МОНГОЛ УЛС ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХАД БЭЛЭН ҮҮ?

МОНГОЛ УЛС ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХАД БЭЛЭН ҮҮ?

Бичсэн: Б.Нямбаяр

Сүүлийн хэдэн сарын туршид Монголд цөмийн хаягдал булшлах тухай асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Дийлэнх хүмүүс цөмийн хаягдал хаяхыг тууштай эсэргүүцэж байгаа ч цөмийн хаягдал аюулгүй, говьд булчихаад хэдэн доллар авчихад гэмгүй гэж үздэг хүн ч бас мэр сэр байх. Чухам ямар учраас энэ асуудал ингэж их анхаарал татаад байгааг дэнсэлж үзье.

Цөмийн хаягдлын үндсэн хор хөнөөл нь цацраг идэвхит бодисууд саармагжиж, задарч дуусталаа эргэн тойронд орших хүн мал төдийгүй амьгүй байгаль орчныг цацрагаар хордуулж байдагт оршино. Тэгвэл цацраг идэвхит бодис задарч саармагжтал хэдий хэр хугацаа шаардагддаг тухай  цөмийн мэргэжилтнүүдийн тооцоолсноос сонирхвол: 

Хагас задралын хугацаа гэдэг нь цацраг идэвхит бодисын тал хувь нь задарч дуусах хугацааг хэлэх бөгөөд цөмийн түлшний дийлэнхийг бүрдүүлдэг Уран-234 изотопын хагас задралын хугацаа нь 244500 жил юм. Мөн цөмийн хаягдалд ихээр агуулагддаг Уран-235-ын хагас задралын хугацаа нь 703 сая жил  ажээ (1).

Цөмийн хаягдал нь хүн ба байгальд асар хортoй нөлөө үзүүлж, хорт хавдар, төрөлхийн гажиг удамшлыг бий болгодог төдийгүй аюул хөнөөл нь хэдэн зуун мянга, сая жилдээ буурдаггүй аюултай аж. Тийм ч учраас дэлхийн улс орнууд бусдын битгий хэл өөрийн АЦС-аас ялгарсан хог хаягдлыг хүртэл газар нутагтаа булшлахыг эсэргүүцдэг юм байна.

Ингэж бодохоор ухаант хүний түүхээс 5 дахин их хугацаа буюудор хаяж  250 мянган жилийн туршид  орчин тойрноо хордуулсаар байх цөмийн хаягдлыг Монгол улсад булшлах эсэх нь Монгол үндэстэн цаашид ОРШИХ, ЭС ОРШИХ-той шууд холбоотой асуудал юм. Тиймээс xэрэв өнөө цагийн улстөрчдийн санал болгож байгаагаар эх нутгаа цөмийн хаягдлын булш бунхан болгоё гэж байгаа бол дараах асуудлуудыг зайлшгүй тооцож үзэх шаардлагатай.

1.              ЦАГ ХУГАЦАА

Уран-234 изотопын зөвхөн хагас нь задарч идэвхгүй болохoд 244500 жил хэрэгтэй гэнэ. Харин ухаант хүн (хомо сапиенс) үүссэнээс хойш 50000 жил өнгөрсөн гэж бодоход хүн төрөлхтний түүх цацраг идэвхит бодисын хагас задралын хугацаатай харьцуулашгүй богино ажээ.

 

Монголын анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг ганцхан сарын өмнө бахархалтайгаар тэмдэглэсэн Монголчууд ямар урт хугацааны эрсдлийг хүлээх болж байгааг энэ харьцуулалтаас харж болно. Жар хүрэхтэй үгүйтэй наслаад жамаараа явахаасаа өмнө хорт хавдар тусч шаналах зохицуулалтыг төр засагт байгаа хэдхэн нөхөд таны өмнөөс шийдэж, гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болоод байна. Түүгээр ч зогсохгүй, цөмийн хаягдлыг нутагтаа булшилвал задарч дуустлаа хэдэн зуун мянган жилийн туршид үхлийн хороо чимээгүйхэн түгээсээр байх тэсрэх бөмбөгийг ирээдүй үеийнхэндээ үлдээснээс өөрцгүй. Ингэж цаашид Монгол улс, Монгол үндэстэн байх эсэхийг өнөө цагийн төрийн түшээ хэмээх хэдхэн авилгачдаар шийдүүлэх нь дэндүү харамсалтай.

