УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны гишүүдэд хүргэх ил захидал

gadaadbodlogyn

*Хувийг УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны даргад гардуулсан.

** Файлаар эндээс татах ((pdf-ийн зураг дээр дарна уу)  PDF

2014-02-19

УИХ-ын гишүүн таны энэ өдрийн амрыг эрье.

Өнгөрсөн оны 10 сард Францын засгийн газар, Арева корпорацитай гэрээ хэлэлцээр байгуулснаар өнөөдөр Монгол улс уранaa олборлож, цаашид шар нунтаг хэлбэрээр экспортлоход ойрхон очлоо. Цөмийн Энергийн Газрынхан болон Аревагийн зардлаар гадаадад аялж, цалин тэтгэлэг авсан ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг бүлэг хүмүүс  уран олборлож экспорлохыг хөгжлийн тулгуур ганц гарц, Арева бол хөгжингүй орны тэргүүний технологитой компани хэмээн магтан дуулж, хамаг бузар булхайг нь нуун далдалж байна. Чухам унэндээ Арева корпораци олон улсад ямар нэр хүндтэй вэ, бусад орнуудад уран олборлосон түүх нь юу билээ? Урaныг хүхрийн хүчлээр уусгах технологи аюулгүй билүү? Уран олборлолт ашигтай юу, үр дагавар нь юу билээ? зэрэг олон асуултад хариулт өгөх бодитой, үнэн зөв мэдээлэл дутагдаж байна.

Уран олборлож баяжуулахдаа нэг хувь ч хүрэхгүй хэсгийг нь шар нунтаг болгон ялгаж АЦС-д ашигладаг бол үлдсэн хэсэг буюу 99,9 хувь нь хог хаягдал болж гэмгүй иргэдийг хордуулдаг. Дэлхий дахинд уран олборлосон түүхээс үзэхэд хамгийн ядуу дорой, мэдлэг боловсрол тааруу, эрхээ хамгаалах чадваргүй, дэлхийд түгээх дуу хоолой нь сул, олон нийтээс тусгаарлагдсан эсвэл бусдын дарамт нөлөөнд амьдардаг ард иргэдийн нутаг дээр уран олборлож иржээ. АНУ-ын Навахо омгийн индианчууд, Канадад Дэнээ омгийн индианчууд, Австралийн аборигенчууд, Өвөрмонголчууд, Намиб, Конго, Танзани, Нигерийн ядуус гээд бодоод үзээрэй. Чухам тэдний газар нутаг дээр нь хамгийн хямд аргаар уран олборлож, нөхөн сэргээлтийг хайш яйшхан хийгээд эсвэл огт хийлгүйгээр хэдэн зуун мянган жилийн настай цацрагт хог хаягдлаа ил задгай хаядаг. Учир нь тэдгээр ард иргэдийг өмөөрч өмгөөлөх хүн байдаггүй, тэдний дуу хоолой дэлхий нийтэд хүрдэггүй, сонсогддоггүй.

Эрхэм гишүүд та бүгдийн мэргэн шийдвэрээс Монгол улсын орших эс орших шалтгаална. “Өндөр хөгжилтэй орны уул уурхайн компани” гэдэг гоёмсог нэрэнд хууртаж Монголчууд бид газар шороо,  нутаг орноо тэдэнд итгэж өгвөөс дээр дурдсан үндэстэн ястануудын гашуун түүхийг давтах эрсдэлтэй. Иймд таны мэргэн ухаанд итгэж, гэгээн оюунд тан тус нэмэр болох болов уу гэж их найдвар тавин Голомт-Цөмийн Эсрэг Xөдөлгөөнөөс товч баримтуудыг эх сурвалжийн хамт бэлтгэснийг анхаарч уншихыг хичээнгүйлэн хүсье.

Хүндэтгэсэн,

Голомт—ЦЭX

http://golomt.org

БАРИМТУУД

АРЕВА ДЭЛХИЙ ДАХИНАА

1. Францын төрийн өмчийн Арева корпораци нь манай гаригийн улс дамнасан хамгийн том цөмийн корпорациудын нэг. Аревагийн хувьцааны 80 хувийг  Францын төр эзэмшдэг. Франц улс ураныхаа хэрэгцээний 3/4- ыг хуучин колони улс болох Нигерийн уранаар хангаж ирсэн.

