Г.Ариунболд: “КОЖЕГОВЬ”-ийн үйл ажиллагаанаас болж мал үхсэн нь нотлогдвол засгийн газар хариуцлага хүлээнэ гэсэн
Posted: 2013/05/17 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул, Цөмийн хуйвалдаан | Tags: Арева, Ноцтой 2 Comments“Үнэн” сонины 2013-5-17-ны дугаар
Хэд хоногийн өмнө Дорноговь аймагт иргэний хөдөлгөөнийхөн ажиллаад ирсэн. Энэ талаар “Голомт” цөмийн эсрэг төрийн бус байгууллагын тэргүүн Г.Ариунболдтой ярилцлаа.
-Иргэний хөдөлгөөнийнхөн Улаанбадрах суманд ажиллаад ирлээ. Явсан зорилго юу байв?
-“Гал үндэстэн”, “Ногоон хас”, “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” зэрэг хэд хэдэн иргэний хөдөлгөөн хамтарч Дорноговь аймгийн Улаанбадрах сумын байдалтай танилцаад ирлээ. Энэ үйл ажиллагааны зорилго нь тодорхой. Малчин Д.Норсүрэнгийн 20 гаруй тугал үхсэн шалтгааныг тодруулахаар саяхан Засгийн газраас ажлын хэсэг байгуулж дүгнэлт гаргалаа. Энэ дүгнэлтийг бид эсэргүүцэж байгаа. Төсвөөс 98 сая төгрөг гаргаж ажиллачихаад эцсийн үр дүнг гаргаж чадахгүй, цаашид үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргалаа. Улаанбадрах сумын иргэд тухайн асуудлыг юу гэж бодож байгаа болон малчдын үгийг сонсох зорилготой. Мөн цаашид тэмцэх зүйлүүд дээр хамтарч тэмцэхээ мэдэгдсэн байгаа.
-Та бүхэн малчдын хүсэлтийн дагуу явсан уу. Аль эсвэл сайн дураараа энэ үйл ажиллагааг зохион байгуулсан юм уу?
-Бидэнд тухайн бүс нутгийн малчид утсаар мэдээлэл өгч, байнгын холбоотой байдаг. Ер нь бол малчид бидэнд хүсэлт тавиагүй, иргэний хөдөлгөөнүүд нэгдэж шийдвэр гаргасан. Манай ажлын хэсэг эхлээд Сайншанд сумын Зүүнбаян багт очсон. Байдал үнэхээр хэцүү байгаа нь илт харагдаж байсан л даа. Юу гэхээр гажигтай төл, доголон хонь, ямаа олон байсан. Бидний очсон айл ойр хавийн малчдаа утсаар дуудаж, орой хэрд бараг багийн хурал хийсэн. Биднийг ирсэн гэж дуулаад 40 гаруй км-ээс хүртэл малчид зорьж ирсэн. Ингээд малчдын хэлж ярьсан, эмгэгтэй төл малын дүрсийг авч баталгаажуулсан. Ярилцлага өгсөн малчдын регистрийн дугаар, нэрийг нь олон нийтэд мэдээлэхийг зөвшөөрсөн гарын үсэг цуглуулсан. Сайншанд сумын Аргалант баг нь “Кожеговь” хайгуулын ангийн салхин доор байрладаг юм билээ. Цугласан малчдаас малын хорогдолгүй, эмгэг төл гараагүй айл байгаа эсэхийг асуухад бүгд ямар нэгэн байдлаар үхэж үрэгдсэн гэж мэдэгдсэн. Жишээлбэл, 43 жил мал маллаж байгаа Дашцэрэн гуай “ийм юм үзээгүй. Сүүлийн хоёр жил л мал зүй бусаар хорогдож, эмгэг төл гарах боллоо” гэж ярьсан. Малчид энэ байдлыг “Кожеговь”-ийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байна лээ. Иймээс энэ компанийн үйл ажиллагааг зогсоохийг хүсч буйгаа илэрхийлсэн.
-Та физикийн багш хүний хувьд цацрагийн хэмжилт, шинжилгээ хийсэн байх. Энэ талаараа танилцуулна уу?
