Г.Ариунболд: Малчид эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч байна
Posted: 2013/05/20 Filed under: Гал Үндэстэн, Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Ноцтой Leave a comment“Голомт” цөмийн хөдөлгөөний тэргүүн Г.Ариунболдтой Дорноговь аймгийн Улаанбадрах суманд өрнөөд байгаа асуудлаар ярилцлаа. Учир нь тус хөдөлгөөнийнхөн бусад иргэний хөдөлгөөнүүдтэй хамтарч Улаанбадрах суманд зургаа хоног ажиллаад ирсэн билээ.
-Иргэний хөдөлгөөнүүд Улаанбадрах суманд ажиллаад ирлээ. Явсан зорилго юу байв?
-“Гал үндэстэн”, “Ногоон хас”, “Ногоон хас”, “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” зэрэг хэд хэдэн иргэний хөдөлгөөний төлөөлөл хамтарч Улаанбадрах сумын байгаа байдалтай танилцаад ирлээ.
Энэ үйл ажиллагааны зорилго нь тодорхой. Малчин Д.Норсүрэнгийн 20 гаруй тугал зүй бусаар хорогдсон. Тугал үхсэн шалтгааныг тодруулахаар саяхан Засгийн газраас ажлын хэсэг байгуулж дүгнэлт гаргасан. Тэр дүгнэлтийг бид эсэргүүцэж байгаа. Төсвөөс 98 сая төгрөг гаргаж ажиллачихаад эцсийн үр дүнг гаргаж чадахгүй цаашид үргэлжлүүлэн шалгах ёстой гэсэн шийдвэр гаргалаа. Иймээс бид энэ байдалтай газар дээр нь очиж танилцахаар явсан.
Улаанбадрах сумын иргэд тухайн асуудлыг юу гэж бодож байгаа болон малчдын үгийг сонсох зорилготой. Мөн цаашид тэмцэх зүйлүүд дээр хамтарч ажиллахаа мэдэгдсэн юм.
-Та бүхэн малчдын хүсэлтийн дагуу явсан уу. Аль эсвэл сайн дураараа энэ үйл ажиллагааг зохион байгуулсан юм уу?
-Бидэнд тухайн бүс нутгийн малчид утсаар мэдээлэл өгч, байнгын холбоотой байдаг. Ер нь бол малчид бидэнд хүсэлт тавиагүй, иргэний хөдөлгөөнүүд нэгдэж шийдвэр гаргасан. Манай ажлын хэсэг эхлээд Сайншанд сумын Зүүнбаян багт очсон. Байдал үнэхээр хэцүү байгаа нь илт харагдаж байсан л даа. Юу гэхээр гажигтай төл, доголон хонь, ямаа олон байсан.
Бидний очсон айл ойр хавийн малчдаа утсаар дуудаж, оройхон багийн хурал хийсэн. Биднийг ирсэн гэж дуулаад 40 гаруй км-ээс хүртэл малчид зорьж ирсэн. Ингээд малчдын хэлж ярьсан, эмгэгтэй төл малын дүрсийг авч баталгаажуулсан. Ярилцлага өгсөн малчдын регистрийн дугаар, нэрийг нь олон нийтэд мэдээлэхийг зөвшөөрсөн малчдын гарын үсгийг авсан. Сайншанд сумын Аргалант баг нь “Кожеговь” хайгуулын ангийн салхин доор байрладаг.
Цугласан малчдаас малын хорогдолгүй, эмгэг төл гараагүй айл байгаа эсэхийг асуухад бүгд ямар нэгэн байдлаар үхэж үрэгдсэн гэж мэдэгдсэн. Жишээлбэл, 43 жил мал маллаж байгаа Дашцэрэн гуай “Ийм юм үзээгүй. Сүүлийн хоёр жил л мал зүй бусаар хорогдож байна” гэж ярьсан. Малчид энэ байдлыг “Кожеговь”-ийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байна билээ. Иймээс энэ компанийн үйл ажиллагааг зогсоохийг хүсч буйгаа илэрхийлсэн.
