Ураны аюулд нэрвэгдсэн Улаанбадрахын тэмдэглэл

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажилласан тэмдэглэл

Fig2

Францын “Арева” корпорацийн охин компани Кожеговь  компаниас ураны хайгуул хийж, туршилтын журмаар ураны шар нунтаг гаргаж буй Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Голомт-ЦЭХ”, “Гал Үндэстэн Xолбоо”, Хохирогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, “Эх oрныхоо аюулгүй байдлын тѳлѳѳ зүтгэе” ТББ-уудын төлөөлөгчид 2013 оны 5 сард очиж ажилласан  аян замын тэмдэглэлийг та бүхэнд танилцуулж байна. Биднийг Дорноговь аймагт аялах замын зардал, унаа машин, бензин, хүнс зэргийг авахад зориулан мөнгө хандивласан Анти Нуклеар Мүвмент Фэйсбүкийн бүлгийнхэндээ болон бидний үйлсийг дэмжигчидэд баярлалаа. Улаанбадрахын тухай дэлгэрэнгүй мэдээллийг бидний хөтөлдөг http://golomt.org блогоос сонирхоно уу?

2013 оны 5 сарын 4. Улаанбаатар—Зүүнбаян.

Бямба гарагийн ѳглѳѳ 10 цагийн үед бид нэг нэгийгээ цувуулан авч цуглаад, дараа нь Буянт ахын гэрт очиж ээжийнх нь хийсэн цуйванг амтархан идлээ. Сайхан сүүтэй цай уулаа. Богд уул тэр чигээрээ харагдах газар, зүлэг ургасан хашаанд үүд нь байнга нээлттэй Монгол гэрт ороход тэндээ хѳлѳѳ жийгээд хэдэн цагаар ч хамаагүй хэвтээд ѳгмѳѳр амар амгалан мэдрэмж тѳрлѳѳ. Ээж нь гэж сайхан хѳгшин бас шооч байрын хүн байв. Дараа нь Энхбаяр ахынд очиж түүнийг гэрээс нь аваад 12 цагийн алдад замдаа гарлаа. Налайх, Багахангай, гэх мэтээр дайран ѳнгѳрсѳѳр Сайншанд хүрэв. Цааш давхисаар шѳнѳ дунд ѳнгѳрсѳн хойно Зүүнбаянд хүрч тосгоны гадна элсэн дээр хоноглолоо.

5 сарын 5. Улаанбадрах сумын Аргалант баг

 Ѳглѳѳ босч цайгаа уугаад Норсүрэн гуайнх руу хөдөлсөн ч буруу ойлголцсон бололтой хэдэн цаг тѳѳрч будилaв. Бидний  явсан зүгт хятадын эзэмшлийн нефтийн цооногууд маш олноороо тааралдахад сэтгэл эмзэглэдэг юм билээ. Түүхий нефть бололтой ачсан том машин зѳрж ѳнгѳрѳхѳд зам асуух гэхээр даанч гомдмоор нэгэн хужаа жолооч таарах. Зам ч тэгсгээд нефтийн цооногнуудаас цааш гарахгүй муудаад ирэхээр бид аргагүйдэж буцав.

Зүүнбаян ороод дахин ѳѳр чиг сонгоод замдаа гарч ѳгѳв. Энэ удаа арай зугаатай. Хэдийгээр хүнд даацын машин нэгэнтээ яваад дэржигнүүр болсон шороон замаар микрогоо бутарч салж унатал дэржигнүүлэвч дуутай хууртай сэтгэл ѳег явлаа. Харгана бут алаг цоог, говийн халуун ам цангаана. Энд тэнд хааяа хэсэг тэмээ, эсвэл хонь ямаа тааралдана. Тэртээ холд ганц нэг гэр харагдмагц зам асуухаар тийшээ довтолгон хүрнэ. Уяагаараа хаалгаа даруулаад бүслүүртээ хавчуулсан гэр эзэнгүй. Ойролцоо худаг дээр очиж ховоо татан худгийн шүд хага ташим цэв хүйтэн усыг хүд хүд хийтэл залгилж, толгой дээрээ асгаж сэрүүцэн нэг хэсэг зугаацав. Харин дараа нь урантай хувь заяагаа холбосон энэ нутгийн худгийн уснаас уух нь битгий хэл гараа ч угаагаагүй, шинжилгээнд өгөх дээж авах гэж л очдог болсон. Хүн сэжиглэхээ хүрэхээр их амархан юм билээ.

Цааш давхиж бас нэгэн гэрийн бараа харж 2 залуугаар замаа сайн заалгаж авахыг хичээлээ. Говийн хүмүүс зам заахдаа “энүүхэнд бий” гэвэл хэдэн цагаар ч хамаагүй давхих, “тэрүүхэнд бий” гэвэл ѳдѳртѳѳ давхиад хүрэхээргүй газар байдаг гэнэ. “Баруун тийшээ, тэр уулын сугаар ороогоод салсан замаа дагаад” гэж зам заахаар аль хэдийн тѳѳрчихсѳн байдаг. Норсүрэн гуайнх руу очихоос ѳмнѳ Аргалант багийнхан хүрэх нь ойр болоод явчихав. Тэгээд утасны шонгийн мод дагаж, уулаа барьж нэг хэсэг давхисаар аргагүй л хүрэх газраа ирэх нь ирлээ. Зѳѳвч гэдэг газар юм байна. Тодорхой хэлбэл Зѳѳвчийн 2 дугаар худаг дээр ирсэн байлаа. Худаг дээр ямаа голцуу бог малаа услах гэр бүлийн бололтой 2 залуутай уулзаж ярилцав. Ѳѳрийгѳѳ Ганаа гэж танилцуулсан эр малын нүд ѳвдѳж байгаа тухай хэллээ. Тэгээд энэ тэнд ганц нэг айлд тийм ийм тѳл гарсан талаар бас хэлж байвч биднээс нэг л бэргээд байлаа. Биднийг бараадаад саахалт айлaac нэгэн морьтон уулзахаар ирсэн нь Оюун-Эрдэнэ байв. Би ч диктафоноо бариад мориноос нь буулгалгүй баахан асуултаар булж яриулж авахыг хичээлээ. Тэрээр ярихдаа бас л гажиг тѳл мал тѳрсѳн, малын нүд ѳвдсѳн зэргийг дурдаж, ѳѳрийнхѳѳ нэрийг гаргахыг зѳвшѳѳрсѳн. Кожеговиос болоод мал хэцүүдлээ, энэ компанийг нутгаасаа хѳѳж явуулахгүй бол урьд хожид үзэгдээгүй эрэмдэг зэрэмдэг тѳл гарч, мал хуйн нүд ѳвдѳх боллоо гэх мэтээр бидэнтэй илэн далангүй ярьсныг диктафон, камераар бичиж авлaa.

Говийнхон “xудаг” гэж ѳргѳн голын сайрт ухаж гаргасан усаа хэлдэг  юм байна. Голын сайр дагаад газар доогуур хѳрсний ус бий. Зѳѳвчийн 2 дугаар худгийн ус нь гишгэсэн газраас метр гаруйн доор цэлэлзэж байх юм. Нутгийн хүмүүс дараа нь хэлэхдээ Кожеговийнхон ирснээс хойш худгийн усны түвшин эрс доошилсон гэж байлаа. Говийн мал хѳѳрхийс худаг бараадахаас ѳѳр аргагүй юм. Цангахаарaa худаг дээрээ бѳѳгнѳрнѳ, тэгэхээр эзэн нь давхиж ирээд ховоо татаж усална. Ховоо татах ч амар ажил биш юм. Тэмээ л биш бол говийн мал тэгсгээд худгаа бараадах юм билээ. Тэгэхээр мал олноороо хордох боломж нь худгийн ус л байх биз гэж бодогдсон. Дараа нь бид шинжлүүлэх зорилготойгоор энэ худгийн уснаас дээж авсан билээ.

