Аревагийн Нигерт үйлдсэн гэмт хэргийн мөрөөр…

Баруун Африкийн Нигери улсад уран олборлож буй AREVA корпораци нь орон нутгийн байгаль орчин, хүний эрүүл мэнд, эдийн засагт нөхөгдөшгүй хохирол учруулж байна. AREVA корпораци нь Монголд ч бас уран олборлож эхэлсэн. 

Та бүгдийг Anti-Nuclear Mongolia бүлэгт (http://www.facebook.com/groups/antinuclearmongolia) нэгдэхийг уриалж байна!

Орчуулсан Ц. Xүслэн

Шороон дунд үлдэгсэд: Нигери улс дахь уран олборлолт

 (богино хэмжээний видео, 06:48 минут)

 Яг энд, Хойт Нигерийн элсэн цөлд цөмийн салбарынхны мартагдсан тулалдааны талбар оршдог. Эндэхийн тоос, ус, хөрс, хаа сайгүй хэвтэх хаягдал төмрөнд хүртэл үл үзэгдэх үхлийн аюул шингэжээ. Сахарын цөлд орших, далайд гарцгүй Нигер улс нь ядуурлаараа дөрөвт жагсдаг, манай гаригийн хамгийн ядуу орнуудын нэг. Гэвч Нигерийн газрын хэвлий ашигт малтмал, нэн ялангуяа уранаар баялаг. Чухамдаа АЦС-ын түлшний түүхий эд болох энэхүү үнэт баялгаас нь болж 1970-аад онд Францын цөмийн салбарынхан Нигерт анхаарлаа хандуулсан.

Улмаар уул уурхай дагавал амь зуулга дээшилнэ гэж итгэсэн Нигерчүүд ч энэ нутагт олноороо ирж суурьших болжээ. Харин өнөөдөр Акукан ба Арлит хэмээх уран олборлолтын хоёр ихэр тосгод нь үйлдвэрлэлийн хог хаягдал, байгаль орчны доройтол, цацраг идэвхийн аймшигт өвийг ард иргэддээ өвлүүлж байна.

Альмустафа Алxассен бол Францын АРЕВА корпорацийн явуулж буй уран олборлолтыг эсэргүүцдэг орон нутгийн төрийн бус байгууллагын тэргүүн. Тэрбээр энэхүү түгшүүрт явдлын тухай мэдээг олон улсад хүргэх цорын ганц дуу хоолой болохын зэрэгцээ орон  нутгийн ард иргэдэд үл үзэгдэгч аюул заналхийлэлийн тухай мэдээ мэдээллийг тараахад онцлон анхаардаг.

Альмустафа Алхассен (Агирин Ман ТББ-ын тэргүүн):

“Хүмүүс айхаа мэддэггүй. Учир нь тэд цацраг идэвх гэж юу болохыг мэддэггүй. Ард иргэдийн хувьд өнөөдөр хэрхэн амь зуух бвэ гэдэг асуудал илүү чухал болж байна.  Хэдий тийм ч  бид энэ асуудлыг тоохгүй байж болохгүй. Ард иргэд цацрагт нэрвэгдэж, цацрагийн золиос болж байгаа нь ядуурлыг улам даамжруулдаг.”

Нээлттэй уурхайд хийж буй тэсэлгээгээр хорт хий, шороо тоос босч, салхиар туугдан ойролцоох тосгод рүү очдог. Энд уурхайн цацраг идэвхт хаягдал шороог олон арван жилийн туршид задгай хадгалсаар ирсэн нь  уул овоо шиг болжээ. Газрын хэвлийг хайр найргүй ухаж төнхсний улмаас гүний цэвэр ус бохирдсон төдийгүй гүний усыг уул уурхайд ашигласнаар, усны нөөц дуусч буй ажээ.

“Ойр орчинд зэрлэг ан амьтан устаж үгүй болсныг та анзаарсан байх. Арлит тосгоны ойр хавьд бас өвс ургамал ч ургадаггүй. Эндэхийг цөл гэж байна, гэхдээ цөлд ч гэсэн бас ганц хоёр мод ургадаг юм шүү дээ. Бидэнд бохирдож сөнөсөн байгаль орчин л хоцрох нь.”

Энд цацраг идэвх xүний эрүүл мэнд, байгаль орчинд хэрхэн нөлөөлж буйг судлах бие даасан шинжээчдийн бүрэн хэмжээний судалгаа огт хийгдэж байгаагүй. Харин 2009 оны 11-р сард Greenpeace байгууллага нь хамтрагч байгууллагуудынхаа хамтаар эрдэм шинжилгээний товч судалгаа явуулж, уурхайн ойролцоох тосгодын орчин тойрон дахь цацрагийн хэмжилт хийж гүйцэтгэсэн юм. Зарим тохиолдолд цацрагийн түвшин олон улсад зөвшөөрөгдсөн хэмжээнээс 100 дахин өндөр байлаа.