-Та физикийн багш хүний хувьд тухайн байдал дээр цацрагийн хэмжилт, шинжилгээ хийсэн байх. Энэ талаараа яриач?
-Манай “Голомт” хөдөлгөөн Монголд уран олборлохыг эсэргүүцэж байгаа. Мөн цөмийн энергийг ашиглахыг эсэргүүцэж байна. Цаашлаад монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах зорилго бүхий ТББ.
Засгийн газрын нэг дүгнэлт нь юу байсан гэхээр цацрагийн хэмжээ хэвийн хэмжээнд байна гэсэн юм. Бид нутгийн малчдаар заалгаж хэд хэдэн газар очсон. Эхлээд хайгуулын ангид очиж монгол хүмүүстэй уулзсан. Үүний дараа нь одоогоос 40-өөд жилийн өмнө хаягдсан оросын овоолго гэж байдаг юм билээ. Тэнд очиж цацрагийн хэмжилт хийхэд ойролцоо нь саяхан асгасан бололтой хаягдал шавар байсан.
Тэнд цацрагийн хэмжилт хийхэд зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс ес дахин их байгаа нь гарсан. Хэмжилт хийсэн багажаа зургаан сарын өмнө Герман руу явуулж, бүх баталгаагаа хийлгэсэн.
-Та нар өөрсдөө хэмжилтээр гарч ирж байгаа бүх стандартыг найдвартай мэдэж байгаа мэргэжлийн хүмүүс биз дээ?
-Мэргэжлийн гэдэг чинь хоёр янз. Нэгдүгээрт, би цөмийн мэргэжилтэн биш. Физикч хүний хувьд тодорхой хэмжээний цөмийн талаар мэдлэгтэй. Кожеговийн хаягдал шавар асгадаг Шар дов дээр хийсэн хэмжилтээр цацрагийн хэмжээ байвал зохих хэмжээнээс хоёр дахин их байсан. Дэлхийн хэмжээнд цацрагийн хэмжээ 0.2 байхыг хүлээн зөвшөөрдөг.
Германд бол 0.1 байдаг. Харин Шар дов дээр очиход хаягдал шаврыг тойруулж ямар ч хашаа татаагүй байсан. Газар хонхойлгож байгаад гялгар уут дэвсээд шавраа асгасан байсан л даа . Сонирхолтой нь маш их ус тунасан байна лээ. Хөлдсөн ус нь дээшээ тунасан байж болно. Сүүлд нэмж асгасан ч байж болзошгүй. Хоёрдугаарт, тус хаягдал шаврын ойролцоо малын мөр их байсан. Ес дахин их цацрагтай байсан газар үхэр, тугалын мөр их байсан. Тэнд 374 гэсэн номертой өрөмдлөгийн цооног байгаа.
-Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийнхэн очоод “Кожеговь”-ийн ойролцоогоос дээж авснаас биш малчидтай уулзаагүй гэсэн гомдол гаргаж байсан. Энэ хэр үнэний ортой юм бол?
-Энэ талаар малчидтай уулзаж байхад бүгд л хэлж байна билээ. Цөмийн энергийн газраас очсон хүмүүс малчдад “Уран бол хоргүй. Та нарын идэж байгаа боорцог, өмсөж байгаа хувцас дотор чинь уран байгаа.
Бараг л талхан дээр тавиад иддэг элсэн чихэр шиг л юм байдаг гэж сурталчилсан байсан. Аргалант багийн 20 гаруй өрх айлын малчидтай уулзахад бүгд л “Кожеговь”-ийн үйл ажиллагааг зогсооход бэлэн буйгаа илэрхийлж байсан. Бид Улаанбадрах суманд хоёр удаа уулзалт зохион байгуулахад тус сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, улсын аварга малчин гээд ер нь бүгд хамтарч тэмцэнэ гэдгээ 100 хувь илэрхийлсэн.