2. Арева корпораци нь Африкийн Нигер улсад сүүлчийн 50 жилийн туршид уран олборлосны улмааc Нигер улс өнөөдөр 50 сая цацрагтай үлдсэн[1]. Ил хаясан цацрагт хаягдлын тоос шороо бужигнаж, Нигерийн байгаль орчин, гол ус, ард иргэдийг хордуулж байдаг.

Тухайлбал, Грийнпийс олон улсын байгууллагаас гаргасан “Тоосон дунд үлдэгсэд”[2] нэртэй судалгааны тайланд  Нигерийн ураны уурхай орчимд гадаргуун болон гүний ус, агаар хөрс хорт цацрагт бохирдож, цацрагийн түвшин ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс 10-110 дахин өндөр байcан тухай бичжээ. Ураны уурхай орчмын нутгийн хүн амын дунд  амьсгалын замын өвчнөөс үүдсэн нас баралт 16 хувь хүрсэн нь улсын дундаж 8.5 хувиас даруй 2 дахин их байхад Арлит тосгоныхон энэ талаар огт мэдээлэлгүй байна.

3. Давосын Дэлхийн Эдийн Засгийн Форумаас олгодог  “Түмний Нүд” (The Public Eye) гэдэг гутамшигт  шагналыг 2008 онд Арева корпораци 2 номинациар (Global, People) хүртсэн[3]. Учир нь ураны уурхайд ажилласны улмаас хорт хавдар туссан Нигер уурхайчдаа ДОХ, сүрьеэ туссан гэх хуурамч онош тавиулж, эрүүл мэндийн нөхөн төлбөр төлөхөөс зайлсхийж байсан Арева корпорацийн олон жилийн ужгирсан заль мэх илчлэгдсэн юм.

4. Арева корпораци нь Нигерт 50 жилийн туршид үйл ажиллагаа явуулахдаа мянга мянган Нигер ажилчдыг хамгаалалтын хувцасгүйгээр аюулгүйн дүрэм зөрчин байж ажилуулж ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Арева корпораци уурхайд ажиллаж байсан ГАНЦ ч Нигер хүн мэргэжлийн өвчин туссан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Тухайлбал, 90-ээд онд тэтгэвэрт гарсан Нигер уурхайчид гэхэд 2-хон жилийн дотор бүгд нас барсан баримт бий[4].

5. Арева корпораци Нигерт уран олборлоод 50 жил өнгөрөхөд Нигер улс манай гаригийн хамгийн ядуу улсын нэг хэвээр үлдсэн. Xарин Арева дэлхийн хамгийн том компаниудын нэг болсoн. Нигерийн ард иргэдийн  60 хувь өдөрт нэг доллар хүрэхгүй  орлогоор амь зуудаг[5]. Ураны уурхай орчмын тосгод нь, уурхайчид нь, улс нь ч туйлын ядуу. Францын ураны 3/4-ыг хангадаг Нигер уурхайчдын тосгод өнөөдрийг хүртэл гэрэл цахилгаангүй, тас харанхуй хэвээр.

6. 2010 онд Нигер улсын экспортын 70.8 хувийг ураны экспорт эзэлж байсан атлаа ДНБ-ний дөнгөж 5.8 хувийг бүрдүүлж байжээ. Учир нь Арева корпораци Нигерийн засгийн газартай татварын асар их хөнгөлөлт эдлэх гэрээ байгуулсан байдаг. Гэтэл зөвхөн 2013 оны 3-р улиралд гэхэд Аревагийн олсон нийт орлого нь 6.8 тэрбум евро хүрсэн нь Нигер улсын жилийн төсвийг 2 дахин нугалсантай тэнцэх мөнгө юм [5].

7. Нигер улсын Ареватай байгуулсан гэрээ 2013 оны сүүлчээр дуусгавар болсон ба ард иргэд, Нигерийн төр засгааc ураныxaa татварыг нэмэгдүүлэхээр Ареваг шаxаж байгаа тул өдийг хүртэл талууд тохиролцоонд хүрч чадахгүй байна[6]. Арева корпорацийн зүгээс ураны үнэ дэлхийн зах зээл дээр унасан тул өндөр татвар төлөх боломжгүй гэсэн тайлбар өгдөг.