2.      ГАЗАР ХӨДЛӨЛТ

Үндэсний атлас-д хэвлэгдсэн Монгол улсын газар хөдлөлтийн төвүүдийг харвал Монгол нутаг нийтээрээ идэвхитэй бүсэд оршдогийг бас газар хөдлөлтөнд өртөөгүй аймаг сум байхгүйг амархан мэдэж болно. Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний мэргэжилтэн, газар судлалыг Монголд үүсгэгчдийн нэгД.Мөнхөөгийн дурдсанаар Монгол орны газар нутгийн 75 хувь нь долоон баллаас дээш бүст оршиж байгаа ажээ (2, 3).

Мөн түүний дурдсанаар ХХ зуун буюу ганцхан зуун жилийн дотор манай оронд дэлхийд томд тооцогдох дөрвөн удаагийн газар хөдлөлт болсон ажээ. 1905 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэгт Хул Азаргын нуруунд 8,4 магнитуд буюу бидний ярьж заншсан баллаар бол 11-12 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас 130 километр газар хагарсан. Мөн энэ хөдөлгөөнөөс 14 хоногийн дараа Хан Хөхий ууланд газар хөдөлж 350 километр газар хагарсан. 26 жилийн дараа гурав дахь газар хөдлөлт Монгол Алтайн өвөрт 1931 онд 10-11 баллын хүчтэй газар хөдөлсөн. Мөн л 26 жилийн дараа буюу 1957 оны 12 дугаар сард Говь-Алтайд дөрөв дэх газар хөдлөлт болж 270 километр газар хагарч, Их богд уул босоо 12 метр, хөндлөнгөөр 84 метр суга цохигдсон байсан гэжээ.

Ганцхан зууны дотор ийм хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдэж байсан өндөр идэвхжилтэй нутагт цацраг идэвхит хаягдал булах нь хэр тохиромжтой вэ? Хаягдал авчирч булсан тохиолдолд дор хаяж 200 мянган жилийн хугацаанд аюулгүй хадгалж чадна гэсэн баталгааг хэн өгөх вэ?

3.              УС

ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн судалгаагаар Монгол Улсын усны нөөц, хэрэглээг судалсан дүнгээс харахад:
“Эрс тэс уур амьсгалтай Монгол орон дэлхийн усны нөөц НЭН БАГА гэж тооцогддог 22 орны тоонд ордог, нийт нутгийн 70% нь говь цөл, цөл хээрийн хуурай, хуурайвтар бүс нутагт хамаарагддаг. Монгол орны усны нөөцийн 70% нь гадаргуйн ус, 30% нь газрын доорхи (гүний) ус бөгөөд нийт ус хэрэглээний 80 гаруй хувийг газрын доорхи усны нөөцөөс хангаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн 10 жилд агаарын дундаж температур 2 градусаар нэмэгдэж, хур тунадасны хэмжээ буурч байна” гэжээ (4).

Өдрөөс өдөрт дундарсаар байгаа чандмань эрдэнэ болсон усаа цөмийн хаягдлаар бохирдуулчихвал юу болох бол ???  Ус нь мөнхийн хөдөлгөөнд оршиж байдаг тул аажимдаа гадаргын ба гүний гэх ялгаагүйгээр цөмийн хаягдлаар бохирлогдоно. Хэдэн см зузаан бетоныг төвөггүй нэвтэлдэг цацраг идэвхит бодисоор хордсон усаар ундаалвал таны бие эрхтэнүүдэд хуримтлагдан тун удахгүй хорт хавдар үүснэ. Уухгүй байх сонголт бас бий. Хүн хоолгүйгээр 7 хоног, усгүй 3 хоног амьд байдаг.

