Дэлхийн Банк, ОУВС нь хуурамч статистик мэдээ ашиглан Африкийн орнуудыг мөлжих нууц зорилготой нь үнэн

Сэтгүүлч Ричард Мгамба нь Танзани улсын Бузваги алтны уурхайн хуйвалдааныг илчилсэн бичлэгээрээ 2008 онд CNN агентлагийн Африк тивийн Шилдэг cурвалжлагч шагналын эзэн болсон. Тэрбээр 2009 онд Европын Холбооноос хүний эрх, ардчилал, хөгжлийн сэдвээр бичдэг шилдэг сурвалжлагч нарт олгодог Лорензо Наталийн нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагналыг Африк тивээс хүртжээ. Өнөөдөр Ричард Мгамба Английн “Ням гаригийн Гуардиан” (“Guardian on Sunday”) сонины редактороор ажиллаж байна.

imf.wb.rich.poor[1]
Сүүлийн 2 сард нилээдгүй дуулиан тарьж буй, хар арьстнуудыг доромжилсон аястай хэдий ч бид хэн болох тухай, бидний өнөөгийн аж байдлын бодит үнэнийг илчилсэн нэгэн цахим зурвасыг би саяхан олж үзлээ.

Энэ имэйлийг өдгөө АНУ-д амьдарч буй Замбийн сэтгүүлч Филд Руве бичжээ. Тэрбээр АНУ-аас Африк руу зорьсон далай дээгүүрх нислэгийн үеэр дэргэдээ суусан зорчигчтой дэлгэсэн хууч яриагаа өөрийн имэйлд нэгд нэгэнгүй буулгажээ. Түүний замын хань болсон цагаан арьстай эр өөрийгөө танилцуулахдаа “та муусайн Африкчуудыг нэвт шулах” зорилготой Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд гурван жилийн тэртээ Замбид айлчилсан тухай хэмээн гашуун үнэнийг өчжээ.

Цагаан арьст эр цааш нь ОУВС-д ажиллахаа больсон ч түүнтэй ижил зорилготой өөр нэг байгууллагад хүчин зүтгэж байгаа хэмээн хуучилжээ. Мөн түүний ажилладаг зуучлагч байгууллага Замби улсын гадаад өрийн үлэмж хэсгийг худалдаж авсан тухай хүртэл сэтгүүлчид сонирхуулсан байна.
Энэхүү түүхийг ойлгомжтой болгохын тулд сэтгүүлч Руве болон түүний замд учирсан цагаан арьстай эрийн хооронд өрнөсөн ярианы хэсгийг Рувегийн бичлэгээс сонгож дор орууллаа.

