ОДОО БИШ БОЛ ХЭЗЭЭ?!

 

MT1

Коллеж Стэйшн хотод

 

2014 оны 4 сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд Цөмийн Энергийн Газрын дарга Н. Тэгшбаяр “цэргүүдтэйгээ” АНУ-ын Техас мужийн Коллеж Стэйшн гэдэг хотод “айлчилсан.” Түүнийг дагалдан ЦЭГ-ын Цөмийн Технологийн Газрын дарга Мавагийн Чадраабал, Цөмийн Хяналтын Хэлтсийн дарга Баатарын Батгэрэл, ЦЭГ-ын хуулийн ахлах ажилтан Баттулгын Биндэръя болон Ерөнхий Сайдын зөвлөх, кино зохиолч Альений Арман нар Техас мужийн Атомын Цахилгаан Станцын үйл ажиллагааг үзэж танилцахаар ирсэн юм.

 

Article picture

Техаст айлчилсан ЦЭГ-ынхан

 

Тэднийг урьсан Техасын TAMU (Texas Agricultural & Mechanical University) гэдэг их сургуулийн харъяа Цөмийн Эрчим хүчний Институтын захирал К.Ли Пэддикордыг 2012 онд Обамагийн ажлын албанаас АНУ-ын Цөмийн Хаягдлын Асуудлаарх Зөвлөхөөр томилсон. Tус Зөвлөлийн гишүүд нь АНУ-ын цөмийн хог хаягдaл, нэн ялангуяа асар хор хөнөөлтэй ашигласан цөмийн түлшний хог шаарыг цаашид хэрхэн зохицуулах, хаана хадгалах асуудлыг судалж, зөвлөгөө боловсруулдаг аж. Тэд АНУ болон бусад улс орнуудад өндөр түвшний цөмийн хог хаягдлыг хадгалах боломжтой газар нутгууд болон гүний өрөмдлөгийн цооногт цөмийн хаягдал хадгалах талаар ч судалж үзсэн.

Эх сурвалж: https://golomt.org/2014/04/16/anud/#more-6540

Их сургуулийн багш оюутнууд, ажилчид ихэвчлэн амьдардаг цомхон хотын иргэд эл дөрвөн хоногт нэгэн содон үйл явдлын гэрч болсон нь дээрх айчлалыг тохиолдуулан Монголд уран олборлох, атомын цахилгаан станц барих, цөмийн хаягдал бий болгох, хадгалахыг эсэргүүцэн Голомт-ЦЭХ TББ-аас зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал байлаа.
Тус хөдөлгөөний идэвхитэн Л.Мөнхтөр, МонголБогд нар хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй замууд болох Техасын өргөн чөлөө болон Юнивэрсити драйв замуудын бэлчирт ажил цуглах ба тарах оргил ачаалалтай 8-11цаг, оройн 5-7:30 цагуудад NO URANIUM MINING IN MONGOLIA!, NO NUCLEAR WASTE IN MONGOLIA!, NO NUCLEAR POWER PLANT IN MONGOLIA! гэсэн уриа лоозон барьж зогслоо.

 

Бид Монголынхоо төлөө жагссан.

Бид Монголынхоо төлөө жагссан.

 

Ингэж зогсож байхад сонирхсон оюутнууд, энгийн иргэд ирж уулзан дэлгэрэнгүй мэдээлэл авч, гайхсан, эгдүүцсэн, дэмжсэн, эсэргүүцсэн янз бүрийн сэтгэлийн өнгө аяс илэрхийлж байв. Ногоон гэрэл хүлээх зуураа зарим нь гар утсаараа бичлэг хийж, хоорондоо ярилцан, “Go Mongolia! Good job, bro!”гэлцэн дэмжиж байхад зарим нь “энэ хоёр хаанаас гараад ирэв, тэр Mонголдоол очиж жагсaна биз” гэсэн байртай харах ч байнa. Нарийн учрыг мэдэхгүй тэдний буруу юу байхав.

