Мардай Фукушимагаас ч аюултай*

 

Фукушимад—цагт 0.74 микрозиверт, Мардайд–4.8 микрозиверт

 *Фукушима орчмын цацраг усанд угаагдан далайд сарниж, тэнд цaцрaгийг цэвэрлэx, хоргуйжүүлэх ажиллагаа явагдаж, хүн ард мэдээлэлтэй байгаа бол Мардай орчимд ураны уурхайн хаягдлаас цацраг идэвхт бодис олон жилийн туршид тархсаар буйг хянаж, хязгаарласан зүйл байхгүй, ард иргэд мэдээлэлгүй байна. Иймд Мардай Фукушимагаас ч аюултай болох төлөвтэй юм.

Голомт Анти Нуклеар бүлгийн гишүүд 2012 оны 5 сард Арева корпорацийн уран олборлож буй Дорноговийн Улаанбадрах суманд ТВ-9 телевизийн багийнхны хамт очсон. Харин 8 сард  Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар, Сэргэлэн сумын төв, малчин айлаар явж, орон нутагт  цацрагийн хэмжилт хийлээ. Бид агаар дахь цацрагийн хэмжилт хийхдээ Gamma Scout Alert гэдэг Германд үйлдвэрлэсэн багажийг ашигласан. Гамма Скаут нь НҮБ-ынхан болон олон улсын гаалийн хяналт шалгалтын мэргэжилтнүүд ашигладаг, чанартай, бас эрэлт ихтэй хэмжигч багаж юм. Бид багажаа 8 сарын эхээр Германд аваачиж шалгуулж баталгаажуулсан тул хэмжилт үнэн зөв гарсан гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Мөн хэмжилтийн нарийвчлалыг нэмэгдүүлж, алдааг багасгахын тулд нэг цэг дээр хэд хэдэн удаа хэмжилт хийж, дунджийг нь бодож гаргасан. Хэмжилт хийхдээ сансраас байршил тогтоогч GPS багажтай хослуулж, фото зураг ба видео бичлэг хийж баримтжуулсан.

GPS багажаар байршил тодорхойлж байгаа нь

 Мардайн ураны уурхайн орчимд хаягдал шороо чулуу буюу ураны тэйлинг ил задгай орхиснooc хорт цацраг ялгарч буйг  бид цацраг хэмжигчээрээ тодорхойлсон. Зөвхөн уурхайн ойр орчинд төдийгүй тус сумдын нутгаар ургасан өвс ургамалд хүртэл цацрагийн түвшин өндөр гарсан. Хуучин ураны уурхайн цооногт тогтсон хиймэл нуурын ус ч цацрагтай байж болзошгүй байв.

“Хан Ресурсис” компаний задгай орхисон шороон овоолго. Эндээс ялгарч буй цацраг нь хэвийн хэмжээнээс дор хаяж 50 дахин өндөр байна.

Гурван сумын зааг дээр орших Мардайн тосгонд хүн амьдардаггүй ч хүмүүс хуучин байшингийн барилгын материал буулгаж авах гэж очдог аж. Тухайлбал, Баяндун, Дашбалбар сумдын иргэд Мардайн уурхайн цацрагийн хордлоготой бүсэд орших орон сууцнуудаас суурийн блок татаж, сумын төвд байшин барилга, хүүхдийн цэцэрлэг барьж буй нь бидний сэтгэлийг ихээхэн түгшээсэн. Зарим айлууд цацраг идэвхт бодис хадгалж байсан цацрагийн аюултай гэсэн анхааруулax зурагтай амбаарыг хашаандаа авчирч ашиглаж буйгаас харахад нутгийн ард иргэд цацрагийн хор хөнөөлийн талаарх мэдлэг мэдээлэл дутмаг нь ажиглагдлаа. Уурхайн хаягдал задгай шороон овоолго болоод төмөр зам зэрэг цацрагийн өндөр түвшинтэй газруудыг хааж хашаалаагүй тул Мардайн уурхай руу тэндээс таван км-ийн зайд нутаглаж байсан айлуудын мал чөлөөтэй орж гарч байв.

