Яруу найрагч О. Дашбалбар: “Элбэг нэртэй хүн тѳр баривал тѳр самуурдаг…”
Posted: 2012/12/04 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул, Эрх баригчид | Tags: AH, Бодууштай, Хүний мөс 6 CommentsMиний бие аль ч улс тѳрийн нам, эвсэлд харъяалагддаггүй ба тэдэнд ѳгѳх ѳглѳг, авах авлага ч байхгүй ээ. Харь оронд мэргэжил эзэмшиж, тэндээ ажиллаж амьдарч байгаа эгэл жирийн л Монгол иргэн. Хэдийгээр гадаадад олон жилийг элээж байгаа ч эх нутаг, элгэн түмнээ цаг мѳч бүхэнд зүрхэндээ тээж явдаг нэгэн билээ. Монгол эх орон, ард иргэдэд минь тулгараад байгаа сэтгэл зовоосон зарим нэг асуудлаар эрхэм таньтай санал бодлоо илэн далангүй хуваалцах гэсэн чин хүсэл минь энэ нэгэн нийтлэлийг чадан ядан эвлүүлэхэд хүргэлээ.
Зүрх сэтгэл минь шаналж, унтах нойр минь үргэн одохын учир юун. Яруу найрагч О. Дашбалбар агсан амьд ахуй цагтаа “Элбэг нэртэй хүн тѳр удирдахад тѳр самуурдаг” гэж зурагтаар барин тавин хэлэхэд хачирхаж бас гайхаж билээ. Тодруулбал, Элбэг нэрт хаан тѳр самууруулах эхийг хатгаж улс орон, ард иргэдэд зуу, зуун жилийн гай гамшиг авчирсан тухай Монголын түүхэн судруудад нэхэл хатуухан сэрэмжлүүлжээ. Их найрагч олон жилийн ѳмнѳ бидэнд юуны учир ийнхүү битүүхэн сануулж байв aa. Ѳнѳѳдѳр “Элбэгүүд” засаг тѳрийн толгойг эзэлчихээд, эрүүл саруул Монгол хүний тархи толгойд ч оромгүй адал балмад үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн юм биш биз. Ингэхэд Халх голын хэсэг газрыг харийнханд зараад “идчихсэн” гэж дуулдав. Бас “Монголын цѳмийн санаачлага” гэгч нууц тѳсѳл хэрэгжүүлэхээр шуударсан ч янзтай даг. Та энэ талаар golomt.org хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болох тул энд дахин нуршиж тѳвдсѳнгүй. Харин эдгээр асуудлуудaap хийсэн товчхон дүгнэлтээ дор сийрүүлэе.
Монголын цѳмийн санаачлага (МЦС) гэгч нууц тѳслийн талаар. Миний л ойлгосноор Монгол улс цөмийн зэвсгээс ангид байр сууриа аль тэртээх 1992 онд зарласан хэдий ч гадныхан даанч юман чинээ тоосонгүй ѳдийг хүрсэн. Гэтэл юу болсон юм, 2012 онд гадныхан гэнэтхэн л Монголын саналыг алга ташиж талархан хүлээж авлаа. Мэдээж бид бѳѳн баяр болоод ёстой л энх тайванч “хууч ѳвчин” маань сэдрэх дѳхѳв. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цээж дэлдэцгээж сүртэй сурталчилгаа ч явагдлаа. Гадаадын сонингууд ч бас Монгол улс цѳмийн зэвсгээр үл хѳѳцѳлдѳх статустай болсонд баяр хүргэхийн ялдамд Монголын цѳмийн санаачлагыг дэмжиж буйгаа бас илэрхийлээд сүйд майд.