Fig3

Цааш хѳдѳлж Зѳѳвчийн 1 дүгээр худгийн дэргэд нэг айлд очсон нь Баасанбатынх байлаа. Эхнэр нѳхѳр хоёр бол ёстой л шижигнэсэн залуус. Бидний Багаxангайнхантай химийн хорт бодис усны эх дээрээ байрлуулахгүй гэж тэмцэж хэвлэлийн бага хурал хийснийг үзсэн гэнэ. Тэд бидэнд ѳѳрсдийнхѳѳ зовлонг илэн далангүй ярилаа. Тэдний сүрэгт 20 гаруй гажигтай ишиг хурга тѳрсний дотор сохор тѳл хүртэл гарчээ. Ноднин жилээс эхлэн мал сүрэгт гажигтай тѳл тѳрж эхэлсэн нь ид ѳсч дэвжиж гялалзаж яваа 2 залуугийн урам зоригийг мохоож итгэлийг алдуулжээ. Тэдний зовлон бол ганц тэднийх биш Аргалант багийн бүх л малчдынх гэдгийг бид мэдэж авлаа. Өвөг дээдсийн үеэс айх зовлонгүй амар тайван амьдарч байсан орон нутагт нь Аревагийнхан ураны хайгуул хийж газар дэлхийг сэндийчиж эхэлснээс хойш малчдын гай зовлон эхэлжээ. Мал сүрэг нь зүй бусаар хорогдож, төл нь гажиг төрж буйн учир шалтгааныг малын эмч ч оношилж чадахгүй мөхөсдсөн. Улмаар хүнд цохилтонд орсон малчид уран олборлолтоос болсон гэдэг сэжиг төрж, урантай холбоотой мэдээллийг зурагтын суваг эргүүлэн хайдаг аж. Нэн ялангуяа ураны хор нөлөөллийн талаар жаахан ч гэсэн тус болох мэдээлэл цѳхрѳлтгүй эрж хайдаг тухайгаа бидэнд хуучиллаа. Харамсалтай нь тийм мэдээлэл тэр болгон цацахгүй, тэр байтугай нэг талыг барьсан мэдээ мэдээлэл ухуулга сурталчилгаа явж, тархи угааж байгаад малчид сэтгэл дундуур байлаа. Дайрч ирсэн дарга даамал, эрдэмтэн мэргэд нь уран аюулгүйг сурталчилж идэх боов боорцог, ѳмсѳх хувцас хунарт нь хүртэл уран байдаг, айх аюул байхгүй тухай сэнхрүүлж, тэнэг мангараар нь дуудах нь холгүй загнаад явдаг гэнэ. Малчдад ураны тухай үнэн зөв мэдээлэл хүргэх, тэдний эрх ашгийг хамгаалах, хайхарч сонсох төрийн алба, түшмэл алга. Алс хязгаар нутгийн малчид, тэдний мал сүрэг нь харийн компанийн үйл ажиллагааны золиос болж буй үнэнийг далдалж, бүх бурууг малчдад тохож тохуурхагсад л олширчээ.

Бид авчирсан “Голомт” сонингооcoo нутгийнханд тараахын сацуу ураны аюулын талаар аль болох дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийг хичээж, тасралтгүй хѳѳрѳлдѳж байлаа. Нэг гэж нэгдэхгүй хүн болгонтoй харилцан ярьж хѳѳрсѳѳр л байлаа. Гэрийн эзэгтэй тэр даруй бидэнд тогоо дүүрэн цуйван хийж хоол болох хооронд л тас түс шийдээд тэр хавийн малчдыг утас шѳрмѳсѳѳр дуудан гэртээ цуглуулахаар боллоо. Намынхаа батлахыг ч билүү униндаа хавчуулж мартсан малчин гээд яруу найрагч Чимиддорджийн шүлэгт гардаг, харин одоо Скайтелийн гар утсаа униндаа хавчуулж сүлжээ барьдаг болжээ. Тѳд удалгүй мотоциклтэй бол мотоциклтэй, жийптэй бол жийптэй малчид уван цуван ирсээр харуй бүрий болоход гэрт гадаагүй 20-30-аад хүн цуглав. Оройтсон байсан ч 40 км зайтай зусч байcан малчин хүртэл биднийг зорин довтолгож ирлээ. Малчин бүр л гажигтай тѳл мал тѳрѳх болсныг бодтой нь бод, богтой нь бог малаа алдсанаа ам уралдан халаглав. Бид ч тэдний яриаг сонсож, камер, диктафоноор баримтжуулж авсан. Малчид овог нэр, регистрийнхээ дугаартай ѳгч бидэнтэй хамтарч энэ асуудлыг шийдэхээр эрс шийдэцгээсэн. Үнэндээ малчид цѳхѳрчээ. Урам зориггүй болж. Эрүүл мэнддээ зовж байна. Уух үснаасаа сэжиглэж байна. Үр хүүхэддээ санаа зовж байна. Эд малаараа хохирч байна. Эзэгтэй сүү гашилсан тул хар цай чанав. Тогоо тогоогоор цай чанавч тэгсгээд ууж дуусгана.

Fig4

Аргалант багийнхан Кожеговийн ѳрѳмдлөгийн цооногнуудад хамгийн ойрхон амьдардаг юм байна. Бидний ажигласнаар голын сайраас гаргасан худгаас хүн малгүй уудаг бололтой. Голын сайр Кожеговийн байгаа газраас эхтэй. Малчид бүгд л Кожеговийнхны салхин доор нутагладаг юм байна. Малчдын яриагаар бол их хуй салхи боссоны дараа мал хордох нь эрс их гэнэ. Ѳвѳлжѳѳ, зуслангийн хооронд худгаас нэг хэсэг уухгүй байж байгаад дараа нь ирж уухад мал бѳѳнѳѳрѳѳ хордож үхдэг. Тэгсгээд дасдаг юм уу яадаг юм гайгүй болдог гэж байх юм. Нутгийн малчдыг ганцаарчлан болоод бѳѳнд харилцан ярилцаж диктафондоо бичиж авлаа. Гэрт гадаагүй ам булаалдан ярилцаж ямартаа ч ТВ9-ийн Монгол коммент нэвтрүүлэгт зориулж захидал бичихээр шийдэв. Гадаа нэгэнт харанхуй нѳмѳрсѳн ч хот айлд хѳгшид, хүүхэд, залуусгүй олон хүн бүжигнаад ганц нэг гар чийдэн, мотоциклийн гэрэл ёлтолзоно. Гар чийдэнгийн гэрэлд олон ардын дунд хѳлѳѳ жийгээд суучихсан захидал тэрлэж байгаа хүн бол би. Ард Аюуш ардуудтай хамт заргын бичиг үйлдэж байгаа мэт эрэмшүү сэтгэгдэл тѳрж байлаа. Шѳнѳ дунд ѳнгѳрѳхѳд л сая нэг юм цугласан ард гэр гэрээдээ харьцгааж бид Баасанбатын гэрийн хойморт нь газраар зулан унтацгаалаа.

5 сарын 6. Улаанбадрах сум

Ѳглѳѳ эрт гэрийн эзэгтэй борцтой шѳл хийж ѳглѳѳ. Буянт ахын хурхирах тэнгэр газар нийлэм чанга тул гэрийн эзэд хүртэл гэрийн гадна гарч бага ч гэсэн нойр авсан тухай инээд наргиа хийцгээн, шинэ ѳдрийг ийнхүү эрч хүчтэй эхлүүлвэй. Бид Баасанбатынхаас Норсүрэн гуайнх руу хѳдѳлсѳн боловч мѳнѳѳхѳн ѳргѳн голын хуурай сайр (говийнхон түүнийгээ гол гэнэ)-ын элсэнд муу микро маань боогдоод буцаж голоо даган уруудаж Улаанбадрах сум орохоор шийдлээ. Зам зуураа Баасанбатын гэрийн ойролцоох худаг (Зѳѳвчийн 1 дүгээр худаг гэж нэрлэв) болон дараагийн (Зѳѳвчийн 2 дугаар худаг) худагнуудаас усны дээж авлаа. Аялалын дараа Зѳѳвчийн 1 дүгээр худагны усыг шинжлүүлэхээр Герман руу явуулсан билээ. Ийнхүү голын элстэй сайр дагуу худагнуудаас шинжилгээ авсны дараа Улаанбадрах орох замд утасны шонгуудыг даган дэржигнүүр замдаа гарч ѳглѳѳ.

