдэнэс, баялаг хэмээн оруулж ирэхийг санаархаж байна. Саяхны АНУ-ын Конгрессийн дэргэдэх Судалгааны үйлчилгээнээс гаргасан тайланд цөмийн хаягдал гэлгүй өөр нэрээр нэрлэчихвэл цөмийн хаягдлыг Монгол нутагт булшлах боломжтой гэж зарим шинжээчид үзэж байгааг дурьдсан байсан. Тэгвэл  ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч А. Ундраа  ТВ-ийн нэвтрүүлэгт оролцохдоо “цөмийн хаягдал гэхгүй баялаг ч гэж болно” гэж байсан. Баялаг ч байж болно, тэгвэл яагаад улс орнууд өөрийн баялгаасаа сайн дураараа татгалзаад гадагш явуулах гэж чармайж байна вэ? Яагаад тэр баялгийг нь бусад улс орнууд авахаас халгаад, эсэргүүцээд байнаа? Жогорхой ч гэсэн ялгадас ч гэсэн утга, үнэр ижил биш үү?  

8 ) Цөмийн хаягдлыг дахин боловсруулах аюулгүй технологи олон улсад байхгүй.

Зарим хүмүүсийн “баялаг” гэх тэр цөмийн балгийг чадан ядан дахин боловсруулсан ч дахиад л асар их цөмийн хаягдал гардаг, бас гарсан түлш нь дэндүү үнэтэй тул эдийн засгийн хувьд алдагдалтай гэдгийг цөмийн энергээр эрчим хүчнийхээ 80 хувийг хангадаг Франц улсад хийгдсэн судалгаагаар нотлогджээ. Тиймээс ч аль ч улс орон ашигласан түлшээ боловсруулалгүй хаяж булшлахыг илүүд үздэг. Ядахдаа дэлхий дахинд хаягдал түлш дахин боловсруулах аюулгүй технологи хараахан алга. Байдаг байсан бол улс орнууд өөрсдөө тэр баялгаа дахин боловсруулаад байна биз дээ?  Эрдэмтдийн үзэж байгаагаар бол тийм технологи 50-100 жилдээ гарахгүй гэх, харин академич Б. Чадраа бол 10 жилдээ гарна гэж дахин дахин эндүүрэх юм (бодвол нөгөө капитализмыг алгасч гэдэг шиг юм бодсон бололтой). Францчууд асар их цөмийн хаягдлаа дахин боловсруулж ашиглахын оронд түүнийгээ ОХУ мэтийн авилгалд идэгдсэн улсууд руу ухаж сэмхэн булшлуулахаар шахчихаад, Нигер мэтийн ядуу орнуудыг молигодож, байгалийн ураныг нь аваад үхлийн тоосонцор, радон хий ялгаруулсан уурхайг нь үлдээдэг нь үнэн. Монголд ч бас Францын цөмийн салбарын хаан Арева компани  ирчихээд байгаа биз дээ?     

9) Цөмийн хаягдлыг ХОРГҮЙ гэж тархи угааxaap хөөцөлдөж байна.

Сүүлийн үед цөмийн хаягдлын хамтаар 2.7 сая иргэнээ ирээдүй хойчтой нь булшилчихаад хармаагаа түнтийлгэх гэсэн бузар шуналтнуудын худал ухуулга сурталчилгаа, тархи угаалт хирээс хэтэрч байна. Тэдний дунд АЦС, цөмийн хаягдлыг сар бүр сурталчилж, зөв буруу ярьдаг академич Б. Чадраа ( ярьсан зүйлээ дараачийн ярилцлагандаа үгүйсгэдгийн баримт нотолгоо бий), цөмийн хаягдал Монголчуудад хоргүй гэж байнга хошгируулдаг УИХ-ын гишүүн доктор цолтой О. Чулуунбат (харин Монгол бус хүмүүст бол үхлийн хортой нь дээр батлагдсан шүү дээ), түүнчлэн бусад АЦС барихыг шавдуулагчид нь (Б. Чадраа, УИХ-ын гишүүн Л. Гантөмөр, МонАтомын дэд захирал Г. Цогтсайхан гэх мэт) АЦС барихыг эгээтэй л социалист уралдаан мэт үзэж “нөгөө муу Бангладеш хүртэл барих гээд байна шүү, шалавлаарай”, эсвэл “нэгэнт ОХУ бас Хятад хилээ дагуулаад АЦС барьж байгаа  юм чинь манайхан ч барихад гэмгүй” хэмээн ухуулж, АЦС барьвал эдийн засгийн үсрэлттэй хөгжил дэвшил, ажлын байр, нийгмийн хөгжил цэцэглэлтийг амлаж байна. Цөмийн энэ бизнест гар бие оролцож буй хүмүүс ч улам тодорхой болж байна.