Намайг суудалдаа дөнгөж тухлaмагц тэрбээр гар сарвайж “Намайг Уолтер гэдэг. Би 1980-aад онд Замбид 3 жил амьдарч байлаа. Люк Мвананшику, Вилла Мунгомба, Доктор Ситеке Мвале гээд Замбийн сор болсон сэхээтнүүдтэй идэж ууж явлаа” гэснээ дуугаа намсгаж “Би та нарыг шулах зорилготой ОУВС-ийн төлөөлөгчдийн нэг байсан юм” гээд мушилзаж “Танай засгийн газар намайг Калингалинга (Замбийн нийслэл Лусака хотын барилга зохион байгуулалтын төсөл—Орч.) гэдэг хэдэн модон байшин руу харсан сая долларын үнэтэй орд харшид байрлуулсан. Миний үүдний саравчнаас баян ядуу, эрүүл өвчтэй, үхсэн амьд бүгд харагддаг байлаа” гэв.
“Та ОУВС-д ажилласан хэвээр үү?” гэж би асуулаа.
“Сүүлд би [ОУВС-тай] ижил зорилготой өөр нэг байгууллагад ажилд орсон. Дараачийн хэдэн сар би ажлын нөхдийн хамтаар Лусака орж, наж могойг (кобра) ховсдоно доо (Замбийн ерөнхийлөгч Майкл Сатаг “Хаан Кобра” гэж хочилдог–Орч). Миний ажилладаг зуучлагч байгууллага танай улсын гадаад өрийн нилээдийг худалдаад авчихсан. Одоо танай улс Дэлхийн Банкинд биш маниуст хэдэн сая долларын өртэй болсон. Бид Лусака орж танай ерөнхийлөгчид ганц хоёр сая доллар хаяад өөрсдөө бол 20 дахин их мөнгөний дүнтэй чек өвөртөлж гэртээ харина даа.”
“Үгүй, та нар чадахгүй. Хаан Кобра чинь авилгалаас ангид хүн. Тэр чинь…”
Уолтер хөхөрч “Хэн тэгэж хэлсэн юм? Чаддаг юм бол лууван ба ташуурын мэхэнд ороогүй Африкийн ганц ч болов ерөнхийлөгчийг нэрлээдэх л дээ” гэв.
Кветт Масирегийн (Ботсванын ерөнхийлөгч– Орч.) нэр санаанд орлоо.
“Аан тэр нөхөр үү, яахав цаадах чинь өөрөө ОУВС, Дэлхийн Банкны тусламжаас татгалзсан болохоор бид түүнд хүрч чадаагүй юм. Тэгсэн нь ч түүнд өлзийтэй л дээ.”
Шөнө дунд манай онгоц агаарт хөөрлөө. Онгоцны ахмад ирж буй 2012 онд аз жаргал хүсээд Лос Анжелес хотын дээгүүр салют буудахыг харахыг уриаллаа.
“Гайхалтай сайхан харагдаж байна,” гэж доош ширтэнгээ Уолтер хэлэв. Гурван суудлын дунд суусан би ч бас цонх руу хальт хараад, зөвшөөрч толгой дохилоо.
“Энэ бол цагаан арьстнуудын орон. Бид энд Мэйфлаувер (1620 онд Америк тивд Английн цагаачдыг авчирсан усан онгоцны нэр– Орч.) хөлөг онгоцоор ирж Индианчуудын газар нутгийг жинхэнэ диваажин болгож хувиргасан, бид бол энэ дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн. Бид бол чийдэнгийн шилнээс авахуулаад Замби нуур мэтийн амралтын газар луу нисдэг агаарын хүчит хөлгүүдийг бүтээсэн үндэстэн.”
Би мушилзаж “ Замби нуур гэдэг газар байдаггүй ш дээ” гэв.
