“Түмний нүд” (The Public Eye) ичгүүрт шагналыг Арева компани хүртсэн нь

-Авилгал, хүний эрх зөрчсөн, байгаль орчин хортойгоор сүйтгэсэн дэлхийн хамгийн шившигтэй,  хариуцлагагүй компанид олгодог энэхүү шагналыг Арева корпораци 2008 онд Нигер улсад явуулсан үйл ажиллагаагаараа хүртжээ. Энэхүү шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаан дээр Нигерийн байгаль орчны ТББ-ын тэргүүн Алмоустафа Алхасаны хэлсэн үгийг та бүхэнд хүргэe.

2008 оны 1 дүгээр сарын 23

Арева корпораци Нигер улсад уран олборлож буй талаар

public eye

Нигер улс болоод олборлолт явагдаж буй газар

Нигер бол Африк тивийн баруун хэсэгт оршдог, 1.264.000 км2 газар нутагтай, 12 сая шахам хүн амтай улс юм. Тус улс нь Францын колоничлолоос 1960 онд чөлөөлөгдсөн. Нийслэл хот Ниамигээс 1200 км,  Арлит мужийн нутаг дэвсгэр дээр орших Агадэц гэдэг газар уран олборлодог. Агадэц нь Айр-Массив байрлах хойд зүгийн цөлөрхүү байгальтай, жуулчдын очих дуртай газруудын нэг. Нутгийн иргэд нь голчлон газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг.

1969 онд уран олборлож эхлэхээс өмнө Арлит мужийн хүн ам 20 орчим мянгад хүрээд байлаа. Энэ нутагт цацагт хяруул, зээр гөрөөс, аддакс зээр мэтийн зэрлэг aн амьтад болон олон зүйлийн жигүүртэн шувууд  амьдардаг байсан. Эндэхийн байгалийг сүрлэг том ой модууд нь чимдэг байв. Харин өнөөдөр хүн ам нь 140 мянга болсоны 80 мянга нь Арлитад амьдарч байна. Зэрлэг aн амьтaдын тоо толгой хорогдож, ой мод нь эрс багасчээ.

“Агиринман“ байгаль орчны ТББ-ын тэргүүн Алмоустафа Алхасаны:

Би 1957 онд Арлитаас 250 км-ын зайд орших Аоудэрас гэдэг тосгонд төрсөн. Дөнгөж 2 дугаар ангиа дүүргээд тэмээн жин тээх ажилд орж сургуулиасаа гарсан. Хожим нь орчин үеийн тээврийн хэрэгсэл, машин тэрэгний хэрэглээ нэмэгдсэнээр ажилгүй болж, 1978 онд ид хөгжин цэцэглэж байсан Арлитын ураны уурхайд ажиллаар явсан. Ингээд Аревагийн нэг салбар уран боловсруулдаг үйлдвэрт оператороор орлоо. Тэр үед би дөнгөж 21-тэй, хийдэг ажил маань ямар их аюул эрсдлийг дагуулдаг тухай огтхон ч төсөөлөлгүй байлаа. Хамт ажиллаж байсан нөхөд мaaнь ч миний нэгэн адил байв. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам би орчин тойрондоо гарч буй өөрчлөлтүүдийг анзаарч эхэлсэн. Эpгэн тойрны ургамал ногоо хагдарч, ан амьтад цөөрч,  ойн бүс улам бүp жижгэрч байсан. Үүний зэрэгцээ урьд өмнө үзэгдээгүй хачин сонин өвчин дэлгэрч, хүмүүс цэл залуугаараа нас барах нь нэмэгдсэн.

Энэ бүх зүйл, дээр нь Аревагийнхан орон нутгийн иргэдийг хамгаалах арга хэмжээ огт авдаггүй, нутгийн тогтвортой хөгжилд санаа тавихгүй, үл тоомсорлонгуй ханддаг байсан зэрэг нь намайг Нигерийн ард иргэдийн эрхийг хамгаалан тэмцэхэд хүргэсэн юм.

Уран олборлолтын эхэн үе

1969 он: SOMAIR (Air-ийн уурхайн нийгэмлэг) үүсгэн байгуулагдав. Аревагийн охин компани ил уурхайд уран олборлож эхлэв.

1975 он: COMINAK (Акуотагийн уурхайн нийгэмлэг). Аревагийн болон японы нэгэн корпорацийн охин компаниуд далд уурхайд уран олборлож эхлэв. Ураны хоёр уурхай хоорондоo 7 км зайтай байрладаг байв.