            Гарцаагүй үнэнд гүйцэгдэхээрээ “Энэ бол Орос Хятадын явууллага” эсвэл “биднийг Майничи, Ройтерс, СNN, бас BBC үндэслэлгүй гүтгэж байна” гэж жүжиг тавьдаг, тэд нар. Үнэхээр гүтгэсэн бол шүүхэд өгчих гэхээр таг чимээгүй болчихдог нь ч үнэн.

            Хүч тэнцвэргүй энэ тэмцэлд нэг талаас golomt.org, түүнийг уншигч, дэмжигч цөөн хэдэн хүмүүс Монголчууддаа үнэн мөнийг хүргэх, цөмийн аюулыг сонордуулах гэж зүтгэж байхад нөгөө талаас хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг гартаа авсан эрх баригчид өргөн фронтоор давшилж байна. Энэ талаар ярьсан хэлсэн бүгдийг элдэв хэл амаар доромжлох, заналхийлэн сүрдүүлэх, нэр хүндийг нь гутаах, мэдээллийг хаах арга хэмжээг эрх баригчид шуурхай авч байгаа. Тэдэнд хандаж хэлэхэд Монгол улсынхаа төлөө гэсэн чин сэтгэлтэй, шударга үнэнийг олон түмэндээ хүргэх гэсэн хүмүүсийг та нар яах юм бэ? Чин сэтгэлийн дуудлагаар, сайн дураараа хийж байгаа болохоор бидэнд алт мөнгө, албан тушаал амлаад ч зогсоохгүй. Монголд байсан бол “Гал Үндэстнийхэн” шиг, Анодын Даваа шиг шалтаглан шоронд хатаах байсан бизээ. Гадаадад суугаа Монголчуудаа та нар яах юм, нөгөө хүч хэрэглэн мансууруулж, хил давуулдаг хуучин аргаа хэрэглэх үү?

             Дашрамд хэлэхэд, Амарлин миний бичсэн нийтлэлийг сонин хэвлэлд гаргаж олон нийтэд хүргэхийг хүссэн, зөвлөсөн сэтгэгдэл олон байдаг. Тэдэнд хандаагүй биш хандсан. Гэвч аль нь ч авч нийтлээгүй гэдгээс чухам хэн нь хэний гар хөл вэ гэдэг уншигчдад ойлгогдох буй заа.  

               Монголчуудаа, та бүхэн мэргэн ухаандаа дахин сайн болгоогтун. Таагүй мэдээ бүхнийг үгүйсгэж, үл итгэсэн, эргэлзсэн байдалтайгаар угтдаг эсвэл босье тэмцье гэсэн уриалга бичээд тайвширдаг идэвх султай энэ араншин биднийг МӨХӨЛ рүү хөтөлж байна. Өвөг дээдэс, эзэн Чингис, хил залгасан хоёр хөрш, бас далайн чанад дахь гуравдагч хөрш, төрийн тэргүүндээ ч найдаад хэрэггүй ! Зөвхөн өөрийн эрүүл саруул ухаан, эргэцүүлэн бодох чадвар, өөрийн эрх ашгийн төлөө тэмцэх хүч чадалд итгэж амьдар.

              Бидэнд БИДНЭЭС өөр туслах хүн ганц ч байхгүй.  

               Өнөөдөр л ТА өөрийнхөө, үр хүүхдийнхээ, бас ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө дуугарахгүй юм бол наадаж цэнгэж явах хойгуур хашаанд чинь цөмийн хаягдлаа булчихсан байх вий дээ. Энэ жилийн баяр наадам явдгаараа яваад дуусч л таараа, харин Монгол улс, Монголчууд ирээдүйд хэдэн удаа наадах вэ гэдэг асуудaл зөвхөн ТАНААС шалтгаална.

