ЦӨМИЙН ХАЯГДЛЫН БИЗНЕС
Posted: 2011/08/25 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Цөмийн хаягдлын бизнес | Tags: Бусад улс оронд суугаа Монголчууд, Ноцтой, Цөмийн тухай бусад бичлэгүүд, Японд суугаа Монголчууд, Японooc 4 CommentsЦӨМИЙН ХАЯГДЛЫН БИЗНЕС буюу
ХӨГЖСӨН УЛС vs ХӨГЖИЖ БУЙ УЛС
Б.Нямбаяр
Цөмийн хаягдал булшлах гэрээний утгыг гадаад хэвлэлүүдэд бичигдсэний дагуу ганцхан өгүүлбэрээр илэрхийлбэл: Японд цугларсан байгаа цөмийн шаарыг Монголд өгч, үүнийхээ төлөөсөнд Монгол улс Японоос 10 тэрбум ам.доллар авах асуудал юм. Энэ гэрээнд АНУ зуучлагчийн байр сууринаас оролцож байгаа. Аливаа наймаа хоёр талдаа харилцан ашигтай явагддаг байтал цөмийн хаягдлын гэрээ нь цөлмөх гэрээ болж таараад байна. Цөмийн хаягдал булшлах асуудалтай холбоотойгоор хөгжсөн болон хөгжиж буй орны байр сууринаас аль алиных нь нүдээр хараад үзье.
ХӨГЖСӨН ОРНУУД-д ураны нөөц байхгүй хэдий ч Монгол мэтийн ядруу улсад дэд бүтэц барих гэх мэт зээл тусламж үзүүлж байгаа нэрийн дор ураныг хямд үнээр авах гэрээ хийчихнэ. Авчирсан уранаа АЦС-даа ашиглаж үр шимийг нь хүртчихээд хаягдлыг нь уран олборлосон улс нь хариуцдаг гэж мэхлээд буцаагаад явуулчихна. 120 тэрбум доллараар босох цөмийн хаягдлын байгууламж барьж 200000 жилийн туршид эрсдэл үүрч байснаас 10 тэрбум доллар Монголд өгөөд цөмийн хаягдлаа чимээгүй атгуулчихвал О.Чулуунбатын хэлдгээр үүн шиг ашигтай бизнес дэлхийд байхгүй.
Тэгвэл ХӨГЖИЖ БУЙ ОРОН буюу Монголд ямар байдал байх бол??? Гадны зээл тусламжаар дэд бүтэц болон АЦС барина. Монголд бүтээн байгуулж буй тэрхүү дэд бүтэц нь уранаа, зэс, нүүрсээ хөгжсөн орнууд руу зөөх хэрэгсэл болохоор төсөл хийхээ тэд мэднэ. Нэг талдаа ачаа тээвэрлэж илүү зардал гаргахгүйгээ хөгжсөн орнууд тооцоолчихсон байдаг тул буцах замдаа цөмийн хаягдалаа ачаад Монголд аваад ирнэ. Цөмийн хаягдал булшлаарай гэж кг тутамд 500 доллар буюу 10 тэрбум доллар өгсөн нь АЦС барьсан зээл тусламжийг төлөхөд зориулагдаад баахан доллар орж ирсэн нэртэйгээр эргээд гараад явчихна. Цаасан дээрхийг харахад яалт ч байхгүй АЦС барьж бүтээсэн, 10 тэрбум доллар орж ирсэн байх болно (Жич: ОХУ эсвэл БНХАУ-ын нутгаар цөмийн хаягдал тээвэрлэсний мөнгө болон гэрээг хийхэд онц чармайлт гаргасан төрийн түшээдэд өгөх авилгалын хувь хэмжээг оруулж тооцсонгүй). Баримтаа хараад, шалгаад байхад яалт ч байхгүй мөнгө орж ирсэн байна. Гэтэл тэрхүү АЦС-ыг нь Японы Тошиба мэтийн өндөр технологийн компани Япондоо үйлдвэрлээд түүнийгээ Монголд ирж угсраад мөнгөө аваад гараад явчихна. Ажлын байр Японд үүснэ. Монгол дахь угсралтын ажлыг ч Япончууд хийнэ. Тэр байтугай Монголд угсралтын ажил хийж байх үедээ ч Монгол тогоочийн хоол идэхгүй гэнэ. Худлаа гэвэл Монголд ажиллаж байгаа гадаадын уул уурхайн компаниудын гал тогоог хэн ажиллуулж байгааг шалгаад үзээрэй, Францууд уригдаж ирсэн байхыг мэдвэл бүү гайхаарай.