mt4

 СУРГУУЛЬ ДЭЭР

Техасын Хөдөө Аж Ахуй, Механикийн Их Сургууль (TAMU) дээр 4 сарын 17-ны өглөө очиж Дорноговийн Улаанбадрах суманд болж байгаа онц ноцтой үйл явдал, тухайлбал ураны хайгуул, туршилтын олборлолтоос бохирдсон орчны нөлөөгөөр амьтай, амьгүй төрсөн гажигтай төл мал, нутгийн малчид энэхүү гамшигтай хэрхэн тэмцэж байгааг харуулсан зурагт самбар байрлуулж, сонирхсон хүмүүсийн асуултад тодорхой хариулт өгч, Голомт ЦЭХ ТББ-ын гишүүн Э. Амарлингийн бэлтгэсэн мэдээллийн нугалбарыг тараав. (Hугалбарыг эндээс татаж хэвлээд хаа байгаа газраа тараана уу).

Хүрээлэн буй орчны судлал, механикжуулалтын чиглэлээр сурч байгаа 2 залуу над дээр ирж, эл байдлыг сонсч, зураг үзээд харамсан шогширч, “Бурхны өмнө бид тэгш эрхтэй, хэсэг хүн эрх мэдлээр далайлган бусдын амь, амьдралыг хөсөрдүүлэх ёсгүй. Тэр тусмаа олон нийтийн аюулгүй байдал, байгалиас заяамал амьд явах, эрүүл аж төрөх эрхийг хамгаалан ажиллах учиртай засгийн газар, эрх баригчид хэлж буй үг, хийж байгаа үйлдэлдээ туйлын хариуцлагатай хандаж, иргэдийнхээ үгийг сонсох учиртай!” гээд “Танд бид юугаар туслах вэ?” гэж асуув. Би тэдний чин сэтгэлийн дэмжлэгт хариу талархаад, “Хэрэв та нар төвөгшөөхгүй бол арав арван нугалбар тарааж өгнө үү” гэж хүсэхэд тэд дуртайяа зөвшөөрөв. Харин өөрсдийн зураг хөрөг, нэр усыг ил гаргахгүй байхыг хүссэнийг энд ёсоорболгов.

 

mt5

Техасын Их Сургууль дээр

mt6

ЗОЧИД БУУДАЛ ДЭЭР

H. Тэгшбаяр тэргүүтэй хүмүүсийн буусан Hampton Inn буудлын гадаа бас лоозонгоо барьж зогслоо. Түмний хувь заяаг өөрсдийнх нь хүсэл зоригийг үл харгалзан, харийнхны зараал, үзэгнийхээ үзүүрээр залж байгаа хүн аль ч цагт амар заяа үзэх ёсгүй!

 

mt7

       ЖАГСААЛЫН ЗАРДАЛ, САНХҮҮЖИЛТ,

д\д Хандивлагчид ба эх үүсвэр Хандивын дүн (ам.доллар) Нийт хандив(ам.доллар)
1 Амарлин 100 100
2 МонголБогд 100+1,75      101,75
3 Мөнхтөр 68,03        68,03
Анти Нуклеар Мүүвмэнт бүлгээс 390,17
Нийт хандив                659,95

 

д\д Зардлын утга Зардлын дүн(ам.доллар) Нийт(ам.доллар)
1 Онгоцны зардал 417.87
2 Машины зогсоол, унааны зардал 87,25+1,75
3 Хэвлэл, самбарын материал 3,24+83,56+68,03 154,83
4 Нийт зардал 659,95