              Монголд цөмийн хаягдал булшлахын эсрэг дуу хоолойгоо өргөх чин хүсэлтэй хүмүүсийг Facebook дээр нээсэн Anti Nuclear Movement Mongolia группт нэгдэхийг урьж байна. Бид ард түмнийг хүчирхийлэлд уриалаагүй, харин бид бүхний ирээдүй хойчтой холбоотой энэ чухал асуудлыг шийдвэрлэхэд оролцох эрхээ эдлэхийг хүсч байна.

Амарлин (amarlin06@gmail.com)

http://golomt.org

Жич: Mиний бие олон сарын туршид энэ талаар нарийвчлан судалж бичсэн тул энэ нийтлэлд бичсэн үг бүрийн цаана баримт байгаа гэдгийг хариуцлагатайгаар хэлж чадна. Миний хөтөлдөг голомт.орг дээрх нийтлэлүүдэд эх сурвалжууд нь тодорхой  байгаа. Зөвхөн энэ удаад уншигчдад ойлгомжтой, хялбар дөхөм байдлаар хүргэхийн тулд энд эх сурвалжуудыг дурьдсангүйг болгооно уу.

Advertisements

42 Comments on “Монголчуудыг амар тайван суух хооронд цөмийн хаягдал булшлах болжээ”

  1. Ард says:

    Ард түмнийхээ эрх ашгийг хохироосон Төрийн гэрээ, хэлэлцээрийг хүчингүй болгох эрх Ард түмэнд байдаг. Үүний эхлэл нь уг төрийг татан буулгах үйлдэл юм.

  2. JN says:

    Бүгд хийсэн үйлийнхээ үрийг хуртдэг жамтай..

  3. maku says:

    Та Голомт.орг дээр байгаа мэдээллүүдээ монголын өөр блог порталууд дээр оруулах тухай бодож байсан уу. Миний бодлоор хүмүүст хүрэх хүртээмж нь бага байгаа болохоор хүмүүс төдийлэн тоохгүй байгаа юм шиг ээ.

    • Macu …Ганц нэг газар авч тавьсан байна лээ. Тэр бүгдэд хандаж, хүсэлт гаргаж байгаагүй. Учир нь дусал.нет гэхэд нийтлэлийн чиг хандлагад нөлөөлөхөөр нөхцөл тавьж үзсэн. Эх сурвалжийг дурьдвал бүх нийтлэлийг авч тавих боломжтой.

  4. zochin says:

    энэ талаар олон тумэнд сайтар ойлгуулах хэрэгтэй байна. Миний хувьд Монголд цөмийн хаягдал булшлахийг дээд зэргээр эсэргүүцэж байна. Энэ асуудлын эсрэг эсэргүүцэл хөдөлгөөн зохион байгуулвал оролцоход бэлэн олон залуус байгаа гэдэгт итгэж байна. Зөндөө яриж бичлээ ш дээ.Тодорхой арга хэмжээ авах цаг болсон байгаа юм биш үү!!

  5. Zochin says:

    Тэгээд энэ хумуус уншаад за би өөрийнхөө төлөө ирээдүйнхээ төлөө юм хийе гэж бодвол юу юуг хийсэн дээр вээ. Тэрийг тодорхой бичэж өгвөл. Ямар ч гэсэн эхний ээлжинд энийг хүмүүст тараая. Олон хүмүүст уншуулья.

  6. nano says:

    Монголын гол мөрнүүд дандаа гадагш, хоёр хөрш рүү урсдаг. Хэрэв тэр хогоо манайд хадгалах юм бол оросд сүхдүүлж, хятадад зазуурдуулна даа.
    Японд болсон гамшгаас болж цөмийн эрчим хүчнээс татгалзах аян явж эхлэх болтой. Швейцари бас нэг Европын улс татгалзчихисан ш д. Нар салхины энерги, дээр нь нано технологийн энерги гээд л бөөн бөөн моодны юм гараад л…

  7. eco says:

    Хийсэн хогоо цэвэрлэж чадахгүй байгаа гүрнүүд ямар хөгжил ярина вэ? Анхнаасаа хогтой нь л шийдэх ёстой байсан байхгүй юу даа. Хагас дутуу юм хийчихээд л хийсэн гэж зарлаад л… Болимоор юмаа.

