Зуу ч наслахгүй байж зуун мянган жилийн гай зовлон авчруузай!

          Майничи сонины 2 сарын 21-ний дугаарт ерөнхий сайд С. Батболд АЦС барих гэрээ хийх зорилгоор Япон улсад айлчлах тухай мэдээ гарчээ (1).

 

Сонирxож судлавал, ерөнхий сайд ба түүний гэргий нь ЭБЭX-ийн сайд Д. Зоригт, Сангийн сайд Д. Хаянхярваа, Дэд бүтцийн сайд Ц. Дашдорж, Байгаль Орчны дэд сайд Ч. Жаргалсайхан, ЭБЭХ-ийн дэд сайд Т. Энхтайван, ГХ-ийн дэд сайд Г. Тэнгэр, УИХ-ын гишүүн Д. Дамба-Очир, Ш. Сайхансамбуу, Ж. Сүхбаатар, УБ ТЗ-ын дарга Т. Очирхүү, “Эрдэнэс МГЛ” XXK-ийн захирал Я. Долгоржав, Сангийн яамны газрын дарга Б. Хүрэнбаатар, Дэд бүтцийн яамны газрын дарга Д. Наранпүрэв, ХААХХ яамны  газрын дарга Л. Чой-Иш, ерөнхий сайдын зөвлөх О. Оч, Н. Энхбаяр, Б. Тогтохсүрэн, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга М. Оюунчимэг, Онцгой Байдлын ерөнхий газрын дарга Ц. Амгаланбаяр, “МонАтом” төрийн өмчит XXK-ийн захирал Г. Цогтсайхан, сумогийн аварга Д. Дагвадорж зэрэг бараа бологдсын хамтаар 3-р сарын 10-15 өдрүүдэд Токио, Осакад зочлох гэнэ.

Ерөнхий сайдын айлчлал Фукушимагийн нэг жилийн ойтой давхцаж байна. Хорин хэдэн жилийн тэртээх Чернобылийн АЦС-ын эмгэнэлт сургамжийг мартагнаж байсан хүн төрөлхтнийг 2011 оны 3 сарын 11-нд болсон Фукушимагийн цөмийн ослын харанга цочоосон. Аймшигт гамшгаас хойш ганцхан жил өнгөрч байхад АЦС  барих гэрээ хийж яваа нь юуг ёрлоно вэ? Амаа олохгүй магтаад буй АЦС гэгч нь авралын од, хөгжлийн хөдөлгүүр мөн үү?

 АЦС барьж үсрэнгүй хөгжье хэмээх ээлжит хошгируулалт

Сүүлийн үеийн нэг том сенсаац нь “АЦС бол хөгжлийн манлай” хэмээх тархи угаах  бодлого билээ. Академич хөгшнөөс авахуулаад АНУ-д төгссөн доктор хүртэл тэр жүжигт оролцсон. Цөөнгүй нөхөд ч үнэмшиж, цөмийн хаягдал Монголд булшлуулахгүй гэх атлаа “цөмийн энерги эзэмшиж, цэнгэлийн далайд умбая”, “цөмийн зэвсэг эзэмшиж, хойт урьд хөршөө айлгая” хэмээн төөрөгдөж яваа. Тэгвэл цөөн хэдэн өгүүлбэрээр АЦС хэмээх домгийн жинхэнэ нүүр царайг илчлэе. 

            Өнөөдөр АЦС нь нэн ялангуяа бага насны хүүхдэд хорт хавдар үүсгэдэг нь судалгаагаар нотлогдсон (2). Уран олборлоход хорт радон хий, үхлийн тоосонцор дэгдэж, уурхайчид, орон нутгийн хүмүүсийг өвчлүүлдэг. Монголд уран олборлож буй Францын Арева гэгч компани нь ураныг газар дор хүчлээр уусган авч байгаа. Энэ арга нь асар их ус ашигладаг төдийгүй газрын гүний усыг хордуулах аюултай тул Австрали улс татгалзсан билээ (3).

           АЦС ажиллуулахад жилд 31 тонн цөмийн хаягдал гарна (4). Тэр хаягдлыг хаана булшлах вэ? Говь Алтайд уу? Өмнийн говьд уу? Чойрт уу? Чойбалсанд уу? Зуун мянган жил хордох хүсэлтэй аймаг хот, гайндаа гарсан газар нутаг, ард иргэд юусан билээ?

