Ураныг хэрхэн олборлож баяжуулдаг вэ?
Posted: 2013/03/13 Filed under: Газар нутаг, Уран ба АЦС-ын аюул, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Ноцтой 2 Comments• 1-р үе шат: Сорьцын өрөмдлөг
Эхний шатанд ураны сорьцыг тодорхойлохын тул хяналтын өрөмдлөг хийж, дээж авна. Ураны хүдрийг газар дор уусган олборлоход нэг орд газарт 500-гаад удаа өрөмдөх явдал гардаг. Ингэж өрөмдөхөд химийн бодисонд ууссан уран гүний усыг бохирдуулж, орчин тойронд цацраг идэвхит бодис алдагдах эрсдэлтэй.
• 2-р үе шат: Уран олборлолт
Хэрэв хяналтын өрөмдлөгийн дүнд ураны орц хангалттайг (ихэвчлэн агууламж нь 0.03-0.07% орчим байдаг) тогтоогдвол олборлодог. Ураны байршлын онцлогоос шалтгаалан түүнийг олборлох 3 янзын арга байдаг. Тухайлбал, ураны орд газрын гадаргууд ойр байрладаг бол ил уурхайн аргаар олборлодог нь хамгийн хялбар боловч олон төрлийн сөрөг үр дагавартай.
Тухайлбал, ил уурхайд ажиллагсад цацрагтай тоос болон радон хийнд хордох аюултай. Энэ аргаар уран олборлосны эцэст тогоо шиг том нүх бий болж, хажууд нь уул овоо шиг хаягдал шороо чулуу үлддэг нь мөнхөд цацрагт тоосонцор ялгаруулж, салхинд туугдан ойр орчныг хордуулдаг. Ил уурхайд байгалийн нөхөн сэргээлт хийхэд өртөг зардал өндөртэй, цаг хугацаа их шаардагддаг тул тэр чигт нь орхисон тохиолдол дэлхий нийтэд элбэг тохиолддог. Мөн ил уурхайд уран олборлосны улмаас гүний ус бохирддог ба нөхөн сэргээхэд асар үнэтэй.
Уран олборлох удаахь арга нь гүний уурхайн арга ба ураны орд газрын гүнд байршилтай нөхцөлд хэрэглэдэг. Хэдийгээр эхний аргыг бодвол гарах хаягдал шороо чулуу багасдаг ч өртөг зардал нь өндөр. Гүний уурхайн аргаар уран олборлоход цацрагтай тоос, радон хий ялгарч уурхайчдын эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг. Мөн гүний усыг бохирдуулах аюултай бөгөөд нөхөн сэргээх бараг боломжгүй.
Гуравдахь арга нь газар дор хүхрийн хүчлээр уусгах арга. Ингэхдээ 2 газар 240 метр хүртэл гүн өрөмдөж, өрөмдсөн нүхээр гүний усны судaлыг дайруулан урсгалынх нь дагуу хүхрийн хүчил шахдаг. Хүчил газар дорхи ураны хүдрийг хайлуулан урсгаж, хөдөлгөөнд оруулдаг ба урсгалын доор өрөмдсөн өөр нэг нүхээр урантай уусмалыг соруулж авдаг. Энэ арга нь мэргэжлийн ажилтан, тусгай машин техник бараг шаарддаггүй, нүдэнд үзэгдэх хог хаягдал бага гардаг хэмээн хамгийн хямд төсөр аргын нэгд тооцогддог ч бодит байдал дээр олон талын эрсдэл дагуулдаг байна.
Тухайлбал, ураны уурхайн өрөмдлөгийн цооногоор газрын гүн дэх хорт радон хий гадагшилж, хэдэн зуун километрийн талбайд салхиар тарж, гол мөрний усыг бохирдуулдаг. Радон хий нь уушигны хорт хавдарын гол үүсгэгчдийн нэг бөгөөд хор хөнөөлөөрөө тамхидалтын дараа ордог.
Түүнчлэн ус бол өндөр даралтаас нам даралттай газар луу урсдаг. Тэгвэл газрын гүний геологийн бүтэц, цооногт гарсан гэмтэл, ойролцоо орших бусад өрөмдлөг зэрэг учир шалтгааны улмаас хүхрийн хүчлийн уусмал ураны хүдэр лүү биш огт өөр зүгт урсаж, улмаар гүний ус, хөрсийг хордуулах аюултай.
• 3- р үе шат: Боловсруулалт
Ил бa гүний уурхайн нөхцөлд:
Oлборлосон ураны хүдрийг эхлээд тээрэмддэг ба тээвэрлэлтийн зардал хэмнэх үүднээс голдуу уурхайн дэргэд боловсруулдаг. Чулуулгыг нарийн элс шиг болгож тээрэмдэхэд маш их хэмжээний ус, химийн бодис хэрэглэнэ. Өндөр чанартай шар нунтаг нь 70-80 хувийн ураны орцтой байдаг. Ураны хүдэр дэх агууламж нь ойролцоогоор 0,04 хувь байдаг гэхээр өндөр хэмжээний баяжмал гаргаж авахад асар их чулуу шороо хаягдал гардаг. Барагцаалбал, 1 тонн уран ялгахад 750-1000 тонн цацраг идэвхитэй хаягдал үлддэг байна. Энэ хаягдал нь хүдэр хэлбэртэй байхдаа агуулж байсан цацрагжилтынхаа 85 хувийг агуyлсаар байдаг.
