МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ-ИЙН ДАРГА, ГИШҮҮД, ЗАСГИЙН ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН НАРТ ХАНДАН МЭДЭГДЭЛ, ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ НЬ

Монгол  Улсын иргэнд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхээр Үндсэн хуулиараа олгосон.

Харин төр нь  Үндсэн хуулиа ч үл хүндэтгэн, 2010 оноос дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн хүчтэй нэрвэгдсэн дэлхийн 10 орны нэгэнд тоологдож яваа Монгол улсаа аврахын оронд Монголын эдийн засгийг хөгжүүлэх нэрээр гадаад, дотоодын хэдхэн компани болон иргэдийн хөрөнгөжих хэрэгсэл болгон, Монголын байгаль орчныг мөхөөх үйлдлийг гааруулж байгаа нь үнэн билээ.

2012 оны УИХ-ын, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт …Гол мөрний урсац бүрэлдэх эхийг улсын тусгай хамгаалалтад хамруулж, гол усыг эзэнтэй болгоно, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлнэ, эдийн засгийн үр ашиг муутай, байгаль орчинд хор хөнөөл ихтэй уурхайг ажиллуулахыг хориглоно, ой модыг хамгаалах, нөхөн сэргээх бодлогыг шинэчлэн ойгоос нэг мод авч ашиглавал гурван мод суулгах зарчмыг хатуу мөрдлөг болгоно, иргэдийн эрх ашгийн хангаж, хамгаалж бүгдийг иргэдээс асууж шууд ардчилалын зарчмаар ажиллана гэсэн амлалт үүрэг авч сонгогдон засгийн эрхийг барьж байна.

Гэтэл  та бүхэн амлалтаасаа буцаж ард түмнээсээ асуулгүй байгаль хамгаалах амин хуулиудад өөрчлөлт оруулах,  байгаль орчны журмын эсрэг гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн шалгах, хэрэг бүртгэх ажиллагааг хийхгүй байх, байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжлэхгүй байх, илрүүлсэн зөрчлүүдийг шалгаад хэрэгсэхгүй болгох, байгаль орчны хэрэгт дугаар олгохгүй байх, байгаль орчинд хохирол учруулсан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх ажлууд хийгдэхгүй байх зэрэг хэрээс хэтэрсэн ажлуудыг таслан зогсоохын оронд харин ч үргэлжлүүлсээр байна.

Иймээс ч 2013 оны 9 дүгээр сарын 16–ны өдрийн “Гал үндэстэн холбоо” тэргүүтэй иргэдийн эсэргүүцлийн үйл ажиллагааг  ИРГЭДЭЭ СОНСДОГГҮЙ, СОНСОХЫГ Ч ХҮСДЭГГҮЙ та бүхэнд Монгол улсын оршихуйн үндэс болсон газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний язгуур эрх ашгийн төлөө өөрсдийн дотоод итгэл үнэмшлээрээ хийсэн сануулга өгөх үйлдэл  гэж үзэж байна.

Байгаль орчныг хамгаалах  талаар иргэд, Төрийн бус байгууллагуудын гүйцэтгэж ирсэн үүрэг роль их гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл сүүлийн үед уул уурхайн лоббичид, уул уурхайгаас хахууль авсан нөхөд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг уул уурхайн хөгжил, хөрөнгө оруулалтыг гацаагч, хөрөнгө мөнгө нэхэж амьдрагсад хэмээн захиалгаар илэрхий хавтгайруулан “харлуулах” мэдээлэл цацсаар байна.

Гэтэл тэдгээр нөхөд өөрсдөө Үндсэн хуулийн цэцээс эхлээд хэвлэл мэдээллийн салбарыг мөнгөөр атгасан нөхөд гэдгийг нийгэм хүлээн зөвшөөрдөг. Зарим улс төрчид гадаад, дотоодын эдийн засгийн хүчирхэг бүлэглэлүүдийн захиалгаар Монгол төрийн хүчийг сулруулах, хяналтгүй, дархлаагүй байлгах гэсэн хүчирхийлсэн шийдвэр гаргасаар байна.

Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгодог гэдгийг анхааран ажиллахыг сануулж дараах мэдэгдэл,  шаардлагыг та бүхэнд хүргүүлж байна.

  1. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх байгаль орчин, геологи уул уурхайн чиглэлийн хууль, тогтоолын төслүүд- / “Ашигт малтмалын тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай”, “Зарим газар нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай” зэрэг /-д ард иргэдийн саналыг тусгах, хэлэлцүүлэх, байгаль хамгаалах иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог ханган  ажиллахыг шаардаж байна
  2. “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн дагаж мөрдөх журманд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг тууштай эсэргүүцэн тэмцэхээ мэдэгдэж, хуулийн төслийн ажлын хэсэгт  Монголын гол нууруудын хөдөлгөөн, Монголын байгаль хамгаалах хуульчдын холбоо, Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс төлөөлөл оролцуулахыг шаардаж байна.
  3. Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун нар “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн  дагаж мөрдөх журам гээчийг хэнтэй ч хэлцэлгүй дур зоргоороо өөрчлөн, Монголын байгалийг мөхөөх үйл ажиллагааг ахин хоёр жилээр сунгах заалт оруулсан шийдвэрийг бид илэрхий ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хэмээн үзээд таслан зогсоохыг шаардаж “Гал үндэстэн” хөдөлгөөний хариуцлагыг дээрх хоёр төрийн түшээд бүрэн хариуцах ёстой хэмээн мэдэгдэж байна.
  4. Улс төрийн хүчин, намуудыг Монголын ард түмэнд амалсан сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтаа  сахиж ажиллахыг шаардаж  амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллахгүй байгаа Монгол Улсын ерөнхийлөгч, УИХ-ийн дарга, гишүүд, Засгийн газрын дарга, тэргүүн нарыг  шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэж байна.

МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД

2013 оны 10 дугаар сарын 02

Ажлын албаны хэсэгтэй холбоо барих утас, хаяг: 

sain_bna@yahoo.com

 “Гал үндэстэн холбоо” ТББ 98210359

“Хил хязгааргүй гол мөрөн” ТББ 88023169

 “Оюу толгойн хяналт”  ТББ 99185828

 “Нэгдсэн Монгол хөдөлгөөн” ТББ 99146533

 “Монгол улсын төлөө зүтгэе” ТББ 99092184

“Монголын гол нууруудыг нэгдсэн хөдөлгөөн” ТББ 91871343

“Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” ТББ  88113560

“Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ 88101690

“Голомт ЦЭХ” ТББ  anm.mongol@gmail.com



Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s