Цөмийн туршилт хийснээс хойш олон арван жилийн дараа АНУ-ын төр хорт хавдарын өвчлөлийг судлахаар болжээ

АНУ, Нью Мексик муж, Тулароса —Далаад жилийн тэртээ яг энд, Нью Мексикийн цөлд АНУ дэлхийд анх удаа атомын бөмбөгийн туршилт хийсэн. Харин энэ сард АНУ-ын засгийн газраас томилсон судлаачид Нью Мексикт ирж, тус суурингийн оршин суугчдын дунд тархсан хорт хавдарын өвчлөл нь цөмийн туршилттай холбоотой эсэхийг судлах юм.

nuke 1

Удтал хүлээгдсэн энэ судалгааны төсөл 2014 оны 9 сарын 25-нд эхлэх бөгөөд АНУ-ын Үндэсний Хавдар Судлалын Хүрээлэнгийн судлаачид ирж, Тринити полигонд туршилт хийж байсан үе буюу 1945 онд тус мужид амьдарч байсан оршин суугчидтай уулзаж, дэлбэрэлтийн улмаас цацрагт бохирдсон хоол хүнс, ус сүү хэрэглэсний үр нөлөөг судлана.

Тринити нэртэй цөмийн туршилтын полигоны ойролцоох хөдөөгийн тосгодод дийлэнхдээ Латин Америк гаралтай иргэд амьдардаг. Нью Мексик мужийн төвийн бүс энэхүү цөл нутагт хорт хавдарын өвчлөл ер бусын өндөр тул олон айлын элэг бүтэн амьдрал сарнисан тухай нутгийн иргэд олон жилийн турш хэлж ярьсаар ирсэн бөгөөд аюулт өвчин цацрагаас үүдсэн эсэхийг тогтоож өгөөч хэмээн засгийн газартаа ханджээ.

Тринити полигоноос 60-аад километрийн зайд орших 3 мянган оршин суугчтай Тулароса суурингийн захирагч Рэй Кордова ярихдаа “Манай тосгонд айл болгоноос хорт хавдраар хүн нас барсан” гэв. Өмнө нь шүүгчээр ажиллаж байсан Кордова өдгөө 75 настай бөгөөд түүний төрсөн ах нь хэд хэдэн төрлийн хорт хавдраар өвчилж нас барсан ба одоо хүү нь тархины хавдартай ажээ.

Одоо хийгдэхээр зэхэж буй судалгаа нь 1945 оны 7 сарын 16-нд Японы Хирошима дээр атомын бөмбөг хаяхаас хэдхэн долоо хоногийн өмнө Тринити полигонд туршсан цөмийн дэлбэрэлт нутгийн иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлснийг судлах хамгийн дэлгэрэнгүй судалгаа болох юм. Тухайн үед Дэлхийн 2-р дайныг эцэслэнэ хэмээн итгэсэн эрдэмтэд цөмийн зэвсэг зохион бүтэхээр шамдаж байжээ.

Энэ судалгаа нь Нью Мексик мужийн эдийн засаг болон түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн Манхэттэн Төсөл гэгчийн сүүдэртэй талыг ил болгох юм. Түүнчлэн цөмийн туршилтын цацрагт өртөж, өвчин туссан иргэдэд зориулсан төрийн хөтөлбөрөөс нөхөн олговор авч буй хүмүүсийн талаар ч үнэнийг илчлэх байх. Харамсалтай нь Тринити полигоны ойролцоо тосгодын иргэдэд тэр хөтөлбөр хүртээлгүй юм.

“Цацраг идэвхит материалын салхин дор амьдардаг бол хордоx аюултай гэдэг нь ойлгомжтой. Мэдээж цацрагт хордоно гэдэг эрсдэл учрана гэсэн үг. Гэхдээ үүнийг хэрхэн тооны хэлээр хэрхэн илэрхийлэхийг одоохондоо хараахан бодож олоогүй байна” гэж судалгааны багийн тэргүүлэгч, цацрагийн тунгаар мэргэшсэн эмч Стив Саймон ярив.