  8. AmonRa says:

    Миний зүгээс хэлэхэд, тэмцэхийг зөв гэж үзэж байна. Гэвч ЯАЖ гэдэг тал дээр асуумаар байна. Сум тавих, аль эсвэл аймшгийн кумпу мэтийн донгио аргаар бол болохгүй. Хууль ёсоор, хуулийн мэдлэгтэй, идэвхтэй иргэдтэй иргэдтэй хамтарч энэ аюулыг холдуулах хэргэтэй байна.

    Ямартай ч таны оруулсан мэдээллийг цааш нь дамжууллаа.

  9. humun says:

    амарлиндаа МАШ их талархаж байна. Энэ их сэтгэл, зүтгэлийн өмнө гурвантай мэхийе! Монголд ураан олборлохыг, атомын цахилгаан станц барих, хаягдал байршуулахыг ЭСЭРГҮҮЦЭХ ёстой. Бид бүхэн МОНГОЛ УЛСЫН ЭЗЭН нь гэдгээ ухаарах учиртай. Ардчилал нэртэй Монголын ард түмэн эрүүл саруул амьдрах боломжгүй болж СҮЙРЛИЙН зүг эрчтэй явж байна. Одоо л хийхгүй бол оройтох нь. Тиймээс бүгдээрээ цаг тохироод СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ЦУГЛАРЦГААЯ. Хэзээ вэ? 9 сарын 1нд? Энэ өдөр Элбэгдорж, Батболд ичихгүй л сургуулиудын баярт оролцож монголын үрс ирээдүй хойч гэж уран донгодно. Тэдний жинхэнэ бодол өөр гэдгийг ойлгуулъя.

    • AmonRa says:

      humun :

      Цуглаад бүх юм сайхан болно гэж бодож байна уу? Дундаас нь хүн амьтан үймүүлбэл яах уу? Тэрийг бодолцсон уу? Хариуцлагтай, бүгдийг хуулийн хүрээнд хийж бэлтгэж хөдлөх хэрэгтэй гэж үзэж байна.

      • humun says:

        тэгвэл өөрөө санлаа хэлэл дээ. Нэг санаа гаргахаар л энэ нь ч болохгүй тэр нь ч болохгүй гэх юм. Эхлээд цуглах цаг товоо тохиръё. Дараа нь зохион байгуулалтаа ярилцаж болно ш дээ. Хуулийн хүрээнд хуулийн хүрээнд л гэх юм. Та нарыг хуулийн хүрээнд, хууль ёсны дагуу мөхлийн зүг явуулж байгааг ухаараачээ. Ураан олборлох цөмийн хаягдал авах хуулиа боловсруулаад байна цаана чинь. Эрх баригчид өөрсдөө өөрсдөө таарсан хуулиа батлаад, тэр хуулийнхаа дагуу ажиллаж байна. Харин бид бүхэн бариж тэмцэх ганц л хууль бий. Тэр бол одоогоор ҮНДСЭН ХУУЛЬ л байна. Үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс цуглаж, жагсах эрхтэй. Энэ хуулийг хааж боосон хууль байвал бүгд хүчингүй.

  10. AmonRa says:

    http://www.care2.com/

    Энэ сайтанд хандалт тавьж, дэлхийн олон нийтийн анхаарал татаж болж байна уу? Англи, герман, япон, орос хэлээр орчуулаад, энэ санаачлагыг дэмждэг Монгол иргэд нэг нэгэндээ дамжуулбал ямар бэ. Бас эх орондоо байгаа иргэдийн гарын үсэг цуглуулан, цөмийн хог оруулахыг хуулиар бүрэн хорих арга хэмжээ хийж болох уу? Ер нь хууль өөрчлөлтөнд хуулийн хүрээнд иргэн хүн хэрхэн нөлөөлж болох бэ гэдэг талаар мэдээлэл авах ямар боломж байна уу?

  11. enkhbat says:

    Үнэн зүйл бичиж, зөв зүйлийн талаар бичиж байгаад дэмждэг шүү.