Байз, энэ чинь юусан билээ?! Юун бас Монголын цѳмийн санаачлага вэ? Энэ хоёр чинь тэгэхээр тус тусдаа асуудал болж таарах нь уу? Ингээд олон нийт зүй ёсоор МЦС гэгч хар мангасыг хардаж, танадаж эхэллээ. Энэ МЦС гэгч ер нь ямар тѳсѳл юм бол оо? Үндэсний аюулгүйн байдлын зѳвлѳлийн (ҮАБЗ) гуравхан гишүүд болох ерѳнхийлѳгч, улсын их хурлын дарга, ерѳнхий сайд нар яагаад МЦС-ыг ард иргэдээсээ хав дарж байна вэ? МЦС нээрээ цѳмийн хаягдалтай холбоотой юм биш байгаа? Яригдахаасаа эхлээд хэрэгжих хүртэлх цѳмийн хаягдалтай холбоотой аливаа асуудлын хувь заяа яахаараа ҮАБЗ нэрээр халхавчилсан гуравхан хүний үзэмжээр шийдэгдэх ёстой болов оо? Ард түмний эрх ашиг хамгийн түрүүнд зѳрчигдѳх энэ бодитой аюулыг ямар учраас ард түмнээр үл хэлэлцүүлнэ вэ? Яагаад ҮАБЗ-ын зѳвшѳѳрѳлгүйгээр цѳмийн эдгээр асуудалд хошуу дүрсэн л бол дэмжигч ч бай, эсэргүүцэгч ч байсан ялгаагүй хэн боловч хариуцлага хүлээх ёстой болов? Гурван ѳндѳрлѳг юунаас тэгтлээ их жийрхэнэ вэ?
Энэ бүх асуултын хариуг мэдээж ҮАБЗ бэлэхнээ мэдэж байгаа л даа. Харин миний хардаж байгаагаар МЦС гэгч тѳсѳл бол Монгол улс уранаа олборлож гадны атомын цахилгаан станцад түрээслүүлснийхээ дараа нѳгѳѳ улиглах дуртай “олон улсын тогтсон жишгээрээ” эргүүлж авчраад газрын хэвлийд булшлах явдал болов уу. Энэхүү цѳмийн цикл гэгч үйл ажиллагаа арав хорин жилээр үргэлжлэх учиртай. Ѳнѳѳдрийн хүчиндэж шийдвэр гаргагч нар арав хорин жилийн дараа энэ хэвээрээ байх ч уу үгүй ч үү. Гаргасан шийдвэрээс нь үүдэх гай түйтгэр одоогийн улс тѳрчдѳд хамаагүй байж болох ч үе үеийн Монгол ард иргэдэд тун ч хамаатай.
Монголын уранаас гаралтай, гадны атомын цахилгаан станцыг ажиллуулсан гайтай цѳмийн түлш арван жилийн дараа хэл чимээгүй орж ирээд Монголын говьд хаа нэгтэй олон улсын хууль тогтоомжийн дагуу албан ёсоор булшлагдах нөхцөл бий болсон гэж бодож байна. Тэр булшаа алан хядагчдаас хамгаалах нэрийдлээр олон улсын тэр дундаа НАТО-гийн цэргүүд ороод ирвэл та битгий л гайхаарай даа.
Учир юун гэвэл, нэгдүгээрт Монгол улс цѳмийн зэвсгээс ангид статусаа зарлан баталгаажуулсан учраас хаягдал цѳмийн түлшээр зэвсэг хийх аюул занал үгүй. Энэ нь гадны их гүрнүүдийн эрх ашигт яв цав нийцнэ. Чухамдаа мѳнгѳний үнэр авсан хѳгжингүй зарим орнуудын нэр нь хугарсан цѳѳвѳр корпорациуд, Oйрхи дорнодын алан хядагчдаа ѳѳгшүүлсэн “найдваргүйд” тооцогдох мѳртлѳѳ асар их мѳнгѳ шидэх боломжтой орнуудад атомын цахилгаан станц барьж ѳгѳѳд энх тайванч Монгол улсад цөмийн хаягдлыг нь авчраад булах нь тэдний хувьд нэн ч ашигтай бизнес.
