Буурай үндэстнүүд уран олборлолт, цөмийн хаягдлыг эсэргүүцэж байна

aborigins

2013 оны 10 сард Монголчууд Францын засгийн газар, Арева корпорацитай гэрээ хэлэлцээр байгуулснаар Монгол улс уранaa олборлож, цаашид шар нунтаг хэлбэрээр экспортлохоор тохиролцоод байна. Уран олборлож баяжуулахдаа нэг хувь ч хүрэхгүй хэсгийг нь шар нунтаг болгон ялгаж АЦС-д ашигладаг бол үлдсэн хэсэг буюу 99,9 хувь нь хог хаягдал болж гэмгүй иргэдийг хордуулдаг.

Дэлхий дахинд уран олборлосон түүхээс үзэхэд хамгийн ядуу буурай, мэдлэг боловсрол тааруу, эрхээ хамгаалах чадвар сул, эсэргүүцэн тэмцэх дуу хоолой нь сул, олон нийтээс тусгаарлагдсан эсвэл бусдын дарамт нөлөөнд амьдардаг ард иргэдийн нутаг дээр уран олборлож иржээ. АНУ-ын Навахо омгийн индианчууд, Канадад Дэнээ омгийн индианчууд, Австралийн аборигенчууд, Өвөрмонголчууд, Намиб, Конго, Танзани, Нигерийн ядуус гээд бодоод үзээрэй. Их гүрнүүд тэдний газар нутаг дээр нь хамгийн хямд, хамгийн аюултай аргаар уран олборлож, нөхөн сэргээлтийг хайш яйшхан хийгээд эсвэл огт хийлгүйгээр хэдэн зуун мянган жилийн настай цацрагт хог хаягдлаа ил задгай хаяж ирсэн.

Саяхны олон улсын мэдээнд Австралийн аборигенууд, Канадын индианчууд хүртэл уран олборлолт, цацраг идэвхит хог хаягдлыг эсэргүүцэн тэмцэж байгаа тухай мэдээ гарчээ. Харин Монголчууд л уран хортойд итгэж ядан, бэртэгчин зангаараа Улаанбадрахынхны зовлонгоор доог тохуу хийж суух гэж…  Монголчууд минь, ядаж 84 настай абориген эмээгийн түвшинд сэтгээч дээ…

Э. Амарлин

http://golomt.org

 

 *** **** ***

Цөмийн хаягдал булшлахыг эсэргүүцсэн Австралийн абориген буурай шүүх хуралд оролцжээ

2014 оны 06 сарын 09. Эцэг өвгөдийнх нь ариун голомт болсон нутагт нь цацраг идэвхит хог хаягдал булшилвал машин дор орж үхнэ хэмээн Төв Австралийн нутгийн уугуул иргэн (абориген) өндөр настан сүрдүүлжээ.

Өнгөрсөн Даваа гаригт Хойт Нутгийн Тенант Крийкээс өмнө зүгт 120 км зайд оршдог Мукату тосгонд Австрали улсын шүүхээс тусгай шүүх хурал зохион байгуулжээ. Тус хурлын үеэр тус нутгийн уугуул эздийн нэг болох Милваи омгийн Банни Нaбарула гэдэг 84 настай эмэгтэйн мэдүүлгийг сонсчээ.

Нгапа овгийн Лаудер гэр бүлийнхэн эндэхийн газар нутаг дээр цацрагт хог хаягдлын булш байгуулахаар Хойт Нутгийн Зөвлөлийн хамт санал оруулж, өөрсдийгөө газар эзэмшигч хэмээн хуурамчаар мэдүүлсэн гэж тус нутагт оршин суудаг 4 овгийнхон гомдол гаргажээ.