-Манай “Голомт” цөмийн эсрэг хөдөлгөөн Монголд уран олборлохыг эсэргүүцэж байгаа. Засгийн газрын дүгнэлтээр цацрагийн хэмжээ хэвийн байна гэсэн. Бид нутгийн малчдаар зам заалгаж хэд хэдэн газар очсон. Эхлээд хайгуулын ангид очиж ажилчидтай уулзсан. Дараа нь 1970-1980 оны үед тухайн бүс нутагт асгасан Оросын овоолго гэж байдаг юм билээ.Тэнд очиж цацрагийн хэмжилт хийхэд цацрагийн хэмжээ байх ёстой хэмжээндээ байсан. Харин уг овоолгын ойролцоо саяхан асгасан бололтой хаягдал шавар, шавхай байсан. Тэнд цацрагийн хэмжилт хийхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс ес дахин их цацрагтай гарсан. Хэмжилт хийсэн багажаа зургаан сарын өмнө Герман Улс уруу явуулж бүх баталгааг хийлгэсэн байгаа. Иймээс хийсэн хэмжилтэнд эргэлзэх зүйл байхгүй.
-Та нар хэмжилтээр гарч ирж байгаа бүх стандартыг найдвартай мэдэж байгаа мэргэжлийн хүмүүс биз дээ?
-Мэргэжлийн гэдэг чинь хоёр янз. Нэгдүгээрт, би цөмийн мэргэжилтэн биш. Физикч хүний хувьд тодорхой хэмжээний цөмийн талаар мэдлэгтэй. “Кожеговь”- ийн хаягдал шавар асгадаг Шар довд хийсэн хэмжилтээр цацрагийн хэмжээ байвал зохих хэмжээнээс хоёр дахин их байсан. Дэлхийн хэмжээнд цацрагийн хэмжээ 0.2 байхыг хүлээн зөвшөөрдөг. Германд бол 0.1 байдаг. Шар довд очиход хаягдал шаврыг тойруулж ямар ч хашаа татаагүй байсан. Газар хонхойлж гялгар уут дэвсээд шавраа асгасан байна лээ. Сонирхолтой нь хаядал шавар дээр маш их ус тунасан байсан. Хөлдсөн ус нь гэсээд дээшээ тунасан байж болно. Сүүлд нэмж асгасан ч байж болзошгүй. Хоёрдугаарт, тус хаягдал шаврын ойролцоо малын мөр их байсан. Ес дахин их цацрагтай байсан 374 дүгээр цооногын ойролцоо үхэр, тугалын мөр байсан.
-Засгийн газраас очсон ажлын хэсгийнхэн “Кожеговь”-ийн ойролцоогоос дээж аваад л буцсан. Малчидтай уулзаагүй гэсэн гомдол гаргаж байсан. Энэ хэр үндэслэлтэй юм бол?
-Энэ талаар малчидтай уулзах үеэр бүгд л хэлж байсан. Цөмийн энергийн газраас очсон мэргэжилтнүүд малчдад “Уран бол хоргүй. Та нарын идэж байгаа боорцог, өмсөж байгаа хувцсан дотор чинь хүртэл уран байгаа. Бараг л талхан дээр тавиад иддэг элсэн чихэр шиг л юм байдаг” гэж сурталчилсан байна билээ. Аргалант багийн 20 гаруй өрхийн малчидтай уулзахад бүгд л “Кожеговь”- ийн үйл ажиллагааг зогсооход бэлэн буйгаа илэрхийлж байсан. Манай ажлын хэсэг Улаанбадрах суманд хоёр удаа уулзалт зохион байгуулахад тус сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, улсын аварга малчнаас жирийн олон малчин хамтарч тэмцэнэ гэдгээ 100 хувь илэрхийлсэн. Хуралд оролцсон малчид малын нүд өвдсөн, дотор эрхтэнд толбо үүссэн, элэг, уушгин дээр нь цэврүү үүсчихсэн байгаа талаар хэлсэн. Бүр зарим нэг нь газар дээр нь мал гаргаад дотор эрхтэнийг харуулж байсан. Тэр байтугай нүүргүй ишиг, түнхний гажигтэй ботго гараад үхсэн байхыг үзсэн.
-Засгийн газрын ажлын хэсэг иргэдээс олон төрлийн шинжилгээ авсан. Ямар ч өөрчлөлтгүй гарсан гэж мэдээлсэн. Үүнийг тэд хүлээн зөвшөөрч байна уу?