Энэ бол зөвхөн шууд гарсан, нүдэнд үзэгдэж, гарт баригдах зардал юм. Мэдээж бодит зардал бол дээрхээс хавьгүй өндөр гарсан нь тодорхой. Тухайлбал, миний хувьд гэхэд л ирэх очихтойгоо нийлээд 5 өдөр ажлаа хийгээгүй. Амарлин амрах цагаа үрэн, нойроо хугаслан хэвлэлийн мэдээ, нугалбарын эх бэлтгэж, МонголБогд шөнө дөлөөр сууж бусад материалыг бэлдэж, унаагаар үйлчилж, ажлынхаа хажуугаар надтай жагсаж, бүхнийг зохион байгуулсан. Монгол эх орон, ард иргэдээ өмөөрч хамгаалах халуун сэтгэл, гүн бат итгэл үнэмшил маань биднийг цаг ямагт тэтгэж, хурцалж байдаг юм. Цаг ирж, нөхцөл бүрдвээс бид өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ, газар шорооныхоо төлөө энэ битгий хэл төлөөсийг өргөж, өөрсдийгөө золиослох л болно. Бас энэ бүхний цаана бидэнд итгэж дэмждэг, хандив өргөдөг хол ойр суугаа хүмүүсийн итгэл сэтгэл, эх орноо гэж эмтрэх элэг, цохилох зүрх бий!

Их гүрнүүдийн эрээгүй шуналыг гүйцэлдүүлэгч, үндэстэн дамнаж, тив алгасан “гуравдагч хөрш, найрсаг түнш, гадаад зөвлөх”-ийн дүрээр залран ирдэг эдийн засгийн алуурчид, шинэ колончлогчдын гар хөл болсон цөмийн лоббичид, тархи угаагчдын амныхаа зоргоор хийсвэрлэн бурж, хилсээр гүжирдэж байгаа шиг бид орос, хятадын гар хөл болж, хөлсөөр жагсдаггүй!

Эх орондоо ч бай, харь холд ч бай, хаа ч гэсэн өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон мөнгөө нийлүүлж, үзэл бодол нэгтэй бусад нөхдийнхөө хандив дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хуурамч хүмүүс мөнгөний төлөө жагсдаг бол эсрэгээр бидний зохион байгуулсан жагсаалд итгэл үнэмшлээрээ ирсэн дэмжигчид маань хандив өргөдөг. Бид эргээд тэр хандивын мөнгөөр хийсэн ажлаа баримт, баталгаатай тайлагнадаг.

Ил тод байх, “шилэн төсөв”-ийн зарчмыг бид жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг.
Монголын засгийн газар, төсөв захиран зарцуулагч нар биднээс үлгэр дууриал аваасай.

 

mt8 mt9 mt10

ТАЛАРХАЛ

Энэхүү ажиллагааг сэдсэн, зохион байгуулсан, гардан гүйцэтгэсэн МонголБогд, Амарлин нар болон, биечлэн оролцоогүй ч байнга сэтгэл санаагаар дэмжиж, хандив өргөдөг хөдөлгөөнийхөө гишүүдэд болон бусад тусалж дэмжсэн хүмүүст чин сэтгэлээсээ тарлархаж байна!

АНХААРУУЛГА


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ийн индэр дээрээс мэдэгдэл хийж, зарлиг уншсанаар цөмийн хаягдал, уран тойрсон аюул арилсан гэж өнөөг хүртэл гэнэхнээр итгэж яваа хүмүүс байгаа доорхихолбоосоор орж “Прагаас Монгол хүрсэн цөмийн хаягдлын санаачилга”, “Хошгируулаад л, хошгироод л байх уу?нийтлэлүүдийг уншина уу.