Ѳнѳѳдрийн байдлаар тэдгээр “найдваргүй” орнуудад атомын цахилгаан станц барихаар болсноо зарим гүрнүүд нэгэнт зарлачихлаа. Монгол улс тэдгээр оронд экспортлохоор уранаа ухаж тѳнхѳѳд эхэлсэн, засгийн газар ч тѳсѳвтѳѳ энэ талаар тодорхой тусгачихлаа. Галт тэрэг ч хѳдѳлдгѳѳ хѳдѳлчихлѳѳ. Дашрамд дурдахад уран олборлож шар нунтаг гаргахад байгальд ямар хохиролтойг аль ч мэдээллийн сувгаар нэн тодорхой дурдсаар байтал байгальд “хохиролгүйгээр” шар нунтаг гаргах “үлгэрийн” арга замыг хайгч “ѳр зѳѳлѳн” мэдэн будилагч эрхэм гишүүд ч ил гарч ирэв. Ёстой л нѳгѳѳ “сүхдэх үхрийг ѳѳвлѳв” гээч л санаанд бууж байна.
Энэ бүхэн юуг ёрлоод буйг та ѳѳрѳѳ нэг тунгаагаад үзээрэй. Хоёрдугаарт, цѳмийн “шаар” биш харин “дахин ашиглах баялаг” гээд нэрлэчихвэл Монгол улсын дархан хилээр энэ “баялаг” чѳлѳѳтэй нэвтрэхээр барахгүй Монголын нутаг усан дээгүүр тээвэрлэгдэхээр хуулиндаа маш тодорхой заачихжээ. Тиймээс тэр хуулиа ѳѳрчилж цоорхойг нь бѳглѳхѳѳс нааш цѳмийн аюул бидэнд нүүрлэсээр л байх нь! Яг л түймэр гарсан ойн цоорхойд дарьтай торхон дээр сууж байгаа мэт тун аягүй. Миний ч, таны ч, бас бидний үр удмын эрх ашгийн асуудал ингээд яалт ч үгүй хѳндѳгдѳх цѳвүүн цаг нэгэнт хаяанд иржээ.
Энэ аюулыг харамсалтай нь Монголын үе үеийн тѳр завшсан “Элбэгүүд” бүр иймд нь тултал бугшуулж торниулсаар ирсэн гэж би хувьдаа зэвүүцэн сэжиглэж байна. “Элбэгүүд” Монголын тѳрд гарч ирсэн шигээ нэг л ѳдѳр халаагаа ѳгѳѳд оддог л байлаа. Харин тэдний тарьсан балаг нь аягүй л бол түмэн жил дамнан гай удах магадгүй нь дээ. Аз болоход атомын цахилгаан станц Монголд барина гэж дѳвчигнѳхгүй байгаа нь олзуурхууштай ч энэ нь мѳнѳѳхѳн МЦС-ыг хэрэгжүүлэхэд ёстой хамаа ч үгүй асуудал. Харин ч атомын цахилгаан станцын эсрэг үзэлтэнгүүд МЦС-ын улаан фэнүүдээс тѳрѳн гарсаар байна. Нэг гараараа цэцэг бэлэглээд нѳгѳѳ гараараа ар дал руу хутга шаах мэт аашлах тэр “заримдаг” хүмүүс ѳѳрѳѳсѳѳ ч юм уу, ѳнѳѳх хамтрагч нараасаа ядаж ичмээр юм даа. Адаглаад үр хүүхдээ ч боддоггүй юм байх даа. Эсвэл “харьд худалдаж авсан тансаг орд харш руугаа үр зулзагаа дагуулаад эргэж ирэхгүйгээр нисэн одно доо” гэж тооцдог болохоороо сэтгэл нь өчүүхэн ч эмзэглэдэггүй юм болов уу?!