Нутаг нуга, ээж аав, амрагийн тухай хоолой цуцалгүй дуулсаар хэдэн цагийн дараа үд ѳнгѳрѳѳд Улаанбадрах сумын тѳвд ирлээ. Өглѳѳний 8-аас оройн 8 цаг хүртэл цахилгааны хязгаарлалттай тул олон нийтийн ажиллагаа явуулахад хүндрэлтэй болов. Миний компьютерын цэнэг бас дуусч байгааг хэлэх үү. Захын нэг дэлгүүрт орж бид хэрэг зоригоо хэлэхэд нутгийн иргэд маш их талархан хүлээж авч байлаа. Ер нь энгийн иргэд биднийг очиход хаана ч ялгаагүй талархан хүлээн авч Кожеговийн балгаар мал сүрэг нь гажигтай тѳрж үхэж байгааг хэлж ярьж байсан. Улаанбадрах сум аанай л Кожеговийн салхин доор оршдог бѳгѳѳд Аргалант багаар тогтохгүй сумын ойролцоох мал сүрэгт хүртэл гажигтай төл гараад эхэлсэн байна. Хэд хэдэн хүн бас мѳнѳѳхѳн дэлгүүрийн эзэн эмэгтэй хүртэл Кожеговийн үйл ажиллагааг зогсоож байж л иргэд нэг нуруу тэнийж амрах тухай ярих бѳгѳѳд сум даяараа 100 хувь биднийг дэмжиж байгааг ам бардан хэлж байлaa.

Дэлгүүрийн эзэн хүүхэн надад уртасгагч зээлдүүлж, холбооны дарга эр бидний цахилгаан хэрэгслийг цэнэглэхэд туслав. Эрхбиш Холбоо ухаантай болохоор Xонда мотор асаасан байлаа. Бидэнд цахилгаан ирэхийг хүлээх үлдлээ. Энэ хооронд гудмаар яваа зорьж ирэх эсвэл зѳрж ѳнгѳрѳх иргэдтэй санал солилцож ѳѳрсдийнхѳѳ хэрэг зоригоо танилцуулж сонингоо тарааж байлаа. Нэг хүнийг нэг гэхгүй, хѳгшин хѳвѳѳ ойлгох ойлгохгүй гэх юмгүй бид хэдэн цагаар ч хамаагүй байшингийн сүүдэрт газарт тухлан сууж байгаад л сайхан ухуулан таниулсаар. Суманд ирсэн даруйдаа хамгийн түрүүнд сумын удирдлагуудтай тухайлбал засаг дарга (ЗД) болон иргэдийн тѳлѳѳлѳгчдийн хурлын (ИТХ) дарга нартай уулзах гэсэн боловч эзгүй, оройтож эсвэл маргааш эрт ирнэ гэхийг дуулаад тээнэгэлзэж байтал харин нутгийн нэгэн дайчин залуу бидэнд үйлчилж наануу цаануу гээд их тус хүргэв. Тэрээр мал дээр байсан бѳгѳѳд ард иргэдийнхээ ѳмнѳѳс зоригтой дуугарч болох болохгүйг нь гадны доншуур компанийханд хэлж ярьж бүр тэмцэж явснаараа хүндлэгдэж улмаар малчдынхаа дуу хоолойг дээш нь дамжуулах багийн даргын албыг хашиж байгаа нэгэн. Бид 2 даргыг ирэхийг хүлээлгүй сурталчилгааны ажилдаа шуурхайлан орохоор болж,  орой 8 цагт цахилгаан ирэхээр сумын тѳвийнхнийг цуглуулж гадаа цагаан байшингийн ханан дээр богино хэмжээний баримтат кино үзүүлэх, ураны талаар мэдээлэл хийхээр тохирч үзүүлэх кино, прожектор гээд юухан хээхэнээ базаав. Бид зочид буудалд орох гэсэн боловч хүнтэй байсан тул яаж ч болсонгүй харин Аргалант гэдэг цайны газарт буудаллав. Цайны газрын эзэн сайхан зант эмэгтэй цай чанаж ѳгч бид авчирсан борцоороо амттай хоол хийлгэж идэцгээв. Хаа нэг хүнтэй тааралдахад зарим нь намайг зурагтаар харсан гээд танимхайран уулзаж байлаа. Оройн арга хэмжээ болтол бид тэндээ тухалж бэлтгэлээ базааж байлаа.

Буянт ах ахлах, бага сургуулиудаар орж ганц нэг багш нартай уулзаж “Голомт” цөмийн эсрэг хөдөлгөөнийхний гаргасан сонинг тараана. Орой ирсэн хүмүүст бүгдэд нь сонингоо тараав. Манай хэд мэдээлэл ѳгѳх, сонин тараахдаа их дуртай хэзээний л гараад явсан хүнтэй уулзсан хүнд сонингоо тараасан явдаг. Манайхны цусанд нь эгэл хүмүүст тус болчих юмсан гэсэн чин хүсэл оргилж байдаг тэр хэмжээгээрээ ѳѳрсдѳѳ сэтгэл нь өег хангалуун явдаг юм шигээ. Орой болж цагаан хоолойгоор сум дундуур давхиж иргэдэд зар түгээснээр хүүхэд хѳгшид нийлсэн 30-аад хүн цугларахад уран олборлолтын хор хөнөөлийн тухай кино үзүүлж, мэдээлэл түгээлээ. Кино үзэнгээ шүүрс алдан зүрхээрээ мэдэрч байгаа иргэдийг харахад ѳѳрийн эрхгүй нэгийг бодно. Уран олборлохоос үүдэлтэй аюул хар толгой дээр нь дуртай ч дургүй нэгэнт ирдэгээ ирээд эд малын гарз учруулаад бас бие сэтгэлийн дарамтанд оруулаад байгаа энэ үед ураны хор хѳнѳѳлийн тухай кино мэдээлэл юутай ойрхон тусч байгааг ойлгоход тийм ч хэцүү биш. Тэд ѳѳрсдийгѳѳ бодохоос илүү ирээдүй үеийнхэн, үр удамдаа түгшиж, яадаг болоо гэж шүүрс алдаж байгаа нь тэр.

Fig5Ураны тухай, газрын гүнд уран баяжуулах арга түүний хор хѳнѳѳлийн тухай иргэдэд ярьж байхдаа би сая л жинхэнэ хүрэх хүндээ хүрч, ирэх газраа ирснээ мэдэрч хичнээн цаасан дээр интэрнэт хуудсанд эрээчивч энэ л хүмүүст хүрэхгүй бол яахсан билээ гэж бодож байлаа. Цѳмийн хѳнѳѳлийн эсрэг тэмцэхийн цаад утга учир яг л энэ цаг мѳчид илэрхий болж биеллээ олох нь энэ. Би тэр хол газраас жирийн иргэдэд чадлаараа туслах гэж зорьж ирсэн зорьсон хэрэг минь бага ч болов бүтлээ. Ураны аюулыг огт мэдэхгүй байж байгаад хордох хор уршиг, хамгаалах аргуудаа мэддэг байгаад эрсдэлд орох хоёрын хооронд ядаж л том ялгаа байна шүү дээ. Тэгэхээр аюул осолтой энэ тоглоомын үнэн нүүрийг энгийн хүмүүст мэдрүүлж ойлгуулах гэдэг ямар их ач холбогдолтой, чухал зүйл болохыг би мэдэрсэн.

