ЗӨВХӨН МОНГОЛД БОЛДОГ, СОНГУУЛЬ ХЭМЭЭХ ГУТАМШИГТ “ШОУ”

О. Лхагвадорж гуайн ирүүлсэн нийтлэлийг энд тавилаа. Баярлалаа.

Амарлин

ЗӨВХӨН МОНГОЛД БОЛДОГ, СОНГУУЛЬ ХЭМЭЭХ ГУТАМШИГТ “ШОУ”

“Шоу”-г хэрхэн бэлтгэв

 

2011 оны 6 дугаар сарын эхээр “Монголын мэдээ” сонинд Б.Даваа гэдэг хүний бичсэн “Хоёр нам энэ хэвээр 2016 онтой золгохоор гэрээ хийсэн гэв үү! гарчигтай нийтлэл нийтлэгдсэнийг цахим хуудсуудад ч тавьж байлаа.  Уг нийтлэлд “…Үүнээс гадна эрх барьж байгаа хоёр нам энэ хэвээр 2016 онтойзолгохоор гэрээ хийсэн гэсэн “бор шувуу” нисч явна. … бvр 60:40 гэсэн хувь тогтоож, парламент нь байгуулагдаагvй байхад Засгийн газрын тэргvvнээ тодруулчихаад албан тушаалаа хуваарилж байгаа гэх.Дараагийн Ерөнхий сайд АН-аас ч гарч магадгvй бололтой. Хоёр, хоёр жилээр ээлжлэн засаг барих талаар тохирсон гэж байна. Жинхэнэ ханцуй доторх улс төрийн “хөгжил”-ийн гаарал. Сөрөг хvчингvй тохиролцооны улс төрийн завхрал. Энэ “жиргэлт” vнэн байж мэдэх юм шvv. гэж олон нийтэд анхааруулж байсан ч тухайн үед үүнийг ойшоох, анхаарах хүн цөөн байсан биз ээ.

Өөрөөр хэлбэл УИХ-ын сонгуулийн тухай хууль ид хэлэлцэж, санал тоолох машин авахаар Улсын төсвөөс 30 тэрбум төгрөг гаргахаар болж байх тэр үед эрх баригч хоёр нам ийм л гэрээ хийж байжээ.

Энэ бүхэн сонгуулийн өнөөдрийн дүнг эртнээс нарийн төлөвлөсөн тэр л хөтөлбөрөөрөө хөтлөн “луйварджээ” гэсэн сэтгэгдлийг лавшруулж байгаа төдийгүй, үүнийг нь далайн чанадаас зааварчилж гар хуруугаа оролцууллаа гэсэн хардлагыг ч дагуулж байгаа юм. Хардлага ч биш, оролцсон гэдгийг мэдээллүүд батлаж байгаа.

Хэрэв үнэхээр сонгуулийг шударга явуулахыг эрмэлзэж байсан бол олон арван тэрбум төгрөг гадагш нь урсгаж санал тоолох 2540 машин авах биш харин саналын хуудсыг сонгогчдын ил хяналт дор нээлттэй явуулахаар хууль журмандаа тодорхой тусгаж, түүнийгээ ёсчлон хэрэгжүүлэхэд л болох байсан. Тэгээд ч сонгууль шударга явуулах хүсэл эрмэлзлэл эрх баригч хоёр намын алинд нь ч байгаагүй гэдгийг сонгуулийн үеийн булхай луйварууд тодорхой харууллаа шүү дээ.

1 сая гаруйхан санал тоолоход автомат машин гэж сүржигнэх нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах санаагаа хэрэгжүүлэх гэснээс өөр зорилго, ач холбогдол байхгүй гэдэг нь эрүүл ухаантай хэнд ч ойлгомжтой юм л даа.