Др. Рианне Тюле (Greenpeace байгууллага):

“Хэдхэн хоногийн судалгаагаар бид эдгээр тосгодын оршин суугчид хэт өндөр түвшний цацрагт шарагдаж байгааг тогтоосон. Цацраг идэвхт бодис гудамж талбайд, мөн зах дээр зарагдаж буй хаягдал төмрөнд илэрсэн. Энэ бүхэн нь уран олборлож буй АРЕВА корпорацийнхан ард иргэдэд өгсөн амлалт үүргээ биелүүлэхгүй байгаагийн тод жишээ юм.”

Greenpeace байгууллагынхны авсан ус, хөрсний дээжийг Францын Валлонс муж дахь цөмийн шинжилгээний CRIIRAD Институтийнхэн шинжилжээ. Тэдний шинжилгээ Greenpeace-нхний хийсэн цацрагийн бохирдлын хэмжилтийг дахин баталгаажуулсан юм.

Др. Бруно Шарерон (CRIIRAD Институтийн шинжээч):

“Бидний шинжилгээгээр усны 5 дээжийн 4 нь уранаар бохирдсоныг тогтоосон.  Усан дахь ураны хэмжээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрч байсан. Дээрээс нь ундны усанд цацраг идэвхт радон хий шингэснийг олж тогтоосон. Мөн усанд янз бүрийн нитратууд, аммонийн хүчил, молибден мэтийн химийн бодисууд агуулагдаж байсан бөгөөд тэдгээр нь мөн адил ДЭМБ-ын тогтоосон түвшнээс хэтэрсэн байсан.”

Байдал ийм байхад цацрагийн хортой усыг ард иргэд, уурхайн ажилчдын хэрэгцээнд зориулан түгээсээр байнa. Цацраг идэвх нь хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж, төрөлхийн гажиг хөгжил, цусны хорт хавдар болон бусад төрлийн хорт хавдар үүсгэдэг. Гэтэл АРЕВА корпорацийнхан нь уурхай болон түүний ойр хавийн тосгонуудад нөхцөл байдал аюулгүй бөгөөд цацрагийн хэм хэмжээг тогтмол хянадаг гэж удаа дараа мэдэгдэж байжээ. Тус компаниас санхүүжүүлсэн хоёр эмнэлэгт уурхайчид болон бусад оршин суугчдад эрүүл мэндийн үзлэг хийдэг.   

Др. Аюуба Догон Яаро (SOMAIR эмнэлгийн ажилтан):

“Ханиалгах, шингэн алдах, бас арьс өнгөний өвчин хамгийн их тохиолддог. Бусад орон нутагтай л ижилхэн. Эдгээр өвчнүүд нь цацраг идэвхтэй огт хамааралгүй.”

Гэвч тэдгээр эмнэлгүүдэд хорт хавдар оношлох тоног төхөөрөмж байхгүй, эмч нарынх нь мэдлэг чадвар туйлын ядмаг талаар  АРЕВА корпорацийнхан огт дурссангүй. Өмнө нь уурхайд ажиллаж байсан олон хүн үл мэдэгдэх өвчинд нэрвэгджээ. Арваад жилийн өмнө уурхайн ажилчин Гиго Заки ажил дээрээ ухаан алдаж унажээ. Түүнийг ажлаас нь халсан бөгөөд тэрбээр ямар өвчинд нэрвэгдснээ өнөөг хүртэл мэдэхгүй хэвээр.

Жиго Заки (SOMAIR уурхайн хуучин ажилчин):  

“Бид нарт хамар амны хамагаалалт огт өгч байгаагүй. Юу ч байгаагүй. Биднийг яг л мал шиг үздэг байсан. Одоогийн уурхайчдын амьдрал дээрдсэн байгаасай гэж найдаж байна. Бид бол нэгэнт хэрэгцээгүй болсон.  Хараад суухаас цаашгүй.”

Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж буйд түгшсэн хүмүүс эрчим хүч үйлдвэрлэх бусад хувилбаруудыг эрэлхийлж, цөмийн эрчим хүчийг сонирхох болсноор цөмийн салбарын сэргэн мандалт хэмээх үзэгдэл буй болсон гэдэг. Улмаар АРЕВА корпорацийн үйл ажиллагаа дэлхийн зуу гаруй улс оронд өргөжижээ. Аревагийнхан Нигерийн Имоурарен гэдэг газар шинэ уурхай нээх төлөвлөөгөөтэй байгаа. Харин уран олборлолтыг эсэргүүцэгчид дөчөөд жил Нигерийн ураныг олборлосон Арева эдийн засгийн амлалтаа биелүүлээгүй, тус улсын байгаль орчинд хэзээ ч нөхөгдөшгүй гарз хохирол учруулсан гэж шүүмжилдэг.