Mэдээлэл түгээх энэхүү арга хэмжээ дууссан боловч иргэд яван одохоо яарсангүй бидэнтэй ярьж хѳѳрсѳѳр л. Зураг авч болохгүйг надад зандран сануулах нэгэн залууг дараа нь мэдэхнээ ИТХ-ын дарга байсан байна. Уг нь 2 даргыг ирэхээр асуудлыг ярина гэж байсан ч бид эхлээд мэдээллээ явуулсан нь энэ. Тэрэнд юм уу ѳѳр юунд ч юм ИТХ-ын дарга залуу их л бухимдах аж. Тэгснээ заль зохиосон эсвэл биднийг аргалж дѳнгѳнѳ гэсэн үү гэртээ очихыг урьж, бүр хоноод яв ухааны юм болов. Тэгсэн мѳртлѳѳ ороод очиход “Та нар иймэрхүү байдлаар ажиллаaд хэрэггүй, бид ѳѳрсдийнхѳѳрѳѳ ажиллана. Уран хортой эсэх гээд хэд хэдэн мэдэгдлийг дээш нь ѳгсѳн байгаа тэрнийгээ хүлээж байгаа” гэв. Уран хортой эсэхээ ч мэдэхгүй байгаа ИТХ-ын даргад итгэх арга бий юу? Иргэдийн мал сүрэг үхэж үрэгдсэн, сэтгэл санааны дарамттай, яаралтай арга хэмжээ авах шаардлагaтай болчихоод байгааг мэдсэн ч мэдээгүй мэт ганц нэг асуулт дээш нь хүргүүлснээр хязгаарлаад суугаа энэ хүнийг сайн ойлгосонгүй. Тиймээс ч бид тэднийд хоносонгүй, сумын тѳвѳѳс гарч задгай салхинд майхнаа босгоод унтаж ѳгѳв эй.

5 сарын 7. Улаанбадрах — Зүүнбаян

Ѳглѳѳ эрт босч борцтой хоолоо хийж идлээ. ЗГ, ИТX-ын дарга  нартай тохирсноор бол сумынхныг дахиж цуглуулж өглөөний 10 цагт хурал хийх ёстой байлаа. Мэдээж дургүйд хүчгүй гэдгээр зар ч сайн түгээгүй юм уу 11 цаг дѳхчихѳѳд байхад ганц нэгхэн хүн Улаанбадрах сумын улаан буланд ирсэн байлаа. Тэдний дунд суга таягтай буурай эмээ үзэгдэх нь их л хэрэг болгож ирсэн гэлтэй. Сүүлд тэр буурайгаас яриа авч бичлэг хийсэн. Аав нь улсын сайн малчин байсан гэнэ. Тэдний малд бас нүдний ѳвчин гарчээ. “Сүүлийн 1-2 жил л ийм хачин юм их гарах боллоо. Насаараа мал малласан хүний хувьд урьд нь ийм гажиг ѳвчин гарч байгаагүй” гэж тэрээр хэлж байсан. Нѳгѳѳ багийн дарга маань хүн гавьтай цуглаагүйг анзаараад цагаан хоолойгоо мѳн л барьсаар мотоциклтой тойрч давхив. Тэгсний хүчинд уван цувсаар 20-иод хүн ирснээр хурал эхэллээ.

Хуралд ирсэн иргэд мал эндэж байгаа нь 100 хувь Кожеговь компанийн үйл ажиллагаанаас болж байгааг хэлээд ѳѳрсдийнхѳѳ тѳлѳѳ бас санаа зовниж байгаагаа ярьж байв. Би ураны хор холбогдлын талаар уран олборлох сѳрѳг нѳлѳѳний тухай бас ярилаа. “Гал Үндэстэн Холбоо”-ны тэргүүн Баатархуяг мал үхэж байгаа нийтлэг байдал гамшгийн хэмжээнд хүрч байгааг цохон тэмдэглэв. Тэр зуур хот байрын нэг залуу ирээд арын суудалд суусныг бид эхлээд анзаарсангүй. Дараа нь улс бухимдахдаа мань хүн руу байн байн хандаж яриад байхаар нь сураглавал Кожеговийн хээрийн ангийн албаны дарга Түвшинтулга гэгч ажээ. Мэдээж иргэд бухимдаж байсан тул яалт ч үгүй Түвшинтулгыг индэрт гаргаж асуулт, бухимдлаар булж гарав. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэгчээр мань хүн албаны хүний албаны ѳнгѳѳр хэнд ч хүртээлгүй бѳѳрѳнхий тайлбар тавьсаар нэлээд цаг идэхэд миний бие тэсч чадалгүй дараах тодорхой асуултыг түүнд тавилаа. Үүнд “газрын гүнд уусгах аргаар уран олборлоход нѳхѳн сэргээлт хийх технологи одоогоор дэлхий дээр байхгүй. Кожеговь компаний үйл ажиллагаанаас болоод хүн мал хохирвол хэн хариуцах вэ?” гэвэл Түвшинтулга бээр “Цѳмийн энергийн газрын даалгавараар бид үйл ажиллагаа явуулж байгаа. Tиймээс ямар нэг асуудал гарвал бид (Арева) биш харин засгийн газар хариуцлага хүлээх болно” гэлээ. Хүмүүс үүнд маш их бухимдсанаар мань хүн тэсэлгүй гарч одлоо. Дараа нь сонсохнээ тэр өдөр Кожеговьд ажиллаж байгаад халагдсан нэг овилгогүй залуу архины мѳнгѳ нэхэнгээ Түвшинтулгын тархийг хагалсан сурагтай. Эмнэлгээр үзүүлж яваа гэсэн тул бид Түвшинтулгатай дахиж нүүр тулж уулзаж чадаагүй ѳнгѳрсѳн билээ.

Тэр хуралд нэгэн хѳгшин маш их идэвхтэй оролцож байлаа. Хуучин бригадын дарга байсан тэрээр дахин дахин босч үг хэлэхдээ удаан ярьж байсан ч үнэндээ бол яг голыг нь олж хэлж байсан. Бидний хөтөлдөг http://golomt.org-ийг уншдаг болов уу гэж бодогдохоор мэдээлэлтэй. Бүр Хирошима Нагасаки дээр хаясан атомын бѳмбѳг одоо хүртэл аюул дагуулсаар гэж ирээд арай л цѳмийн циклийг яриагүй байгаа. Цаашид уран олборлуулахгүйн тѳлѳѳ эцсээ хүртэл тэмцэнэ, зохион байгуулалтанд орнo гэж хэлж байлаа. Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрэх үед ЗГ дарга эрхбиш байдлыг ойлгож ямар нэг аргаар асуудлыг шийдэх хэрэгтэйг сануулаад ѳѳрѳѳ засгийн бие тѳлѳѳлѳгч учир асуудалд нэг талыг барьж оролцохгүй ч иргэдэд тустай талаас шийдэлцэхэд бэлэн гэдгээ хэлэв. Тэрээр Дорнодод, Улаанбадрахад мал ижил шинж тэмдгээр үхээд байгааг санамсаргүй тохиолдол биш гэдгийг дурдаад авсaн. Харин ИТХ-ын дарга залуу ус балгасан мэт ганц үг ганхийхгүй байсаар хурал ѳндѳрлѳж бид ч Норсүрэн гуайнх руу хүлгийн жолоо залав.