Оросуудын амьдарч байсан байшингуудын балгас

Мардайгаас суурийн блок татаж байна

Мардайгаас ачиж авчирсан материалаар байшин барьж байна

Мардайгаас татсан суурийн блокууд

Баяндун суманд шинээр барьж байгаа хүүхдийн цэцэрлэгийн суурийг Мардайгаас авч ирсэн.

Анхаар! Хашаан дотор чинь цацрагийн аюул

Зарим нэг хэмжилтээс дурьдвал: Баяндун сумын төвд цацрагийн хүртэх хэмжээ дунджаар цагт 0.17-0.25 микрозиверт ( жилд 1.5 -2.2 миллизиверт) байна. Мөн Мардай тосгоноос байшингийн суурь, тавилга татаж ирсэн зарим айлд цацрагийн хэмжилт хийхэд цагт 0.4 1 микрозиверт (жилд 3.59 миллизиверт) байсан. Мардай тосгоноос байшингийн суурь татаж барьж байгаа цэцэрлэгийн цацрагийн фон цагт 0.25-0.39 микрозиверт (жилд 2.19-3.42 миллизиверт) байх жишээтэй. Дашбалбар сумын зочид буудалд цагт 0.29 микрозиверт (жилд 2.54 миллизиверт), тамгын газрын өрөөнд цагт 0,3 микрозиверт ( жилд 2.62 миллизиверт) байна. Мардай тосгоноос байшингийн суурь татаж барьж байгаа байшин цагт 0.211 микрозиверт (жилд 1.85 миллизиверт). Дорнод аймаг дахь хуучнаар оросуудын байранд цагт 0.158 микрозиверт (жилд 1,38 милли зиверт), хуучин төмөр замын ойролцоо цагт 0.392 микрозиверт (жилд 3.43 милли зиверт), “Хан Ресурсис” компаний хайгуулын ил задгай овоолсон шорооноос цагт 5.8 микрозиверт (жилд 50.8 миллизиверт) цацраг ялгарч байсан.

Зөвхөн нэг толгой таана цагт 1.1 микрозиверт цацрагаар шардаг гэвэл 5 толгой таана идэхэд цагт 5.5 микрозиверт цацрагт дотроосоо шарагдана. Цацрагтай тоосонцорууд биед чинь шингэвэл мөнхөд ч байж магад…

Харьцуулах журмаар танилцуулахад Японд байгалийн эх үүсвэрээс авах цацрагийн тун жилдээ 1000 микрозиверт (1 миллизиверт)-ээс илүүгүй байх стандарт байна. Токиогийн I цахилгаан станцаас 20 км-ийн зайд орших газар цагт 0.23 микрозивертээс дээш ( жилд 2 миллизиверт) цацраг илэрвэл цацраг цэвэрлэх арга хэмжээ авдаг. Гэтэл бидний хэмжилт хийсэн ихэнх газар цацрагийн хэмжээ дээрхээс хавьгүй илүү байсан. Мардайн уурхайн ил задгай овоолго байсан хуучин төмөр зам, хүдэр ачдаг байсан болов уу гэмээр буудал орчимд цацрагийн түвшин олон дахин өндөр гарсан. Энэ талаар орон нутгийн иргэдэд мэдээлсэн, сэрэмжлүүлсэн зүйл огт алга. Замд “цацраг” гэж монгол,  англиap бичсэн сэрэмжлүүлэгтэй ганцхан самбар тааралдсаны хажууханд үхэр сүрэг бэлчиж байв. Tэнд хэмжилт хийхэд цацрагийн хэмжээ 5 микрозивертээс өндөр байлаа. 