Хуралд оролцсон малчдын олонхи нь малын нүд өвдсөн, дотор эрхтэн толбо үүссэн, элэг, уушгин дээр нь цэврүү үүсчихсэн байгаа талаар хэлсэн. Бүр зарим нь газар дээр нь малаа гаргаад дотор эрхтэнийг харуулж байсан. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийнхэн бараг айлуудаар ороогүй гэдгийг ч хүмүүс хэлж байсан. Гэтэл биднийг очиход хүмүүс бүр цөхрөнгөө барчихсан, хэцүү уур амьсгалтай угтсан.
-Засгийн газрын ажлын хэсэг иргэдээс олон төрлийн шинжилгээ авсан. Ямар ч өөрчлөлтгүй гарсан гэж хэлж байсан?
-Засгийн газрын ажлын хэсэг зөвхөн нэг зүйлд хариу гаргах гэж очсон юм шиг байгаа юм. Малчин Д.Норсүрэнгийн 22 тугал цацрагаас болж үхсэн үү, үгүй юу гэдгийг. Тэгээд тугал цацрагаас болж үхээгүй гэсэн дүгнэлт гаргачихсан. Энэ учир дутагдалтай. Зөвхөн нэг эрх мэдэлтэн, нэг компанид зориулж хариулт хайсан байгаа байхгүй юу. Гэтэл байдал ямар байсан гэхээр тэр хавийн ихэнх айлын малд нөлөөлчихсөн байна. Гамшгийн хэмжээнд хүрэх дөхчихсөн байна гэхэд болно.
Тэр хавиар явж байгаад худаг дээр очиход Гансүх гэдэг малчин малын нүд өвдсөн талаар ярьж байсан. Д.Норсүрэн гуайнд бид очиход ямаа төхөөрч өгсөн юм. Төхөөрсний дараа элэг, уушгийг нь гаргаж ирээд харахад үнэхээр аймаар байсан. Мөн тэдний нэг хонь нь хургалж чадахгүй хурга нь дотроо үхсэн. Түүнийг гаргаж ирээд задлан хийхэд хурганы элэг хав хар болсон байсан. Мөн уушги нь толботой байсан. Энэ бол уран урагт нөлөөлж эхэлсэн байх магадлалтай гэсэн үг.
-Худгийн усаар цай чанахаар сүү гашлаад байгаа талаар мэдээлэл малчдаас ирж байсан. Та нар үхсэн малын сэг, ус, хөрсний дээж авсан уу. Хаана шинжлэх вэ?
-Бид цай чанахаар сүү нь гашлаад байгаа талаар сонссон. Яг газар дээр нь очоод асуусан чинь сайн мэдэх хүн байхгүй байсан. Магадгүй бид өөр айлаас нь асуугаад байсан байж магад. Тэнд зөөвчийн нэг, хоёрдугаар худаг гэж байдаг юм билээ. Тэр худгийн эхэнд нь өрөмдлөг хийчихсэн байгаа. Тэгэхээр худгийн ус бохирдох бүрэн боломжтой.
Бид нэлээд хэдэн газраас дээж авсан. Шар довын бохирдсон ус болон зөөвчийн I,II худаг, Д.Норсүрэн гуайн өвөлжөөний дэргэдэх худаг зэргээс дээж авсан. Яг “Кожеговь” компанийн хажууханд “Ордгео” гэдэг өрөмдлөгийн компани байдаг юм билээ. Тэр компанийн ажилчид бас гүний ус уудаг юм байна. Тэр уснаас нь бас дээж авч ирсэн байгаа. Эдгээр дээжүүдээ гадаад, дотоодод шинжлүүлнэ.