Хөгжсөн орон, хөгжиж буй орны улстөрчдийн ялгаа асар их ажээ. Хөгжсөн орнуудын улстөрчид иргэдээ аюулгүй орчинд амьдруулахын төлөө, дотоодын компаниуддаа ажил олж өгөхийн төлөө үнэхээр магтмаар сайн ажиллаж байх юм. Гэтэл Монголын улстөрчид гэж буруу ишилсэн сүх шиг хэдэн нөхөд цөмийн хаягдал хоргүй, аюулгүй, ашигтай бизнес хэмээн ил цагаан зарлаж суух юм. Хэдийгээр цөмийн хаягдал булшлах ГЭРЭЭ ХИЙГЭЭГҮЙ, МЭДЭХГҮЙ, БИДНИЙГ ГҮТГЭЖ БАЙНА гэх мэтээр Монголын улстөрчид тасралтгүй үгүйсгэн гүрийж байгаа боловч цаг хугацаа урсах тусам гэрээний заалтууд улам тодорсоор байгаа нь Япон, АНУ, ОХУ, БНХАУ-ын томоохон хэвлэлүүдээс харагдаж байна. Тухайлбал 2011 оны 3 сарын үед нууц гэрээ хийгдэж байгаа талаар л мэдээ цацагдаж байсан бол 5 сард Японы Гадаад хэргийн дэд сайд энэхүү гэрээнд Японы тал оролцсоныг хүлээн зөвшөөрсөн, удалгүй 7 сард нийт мөнгөний хэмжээ 10 тэрбум ам.доллар болох тухай, гэрээний ноорог бэлэн болсон, 8 сард цацраг идэвхит бодисын 1 кг тутамд 500 ам.доллар өгөх талаар мэдээллүүд ил болоод байна. Тэр бүү хэл гэрээг 9 сард үзэглэнэ гэж гадны хэвлэлүүд мэдээлж байна.
Гадаад хэргийн сайд Такэаки Мацумото Японы парламентийн чуулган дээр хийсэн мэдэгдэлдээ Монгол улсын ОДООГИЙН ХУУЛИЙН ДАГУУ цөмийн хаягдал гадаад улсаас оруулах боломжгүй байна гэж хэлсэн билээ. Энэ үг танд нэг л танил санагдаж байгаа биз??? Оюу толгойн гэрээ хийх ажилтай холбогдуулж УИХ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд тохируулж гэрээг байгуулах даалгавар авч байсан. Гэсэн хэдий ч Монголын засгийн газар байгуулах гэж байгаа гэрээндээ тохируулж хуулиа өөрчлөөд санасандаа хүрч байсан гашуун бөгөөд саяхны жишээг хүн бүр санаж байгаа нь лавтай. Энэ асуудал энгийн иргэдийн түвшинд шийдэгдэхгүй тул улсынхаа төлөө гэсэн сэтгэлтэй улстөрчдийг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Арай ч бүгдээрээ цөмийн бизнес хийгээд явдаггүй байлтай. Ардчилал, ардчилал гээд амиа тавих шахдаг улсын баатар Э.Бат-Үүл хаана явна вэ? Ард түмэн үгүй болчихвол ардчилал хэнд хэрэгтэй вэ?
Монгол улсын Yндсэн Xуульд заагдсан амьд явах эрх ноцтойгоор зөрчигдөхөд тулаад буй цөвүүн цагт улсынхаа ерөнхийлөгчид хандахаас өөр аргагүй байна. Хар тамхины хэрэгт холбогдон БНХАУ-д хоригдож байгаа Монгол улсын иргэн Ж.Дамдины амийг уучлахыг хүсэж Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж захидал илгээсэн нь амжилтанд хүрч ялын зүйл заалт нь өөрчлөгдөхөөр яригдаж байна. Энэ бол буруу хэрэг хийсэн хэдий ч, ганц ч болов Монгол иргэнээ өмгөөлж, хамгаалсан үйлдэл байлаа.
Тэгвэл Монгол үндэстэн нийтээрээ цөмийн аюул, эрсдэлтэй нүүр тулгарч байгаа энэ үед цөмийн бодлогод өөрчлөлт оруулах, иргэний танхимаараа нээлттэй хэлэлцүүлэг хийх болон АЦС бүтээх асуудлаар ард түмний дунд санал асуулга явуулахыг АРД ТҮМНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.Элбэгдоржоос хүсч байна.
Цаазын ялаас татгалзсахыг уриалаад байсан нь Монголын ард түмний эсрэг гэмт хэрэг сэдэгчдийн явууллага байсан хэрэг гэж ??? Онцгой тохиолдолд Ард түмэн дайны цагийн нөхцлөөр Гэмтнүүдийг цээрлүүлж чадахгүй гэж тооцон басамжлах хэрэггүй л байх даа.
Элбэгдорж ийм юм хийх ни юy л бол. Цаадах чинь АНУ-аас эрчим хучний асуудлийг шийдэж өгнө гээд шагнал авчисан. Шагналыхаа хариуг барих гээд үзэж гарна. Элбэгдорж дийлэх уу Монголын ард түмэн дийлэх үү гэдгийг хэлэхэд эрт байна
Улс эx орны үндэсний аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчсөн төрийн ажилтанг цаазаар авдаг xуультай болгое ! Xуулийг ард түмний гарын үсгийг цуглуулж улсын эx xуралд өргөн барья
Тэр цөмийн хаягдал хоргүй гэх ухааны юм яриад байгаа Чулуунбатыг өөрийг нь тийм хаягдалтай газар ганц хонуулах гээд үзэх юмсан, аминдаа хайртай л байж таарах тул тэр чадахгүй ш дээ, мөнгө харахаараа манай энэ хэдэн улс төрч гээд байгаа гарууд нээрээ худлыг үнэн, үнэнийг худал болгож ярих юм даа, манийгаа одоо яах байсан юм бол гэж нэг кинонд гардаг үг л санагдаад байдаг юм даа, хөөрхийс дөө