8. 2013 оны эхээр террористуудтай тэмцэх нэрэн дор Францын цэргүүд алт, уран, газрын тосны арвин их баялагтай Африкийн Мали улс руу цөмрөн орсон. Улмаар Нигер дэх Аревагийн ураны уурхайг хамгаалах нэрийдлээр түүний хөрш зэргэлдээ Нигер улс руу ч Францын цэргүүд нэвтэрсэн.

АРЕВА МОНГОЛД:

1.Дорноговийн Улаанбадрах суманд Арева корпораци 1990-ээд оноос хайгуул хийж, туршилтын журмаар газар дор ураныг хүхрийн хүчлээр уусгаж 2700 кг уран олборлосон.

2. Арева нутгийн иргэдийг ажиллуулахдаа хөдөлмөр хамгаалалт, аюулгүй байдлын талаар мэдээлэл өгдөггүй, хамгаалалтгүй ажиллуулдаг баримтууд бий. Улмаар Аревад ажиллаж байсан нутгийн залуусын үс унаж халцарсан тохиолдол гарсан.

3. Аревагийн олборлoлтын  талбайн ойролцоо болон салхин дор нь амьдардаг Дорноговийн ард иргэд амсьгалын замын өвчин тусах, элэгний үйл ажиллагаанд нь өөрчлөлт орох, биеэр нь юм туурч загатнах зэрэг хордлогын шинж тэмдэг илэрч байгаа. Орон нутгийн эмч нар биеэр нь юм туурcaн малчдыг үзээд “удамшлын хамуу” гэсэн шинэ онош тавьсан.

4. Улаанбадрах сумaнд мал сүрэг гэнэт хоргодох, төл мал нь гажиг согогтой төрөх, малын нүдэнд цагаа унах, малын дотор эрхтэнд, нэн ялангуяа элэг болон уушгинд хар цагаан толбо үүсч, хавдаж хавагнаx, уйланхай ургаx, өнгөр тогтсон байх шинж тэмдэг илэрч байгаа нь цацрагийн, тухайлбал, цацраг идэвхит радоны хордлогын сонгодог шинж тэмдэгтэй таарч байна.[7]

5. Улаанбадрах сумын малын цусанд хийсэн лабораторийн шинжилгээгээр цусны улаан бөөм цөөрч, цагаан бөөм ихэссэн нь нотлогдсон[8]. Энэ нь цацрагаас үүсдэг лейкемия өвчний шинж тэмдэг. Цацрагийн хордлогоос үүддэг хамгийн түгээмэл хорт хавдар нь лейкемия буюу цусны хорт хавдар гэдгийг олон улсын судлаач эрдэмтэд нотолсон байдаг[9].  Дорнод, Дорноговь аймгууд хавдрын өвчлөл, ялангуяа хүүхдийн цусны хавдaрын өвчлөлөөр улсдаа тэргүүлж байгааг эрхэм гишүүд анхаарах хэрэгтэй.

6.  Ерөнхий Сайдын томилсон Монголын цөмийн салбарын хамгийн шилдэг мэргэжилтнүүд улсын тэргүүний лабораторийн хүчин чадлыг дайчилж ажиллаад ч Улаанбадрахад мал хорогдсон учир шалтгааныг тогтоож чадаагүй. Гадаадын лабораторид дээжис явуулж шинжлүүлэх тухай яригдаж байсан ч бүтэн жил өнгөрөхөд энэ талаар хийгдсэн зүйл алга. Энэ бүхэн нь Монгол улсын цөмийн мэргэжилтнүүд, лабораторийн чадавхи ямар түвшинд байгаа, Засгийн газрын хариуцлага хүлээх түвшин ямар буйг илчилж байна.

7.  Ерөнхий сайдын томилсон ажлын хэсгээс Улаанбадрах суманд зэс, селенийн хэмжээ өндөр байна гэж мэдэгдсэн ч эл үзэгдлийг тайлбарлаж чадаагүй. Тэгвэл Дулаан  Уул, Зөөвч-Овоогийн ураны ордууд нь  Roll Front гэх ангилалд багтдаг бөгөөд ийм ордны ураны хүдэр нь өөртөө cелен, зэс  зэрэг дагавар элементүүдийг агуулдгаараа онцлог ажээ. Roll Front ангиллалын ордуудын эрдсийн бүтцийг доорхи зураг дээрээс дэлгэрүүлж үзнэ үү.