Замд тааралдсан цор ганц цацрагийн аюултай гэсэн тэмдэглэгээ

Дорнодод задгай орхисон ураны уурхайн хаягдлын цацрагтай тоос шороо салхинд туугдан хаа сайгүй тархаж, ундны усыг бохирдуулж байна. Цацраг нь нүдэнд үзэгдэхгүй, үнэр амтгүй учраас  хүнсний ногоо, эсвэл ус, сүүнд шингэсэн нь мэдэгддэггүй. Цацрагийн хор хөнөөл нь хожуу хойно хорт хавдар тусах, үр зулбаx,  амьгүй болон төрөлхийн гажигтай хүүхэд төрөх зэргээр илэрдэг.  Харамсалтай нь Мардайн уурхайчид, тэдний гэр бүлийнхэн болон Баяндун, Дашбалбар, Сэргэлэн сумдын малчдад эрүүл мэндийн судалгаа хийгдээгүй тул өнөөдөр тэдэнд нөлөөлсөн цацрагийн хор хөнөөлийн талаар хэлэх боломж алга. Ямартаа ч энэ удаагийн судалгаагаараа бид Мардайд ил задгай хадгалагдаж буй цацраг идэвхт бодис нь байгаль орчин, хүн малыг хордуулсаар байгааг тогтоолоо.

Анти Нуклеар бүлгийнхэн цацрагийн аюулын тухай нутгийн иргэдэд танилцуулж, цацрагийн хор хөнөөлийн тухай орчуулсан кинонуудаасаа тараав.

Цаашид тэндэхийн ус, сүү, мах гэдэг хүнсний бүтээгдэхүүнд нарийн хэмжилт, шинжилгээ хийж байж орчны цацрагийн нэгдсэн түвшин тодорхойлох юм. Учир нь цацрагийн хор нөлөө нь хуримтлагддаг тул цацрагтай өвс ургамлаар хооллож, цацрагтай усаар ундалсан малын махыг цацрагтай таана мангираар хачирласан хоол идэж, цацрагтай сүүтэй цай ууж, цацрагтай цагаан идээ идэж, цацрагтай тоосонцроор амьсгалж, цацрагтай байшинд амьдарч буй нь нутгийн ард иргэд, нэн ялангуяа тэдний үр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж буй аюулыг төсөөлөхөд ч аймшигтай. 

Энэ бүхнээс харахад хорт хавдрын тархалт, нас баралтаар дэлхийд эхний гуравт багтдаг Монгол улс удахгүй бусдаас тасархай түрүүлэх шинжтэй болжээ. Энэ асуудал бол зөвхөн Мардай, Дорнодчуудын асуудал биш. Өнөөдөр Монголын 11 аймгийн 40-өөд суманд ураны орд илэрч, хайгуул олборлолт хийгдэж байгаа гэхээр тун удахгүй Монгол улс тэр даяараа Мардай болж хувирах аюулд автаад байна.  Гуравхан сумын асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа улс 3 сая Монголчуудын асуудлыг шийдэж чадах уу?  Иймд Мардай төдийгүй  ураны хайгуул, олборлолт явагдаж бүx нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулcaн шуyрхай арга хэмжээ авч, уран хайж, олборлож байгаа компаниудын хорт үйл ажиллагааг таслан зогсоох шаардлагатай байна.

Ураны ордуудын байршил

Харамсалтай нь Монгол улсын аюулгүй байдалд ноцтой аюул учраад байхад төр засгаас анхаарч хайхарсан зүйл алга. Цөмийн Энергийн Газар (ЦЭГ) хэмээх 100 ажилтантай төрийн агентлаг байвч ард олноо хамгаалж, цацрагийн хэмжилт хийж, нөхөн сэргээлт хийлгэхийн оронд харийнхны ашиг сонирхолд үйлчилж байгааг юу гэж ойлгох вэ? Фукушимагийн ослоос хойш Герман, Швейцарь гээд дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзсан бол саяхан Япон улс 2040 он гэхэд АЦС-уудаа бүрмөсөн хаана гэж мэдэгдлээ. Харин ЦЭГ-ынхан дэлхий нийтээрээ татгалзаж буй тэр аюултай технологийг Монголд авчрах, харь гүрнүүдийн АЦС-ын түлшийг бэлтгээд, аюулт хаягдлыг нь  эргүүлж авах элдвийн  арга сүвэгчилж, төсвийн хөрөнгөөр ард олны тархийг угааж суудагт гайхаад баршгүй.