Хамтрах тохироохийх болсон учир шалтгаан    

Учир шалтаан ч мэдээж хангалттай бий. Эрх мэдлийн төлөө хоорондоо уралцаж байдаг хэдий ч ашиг сонирхол нь ижил, тэгээд ч 2008 оны 7 дугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа хамтарсан Засгийн газар байгуулж Монголын ард түмэн, Монгол Улсын эрх ашгийг хохироосон, хууль зөрчсөн олон ажлыг хамтран хийснээрээ МАНАН гэсэн нэрийг хүртэж, олон нийтийн дургуйцэл зэвүүцлийг чинээнд нь тултал хүргээд байсан нь цаашид эрх мэдлээ хадгалан үлдэе гэвэл дуртай ч дургүй ч сонгуулийн луйвраа хамтарч зохион байгуулахаас өөр арга байсангүй.

Эрх мэдэл, хяналтын бүх хэрэгслийг бүрэн дүүрэн ашиглаж, байнга шахам явуулж байсан судалгаагаараа эрх баригч хоёр нам улс төрийн тавцангаас арчигдаж мэдэхээр байсан нь “нэг завин дээр яваа хоёр” хичнээн таарамж муутай ч гэсэн завиа живүүлэхгүйн тулд хамтын хүчин чармайлт гаргахаас аргагүй байлаа.

Өөр нэг шалтгаан гэвэл хоёр намын сууж яваа завийг авч үлдэх нь далайн чинад дахь эздэд нь юунаас ч илүү хэрэгтэй. Харин харь эздийн ивээлгүйгээр хоёр намын аль нь ч аврагдах найдваргүй.

Тиймээс ч энэ удаагийн сонгуулиар тэднийг аврах ганц арга нь болсон санал тоолох автомат машин хэрэглэхийг “зөвлөсөн” эздийнхээ зааврыг дагахаас яах билээ.

Тэгээд ч болж өгвөл өөрсдөөсөө бусдыг нэр дэвшүүлэхгүй байх бүх нөхцлийг бүрдүүлж, ямар ч байсан өөрсдөө гарах боломжоо “хуульчилан” бүрдүүлэх гэх мэтээр бас бус ажлуудаа хийхэд хамтын тохиролцоо хэрэгтэй байлаа.

Тэгэхээр түр зуур ч гэсэн хамтрах “гэрээ” байгуулахаас өөр гарцгүй.

 

Сонгууль луйвардсан хэлбэрүүд

Тохиролцооны хүчинд луйврын хамгийн боломжийн нөхцлийг бүрдүүлж чадсан нэг ажил нь сонгуулийн хууль байлаа. Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэргийн шинжийг агуулсан энэ хууль нь нэгэнт эрх мэдэл байгаа болохоор юуг ч зөрчиж болно гэсэн тэдний бардамнал, сүүлийн 20 гаруй жил Монгол төрийг завхруулах ажлыг гардан гүйцэтгэцгээхдээ төлөвшиж тогтсон занг нь илэрхийлнэ.

Монгол Улсын Үндсэн хуулинд УИХ-ын 76 гишүүнийг сонгогчид шууд сонгоно гэж заасан. Намыг сонгох тухай заалт байхгүй. Гэтэл 28 гишүүнийг намаар дамжуулан сонгохоор хууль гаргасан нь УИХ-ыг улс орны эрх ашгийг хамгаалах ард түмний төлөөлөл биш харин намуудын эрх ашгийн төлөөх тэмцэл, талцлын талбар болгож, энэ нь намуудаар талцуулан улс нийгмийн эв нэгдлийг задлан бутаргах харийн бодлогыг лавшруулан хуульчилж байгаагаараа өнгөц нэр төдий зөрчил бус Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг ноцтой гуйвуулж зөрчсөн гэмт хэрэг билээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн Үндсэн хууль зөрчсөн гажуудал ганц энэ биш ээ.

Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нэр дэвшихдээ 6 сарын өмнө ажлаасаа гарсан байх ёстой гэсэн сонгуулийн хуулийн заалт нь “Биднээс бусад нь УИХ-д нэрээ дэвшүүлэх гэвэл амьдралын ямар ч орлогогүйгээр 6 сар гэртээ суучихаад дараа нь өрсөлдөөрэй” хэмээн эдийн засгийн боломжоор нь хаан боогдуулсан, хавчин гадуурхсан бодлого байлаа.