Цөмийн дэлбэрэлтийн дараа тэнгэрээс халуун нурам бууж, айлуудын цэцэрлэгийг үнсэнд дарж, малын үсийг хөнгөн хуйхалсан. Харин тэнд хэр зэрэг их цацраг байсан, хэд нь Нью Мексикийн оршин суугчдын биед шингэснийг мэдэх хүн байхгүй. Өмнө нь хийгдсэн судалгаанууд Тринити туршилтын полигоноос гаралтай цацрагийн хамраx хүрээг бүрэн тогтоож чадаагүй. Үндэсний Хавдар Судлалын Хүрээлэнгээс хийгдсэн ч олны хүртээл болгоогүй нэгэн тайлан Уолл Стрит Сэтгүүлийн сурвалжлагчдад олдсон ба тус тайланд дэлбэрэлтийн улмаас нэг настай нялхас хүртэл дотоод цацрагийн хордлого авч бамбай булчирхайндаа хор хуримтлуулсан тухай дурьджээ.

2008 онд хийгдсэн судалгааны тайланд Тринити полигонд хийсэн туршилтын дараа нэг настангуудын бамбай булчирхайнд шингэсэн цацрагийн тун насанд хүрэгсдийнхээс 30 дахин өндөр байсан тухай бичжээ. Тус тайланд хязгаарлагдмал баримт мэдээнд тулгуурлан урьдчилсан байдлаар тооцсон байна. Ингэхдээ олон жилийн өмнө болсон үйл явдлын үр нөлөөг тооцоолоход бэрхшээлтэй байсныг ч шинжээчид дурьджээ.

2009 онд АНУ-ын Халдварт Өвчний Хяналт ба Урьдчилан Сэргийлэх Албанаас (ХӨХҮСА) гаргасан тайланд Тринити полигоны ойр орчимд оршин суугчид гэрийн гадаа тарьсан ногоо болон орон нутгийн малын үр шимийг хүнсэндээ хэрэглэдэг байсан тул эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулах хэмжээний дотоод цацрагийн хордлогын тун авсан байж болзошгүй хэмээн тэмдэглэсэн байна.

ХӨХҮСА-ны судлаач, физикч эрдэмтэн хэлэхдээ “Нью Мексикийн Тринити полигоны салхин дор амьдарч байсан хүмүүс 1950, 1960-аад онд цөмийн туршилт хийж байсан Невадагийн цөмийн полигоны ойролцоо оршин суугчдаас ч илүү цацрагийн тун авсаныг шинэ судалгаа нотолно гэдэгт итгэж байна” гэжээ. Тухайн үед Невадагийн полигоны салхин дор амьдарч байсан хүмүүст өнөөдөр төрөөс нөхөн олговор олгодог юм.

Жо Шонка гэдэг физикч эрдэмтэн цааш нь “Судалгаа хийж байхад нутгийн ард иргэд Тринити цөмийн туршилтын полигонтой дэндүү ойрхон, заримдаа 30 километр ч хүрэхгүй зайд амьдарч байсанд би маш их цочирдсон. Түүнчлэн, нутгийн иргэдийн хэрэглэдэг хоол хүнс төдийгүй цистернээс авдаг байсан ус нь цөмийн туршилтын үед цацрагт асар ихээр бохирдсон байх магадлалтай зэргээс үзэхэд Тринити полигоны туршилт нь АУ-ын нутаг дэвсгэр дээр хийгдсэн бусад туршилтаас онцлог” гэж ярив.

“Тринити полигонд бусад цөмийн туршилтын газруудаас илүү их цацраг идэвхит тунадас ялгарсан,” гэж тэрбээр хэлээд “Тийм учраас эндэхийн зарим оршин суугчид Невадагийн полигоны дэргэд амьдардаг хүмүүсээс илүү хордсон гэдэгт эргэлзэх зүйлгүй” гэв.

Үндэсний Хавдар Судлалын Хүрээлэнгээс явуулж буй судалгааны туршилтын үе энэ сард эхлэх ба Тринитид туршилт хийх үед амьдарч байсан хүмүүсийн хоол хүнс, амьдралын хэв маягийг онцлон судалж, Латин Америк болон Индиан гаралтай орон нутгийн 9 иргэнтэй ярилцлага хийх ажээ. Цаашид, ирэх 9 сарын хугацаанд бүрэн хэмжээний судалгааны санхүүжилтийг төрөөс баталсны дараагаар судлаачид нэмж хэдэн арван иргэдтэй уулзаж ярилцахаар төлөвлөж байна.