Халх голын харьд зарагдсан ѳвгѳдийн газар мину. Монгол үндэстэн олон арван ястангаас бүрэлддэг. Илүү ч үгүй дутуу ч үгүй тэдгээрийн нэг нь Халх. Их Монголын Батмѳнх даян хаан бээр отгон хүү Гэрсэнздээ, эцэг ѳвгѳдийн голомт, ар Монголоор сэлгүүцэн амьдрах ард иргэдийг ѳвлүүлэн үлдээснээр Халх зоны түүх “албан ёсоор” эхэлдэг боловч тэрнээс ѳмнѳ, нэн эртнээс Халх зон ѳвгѳд дээдсийнхээ ариун голомтоо халдах дайсан, хархирах сумнаас зуун дамнан халхлан хамгаалж ирсэн түүхтэй билээ. Халх гэдэг нэр ч ХАЛХ-лах гэсэн үгнээс гаралтайг ѳвгѳн бичээч нар ѳдий тѳдий ном судартаа учирлан сэнхрүүлжээ.
“Дэлгэсэн тэрлэг шиг” Монгол орны минь хамгийн зүүн хязгаарт зарим хэсгээрээ Монгол улсын хилийн шугамыг тодотгон урсаж Буйр нууранд цутгах нэгэн үүх түүхтэй голыг Монголчууд мѳн л Халх гол гэдэг. Халх голын дайн ч бас энэ голын нэрээр л дурсагддаг. Халх голд болсон эх орны тѳлѳѳх цус урсгасан дайныг зүгээр л хилийн маргаан мэтээр тодорхойлон дайнд үрэгдсэн эрэлхэг Монгол цэргийн тоог чамлангүй ярьж бичихээсээ ичдэггүй их мэдэгчид харамсалтай нь манайд бий. Хорь хүрээгүй Монгол цэрэг эрс халуун амиа ѳргѳсѳн өлгий нутаг. Халдах дайснаас халхлах гэж тахиралдан урсах Халхын сайхан гол мину. Гэтэл ямар гай ирэх нь энэ вэ. Халх голын минь үржил шимт газраас нэгэн сумын дайтайг харийнханд зүгээр л зарчихаж гэсэн хар мэдээ тархин дундуур минь татаад авах нь тэр.
Халх голчууд ер нь Монголчууд тариагаа олигтой тарьчихдаггүй гээд харийнхнаас туршлага судлан загвар аж ахуй байгуулах юм болоод мѳнѳѳхѳн “Элбэгүүд” хэвлэлээр нэг л их шуугиад байсан юун загвар магвар вэ. Нэг ч биш, арав ч биш, бүр 99 жилээр ч түрээcлүүлсэнгүй зүгээр л зарчихаж гэж дуулдлаа. Харийн сонинд Монголын газрыг худалдаад авчихлаа гээд бөөн баяр хөөр болж ёслолын буудлага хийж, оргилуун дарс буудуулсан тухай ярьж байх юм.
Манай “Элбэгүүд” харин 99 жилээр түрээслүүлсэн гэж мэлзэх. Хэн гэдэг урвагч нь ийм гэрээ хийдэг юм, хэн гэдэг “Элбэг” нь түүнийгээ бас хаацайлаад нуугаад байдаг юм. Тэгээд тэд бас 99 жилийн дараа “одоо харийнхан та нар гар даа” гээд хѳѳх үү, харийнхан ч гэсэн “идээшиж дассан төрсөн эх нутгаасаа” хѳѳснийх нь зоргоор гараад явах ч юм уу. Лав л тэр хэсэг газар өндөр төмөр хашаа бариад Монгол хүнээс Монгол эх орных нь газар нутгаас хөл хорьж тусгаарлах биз.