  12. Gombo says:

    Чулуунбат гэж юм хамаг юм хийгээд хор хутгаад яваа сурагтай тэр муу юм хийсэн юмнынхаа үйлийг үзнэ. Ийм хулгайч нохой шиг юмнуудаас салах цаг болсон

  13. Jpn-s says:

    Энэ муусайн гахайнууд яаж ингэж аашилж чадаж байна. Хамаг баялагаа гадагшина зөөж баяжиж ханаагүйн байхдаа. Одоо бас цөмөөр хөөцөлдөөд. Хөнжилийнхээ хэрээр хөлөө жиимэрсэндээ

  14. AmonRa says:

    би доохон бичсэн байгаа. чамтай хэрүүл хийж, мэтгэлзэж байх цаг зав ч алга.

  15. medku says:

    ёоо лалар гж Монгол улс маань юу болоод бнаа… ёоо хани хамаагуй орнуудын хаягдлыг агуулж бдг агуулах юмуу ямар бугдээрээ яриад бх шиг бодитоор ямар нэг юм хийх хэрэгтэй. Төрийн Ордны гадаа гал тавивал таарна новш гж. Ямар нэг байдлаар бослого гаргах хэрэгтэй… 76 малыг буудаж алхимсннннн ЭХ ОРНОО ХУДАЛДСАН ХОГИЙН ЛАЛРУУД мөнгөний төлөө юуч хийхээс буцахгуй хогийн гарууд ёоо бур хэлэх уг ч олдку бн… дэлхи сөнөнө гэвэл мөнгөө тэврээд ухэж мэдэх л гарууд,, муу хэдэн цаасны төлөө эх орноо худалдах ч гэж дэ…

  16. Иймэрхүү хувиа бодсон нэг орны эрх ашгийн доор эх орноо хогын САВ болгож болохгүй.
    Яахаараа Монголчууд алийн болгон иймэрхүү бүтэлгүй зүйл хийдэг увиагүй нөхдүүдээр төрөө удирдуулсаар байх гэж.
    Энд ямар нэгэн юм хийх хэрэгтэй. Монголд цөмийн хог булах асуудлаар бол эрс эсэргүүцэж байна!!!. Ер нь монголд ураны цахилгааны станц ч хэрэггүй. Эхнээссээ Итали, Герман, Япон өөрсдөө больж татгалзаж байна.
    Монгол шиг газар бол байгаа нүүрсээ хятадруу их хэмжээгээр гаргахын оронд эх орондоо боловсруулаад цахилгаанаа гаргасан нь дээр.
    Монголчууд өөрчлөгдөх цаг ирсэн шүү. Хүчтэй байцгааяаа Монголчуудаа Дор бүрдээ!!!.
    Дээрх асуудлаар бол ХЭЗЭЭ ч зөвшөөрч болохгүй.

  17. crystal says:

    хэлэх ч уг алга даа…төрийн тэргүүнүүд н монгол улсаа сүйруулэхэд гар бие оролцож байдаг… монголчууд энэний эсрэг нэг юм хийх хэрэгтэй…дээрх нөхдүүдийг огцруулах хэрэгтэй…монголоо хордуулж орхичоод өөрсдөө гадаадад гараад хэвтчих санаатай бга юм бга биз….новшнүүд гж…хор уршгийг н мэдэхгүй биш мэдэж л байж таараа, өөрсдөд нь хуртээлгүй гэж бодож бга юм бга биз…

  18. stOP says:

    ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ XXXX-ИЙН ХИЙЖ БАЙГАА ЗУЙЛ БАЙХГУЙ ЮУ, МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛГҮЙ ХАГАС МОНГОЛУУД !!!

  19. MGL-huu says:

    Амарлин танд ийм нэдээлэл тугээж буйд баярлалаа гадаадад суугаа бид бухэн миний эргэн тойрон дахь хүн бүр наад асуудалд маш их эмзэглэж бгаа тул та бухэнтэй нэгдэж ямар нэг бодитой үйл ажилгаа явуулахад бэлэн бн. Мөн бидэнтэй санал нэгтэй хүмүүстэй холбогдох удирдах хүмүүс болон холбоог олох хэрэгтэй бн.

  20. Mongol huu says:

    Ардийн армид монголоо гэсэн генералүүд байгаа бол төрийн эргэлт хийж түмэн олоноо хамгаалаасай. Цөмийн аюулaac өөрөөр хамгаалах арга алга.