ЦЭГ-ын ажлын үүрэгт ураны лизенц олгох, хууль ёсны ашиглалтыг хянах ажил бас багтдаг. Гэтэл ураны 100 гаруй лиценз олгосон нь  өч төчнөөн эздийн гар дамжиж, харъяалагдах улс нь солигдчихоод байхад нүдэн балай чихэн дүлий царайлж суусаар өдийг хүргэлээ. Хэдхэн жишээ татахад 2008 онд Канадын Bluerock Resources Ltd. болон Uranerz Energy Corporation ураны хайгуулынхаа лицензийг  Энэтхэгийн Жиндал компанид 2.6 сая ам. доллараар наймаалсан, 2004 онд Канадын Вестерн Проспектор компани Эмээлт Толгойн ураны 3 ч ордыг хайгуулийн эрхийг Адамас Мining компаниас авсан,  2007 онд  East Asia Minerals Corporation (EAM) компани Yүшийн Говь дахь ураны ордоо Францын Compagnie Francaise de Mines et Metaux (CFMM) of France -д $83 сая канад доллараар зарсан, 2007 онд Монголын ураны лиценз эзэмшигч Chain Bright компанийн хувьцааны 51.8%  Centrury City International Holdings компани 100 сая хонконг доллараар худалдаж авсан ба ард нь хятадын төрийн өмчийн CNNC компани байсан гэх…

Стратегийн ач холбодолтой ордуудын эрх хэний гараар орж, хэрхэн ашиглагдаж буйг хянадаггүй, цацрагийн хэмжилтээ хийдэггүй, ард иргэддээ цацрагийн аюулаас хамгаалдаггүй, сэрэмжлүүлдэггүй байгууллагын хэрэг байна уу? Тэдний хийх ёстой ажил үүргийг нь сайн дураараа нэгдсэн хэдxэн эх оронч иргэд гүйцэтгэхдээ тулсан бол ЦЭГ-ыг татан буулгаж,  өмнөх шигээ цацрагийн хяналтын контор байхад хангалттай бус уу

Монгол хүн та үр удмаа аврахын тулд юу хийв?

Жич: Дорнод аймагт судалгаа хийсэн Монголч эрдэмтэн Риоко Имаока болон Анти Нуклеар бүлгийн идэвхтнүүдэд гүн талархал илэрхийлье.


13 Comments on “Мардай Фукушимагаас ч аюултай*”

  1. Mongol says:

    Баяндун, Дашбалбар, Сэргэлэн, Баян-Уул сумынхныг нүүлгэн шилжүүлбэл таарна.

  2. ganaa says:

    Сайн дураар та бүхэнд туслах хүсэлтэй, мэдээлэл өгөх хүсэлтэй иргэд яаж холбогдох вэ?Эх орон иргэдийнхээ төлөө мягтрашгүй тэмцэж яваа ГОЛОМТынхонд ажлын амжилт хүсэе.

  3. Пүрэв says:

    Францын компани уран олборлоод эхэлчихсэн гэж үнэн юм болов уу.Хэвлэлээр эрс тэрс мэдээлэл гарах юм.

  4. mz_2417 says:

    Mongol бичсэнээр тухайн сумдыг нүүлгэхэд болчихгүй байхаа. Энэ зөвхөн тэдний асуудал биш ш дээ хө. Магадгүй тухайн сумдаас ирсэн мах танай ч юм уу манай хөргөгчинд байхыг үгүйсгэх аргагүй ш дээ. Энэ бол бүх Монголчуудын асуудал шүү.

  5. Саран says:

    Яана аа бурхан минь ,тэр хавийн оршин суугчид нэрвэгдэж дуусч байгаа юм байна.Энэ бол маш том асуудал шүү.Энэ асуудлыг мэргэжлийн хүмүүс яаралтай шийдвэрлээсэй.Энэ өгүүллийг төр засгийн удирдлага олж үзтэл шайр хийе.