Ѳмнѳ нь гатлахаас бэргээд байсан голоо 2-3 дахин гатлан элсэнд сууж, бараг л сѳѳм сѳѳмѳѳр урагшлан  байж нэгэн уулын хавцлаар давлаа. Дараа нь машин эвдэрч хэдэн цаг заслаа. Дэржигнүүртэй замд боолт тaсарсныг орлуулан байж засав. Говийн бороо тааламжтайяа шивэрсэн үдшийн алдад аргамжаатай хос цагаан ботго, хос цагаан ингэ тэргүүтэй тэмээн сүрэг гадаа нь налайсан, хотондоо ямаа хонь хурга ишиг нь тааваараа хэвтэх нэгэн айлын гадаа иртэл бидний урьдын танил Аргалант багийн албан бус хурал дээр ирсэн малчин Мѳнхсуурийнх байлаа. Биднийг ирсэнд хүндлэн зочлон борцтой хоол хийж ѳглѳѳ. Мандах ах тоглоом шоглоомоор урантай хоолны тухай наргиан болгож дурдахад, зочилж байгаа гэрийн эзэгтэй ч зочлуулж байгаа бид ч эвгүй байдалд орсныг хэлэх юун. Мал нь хордлоготой гэдэг нэрийг Улаанбадрахын малчид ѳѳрдийнхѳѳ муугаас олж авсангүй. Гэтэл Монгол хүний зочломтгой цагаан сэтгэл энэ муу нэрнээс болж ээдэх гэж үү. Энэ бол Улаанбадрахынхны амсч буй сэтгэлийн дарамтын зѳвхѳн нэг л ѳчүүхэн хэсэг.

Бидний очсон Мөнхсyyрийнх шижигнэсэн сайхан залуус, залуу гэр бүл, 2 дэрсхэн жаахан охинтой. Уг нь подхийсэн чамбай айл санж. Энэ Кожеговийн хар балаг эхлээгүй бол тэдний дэвжиж дэгжих нь гарцаагүй байхсан даа. Машинтай бол машинтай, малтай бол малтай, мотоцикл энэ тэр гээд дутах юм үнэндээ алга. Хѳдѳѳгийн залуу малчид ингэж амьдрах ёстойсон гэж чухам л бахархаад магтамаар хос. Даанч уранаас үүдэлтэй байх магадгүй хар гай тэднийхийг ч бас дайрчээ. Гэрийн эзэн намайг  дагуулж хотоос зайдуу хаясан хурганы сэг үзүүлэв. 20-иод хонож байхад сэгэнд хүний урманд нохой шувуу хүрсэнгүй, нүдийг нь ч ухсангүй. Цаахантай нь бас ботгоны сэг байна. Эх нь үхсэн ботгоо сахиж хэдэн ѳдѳр хэвтсэн гээд хэвтэрийг нь заав. Xүнээр бол гашуудаж, үрээ сахиж хэвтэхдээ ус ч уухгүй байсан болохоор малчин залуу ѳѳрѳѳ хэрэг болгон ирж хѳѳж тууж байж усанд ойртуулж усалдаг байсан тухай яриа нь мал амьтан, байгаль хүн хүйн холбоотойг надад эрхгүй сануулна. Хотод өссөн мань мэтэд энэ зэргийн үйл явдал ѳчүүхэн зүйл юм шиг санагдах боловч мал байгальдаа шүтэж амьдардаг малчдад нэн чухал эмзэг асуудал. Гагцхүү өөрсдөд нь хичнээн хэцүү байсан ч дахин дахин ярьж нэхээд байдаггүй нь эгэл малчны даруу чанар байдаг байх даа. Хоёр залуу бидэнд зам зааж машинтайгаа нэлээд хол гаргаж ѳгѳѳд буцав. Бид тэндээс  явсаар шөнө дѳл болсон хойно л Норсүрэн гуайнд хүрэв. Норсүрэн гуайнх шавар байшинд тѳвхѳнсѳн бѳгѳѳд биднийг хүндэтгэн зочилж хүлээн авсан билээ. Бид оройн хоол идээд удаагүй шѳнѳ болсон боловч дахин хооолоор дайлуулав. Норсүрэн гуай ч бас бидэнтэй ярих хүсэл их байсан биз. Oр дэвсгэр засч биднийг тухлуулсан ч ярьсаар бид ч үүрэглэж унтсаар нэг мэдсэн шѳнѳ дунд ѳнгѳрсѳн байж билээ.

5 сарын 8. Зүүнбаян сум— Хамрын Хийд

Ѳглѳѳ цайгаа уумагц Норсүрэн гуай гаднаас ямаа оруулж ирээд тѳхѳѳрч эхлэв. Бид бичлэг хийж баримтжууллаа. Уушиг, элгийг нь гаргаж үзвэл толботсон, цэврүүтсэн бас идээлэхэд бэлэн болсныг хараад өөрийн эрхгүй дотор арзасхийж байв. Хүн ер нь ѳѳрѳѳ нүдээрээ үзэхээс нааш бас яг сайн төсөөлдөггүй юм байна. Урьд шѳнѳ нэгэн хурга эхийнхээ хэвлийд үхсэн, 2 хѳл нь цухуйж байсныг татаж гаргасан. Ѳглѳѳ тэр хургыг задалж элэг уушгийг үзэхэд бас л толботoж, харласан байх юм. Энэ чинь юу болж байнаа таминь ээ. Урагт хүртэл нѳлѳѳлсѳн дотор эрхтний энэхүү гажиг өвчин аюулын харанга дэлдэхгүй байна гэж үү.

Ноок ах (Норсүрэн гуайг ингэж дууддаг)-ыг микрондоо суулгаад бид Кожеговийн хээрийн анги тэр ойр орчмын газрыг үзэхээр эртхэн хѳдѳллѳѳ. Замд нэгэн цагаан жийп зѳрсѳн нь мѳнѳѳхѳн Түвшинтулга байх бѳгѳѳд тархиа хагалуулсан тэрбээр Сайншандад эмнэлэгт үзүүлэхээр зѳрж ѳнгѳрсөн гэдгийг сүүлд дуулсан билээ. Бид хээрийн анги дээр очлоо. “Арева” гэдэг зэвүүн хаягтай тѳмѳр хашаанд олон жийп эгнүүлсэн, бас ганц нэг цацрагийн аюултай гэсэн тэмдэг бүхий агуулах, болон ажилчдын байр, жижиг оффис угтлаа.

Биднийг эхлээд оруулахгүй цаараглахад нь бид нэлээд цухалдсан ч тэгсгээд зѳвшѳѳрч биднийг хашаандаа оруулав. Биднийг хэдэн залуус нойрмоглон угтаад Түвшинтулга дарга байхгүй гэв. Харин аюулгүй байдлыг хариуцсан нэгэн залуу биднийг нэлээд сүрхий ойлгож ярилцаж байв. Тэр залууд Монгол ажилчдын эрүүл саруул байхад анхаарахыг захиад “уран, шар нунтагтай ноцолдож байгаа Монголчууд ямар аймшигтай зүйлтэй орооцолдож байгаагаа мэдэхгүй. Чи л хариуцаж ажиллаж байгаа тул ѳѳрийнхѳѳ ах дүүсийг хамгаалаарай, Аревагаас энэ тал дээр ѳндѳр шаардлага тавьж чихнээс нь байнга хонх уяарай миний дүү” гээд л захилаа. Арева ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд угаасаа анхаарал халамж тавьж ирээгүйг тэдний хар түүх бэлхэнээ гэрчилдэг. Нигер дэх ураны уурхайд нь ажиллаж байсан африк гаралтай уурхайчид уушигний өвчнөөр шаналахад Аревагийнхан компанийнхаа харъяа эмнэлэгтээ үзүүлж, ДОХ туссан гэсэн хуурамч онош тавиулж, ажилчдынхаа нэр хүнд, итгэл үнэмшлээр тоглоод зогсохгүй, тэдний эрүүл мэнд, амь насыг золиосолчихоод, нөхөн төлбөр олгохоос зугтаж, олон улсад шившгээ дэлгэсэн хүний үнэргүй компани билээ.