Улс төрийн албан хаагч л төсвийн мөнгөнөөс цалинжсан хэвээр нэр дэвшиж, харин төрийн бусад албан хаагч хагас жил орлогогүй гэртээ суухаар илэрхий ялгаварлан гадуурхсан, эрхийн тэгш бус байдлыг “хуульчилсан” нь сонгогч олны хүсэн хүлээж байсан, төрийн ажлыг мэддэг, ойлгодог, эх оронч сэтгэл зүтгэлтэй, олон хүний нэр дэвших эрхийг боогдуулж, сонгогчдын сонголтыг хязгаарласнаар сонгуулийн үед ч маргаан гарах нэг сэдэв болсныг бид харцгаасан.

Хуулийн “боомилолтод” нь хашигдалгүй нэрээ дэвшүүлэхээр гараад ирсэн зарим “сондгой” хүмүүсийг авилга, хээл хахуулийн гэх мэт хэрэг үүсгэн барьж хориод сонгуулийн ажил шувтармагц хэргийг нь хэрэгсэхгүй болгон сулласан нь сонгууль луйвардах ажиллагаануудынх нь бас нэг хэлбэр байжээ.

Уламжлалт луйврын аргууд ч давтагдаж, оршин суугчдын хаягийн жагсаалтад хэзээ ч байгаагүй хүмүүс шинээр бий болгон бүртгэх, зарим нэг сонгогчийг жагсаалтаас гээх, мөнгө, хүнс, эд бараа тараах, цалин мөнгө, эд хөрөнгө амлах, санал хураах хугацаа дууссаны дараа санал хураалт явуулах гэх мэт олон төрлийн хэрэг, зөрчил илэрч “бүртгэгдэв”. Өрсөлдөгчдөө хэрхэн унагаах, санал хэрхэн луйвардах талаархи намуудын “нууц төлөвлөгөө” гэгч зүйлүүд ч мэдээллийн хэрэгслээр цацагдан олон нийтэд дэлгэгдэв.

Эдгээр луйврын аргуудын дийлэнх нь МАН-тай холбогдон яригдаж байсны зэрэгцээ цахим үнэмлэх хяналтгүй илүү хэвлэсэн нь санал луйвардахад ашиглагдсан байж магадгүй тухай хардлага ч тархаж байлаа.

Тэр ч байтугай Ерөнхий сайд төрийн албан хаагчдын цалинг нэмэхээ амласан сурталчилгаа хийж, Сангийн сайд нь албан тушаалаа ашиглан өндөр настнуудад 320 мянгаар цувуулан олгож байсан амлалтын мөнгийг зөвхөн нэр дэвшсэн тойрогтоо 670 мянган төгрөг болгон өсгөж олгон хууль зөрчсөн хэрэг гарав. МАН-ын энэ мэт сонгуулийн луйврын ажиллагаа нь төрийн дансыг улайлгасан ч гэж дуулдах болов.

Харин АН-ын “брэнд” луйвар нь  санал тоолох автомат машин болж тодров.

Санал өгсөн тоо зарим газар нь илүүдэж, зарим газар нь дутаж, зөрүүтэй гарсан гэх мэт зөрчил будлиан хаа сайгүй яригдав. Бүр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын даргын өөртөө өгсөн ганц саналыг нь хүртэл луйвардчихсан нь “эхнэр хүүхэддээ байтугай өөртөө эргэлзэхэд хүрсэн” хошин яриаг хүртэл дэгдээв.

Автомат машинаар санал луйвардах аргууд

Автомат санал тоологчоор санал “шимэх”-ээс эхлэн олон арга байдаг ажээ.