Тэрбээр маадгархан инээж “ Бид танай улсыг тэгэж нэрлэдэг юм. Африкчууд та нар бол яг л нуурын тогтонги ус шиг хөшүүн хойрго амьтад. Бид том том усан онгоцоороо очиж, танай эрдэс баялаг, ан араатан амьтан, хамаг бүгдийг хуу хамж аваад явахдаа та нарт хог үртэсийг нь үлдээдэг юм. Та нар тэр шавхруугаар голоо зогоодог биз дээ. Та нарын иддэг хатааж нунтагласан эрдэнэ шиш чинь үйрмэг хог, та нарын Капента гэж нэрлэдэг хариугүй жижигхэн тиапиа загас ч бас ялгаагүй. Бвана бид нар (цагаан арьстнууд) бол цулбуурт загас барьдаг юм. Би бол Бвана, харин чи бол Мунту. Би бол санаж сарвайсан бүхнээ авна, харин чиний заяа бол үртэс үйрмэг. Замбичууд, Африкчууд, Гуравдагч Ертөнцийн дүүрчихсэн залхуучуудад тийм л юм олдоно.”
Хоромхон зуурт миний инээмсэглэл арчигдлаа.
“Яасан, чиний уур хүрч байна уу” гэж Уолтер хэлээд дуугаа намсгаж “Чи дотроо энэ муу Бвана бол арьс өнгөний үзэлтэн юм байна гэж бодож байгаа. Намайг үнэнийг хэлэхээр ихэнх Замбичууд яг тэгэж боддог. Тэгээд аймшигтай ихээр уурладаг. Окэй. Тэр арьсны өнгө, хар цагаан энэ тэрийг түр мартаадах. Чи бид хоёр ямар ялгаатай вэ, анд минь хэлээдэх дээ”
“Ямар ч ялгаа байхгүй.”
“Огт ялгаагүй,” гэж тэрбээр дуу алдав. “Хүний Геном Судлалын төслийн эрдэмтэд үүнийг баталчихсан. Тэд хүний ДНХ эсийн 3 тэрбум дэд нэгжийн бүрэн дарааллыг тогтоох гэж бүхэл бүтэн 13 жил зарцуулсан. Тэдний судалгааны дүнд чи бид хоёрын эсийн нуклеатидын суурь 99.9 хувь ижил гэдэг нь нотлогдсон. Бид бүгд ижил. Энэ онгоцонд зорчиж яваа цагаан арьстан, Ази, Латин Америк, хар арьстан бүх хүмүүс бүгд ижил.”
Би сэтгэл ханамжтайгаар толгой дохив.
“Гэхдээ л би чамаас илүүгээ мэдэрдэг” гээд тэрбээр аргагүй үнэнд гүйцэгдсэн хүний дүртэйгээр инээмсэглэв. “Энэ онгоцонд байгаа цагаан хүн бүр хар арьстнаас илүү гэдгээ мэднэ. Хог ухдаг цагаан арьстан эр, хар тамхинд донтсон орон гэргүй цагаан арьстай гуйлгачин ч нийгэмд эзлэх байр суурь, боловсролooc үл хамааран чамаас илүү гэдгээ мэднэ. Би Нью Йоркийн гудамжнаас нэг мулгуу амьтныг олж аваад, арчилж тордоод Лусакад аваачихад та нар шаваад л “музунгу, музунгу” (Африкчууд цагаан арьстаныг “музунгу” гэдэг–Орч.) гэж шагшралддаг. Гэтэл цаадах нь бол хамгийн адгийн амьтан, нийгмийн хог шаар шүү дээ. Яaгаад тэгдэг юм бэ, надад тайлбарлаад өгөөч, ууртай анд минь.”
“Сэрээч ээ, та нар!” гэж тэрээр гэнэт ойр суусан зорчигчдыг цочтол чанга дуугаар хашгирав. “Та нар Америкийн үйлдвэрлэлийн нууц жор, томъёо, шинэлэг санаа, зураг төслийг нь гартаа оруулж, нутаг руугаа явуулахаар цаг завгүй зүтгэж байх ёстой хүмүүс шүү дээ. Та нарын хийсэн судалгаа, эрдмийн ажил бүтээл бүр танай улсын баялаг бүтээх түлхүүр болох учиртай. Азичууд яагаад ийм хүчирхэг болсныг та нар мэдэх үү? Тэд нар Америкийн нууцыг хулгайлж аваад нутагтаа хэрэгжүүлдэг юм. Япон, Хятад, Энэтхэгчүүдийг хар л даа.”