Тэр уудам газарт харийнхан юугаа тариад, юугаа булаад яаж дураараа дургихийг хэн мэдлээ. Газар гэдэг нь сандал ширээ шиг салангид юм биш тэр байтугай амьгүй ч юм биш. Газар гэдэг бол амьтай. Ирээдүйд харийнхны хөлд газрынхаа амийг таслуулчхаад хашааны гадна ч дотно ч тэр, ус ч үгүй ургамал ч үгүй, гол ч үгүй, ан амьтан ч үгүй, хүн мал ч үгүй Мэнэнгийн элсэн цөл мэлтийж байвал яах болж байна. Талын амь эмзэг, бэлчээрийн өвс сийрэг, тачирхан. Генийн өөрчлөлттэй түрэмгий таримал ургамал нэг хэсэг газар байтугай нэгэн тивээр нь устгах чадалтайг өрнөдийн зарим улсуудын эмгэнэл бэлхэнээ сэрэмжлүүлж байна.
Халхын голоо, гүнийхээ усаа, газар дорх баялагаа, сэвэлзүүр сайхан салхиа заавал харийнхантай хувааж хамтран аж тѳрѳх болж байна уу. Тэгээд Монгол үндэстэн харийн үндэстэн хоёр газар нутгаараа нэгдэж цус ойртох нь энэ үү. Өөрийнхөө газартаа очино гээд харийнхан улсын маань дархан хилээр дураараа орж ирэх хэрэг үү. Халдах дайсан ирвэл бас харийнхны газрыг хамгаалан тэмцэх үү. Эх орны шүлэг найрагтaa харийн тэрхэн газрыг бас оруулан байж магтан дуулах болж байна уу. Энэ чинь хэний эрх ашгийн өмнөөс хэний эрх ашгийг зөрчөөд байгаа юм бол оо. Уг нь “Элбэгүүд” та нар чинь ядаж л Монгол хүн баймаар юм даа, ээ халаг гэж!
Эцэст нь дүгнээд хэлэхэд, ард иргэдийн эрх ашиг, Монгол улсын эрх ашгийг умартаж, уландаа гишгэлсэн, орчин цагийн “боловсролтой” “Элбэгүүдэд” магадгүй халаасаа түнтийлгэх, эсвэл олон улсын тавцанд тэнэгээрээ нэр олох гэсэн нэн ойлгомжгүй асар аюултай кампаант ажил нэгэнт эхэлжээ гэж би хувьдаа хардаж байгаа юм. Монголын ард иргэд минь сонор сэрэмжтэй байгтун! (Тодруулга: Энэ нийтлэлд хүний нэр хүндэд бүдүүлгээр халдах гээгүй бѳгѳѳд “Элбэг” гэдгээр эртний Элбэг хааныг л зѳвхѳн зүйрлүүлсэн болохыг ойлгож уншихыг хүсье.)
Харуул-Ард овогт Монгол-Богд
11 сарын 26, 2012
Шинжaанаас 40-өөд онд орж ирсэн
Цөмийн технологи хүнд ойр, хэрэгтэй гээд л толгой тархи угаагаад байна шуу дээ, ХОГНЫ талаар хэнч бодож санахыг ХҮСЭХГҮЙ байна
Монгол хуний саруул ухаанд итгэж болохгуй гэж Элбэг хэлээд байгаа мэт.
Юуны өмнө Цөмийн хор хөнөөлийн талаар монголын ард тумэнд дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл бэлтгэж хургэж байдаг АМИРЛАН таньд баярлаж явдагаа илэрхийлье. Би монголын жирийн нэг иргэн. Ойрын үед Алтанхуягийн засгийн газар цөмийн энергийн газрийн дарга даамлууд бүх мэдээллийн хэрэгслээр уран боловсруулах тухай ил тод ярьж эхэллээ. 2012.12.09-нд Үндэсний ТВ-р бүр олон нийтийн цаг нэвтрүүлгээр бур маш ил тод зарлалаа. Энэ чинь одоо юу болж бнаа таминээ. Үр хойчдоо бид эрүүл энх амьдрах баталгааг нь гаргах ёстой. Аль нам нь засгаа барих нь надад хамаагуй. Харин цөмийн хаягдлаар бизнес хийхийг нь хэрхэвч зөвшөөрөхгүй. Надтай адилхан олон мянган мгл залуус бгаа гэдэгт эргэлзэхгүй бн. Та бухэнд ажлын амжилт хүсье. Цөмийн хаягдлын эсрэг хамтдаа тэмцэцгээе.