Харин Аревагийн энэ удаагийн золиос нь Монгол ажилчид болох вий гэхээс миний яс хавтайж байлаа. Тиймээс ядаж л аюулгүйн албаны энэ Монгол залуу л тус болох биз. Тэнд өөрийгөө Цолмон гэж танилцуулсан нэг бүсгүй байсан нь байгаль орчны бохирдлыг хянадаг мэргэжилтэн гэнэ. ОХУ-д ямар ч юм нэг мэргэжлээр тѳгсѳѳд ирсэн “цэл ногооноороо” энэ бүсгүй ямар арга замаар уран олборлох энэ компанид, тэр тусмаа байгаль орчныг хариуцаад ажиллаж байгаа нь үнэндээ оньсого. Гагцхүү “гүний ус бохирдоогүй” гэж мэлзэхээс ѳѳр юм хэлж чадахгүй энэ хүнд газрын гүнд уусгах технологи ашигласан нѳхцѳлд гүнд, гүний усанд нѳхѳн сэргээх боломж байхгүй, тийм технологи одоогоор дэлхийд байдаггүй гэж намайг хэлэхэд урьдаас “Би Франц руу бичье” гэж маанагтана. Нѳгѳѳ “Гамлетыг хэн зохиосон?” гэхээр “Би зохиогоогүй” гэдэг шиг л юм болов. Би гарахдаа “Гүний ус бохирдсон байхад бохирдоогүй гээд эцэст нь хүн хордох юм бол энэ ажлыг хариуцсан хүнийхээ хувьд чи хариуцлага хүлээнэ шүү” гэхэд мань хүн юу ч ойлгож ухаарсан шинжгүй байсанд нь миний дургүй хүрэв. Хүн малыг хордуулчих вий гэж сэтгэл зовсон шинж энэ цатгалан цагаан гартанд даанч алга. Чухамдаа Арева мэт нь яг ийм мэдлэггүй, бас сэтгэлгүй хүмүүсийг олж, ийм хариуцлагатай ажилд томилдог аж. Ээ чааваас даа гэж. Хэргийн эзэн францчуудаас ганц нь ч байхгүй байлаа. Байсан бол халуухан уулзалт болох байсан ч байж магадгүй. Бид Монгол ажилчдад нѳхѳрсөг ёсны мэдээлэл түгээгээд тэндээс хѳдлѳв. Ойролцоо байх ОрдГео ѳрѳмдлѳгийн анги дээр очлоо. Тэнд 2 Монгол ажилчин байх бѳгѳѳд тэд Кожеговьд хамгийн ойрхон гүний уснаас уудаг аж. Бид тэр уснаас бас дээж авлаа.

Дашрамд дурдахад Кожеговийнхон говийн уснаас, гүний ч бай хөрсний ч бай ер уудаггүй савласан ус зѳѳлгѳж уудаг гэж байгаа. Тэрүүхэн тэнд машины ачаан дээр том цагаан сав харагдах бѳгѳѳд мѳнѳѳх хүхрийн хүчил зѳѳдѳг юм байна. Тэндээс цааш явж уран олборлодог газар нь очлоо. Хүхрийн хүчил шахах, буцааж соруулах хоолойнууд харагдана. Тэнд авч явсан Гамма Скаут багажаараа цацрагийн хэмжилт хийсэн боловч хэвийн хэмжээнд байлаа. Энд тэндгүй ѳрѳмдлѳгийн цооногнууд. Ноок ахын хэлж байгаагаар гүний усны цооногнууд олон байв. Ѳрѳмдѳж байхад л байгалийг бохирдуулаад эхэлдэг гэж байгаа. Гэтэл хаа сайгүй цооног. Эндээс холгүй загийн ойд бас гүний усны цооногнууд олноороо. Цагтаа 1000 тэмээ ороход харагддаггүй загийн шугуй одоо армаг тармаг тархай бутархай харагдана.  Торон хашаанд шавраа түр хадгалах нүх, 2-3 агуулах харагдах бѳгѳѳд түүнийг нь нэг Монгол залуу манаж байна. Харуул ѳѳрѳѳ цацрагийн талаар ямар ч ойлголтгүй. Аюулгүй ажиллагааны талаар бол бүр юу ч байхгүй. Бид мѳн л мэдээлэл ѳглѳѳ. Ядаж агуулахынхаа хаалган дээр байгаа тэмдэг нь цацрагийн аюултай гэсэн тэмдэг гэдгийг нь хэлж ѳглѳѳ. Энэ ертѳнц дээр Арева л ингэж юу ч мэдэхгүй нутгийн иргэнээр цацраг идэвхт бүтээгдэхүүнээ харуулна даа гэж бодохоор дургүй минь хүрлээ. Хашаан доторх шавар хадгалах нүхэн дэх цацрагийн хэмжээг мэдэх нь юунаас ч чухал байлаа. Тэгээд нэгэнт биднийг оруулахгүй тул харуул залууг гуйлаа. Ингэж хэмждэг, тэгдэг гэдгийг сайтар зааж ѳгсний дараа мань хүн тийш очиж хэмжчихээд гараа сэжиглэсэн байдалтай ѳмдѳндѳѳ арчсаар эргэн ирэхэд тэр нь бас ч гэж хэвийн хэмжээнээс жаахан л ѳндѳр байлаа. Зориулалтын хувцас, цацраг хэмжигч ч байхгүй энэ хүн цацраг идэвхт бодис харж хамгаалж байдаг. Тэндээс ердѳѳ л саахалтын газар Ноок ахынх буусан байсан гээд бууцаа үзүүлэв. Тэр газрын байршлын зургийг нь авсан. Ноок ахын тугалнууд энд оодогноод хүрээд ирэхэд ядах юм үнэндээ алга.

Бид цааш хѳдѳлтѳл Ноок ах “Энд ойрхон овоолго бий хуучин оросын овоолго гэдэг тийшээ очьё” гэлээ. Тэнд очиход 2 том хуучин шороон овоолго байна. Тэр нь олон жилийн ѳмнѳх овоолго гэдэг нь илт. Харин тэрүүхэн зайд шинэхэн хаясан болов уу гэмээр тусдаа шавар овоолго байна. Хуягаа бид 2 цацрагийн хэмжилт хийж эхэллээ. Ноок ахын заасан хуучин шороон овоон дээр гарч хэмжихэд цацраг хэвийн хэмжээтэй байлаа. Биднийг айж гайхшруулсан зүйл гэвэл тэр шинэвтэрхэн шавар шороонд цацрагийн хэмжээ хэвийнхээс 9 дахин өндөр байлаа. Бид 2 дахин дахин хэмжсэн. Цацрагтай шаврын эргэн тойронд малын мѳр хаа сайгүй тэр тусмаа тугалын мѳр тодоос тод. Бас саяхан бололтой ирээд буцсан машины мѳр байна. Ерѳнхий сайдын ажлын хэсгийнхэн энд бас ирээд явсан гэж Ноок ах хэллээ. Хамт яваа хүмүүсийн маань зарим нь эмээсэн үү яасан машиндаа ороод суучихсан. Тэд хэрэг бишдэж байгааг жинхэнээсээ ойлгосон байх. Бид цацрагтай газарт алхаж явна шүү дээ. Бид буцах гээд дуудтал Ганбаа ах нэг тийш алхаад явчихав. Араас нь очтол ѳрѳмдлѳгийн пайз байх бѳгѳѳд DL 374 гэсэн байлаа. Ингээд хуучин оросын овоолго гэдэг, DL 374 пайзтай ѳрѳмдлѳгийн талбай дээр цацрагийн хэмжээ хэвийн хэмжээнээс 9 дахин их болохыг тогтоолоо. Аревагийн цацрагийн бохирдолгүй гэсэн хаа байна, 98 сая тѳгрѳг үрсэн ажлын хэсгийн цацраггүй гэсэн дүгнэлт хаа байна. Ноок ахын хэлснээр Цөмийн Энергийн Газрын цацрагийн хэмжилтийн газрын дарга Манлайжавын ахалсан ажлын хэсгийнхэн Улаанбадрахад ирэхдээ цацраг хэмждэг багаж эвдэрсэн гээд хэмжээгүй гэж байлаа. Ийм хариуцлагагүй байж яаж цацрагийн түвшин хэвийн хэмжээнд, гүний ус хордooгүй гэж тэд мэдэж байгаа юм? Ийм хариуцлагагүй байж Аревагийн  үйл ажиллагаанаас болж мал үхээгүй гэж яаж хэлэх юм бэ? Ямар учраас харийн компанийг өмгөөлөн нутаг орон, ард иргэдээ мал сүрэгтэй нь золислохоос буцахгүй аашилна вэ?  Засгийн газарт ч, Аревад ч итгэнэ гэдэг хэцүүхэн гэдэг нь дэндүү ойлгомжтой биш үү.