Танзани улсын байгалийн баялгийн түүх хийгээд эцэстээ бидэнд үртэс шавхруу үлдээх шударга бус гэрээг Бреттон Вуудсын институтууд манай улсад хэрхэн хүчээр тулгаж ирснийг тайлбарлахын тулд би Замбийн сэтгүүлч ба түүний аян замын хань, цагаан арьстан эрийн хооронд өрнөсөн дээрх ярианаас иш татсан юм. (1944 онд АНУ-ын Нью Хампшир мужийн Бреттон Вуудс хотод НҮБ-аас зохион байгуулсан уулзалтын үеэр олон улсын банк санхүүгийн системийг төлөөлөх бүлгийг байгуулахаар шийдсэн. “Бреттон Вуудсын институтууд” гэдэг тус бүлэглэлд Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банк Групп, Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Агентлаг, Хөрөнгө Оруулалтын Маргааныг Шийдвэрлэх Олон Улсын Төв, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Дэлхийн Худалдааны Байгууллага, Азийн Хөгжлийн Банк, Африкийн Xөгжлийн Банк, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк зэрэг 10 байгууллага ордог–Орч.)

Танзани улс удахгүй байгалийн хий олборлохоор төлөвлөж байгаа бөгөөд аз дайрвал, тун удахгүй хар алт олборлох боломж нээгдэж магад. Чухам энэ эгзэгтэй үед би нийт Танзаничууд, Африк тивийн ард иргэд болон нэн ялангуяа Африкийн эрх баригчдад хандаж, 1990-ээд оны эхээр алтны халуурал ид явагдаж байхад ОУВС болоод Дэлхийн Банк манай улсад хэрхэн авирлаж байсныг сануулах үүрэгтэй гэж бодож байна.

Өнөөдөр Африкт өрнөж буй байгалийн хийн төлөөх тэмцлийг тайлбарлахын сацуу Ерөнхийлөгч асан Бенжамин Мкапагийн дэглэмийн үед гадны хөрөнгө оруулагчдыг татах нэрээр гаргасан алдаагаа давтахгүй байхыг Танзаничуудад сануулах хугацаа надад үлдсэн байх гэж найднам.

Статистикийн мэдээний цаана

Дэлхийн Банк болон ОУВС нь эдийн засгийн хөгжил дэвшлийн үзүүлэлт гэдэг статистикийн мэдээгээ хайш яйшхан бэлтгэдэг төдийгүй заримдаа бүр зорилгоо зөвтгөхийн тулд хуурамчаар үйлдэж ирсэн. Тэдний гаргадаг статистикийн мэдээ нь олон нийтийг төөрөгдүүлсэн, бодит амьдралаас хол тасархай байх нь цөөнгүй тохиолддог. Жишээлбэл, өнгөрсөн сард англи хэл дээр гардаг орон нутгийн сонинд Танзани улсын гадаад валютын гол эх сурвалж нь алт олборлолт болсон хэмээн бичиж, аялал жуулчлалын салбараас илүү орлого оруулсан хэмээн Дэлхийн Банкны статистик мэдээнээс иш татан мэдээлжээ.

Дэлхийн зах зээл дээрх алтны ханш нэмэгдсэний улмаас 2010 онд 1.48 тэрбум доллар байсан алтны экспорт ноднин жилийн эцсээр 2.2 тэрбум хүрсэн. Танзанийн Банк мэдээлснээс үзвэл, 2011 онд Танзани улсын экспортын дүн 6.7 тэрбум доллар хүрсэн ба түүний 32 хувийг алтны экспорт эзэлж байжээ.

Гэвч жинхэнэдээ энэ бүх мэдээлэл бүгдээрээ огт ор үндэсгүй худал зүйл. Бодит байдал дээр Танзаниас алт олборлож, экспортолж байгаа гадаад компаниудын ашиг орлого нь Танзани улсад хэзээ ч эргэж орж ирдэггүй. Тийм учраас алт олборлолт бол Танзанийн эдийн засгийн гадаад валютын орлогыг бүрдүүлдэг номер нэг эх сурвалж гэж мэдээлэх нь бодит үнэнд нийцэхгүй бөгөөд олон нийтийг төөрөгдүүлэх оролдлого юм.

Тухайлбал, Танзанийн алтны үйлдвэрлэлийн 60 орчим хувийг хянадаг Африкийн Баррак Гоулд компани нь зөвхөн Танзани улсад үйл ажиллагаа явуулдаг боловч компанийн толгой оффис нь Лондонд, харин санхүүгийн төв нь Иоханнесбургт байрладаг (Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын хот–Орч). Англо Гоулд Ашанти компанийн алтны экспортоос олсон ашиг орлого нь тэдний гадаад дахь данс эсвэл оффшор дансанд нь ордог. Танзанийн эдийн засагт үлддэг нь ердөө компанийн үйл ажиллагааны зардал нэртэй жижигхэн үртэс юм.

Үнэхээр 2.2 тэрбум доллар дотоодын банк санхүүгийн системд цутгадаг байсан бол үр нөлөө нь бидэнд мэдрэгдэж, манай дотоодын валют одоогийнхоосоо хавьгүй хүчтэй байх байсан гэж би цаг ямагт мэтгэсээр ирсэн. Тиймээс Дэлхийн Банк, ОУВС, тэр бүү хэл заримдаа манай Төв Банк (Танзанийн Банк) хүртэл манай улсын валютын орлогын дийлэнхийг алтны орлого бүрдүүлдэг гэж улайн цайм худал ярихыг цаашид тэвчиж суух арга алга.