4.      ХАДГАЛАХ БАЙГУУЛАМЖ БАРИХ ЗАРДАЛ

Хадгалах байгууламж барихдаа багаар бодоход 100 мянган жилийн туршид байгалийн элдэв гамшгийг тэсвэрлэхүйц байхаар бүтээх шаардлага тавьж хөрс, ус, газар хөдлөлт зэрэг олон хүчин зүйлсийг тооцдог. Дээрх шаардлагын дагуу хийвэл АНУ-ын Невада мужийн ЯККА уулын цөмийн хаягдлын байгууламж гэхэд л 120 тэрбум ам.доллараар босох төсөв гарсан. Харин Монгол улсад хаягдлаа хадгалуулсны оронд 10 тэрбум ам. доллар өгнө гэсэн яриа ил болоод байна (5). Дээрх тоог харахад наймаа гэхээс илүү луйвар болох нь харагдаж байна. Монгол улсын ДНБ-ээс илүү хэмжээний мөнгийг олж ирсэн гавьяатай авилгач түшмэд нь энэ мөнгөнөөс хувиа хүртэнэ. ОХУ эсвэл БНХАУ-ын аль нэгний газар нутгаар дамжиж ирэх тул энэ мөнгөний хэмжээ нь улам дундарна. АЦС барьж өгөх халхавчийн дор цөмийн хаягдал булшилах тул үлдэгдэл мөнгөөр нь АЦС барихад авсан зээлээ төлж чадах болов уу?

Угаасаа байгууламж барьж хүрэхгүй мөнгөнөөс дундын оролцогчид албан ёсны хувиа хүртчихээр байгууламж барьж бүтээнэ гэдэг нь ҮЛГЭР болох бөгөөд зүгээр л газар булаад орхихоос өөр аргагүй. Нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй цацрагийг ард түмэнд зарлаж хэлэхдээ “ХЭМЖЭЭ НЬ ХЭВИЙН БАЙНА” гэж төв царай гарган хэлэхэд л зохицуулж болох асуудал гэж өнөө цагийн улстөрчид бодож байгаа болов уу.

5.              ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА, ХАРИУЦЛАГА АЛДСАНААС ҮҮСЭХ ЭРСДЭЛ

XXI зуунд АНУ террористуудтай дайн хийхээс аргагүй байдалд орно гэдгээ 50 жилийн өмнө огтхон ч тааварлаагүй байсан. Тэгэхээр 200000 жилийн дотор Монгол улсад маань юу эс тохиолдож болох билээ. Дайн тулаан болохгүй гэж сайнаар бодъё гэхэд 20 жилийн дараа 2 террорист эмзэг байгууламжийг маань дэлбэлчихвэл яах вэ?

Хорт нөлөөний хувьд бол осол гамшиг тохиолдвол Чернобыльтой зүйрлэшгүй хохиролтой байх болно. Тухайн үед ЗХУ-г удирдаж байсан М.Горбачев хожим дурсахдаа Чернобылийн гамшгийг арилгахад 500 мянган хүн оролцож, 18 тэрбум рубль (тухайн үед 1 рубль=1 ам.доллар) зарцуулж байсан гэж хэлсэн. 1986 онд болсон осол эдийн засагт хүнд цохилт болсон нь 1990-ээд онд нийгмийн байгуулал солигдож, төр засаг унахад нөлөөлсөн хэмээн дурссан байдаг (6). Гамшгийн хор хохирол 25 жилийн дараа одоо ч үргэлжилсээр байгаа.

2011 оны 8 сарын 2-нд буюу хэдхэн хоногийн өмнө Энэтхэгт 2 хариуцлагагүй ажилтны буруугаас цөмийн хаягдал агуулах байранд осол гарсан талаар мэдээлсэн (7). Анхаарал алдах эрхгүй эмзэг байгууламж + хариуцлагагүй Монгол ажилтнууд гэхээр нэг л тохиромжгүй хослол мэт сонсогдож байгаа биз???

