ШААРДЛАГА

9603_1473532442661169_4551025601599487505_n

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З. ЭНХБОЛД,

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД ХҮРГЭX ШААРДЛАГА

2016.03.29                                                                                   Улаанбаатар хот

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулж буй гэмт үйлдлийг таслан зогсоохын тулд эх оронч монгол иргэд бид энэхүү шаардлагыг УИХ-ын эрхэм гишүүд та бүxэнд хүргүүлж байна. Сүүлийн үед Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрд гадныхны ноёрхлыг тогтоож, шударга ёсыг уландаа гишгэж, байгаль дэлхийгээ сүйтгэж, гэмгүй ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах эрхийг уландаа гишгэсэн улайрсан үйлдлүүд хэрээс хэтэрч байна! Үүний нэг нь Монгол Улсыг Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны нэгдсэн конвенцид нэгтгэх санаачилга юм. Тус конвенцид нэгтгэх нэрэн дор Монгол Улсад гадны цөмийн хаягдал булшлах замыг нээж, Монгол Улсыг цөмийн циклийн “чөтгөрийн тойрогт” татан оруулахаар санаархаж буйг эх оронч иргэд эрс эсэргүүцэж, энэхүү хорт үйл ажиллагааг таслан зогсоохыг УИХ-ын эрхэм гишүүд та бүхнээс шаардаж байна!

Хэсэг бүлэг харалган, шунахай сэдэлтнүүд Монголын төрд шургалж, эх оронд минь гадны цөмийн хаягдал булшлах идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн нь аль эртнийх. Тэдний энэ бусармаг үйлдлийг Монголын ард иргэд тухай бүрт нь эсэргүүцэж, сануулж, шаардсаар байсан хэдий ч төрийн эрхэнд гарсан тус бүлэглэл нь 2009 оноос эхлэн холбогдох хуулиудыг баталж, яаравчлан шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулж, гадны улс гүрнүүдтэй нууц гэрээ хэлэлцээг шат дараалан хийсээр ирлээ. Үр дүнд нь өнөөдөр Монгол Улсад гадны цөмийн хаягдал хаяхгүй, хадгалахгүй, булшлахгүй байх хууль эрх зүйн дархлаа хамгаалалт үлдсэнгүй.

Үүний нэг баримт нь 2010 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх засварлаx нэрээр 1994 оны хуучин баримт бичигт байсан асар чухал заалтуудыг сэм устгaсан маш ноцтой гэмт үйлдэл юм. Үүнд:

  1. ХҮН АМ, УДМЫН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хэсгийн 51.1 Хүний удамшил, хүн амын эрүүл мэндэд шууд болон үлдэц нөлөө бүхий онцгой хортой химийн болон биологийн гаралтай материалыг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах дамжуулан тээвэрлэх, түүнчлэн гадаад орны хортой хог хаягдал булшлах, боловсруулах замаар аж ахуй эрхлэх үйл ажиллагааг хориглох,
  2. ЭКОЛОГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хэсгийн 54.1 …хаягдал ихтэй техник технологи хуримтлагдах хортой хог хаягдал гаргадаг үйлдвэрлэл бөөгнөрөх, гадаад орны хортой хог хаягдал булшлах газар болгохыг хориглох… зэрэг заалтуудыг ерөнхийлөгчийн зөвлөх асан М.Батчимэгийн ахласан ажлын хэсгийнхэн хасаж оронд нь цөмийн түлшний цикл, менежмент гэдэг шинэ заалтуудыг оруулж ирсэн байдаг.

Түүнчлэн, 2009 оны 7 сард батлагдсан Цөмийн энергийн тухай хуулийн 9.1.8-д Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал, ашиглагдсан цөмийн түлш хадгалах урт хугацааны хөтөлбөр боловсруулах, цөмийн төхөөрөмж буюу цацраг идэвхит хаягдал булшлах газар байгуулах тухай олон заалт орсон байдаг. Тус хуулийг удаа дараа засвар өөрчлөлт оруулахад бид Монгол Улсын эрх ашиг, үндэстний аюулгүй байдалд аюултай заалтууд буйг сануулж, 2015 оны 2 сард санал хүсэлтээ хүргүүлж байсан ч хүлээж аваагүй.