  21. bodol says:

    Монголын ард тумний эсэрүүцэлийг илэрхийлсэн албан захидал уйлдэж Америк болон Японы элчин сайдуудад гардуулж өгөх хэрэгтэй. Тэгээд үүнийгээ дэлхийн том мэдээлийн Монгол дох суурин төлөөлөгчдөөр дамжуулж дэлхий дахинд Монголын ард түмэн эсэргүүцэж бгаа гэдгийг тодорхой харуулах хэрэгтэй. Тэгээд Ундраа,туний нөхөр гээд бас бус этгээдүүдийн хийж бгаа нууцаар эх орноо зарж идэж бгаа уйл ажиллагаа илрэх болно.

    Эдгээр орнийхон өөрсөдийгөө хамгалахын тул мэдээж танай эрх мэдэл бухий хумуусийн хусэлтээр явагдаж буй ажил гэж хэлбэл,олон улсын мэдээлийнхний өмнө эдгээр хумуусийн нэр үнэн дор төрх нь илрээд гараад ирнэ.Тэр цагт эдгээр хүмүүсийг хуулийн хариуцлага хулээлгэх цаг ирнэ.Үүнийг яаралтай хийх хэрэгтэй. Японд суугаа бид бугд дэмжиж бна.

  22. bodol says:

    Монголд бгаа хумуус маш итгэхгүй ,мэдлэг мэдээлэл дутаад бгаа юм болуу?янз бурийн хүмүүстэй,ярилцаж үзэхлээр үнэхээр тоосон ч шинжгүй байх ым.Ийм байдалтай байж болно гэж үү??? Чиний хуухдийг чиний гэр бүлийг, чамайг, наад зах нь эмчилж чадахгүй олон төрлийн өвчин(хөрт хавдар,мэдэрлийн эд эсийг үхүүлэх) цаашилаад ухлийн аюул хаалгыг чинь тогших ч үгүй орж ирэх гээд бгааг ойлгож хийж чадах бүхнээ хийхгүй бол бидний цөөхөн монголчууд , цаашлаад монгол орон устах аюултай!!!

  23. Bold says:

    Hi, хүмүүсээ. энэ унэхээр ийм юм болж байгаа бол санаа их зовж байна.
    Цөмөөрөө жагсах хэрэгтэй. Мөн Цөмийн Энергийн Газрын дарга Энхбатыг шоронд хийх
    хэрэгтэй. Монголын цөмийн асуудлыг хариуцдаг цорийн ганц байгууллага бол Цөмийн Энергийн Газар байдаг. Тэр нөхдүүдийн зөвшөөрөлгуйгээр ийм зуйл хийх боломжгуй юм шүү дэ.
    тийм болохоор энэ бухний цаана тэр Энхбат л байга.

  24. Amaraa says:

    тусгаар тогтнолын баталгаа болышд цааш цөмийн бөмбөгтэй болох хэрэгтэй , хужа нарт өгсөнөөс хордуулцан дээрдээ

    • AmonRa says:

      жорлонгоо аятаахан барьж сурсны дараа цөмийн зэвсэг яриарай.

  25. Аюул says:

    Цөмийн аюултай хороос өөр юу ч бид олж чадахгүй. Монголд цөмийн зэвсэгийн аюулыг ойлгодог Хүмүүс олон бий шүү. Хэрвээ Монголын удирдагчид хийсэн гэрээ хэлэлцээрүүдээ ил гаргахгүй бол Төрийн эргэлт хийсэн нь дээр байх. Эрх баригчид зэвсэгээр бүгдийг нухчин дарах аюул байгаа бол Цэрэгийнхэн нэг зүйл бодох байлгүй.

  26. AmonRa says:

    залуучуудад хэрэгтэй байх- би ийм нэг текст бичээд care2-т тавилаа. гэхдээ үүнд аль болгон их гадаад дотоодгүй, гарын үсэг цуглуулж, энэ бусармаг үйлдлийг дэлхийн нийтийн өмнө илчлэх хэрэгтэй. тийм учраас, аль болгон их хүнд дамжуулаад, санал асуулга, гарын үсэг цуглуулалт мэт ажиллагаа явуулбал зүгээр байна.

    —ENGLISH—
    Against Nuclear waste repository in Mongolia

    After the Fukushima disaster japanese Corporations “Toshiba” Corp. are already lobbying their interests with US. Government to deposite tons of nuclear waste in Mongolia.