Онолын хувьд дээрх статистикийн мэдээ нь зөв байж болох ч бодит амьдрал дээр бол үүнийг хоосон мөрөөдөл гэж хэлдэг юм.

Эдийн засагчид статистикийн тоо баримт хэзээ худал байдаггүй гэж ярьдаг ч бас худал. Манайхан статистикийн мэдээ хараад алт олборлолтоор Африктаа гуравт жагсдаг гэж бахархдаг гэтэл бодит байдал дээр тэрэн шиг худал юм байхгүй.

Танзани улс Нямонго, Гэйта, Кахама, Бихарамуло, Нзэга зэрэг уурхайнуудынхаа ач буянаар алт олборлолтын хэмжээгээр Африк тивдээ гуравт ордог. Тэгвэл тэдгээр нутгийн ард иргэдийн амьжиргааны түвшин Дэлхийн Банк, ОУВС, Танзанийн Банкны статистикийн мэдээг баталгаажуулж чадах уу?

Нигерт ч бас адилхан, газрын тос гэдэг хар алтны эх орон Огониланд мужид Нигерийн хамгийн ядуу зүдүү хүмүүс аж төрдөг. Газрын баялгийг нь үнэлж үзвэл, АНУ ба Европ тивийн бүх улсуудын нэг жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) нийлбэр дүнтэй тэнцэхүйц хэмжээний баялагтай Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад ч байдал ижил байна.

Бодит амьдрал дээр Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс нь Африкийн хамгийн ядуу буурай улсын нэг бөгөөд ард иргэд нь үзэг ном, эмч багшаас илүү буу зэвсэг, цэрэг армид дасчээ. Эдийн засгийн онолууд нь Африк тивд бүтэлгүйтсэнийг нуун далдлахын тулд Дэлхийн Банк, ОУВС болон тэдний утсан хүүхэлдэйнүүдийн байнга ишилдэг статистикийн мэдээний цаадах бодит байдал ийм байна.

Африкийн хамгийн том газрын тос олборлогч Нигер улс огт газрын тосны нөөцгүй улс орнуудаас ч илүү ихээр газрын тос импортолж байна. Хичнээн ч сайхан сэтгэл догдлом статистикийн мэдээ гаргаад тэр нь танд зүсэм талхны нэмэргүй, ядаж ядуусын сургалтын төлбөрт тус болоогүй бол эдийн засагт өсөлт гараагүй гэсэн үг бус уу.

Жишээ нь Танзанийн Гэйта мужид Африкийн хамгийн том алтны ил уурхай байдаг. Харин та тэндэхийн эмнэлэг, сургуулиар ороод хараарай– шал өөр түүх өгүүлэх вий. Танзани улс төдийгүй Африкийн ашигт малтмалаар баялаг аль ч газар нутгаар орсон бүгд яг ижил. Гагцхүү Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын (ӨАБНУ) Иоханнесбург орчимд болоод Роял Бафокен мужид л байдал арай өөр байх.

Хүмүүс нэг л зүйлийг мартаад байх шиг –дээр нэр дурьдсан нутгуудад болон ӨАБНУ-д 1990-ээд оны апартеидийн сүүлчийн жилүүд хүртэл Дэлхийн Банк, ОУВС гэж байгаагүй. Тэдэнтэй тэдэнгүй Африкчууд ашигт малтмалаа олборлоод, түүнийхээ ачаар хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадаад л байсан юм даа.
Иоханнесбург хотыг “Эголи” буюу “Алттай газар”, харин Роял Бафокениг “Платин муж” гэж нэрлэдэг. Дээрх хоёр газар нутагт ашигт малтмалаас олсон ашиг орлогыг орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд зориулсан нь Африк тивд туйлын ховор тохиолддог жишээ юм.

Дэлхийн Банк, ОУВС гэж байдаггүй мөртлөө Арабын Нэгдсэн Эмиратынхан газрын тосны наймаанаас олсон олон тэрбумын орлогоо зөв зүйтэй зарцуулж, цөлийн улсаа цэцэглүүлэн хөгжүүлж чадсан.