Цацраг идэвхит хаягдлаас радон хий ялгарч, ойр орчин, гүний усыг ч бохирдуулах аюултай. Шүүлтүүргүй тээрэм цагт 20 кг цацраг идэвхит тоос гаргадаг ба энэ тоос нь салхинд туугдаж өргөн уудам газар нутгийг цацрагаар хордуулах чадвартай. Тээрмээс гарсан хаягдал шороо, бутархай чулууны хаягдал тэйлинг (оросоор шалаам) нь байгаль орчныг цацрагаар мөнхөд бохирдуулсаар үлддэг. Цацрагийн тархалтыг багасгахын тулд далан барьж, усаар дүүргэдэг.
Хүхрийн хүчлээр газрын гүнд уусгасан нөхцөлд:
Урантай уусмалыг соруулж аваад бөмбөлгөн давирхайтай шүүлтүүрээр шүүж, ион солилцох аргаар ураныг давирхайнд барьцалдуулж ялгадаг. Дараагаар нь давирxайн бөмбөлгөө боловсруулах үйлдвэрт аваачиж, ураныг нь ялгаж, шар нунтаг гаргаж авдаг. Уусмалыг ууршуулах, газрын гүнд буцаан шахаx эсвэл хүхрийн хүчил нэмж дахин ашиглах боломжтой. Ихэнх тохиолдолд уусмалыг ууршуулах цөөрөмд түр хугацаагаар хадгалдаг ба үүнээс үүдэн олон сөрөг үр дагавар бий болдог.
Тухайлбал, уран ялгаж авсны дараа үлдсэн их хэмжээний уусмалыг түр хадгалах цөөрөмд юүлэхэд хорт радон хий ялгарч, орчин тойрныг хордуулдаг. Энэ үлдсэн уусмалд төрөл бүрийн хүнд металл, химийн хорт бодис ууссан байдаг. Учир нь уран гэгч нь газрын гүнд дангаараа бус радий, полоний гэх мэт цацраг идэвхит элементүүд, кадмий, цинк, никель, хар тугалга зэрэг хүнд металл, хүнцэл, селени зэрэг хорт бодистой зэрэгцэн оршдог байна. Тус уусмалыг ууршуулах цөөрөмд түр хадгалах явцад бохир ус цөөрмын ханыг нэвтлэн хөрс, гүний усанд нэвчих нь цөөнгүй тохиолддог. Мөн хаягдал уусмалыг ууршуулж, үлдсэн хортой лаг шаврыг газарт булдаг арга туршлага нь ч мөн ижил газрыг хөрс, гүний усыг бохирдуулдаг байна.
Бохир уусмалыг газар дор шахаж үлдээсэн нөхцөлд уран олборлолт зогссон хойно ч гүний усыг байнга хянаж, сорьцын шинжилгээ хийж байх шаардлагатай. Харамсалтай нь харийн корпорациуд аль нэгэн буурай хөгжилтэй улсын ураныг нь олборлосон тохиолдолд хуучин уурхайдаа байнгын хяналт тавьж, нөхөн сэргээлтэнд нь урт хугацааны туршид анхаарна гэдэг бол “үлгэр” юм.
Уран олборлолтын үр дагавар
Ураныг олборлож, боловсруулах явцад байгаль орчин цацраг идэвхит ба химийн бодисонд бохирддог. Тиймээс ураныг энхийн болон цэрэг дайны зорилгоор ашиглахыг дэлхий нийтээрээ ширүүн шүүмжлэх болсон. Гэвч эрчим хүчний хямрал болон шатдаг (фоссил) түлшний хомсдлын улмаас зарим нэг улс орон, тухайлбал, Хятад, атомын цахилгаан станц барих бодлогоо орхиогүй хэвээр байна.
Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө
Уран олборлолтын үед гүний усны бохирдох нь элбэг тохиолддог. Ураны хаягдал тэйлинг шороо буюу шалаамыг cалхинд хийсгэхээс сэргийлэн далан барьж усаар дүүргэсэн ч ялгаагүй ус доош нэвтэрч, гүний усанд нэвчих аюултай. Осол аюул тохиолдсон зарим нэг жишээнээс дурдвал:
– Нью-Мексико мужийн Laguna Pueblo гэдэг газар 1952-1981 онуудад уран олборлосон бөгөөд 1975 онд тус нутгийн гүний ус цацрагт хордсоныг олж тогтоожээ. Түүнчлэн уран олборлолтын улмаас Рио Сан Хосе мөрнөөс эх авсан 2 голын ус цацрагаар бохирджээ.