-Цацрагийн хэмжээ хэвийн байдлаас ес дахин их байгаа нь малын үхлийн шалтгаан болж чадах уу?
-Үүнийг мэргэжлийн хувьд би хэлж чадахгүй. Олон улсад цацрагийн байх ёстой стандарт 0.2 гээд тогтоочихсон байгаа. Үүнээс хоёр дахин их буюу 0.4 болоход л асуудал гарч ирнэ биз дээ. Тийм байхад ес дахин их байна гэдэг бол яаж ч бодсон хортой. Мэдээж сэтгүүлч та нар мал тухайн хортой нөхцөлд хэр удаан байвал үхэх үү гэж асууж болох.
Гэтэл хэдэн жилийн дараа хорт хавдар үүсэхийг тогтооход бэрх. Цацрагийн хор гэдэг чинь янз бүр. Нэгдүгээрт цацраг, хими, хүнд металлын гээд олон төрөл. Эдгээрээс хордох нөхцөл нь агаар, тоосонцороор дамжина. Тоосонцороор гэхэд хамрах хүрээ хязгааргүй болж таарна. Нэгэнт Кожеговь салхин дээр байгаа бол 100 км-ийн зай бол юу ч биш болж таарна. Хэрэв тэнд асуудал байгаа бол хордох нөхцөл хязгааргүй болчихож байгаа юм. Энэ нь Зүүнбаян, Аргалант баг бус цаашлаад Улаанбадрах сум, аймгаараа хүртэл хордох боломж бий болно.
Хоёрдугаарт, хөрс, гүний усаар дамжих юм бол ундны ус хэрэглэж байгаа иргэд, мал хордох боломжтой. Би энд яг цацрагаас болж тэгсэн гэж хэлэхгүй. Яагаад гэвэл баттай мэдэхгүй байна. Ерөнхийдөө байдал эвгүйтсэн байна гэдгийг л яриад байна.
-Та бүхэн Кожеговийн удирдлагуудтай уулзаж 374 дүгээр цооногт байдал ийм байгааг тус хайгуулын ангийн Байгаль орчны ажилтанд уламжилсан уу. Үхсэн малын сэг зэмийг шувуу идэхгүй байна гэж малчид ярьж байсан. Энэ талаар?
-Энэ бол үнэн. Биднийг үхээд 10, 20 хонож байгаа гэсэн хурга, ишигний сэг дээр очиход бүтнээрээ байсан. Шувуу, нохой нүдийг нь ч ухахгүй байна гэж байсан. Үүнийг Аргалант багийнхан бүгд хэлж байсан.
Мөн Зүүнбаян сумын малчин айлд очиход ч яг л дээрх байдал ажиглагдсан. Биднийг очсоны дараа Кожеговь нийгмийн ажилтантай болсон гэсэн. Тэрбээр 374 номертой цооногийн ойролцоох орчныг хашаагаар хамгаална гэдгээ мэдэгдээд байгаа.
Манай ажлын хэсэг Засгийн газрын дүгнэлтийг эсэргүүцэж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Хайгуулын ангийн дарга Түвшинтулгаас хэрвээ танай компанийн технологийн алдаанаас болоод хүн, мал хордвол “Арева” хариуцлага хүлээх үү гэхэд “Үгүй. Засгийн газар хариуцлага хүлээнэ. Бид хүлээхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр энэ ажлын цаана захиалагч байна гэж ойлгогдож байгаа юм.
-Ураныг хүхрийн хүчлээр уусган олборлох аргыг олон улсад хэрэглэхээ больсон. Учир нь гүний усанд хүхэр алдсан гэж та ярьж байсан. Ямар улсад ийм зүйл болсон юм бол. Тодорхой жишээ дурьдаач. Одоо “Кожеговь” компани яг энэ аргаар уран олборлох гээд хайгуул хийж байгаа шүү дээ?
