Цөмийн тухай цөөн үгээр
Posted: 2012/10/05 Filed under: Атомын цахилгаан станц, Гадаад, дотоодын хэвлэл | Tags: Бодууштай, Мэдүүштэй 2 CommentsБэлтгэсэн Мигаа Могод
2030 гэхэд Европын Холбооны дийлэнх атомын цахилгаан станцууд зогсоно
Глобал Дата (www.dataglobal.com) байгууллагын мэдээгээр ойрын 20 жилд багтан Европын Холбооны улсууд одоо ажиллаж байгаа 150 атомын цахилгаан станцын талаас илүүг нь унтраах ажээ. Нийт унтраах атомын цахилгаан станцын 69 хувь нь Европын Холбооны реакторууд болж байна. Атомын реакторуудаа хаах болсны гол шалтгаан нь өнгөрсөн жил учирсан Фукушимагийн ослын сургамж, түүнээс үүдсэн улс төрийн хариуцлагын асуудал гэжээ. Герман улс 2021 онд сүүлчийн реактороо унтраах бөгөөд Бельги 2030 онд, Швейцар улс 2034 онд тус тус цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзах юм байна. Глобал Дата-гийн судалгаагаар 2030 он гэхэд дэлхий даяар 200 гаруй АЦС зогсох аж. Өнөөдөр манай гариг дээр 435 АЦС ажиллаж байгаа боловч шинээр АЦС барих явдал улам бүр цөөрсөөр бөгөөд нэн ялангуяа xөгжилтэй орнууд нэмж АЦС барих нь туйлын ховор байна.
Япон улс атомын цахилгаан станцуудаа унтраана
Япон улс 2030-2040 оны хооронд цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзана гэж Японы засгийн газар мэдэгдэв. Цөмийн эрчим хүчнээс татгалзаж буй засгийн газрын бодлоготой уялдуулан Тошиба, Мицибуши, Хитачи зэрэг Японы цөмийн үйлдвэрлэгчид цаашид хөгжиж буй буурай орнуудад цөмийн технологи экспортлох шинэ зах зээл рүү эрчимтэй орох бодлого баримталж байна. Дэлхийд 3-р ордог Японы эдийн засаг цөмийн энергээс татгалзаж байгаа нь цөмийн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойллоо гэж эрчим хүчний шинжээчид дүгнэжээ.
АНУ-д байгалийн хийн олборлолт цөмийн эрчим хүчний сэргэн мандалтыг чөдөрлөж байна
Фукушимагийн ослын дараагаар Герман зэрэг Европын орнууд цөмийн энергиэс татгалзсан ч Америкийн цөмийн эрчим хүчний үйлдвэрлэгчид том оврын АЦС олныг нэмж барина гэсэн бат итгэлтэй байжээ. Гэвч тэдний мөрөөдөл талаар болж цөмийн сэргэн мандалт яст мэлхийн хурдтайгаар мөлхөж явна. Үүний шалтгаан нь зөвхөн Фукушимагийн ослын сургамж, аюулгүй байдал, болгоомжлол биш гэнэ. Цөмийн эрчим хүчний салбар эрчимтэй өргөжихөд гол саад учруулж буй зүйл нь АНУ-д маш элбэг олдоод байгаа хямд үнэтэй газрын гүний хий болжээ. АНУ-ын цөмийн реактор үйлдвэрлэгч Женерал Электрикс компанийн тэргүүн Жефри Имелт гэгч саяхан “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Байгалийн xий ийм хямд байгаа нөхцөлд цөмийн эрчим хүч үйлдвэрлэлтийг зөвтгөхөд үнэхээр хэцүү байна” гэжээ.
Олон улсад нэр хүндтэй, цөмийн реактор нийлүүлэгчдийн нэг болох Женерал Электрикс компанийн тэргүүний энэ үг тун жинтэй юм. Өнөөдөр xямд өртөгтэй газрын гүний хий Америкийн эрчим хүчний гол түлш болоод байна. Иймд өртөг өндөртэй АЦС-ууд түүнтэй өрсөлдөх боломжгүй ажээ. Байгалийн хийн олборлолт нэмэгдсэний нэг шалтгаан нь хавтгай тэнхлэгт өрөмдлөгийн шинэ технологи гарсантай холбоотой ажээ. Мөн занарын хийг чулуулаг дундаас соруулж авдаг болсонтой холбож тайлбарлаж байна. 2008 онд байгалийн хийн нэгжийн үнэ 13 доллар байсан бол одоо 3 доллар болж буурчээ. Цөмийн хаягдлыг эцэслэн булшлах асуудал шийдэгдтэл АНУ-д шинээр АЦС барих зөвшөөрөл олгохгүй ба одоо ажиллаж байгаа АЦС-уудын зөвшөөрлийг сунгахгүй гэж АНУ-ын Цөмийн Асуудлыг Зохицуулах Комисс (Nuclear Regulatory Commission (NRC) мэдэгдсэн байна.
эдүүгээ ажиллаж байгаа цөмийн станцуудыг бурэн зогсооход тэр их хогийг хаанаа, яаж хадгалах бол??? сайн бодоорой, бид сэрэмжтэй байх хэрэгтэй
сайн байна