Цагт 1.8 микрозиверт буюу зөвшөөрөгдсөн хэмжээ болох 0,2 микрозиверт/цагаас 9 дахин их цацраг хэмжив.

Цагт 1.8 микрозиверт буюу зөвшөөрөгдсөн хэмжээ болох 0,2 микрозиверт/цагаас 9 дахин их цацраг хэмжив.

Цааш Аревагийн хаягдал шавар шороогоо асгадаг Шар Дов гэдэг газарт очлоо. Нутгийнхан булш гэж нэрлэдэг. Хашаалж байгаа боловч дуусаагүй бололтой. Довцог газарт цацрагийн хэмжээ 2 дахин их байлаа. Ухсан нүхэнд ус тунасан аль эсвэл хѳлдсѳн хѳрсний ус гэсч шүүрсэн байв. Малын мѳр хаа сайгүй. Xимийн бодисонд бохирдсон шавар шороог хөрсөнд нэвчихээс хамгаалж тусгаарлах учиртай гялгар уут нь урагдаж салбараад удаж байгаа нь илт. Газрын хѳрсѳнд химийн, болон цацрагийн хор шингэвэл хѳрсний ус, ѳнѳѳ Зѳѳвчийн худгийн ус бохирдохгүй гэх баталгаа алга. Нѳгѳѳ дүрэм горимоороо ажиллаж байгаа гээд улиглаад байдаг Кожеговь компаний үнэн дүр тѳрх нэг иймэрхүү.

Цааш явж Ноок ахын ѳвѳлжѳѳн дээр очлоо. Ѳвѳлжѳѳнийх нь ойролцоо гүний усны худаг дээр очлоо. Тэнд цацрагийн хэмжилт хийсэн боловч хэвийн байлаа. Цаахантай нь мѳн л нэг ямаа үхсэн байх бѳгѳѳд тэр чигтээ, нохой шувуу хѳндѳѳгүй байж байна билээ. Худгийн хажууд Ноок ахын мод гээд нэгэн мод бий. Ноок ах авчирч суулгасан болой. Гэвч мод нь хатчихсан ер нь бол ургах найдваргүй харагдаж байна. Ѳвѳлжѳѳний энэ худгаас ажлын хэсгийнхэн шинжилгээ авсан гэсэн. Их л сэжигтэй байдалтай байсан гэж Ноок ах хэлсэн. Ноок ахаас л нэг юм нуугаад байсан бололтой юм билээ. Юу л байгаа бол доо гэж байсан. Намайг хотод ирсний дараа Ноок ах утасдаад “ѳвѳлжѳѳний худгийн шинжилгээний хариу ирсэн селен их хэмжээтэй байна гэжээ гэх юм. Тэгсэн хирнээ мал, хүн ууж болох болохгүйг анхааруулаагүй. Хортой химийн бодистой бол малаа байг гэхэд хүнээ хордуулахгүйн тулд эртхэн шинжилгээнийхээ хариуг ѳгѳхгүй яасан юм. Хѳгшин хүн хордоход гайгүй гэж байгаа юм бол үр хүүхэд нь тэр худгийн уснаас ууж байгаа гэдгийг яагаад бодохгүй байна” гэж их л гомдолтой хэлж байсан. Бид чинь Монгол хүмүүс нэг нэгэндээ, тэр тусмаа үр хүүхдэд нь ингэтлээ муу санамааргүй л юм. Өндөр тунгаар селен хүртвэл элэг бөөр гэмтэx ноцтой аюултай, цаашилбал амь насанд ч халтай гэдгийг анхааруулж сэрэмжлүүлэхгүй байгаа нь юуны учир вэ? Юу л болоод байна даа.

Хааяа ийм илэрхий нэг талыг барьсан, ард иргэдийнхээ эсрэг чиглэсэн үйл ажиллагаа яваад байгааг харахаар сэтгэл сэрхийж айдас ч хүрэх шиг. Тэр шинжилгээний хариуг ямар учраас ингэж их удаав. Яагаад Ноок ахыг байг гэхэд нялх үр хүүхдийг нь бодохгүй байна. Монгол хүн эрүүл орчинд амьдрах, амьд явах эрх нь Үндсэн Хуулиар хамгаалагдсан байдаг биш бил үү. Ийм байхад хүний эрх зѳрчигдѳѳгүй гэх үү? Улаанбадрахын ураныг ухаж, Солонгос гаргаж цөмийн түлш хийгээд Арабын Эмиратад нийлүүлэх төлөвлөгөө ер нь хэнд ашигтай юм бэ? Цөмийн хаягдал түлшээ эргүүлээд Улаанбадрахад булахын тулд эртхэн ард иргэдийг нь мал сүрэгтэй нь эд бад хийх гэж байгаа юм уу? Эцэст нь хариуцлагыг нь хэн  хүлээх вэ? Аревагийн төлөөлөгч Түвшинбаярын хэлж буйгаар бол Mонголын засгийн газар хүлээнэ гэх. Гэвч дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй ерөнхий сайд огцорвол эсвэл 3 жил өнгөрч засгийн газрын бүрэн эрхт хугацаа нь дуусвал дараачийн засгийн газар хариуцлага хүлээх үү? Эсвэл “өмнөх засгийн газрын буруу бидэнд хамаагүй” гээд өнгөрөх үү? Аль нь ч болов, эрх баригчид Улаанбадрахын асуудлыг аль болох хав дарахаар чармайж, удаашруулж, ус хөрсний шинжилгээ хийхдээ 4-5 сар болж, эцэст нь цааш нь судлая, гадаад руу явуулж шинжлүүлье гэx зэргээр башир арга саам хэрэглэж байгаа нь хөдлөшгүй үнэн.

Ѳдөржингѳѳ аялсан бид ѳлсч цангасаар Ноок ахынд буцаж ирлээ. Биднийг ирэхийг дѳхүүлж чанасан ямааны мах халуунаараа угтлаа. Бид ч ум хумгүй дайран оров. Ганцхан сэтгэлийн мухарт “энэ чинь хордлоготой малын мах шүү дээ” гэсэн увайгүй бодол зүүлттэй. Одоо ѳнгѳрсѳн… Ноок ахад баярлаж талархснаа илэрхийлээд бид ч эртхэн газар дѳхлѳѳ. Гэгээтэйд Зүүнбаянд ирэв. Хуягаа дэлгүүрт орж худалдаа хийнгээ худалдагчтай хэдэн үг солиход Зүүнбаянчууд бас л Кожеговийнхны эсрэг 100 хувь байдаг тухай хэлж байлаа. Бид нэлээд хэдэн сонин тэр хүнд үлдээж, орж ирсэн үйлчлүүлэгч нартаа ѳгѳѳрэй гэж хэлэв. Тэндээс гарч ЗГ даргатай нь уулзах гэсэн боловч сумын сургууль дээр иргэдийн хуралтай байлаа. Хурал дуусахыг хүлээх хэцүү тул сургуулийн жижүүрт хурал тарахад хүмүүст түгээхийг сайтар гуйгаад үлдсэн сонингоо цѳмийг нь үлдээлээ. Цааш бид Хамрын Хийд рүү хѳдѳлж, тѳѳрч будилсаар шѳнийн бор хоногтоо Хамрын Хийдийн суваргын ойролцоо толгодын салхинд нүдүүлэн хүйтэн бороонд норон байж хонолоо. Энергийн тѳв дээрээс энергийг тэгж л авах ёстой юм болов уу.