6.              УРТ ХУГАЦААНЫ ТУРШИД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨ

Хүн амын эрүүл мэнд: Өнөөдрийн байдлаар Монгол улс 100 мянган хүнд ногдох хорт хавдраас үүдсэн хүн амын нас баралтаар дэлхийн 192 орноос 2-т бичигдэж байгаа ба элэгний хорт хавдраар нэгд, ходоодны хорт хавдраар хоёрт, улаан хоолойныхоор гуравт хошуучилж  яваа ажээ (8). Угаасаа хүн ам цөөтэйн дээр нэрмээд цөмийн хорт хаягдлаар үр удмаа хордуулж, төрөлхийн гажиг согогтой хүүхдүүд олширвол Монгол улс цаашид орших уу?

Аялал жуулчлал: Онгон зэлүүд байгалийг Монголоос л үзээрэй гэж далласаар арай ядан нэмэгдэж байгаа гадны жуулчидын урсгал шууд зогсоно. Мөнгө төлж цацрагаар хордохыг хүсэх жуулчин байх болов уу???
Экспорт: Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж бидний хэлдэг мах, сүү, үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдсээр байгаа. Удахгүй хэрэгцээгээ бүрэн хангаад экспортлох цаг ирнэ гэдэг нь ч тодорхой. Гэтэл тэр цагт ЦӨМИЙН ХАЯГДАЛ-тай орны бүтээгдэхүүн гэсэн шошготой байвал ямар улс мөнгөө төлж цацрагтай бараа худалдаж авах бол???
Дүрвэгч иргэд: Цөмийн хаягдал булагдаад эхэлвэл чадалтай нэг нь гэр бүлээрээ гадагшаа дүрвээд алга болно. Гэрээ хийсэн авилгач түшмэд маань мэдээж хамгийн эхэнд гараад явчихна. Угаасаа цөөн иргэдтэй улс оронд маань чадалгүй хэсэг нь үлдэж хордоод эхлэхээр сөнөсөн улс болж Монгол гэдэг нэр түүхийн хуудаснаа бичигдэн үлдэх болно. 

Эцэст нь хэлэхэд цөмийн хаягдал булахтай холбоотойгоор бидний зайлшгүй тооцох ёстой хүчин зүйлсээс цөөн хэдийг дурдлаа. Төр засагт байгаа эрх мэдэлтнүүд ард түмнийхээ саналыг ажил хэрэгтээ тусгана гэж найдаж байна. Хэрэв танд нэмж хэлэх санал байгаа бол бичиж үлдээнэ үү.

Цацраг туяа таныг зогсоохоос өмнө,

Tа цацраг туяаг зогсооно уу !!!

Б.Нямбаяр

Эх сурвалж:

1.      Э.Амарлин 2011-04-26-Монголд АТОМ хэрэгтэй юу.Цөмийн хаягдал” цуврал – 2

https://golomt.org/2011/04/26/nukes2/

2.      Д.Мөнхөө: Монгол орны газар нутгийн 75 хувь нь долоон баллаас дээш бүст оршиж байгаа http://dakidd.blog.gogo.mn/read/entry122451

3.       Газар хөдлөл судлалын төв http://rcag.mas.ac.mn/Earthquake/index.php?module=news&cat=&nid=69

4.      ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ЮНЕСКО-гийн Олон улсын Ус зүйн хөтөлбөрhttp://www.natcom-unesco.mn/index.php?option=com_content&task=view&id=72&Itemid=131

5.      Э.Амарлин 2011-07–04–Монголчуудыг амар суух хооронд цөмийн хаягдал булшлах болжээ https://golomt.org/2011/07/02/0702/

6.      “The battle of Chernobyl” баримтат кино 2006 он. http://www.youtube.com/watch?v=yiCXb1Nhd1o

7.      Энэтхэгийн АЦС-д осол болж ажилчид хордов. 2011-08–02

http://www.dawn.com/2011/08/02/minor-accident-in-indian-nuclear-plant-report.html

8.      Дэлхийн улс орнуудын хүн амын эрүүл мэндийг үнэлсэн жагсаалт.  ДЭМБ, Дэлхийн Банк, ЮНЕСКО, ХМТ-ны тоо баримтaнд суурилсан. http://www.worldlifeexpectancy.com/cause-of-death/all-cancers/by-country/

 


22 Comments on “МОНГОЛ УЛС ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХАД БЭЛЭН ҮҮ?”

  1. Huvisgal says:

    Одоо Монголд хувьсгал гарах цаг болсоон хумуус ээ

  2. melkadies says:

    сайхан нийтлэл болжээ.