-Ураны газрын гүнд хайлуулж авах аргын эрсдэл бол гүний усыг бохирдуулах юм. Xүхрийн хүчлээр хайлуулсан уран агуулсан чулуулгийг гүний усанд нийлүүлэхгүй байлгаж чадах баталгаа байхгүй юм.
Энэ аргаар уран олборлосон бараг бүх тохиолдолд гүний усны найрлага олборлолтоос өмнөх хэмжээгээ алдсан байдаг нь энэ аргаар 100 хувь байгальд халгүй уран олборлоно гэж байхгүйг батлаад байна. Жишээлбэл, Болгар улсад энэ аргаар уран олборлосноос цацраг идэвхит ба хүнд металлууд орчинд тархсанаас тэнд газар тариалан эрхэлж болохгүй болсон. Мөн Украйнд энэ аргыг хэрэглэдэг газрын орчинд хийсэн усны шинжилгээгээр сулфатын хэмжээ маш өндөр байгаа нь тогтоогдсон. Ундны усны PH=7 байх ёстой байхад тэнд PH=н2 гарсан байдаг.
Чех улсын Страж под Ралскэм гүний усыг маш өргөн хэмжээгээр бохирдуулсан. Тухайн аргаар уран олборлоход гүний ус бохирдуулахаас гадна өөр аюул бий. Энэ нь газрын дороос гаргаж ирсэн чулуулаг шавраас ураныг ялгаж авах явцад агаарт цацагдах Радон хий болон үлдэгдэл, хаягдал ялгарах шавар юм. Газрын гүнээс гарч ирсэн эрдэс дотор молибден, ванадиум, селен, төмөр, хар тугалга, хүнцел зэрэг хүнд металлууд хамт дагалдан газрын хөрсөнд дээр гарч ирдэг. Ураны чулуулгийн зөвхөн 0.01 хувь нь нь уран гэвэл 99.99 хувийн хаягдал ялгарна. Монголынх дунджаар 0.17 юм юм билээ.
Энэ хаягдал бол хүчил агуулсан бусад бодисууд цөөрөм болж үлдээд, ууршаад салхиар хийсэн байгальд тарна. Дээрээс нь хамгийн ноцтой нь энэ аргаар уран олборлоход эргээд нөхөн сэргээх боломжгүй. Дэлхий дээр тийм технологи огт байхгүй. Газрын гүнд байгалийнхаа жамаар байсан ураныг салгаад авчихлаа. Тэгэхээр тэндээ бүх цацраг идэвхт бодис идэвхжинэ. Түүнийг намдаана гэж байхгүй. Үндсэндээ газрын гүнд нь мөнхөд асаагаад орхичихож байгаа байхгүй юу. Хоёрдугаар аюул нь гүний усанд цацраг ойрхон байвал бохирдуулна. Тэгээд уран олборлосон, хайгуул хийсэн компани өрөмдсөн газраа үхмэл орчин боллоо гээд л хаяад явдаг.
-Саармагжуулах арга гэж байхгүй юу?
-Ер нь бол саармагжуулна гэдэг чинь нөхөн сэргээлт биш. Тэгээд цацраг идэвх нь идэвхжсэн байхад саармагжуулна гэж хэзээ ч байдаггүй. Нэгэнт хөнгдөгдсөн бол олон мянган жилээр цацраг ялгаруулаад л байж байна гэсэн үг. Нөгөө талаар хүхрийн хүчил гэдэг чинь идэмхий бодис. Тэгэхээр цооногт ашиглаж байгаа төмөр хоолойг идэх боломжтой. Хэрвээ идчихвэл цоорно. Цоорлоо гэвэл хүхрийн хүчил хөрсөнд шингэх аюултай. Уг нь шүлтийн уусмалаар уран олборлох арга байдаг юм гэсэн. Тэр нь арай дээр.
