Муухай Монгол хүн
Posted: 2014/02/28 Filed under: Иргэд , хөдөлгөөнүүд, Ичиж амьдаръя | Tags: Бодууштай 8 CommentsӨнөөдөр чиний өмнөх аягатай хоолыг биш бусдынхыг булааж байхад чи мэдсэн ч мэдээгүй царайлан тайван айван амьдарч байна уу? Өнөөдөр чиний ах дүү биш, харин Улаанбадрахын малчдын мал сүрэг нь хорогдож, гажигтай төл төрж, эрүүл мэнд нь дордож, толгойтой үс нь халцарч, биеэр нь юм туурч (тэрнийг нь “удамшлын хамуу” гэдэг гэнэ шүү, анагаах ухаанд ч байхгүй цоо шинэ онош!), эцэг өвгөдөөс уламжилж ирсэн нутаг орондоо амьдран суух аргагүй болж харийнханд хөөгдөж туугдан, элдэв тохуурхал доромжлолыг амсч суугаа болохоор чиний ам үдээстэй, чих бөглөөстэй, нүд аниастай байна уу?
Улаанбадрахын дараа Сүхбаатарын Онгон сум, Шилийн Богд, Ховдын Мянгадын Халзанбүргэдэй гээд үргэлжлэнээ. Гэхдээ хэзээ нэг цагт чиний ч ээлж ирж таарна. Тэр цагт харин харамсч уйлаад ч хожимдсон байх вий.
**** **** ****
Муухай Монгол хүний хамгийн адгийн аймшигтай араншингийн хажууд бол соёлгүй бүдүүлэг, залхуу хойрго, сагсуу ойворгон, хор найруулж хов хутгадаг зан юу ч биш. Хамгийн аймшигтай нь нөгөө ГҮНДҮҮГҮЙ Монгол араншин буюу хэнэггүй тоомсоргүй зан. Яг үнэндээ тэр ГҮНДҮҮГҮЙ гэх үгний ард амин хувиа хичээсэн, бэртэгчин, арчаагүй дорой, аймхай хулчгар, хүнийрхүү хөгийн зан нуугдаж байдаг . Үгүй гэж мэлзэх гээд байвал танд дараах баримтыг дурдая л даа. Та эрхбиш нэгийг бодох биз.
2011 оны хавар Монгол улсад цөмийн хаягдал булшлах 3 улсын нууц гэрээ илрэв. Дэлгэж тавьсан хоёр хүний нэг нь АНУ-ын Эрчим Хүчний Департаментийн ахмад дипломатч Ричард Стратфорд, нөгөөх нь 4 сая хувь хэвлэгддэг Японы “Майничи” сонины сурвалжлагч Айкава Харуюки. Монголчууд “Арай ч үгүй байлгүй дээ… Хэрэв тэгэх юм бол ч … “ гэцгээв. Гэвч бодит амьдрал дээр тэд өгсөн мэдээллийн үнэн мөнийг нягтлахынхаа оронд мэдсэн ч мэдээгүй царайлж, биеэ оторлож гѳлийж хэвтэхээ илүүд үзэв.
2011 оны оны хавар Халх Голын сав нутгийн 330 мянган га үржил шимтэй газрыг Солонгосчуудад 99 жилээр түрээслүүлэх нэрээр зарав. Та бид болоод бидний үр хүүхэд, ач гуч наар маань тэнд очиж ажиллаж амьдрахгүй гэхээр үүрд өгснөөс ялгаагүй. Өвөг дээдсийнхээ амиараа хамгаалсан газар нутгаа гэх ганц ч хүн гарсангүй. Харин хил дамнуулан хүн хулгайлсан хэрэгтэн Б. Хурцыг Англиас авчрах гэж Английн ЭСЯ-ны өмнө удаа дараа жагсаж, зүлгэн дээр гэрээ барих хүсэлтэй “эх оронч” яруу найрагч Ц. Хулан Б. Хурцыг өмөөрч ярилцлага өгөв.
2012 оны өвлөөс эхлэн Дорноговийн Улаанбадрах суманд түгшүүрийн харанга дэлдэв. Нутгийн малчид зовлонд унаж тэдний мал сүрэг хорогдож, гажигтай тѳл олноор гарах болсныг мэдээлэв. Улаанбаатар хотынхны зарим нь тэдний зовлонгоор бүр доог тохуу хийж, тэднийг мөнгө нэхэх нь дээ гэж хардан амныxаа зугааг гаргав.