Тонн тутамдаа 6 хүртэл кг уран агуулсан ураны хүдрийг олборлоод, хэдхэн километрийн зайд орших үйлдвэр лүү тээвэрлэдэг. Тэнд ураны хүдрийг төрөл бүрийн химийн бодистой (хүхэр, хүчил, натри бикарбонат, карбонат, натри, хлорат) урвалд оруулж, 70 хувийн ураны баяжмал (нэг тонноос 700 кг ) гаргаж авдаг.

Ийнхүү гаргаж авсан уранаа Европын орнуудад зарж борлуулна. Нигер дэх Аревагийн үйлдвэрүүд долоо хоногийн 7 өдөр, 24 цагийн турш тасралтгүй ажилладаг. Aжил нь туйлын хүнд хүчир болохоор уурхайд ихэвчлэн эрчүүд ажилладаг ба цөөн тооны бүсгүйчүүд оффист нь ажилладаг.

Эрүүл мэнд ба хүрээлэн буй орчин

1969-1990 онуудад үйлдвэрийн ажилчид ч, ард иргэд ч уран олборлолтын ноцтой  аюулын  талаар огт мэддэггүй, үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Хор уршиг нь дараагийн арван жилд илэрч, энэ нутaгт урьд өмнө үзэгдэж харагдаагүй элдэв өвчин дэлгэрч, уурхайчид учир битүүлгээр нас барцгаах болов. Гэвч өнөөг хүртэл Аревагийн харьяа эмнэлгүүдэд ажил мэргэжлээс үүдэлтэй өвчний тохиолдол ганц удаа ч оношлогдож бүртгэгдээгүй. 2007 оныг хүртэл Аревагийн салбар уурхайнуудад ганц ч үйлдвэрийн эмч байгаагүй.

Байгаль орчинд ч бас хүндээр нөлөөлж, бүхэл бүтэн ойн бүсүүд устаж, зэрлэг амьтдын тоо толгой эрс буурсан. Жишээлбэл цацагт хяруул бүрмөсөн устаж үгүй болсон. Өвс ургамал тарчиг ховор болж, мал сүргийн бэлчээр улам бүр багассаар байна. Түлшний мод асар ховордсон. Дээр дурдсан зүйлүүд бүгд уран олборлолттой холбоотой. Уран олборлосноор бий болcoн цацраг идэвхит тооc ундны усыг бохирдуулж улмаар цацраг идэвхит хог шаар үлдээж байна.

Үндэсний эдийн засгийн хувьд

Арева компани Нигер улсын газар шорооноос бараг хагас зууны турш жил бүр 4 мянган тонн уран олборлосоор ирсэн хэдий ч Нигерийн ард иргэдийн ядуу зүдүү байдал огтхон ч өөрчлөгдсөнгүй. Өнөөдөр ч тус улс дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг хэвээрээ. 2000 онд Арева нэг кг ураныг 31 еврогоор, 2006 онд 36 еврогоор тус тус худалдан авч байжээ. Гэтэл тухайн үед дэлхийн зах зээл дээр нэг кг уран ойролцоогоор 150 еврогоор үнэлэгдэж байлаа.

Өнөөдөр Арева компани нь Арлитаас 80 км зайд орших Имоумарен гэдэг газарт байрлах гурав дахь уурхайдаа олборлолт хийхээр төлөвлөж байна. Тэд энэ талаар Нигерийн засгийн газартай зохих гэрээ хэлэлцээрээ саяхан хийж тохирсон. Имоумарены хэлэлцээрийн явцад Арева уран худалдан авах үнээ бага зэрэг өсгөж, кг тутамд 14 евро нэмж төлөхөөр тохирчээ. Шинээр нээж буй тус уурхайн ураны нөөц дэлхийд нэлээд дээгүүр орно. Тус уурхайгаас жилд 5000 тонн уран олборлох боломжтой бөгөөд ингэснээр Нигер улсын ураны нийт олборлолтын хэмжээ жилдээ 9000 тоннд хүрнэ. Энэ бол дэлхийн  зах зээлийн нилээдгүй хувийг эзэлнэ гэсэн үг.  Гэсэн ч энэ дэвшил Нигерийн ард иргэдийн хувь заяаг өөрчлөх болов уу? Ингэснээр Нигерийн ард түмний үгээгүй ядуу байдал дээрдэх болов уу? Арева болоод бусад уран хэрэглэгч улс орнууд энэ талаар эргэцүүлж бодох л хэрэгтэй.