Шимэх гэхээр яаж луйвардах нь уншигч танд ойлгомжтой байгаа байх. Ердөө л саналын нийт дүнг тооцож гаргахдаа аль нэг тодорхой тэмдэгтэй сонгогдогчийн авсан саналын нийт дүн дээр бусад нэр дэвшигчийн авсан саналаас тодорхой хувийг нэмэж тооцохоор программчилна гэсэн үг. Жишээ нь тухайн тойрогт хамт нэр дэвшсэн Баяраа 100 хүний санал, Болдоо 3000 хүний санал авсан байлаа гэхэд тодорхой тэмдэгтэй буюу АН гэсэн тодотголтой нэр дэвшигчид нийт саналын 1 хувийг нэмэж тооцохоор программ оруулахад Баяраагийн нэг санал хасагдаж 99, Болдоогийн 30 санал хасагдаж 2970 болж харин АН гэсэн тодотголтой нэр дэвшигчид 31 санал нэмэгдэж эцсийн дүн нь гарна гэсэн үг. Энэ жишгээр бусад нэр дэвшигчийнхээ саналыг шимэгчлэн луйвардахад цөөн санал авсан хүнд луйвардуулсан саналын тоо бага учир бараг анзаарагдахгүй.

Тэгвэл программаа бүр хялбарчилаад зөвхөн хамгийн их санал авснаас нь 50 хувь хасаад ялах ёстой хүнд нэмэж тооцох, эсвэл тодотголтой нэр дэвшигчийн саналыг л шууд өсгөж дүнг гаргахаар программчилж ч болно. Энэ тохиолдолд саналын тоо жинхэнэ өгсөнөөс өсөж гарна.

Тэгэхлээр эцсийн дүнг гаргах программаа энэ мэт хэд хэдэн янз хийгээд сонгуулийн дүнг гаргахдаа программчилсан нөгөө чипээ уншуулмагц л автомат машин санал луйвардах “даалгаврыг” дуулгавартай нь аргагүй гүйцэтгэх болно.

Нэгэнт нэр дэвшигчдийн нэрс тодорхой болчихсон нөхцөлд луйвардах программыг хүн тус бүрд нь, аймаг орон нутаг тус бүрт нь тохируулаад, эсвэл зарим голлох хэсгийн хороон дээр луйвардахаар чип тус бүрийг програмчилан бэлтгэж ч болно. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчийг дэмжих магадлал багатай хэсэгт луйврын программтай чип ээ ашиглаж, олонх дэмжиж байгаа хэсэгт дүнг байгаагаар нь гаргахаар бэлтгэнэ гэсэн үг.

Энэ луйвардах программ бүхий чип нь зөвхөн эцсийн дүнг гаргахад л уншигдахаас биш саналын хуудасыг уншиж мэдээллийг оруулах программ нь тусдаа тул сонгогч олон нийтэд ямар нэг сэжиг төрүүлэхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Хоосон сүржигнэлийн цаад талд …

Тэгээд ч сэжиг төрүүлэхгүй байхын тулд олон “жүжиг” тавьсаны нэг нь сонгуулийн санал тоолох машины программ хангамж хариуцсан ажилтан залуусаар санал унших программыг модуль тус бүрээр нь салган хийлгэж, хүчний байгууллагын хамгаалалтан дор хэнтэй ч уулзуулахгүй, утсаар ч яриулахгүй сүржигнэжээ.

Гэтэл уг ажлыг хариуцсан жинхэнэ гүйцэтгэгч “АНУ-ын “Dominion voting” компанийн төлөөлөгчдийн багийг ахлаж ирсэн Даллас Аллен Ньюбай гэгч нь санал тоолох машины программ хангамжийг хянах, нууцлах үйл ажиллагаанд оролцох ёстой төрийн нууц хариуцсан тагнуулын байгууллагын ажилтантай хамтран ажиллахаас татгалзаж, зөвхөн АНУ-ын Элчин сайдын яамтай л ойр ажиллаж байсан” гэсэн мэдээлэл цацагдсан нь Монгол Улсын Их хурлын болон НИТХ-ын сонгууль хэний заавар оролцоотойгоор хийгдсэнийг хэлээд өгөв.