2013 оны хавар Улаанбадрахын байдал улам бүр хэцүүдэв. Гажигтай тѳрсѳн төлийн тоо эрс нэмэгдэв. Хүний эрүүл мэндэд ч сөрөг нөлөө илэрч эхлэв. Аргаа барсан малчид нийслэлд ирж төрийн 3 өндөрлөгт шаардлагаа хүргүүлж, Сүхийн талбай дээр үгээ хэлэв. Хотынхон малын мах сүү хэрэглэдэггүй мэт яравгар царайлж, малчид малаа маллаж чадаагүйгээс мал нь үхсэн гэж бурцгаав.
2013 оны 9 сарын 16. Ц. Мөнхбаяр тэргүүтэй байгаль орчныг хамгаалагчид “Урт нэртэй хуулийг” цуцлахыг эсэргүүцэж Төрийн ордны гадаа буу зэвсэгтэй ирсэн хэргээр баривчлагдав. Азиас анх удаа Ногоон Нобел гэж алдаршсан нэр хүндтэй шагналыг хүртсэн Ц. Мөнхбаяр нөхдийнхөө хамтаар олон тооны гол горхи, нуурыг ширгэхээс аварсан үнэлж баршгүй ач гавьяатайг Мoнголчууд таг мартаж харин ч эсрэгээр тэднийг “муусайн алан хядагчид” хэмээн шүлсээ үсчүүлэн зүхэцгээв. Улаанбаатарынхны зарим нь солонгос сериал үзсээр учир шалтгаан, үр дагаврыг эргэцүүлж дүгнэх чадваргүй ёстой л нэг ѳчүүхэн тархитай ѳѳдѳсхѳн хүнэнцэрүүд болжээ хөөрхийс.
2013 оны 10 сарын 26. Монгол улс Францын Ареватай уран олборлох тухай гэрээнд гарын үсэг зурав. Алах гээд сүх далайчихаад байхад Монголчууд үхэр мэт алмайрcaap.
2013 оны 12 сар. Дорноговийн малчид өвлийн идшинд гаргасан бүх малын дотор эрхтэн авахын аргагүй болсныг үзүүлж, Ареваг нутгаасаа хөөв. Улаанбадрахын малчдын биеэр юм туурч байна гэсний хариуд нутгийн эмч нар “удамшлын хамуу” гэгч шинэ онош зохиов. Орон нутгийн эрх баригчид нь Ареватай хамсчихаад хөөрхий муу малчдыг элдвээр доромжилж бах таваа хангана. Ийгл ТВ-ийн сайт дээр малчин Норсүрэнг 20 тугаландаа таргалуулдаг тариа хийж алсан гэж гүтгэв. Учрыг мэдэх эмнэлгийн эмч ажилчид, бусад аймгийн малчид болон малын махыг хэрэглэгч Улаанбаатар хотын иргэдээс хѳѳрхий малчдыг өмөөрч ганхийх ч чимээ гарсангүй.
2014 оны 1 сар. Ц. Мөнхбаяр болон түүний нөхдийн 5 хүнд тус бүрт нь 21 жил 6 сарын ял оноов. Дэндүү шударга бус энэ ялыг сонсоод Монголчууд цочирдсон ч аанай л эсэргүүцэж зүрхэлсэнгүй. Гай зовлон өөрсдөөс нь хол өнгөрсөнд баярлаж суугаа хотын бэртэгчингүүд дараачийн золиос нь өөрөө байхыг бодох сэхээ даан ч үгүй.
Аревагийн үйл ажиллагаа явуулж буй Сүхбаатар аймгийн Онгон суманд Улаанбадрахын ижил мал үхэж эхлэв. Арева Сүхбаатарын Алтан-Овоо, Шилийн Богдод ураны “А” зэрэглэлийн ЦХ-002, ЦХ-003 лиценз авав. Хийморио сэргээх түүх дурсгалт газраа алдсан мөртлөө хийрхүү Монголчууд маань бахь байдгаараа мэдэн будилж, тэнэг дүр эсгэсээр маанагтана.