    Mongolia is one of the last ecologically intact corners of the Earth. But not any longer. The Corporations won’t take its responsibility for it’s own nuclear waste and planning to deposite it in countries as Mongolia.

    We have no other way, as to warn and inform the public. We need help from all over the world. Please send this petition to all of your friends and sign it. After the sugnature goal complete, petition with the sugnatures will be sent to the Mongolian and Japanese Governments.

    This petition is an encouragement for other countries of the world, which face the same danger.

    —GERMAN—
    Gegen die Atomm%uFFFDlllagerung in der Mongolei

    Nach der Fukushima Katastrophe plant die Toshiba Corp. eine Atomendlagerung in der Mongolei und diese wird intensiv von der Regierung der USA lobbiert. Es wurde nicht nach unserer Meinung, der Meinung der Bev%uFFFDlkerung, gefragt- sie nehmen sich einfach das Recht.

    Die Mongolei ist eines der letzten %uFFFDkologisch sauberen Ecken der Welt. Aber nicht mehr lange. Toshiba Corp. will nicht ihre eigene Verantwortung f%uFFFDr das Geschehen %uFFFDbernehmen, sondern l%uFFFDsst andere daf%uFFFDr b%uFFFD%uFFFDen. Das d%uFFFDrfen wir nicht zulassen!
    Bitte sendet die Umfrage an all eure Freunde und Bekannte! Wir bitten daher um eure Unterst%uFFFDtzung, es ist ein verzweifelter Akt – uns Mongolen bleibt keine andere Wahl, als gegen die Machenschaften der Corporation anzusetzen.

    Nach der Erf%uFFFDllung dieser Petition, wird diese an die Regierung der Mongolei und Japan %uFFFDberreicht. Wir haben nicht die Voraussetzung f%uFFFDr die Lagerung des Atomm%uFFFDlls, wir haben nicht die Technologie daf%uFFFDr. Es hei%uFFFDt, es wird irgendwo vergraben.
    Es bleibt uns kein anderer Weg, als an euch zu wenden und die %uFFFDffentlichkeit aufmerksam darauf zu machen.
    Bitte helft uns. Leitet diese Petition weiter an eure Freunde und Bekannte.
    Wenn genug Stimmen abgegeben werden, wird diese an die Mongolische und Japanische Regierung %uFFFDberreicht.

    Diese Petition soll auch eine Ermutigung f%uFFFDr andere L%uFFFDnder sein, die dieselbe Gefahr droht.

  27. akaka says:

    Атомийн хаягдийг МОНГОЛД гэнэ үү
    Амиа хорлое, ундэстнээ устгая гэсэн үг үү?
    Арчаагүйгээ дэлхийд гайхуулах нь дутаж гэнэ!!!

    Цаана чинь дэлхийн энд тэнд хүмүүс инээж шоолж бна
    Цөмийн станц , зэвсгийн эсрэг ихэнх хүмүүс зогсож эхэлж байхад
    Энэ МОНГОЛчууд юу вэ?
    Эх орноо, үр садаа худалдсан тэнэгүүд үү гэж!!!

    Агуулга:Цөмийн станцаас гарсан хаягдалыг цэгцлэх дахин боловсруулах нь маш их аюул эрсдэлийг дагуулж ,энэ хаягдал нь устгах боломжгүй учир өнөөг хүртэл зөвхөн өссөөр байгаа билээ.
    Хэт их аюул эрсдлийн улмаас Америк улсад цөмийн хаягдалыг дахин бололвсруулах,хөлдөөх үйл ажиллагааг ар араас нь зогсоосоор байгаа юм.
    *Жорлонгүй орон сууц * хэмээн нэрлэгдэсэн цөмийн хаягдалын булш нэмэгдсээр л байна
    Энэ аймшигт хаягдалыг үр хойчдоо үлдээх гэж үү?

    2005оны 1сард хэвлэгдсэн ийм ном байдаг юм байна.
    ( Гарчиг:Цөмийн хаягдалыг яанаа? бидний амьдралд тулгараад буй аймшиг)

    Бичсэн :Нишио Бакү

    Энэ номийг уншиж орчуулах санаатай байна.
    Хамтрахыг хүссэн хүн холбоо барина уу?

