4-26: “Бүү Март! Бүү Давт!” жагсаал боллоо
Posted: 2012/05/18 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул 4 Comments2012-04-26
Гэрэл зургийг Ч. Мөнхбаяр, Т.Минжүүр
Зохиомжилсон: Л.Мөнхтөр
Чернобылийн ослын 26 жилийн ойн өдөр буюу 2012 оны 4 сарын 26-нд Анти Нуклеар Мүвмент (Anti Nuclear Movement Mongolia) хөдөлгөөнөөс Монгол улсад цөмийн аюул заналхийлэл ойрхон буйг хүн бүрт сануулан сэрэмжлүүлэх зорилготой “Бүү Март! Бүү Давт!” нэртэй жагсаал зохион байгууллаа.
4 сарын 26. Энэ өдөр бол дэлхий нийтээрээ цөмийн аюул, хор хөнөөлийг яс махандаа тултал мэдэрсэн харамсал гашуудлын өдөр.
26 жилийн тэртээ Чернoбылийн атомын цахилгаан станц дээр гарсан аймшигт ослоос болж ард иргэд, байгаль орчин, улс орны эдийн засагт хэмжээлшгүй их гарз хохирол учирсан. Улмаар олон айлын элэг бүтэн аж амьдрал сүйрч, олон хүүхэд өнчирч, олон зуун мянган ард иргэд цацрагийн хордлогоор амь насаа алдаж, үүрдийн тахир дутуу үлдсэн.
Хамгийн аймшигтай нь цацраг идэвхт бодис задарч устахад зуу зуун мянга, сая жил шаардагддаг тул цөмийн ослын үхлийн хор үүрд мөнх үргэлжилдэг.
Өнөөдөр, oслоос хойш 26 жил өнгөрсөн ч Чернобылийн цацраг хүн ард, амьд байгалийг хордуулсан хэвээр.
Цацраг идэвх хэмээх үл үзэгдэх, үл үнэртэх, үл амтагдах хоронд нэрвэгдсэн Украин, Беларусийн гэм буруугүй ард иргэд хорт хавдраар шаналж, мянга мянган хүүхэд эрхтэн дутуу төрж, хорт хавдар тусcaap байна.
Гэвч энэ бүгдийг хэн ч хэзээ ч тоолоогүй, тооцоогүй. Ослын талаар ярьсан, судалсан хүмүүс хэлмэгдүүлэлтийн золиос болсoн баримт цөөнгүй. Олон улсын цөмийн энергийн салбарынхан ЗХУ ба Украины төр засагтай хуйвалдан бодит баримтыг ард иргэдээс нууж дарсаар ирсэн. Үнэндээ цөмийн эрчим хүч гэдэг бол төрөөс байнгын татаас авдаг, тэрбум тэрбумын ашиг орлогоо өөрсдөө хармаалчихаад, эрсдэл хохирлыг нь жирийн ард иргэдэд үүрүүлдэг увайгүй бизнес юм.
Цөмийн салбарынхан ба тэднийг дагалдагчид “цөмийн эрчим хүч бол хөгжлийн гарц”, “АЦС аюулгүй, байгальд ээлтэй”, “цөмийн энергийг удирддаг болсон” хэмээн ард иргэдийг мэхэлж, тархи угаах гэсэн хуурамч сурталчилгаа явуулдаг.
Гэвч 2011 оны 3 сард болсон Фукушимагийн АЦС-ын осол бидэнд цөмийн энергийн жинхэнэ үнэ цэнийг ухааруулж, цөмийн энергийн дагуулдаг аюул эрсдлийг дахин сануулж, түгшүүрийн харанга дэлдсэн.
Дэлхий нийт хоцрогдсон, аюултай цөмийн эрчим хүчнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчийг сонирхож байна. Дэлхийн тэргүүлэгч цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч орнууд, тухайлбал, АНУ 2011 онд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл цөмийнхөөс давж гарлаа хэмээн зарласан. Герман, Швейцар гэсэн орнууд АЦС-аа үе шаттайгаар хааж, цөмийн эрчим хүчнээс тaтгалзаж байна. Олон улсын чиг хандлага ийм байхад Монгол улс хоцрогдсон АЦС барьж, уранаа олборлож, цөмийн түлш зээлдүүлэх үйлчилгээ явуулах явуургүй, харалган бодлого явуулcaap. Өнөөдөр дийлэнхдээ хөгжингүй орнуудад ажиллаж буй хэдэн зуун АЦС-уудыг татан буугдахаас өмнө хямд төсөр цөмийн түлшээр хангаж, асар хортой хаягдлыг нь эх нутагтаа булшлах нь хэнд ашигтай вэ?
Цөмийн эрчим хүчийг сонгох, уран олборлох тухай шийдвэр бол ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, тэдний ирээдүйтэй салшгүй холбоотой. Учир нь цөмийн аюул эрсдэл тохиолдоход жирийн ард иргэд хамгийн хүндээр нэрвэгдэж, эд хөрөнгө, эрүүл мэнд, амьдрал, амь насаараа хохирдог.