Амарлин, Ер нь бол Монголчууд ялагдсан. Хэдэн чацаганцар болох Ундраа, Баярцогт, Батболд, Алтанхуяг, Занданшатар, Элбэгдорж, Энхбаяр өөр хэн хэн ч билээ Чадраа, Манлайжав, ер нь бидний мэдэх мэдэхгүй өчнөөн чацаганууд бол угаасаа хаа нэг мөнгөтэй орны өмхий бөгсөнд очиж наалдана тэндээ амар сайхандаа жаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Бөгсний өтнүүд болон тэдний авгалдай нар хэхэ. Тийм биздээ хөө Ундраа авхай. Та болон таны ижил бусад өмхийнүүд энэ блогноос салж хагацаж чадахгүй өдөр болгон харуулдан суугаад энэ сэтгэгдлүүдийг уншиж байгаа. Монголоор дүүрэн өмхий хорт ураан, уурхай, ер юу байдаг юм бусад чацагаа цацчихаад арилах өдрөө хүлээж байгаа биз дээ. Эсвэл хөөрхий илжирсэн монголчуудын толгой дээр гарч суух садист хүсэлээ биелүүлэхээ хүлээж байгаа юу. монголчууд мөнгөний боол болоод бүх зүйлээ зарж устгаж байна. Толгой тархи нь зөв ажиллаж сэтгэж байгаа амьтан ч алга. Бүгд үхэж далд орсон тоостой түүхийн улиг дурсамж, хараал идсэн бузрын бөө мөргөл зурхай төлөг өөр юу байдаг юм, дээр нь тэгээд хэдэн цаасны төлөө бүх юмаа тавиж тууж байна. Юу ч мэдэхгүй тас усан тэнэг юмнууд л монголоор дүүрэн байна. Хэдэн юм цээжилээд онц дүн авч хүмүүжсэн хөгийн амьтад, эсвэл худлаа амны хагархайгаараа бурагчид, энд тэнд очиж баагчидаар л дүүрэн байна. Ерөнхийдөө бол арчаагүй хулчигар мэдлэггүй залхуу монголчууд газрын хөрснөөс арчигдах нь тодорхой болчихоод байна. Монгол газар дээр өчнөөн олон үндэстэн амьдарсаар ирсэн, ихэнх ч мөнхсөндөө хөөрхий. Атигар жижигхэн биендээ баймгүй их бардамнал, их зан, шуналдаа дарагдан устана. Ядаж байхад гадныхны хүч нөлөө монголд маш их байна. Ер нь бол гадныхны боол болчихсон амьтад шүү дээ бид чинь хэхэ. Бас чацага цацагч хар ялаанууд ч хаа сайгүй. Лүүзэр монголчуудын ганц аврал магадгүй Америк Австралид АЦСууд нь хэд хэдээрээ дэлбэрээд хордож үхэхээд ирээд АЦСд ажиллах амьтан болоод ирэх үед бидэний аз тохиож магадгүй юм. Яг Фукушима шиг. Япончууд ч одоо мөхөлрүүгээ явж байна. Өдөр болгон эвгүй мэдээлэл тэндээс дуулдаж байна. Өөр нэг боломж бол энэ хэдэн чацагануудыг газарт булж далдруулах. Өөр арга байхгүй. Тэр өдөр удахгүй ирэх биз.
2013-01-04 нд германчууд цөмийн хогоо гадаад улс оронд хаян байршуулахыг зөвшөөрөв