pic3

АНУ-ын Техас  мужид төстэй уурхайд газар дор уусган баяжуулах аргаар уран олборлосны дараа усанд селенийн хэмжээ эрс нэмэгдсэн тухай судалгаа байдаг[10]. Иймд Улаанбадрахад селени, зэсийн хэмжээ хэт өндөр байгаа нь уран олборлолтоос шалтгаалсан гэж тайлбарлах бүрэн үндэстэй юм.  АНУ-ын Нью Мексико мужид Crownpoint Uranium Solution Mining компани ураныг газрын доор уусган баяжуулж олборлох явцад гүний ус cеленээр хордож анx 0.01 мг/л байснаа 4.6 хүрсэн бөгөөд асар их хөрөнгө мөнгө зарцуулж байж 0.006 мг/л болгосон тухай баримт байна[11].

Харин Монгол улсад уран олборлосны улмаас гүний болон гадаргууны ус, хөрс, агаарын бохирдолтыг хянах, бохирдсон нөхцөлд цэвэрлэх, нөхөн сэргээх эрх зүйн болоод технологийн дүрэм журам, стандартууд дутагдаж байна. Нэн ялангуяа ураны уурхайг ашиглаж дууссаны дараа цацраг идэвхитэй уурхайн хаалтын журам стандарт байхгүй тул хожим учирч болзошгүй гарз хохирлыг хариуцах эзэн алга [14].

Энэ тухай дэлгэрэнгүйг Ураниум Нетворк олон улсын байгууллагаас гаргасан, Танзани улсад хийхээр төлөвлөж буй уран олборлолтын эдийн засгийн ашиг болон нөхөн сэргээлтийн өртөг зардлын тайлангаас үзнэ үү[12].

Тус тайланд ураны ил олборлолтын тооцоог гаргасан ч цацраг идэвхит хог хаягдал, байгаль орчны бохирдол, мөнхөд нүүрлэх аюулт хор уршиг зэрэг нь ижил болохыг анхаарна уу.

Уран олборлолтын ЭДИЙН ЗАСГИЙН АШИГ ОРЛОГО:

1. Ураны үнэ нэг фунт буюу 454 грамм нь $50-аас доошгүй байж уран олборлолт ашигтай болдог гэдэг тооцоо байна. Гэтэл өнөөдөр ураны зах зээлийн үнэ $35.7 болж унасаар байна.[13] Ийм нөхцөлд яавал  уран олборлолт ашигтай болох вэ?

  • Татварын хөнгөлөлт эдлэвэл
  • Уран олборлохдоо хямд ажиллах хүч ашиглавал
  • Xамгийн хямд, хортой технологи ашиглавал
  • Уран олборлох технологийн аюулгүй байдал стандартыг баримтлахгүй байвал
  • Ураны уурхайн хог хаягдлыг зохих дүрэм журмын дагуу хадгалахгүй, байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүй байвал
  • Ураны уурхайн хаалтын зардлыг хариуцахгүй тохиолдолд

pic4

2. Ураны уурхай нь алт, нүүрсний уурхайгаас онцлог. Ураны уурхайгаaс үлдэх цацрагийн хорт хаягдал нь байгаль орчин, ард иргэдийг хэдэн мянган жилээр хордуулж, асар их хор хохирол учруулах аюултай. Гэвч Монгол улсад цацраг идэвхит эрдэс бодисыг олборлосны дараа уурхайг хаах хаалтын дүрэм журам, стандарт, хууль эрх зүйн акт өнөөдөр алга[14].

Газар нутаг дээрээ уран олборлож буй аливаа улсын уран олборлолтын тухай  хууль тогтоомж, дүрэм заавар дутагдалтай эсхүл төрөөс тэдгээрийн хэрэгжилтийг чандлан сахиулах чадваргүй нөхцөлд гадны компаниуд ураныг нь олборлоод гарч явсны хойно гарах хожмын бүх гарз хохирлыг тухайн улсын төр, ард иргэд нь үүрдэг. Жишээлбэл, хуучин Бүгд Найрамдах Герман Ард улсын Висмутын ураны уурхайд Оросуудын захиалгаар  уран олборлож байсан. Харин хоёр Герман нэгдсэний дараа уурхайчдад олгох нөхөн төлбөр, тэдний эмчилгээний зардал болоод уурхайг хаах үйл ажиллагааны зардлыг ХБНГУ-ын татвар төлөгчид хариуцаж, өнөөдрийг хүртэл төлсөөр байна.