           Монголд барихаар санаархаж буй 1000 MW АЦС нь жилд ойpолцоогоор 27 тонн ураны түлш хэрэглэнэ. Монгол улс 1.4 сая тонн ураны нөөцтэй гэж цээж дэлддэг. Тэгвэл цөмийн реакторыг 60 жилд ажиллуулахад 1620 тонн уран ашиглана. Үлдсэн 99.9% уранаа ухаж гадаадад гаргана байх. Ингэснээр  1 сая 398 тонн дотоодын уранаар үйлдвэрлэсэн цөмийн түлшийг ашигласан улс орнууд хаягдлаа Монголд буцаана. Энэ нь 2009 онд батлагдсан Цөмийн Энергийн тухай хуулийг зөрчихгүй, бас ГАДААДЫН цөмийн хаягдал авахгүй гэсэн Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй ч зөрчилдөхгүй юм. ДОТООДЫН уранаар хийсэн гэдгийг мэдэж байгаа биз дээ гэж мурих замаа тэд хэдийнээ бодож олсон аж.

           Товчхондоо хэлвэл, АЦС барина гэдэг үлгэр бол Монголын ураныг чөлөөтэй олборлож, хуулийн цоорхой, авилгач түшмэдээр далимдуулан цөмийн хаягдлаа булшлах гэсэн харийнхны бодлого бус уу.

           Монгол улс АЦС барьвал жилийн 31 тонн хаягдал маань 31 мянган тонн  эсвэл 310 мянган тонн болж хувирах боломжтой. Цацрагт хордсон иргэд хорт хавдраар нас барж, удмын санг хордуулснаар үр хүүхдүүд маань гажигтай төрнө.

           Чухамдаа дээрх нь цөмийн түлшний лийзингийг дэмжигч “Монголын Цөмийн Санаачилга” төслийн гол утга санаа. Япон, Арабын Эмират, Тайвань, Солонгос, Энэтхэгт ураны түлш нийлүүлсэн Монгол улс цөмийн хаягдлыг нь буцаад авснаар дэлхий нийтийн цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдлыг хязгаарлах, цөмийн реактороо зарж хөлжих, үндэсний аюулгүй байдлыг хангах гэсэн бусад гүрнүүдийн ашиг сонирхлын золиос болох юм.

           Уран нийлүүлчээд хаягдлаа буцааж авдаг нь “дэлхийн стандарт” хэмээх нь солиорол. Бараг арваад жилийн өмнөөс л Олон улсын Атомын Энергийн Газар их гүрнүүдийн ашиг сонирхолд үйлчлэн олон улсын цөмийн булш болох газар нутгийг эрж эхэлсэн ч өдийг хүртэл амжилтанд хүрээгүй (5). Австрали, Казахстан улсуудад санал болгоод тэдгээр улс орнуудын ард түмэн , засгийн газрын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Монгол улс маань цөмийн хаягдлын булш бишээ!

           Хичнээн Монголын уранаар ч хийгдсэн бай гадны реакторт ашиглагдаж, харь орны хүмүүс ашигласан бол яагаад ДОТООДЫН хаягдал билээ??? Үгийн зөрүүгээр тоглосон 2009 оны цоорхой хууль ГАДНЫ ашигласан цөмийн хаягдлыг Монголд булшлах боломжийг бий болгосон. 

           Бид нүүрсээ экспортлоод үнсээ авдаггүйн ижил, махаа экспортлоод яс, ялгадас авдаггүй шиг уранаа гаргаад ЦӨМИЙН ХОРТ ХАЯГДАЛ авна гэж үү? 

           Өнөөдөр Канад, Украин, Австрали гээд уран олборлогч олон улс орнууд нийлүүлсэн ураныхаа хаягдлыг буцааж авдаггүй.  Ганц ОХУ л цөмийн түлшний банк гэгч төслийг сонирхон хэрэгжүүлж үзэж буй. Атомын бөмбөг, сансрын хөлөг бүтээх чадалтай Орос гүрэнтэй бусдын хатгаасаар барьцалдаж суух нь зөв үү ? Аварга гүрнүүдийн тоглоом болох вий дээ. Мэргэжлийн боловсон хүчин, туршлага үгүй, хараа хяналт, сахилга бат сул, газар хөдлөлтийн онцгой бүсэд оршдог,  авилгалд идэгдсэн Монгол улс цөмийн хаягдлаар наадах хэрэг байна уу?

Бидэнд санал байна:

1. Xариуцлага хүлээх тогтолцоо нь бүрдээгүй, арын хаалга, авилгал цэцэглэсэн,  эрх баригчид нь худал ярьж, хулгай хийдэг,  хууль бус лицензийн наймаа хийж, гэмт хэрэгт байнга орооцолддог Монголын нийгэмд АЦС шиг эмзэг байгууламж тохирохгүй. АЦС асар их хариуцлага шаардах төдийгүй, мөч тутам их бага осол гарах эрсдэл агуулдаг. Харсаар байхад өвчиндөө энэлэн шаналж суугаа Хонгорынхныг хордсоныг хүлээчих хүн чанар өнөөдрийн улс төрчдөд алга. Чернобыльд, Фукушимад осол болоход төр засаг, цөмийн энeргийн компанийхан үгсэн хуйвалдаж, гамшгийн цар хүрээг ард түмнээс нууж байсан. Монголд цацраг алдагдвал бидэнд үнэнийг хэлнэ гэдэгт та итгэлтэй байна уу?