    Төрийн бузартнууд бидний цөмийн талаарх мэдлэггүйг минь ашиглаж биднийг хуурч мэхлэх гээд байна.
    Тиймээс бид бүхэн хуурч мэхлэгдэхгүйн тулд энэ талаарх мэдлэгээ сайжруулах шаардлагатай бус уу????

  28. ariuna says:

    За монголчууд маань бослого хийх хэрэгтэй юм бна даа

  29. Ireedui says:

    Энэ арай дэнднээ хэдэн ядарсан монголчуудда цөмийн хаягдал үлдээчээд өөрсдөө үр хүүхдээ гадаад гаргаад хэдэн жилийн дараа ул мөргүй алга болно доо муу адгийн шаарнууд.

  30. Lily says:

    арай ч дээ яахаараа заавал мгл-чууд н өөрсдөө өөрсдөдөө гай авчирдаг н бдаг юм бол? цөмийн агуулах ямар аюултайг мэдэхгүй хүн хэн бна? саяхан АНУ, Германд цөмийн хаягдлын агуулах нууж бсан нь илэрсэн. тэр хавьд амьдардаг эмэгтэй нь гомдол мэдүүлээд шүүхдэх гэж бгаа гэсэн бхаа. ямар ч бсан тэр нууц агуулах нь илрээд олны анхаарлын төвд бгаа. угаасаа Фукушимагийн ослоос болоод Германчүүд цөмийн станцуудаа шалгаад хаах нэгийг нь хаах хүсэлтэй бгаа.

  31. BURMAA says:

    Хэзээ ч тийм юм хийлгүүлэхгүй муу хог шааруудаар…юу вэ? юугаач хийж бутээгээгүй байж саранд хуцхаа болиосоо..яадаг цөмийн хог хаягдал хуцаж улина биз…хэрвээ ийм зүйл болвол БИД БОСНО!!! УРЬД УРЬДХАаСА ХҮЧТЭЙ БОЛСО!!1

  32. P says:

    Ягаад ийм хачин, өчүүхэн бодолтой бдаг бн аа? Энгийн хүн ч ойлгоод бгаа энэ аюултай зуйлийг – Эх орондоо хадгалая гэж яаж хэлж чадаж бн аа? Түмэн олон ард иргэдтэйгээ хувааж хэрэглэх ёстой улсынхаа баялгийг зараад, идээд, уугаад, наргиж цэнгээд, гадаад улсад цацаад ханахгүй бн уу? Энэ та нарт багадаад бн уу? Хурэхгүй бн уу тэй? Өнөөдөр цөмийн зэвсгийн хаягдлыг авахгүй л бол Монгол улс сүйрэх гээд бн уу ? Тийм уу? Улс орноо сүйруулж олох мөнгө чинь та нарт тийм чухал бн уу? Мөнгө мөнгө гээд өөрсдийгөө ч бодох чадваргүй болж дээ хөөрхийс. Эх орноо зараад, түмэн олон монгол ахан дүсээ ур удмаар нь мөхөл рүү түлхчихээд, харийн нутагт очоод цагаачлаад сайхан амьдарна гэж санаа юу? Үгүй дээ харамсалтай нь. Чи өөрөө ч, чиний үр удам ч насаараа л цагаач явна. Эргээд очих эх оронгүй болсон хойноо эргүү толгойгоо зүхээд ч энэ цаг хугацаа буцахгуй шүү дээ. Иймхэн зуйлийг нь ойлгохгүй бн уу та нар ? Зарж болно оо эд баялгийг минь, үрж болно оо тэр мөнгөө. Бид тэвчсэн. Гэхдээ бухэл бутэн улс үндэстнээ үхэл руу тулхэж болно гэж уу? Бид тэвчинэ гэж уу? Уучлаарай угуй. Бид тэвчиж чадахгүй нь. Одоо дэндэж бн. Хэтэрхий даварч бн. Ямар ч зүйлд хэмжээ хязгаар гэж бдаг юм. Үүнийг харуулах цаг нь ирж

  33. Mongol says:

    Монголчуудыг амар тайван суулгаxгүйн л дээ:: .. Тэмцэээд байж дээ ард түмэн минь…..

  34. eddy says:

    Энэ асуудалд яаж хандах хэрэгтэй вэ. Яаж өөрсдийн эрх ашгийг хамгаалах вэ. Санаа зовж байна. USA, CA, LA


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s