  3. boldoo says:

    ийм зүйлийг арай зөвшөөрөхгүй блгүй дэ. хэрэв зөвшөөрвөл ард тумэн нь хувьсгал хийнэ шдэ, ойлгомжтой!

  4. ayanga says:

    энэ талаар шийдвэр гаргах түвшний хумуус яагаад ямар нэг тайлбар хийхгуй бна вэ?

    • “Тиймээ, удахгүй хэдэн зуун мянган тонн цөмийн хог булшлах болно” гэж үү? мэдээж ард түмэн үүнийг номхон тайван хүлээж авахгүй.

      “Үгүй, энэ худлаа” гээд хэлчихээр бас баримттай худал ярьсан болчихно, гэтэл сонгууль хаяанд байдаг. Тэгээд л таг дуугуй байж байгаад санаснаа гүйцэлдүүлэх нь дээр гээд үхэн хатан хичээж байна.

  5. bataa says:

    Энэ аюулыг олон хүнд дуулгаж сэрэмжлүүлэн, таслан зогсооё!
    Цацраг туяа таныг зогсоохоос өмнө,
    Бид цацраг туяаг зогсооё!

  6. Arslan says:

    АНУ-ын дэд ерөнхийлөгчийн монголд хийх айлчлал, Цөмийн хаягдал, Атомын цахилгаан станц зэрэг асуудлаар Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ногоон эвсэл, Шударга иргэдийн фронтоос хамтарсан хэвлэлийн бага хуралтай. 2011.8.16 мягмар гаригт 13.00 цагт Ногоон Эвсэлийн хэвлэл мэдээллийн танхимд (Хуримын ордоны байр), АНУ-ын дэд ерөнхийлөгчийн монголд хийх айлчлалын үеэр 2011.8.19-нд бид жагсах болно http://www.facebook.com/arslan195​9

  7. novsh says:

    яанаа энэ улс маань нүдэн дээр сүйрч бна аа бурхан гэж бдаг бол энэ хэдэн 76 ааг алаад өгөөч гэж гуймаар бна

    • Anar says:

      Энэ 76 юу ч бишээ. ард нь том том аймаар хумуус байгаа. Тэдэнтэй нь л цуг алахгүй бол. Монгол Монгол шиг байж чадку. Зүгээр хэдэн тэнэгүүд агуулсан улс.

  8. shuree says:

    эх орон ур удмаа боддог л бол үүний эсрэг тэмцэх ёстой гэж бодож бна. өвөг дээдсээс ямар их хуч хөдөлмөрөөр бидэнд энэ сайхан газар нутгийг улдээлээ монгол хүн л бол үр удам, газар шорооныхоо төлөө энэ хорт хаягдлыг яагаад ч нутагтаа булуулж болохгуй энэ монгол улсын ирээдүйн сайн сайхний төлөө гэж сууж бгаа төрийн эрх баригчдыг бүгдийг нь дахиж сонгохгүй бх хэрэгтэй. Өнөөдөр хэдэн төгрөгтэй болсон ч тэрний уршгаар ур удам нь яаж зовохыг харж чадахгүй л бга юм бхдаа. амьдралыг зөвхөн өөрөөрөө дуусах юм шиг бодож бга энэ хүмүүс Монголын ирээдүйг зөв зам руу залж чадахуу. тийм болхоор Монгол улсын иргэн бүр энэ нутаг газар шорооныхоо төлөө бүгд нэгэн дуугаар тэмцэх ёстой

  9. Mongol huu says:

    Монголд хорт хавдар их байгаа нь бидний хунснээс болж байна. Урд хойд хилээр орж ирэх хунсний бутээгдэхүүнд цацрагийн шинжилгээ авч тодорхой хэмжээнд импортийг хязгаарлах бодлого үгүйлэгдэж байна.
    Эрх баригчдын цөмийн хор булах гээд байгаа нь гэмт хэрэг.

