Ураны аюулд нэрвэгдсэн Монгол малчдад Япон профессор туслана
Posted: 2013/10/03 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Арева, Хүний мөс, үнэт зүйлс Leave a comment“Асахи” сонины 2013 оны 10 сарын 2-ны дугаарт нэгэн нийтлэл гарчээ. Осакагийн их сургуулийн Монголч эрдэмтэн Имаока Рёоко ураны аюулд нэрвэгдэж зовсон Улаанбадрахын малчдыг дэмжих санааачилга өрнүүлсэн байна. Профессор Имаока жил бүр Монголд ирдэг, Монголд элэгтэй Япон эрдэмтэн бөгөөд өнгөрсөн зун ирэхдээ Улаанбадрахын малчдад цацраг хэмжигч багаж, зургийн аппарат бэлэглэсэн юм.
“Зовоx цагт нөхрийн чанар танигдана” гэж Монголчууд ярьдаг. Хаа холоос Япон эрдэмтэн хөдөөгийн малчдын эрүүл мэнд, аж амьдралд сэтгэл түгшиж, чадлаараа тусалж байх юм. Гэтэл Монголын эрх баригчдад зовж ядарсан ард иргэдээ гэх нинжин сэтгэл өчүүхэн ч алга. “Малчид өөрсдөө малаа хороосон” гэх билэггүй яриа тарааж, хохирсон иргэдийнхээ зовлонгоор даажигнаж, эгээтэй л “гажигтай төл гарсан нь ч малчдаас болсон” гэх нь холгүй суух ч гэж…
Монголчуудад үргэлж туслахаар шамддаг сайхан сэтгэлт Имаока багшдаа баярлалаа. Та Монгол хүмүүсийн төлөө их буян хийлээ. Эрх баригчид Имаока багшаас үлгэр аваасай.
Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай !
“Асахи” сонин
2013 оны 10 сарын 2
Монголд ураны уурхайн ойролцоо нутагт эрэмдэг мал олширч байна. Малчдад зургийн аппарат илгээж, болсон явдлыг баримтжуулахад нь туслалцаа үзүүлэхийг Осакагийн Их сургуулийн дэд профессор уриалж байна
Монголын өмнө зүгт орших ураны уурхайн ойролцоо мал сүрэг огцом хорогдож, төл мал гажигтай төрөх явдал элбэгшжээ. Гол шалтгаан нь уран олборлоход ашигласан химийн бодисонд голын ус, газрын хөрс хордсонтой холбоотой гэх авч Монголын төр засаг энэ мэдээллийг үгүйсгэсээр байна. Монголын өргөн уудам нутагт нүүдэлчин малчид таруу сийрэг амьдардаг учраас хохирлыг бүрэн хэмжээг тодорхойлоход нэн төвөгтэй ажээ. Иймд Осакагийн Их Сургуулийн монгол судлалын дэд профессор Имаока Рёоко болсон явдлыг баримтжуулахын тулд зургийн аппараттай хуучин гар утсаа Монгол малчдад хандивлахыг уриалж байна.
Төл мал нь эрэмдэг гажигтай төрж, хүн ард нь хохирсон нутаг бол хятадын хилийн ойролцоо орших Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зүүнбаян баг юм. Хоёр багийн нутаг дамнасан Дулаан Уулын ордын ураны нөөцийг 1970 онд зөвлөлтийн хайгуулчид тогтоосон юм. Харин Франц-Монголын хамтарсан “Кожеговь” компани 2002 онд уран олборлох лицензи авч, 2010 оны 12 сараас эхлэн 6 сарын турш газрын гүнд ураныг химийн хорт бодисоор хайлуулж соруулах аргаар 2700 тонн уран олборложээ. Тус нутагт төл малын гажиг 2012 оны 12 сараас илүү анхаарал татах болсон. Цагтаа Улсын тэргүүний малчин цол тэмдгээр шагнуулж явсан Норсүрэн малчныд гэхэд ганцхан сарын дотор 22 тугал хорогджээ. Улсын Малын Үржил Судалгааны Газраас энэ оны 3 сард хийсэн шалгалтын тайланд тугал үхсэн “шалтгаан нь хүнд метал болон цацраг идэвхит бодис” гэж дүгнээд, хордсон газар нутгаас нэн даруй нүүхийг малчдад зөвлөжээ. Гэвч Ерөнхий сайд Алтанхуяг мэргэжилтнүүдийн судалгаанд үндэслэн тугал үхсэн нь “уранаас болоогүй” гэж 2012 оны 5 сард зарласан. Тиймээс энэ асуудлын талаар маргаан үргэлжилсээр байна.
Имаока багш монголын хэд хэдэн ТББ-уудтай нягт холбоотой хамтран ажилладаг бөгөөд “Монгол Судалгаа” сэтгүүлийн өнгөрсөн 7 сарын дугаарт Монголын ураныг тойрсон үйл явдлын товч тоймыг эмхтгэн нийтэлжээ. Өнөөдөр ч Улаанбадрах суманд мал гэнэт үхсэн, янз бүрийн гажигтай төл төрсөн тухай мэдээ тасрахгүй байна. Жишээ нь “хагархай шүдтэй болон огт шүдгүй тэмээ, сохор ботго, ганц нүдтэй унага” зэрэг мэдээ авахаас гадна, жирэмсэн бүсгүй, хүхдүүд бие өвдөөд байна хэмээн тусламж хүсэх нь ихэсч буй” ажээ.
Кожеговь компанийн уран олборлолтод хориг тавьж, учруулсан хохирлын хэмжээг тодорхойлж, олон нийтэд мэдээлэхийг Дорноговийн малчид засгийн газраас шаарджээ. Хамгийн хүндрэлтэй нь судалгаанд хамруулах шаардлагатай 200-гаад малчин өрх нь 900 ам дөрвөлжин километр талбайтай уудам нутагт нүүдэллэж амьдардаг ажээ.
Тиймээс Имаока багш “өвчтэй, гажигтай бүх малын зургийг авч баримтжуулсан мэдээлэл цуглуулья. Ингэхийн тулд айл болгонд дахин цэнэглэдэг, ашиглахад хялбар зургийн аппарат шаардлагатай байна” гэсэн сэтгэлээр Япончуудад хандан хуучин гар утсаа хандивлахыг уриалж байна.
Имакоа багш “Японоос гар утас илгээж, хоёр орны иргэдийн харилцаа холбоог улам дотно болгох хүсэлтэй” гэж бидэнд ярилаа. Танд хэрэглэхээ больсон хуучин гар утас байвал Имаока багшид хандивлаарай. Асуух зүйл байвал дараахь хаягаар холбогдоно уу? Имаока багшийн ажлын өрөөний дугаар 072 – 730 – 5262, imaoka@lang.osaka-u.ac.jp