2. Өнөөдрийг хүртэл цөмийн энергийн үйлдвэрлэлийн салшгүй нэг хэсэг асар өндөр хор хөнөөлтэй ашигласан түлшнийхээ хаягдлын асуудлыг шийдсэн улс орон манай гариг дээр байхгүй. Азаар Монголчуудад тийм зовлон алга. Гэвч түүгээр яваа гайг үүгээр дуудаж ирүүлж, хэдэн халтар төгрөгөөр эх орон, ард түмнээ худалдахаас сийхгүй хүмүүс бидний дунд байна. Заcгийн газрын гишүүд дунд Монголд  цөмийн хаягдaл булшлах яриа хэлэлцээр хийсэн хүмүүс байгаaг Цөмийн Энергийн Газрын дарга С. Энхбат саяхан илчилсэн билээ (6).

3. Цөмийн эрчим хүч ашиглах асуудал бол эрх мэдлийг мөнгөөр худалдаж авсан эрхмүүдийн толгой мэдэж шийдэх зүйл ердөө ч биш. Улс орны ирээдүй, хувь заяатай холбоотой энэ асуудлыг ард түмнээрээ нээлттэй хэлэлцүүлж байж шийдэх нь зүйтэй. 2008 онд Цөмийн Энергийн Хуулийг баяр наадмаар далимдуулан, ганцхан өдрийн дотор багтааж “цөмийн талаар А ч үгүй шүү дээ бид” гэсэн хэсэг хүмүүс сэмхэн баталсан (7). УИХ хурал яаж хууль баталдгийг илчилсэн, ерөнхий сайдын албыг хашиж буй улс төрч бусдын өмнөөс хэд хэдэн кноп хулгайгаар дарж суугаа видео бичлэг youtube дээр баримт болон үлдсэн (8). Ингэж баталсан хууль хүчинтэй юу? “А ч үгүй” хүмүүсээр хэлэлцүүлсэн хууль хүчинтэй юу? Цөмийн Энергийн Газрын даргын хууль бусаар олгосон ураны 21 лиценз хүчинтэй юу? (9)

 

Ерөнхий сайд аа, дээр нэр дурьдагдсан сайд, түшмэд, УИХ-ын гишүүд, эрхтэн дархтанууд аа!   Өнөөдөр та бүхэнд төрийн эрхийг түрхэн хугацаанд барилцаx өндөр завшаан олдсон авч Монгол улсын газар нутаг, эрдэс баялaг, хүн ардын эрүүл мэнд, амь насаар тоглох эрх та нapт байхгүй. Газар нутгаа бүрэн бүтэн, эрүүл саруулаар нь ирээдүй хойч үеийнхэндээ өвлүүлж өгөх үүрэгтэй билээ, та бүхэн! 

Зуун жил ч наслахгүй байж зуун мянган жил үргэлжлэх зовлон шаналлыг Монголчуудад авчруузай даа!

 

Амарлин болон АНМ бүлгийн гишүүд

http://golomt.org

 

Жич: Ерөнхий сайдын хөтөлбөрт Японы тэргүүлэх сонинуудын нэг болох “Майничи Шинбунд” ярицлага өгөх тухай оржээ. Хэдхэн сарын өмнө Монголд цөмийн хаягдал булшлах  нь гэсэн хуйвалдааныг илчлэхэд нь арга ядрахдаа Майничи бол гудамжны шар хэвлэл, үндэслэлгүй мэдээлэл цацдаг гэж гүжирдэж (10) суусан биш билүү, чааваас гэж…

 

 

Ашигласан эх сурвалжууд:

1. Монгол улс цөмийн эрчим хүч, газрын ховор металлын чиглэлээр Японтой хамтрах боломж эрэлхийлж байна (Mongolia seeks tie-up with Japan in nuclear energy, rare earth). 2012 оны 2 сарын 21-ний Майничи сонин  * Tyc мэдээ хуучраад линк нь ажиллахаа больсон тул дээр screen print  өгөгдсөн болно. Түүнчлэн энэ нийтлэлийн The Japan News гэдэг сэтгүүлч авч нийтэлсэн  байна:

http://www.japantimes.co.jp/rss/nn20120222a7.html

2. Атомын цахилгаан станц цусны хорт хавдар үүсгэдэг нь нотлогджээ. The Ecologist сэтгүүлийн 2012 оны 2 сарын 15-ны нийтлэлийг орчуулсан Э. Амарлин. https://golomt.org/2012/02/18/3770/. Эх сурвалж: http://www.theecologist.org/News/news_analysis/1235795/new_study_links_childhood_leukaemia_to_nuclear_power_plant_radiation.html