3. Монголд ураны уурхай эдийн засгийн хувьд ашигтай эсэх нь эргэлзээтэй. Тухайлбал, Танзани улсад уран олборлоx нь ашиггүй гэдэг тооцоо гарсан13. Учир нь уран олборлосны дараа зөвхөн байгаль орчныг нөхөн сэргээгээд зогсохгүй ураны хуучин уурхайд олон жилийн туршид хяналт тавьж, сэргийлэх арга хэмжээ авдаг. Улаанбадрах суманд ураныг уусгах аргаар олборлосон нөхцөлд газар дор үлдсэн хорт уусмал гүний бa гадаргууны усыг хордуулж буй эсэхийг хянаж, мониторинг хийx зайлшгүй шаардлага тавигдах ёстой. Харамсалтай нь Монгол улсад үүнийг хэрэгжүүлэх боломж бололцоо, чадавхи алга.

4. Ураны уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчин, ард иргэд, тэдний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд хор хохирол учирсан тохиолдолд хохирлыг барагдуулах,  нөхөн төлбөр олгох эрх зүйн зохицуулалт алга. Улаанбадрахын малчдын эд хөрөнгө болон эрүүл мэндийн хохирлыг хэн хариуцах нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.

Цацрагийн хор хөнөөл нь олон жилийн дараа илэрдэг тул хожим гарах хохирлыг хэн хариуцах вэ? 10 жилийн дараа хoт хөдөөгөөр хорт хавдартай хүн дүүрвэл Арева хариуцах уу? Өнөөдөр Дорнод аймаг хорт хавдрын өвчлөлөөр улсад тэргүүлж байхад манайхан Оросуудаас нөхөн төлбөр авч чадаж байгаа билүү?

 

ЭЦЭСТ НЬ САНУУЛАХАД:

Монгол улс өнөөдөр уран олборлоход бэлэн биш байна. Хамгийн наад тал нь уран олборлолтонд хяналт тавих, уран олборлолтын явцад болон хожим учрах эрсдэлүүдийг тооцох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх болоод гамшгийн үед хамгаалах арга хэмжээ авах хууль эрх зүй, бодлого хэрэгжилт, хяналт хариуцлагын тогтолцоо манайд алга. Ийм нөхцөлд  Ареватай яаравчлан түншилж, нууц гэрээ хэлэлцээр хийж байгаа нь биднийг Афркийн улс орнуудын замналаар замнахад хүргэх ноцтой аюултай.

Уран олборлолт нь эдийн засгийн хувьд түр зуурын ашигтай мэт боловч үнэндээ мөнхөд наслах цацрагийн хордлогыг дагуулдаг. Уран олборлосны дүнд үндэстэн дамнасан корпорациудын хармааг түнтийлгэж, жирийн ард иргэдийг хэдэн зуун жил үргэлжлэх гай зовлонд унагадаг.  Улаанбадрах суманд өрнөсөөр буй эмгэнэлт үйл явдал үүнийг гэрчилнэ.

Уран олборлолт нь Монголын ард түмний хувь заяа, ирээдүй хойчтой холбоотой чухал  асуудал тул ард иргэдийн санал хүсэлтийг харгалзан үзэж, бүх ард түмний санал асуулгаар шийдэхийг иргэний нийгмийн байгууллагууд шаардаж байна. Ураны асуудлыг цөөн хэдэн эрх мэдэлтэн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн нууцаар шийдвэрлэж, эх орон, газар нутаг, үр удмаа золиослох аваас олон нийтийг хамарсан тайван бус байдал, үймээн самyyнд хүргэх аюултай тул энэ асуудалд ул суурьтай хандахыг хүсье!

Арева корпораци болон уран олборлолтын талаар цөөн хэдэн тоо баримтуудыг товчxон дэлгэвээс ийм байна. Цаашид улам дэлгэрүүлэн судлахыг хүсвэл Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөнийхний хөтөлдөг golomt.org блог болон Фэйсбүүкийн Anti Nuclear Movement (www.golomt.org) хуудас дээрх мэдээлэл, мөн бидний орчуулсан баримтат кинонуудаас үзэхийг урьж байна.