Та надад Дэлхийн Банк, ОУВС-гийн бодлогын дэмжлэгтэйгээр хөгжиж дэвжсэн нэг улсын жишээ хэлвэл тэдний бодлогын үр дүнд сүйдлүүлсэн улсуудын тухай хэдэн зуун жишээ татахад би бэлэн. Дэлхийн Банк болоод ОУВС-гаас асар их зөрчилтэй Ашигт Малтмалын Бодлого гэгчийг Танзанийн төрд хүчээр тулгаж байхдаа тэд Танзани улсын төлөө биш харин Бреттон Вуудсын институтуудын эрх ашгийн төлөө шамдаж байсан юм шүү.

Танзанид орж ирсэн гадаадын уул уурхайн компаниудын хамгийн том зээлдүүлэгч нь Олон Улсын Санхүүгийн Корпораци буюу Дэлхийн Банкны зээл олгогч салбар нь байсан. Улам цаашилбал, гадны компаниудыг батлан даагч нь Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Агентлаг гэдэг Дэлхийн Банкны өөр нэг салбар байх жишээтэй.

Яагаад хөгжиж буй орнууд Дэлхийн Банкийг үзэн яддаг вэ нэртэй нийтлэлдээ Раял Парек, Орен Вейнриб нар ингэж бичсэн байдаг:
Олон улсад эдийн засгийн тогтвортой тогтолцоог бий болгох зорилгоор 1944 оны 7 сард Дэлхийн Банк байгуулагдсан. Асар удалгүй Дэлхийн Банк нь хөгжиж буй орнуудад зээл олгодог санхүүгийн тэргүүлэх институт болж хувирсан. Дэлхийн Банк нь далан, гүүр барих эсвэл эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх урт хугацааны зээлийг засгийн газруудад олгох хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн Банк нь 177 гишүүн орoнтoй атлаа удирлагын бүтэц нь ардчилсан биш. Тэд нэг доллараар нэг санал өгнө гэдэг зарчим баримталдаг. Тиймээс Хятад, Энэтхэг зэрэг дэлхийн хүн амын 39 хувийг бүрдүүлдэг улс орнууд нийт саналын 5 хувийн эрхийг эзэмшдэг. АНУ, Канад, Япон, Герман, Англи, Франц гэсэн 6 гүрэн шийдвэр гаргах эрх мэдлийн 45 хувийг эзэмшдэг. Дэлхийн Банк нь хөшигний цаанаас нууцгай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дотоод баримт бичгүүдээ нийтэд дэлгэдэггүй” гэжээ.

Хейнри Белл Стиффангийн (ХБС) сангаас явуулсан судалгаанаас үзвэл Дэлхийн Банк, ОУВС нь 1980-аад оноос хойш Танзани улсын эдийн засгийн хөгжлийн замналыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд тус улсын уул уурхайн салбар болоод томоохон хэмжээний уул уурхайн төслүүдийг санхүүжүүлэх төсөл загваруудыг боловсруулахад тулгуур үүрэгтэй байжээ.

Дэлхийн Банкнаас (1989) Гадаадын Шууд Хөрөнгө Оруулалтын стратегийн ач холбогдлыг ямагт онцлон тэмдэглэж, хувийн секторын албан ёсны капиталыг амин чухал бүрэлдэхүүн хэсэг хэмээн анхаарч ирсэн юм. Гадаадын капиталыг шинэчлэл, техникийн ноу-хау, зах зээлийн ур ухааныг дэлгэрүүлэгч мэтээр дүрсэлдэг байв. Тийм ч учраас гадны хөрөнгө оруулалтанд тавих аливаа хязгаарлалтыг устгахыг “тааламжтай орчныг бүрдүүлэх” нэн тэргүүний арга хэмжээ хэмээн тооцдог байв.