  6. chingun says:

    Сайн байна уу?

    Энэ мэдээг уншаад их түгшиж байнаа. Эдгээр үзүүлэлтүүд нь дундажаас их байгаа юм чинь хүн малд сөргөөр нөлөөлж таарна. Монгол улсад уран хайж, олборлож буй эдгээр газруудын ойр орчим амьдаг иргэдийн эрүүл мэндийг байнгын хянаж үзлэг хиймээр юм. Хорт хавдраас сэргийлэх арга хэмжээ авмаар юм. Тэр мөнгийг нь тэр АРЕВА мэтийн гадны компаниудаас гаргуулах хэрэгтэй. татвар төлөгчдийн мөнгөөр биш шүү

  7. zombi says:

    За ёстой балай мэдээ бнадаа. Ийм мэдээ гарчаад байхад өшөө нэмээд цөмийн энергийн хог хаягдлыг МАРДАЙД булна гж хуцаад байсан …

  8. tsengel says:

    нутгийн оршин суугчидад Мардайн ураны талаар ямар ч мэдлэг мэдээлэл байxгүйгээс гадна аймгийн төв рүү хавтанг нь зөөж бгаа шүү дээ. Энэ асуудал дэр бугдээрээ санаа бодлоо нэгтгэе залуусаа

  9. ANHAAR says:

    Юу уншчихваа , ингэж судалгаа шинжилгээ хийж явсан хумуус нь төр засагтаа юм хум сайн хэлэлдээ тэгээд залуучуудыг нэгтгэж зохион байгуулдаг ч юмуу нэгдэх хумуус өчнөөн бна. Хамгийн гол нь зүг чиг нь болох сайн хүнээр удирдуулах ёстой гэж бодож байна , Телевиз радиогоор өдөр шөнөгуй мэдээлэл цацдагсануу ?????????????????? ямар нэг юм хийлдээ оюутан бидний хувьд юуг хаанаас нь эхлэхээ мэдэхгүй учир бид нарааас ухаантай хүмүүс нь ядаж нэг алхам хийгэсэй гж хүсэж байна .

  10. daagii says:

    үнэн юмуу одоо тэгээд тэнд чинь зөндөө л хүмүүс амьдархын төлөө ажил хийж бгшдэээээ. итгэхгүй бол дарга нар очоод үзэлдээ.

  11. Byamba says:

    Эдгээр сумдуудад чинь тэгээд дандаа малтайгаа адилхан хүмүүс төрсөн байдаг юм уу? 10-р анги төгссөн ганц ч хүн байхгүй гэж үү. Тэмцэж, ярьж хөөрч, иргэдээ босгож болдоггүй юм уу. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол нутгийн хэн нэг нь ахлаад ЦЭГ-ыг шүүхэд өгөх хэрэгтэй юм биш үү. Засгийн газрыг ч шүүхэд өгөх хэрэгтэй.

  12. Dornod says:

    Мардайн ойр орчимд олон жил амьдарсан малчид тэгээд мутантууд юм биш үү. Миний мэдэхийн 20 гаруй жил цацрагаар хордсон гүний уурхайн шороо одоо хүртэл ил задгай байна. аан бас тэр хордсон мах сүүг Дорнод, Улаанбаатарынхан идэж байгаа. Мөн энэ нутгийн мутанд хурдан хүлгүүд Хот, Хөвсгөлөөр хурдалж байна. Тэхээр энэ энэ зөвхөн Баяндун, Дашбалбарынхны асуудал биш бүх Монголчуудын асуудал шүү. Бид хойч ирээдүйн үр хүүхэд, эх орноо бодож дуугарах хэрэгтэй. Бид хариуцах эзнээр цэвэрлүүлэх, нөхөн төлбөр авах хэрэгтэй. Хариуцах эзэн байж таараа


Сэтгэгдэл үлдээх