Мөн цацраг идэвхт болон цөмийн хог хаягдлыг 2000 оны Аюултай xог xаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг xориглох, экспортлох тухай хуулиар зохицуулдаг байсан боловч 2012 оны 5 сарын 17-ны өдөр тус хуулийг хүчингүй болгож оронд нь Хог xаягдлын тухай xуулийг баталсан. Хүчингүй болгосон хуульд:

4.1. Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно,

4.2. Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно зэрэг цацраг идэвхт болон цөмийн хаягдал булшлахыг хориглосон заалтууд байсныг Хог xаягдлын тухай xуулийн шинэчилсэн найруулгад хассан. Ингэхдээ Хог xаягдлын тухай xуульд “цацраг идэвхт хог хаягдлаас бусад хог хаягдалтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан тул Монгол Улс цацраг идэвхтэй хог хаягдалд үйлчлэх хуульгүй болсон!

Түүнчлэн, 2010-2011 онд Гадаад Хэргийн Яаманд тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдын алба хашиж байсан А.Ундраа гэгч Монгол Улсад цөмийн хаягдал булшлах ажлыг эрчимтэй хөөцөлдөж, цөмийн түлшний цикл хэрэгжүүлэх нэрээр гадны цөмийн хаягдлыг үнэт баялаг хэмээх өнгөлөн далдалсан нэрээр оруулж ирэхийг санаархаж, монгол төрийн нэрийг барьж, өөрийн нөхөр Д.Дашдоржийн байгуулсан Мongolian Nuclear Fuel Cycle Company (MNFCC) гэдэг компанийг Японы Тошиба корпорацитай цөмийн циклийг хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллуулах гэрээ байгуулж, АНУ-ын Эрчим Хүчний Яамны тэргүүн Даниел Понэмантай удаа дараа уулзаж, цөмийн түлшний хаягдал авах хүсэлтээ илэрхийлж байсныг нотлох баримтууд бий. Энэ тухай 2011 оны 6 сард ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг АНУ-д айлчлахтай холбоотой гарсан Конгрессийн дэргэдэх судалгааны төвийн тайлан болоод АНУ-ын Эрчим Хүчний Яамны газрын дарга Ричард Стратфордын 2011 оны 3 сард Вашингтон ДиСи хотод болсон Карнегийн цөмийн бага хурал дээр “Монгол Улс гадны цөмийн хаягдал авахаар зөвшөөрсөн” хэмээн
нэр цохон хэлсэн баримтаас үзэж болно. Эдгээр болон бусад үндэслэлээр өнөөдөр Монгол Улсад цөмийн хаягдал хадгалах, булшлах дотоод орчин нөхцөл бүрэн хэмжээнд бүрэлдэн тогтсон байгааг бид мэдэгдэж байна!

Цаашилбал, М.Батчимэг тэргүүтэй гишүүдийн санал болгож буй Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенцид яаравчлан нэгдэж, “цөмийн зэвсэггүй байр сууриа дахин шинэчлэх” гэж яарах нь Монгол Улсын хувьд өнөөдөр онц чухалач холбогдолтой биш юм. Монгол Улс нь 1991 оноос эхлэн цөмийн зэвсэггүй статусаа тунхаглан зарласан бөгөөд ердөө 3 жилийн өмнө буюу 2012 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы улс төр, аюулгүй байдлын асуудлаарх хорооны хуралдаанаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус” тогтоолыг баталж, хүлээн зөвшөөрсөн байдаг.  Харин тус конвенцид нэгдсэнээр Монгол Улсад цөмийн хаягдал булшлах гадаад нөхцлийг бүрдэх ба ингэж цөмийн хаягдал булшлах, хадгалах хууль эрх зүйн дотоод, гадаад орчин бүрэн төгс утгаараа бүрэлдэх болно.   