3. Австралийн Эрчим хүчний нөөцийн газраас ураныг газар дор хүчлээр уусгаж олборлохыг хориглолоо (ERA cancels leaching plans). 2011 оны 8 сар. ABC News Телевизийн мэдээний видео бичлэг.   http://www.youtube.com/watch?v=WrwRhLzQvK0

4. С. Энхбат. Цөмийн Энергийн Газар. 2012 оны 2 сарын 29-нд тавьсан илтгэл.

5.  Developing multinational radioactive waste repositories: Infrastrutural framework and scenarios of ccoperation. IAEA-TECDOC-1413. Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, 2004 оны 10 сар. http://www-pub.iaea.org/MTCD/publications/PDF/te_1413_web.pdf

6. Т. Гэрэлмаа. Цөмийн хаягдлыг булах тухай хэлэлцээр хийсэн хүн нь Засгийн Газрын гишүүн. Өдрийн сонины 2012 оны 2 сарын 20-ны дугаар. http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=24836&vmet_main=9003&vt=&vl=archive&vdate=&vofile=7&left=yes&vpage=

7. Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы 6 дугаар сарын 04-ний өдөр /Пүрэв гариг/-ийн хуралдааны протокол. Э. Бат-Үүл гишүүний хэлсэн үг, 94-95 хуудас. http://www.parliament.mn/new/content/category/view/mid/3/itemid/164/id/3198

8.  Mongolian prime minister S. Batbold fact. Youtube дээрx видео бичлэг. http://www.youtube.com/watch?v=DmNCSz7jT58

9. Хууль бусаар лиценз олгосон хэргээр С. Энхбатыг шалгаж байгаа. Өнөөдөр сонины 2012 оны 3 сарын 2-ны дугаар. http://www.mongolnews.mn/i/28505

10. Занданшатар сайд аа, oдоо ”Нью-Иорк таймс” сонин руу захидал бичих үү. 2010 оны 9 сар. http://www.fact.mn/?p=23457

Дэлгэрэнгүй мэдээлллийг голомт.орг-оос үзнэ үү.

 


9 Comments on “Зуу ч наслахгүй байж зуун мянган жилийн гай зовлон авчруузай!”

  1. Buudah says:

    Буудах хэрэгтэй

  2. Mongol huu says:

    Яaна даа. Фукушимад асар хортой плутоний 241 илэрсэн гэж байна. Цөмийн хаягдал гэх аймшигт зүйлийг яана даа.

  3. Mongol huu says:

    2008 оны 7сарын 1 бол монголын хар θдθр. Тэр цагийг гадаад дотоод асуудал шийдэх гэж зориуд бий болгосон юм биш биз. За даа Америк энэ асуудлыг шийдэхийн тулд монгол улсыг золионд гаргасан бол яах вэ. Цθмийн хаягдал 2008 оны 7сарын 1 гэдэг 2 асуудал холбоотой байх бий дээ.

  4. Boum-Yalagch says:

    Австрали, Казахийн иргэд тэмцээд болоод байхад халуун цустай Монголчууд бид цөмийн аюулын эсрэг, үр хойчийнхоо төлөө туйлбартай зогсох түүхийн өмнө хүлээх үүргээ ухамсарлан нэгдэн нягтрах болно.

  5. zaya says:

    УНДРАА ГЭЖ ТЭР ЭМЭГТЭЙ МОНГОЛД ЦӨМИЙН ЭНЕРГИ БУЛШЛАХ ТАЛААР ЯМАР Ч ЮМ ЯРИАГҮЙ ГЭЭЛ ЗАХИА ХҮРТЭЛ БИЧЭЭД БАЙСАН БИЗ ДЭЭ, ГЭТЭЛ БҮР 3 ГАЗАР ХҮРТЭЛ ТОГТООЧИХЖЭЭ. АЙМААР АВГАЙ ВЭ, ХЭЛЭХ Ч МУУ ҮГ АЛГА

    • Mongol huu says:

      Дарга нарыг гадаадруу явах болгонд муу муухай гэрээ хэлэлцээр хийх бий дээ гэж хардах сэтгэл байнга дагаастай.

  6. Huvisgalt says:

    Mongol ulsiin ireedui burheg bolloo doo. Hiij chadah zuil huvisgal l baina daa.

  7. шууд буудах хэрэгтэй


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s