2007 онд Хойт Нутгийн Зөвлөлөөс энэ газарт цацрагт хаягдлын булш байгуулахаар Австралийн төр засагт санал оруулж хариуд нь буяны сандаа зориулан 9 сая доллар, нутгийн уугуул иргэдийн газар нутаг дээр зам тавихад 2 сая доллар, мөн 5 жилийн хугацаанд тэтгэлэг олгоход 1 сая доллар тус тус авсан ажээ.

Нутгийн уугуул иргэдийн цөөн хэдэн гэр бүлд 200 мянган долларын төлбөр төлсөн ч Набарула гуай тэр мөнгийг “бохир мөнгө” хэмээн нэрлэж, авахаас татгалзсан байна.

Тэрбээр шүүх хурал дээр энэ газар нутгийн анхлан эзэмшигч нь Милваи омгийнхон бөгөөд Нгапа хэлтэй омгийнхон түр буудаллан өнгөрдөг байсан хэмээн мэдүүлжээ. “Хэрэв энд цөмийн хаягдлын булш барьвал би галзуурна,” гэж буурай босч зогсоод хашгирсан байна.

Би гэр бүлийнхнийхээ хамт … Бид замыг хаана, тэр ачааны машинууд бидний дээгүүр дайраад гарвал ч гараг.”

Буурай төрсөн нутагт нь цөмийн булш байгуулахыг зөвшөөрсөн гэдгийг сонсоход ч маш хэцүү байна гэсэн бөгөөд түүнийг ятгаж байж суудалд нь суулгасан байна.

Тэр [цацрагт хаягдлын] булш бүх зүйлийг устгаж үгүй хийнэ,” гэж буурай хэлжээ.

Шүүгч Антони Норт цөмийн хаягдлын байгууламж барихыг эсэргүүцэгчид нь чухамдаа байгууламж барихыг эсэргүүцэж байгаа юу эсвэл гэрээний нөхцөлд сэтгэл ханамжгүй байгаа юу гэдгийг тодруулахад Набарула эмгэн “цөмийн хаягдлын байгууламжийг Австралийн газар шороон дээр хаана ч барихыг зөвшөөрөхгүй” гэжээ.

Харин Хойт Нутгийн Зөвлөлийг төлөөлж оролцсон Том Кийли “Набарула Хойт Нутгийн Зөвлөлийн эсрэг маш их гомдол эрлээ…Юу ч хийгээд тэдний сэтгэлд хүрдэггүй” гэж ярьжээ.

Цааш нь Том Кийли “Набарула юу барихыг нь ч сонсоогүй байхдаа л эсэргүүцэж эхэлсэн” бас “Набарула өөрийгөө бусдаас илүү удам угсаатай, Лаудерийн гэр бүлийнхнээс илүү гэж үдэг болохоор тэдний газрыг булааж байгаа” гэх мэтчилэн ярьжээ. Мөн цацрагт хог хаягдлын булш барих санал 2007 онд гарч байсан тэгэхэд Милваи омгийнхон энэ газрыг өмчилж байгаагүй гэж хэлсэнийг нь Набарула эсэргүүцсэн юм.

Бидний соёл, өв уламжлал бидний зүрх сэтгэлийн гүнд үүрд хадаастай байдаг юм даа” гэж Набарула хэлжээ.

Шүүх хурал үргэлжилж байна.

 

Эх сурвалж: Английн өдөр тутмын The Guardian сонин (9 сая уншигчтай)

http://www.theguardian.com/world/2014/jun/09/indigenous-elder-speaks-out-nuclear-waste-dump-trial

 

 

*** **** ***

Канадын индианчууд нутагт нь уран олборлоxыг эсэргүүцлээ

2014 оны 6 сарын 6. Квебек мужийн Мистиссини сумын Ийю Ицээ гэдэг газар ураны уурхай байгуулах асуудлаар орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонсох хурал болжээ. Тус хурлыг Канадын Байгаль орчны асуудлаар олон нийтийн санал хураах агентлаг ( Bureau d’audiences publiques sur l’environnement буюу BAPE) болон Жэймсийн Хойгийн Байгаль орчны асуудал эрхэлсэн Зөвлөлөөс (the James Bay Advisory Committee on the Environment буюу JBACE) гэдэг байгууллагууд зохион байгуулсан байна.