Учир нь Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенци нь нэгдэн орсон улс орнуудын хувьд заавал дагаж мөрдөх хууль, эрх зүйн баримт бичиг болох бөгөөд Удиртгал хэсгийнх нь (vi), (vii),  (viii), (xi) зэрэг заалт зүйлүүдийн дагуу ашигласан түлшний хаягдал БУЛШЛАХ, ХАДГАЛАХ ноцтой үүрэг хүлээх тухай бичигдсэн байна. Тухайлбал, Удиртгал хэсгийн (vii)-р заалтаар гадны ашигласан түлшийг дахин боловсруулах нэрийдлээр ҮНЭТ ЭХ ҮҮСВЭР нэрээр Монгол Улсад оруулж ирэх, (xi)-р заалтын дагуу Монгол Улсад олборлон боловсруулаад, бусад улс оронд ашигласан түлш, цацраг идэвхт хог хаягдлыг буцаан авчирч хадгалах, булшлах, мөн тус заалтаар бусад орны ашигласан түлшийг ашиг сонирхлын үүднээс харилцан тохиролцоод нутагтаа авчирч хадгалах, булшлах үр ашигтай менежмент байж болох тухай тус тус заажээ. Давтан хэлэхэд, Монгол Улсын хууль тогтоомжид цөмийн хаягдал булшлахгүй, импортоор нутаг дэвсгэртээ оруулахгүй байх талаар хориглосон заалтуудыг бүгдийг нь  устгасан учир, тус конвенцид нэгдсэнээр Монгол Улс уг конвенцийн дагуу оногдох бүх үүргийг хүлээхэд өнөөдөр ямар ч хориг саад үгүй болжээ!

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, Монгол түмний удмын сан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн ноцтой зөрчин, үндэсний язгуур эрх ашигт тэрсэлж байгаа тул Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны нэгдсэн конвенцид Монгол Улсыг нэгтгэж, xолбогдоx багц хуулийн төслүүдийг соёрхон батлах санаачлагыг нэн даруй таслан зогсоохыг бид хатуу шаардаж байна!

       Мөн дээр дурдсан конвенцид нэгтгэх ажлыг санаачилсан УИХ-ын гишүүн М.Батчимэг, Р.Амаржаргал, Н.Энхболд нарыг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд санаатайгаар заналхийлсэн, аюул учруулсан, эх орноосоо урвасан үндэслэлээр шалгаж, хариуцлага тооцохыг бид шаардаж байна! Тухайлбал, Үндсэн хуулийн дараа орохуйц чухал ач холбогдолтой Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх нэрийдлээр улс орны дархлаа, хамгаалалтыг сулруулж, улс эх орны эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн зэрэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой нягт холбоотой, өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа туслуулж байсан туслахууд нь гадаадын тагнуулын үйл ажиллагаа хийсэн нь шүүхээр тогтоогдсон зэрэг үндэслэлээр М.Батчимэгийг УИХ-ын гишүүнээс огцруулахыг шаардаж байна!   

        Монгол Улсын иргэд бид хаана амьдарч байгаагаасаа үл хамааран, эвлэлдэн нэгдэж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэстнийхээ эрх ашгаа хамгаалан, хамтран тэмцэхийн чухлыг эх орондоо болон хилийн чанадад байгаа монголчууддаа уриалж байна!

Шаардлагад нэгдсэн Төрийн Бус Байгууллагууд:
Голомт – ЦЭХ
Босоо Хөх Монгол
Босоо Монголын Голомт
Баян Шарга
Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл
Гамшгийн Эсрэг Үндэсний Төв
Гадаад дахь Монголчууд Эх орныхоо Төлөө
Нэгдсэн Монгол

 

 

Advertisements

One Comment on “ШААРДЛАГА”

  1. Sogo says:

    Shaardlagiig buren eheer ni sonin saituud deer taviarai demjij bna


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s