  10. Usukhbayar says:

    Ер нь эх орон Монгол газар нутагтаа харийхны захиалгаар өнгө , мөнгөнд хууртсан энэ улсыг авч явах ёстой хэдэн хүмүүс толгой нь арай л гашлаагуй байгаадаа. Арай ч эх орондоо NUCLEAR хаягдлыг булахгүй байлгүй дээ. Ер н ч энэ 76 -г 1 өдөр ч болов хоолгүй, усгүй, сав түүлгэж, амьдралынхаа төлөө ард иргэд нь яаж зовж бгааг мэдрүүлэх юмсан.
    МОНГОЛ орныг маань бурхан ивээг. Өгүүлэх түүхээрээ баялаг МОНГОЛ орон минь үүрд мандан бадраг.

  11. zochin says:

    Монголчууд аа, ийм гамшгийг нуурлэхээс өмнө нэгдэцгээе! Улс эх орныхоо тусгаар тогтнол, аюулгуй байдлыг хамгаалцгаая.

  12. HMMM says:

    Яг зөв бид нэгдэх ёстой ийм зүйлийг давруулж болохгүй. Монгол улсын төлөө бид эсэргүүцэх хэрэгтэй!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  13. чи эх сурвалжийнхаа нэрийг бас авторыг нь тавьж бай учир нь урт богино хугацааны дараа линк холбоосууд ажиллахгүй үед түүгээр нь чиний бичсэн нийтлэлийн эх сурвалжуудыг нятлан үзэж үнэмших нь чухал байх….

  14. dorjookhuu says:

    Ирэх сонгуульд намуудыг бүү дэмж. ТЭгвэл булхай нь илэрнэ. ХАрин гэрээ хийсэн улсуудыг илэрмэгц эх орноосоо урвасанд тооцож шууд цаазаар аваачаад, гэр бүл үр хүүхдийг нь 9 үеэр нь цээрлүүл. Ингэвэл нэг зогсоно доо

  15. ZAYA says:

    Humuusee mglchuuduudaa yalangyuya OYUTAN zaluusaa!!!! bid ireedyuhe tuluu odoonoos boslog gargaj eserguiteh heregtei bn Yalangyuya zaluu erch huchtei OUYTAN zaluusan ta bugd temtseh heregtei shuudee ! eh ornoo hamgaalaachee gej hashigamrmaar bna ~urialj bn bid ur huuhduudiihee tuluu bosoh heregtei!!! unheer uuniig unshaad heleh ch ug alga shuud hamar sharhirch nuilmas ursaj bna

  16. Anar says:

    Аймаар юмаа. Яаж амьдарна даа гэж байхад. бас Nuclear хаягдал нуучихаад юу бодож амьд явах юм бэ? хэрвээ Nuclear хаягдал нуух юм бол би лав хүүхэд гаргахгуй. Миний үр хүүхэд битгий зовоосой. Миний Монголын зовлон багадаагүй шүү!!!

  17. Anar says:

    Нээрээ бас одоо утаанаас болоод гэр бүл хамаатан саднаараа гадаад руу дүрвэж байгаа эрх мэдэлтнүүд. Энэ юмаа нуувал сансар луу нуух байхоо….

  18. Anar says:

    Монголын улс төрчид 9 эрүү даахгүй байж, 9 үеэ хамгаалж чадахгүй байж. 2500 уедээ юу тохиолдохыг бүр гадарлах ч үгүй. Өнөөдрийн 10 тэрбум доллар юу юм бэ??? тэр чинь 100, 1000 мянгахан жилийн дараа 1 төгрөгний үнэ хүрэхгүй шд.

  19. saraa says:

    Bid oorsdoo songoltoo buruu hiisen uchraas garch bgaa buh muu ur dagawariig bid oorsdoo amsaj bna…


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s