Хурлын үеэр Чисабиси, Мистиссини, Чибугаму орчмын Крий омгийн индиан иргэд болон омгийн удирдагчид олноор хүрэлцэн ирж, өөрсдийн амьдран суудаг газар нутаг дээр ураны хайгууль олборлолт хийж болзошгүй байгаад онц ихээр түгшиж буйгаа илэрхийлжээ.

“Чисабиси, Мистиссини, Чибугаму нутгийн Крий индианчууд үзэл бодлоо маш ойлгомжтой, эрч хүчтэйгээр илэрхийлж, уран олборлолтыг эсэргүүцэж байгаа учир шалтгаан, үндэслэлүүдээ тодорхой тайлбарласан. Тэд Ийю Ицээ нутагт оршин суудаг нийт иргэдийн дуу хоолой болж чадсан гэдэгт эргэлзэх зүйлгүй. Крий индианчуудын газар нутаг дээр уран олборлохыг бид бүх нийтээрээ нэгдэн эсэргүүцэж байна” гэж Крий омгийн их удирдагч Матью Куун Кам хэлжээ.

Квебек мужид хэрэгжсэн Стратеко Рэсүрсиз Матуш Прожект гэдэг хамгийн сүүлийн үеийн ураны хайгуулын төсөл Мистиссинигээс 125 км зайд оршдог нь нутгийн ардын ан агнуурын уламжлалт газар нутагт байрлаж байсан. Гэвч Мистиссини нутгийн Крий индианчууд нь омгийн Удирдах Зөвлөл болон бусад Крий индианчуудын бүлгүүдийн дэмжлэгтэйгээр уран олборлолтыг хүчтэй эсэргүүцсэний улмаас 2013 оны 11 сард Квебек мужийн захиргаанаас тус төслийг зогсоох шийдвэр гаргасан юм.

Мистиссинигийн Крий индианчуудын удирдагч Ричард Шесапио “Крий индианчуудын аж амьдрал, амьжиргааны үндэс нь онгон дагшин байгаль, эрүүл ан амьтан, цэвэр өвс ургамал юм. Тиймээс газар нутгаа чандлан харж хамгаалах нь бидний эрхэм үүрэг. Газар нутгийнхаа үр шимийг хүртэж эрх чөлөөтэй амьдрах нь индианчуудын соёл иргэншлийн тулгын чулуу, үндэс суурь мөн. Энэ эрх чөлөөгөө ирээдүй хойч үеийнхэндээ өвлүүлэх нь омог үндэстэн бидний нэн тэргүүний зорилго” гэж ярив.
“Крий индианчуудын амьдардаг Ийю Ицээ нутаг нь байгалийн асар их баялагтайг бид ойлгож, хариуцлагатай уул уурхайн төслүүдэд хамтрах хүсэлтэйгээ удаа дараа илэрхийлж байсан” гэж их удирдагч Куун Кам тэмдэглэв. “Гэхдээ уран бол энэ бүхнээс тусдаа асуудал. Уран олборлолтын хор хөнөөл нь байгаль орчин, Крий омгийнхны эрүүл мэнд, соёл иргэншилд ноцтой аюул учруулна. Хор уршиг нь зөвхөн өнөөгийн Крий индианчуудаар зогсохгүй бидний ур удмыг ч хордуулах аюултай. Манай мужийн иргэд ураны хор хөнөөлийн талаарх бодит баримтуудыг олж мэдсэн цагт Квебек мужийнхан тэр даяарaa уран олборлохыг эсэргүүцэн бидэнтэй нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж тэрбээр хэлжээ.

Эх сурвалж: Крий Индианчуудын Их Зөвлөл
http://www.digitaljournal.com/pr/1969312



Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s