Гэхдээ олон улсад хүхрийн хүчлээр л уусгаж авдаг аргыг голчлон ашигладаг. Газрын гүнээс хүхрийн хүчлээр уусгаж олборлох арга нь ил уурхайгаас арай аюул багатай. Ил уурхай бол бүх зүйлийг нь ил гаргаад тавьчихдаг. Гүнийх бол дор нь орхичихно. Харин ямар нэгэн онгорхой байх юм бол цацрагын ямар нэгэн асуудал гарч ирэх нь тодорхой.
-Энэ олон хөдөлгөөнүүд цаашид ч гэсэн энэ асуудалтай тэмцэнэ гэсэн. Яг ямар үйл ажиллагаа явуулах гэж байна?
-Одоо манай хоёр хүн Улаанбадрах суманд ажиллаж байгаа. Тэнд багийн нэгдсэн хурал болсон. Биднийг очих үед багийн хурал нь болоогүй байсан. Хурлыг нь хүлээнэ, наашлуулна гэхээр бага зэрэг төвөгтэй байсан. Хөдөөгийн малчдыг цуглуулах хэцүү. Тиймээс бид энд хэвлэлийн бага хурал хийлгэчихээд хоёр хүнээ дахиж явуулсан юм. Манай хүмүүс тэнд долоо хоног ажиллана.
Эхний ээлжийн мэдээгээр Улаанбадрах сумын иргэдтэй уулзаж, санаа оноогоо хуваалцсан гэсэн. Дараа нь гуравдугаар багийн иргэдтэй уулзана. Тэд энэ асуудлыг 100 хувь эсэргүүцнэ, хамаг байгаагаа зориулна гэсэн. Яагаад гэвэл тэр хүмүүс гурван зүйлээр хохирчихоод байгаа юм. Мал эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон. Хамгийн гол нь тэд сэтгэл санааны хувьд их дарамттай байгаа. Айдастай, урам зориггүй болсон. Хуц, ухна тавих сонирхолгүй болж. “Би тэмээ өсгөе гэж бодож байсан. Одоо ямар ч сонирхолгүй болчихлоо” гэж ярих малчин ч байна.
Тэд зөвхөн өөрсдийнхөө төлөө санаа зовохгүй байгаа. Үр удам гэж байна. Хэрвээ цацрагийн хор байгаа бол 1, 2, 3 дугаар үе гээд л явчихна. Ерөнхийдөө албаны хүмүүс тэр хавийн малчдыг шинжилгээнд хамруулаад байгаа юм билээ. 30 хүнээс элэгний биохимийн шинжилгээ авахад 15 нь маш их өөрчлөлттэй гарсан гэсэн. Түүндээ маш их санаа зовж байсан.
-Засгийн газрын ажлын хэсгийнхэн селен энэ тэр гээд хүнд металлын талаар яриад байсан. Тэр бодисууд нь малыг үхэлд хүргэдэг юм уу?
-Хүхрийн хүчлээр уран уусгахад зөвхөн ураныг нь гаргаж ирэхгүй шүү дээ. Тэр газрын гүнд байгаа тори энэ тэр гээд бүх л металл, бодисыг гаргаж ирнэ. Хүхрийн хүчил чинь идэмхий бодис. Уг нь манай улс хөрсөн дээрх селений агууламж багатай орон гэдэг юм билээ. Тэгвэл хөрсөн доор их байсан байж болох талтай шүү дээ.
Түүнийг нь хүхрийн хүчлээр уусгаж гаргаж ирээд, устай хамт шаврын цэг дээр хаячихаар ус нь ууршаад, селен нь үлдсэн байх магадлал байж болно. Ингээд селен өндөрссөн байх магадлал байгаа. Тэгээд үхсэн тугалнууд тэр уснаас нь уусан, шавраас долоогоод үхсэн ч юм бил үү, яаж мэдэх юм. Тэгээд одоо шинжилгээгээр илрээд байж болох. Хэрвээ тийм байвал “Кожеговь” бас л буруудана.
Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn