МЭДЭГДЭЛ

logos

Эх нутаг, газар шороо, байгаль орчноо хамгаалах тэмцэл нь гадаадын хөрөнгө оруулагчид гэж өргөмжлөгдсөн, хэмжээлшгүй их мөнгөтэй харийн уул уурхайн болон цөмийн компаниуд, тэдний гар хөл болсон цэвдэг сэтгэлтэй төрийн эрх мэдэлтнүүдийн эсрэг хүч тэнцвэргүй тулаан юм. Энэ бол эцэг өвгөдөөс уламжилж ирсэн, өсч төрсөн өлгий нутаг, амьдран суугаа уул усаа хайрлаж хамгаалсан жирийн иргэдийн эрүүл, амгалан амьдрахын төлөө хийж буй амь дүйсэн тэмцэл билээ.

Ийм тэмцлийн амин сүнс нь монгол үндэстний язгуур эрх ашиг, олон нийтийн тусын тулд, Монгол Улс, эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө амь амьдралаа золиослохоос ч буцахгүй гүн бат итгэл үнэмшил байдгийг Гал Үндэстэн Холбооны Ц. Мөнхбаяр болон түүний нөхөд нотлон харуулж чадсан юм.

Гэвч сүүлийн үед харийнханд худалдагдсан хэсэг хөлсний бичээчид шударга иргэдийн тэмцлийг элдвээр гутаан доромжлох нь хэрээс хэтэрлээ. Биднийг гадны компаниас мөнгө нэхдэг “хулхи эх орончид”, “Орос, Хятадын тагнуул” хэмээн гүтгэн гүжирдэж, ураны хайгуулын улмаас мал сүрэг нь хордож, өөрсдөө ч эрүүл мэндээрээ хохирсон хөдөөгийн малчдыг мал сүргээ зориудаар хороож буй мэтээр ярьж даажигнаx болсон. Түүгээр ч зогсохгүй газар нутгаа аварч үлдэх найдвар болсон ганц хуулиа хамгаалан тэмцсэн эх орончдыг “алан хядагчид” болгох жүжиг дэглэж, олон нийтийг айдаст автуулax, хийгээгүй хэрэгт гүжирдэн хэлмэгдүүлж, хилсээр ял тулган тэмцэгчдийн зориг зүрхийг мохоох, ард иргэдийн тархийг угаах, хууран мэхлэх хорт явуулгаа улам эрчимжүүллээ.

Тэдгээр бичигчдийн дийлэнх нь гадны хөрөнгөөр Англи, Америк, Франц, ОХУ, Хятад, Вьетнам, зэрэг орнуудаар аялж, тэдний тэтгэлгээр сургалтанд суусан, харийн уул уурхайн болон цөмийн компаниудад хөлслөгдсөн news.mn, baabar.mn,dailynews.mn зэрэг өдөр тутмын цаасан болон цахим сонины эзэд, сэтгүүлч сурвалжлагчид байдгийг монголчууд бид нэгэнт мэддэг болжээ. Ийнхүү нийгэмд айдас, үл итгэлцлийг эрх баригчид өөрсдөө зориуд тарьж, монголчуудыг хагалан талцуулах төлөвлөгөөний цаана харийнханд Монголын газар нутаг, эрдэс баялгийг найр тавин өгч дураар нь дургиулж, гадныхaны гар хөл болж, дундаас нь ашиг хонжоо олох гэсэн зохион байгуулалттай далд хуйвалдаан хэрэгжиж байна.

Бид Гал Үндэстэн Холбооны гишүүдийн хамтаар Монгол улсад заналхийлж буй цөмийн аюулыг эсэргүүцэж хамтран тэмцэж  ирсэн. Тухайлбал, байгаль орчныг хайр найргүй сүйтгэдэгээрээ алдартай  Францын Арева компани Дорноговьд ураны хайгуул, олборлолт эрхэлж, улмаар хүн мал, байгаль орчинд аюул учруулж байгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн багажаар хэмжиж, цацрагийн бохирдол зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс 9 дахин их байгааг илрүүлсэн билээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг  дараахь холбоосоор орж үзнэ үү: https://golomt.org/2013/06/21/ubnotes/

Ханилж яваа нөхдийнхөө эрхэм зорилго, үнэт зүйлс юу болохыг, чухам юуны төлөө тэд сэтгэл зүрх, амь амьдралаа зориулдгийг бид сайн мэднэ. Харин хууль ёс, үүрэг хариуцлагыг уландаа гишгэсэн эрх мэдэлтнүүд эх орончдын шударга шаардлагыг үл ойшоож, хүнд сурталт дээрэнгүй байдлаар хандах замаар зориудаар өдөөн хатгаж, байдлыг ноцтой хэмжээнд хүргэсэн гэж бид үзэж байна. Ийм учраас Монголын газар нутаг, байгаль орчныг хамгаалахаар мятрашгүй тэмцэгч Гал Үндэстэн Холбооны Ц. Мөнхбаяр болон түүний нөхдийн талаар гүтгэлэгийн чанартай мэдээг хэвлэлээр түгээж, нэр хүндэд нь халдаж буй бусармаг явдлыг бид эрс буруушааж байна!  

Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж НҮБ-ын хуралдаан дээр иргэний нийгмийг дэмжих тухай ярьж байгаа ч бодит амьдрал дээр Монголын иргэний нийгмийн дуу хоолойг боомилж, ноён нурууг нугачин дарж, амин голыг нь таслахаар шамдаж байна. Энэ бол өнөөгийн Монголын дүр эсгэсэн хуурамч ардчилалын дарангуйлагч үнэн төрх юм.

Саяхнаас Тагнуулын Ерөнхий Газраас манай иргэний хөдөлгөөнүүдийн идэвхтнүүдийн утсыг чагнах, биед нь болон хувийн нууцад нь халдах, дагаж мөрдөх, шалтгаангүйгээр дуудаж уулзах зэргээр ил далд дарамтлах, сүрдүүлэх явдал газар авлаа. Цааашилбал, иргэний нийгмийн дуу хоолойг боомилж, Үндсэн Хуулиар хамгаалагдсан жагсах цуглах эрхийг маань хүртэл бүдүүлгээр зөрчиж, хориглох болсныг бид эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна.

Монгол үндэстний үеийн үед амьдрах газар нутаг, сэглэгдсэн уул, бохирдон ширгэж буй гол нуураа өмгөөлөн тэмцсэн Ц.Мөнхбаяр тэргүүтэй Гал Үндэстэн Холбооны Ц.Мөнхбаяр тэргүүтэй эх орончдыг нэн даруй суллахыг, Монгол үндэстний үеийн үед амьдран суух гал голомтыг сүйрлийн ирмэгт аваачсан, ард иргэдээ бухимдуулж буу зэвсэг агсахаас аргагүй байдалд түлхэн оруулсан гэмт этгээдүүдийг шударга шүүхийн өмнө ил тод  шүүж цээрлүүлэхийг бид Монголын төр засгаас шаардаж байна.

 

“ГОЛОМТ- Цөмийн Эсрэг Хөдөлгөөн”  ТББ

http://golomt.org

Facebook Anti Nuclear Movement of Mongolia 

https://www.facebook.com/nuclearfreemongolia

2013 оны 9 сарын 30



Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s