Харин судалгаанаас үзэхэд Дэлхийн Банкны хэрэгжүүлсэн бодлого стратегиуд нь жижиг болон бичил уурхайчдад нилээдгүй хор хохирол үзүүлжээ. Дэлхийн Банк нь ДНБ, хөдөлмөр эрхлэлтэнд оруулж буй бичил уурхайчдын хувь нэмрийг дарж, харин ч эсрэгээрээ бичил уурхайчид хууль ёс, аюулгүй байдлыг алдагдуулж, байгаль орчны сүйтгэж, төр засгийн ашиг орлого буурахад гол үүрэгтэй хэмээн буруушааж ирсэн.

Дэлхийн Банк үнэхээр Гуравдагч Ертөнцийн эдийн засгийг дэмжих зорилготой юм бол Танзани улсад жижиг оврын уул уурхай эрхлэгчдийг нугачин дарах үйл ажиллагааг дэмжиж, далдаас удирдахгүй байсан биз. Тэгсэн атлаа Дэлхийн Банк нь арван найман жилийн өмнө өөрийн гараар боомилсон жижиг оврын уурхайн хөгжлийг дэмжиж, Танзанийн засгийн газарт олон сая доллар олгох болсон тухай би гурван жилийн өмнө сонсоод ихэд гайхаж билээ.

Өөрсдийн сэдлийг зөвтгөж, дампуурсан бодлого, алдаатай үйл ажиллагаагаа хамгаалахын тулд Дэлхийн Банкныхан бусад улс орнуудад болон Африкийн орнуудад статистикийн мэдээ ашиглаж ирсэн. Тийм учраас өнөөдөр Танзанийн статистикийг харвал том оврын уул уурхай манай улсад асар их үр өгөөж авчирч буй мэт сэтгэгдэл төрдөг юм.

Гэвч тэр статистикийн цаана цочирдом үнэн хүлээж байна. Хойт Кигома мужаас сонгогдсон Парламентийн гишүүн, Парламент дахь Олон нийтийн байгууллагуудын Данс Санхүүгийн хорооны тэргүүн, ноён Зитто Кабве Танзани улсын уул уурхайн салбарын өсөлт 2000 онд 30 хувь байснаа өнөөдөр 1.7 хувь болтлоо буурсан тухай ярьсан.

Сүүдрийн засгийн газрын Санхүү эдийн засгийн сайдын үүрэг давхар хүлээдэг ноён Зитто Кабве нь Уул уурхайн салбарын форум дээр үг хэлэхдээ дотоодын хөрөнгө оруулалт, нэн ялангуяа уул уурхайн хайгуулд дотоодын хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа нь өсөлт буурах шалтгаан болсон гэсэн. Тэрбээр цааш нь Танзанийн уул уурхайн салбарын өсөлт нь урт хугацааны туршид гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хараат явж ирсэн. 2000 оны эхээр хоёр оронтой тоогоор илэрхийлэгддэг байсан салбарын өсөлт өнөөдөр 2 хувь ч хүрэхгүй байгаагийн учир шалтгаан үүнд оршиж байна гэж хэлсэн.

Бид өнөөдөр уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт хэдэн хувиар өссөн тухай бус харин тэрхүү өсөлт нь Дэлхийн Банк болон ОУВС-аас 1994 онд гаргасан стратеги бодлогын бичиг баримтанд бичсэн шиг хөгжил цэцэглэлтийг манай улсад авчирсан эсэхийг ярьмаар байна.

2008 онд хөрөнгө оруулалт, нэн ялангуяа алтны уурхайн хөрөнгө оруулалт оргил цэгтээ хүрсэн. Мэдээж ашигт малтмалын нөөцтэй баялаг ордуудаа хуваарилж зохицуулалт хийсний дараа хөрөнгө оруулалт буурах нь ойлгомжтой байсан.

2010 оны эцсээр уул уурхай, ялангуяа алт олборлох салбар гоцлох үүрэгтэй байсан, нийт хөрөнгө оруулалт 5 тэрбум долларт хүрч, Танзани улсын жилийн төсвийн 60 хувийг бүрдүүлж байв. Гэвч Дэлхийн Банкныхны ярьж байгаа энэ асар их мөнгө Танзанийн ард иргэдийн аж амьдралд нөлөөлсөн нь үзэгдэж мэдэгдэх нь ховор. Жишээлбэл, гадаадын уул уурхайн компаниуд 1997-2010 онуудад нийтдээ 5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Гэвч зөвхөн 2009-2011 онуудад гэхэд л ашигт малтмалын экспорт 4.55 тэрбум доллар хүрсэн ба үүнээс Танзанийн засгийн газар татвар ба роялти төлбөрөөр еөрдөө 196 сая доллар олжээ.