Тодруулж хэлбэл далайн чанад дахь эзэд сонгуулийн дүнг шийджээ.  Уг нь америк эздэд хоёулаа хэрэгтэй ч “хийж байгаа ажлыг нь гүйцээлгэхийн тулд өөрсдийг нь эрх мэдэлд нь хэвээр үлдээх байх” хэмээн МАН-ын удирдлага найдаж байсан бололтой. Тэгээд ч эрх мэдлээ ашиглан хийх бусад луйвруудынхаа хүчээр “чоно өтлөвч хургандаа, цорж өтлөвч балиндаа” гэгчээр АН-гаа бол дороо хийчихэж дөнгөнө гэж бодсон биз.

Гэвч тийм шийдвэр нь америк эзний хувьд ашиггүй байж болох талтай. Учир нь МАН-ыг үзэн ядах ард иргэдийн хорсол улам нэмэгдэж, тэмцэл хөдөлгөөн хүчтэй өрнөвөл эцэстээ улс төрийн тавцанд байршуулсан “эдийн засгийн алуурчин” хөлсний этгээдийн нэг нь ч үлдэхгүй “сэгсрэгдэж” болох бөгөөд тийм нөхцөл байдал тэдэнд ашиггүй. Ард иргэдийн санааг түр ч болсон тайвшруулж хүлээлтийн байдалд оруулан, хооронд нь талцуулан хэрэлдүүлээд байлгахын тулд ямар ч гэсэн найдвартай өөр улс төрийн хүчнээр сэлгэх хэрэгтэй.

Тиймээс АН-тай сэм хуйвалдчихаж. Энэ хуйвалдаан Ерөнхийлөгчийн оролцоогүйгээр хэрэгжих боломжгүй гэдэг нь ч ойлгомжтой. Далд оролцоо нь бишгүй явагдсаныг дээр дурьдсан “өрсөлдөгчдийг түр барьж хорих” гэх мэт ажиллагаануудаас уншигчид нэгэнт мэдэж байгаа.

Бас нэмэж дурсахад сонгуулийн дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон манайд ирж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаад явсан айлчлалыг ч олон хүн сонгуультай холбон дүгнэж байгаа билээ.

Хууртсанаа мэдсэн эрх баригч МАН бусад намтай нийлэн автомат машинаар тоолсон сонгуулийн дүнг худлаа гарлаа хэмээн гараар дахин тоолох шаардлага тавьсан ч АН гараар тоолохыг бардамханаар эсэргүүцэж, эрх баригч намын томилгоогоор байгуулагдсан СЕХороо нь түүнтэй санал нэгдсэний учир ч энэ байжээ.

СЕХорооны дарга Лувсанжавын “хүн л луйвар хийдэг болохоос машин луйвар хийдэггүй юм” хэмээсэн “цэцэрхэл” нь хүчтэйн талд зулгайдаж албан тушаал, эрх мэдлээ хадгалан үлддэг, юу ч хийдэггүй, тэглээ гээд ямар ч үүрэг хариуцлага хүлээдэггүй зуйварган түшмэдийн өнөөгийн нийгэмд амь бөхтэй оршин тогтнодог аргын сонгодог жишээ юм.

Тахимаа өгөх нь МАН-ын удирдлагад “эмгэнэлтэй” ч харийн “том эзэд” нэгэнт шийдсэн болохоор яах ч билээ.

Эндээс АН яагаад НИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтруулан хийхийг тэгэж улайран зүтгэж байсан нь ч, хэнийг хотын дарга болгохоо аль хэдийн тогтчихсон байсан нь ч одоо ойлгогдож байгаа байх. Автомат машинаар хийх сонгуулийн луйвраа нэгмөсөн хийхгүй бол тусад нь хийх тохиолдолд орон нутгийн сонгуулиар өмнөх луйвраа давтан хийхэд хэцүү гэдэг нь мэдээж. Тэгээд ч “эзэд” нь хүссэнийг нь гүйцээж өглөө.

Эрх мэдлээ хүлээлгэн өгөх болсон МАН-ын дарга Сү.Батболд ард түмнээс нууж, далдалж байснаа ч мартан гэнэт галзуурсан юм шиг “Цөмийн хог хаягдлыг булшлах” ажлыг явуулахаа ил зарласан Засгийн газрын “2012-2017 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө” гэгчийг батласан нь “Та бүхний даалгаврыг би ингэж л биелүүлж ирсэн, цаашид ч ингэж биелүүлэх байсан” гэж харийн эзэддээ хандаж хэлсэн гоморхол тунирхлын илэрхийлэл нь байлаа.