– 1962 оны 7 сарын 11-нд Өмнөд Дакота мужийн Edgemont Black Hills гэдгэ газар 200 тонн шалаам агуулж байсан далан задарч, шингэн хэлбэртэй цацрагт хаягдал Cottonwood Creek гол руу оржээ. Тус гол нь нутгийн иргэдийн ундны ус, тариалангийн талбайн услалтын эх үүсвэр болох Cheyenne River голд нийлдэг байна.
– 1979 онд далан задарч, улмаар 400 сая литр цацраг идэвхит ус Rio Puerco гол руу оржээ. Энэ ослын улмаас нутгийн ууугуул иргэд Индианчууд асар олноороо хохирчээ.
– Түүнчлэн уурхайн орчимд химийн хорт бодис асгарах осол гарх байжээ. Жишээ нь, Cove/McCoy-Mine уурхайгаас 400 кг цианидтай шингэн алдагдсан байна.
Уурхайн ойр орчимд цацраг идэвхит бодисонд хордсон амьтад элбэгшдэг. Улмаар загас олноороо үхсэн болон 2 толгойтой загас төрсөн тохиолдол гарчээ. Ялангуяа Канадын ураны уурхайн ойролцоо нутгийн оршин суугчид болон мал амьтан үргүй болж, тэдний дунд ургийн гаж хөгжил тохиолдох явдал эрс нэмэгдсэн байна. Үүнд байгалийн гаралтай бүтээгдхүүн хэрэглэдэг Канадын уугуул иргэд индианчууд хамгийн их хохирчээ.
Эрүүл мэндэд учруулж буй хорт нөлөө
1980-аад оны сүүлч хүртэл Америкийн засгийн газар ураны уурхайн ажилчдын дунд нас баралт асар өндөр буйг огт тоодоггүй байжээ. Анх 1989 онд АНУ-ын Төлөөлөгчдийн тэнхимээс ураны уурхайд ажиллаж байсан 450 уурхайчин уушигны хорт хавдраар нас барсан тухай мэдээлсэн байна. Улмаар ураны уурхайн ажилчдын хохирлыг барагдуулах Цацрагт Хордогсдод Нөхөн Олговор Олгох хуулийг хойтон жил нь санаачилж, хэрэгжүүлсэн байна.
Ураны уурхайгаас 1.6 километр хүртэлх зайд амьдардаг иргэдийн дунд хорт хавдрын тархалт бусад иргэдийнхээс даруй 2 дахин өндөр байсан нь тогтоогджээ. Иймд уурхайн ойр орчмыг „үндэсний хэлмэгдлийн бүс нутаг“ гэж хүртэл нэрлэдэг болжээ.
Pine Ridge дархан цаазтай бүсэд уран олборлолтын талаар хийсэн судалгаанаас үзэхэд 1962-1980 онуудад 50-80 насныхнаас 10 хүн тутмын 1 нь хорт хавдраар нас барсан, нийт жирэмслэлтийн 38 хувь нь зулбасан гэсэн тоо баримт байна. Энэ нь АНУ-ын дунджаас 6 дахин өндөр юм. Мөн бага насны хүүхдийн 60-70 хувь нь уушигны өөрчлөлтийн улмаас амьсгалын замын өвчинд нэрвэгджээ.
Уурхайд тамхи татахыг зөвшөөрдөг байсан нь уурхайчид уушгины өвчин тусах нэмэлт нөхцөл болжээ. Уурхайн дийлэнх ажилчид тамхи татдаг байсан бөгөөд тамхи, уран хоёр хавсарсан нь уушигны хорт хавдраар өвчлөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн нь тогтоогджээ.
Герман улсад уран олборлсоны хор уршиг
Хоёр Герман нэгдсэнээр Зүүн Германы Висмут ураны уурхайг байгаль орчинд хорт нөлөөтэй гэсэн үндэслэлээр хаасан билээ. 1990 оноос хойш тус уурхайн нөхөн сэргээлтэнд татвар төлөгчдийн мөнгөнөөс нийтдээ 13 тэрбум евро зарцуулсан гэсэн тооцоо гарсан ба өнөөг хүртэл тус уурхайд 2200 ажилчин ажилласаар буй ажээ.
Орчуулж бэлтгэсэн Голомт-ЦЭХ
Эх сурвалж: http://www.chemie.de/lexikon/Uranwirtschaft.html
Та нуурсний талаар ямар бодолтой бдг вэ? Монголд асар их бдг шатах материал уу?
Яагаад бид бүх байгалийн баялаг руугаа зэрэг усчээд, самардаад байгаа юм бэ. Төмрийн хүдэр энэ тэр гээд байгалиа хордуулах нь багавтар ордууд дээрээ туйлбартай ажиллаж эхлээд тэндээ хүчтэй болох хэрэгтэй юм биш үү. Бид нар гэр бүлийнхээ амидралд ч гэсэн том шийдвэрүүдийг дараа дараагаар нь гаргадаг биз дээ. Цацраг идэвхит бодис олборлох манай өнөөгийн шатанд хэтэрхий ахадсан юм шигээ. МГЛ орон маань мгл иргэд маань л хохирноо ш дээ. Даанч дээ ийм шийдвэр гаргасан хүмүүс яагаад бусдыгаа эх орноо бодохгуй бна аа.