Бидэнд учирч буй бэрхшээлүүд

1969-2000 онуудад манай улсад Хүний эрх болоод Байгаль орчныг хамгаалах ТББ байдаггүй байсныг далимдуулан Арева жинхэнэ дураараа дургисан. 2000 онд байгуулагдсан манай “Агиринман”- Байгаль орчныг хамгаалах ТББ нь энэ хавьдаа анхдагч нь болсон. Би энд Арева корпорацийн зүгээс манай байгууллагатай илт дайсагнадаг талаар онцлон тэмдэглэхийг хүсч байна. Агхиринман ТББ нь ард иргэдийн эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засаг зэрэг сэдвээр олон нийтийн дунд ил тод яриа, хэлэлцүүлэг өрнүүлэхийг зорьдог. Гэвч энд болж байгаа үйл явдлын талаар дэлхий нийтэд мэдэгдэхгүйн тулд Арева корпораци бидэнд янз бүрийн дарамт шахалт үзүүлдэг. Тухайлбал, үүний эсрэг зохион байгуулалттай тэмцэж буй ажилчдыг ажлаас нь халдаг. Мөн бидэнд туслах хүсэлтэй хувь хүн, албан байгууллагуудыг хууран мэхлэж, тэдний ажилд саад учруулдаг. Арева корпорацийнхан өөрсдийгөө магтуулахын тулд хуурамч нийгэмлэг байгуулж, тэр бүү хэл манай байгууллагыг доромжилж, нэр хүндийг нь гутаалгахын тулд хэвлэл мэдээллийнхэнд мөнгө төлсөн явдал ч гарсан.

Агиринман ТББ-аас тавьж буй шаардлагууд

Бид Арева корпорацийнхныг ард иргэд болоод байгаль орчны өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаасай гэж хүсч байна. Арева корпорацийг өөрсдийн ажилчид, орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалж,  цацраг идэвхит туяаны хор хөнөөлийн талаар тэдэнд ухуулан тайлбарлаж, энгийн ойлгомжтой, бодит мэдээллээр хангаж байх нь чухал. Эрүүл мэндийн асуудлын хүрээнд Нигер дэх Арева корпорацийн бүх ажилчид, тэдний гэр бүл болон урантай гар бие хүрэлцэн ажилладаг болон ажиллаж байсан бүх хүмүүсийг цацраг туяаны болоод түүнээс үүдэх өвчний үр үндэс, тархац, хор уршгийг шинжлэx үзлэгт тогтмол хамруулж байхыг шаардаж байна.

Түүнчлэн цацраг идэвхит хог шаарыг ил задгай хаяхаа зогсоож, цацрагаар бохирдсон  төмрийн хаягдал зэрэг эд зүйлсийг мэргэжлийн хатуу хяналттай булшилж байх шаардлагатай байна.

Ураны уурхайнуудын ойр орчмын байгалийг нөхөн сэргээж, алдагдсан тэнцвэрт байдлыг сэргээхэд зориулан Арева корпораци яаралтай мөнгөн хуримтлал үүсгэх нь чухал. Үүний зэрэгцээ Нигер улсаас олборлож буй ураныг дэлхийн жишигтэй зохицсон үнэ хөлcөөр худалдаж авахыг Аревагаас шаардаж байна.

Нигерийн ард иргэд, тэдний орон нутгийн болоод үндэсний төлөөлөл мөн иргэний нийгмийн байгууллагуудыг хүндэтгэх үзэлд үндэслэн эдгээр шаардлагыг хүлээн авч, биелүүлэх ёстой.

Эх сурвалж:
http://www.evb.ch/cm_data/Laudatio_Areva_d.pdf
http://publiceye.ch/

Орчуулан бэлтгэсэн Оно, Туяа

Голомт ЦЭХ Oрчуулгын бүлгэм

2013-12 сар

Advertisements

One Comment on ““Түмний нүд” (The Public Eye) ичгүүрт шагналыг Арева компани хүртсэн нь”

  1. zochin says:

    Нэгэнт өнгөрсөн бид одоо юу ч хийж дийлэхгүй. . . ГЭСЭН УТГА АГУУЛГАТАЙ КОММЕНТЫГ БОДОХООР СЭЖИГ ТӨРЖ БАЙГАА.
    яагаад.
    хамгийн гол нь чимээгүй дуугай өнгөрч болдог юм болдоггүй юм гэж ялгаатай шүү.
    Энэ бол дуугай өнгөрөх нь битгий хэл бид энэ дэлхийн иргэд учраас өөр улс оронд ч энэ бузрыг эсэргүүцэж дуугарцгааж байх ёстой юм шүү.
    Юун эх орондоо зөвшөөрөх.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s