Альмустафа Алхассен (Агирин Ман ТББ-ын тэргүүн):

“Имоурарен нутгийн оршин суугчдад юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Уран олборловол  ядуурал буурна гэж байсан. Харамсалтай нь бүхэл бүтэн дөчин жил өнгөрсний дараа асуудал улам даамжирсан гэж дүгнэж байна.  Иймээс ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.  Аль болох байгаль орчноо бага бохирдуулж, ашиг орлого илүү олоосой гэж хүсэх байна.”

Шөнө болоход Акукан ба Арлит тосгодын гудамж талбай түнэр харанхуйд автдаг. Харин эндэхийн  уран тив далайн цаана орших олон зуун сая айлыг гэрэл цахилгаанаар хангадаг.  Дахин 10 жил өнгөрч уурхайн ураны нөөц шавхагдаж дуусахад, орон нутгийн эдийн засаг сүйрнэ. 80 мянган Нигер иргэд нүүр нүдгүй шуурах шороон дунд хэдэн зуун жилийн турш арилшгүй хордсон нутагтаа хоцорно.  

2009 оны 10 сард Францын "Арева" группын тэргүүн Анн Лувержон Ц. Элбэгдoрж, С. Баяр нартай уулзаж,  ураны салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэв

2009 оны 10 сард Францын "Арева" группын тэргүүн Анн Лувержон Ц. Элбэгдoрж, С. Баяр нартай уулзаж, ураны салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэв

 

Эх сурвалж:
http://www.greenpeace.org/international/en/news/Blogs/nuclear-reaction/left-in-the-dust-arevas-uranium-mining-in-nig/blog/11734/


3 Comments on “Аревагийн Нигерт үйлдсэн гэмт хэргийн мөрөөр…”

  1. Elbegdo says:

    Элбэгээ ерөнхийлөгч л гол хүн нь юм биш үү. Наанаа шал өөр юм ярьдаг. Цаанаа жинхэнэ аймаар зүйл хийж байна даа энэ хүн

  2. delgermaa says:

    Зуун Германд байрлах Лубмини цөмийн цахилгаан сатнцыг 1990 онд зогсоож, 1995 онд бүр мөсөн хаажээ. Үүнээс хойш станцийн техник төхөөрөмж болон барилгыг ариутган цэвэрлэх ажил эхэлж өнөөдрийг хуртэл үргэжилж бна. Хамгийн түрүүнд техник төхөөрөмжийг цацрагт бодисноос ариутгаж, дараа нь тэдгээрийг жижиглэн хувааж цүмийн хог хадгалах тур-агуулахад байршуулжээ. Харин барилгын хана, шалны цацрагт бодис ихээр агуулсан хэсгүүдийг зорон авч, мөн уг хогийг түр-агуулахад байршуулсаар бна. Барилгаас илрэх цацрагт бодисын тувшин хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнд хүртэл ийм байдлаар хана шалыг цэвэрлэх юм бна. Одоогийн байдлаар дээрхи аргаар хэдэн арван тонн барилгын хог гарган түр-агуулахад байршуулсан ч, ажил дуусах болоогүй бна. Станцын барилга нийт 4 блокоос бүрддэг, зөвхөн нэг блокийн гадаргууны талбайн хэмжээ 80.000 кбадрат метр юм бна. Барилгыг аюулгүй болгож дараа нь бүр мөсөн газрын хөрснөөс хуулж хаятал хэдэн арван жил болон зардал мөнгө ихээр шаардагдаад бна.

    Зарим нэгэн мэргэжилтэн зардал мөнгө хэмнэхийн тулд барилгын талбайг 50 жилийн туршид хориотой бус болгон орхиоод барилгаас цацрагт бодис аяндаа орчиндоо уусан багасахаар нь барилгыг жирийн аргаар нураахыг санал болгоод бна. Гэвч 50 жилийн дараа уг барилгыг сайн мэдэх боловсон хүчин байх эсэх мөн уг хугацаанд цацрагт бодис байгаль орчинд ямар хор нөлөө үзүүлж болохыг хэн ч урьдчилан тооцоогүй бна.

  3. Lensky Geologist says:

    “Байдал ийм байхад усыг ард иргэд” гэсэн хэсэгт
    “Байдал ийм байхад цацрагтай, ХОРТОЙ усыг ард иргэд” тодотгож өгөх хэрэгтэй юм шиг санагдлаа
    сайхан нийтлэл байна. Орчуулагч болон нийтлэгчид нарт талархал илэрхийлж байна.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s