-Засгийн газрын ажлын хэсэг зөвхөн нэг зүйлд хариу гаргах гэж очсон. Малчин Д.Норсүрэнгийн 22 тугал цацрагаас болж үхсэн үү гэдэг асуудал. Тэгээд үхээгүй гэсэн дүгнэлт гаргалаа. Энэ учир дутагдалтай. Зөвхөн нэг эрх мэдэлтэн, нэг компанид зориулж хариулт хайсан юм шиг. Гэтэл байдал ямар байсан гэхээр тэр хавийн ихэнх айлын малд нөлөөлчихсөн байна. Гамшгийн хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Биднийг тухайн газар нутагт ажиллаж байхад нэг малчны хонь хургалж чадахгүй ураг дотроо үхсэн. Түүнийг гаргаж ирээд задлан хийхэд хурганы элэг хав хар болсон байхыг үзлээ. Мөн 30 хүнд шинжилгээ хийхэд 15 нь элэгний өөрчлөлттэй гарсан гэдгийг бидэнд хэлсэн. Иймд иргэд одоогоор маш айдастай байна. Сэтгэл санаа тогтворгүй, хэцүү байдаг тухай уламжилж байсан. Зарим нэг нь нүүх, суух талаар ярьж, гажигтай төл олон гарч үхэж байгаа болохоор ирэх намар хээлтүүлэгч мал тавихгүй байхаар шийдсэн тухайгаа ч ярьж байна лээ.
-Та нар үхсэн малын сэг, ус, хөрсний дээж авсан уу. Хаана шинжлэх вэ?
-Хэд хэдэн газраас дээж авсан. Шар довын бохирдсон ус болон Зөөвчийн I,II худаг, Д.Норсүрэн гуайн өвөлжөөний дэргэдэх худаг зэргээс дээж авсан. Эдгээр дээжүүдээ гадаад, дотоодод шинжлүүлнэ.
-374 дүгээр цооногт цацрагийн хэмжээ хэвийн байдлаас ес дахин их байгаа нь малын үхлийн шалтгаан болж чадах уу?
-Үүнийг мэргэжлийн хувьд би хэлж мэдэхгүй. Олон улсад цацрагийн байх ёстой стандарт 0.2 гээд тогтоочихсон байгаа. Ийм байхад ес дахин их байна гэдэг нь яаж ч бодсон хортой. Мэдээж хэн нэгэн “мал тухайн хортой нөхцөлд хэр удаан байвал үхэх вэ” гэж асууж болох. Гэтэл хэдэн жилийн дараа хорт хавдар үүсэхийг тогтооход бэрх. Ураны хайгуул хийж байх үед цацраг, хими, хүнд металлын гээд олон төрлийн хоруу чанар бүхий элемент ялгардаг. Эдгээрээс хордох нөхцөл нь агаар, тоосонцроор дамжина. Тоосонцроор гэхэд хамрах хүрээ хязгааргүй болж таарна. Нэгэнт “Кожеговь” ХХК салхины дээд талд байгаа л бол 100 км-ийн орчинд тархах бол юу ч биш. Өөрөөр хэлбэл, тэнд асуудал байгаа л бол хордох нөхцөл хязгааргүй болж байгаа юм. Энэ нь Зүүнбаян, Аргалант баг бус цаашлаад Улаанбадрах сум, аймгаараа хүртэл хордох нөхцөл бүрдэж болно. Хоёрдугаарт хөрс, гүний усаар дамжвал ундны ус хэрэглэж байгаа иргэд, мал бүгд хордоно.
-Та бүхэн “Кожеговь”-ийн удирдлагуудтай уулзаж байдал ийм байгааг хэлсэн үү.
-Биднийг очсоны дараа “Кожеговь” нийгмийн ажилтантай болсон гэсэн. Тэрбээр 374 дугаартай цооногийн ойролцоох орчныг хашаагаар хамгаална гэдгээ мэдэгдээд байгаа. Хайгуулын ангийн дарга Түвшинтулгаас хэрвээ танай компанийн технологийн алдаанаас болж хүн, мал хордсон нь нотлогдвол “Арева” групп хариуцлага хүлээх үү гэхэд “Үгүй. Засгийн газар хариуцлага хүлээнэ. Бид хүлээхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр энэ ажлын цаана захиалагч байна гэж ойлгогдож байгаа биз.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Алтанхуяг нэг л биш шуу
Улаанбаатар хотын цахилгаан станцуудын үнсэнд маш их цацраг идэвхт бодис байна. 1 тонн үнсэнд 100 грамм уран байна. Гэтэл тэр үнс хотыг бүрхээд зүгээр л сул хийсэж байна. Улаанбаатарынхан үнэндээ Улаанбадрахынхнаас илүү цацрагийн хордлогод нэрвэгдэж байна. Та нар улс төрийн шоу хийгээгүй л юм бол, ард иргэдээ цацрагаас хамгаалъя л гэж байгаа юм бол анхааралаа хандуулах асуудал чинь энэ шүү.