Энэ бүгдийг дүгнэж хэлбэл, 2000-2011 онуудад гадагш зөөсөн ашигт малтмалын экспортын дүн уул уурхайн салбарт оруулсан гадаадын хөрөнгө оруулалтаас хоёр дахин их байгаа бөгөөд энэ байдал өнөөдөр ч үргэлжилсээр байна.

Уул уурхайн салбарыг өмгөөлөгчид болохоор Танзанийн эдийн засагт үр өгөөжөө өгсөн хэмээн ярьж, шинээр байгуулагдсан ажлын байрны тоо, татварт төлсөн зардал мөнгө, гадаадын компаниас нийгмийн үүргээ ухамсарлаж орон нутгийн эдийн засагт тусалсан тухай статистикийн мэдээ үзүүлэх гэж зүтгэдэг. Тэд уул уурхайн салбараар дамжин Танзанид орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүнг дурьдаж, сүүлийн арван жилд алтны экспортын орлого өсөж байгаа талаар тэмдэглэдэг.

Хариуд нь би тэдэнд статистикийн мэдээний хүрээнээс гарч сэтгэхийг зөвлөдөг. Энэ бүх тооны цаана юу болоод байгааг ойлгохын тулд цаана нь өрнөж байгаа үйл явдлыг ажиглаач гэж уриалдаг.

Танзаничуудад статистик тоо хэрэггүй. Тэд амьдралд нь мэдэгдэхүйц, тодорхой өөрчлөлт авчираx эерэг үр дүнг хүлээж байна. Тэдэнд уул уурхайгаас олсон ашгаараа барьсан орчин үеийн зам, сургууль, эмнэлэг хэрэгтэй. Танзаничууд үр ач нартаа хандан “Алт, алмааз, танзанитын баялгаа ашиглаад та бүхний өмнөх энэ бүх зүйлийг бид бүтээн босгосон юм” гэж хэлэхийг хүсч байна.

Би танзанитын уурхайнаас бусад бүх уурхай дээр очиж үзсэн. Хаана ч очсон жирийн хүмүүсийн аж амьдралаас тасархай өөр байдаг. Уурхайн байгууламжийн хашаан дотор гадаад дотоодын уурхайчид орчин үеийн амьдралаар амьдарч байхад хэдхэн километрийн цаана энэ асар баян газар нутгийн эзэд нь өдрийн талхаа олох гэж зовж зүдэрч байгааг би олж хардаг.

Томоохон уул уурхайн компаниуд огт төлбөргүйгээр эсвэл Газрын Хуулийн дагуу шалихгүй мөнгө төлсөн болоод газар нутгийг нь булаасны улмаас орох оронгүй болсон иргэдтэй би таарч байсан. Уул уурхайн компаниуд амьдралын төлөө тэмцэж яваа орон нутгийн уурхайчдыг ад үзэж, яг гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа мэтээр харьцаж байхыг би харж явлаа.

Гэхдээ би өнөөдрийг хүртэл нэг л зүйлийг олж харсангүй. Танзани мэтийн Гуравдагч Ертөнцийн орнуудыг гадныханд үүд хаалгаа нээж, нөөц баялгаа найр тавин өгөхийг ухуулахдаа даяарчлалыг магтан дуулагчдын амладаг тэр хөгжил цэцэглэлийг би хаана ч харсангүй.

Орчуулсан Э. Амарлин

Эх сурвалж:

“Lusaka Times” өдөр тутмын сонин. 2012 оны 4 сарын 15. http://www.lusakatimes.com/2012/04/15/world-bankimf-ripping-africa-fabricated-statistics-hidden-agendas/print/

Advertisements


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s