Судалгааг толгойлж буй доктор Саймон “Нийт АНУ-ын хүн амын дунд хорт хавдрын тохиолдол өндөр байгаа учраас бидний судалгаа тодорхой дүгнэлтэнд хүрэх магадлал бага” гэж анхааруулаад “Өнөөдөр АНУ-ын хүн амын 40 % хорт хавдар тусч байна” гэсэн Үндэсний Хавдар Судлалын Хүрээлэлнгийн судалгааг иш татав.

Харин Тринити орчмын оршин суугчдын хувьд Үндэсний Хавдар Судлалын Хүрээлэнгээс судлаачид ирнэ гэдэг бол тэдний сэтгэлийн зовнил, түгшүүрийг АНУ-ын төр засаг тодорхой хэмжээгээр ойлгон хүлээж авч байгаагийн тэмдэг гэж үзэж байна. Ноён Кордовагийн зээ охин, бамбайн булчирхайн хорт хавдар тусаад эдгэсэн Тина гэдэг бүсгүйн санаачилсан “Тулароса голын сав нутгийн салхин дор оршин суугчдын консорциум” нэртэй бүлгийнхэн Тринити полигонд хийгдсэн цөмийн туршилт нь тус нутагт хорт хавдар нэмэгдэж буйтай холбоотой эсэхийг судлахыг олон жилийн туршид эрдэмтэн судлаачдаас шаардсаар иржээ.

1990 онд АНУ-ын Конгрессээс “Цацрагт хордогсдын хохирлыг барагдуулах тухай” хууль баталж, Невадагийн туршилтын полигоны салхин дор амьдарч байгаад цацрагт хордсоны улмаас зарим төрлийн хорт хавдар болон бусад өвчин туссан иргэдэд 50 мянган долларын нөхөн олговор олгох болжээ.

Нью Мексик мужаас сонгогдсон АН-ын гишүүн сенатор Том Удалл нөхөн олговор олгох хуулинд Тринити полигоны салхин дор амьдрагсдыг хамруулах гэж зүтгэсэн ч түүний санаачлага Конгресст дэмжлэг авч чадахгүй гацсан.

Хөдөө замынхаа хажуугаар хөвөнгийн мод тарьсан Тулароса бол жинхэнэ католик шашинтнуудын эх нутаг. Тринитид туршилт хийж байх үед амьдарч байсан олон иргэд нас барсан нь судалгааг улам төвөгтэй болгож байгаа юм. Гэхдээ Хенри Херэррагаас авахуулаад 19945 оны 7 сарын 16-ны өглөөг санаж байгаа иргэд энд бий. Тухайн үед 11 настай байсан Хенриг ажилдаа явж буй эцэгтээ баяртай гэж хэлэхээр гэрийнхээ гадна зогсож байхад нь гэнэт аянга нижигнэх мэт их нүргээн гарч, тэнгэр улбар шар өнгөөр эргэж, цөлийн дээгүүр том гэгчийн утаан үүл алгуурхан нүүсэн гэдэг.

Одоо 80 настай Херрера гуай шүлсний булчирхайны хорт хавдартай бөгөөд эмчилгээ хийлгэсний ачаар түр намдаад байгаа ажээ. Түүний таньж мэдэх олон хүн хорт хавдрын улмаас амь насаа алдсаны дунд Херэрра гуайн төрсөн ах, зээ дүү ч байх. Одоо ч Тулароса суурингийн дээр асар их уй гашуу хуралдсан хэвээр гэж тэрбээр ярив. “Бүхэл бүтэн гэр бүлээрээ бид хиарч байсан. Гэвч бидэнд хэн ч хэзээ ч үнэнийг хэлээгүй л юм даа.”

 
Эх сурвалж:

Wall Street Journal. 2014 оны 9 сарын 15. Дэн Фрош. Decades After Nuclear Test, U.S. Studies Cancer Fallout

http://online.wsj.com/articles/decades-after-nuclear-test-u-s-studies-cancer-fallout-1410802085

 

Advertisements


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s