Америк эзэд нь ч гоморхлыг нь ойлгож “Засгийн газраа байгуулахдаа харж үзэх” хүсэлтийг Ерөнхийлөгчөд уламжилсан ч биз. Ямар ч гэсэн Засгийн газраа МАН-тай хамтарч байгуулахыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-д шаардаж байна гэсэн мэдээллүүд хэвлэлээр ганц нэг үзэгдсэн нь хамтрах хүсэл сонирхол гэхээсээ илүүтэйгээр Сү.Батболдод хандаж “Зүтгэлийг чинь бид зүгээр орхихгүй” гэсэн Америк эздийнх нь хариу илэрхийлэл гэж ойлгогдохоор байгаа билээ.

Тэрхүү “хөрөнгө оруулалтын төлөвлөгөө” гэгч нь “Эдийн засгийн хөлсний алуурчин” болсон МАН-ын эрх баригчид Монголын ард түмнийг хэрхэн үл тоомсорлон нулимж байгаагийн жишээ юм.

Сонгуулийн дүнг дүгнэвэл

 

Сонгуулийн дүн Монголын ард түмэнд хүсэж байсан өөрчлөлтийг нь авчирсангүй. Сүүлийн 20 гаруй жил Монголын төрийг мафийн үүр болгосон тэр л хүмүүс УИХ-ын суудалд хэвээрээ үлдэцгээв.

Сонгуулийн ил далд луйврыг таслан зогсоох хүч монголын ард түмэнд хараахан бүрдсэнгүй.

АН ялихгүй олонхи болж Засгийн газрыг бусад нам эвсэлтэй зөвшилцөн байгуулах болж байгаа нь “нэмэгдэхүүний байрыг сольсноор нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй”-тэй адил улс оронд нааштай чанарын өөрчлөлт авч ирэхгүй нь ч тодорхой.

Гэвчбас бүх зүйл МАНАН бүлэглэл, тэдний харийн эздийн бодож төлөвлөснөөр ч болсонгүй. МАНАН-гийн явуулж ирсэн бодлого, үйл ажиллагааг өөрчлөх гэсэн ард иргэдийн хүсэл эрмэлзлэлийн жинхэнэ сонголт болж С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Г.Уянга, Л.Цог, Д.Тэрбишдагва, Ж.Батзандан, Д.Батцогт нар УИХ-д орж ирцгээв. Хичнээн ч луйвар хийгээд тэднийг хорьж дийлсэнгүй.

Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр буухын үлгэрээр нуугдаж байгаад суудалдаа үлдэхийн тулд Үндсэн хууль зөрчин байж сэдсэн намын нэрээр санал авах арга нь гуравдахь хүчнийг гаргаж ирэх гэсэн сонгогч олны чармайлтад нэмэр болж МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс овоо хэдэн хүнийг, зарим хэвлэлд бичиж байгаагаар санаанд ороогүй хүмүүсийг ч УИХ-д суух боломж олгов.

УИХ дахь энэ сэлгээ нь нийгмийн буглаа болсон улс төрийн “ууган”, “том” хүчнүүд гэгдэх гэмт хэргийн бүлэглэлүүдийн хуучин суурийг задлан, хүчийг нь саринуулж, эрүүл уур амьсгалыг оруулж чадах хэмжээний хүчнийг бүрдүүлж байгаа нь чухал юм.

Сонгуулийн луйварыг программчилж болох ч хүний сэтгэлийг программчилж болохгүй болохоор юу болохыг хэн мэдлээ.

Сонгууль хэмээх “гутамшигт шоу”-ны ерөнхий дүр зургийг буулган харвал  иймэрхүү.

Үйл үрээ дагуулдаг, үнээ тугалаа дагуулдагийн жамаар хэрэг явдал цааш хэрхэн өрнөхийг харцгаая даа.

О.Лхагвадорж

Advertisements


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s