2014 оны 2 сар. Аревагийн Монгол түнш, төрийн өмчийн “МонАтом” компани Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав. “МонАтом”-ынхан “сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд туслана” гэдэг инээд хүрэм шалтгаан хэлэв. Ингэж хэнэггүй Монголчуудын үхжиж буй нугалаасгүй гѳлгѳр тархийг өөрсдийнх нь татварын мөнгөөр улам гөлчийтөл угааж байх гарц зам нээгдэв.
2014 оны 2 сард Аревагийн удирдлагууд Монголд ирэв. Монгол улсад уран олборлохоор зэхэж буй Сүхбаатар болон Дорноговийн Улаанбадрахад “илбэт цурхайн тушаалаар” шүлхий гарч, хорио цээр тогтоов. Ингэснээр нэг сумаар гурван ч туулай агнав: 1-рт, мал төллөхөд гарсан хамаг гажиг үхлийг шүлхийд тохох, 2-рт, Аревагийн удирдлага ирэхэд малчдыг ирүүлэхгүй байх; 3-рт, гажиг төл гарч буйг баримтжуулах, олон нийтэд цацах ажилд саад хийв.
2014 оны 2 сарын 18. Иргэний нийгмийн байгууллагынхан Ерөнхий cайд, Ерөнхийлөгч, Арева компани болон Францын ЭСЯ-нд шаардлага гардуулав. Энгийн хувцас өмссөн цагдаагийнхан цугларсан жирийн иргэдийг элдвээр өдөөн хатгаж, хэрүүл тэмцэл, эмх замбараагүй байдал үүсгэхийг хичээв. Ухаандаа тэд иргэдийг уурлуулж байгаад 21 жилээр шоронд хорихыг санаархав. Хорт төлөвлөгөө нь бүтэхгүй болохоор иргэний нийгмийн төлөөлөгчдийг зарлан дуудаж дарамтлаад, зөвшөөрөлгүй цуглаан хийсэн нэрээр шүүхэд шилжүүлэв. Харин тархиа угаалгасан хөөрхий Монголчууд “миний Eрөнхийлөгч, миний Eрөнхий сайд, миний цагдаа намайг хамгаална, иргэний нийгмийнхэн бол мөнгө нэхэж шантаажлагчид, Орос Хятадын тагнуулууд” гэж харийнхны зохиосон заль мэхийг робот шиг давтан үглэнэ. Үнэхээр ураны эсрэг тэмцэгч иргэний нийгмийнхэн Ареваг шантаажилсан бол аль хэдийнэ цаазын ял сонсох байсан гэдгийг тэд сэтгэхгүй.
2014 оны 2 сарын 18. Аревагийн ажилтан Зунгэрэл гэгч малдаа вакцин хийлгээгүй болохоор Улаанбадрах сумын мал үхсэн гэж Монголчуудыг нийтээр нь доромжлов. Улаанбадрах сум бол Монголын вакцинжаагүй ганц сум гэдэгт хэн ч сонссон үнэмшихгүй. “Тэгвэл вакциныг нээхээс өмнө Монголын мал яагаад хиараагүй юм? Яагаад 3 хөлтэй, 2 толгойтой мал Монгол даяар төрж байгаагүй юм?” гэж асуух Монгол хүн үзээд хараад ѳгье гэсэн ч гарсангүй.
2014 оны хавар Улаанбадрах суманд эхнээсээ гажигтай төл гарч эхлэв. 2012, 2013, 2014 гээд Улаанбадрахын малчид 3 дахь жилдээ муу ёрын зүйл үзэж байгаа нь энэ. Тэд хавар мал төллөхөөс айж халширч байсан. Гэтэл 2 сарын 20-нд 3 хөлтэй ишиг гарчээ. Даанч шүлхий нэрээр хөл хорьсон тул Улаанбадрахын суманд очиж сурвалжлах, олон нийтэд мэдээлэл цацах боломж хаагджээ.