Бидэнтэй харилцах хаяг: anm.mongol@gmail.com.

 

ЖИЧ:

Ураны лицензний төлбөрт авах мөнгөний тооцоо

Цөмийн энергийн тухай хуулийн 18.5.2 -т зааснаар бол Арева  Дорноговийн Дулаан-Уул, Зөөвч Овоо ордуудын ашиглалтын лиценз авахын тулд улсын нөөцөд бүртгэгдсэн ураны 62.5 мянган тонн ураны нөөцийн 10%-тай тэнцэх мөнгөн төлбөрийг улсын төсөвт нэг удаа шууд төлөх юм байна. Үүнийг тооцон үзвэл:

Өнөөдөр дэлхийн зах зээл дээр ураны үнэ унасаар нэг фунт буюу 454 грамм нь $35.7 болжээ. Үүнээс 1 кг ураны үнэ  $78.54 ам. доллартай тэнцэх ба 62.5 тонн ураны үнэ 4.9 тэрбум доллар болж байна. Үүний 10% гэдэг нь 490 сая ам.доллар буюу 864 тэрбум төгрөг болох ажээ (2014 оны 21-ны өдрийн Монгол банкны ханшаар 1 ам. доллар= 1761 төг)

Цөмийн энергийн тухай xууль:

“Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь тохиолдолд давуу эрхээр олгож болно:

18.5.2.тухайн уурхайн цацраг идэвхт ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн нөөцийн 10 хувиас багагүй хэмжээтэй тэнцэх мөнгөн төлбөрийг улсын төсөвт нэг удаа, шууд төлөхийг зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 18.5.1-д зааснаас бусад хайгуулын талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан бол” гэжээ.

Эх сурвалжууд:


[1]  Нигерчүүд Ареваг эсэргүүцэн жагсаж байна. https://golomt.org/2013/10/17/nigerareva/

[2]  Greenpeace International. (2010). Left in the Dust – AREVA´s radioactive legacy in the desert towns of Niger. http://www.greenpeace.org/international/Global/international/publications/nuclear/2010/AREVA_Niger_report.pdf

[3]  “Түмний нүд” (The Public Eye) ичгүүрт шагналыг Арева компани хүртсэн нь. https://golomt.org/2013/12/11/publiceye/

[4]   Арева Нигер дэх уурхайчдаа харсаар байгаад үхүүлэх гэж үү? https://golomt.org/2014/01/05/areva/

[5] Areva in Niger: Who is benefiting from the uranium?  http://www.oxfam.org/en/pressroom/pressrelease/2013-12-19/areva-niger-who-benefiting-uranium

[6] Special Report – Areva and Niger’s uranium fight. http://uk.reuters.com/article/2014/02/05/uk-niger-areva-specialreport-idUKBREA140A920140205

[7] Улаанбадрахынхан дээр туршилт хийсээр байх гэж үү? https://golomt.org/2013/06/06/5365/

 [8] Ийгл ТВ. Эрэн сурвалжлах нэвтрүүлэг – 2013-06-08. 17:25-аас эхлэн малын цусны шинжилгээний тухай яриа. http://www.youtube.com/watch?v=6Y2qPcjEMVU&feature=youtu.be

 [9] American Cancer Society. http://www.cancer.org/cancer/cancercauses/othercarcinogens/medicaltreatments/radiation-exposure-and-cancer

 [10] USGS presents study of groundwater restoration at uranium in-situ leach mines in south Texas. http://www.wise-uranium.org/udusail.html

[11] Final Environmental Impact Statement to Construct and Operate the Crowpoint Uranium Solution Mining Project, pbadupws.nrc.gov/docs/ML0821/ML082170248.pdf, 192-р хуудас

[12] Уран олборлолт Танзани улсад ашигтай юу? Уран олборлолт, уурхайн хаягдал тэйлинг ба хожим гарах зардлын эдийн засгийн тооцоо. https://golomt.files.wordpress.com/2014/02/uranbergbau-final-11.pdf

[13] UxC Uranium U3O8 Swap Futures End of Day Settlement Price. http://www.indexmundi.com/commodities/?commodity=uranium&months=60

[14] Уурхайн хаалт: Эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь. Бодлогын судалгааны тайлан. http://forum.mn/res_mat/res_mat-197.pdf



Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s