5 сарын 9. Хамрын Хийд—Улаанбаатар

Хамрын Хийд Монголчуудын сэтгэлийг сэргээдэг учир жанцантай газар ажээ. Өмнѳ нь ийм их ач холбогдол ѳгч байсныг би лав мэдэхгүй, харин сүүлийн үед найзууд маань Хамрын Хийд, Шилийн Богдыг зорин давхих болжээ. Манайхан энерги аваад, эхийн умайгаар гарч ариусаад зураг хѳрѳг татуулж, сакура цэцэг үнэрлэхдээ гол ажлаа ч бас цалгардуулсангүй. Юу гэвэл Хамрын Хийдийн хамба лам дээр орж ураны аюул, Кожеговийн хар балгийн талаар хамбатай яриа ѳрнүүлэв. Хамба санасныг бодоход их энгийн хүн бѳгѳѳд биднийг бүрэн дэмжиж байгаагаа хэлж байлаа. Би ч хамгийн сүүлд гарахдаа “бидэнд олон дайсан бий тэднээс хамгаална уу” гээд адис аваад гарахаа мартсангүй ээ.

Г.Ариунболд

“Голомт- цѳмийн эсрэг хѳдѳлгѳѳн”-ий Удирдах Зөвлөлийн гишүүн

 

2013 он 6 сар

Жич:
Үйл явдлын мөрөөр:

Ажлын багийнхан Улаанбадрахаас ирсэн даруйдаа буюу 5 сарын 13-нд xэвлэлийн бага хурал хийлгэсэн. http://www.youtube.com/watch?v=fadlEeDpvvA
Хурал хийлгэсэн өдрөө “Гал Үндэстэн Xолбоо”-ныхон Дорноговь буцаж, Улаанбадрах сумын 1,2,3-дугаар багийн иргэдийн  хуралд оролцсон. Багийн иргэд уран олборлолтыг эсэргүүцэж буйгаа дуу нэгтэйгээр мэдэгдэж, ерөнхийлөгч, ерөнхий сайдад хаягласан захидал үйлдэхээр шийдсэн. Удалгүй малчин  Баасанбатын гэр бүлийн хүн тэргүүтэй Улаанбадрахын төлөөлөгчид  нийслэлд ирж, 5 сарын 28-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, бусад хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн.
http://www.youtube.com/watch?v=Kf1scYMmBnc
http://www.youtube.com/watch?v=TlAMD4l2id0
http://www.youtube.com/watch?v=2vOJiBL2zGA
http://www.youtube.com/watch?v=rL62hwIdsGM

Улаанбадрах сумын малчин Т.Гантөр Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн дэд захирал С.Цэрэнчимэдтэй хамт ТВ-ийн нэвтрүүлэгт оролцсон.
http://www.youtube.com/watch?v=BlvygeDsbE8

Малчдын төлөөлөгчид 319 өрхийн 1000 гаруй хүний гарын үсэгтэй “Уран олборлолтыг зогсоож өгөөч” гэсэн утгатай захидлаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,  УИХ-ын  дарга гуравт гардуулж, УИХ-ын гишүүн Батзандантай уулзсан. http://www.aravt.mn/content/2994/.htm

Мөн ерөнхийлөгчид нэр дэвшигч Б. Бат-Эрдэнийг Сайншандад ирэх үеэр Улаанбадрахын малчид болон “Гал Үндэстэн Холбоо”-ныхон уулзсан байна. Саяхнаас Кожеговь компаниас орон нутгийн олон нийттэй харилцах ажилтны орон тоог шинээр бий болгожээ…

Ulaanbadrahchuud

Advertisements

9 Comments on “Ураны аюулд нэрвэгдсэн Улаанбадрахын тэмдэглэл”

  1. Mongol er says:

    Малчдын дунд очиж ажилсан тун зөв. Улаанбаатар хотод байгаа нутгийн иргэдийн зөвлөл энэ бухнийг 3 дагч байр сууринаас харж байгаа гэж найдна. Монгол улс Франц улсын золио болох ёсон байж боломгуй.

  2. Dorj says:

    @Mongol erd: Төрсөн нутгийнхаа асуудлыг 3 дахь байр сууринаас харж байгаа бол их л хуний сэтгэлээр хандаж байгаа юм байна даа. Эзэнгүй нутагт харийнхан дураараа дургих нь аргагуй юм байна даа.

  3. ddddd says:

    Сайхан бичжээ. Наад хүмүүс чинь үнэхээр хэцүүдлээ. Манай засаг иргэдээ огт хамгаалахгүй юм.

  4. Jadamba says:

    Олон улсын шуухэд хандаж хохирсон иргэдийг хохиролгуй болгох, нөхөн төлбөр гаргуулах, цаашлаад бохирдсон газар нутгаа эргэн хэвийн байдалд оруулахад зарцуулагдах зардлыг нь хуртэл гаргуулах хэрэгтэй. Яг нэг иймэрхүү нөхцөлд орсон нэгэн суурингийн иргэдэд тусалж хохиролыг нь арилгуулдаг хуульч хуухний тухай нэг америк кино байдагдаа. Боломжтой Бол нэг узчихвэл ч та бухний тэмцэлд

  5. baagii says:

    Үнэхээр өрөвдөлтөй юмаа,

  6. даваасэрээтэр says:

    наад мэдээлэл чинэ бугд худлаа. Хордсон юм юч байхгуй. Шунхай малчид нь малдаа тариа тариад, иргэний хөдэлгээн гэж цаанаа CHINA нар хатгалгаар ажилгуй хэдэн залуучууд турхираад , ийм хог шаар болсон мэдээлэл-ээр нийт ард тумний тархи угаагаад л байгаа юм даа. АРЭВА бол мгл-д байгаа уул уурхай компаны-ууд аас харин ч хамгийн хариуцлагатай , унэнч комапны шуу.
    Ард тумээн та нар өөрсдээ харин очоод узээрэй , хэн худлаа хэн унэн яриж байгааг ойлгох байхаа
    IP: 182.160.34.170

    ГОЛОМТЫН ХАРИУ:
    за малчид малдаа тариа тариад байгаа юм биз дээ? Харин тэгвэл элдэв янзын төрөхийн гажигтай, эрүүгүй, нүүргүй, үсгүй, хөлгүй, дотор эрхтэн нь толботсон төл мал гарч байгаа нь яасан байхав? Бодвол Даваасэрээтэр та л хээлтүүлсэн юм болов уу даа…:)

    • даваасэрээтэр says:

      энэ худлаа юм бичээд биагаа нухдууд ФРАНЦ-үүдийг гаргаад CHINA ,ОРОС-ууд орж ирэх гээд байгаа юм аа.Иргэний хөдөлгөөн гэгч нь тэндээс санхуужилт аваад биагаа юм. Харин тэгэх юм бол ёстой энэд бичээд байгаа юм бодитоор болох байх. АРД ТУМНИЙ ТАРХИ УГААХАА ЗОГСОО . Иргэний хэдэлгээн нэртэй тархи угаагчид аааааа
      IP: 182.160.34.170

      • tsetseg says:

        Ямар ч гадны гүрэн бсан монголын төлөө уран олборлоно гэсэн ойлголт байж болохгуй асуудал. Галзуу юм шиг францын АРЕВАг өмөөрөөд бгаа нөхөр бол урвагч гэхээс өөр юу гэхэв.

  7. Nutag mini says:

    засгийн газар ард тумний тарxийг угааxаа зогсоо. Ард тумэн одоо тарxиа угаалгадаг xөг өнгөрсөн, тэмцэнэ. таслан зогсооно гэсэн уриан дор ажиллаx болно.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s