Муу эр дайнд хөөрнө гэж “талх” Ганхуяг гэгч УИХ-д суудал горилоод онхолдсон нэг нөхөр ” гурван хөлтэй ганц ишигний төлөө сүйдтэй юм” гэж Фэйсбүкээрээ бичиж, уранаа ухаж, АЦС барихыг турхирав. Талхны үнийг ч мэддэггүй түүнд Улаанбадрахын малчдын зовлон дэндүү хол санагдаа байлгүй, хөөрхий. Хэний заавaр захиалгаар Монголчуудаа хагалан турхирч байгаагаa мэдэх сөгөө байдаг болов уу… Уг нь байшин барилгаа ч барьж чаддаггүй, хятадуудаар бариулдаг, барилга дээр аюулгүй ажиллагааны дүрэм журмаа мөрддөггүйн улмаас ард иргэдээ машинтай явган гэлтгүй зуу зуугаар нь хөнөөдөг, автын дүрмээ барьдаггүй согтуу хөлчүү жолооч нар нь жилдээ 500 гаруй хүнийг орон гэртэй нь ч хамаагүй дайрч алдаг, эрүүл мэнд, уул уурхай, зам тээвэр, хүнс гээд аль ч салбарт стандарт мөрдөж, хөдөлмөрийн аюулгүйн дүрэм журам баримталж сураагүй Монголчууд асар нарийн чадвар, сахилга бат, хариуцлага шаарддаг АЦС ажиллуулна гэхээр эрүүл ухаантай хүнд аймшигтай санагдмаарсан. Тэнгэр заяат Монголчууд хөгжихийн тулд уранаа ухаад АЦС барьцгаая гэж хошгируулан турхирах нь учраа мэдэхгүй балчирыг онгироож байгаад АКА буу бариулснаас өөрцгүй бус уу?
Tохилог гэр орон, унаа машин, цалин пүнлүүндээ сэтгэл ханаж, зөөлөн сэнтийд тухалчихаад эх орон нэгт бусад Монголчуудаа зовж шаналж, хохирч хордож байгааг мэдсэн ч мэдээгүй царай гаргагч БЭРТЭГЧИНГҮҮДЭД хандаж хэлэхэд:
Өнөөдөр яахав Улаанбадрахынхны ээлж байж. Харин маргааш өөрийн чинь ээлж ирнэ гэдгийг санаарай. Эх нутгаа хорт цацрагт хордуулахыг үл зогсоох аваас ирээдүйд чиний л үр удам тарчлан зовно.
ЦАЦРАГИЙН ХОР ХЭДЭН ЗУУ МЯНГАН ЖИЛИЙН НАСТАЙ. ХЭЗЭЭ Ч АРИЛАХГҮЙ !!!
МАРГААШИЙНХАА ТӨЛӨӨ ЦАЦРАГИЙГ ӨНӨӨДӨР ЗОГСОО!
Унш л даа хүмүүс!!!
хамаатан саднаараа төрийн албыг сүлжээний бизнес болгочихоор яаж ч хөдлөх аргагүй болчихдог биз дээ.
Асуултанд үргэлж хариулт бдаг бз дээ зөв ч бсан буруу ч бсан дуугүй дүмбийснээс дээр бхдаа. Тэр хамаатан садны сүлжээ бизнес чинь бидний дэмжлэгээс улбаалан үүссэн биз ээ? Нэгэнт буруу зүйл хийсэн гээд засахгүй яваад байвал улам дордох блгүй? Ингэж хэнэггүй хандсаар амьсгалах агаар, уух ус, нэрлэх улсгүй болох вийдээ.
Монголыг Хятад эсвэл Оросын нэг аймаг болгоо. Эсвэл хөдөөнийхнийг хотоос зайлуул
Хятад , Оросын харъяат болмоор байгаа бол тэндээ очоод амьдраачээ. Монголоороо малаа маллаад амьдрах хүсэлтэй хүмүүс байна ш дээ. Нутаг ус бэлчээр битгий сүйтгээд бай л даа. Уул уурхайн мөнгөөр амиа зогоогчид оо. Орос хятад руугаа яваад өгөөч.
Дээр дурьдагдсан байдлыг яг үзүүлж бх шиг. Эх орноороо бахархах сэтгэл огт бдаггуй хэрэг үү? Өөр улсад харьяалагдлаа гээд сайхан болоод сайжрах зуйл юу бх блээ?
Угтаа чи өөрөө хөдөөнөөс гаралтай гэдгээ мэддэггүй юм уу эсвэл хужаа юм уу? Мах идэж айраг уудаггүй юм шиг яасан балиар юм бэ?
зааа энэ залуу ойлгомжтойшдээ. Xань ижил үр хүүхдээ өрөвдөлгүй биеэ үнэлэгчээр сольсон хүн яж ард түмнээ хайрлаж чадах вэ дээ