https://golomt.org/2012/08/09/praguetomgl/

https://golomt.org/2014/01/13/hoshgir/

УРИА, ДУУДЛАГА


Өөрсдийнхөө болоод үр хүүхдийнхээ эрүүл саруул, айх айдасгүй амьдрал, түм буман үеэс өдийг хүртэл үрэгдэх хөрөнгө, үхэх амиа үл хайрлан эцэг дээдэс маань халуун зүрх, хатан зоригоороо хамгаалж бидэнд үлдээсэн монгол газар шорооны төлөө өнөөдөр та бид эрслэн тэмцэх цаг нэгэнт иржээ. Цагийн юмыг цагт нь үл хийвээс хожим амаа барих бүү хэл амиа хорлох ч багадаж, хэрэг нь нэгэнт өнгөрсөн байх вий!
Эрхэм монгол хүн та “-Төр засаг болохгүй байна, бүтэхгүй байна.” гэж гомдоллон цахимарынхаа цаанаас “баатарлах” мөртлөө яагаад цугаараа нэгдээд тэр үгсээ зоригтой дуугарч, тэмцэхгүй байна? Тэмцэж чадахгүй ард түмэн мөхдөг гэдэг.
Яагаад 2,7 сая монголчуудын ядаж ганц хувь 27 мянга нь сэхээрдэггүй юм, яагаад өөрчлөхөөр хөдөлдөггүй юм? Яагаад бид ийм үхээнц болчихсон юм бэ?!
Чингис Хааны үр сад гэж цээжээ дэлддэг, нөгөө эрэлхэг хөвгүүд, охид хаа байна?!

Ард түмэн өөрсдийнхөө хүч чадалд итгэдэггүй нь харамсалтай биш
дэндүү эмгэнэлтэй хэрэг шүү.

mt11mt12

Та хэзээ эх орноо хамгаалах вэ?
Яг одоо биш бол хэзээ?!

 Тайлан мэдээг бэлтгэсэн:

ГОЛОМТ ЦЭХ ТББ-ын гишүүн,
Anti-Nuclear Movement Mongolia хөдөлгөөний идэвхитэн Л.Мөнхтөр

АНУ, Лос Анжелес              2014 оны 4 сарын 22

 


4 Comments on “ОДОО БИШ БОЛ ХЭЗЭЭ?!”

  1. Л. Мөнхтөр, МонголБогд нарт Баярлалаа!

  2. sarnan says:

    юун түрүүнд та бүхний эх оронч агуу сэтгэлд талархж байна…..монголд жагсаал цуглаан болоход хөгшчүүд л байдаг….монгол залуус минь хаана байгаад, юу хийгээд байгааг мэдэхгүй юм…..оюутнууд зөвхөн, мөнгө карт мэтхний төлөө жагсана….иймэрхүү зүйл ярьсан бичсэн нэгнээ..зүгээр урдах амьдралаа хичээ хэмээн тавлана……залуусыг сэрээх хэрэгтэй байна…..монголын төлөөх бүх зөв үйлдлийг дэмжинэ……та бүхэнд маш их баярлаж байна…амжилт хүсье…….зүрх сэтгэлээрээ дэмжиж, хамт эсэргүүцэлээ илэрхийлэхэд дуртайяа оролцох болно

  3. Nomiko says:

    Үнэхээр мундаг юм аа! Та бүхний санаачлага, ажлыг чин сэтгэлээсээ дэмжиж байна. Цөмийн эсрэг үзэлтэй хүмүүсийн хүрээ улам өргөжин тэлж, Монголын ирээдүй цөмийн циклээс холуур байх болтугай.

  4. Tungaa says:

    Сайн байна. Танай байгууллагын үйл ажиллагааг дэмжиж байна. Ийм эх оронч залуус олон байгаасай. Ийм нээлттэй ил тод байгаа чинь сайн хэрэг. Хүмүүсийн итгэлийг улам их олж, дэмжиж туслах, оролцох сэтгэл маш их төрүүлэх байх гэж найдаж байна. Цөмийн ашиглалт, олборлолтыг эсэргүүцэцгээе. Хөгжилтэй их гүрнүүд бүгд цөмийн эрчим хүчнээс татгалзаж байхад манай хэдэн сайхан гарууд одоо л цөмийн эрчим хүч ашиглаж, уран зарж, түүнийхээ хаягдлыг буцааж булшилж, хөгжих юм гэнэ. Үүний цаана их мөнгөний үнэр үнэртсэн биз. Мөнгөний төлөө эх орон үр хүүхэд бүр өөрийгөө ч бодохоо больж дээ…


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s