Түүгээр ч зогсохгүй цөмийн асуудал бол ирээдүй үеийг хамарсан, аливаа улс орон цаашид оршин тогтнох хувь заяатай холбоотой амин чухал асуудал мөн.
Ийм ч учраас дэлхийн олон улс орон цөмийн эрчим хүч ашиглах шийдвэрийг гаргахдаа үндэсний санал асуулга явуулж, ард иргэдийн санал бодлыг сонсдог. Харин Монголчуудын хувьд шийдвэр гаргах түвшинд ард иргэдийн оролцоог хангах нь бүү хэл цөмийн аюулын тухай, цацрагийн үр нөлөөний талаарx бодитой, үнэн зөв мэдээлэл туйлын хомс. Өнөөдөр хэвлэл мэдээллээр зөвхөн нэг талыг барьсан мэдээлэл тарааж, цөмийн бизнесийн салбарын бодлогыг дэмжиж байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой хэмжээнд хүрээд байна.
2011 оны 6 сард байгуулагдсан Анти Нуклеар Мүвмент (АНМ) бүлгийнхэн ард иргэдэд цөмийн аюулын талаар анхааруулан сэрэмжлүүлсэн шинэлэг мэдээ баримтыг хүргэхээр ажиллаж ирсэн. Өнгөрсөн хугацаанд АНМ бүлэг нь мэдээ мэдээлэл орчуулан, нийтлэл бичиж golomt.org болон бусад блог, мэдээллийн сайтуудаар нийтлүүлж, баримтат кино орчуулан ТВ-үүдээр гаргаж, цөмийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд жагсаал цуглаан зохион байгуулах, үзэсгэлэн гаргах зэрэг олон талын үйл ажиллагаа явуулж ирсэн. Үүний үр дүнд “Анти Нуклеар Мүвмент” нэр олны танил болон хоногшиж, голомт.орг блог бидний “нэрийн хуудас” болж чадсан билээ.
Цаашид АНМ нь улс төрийн нам, улс төржсөн хөдөлгөөнөөс хараат бус хэвээр байна гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Сонгууль дөхөж буй өнөө үед АНМ хөдөлгөөнийхэн улс төрчдийн хувийн амбийц, санаархалд авталгүй, зөвхөн өөрсдийн итгэл үнэмшил, голч шугамд нийцсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэх болно.
Фэйсбүкийн Анти Нуклеар Мүвмент бүлэг нь Монгол улсад цөмийн хаягдал булшлах бас үйлдвэрлэн бий болгохын эсрэг үзэлтэй, үндэсний аюулгүй байдал, хүн ардын эрүүл мэнд, сайн сайхны төлөө сэтгэл түгшсэн эх оронч иргэдийн нэгдэл юм.
АНМ нь аль нэгэн нам, улс төрч, улс төрийн хүчнээс хараат бус бөгөөд цөмийн салбарынхны жинхэнэ нүүр царайг илчилж, уран олборлолт, АЦС-ын хор хөнөөлийн талаар олон нийтэд таниулaн, сэрэмжлүүлэх үйл ажиллагаа явуулдаг. АНМ бүлэг нь Монголдоо болон дэлхийн олон оронд ажиллаж амьдарч буй гишүүд, дэмжигчдийн хандив тусламжаар үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг.
АНМ бүлгийнхэн 2011 оны 8 сарын 6-нд Хирошимаг дээр атомын бөмбөг хаясан өдрөөp “100 Mянган Цаасан Шувуу” гэрэл зургийн үзэсгэлэн, 2011 оны 8 сард АНУ-ын Лос Анжелес хотноо Монголд цөмийн хаягдал булшлахыг эсэргүүцсэн тайван жагсаал, 2012 оны 3 сарын 11-нд Фукушимагийн цөмийн ослын нэг жилийн ойгоор цөмийн эсрэг багт жагсаал зэрэг үйл ажиллагааг бие даан зохион байгуулж ирсэн. Тун удахгүй бид энэ удаагийн жагсаалын санхүүгийн тайланг уламжлал ёсоор та бүхэнд толилуулна.
Энэхүү жагсаалыг зохион байгуулсан Монгол дахь журмын нөхөддөө мөн тусалж, хандив өргөж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа!
Эх сайхан Монгол орон маань үргэлж ариун дагшинаараа байж, хүн зон нь үеийн үедээ эрүүл, амгалан тайван амьдарч байх болтугай!
Дэлгэрэнгүй мэдээллийг:
https://www.facebook.com/groups/antinuclearmongolia/
Мэдээг бэлтгэсэн: Амарлин
Гэрэл зургийг Ч. Мөнхбаяр, Т.Минжүүр
Зохиомжилсон: Л.Мөнхтөр
Монгол залуус facebook aшиглаж сураагүй байна? Нэгдэж чадахгүй хийж чадахгүй хүмүүст facebook хэрэггүй ш дээ
АААА Чиний тэгээд хийж чадсан чинь аль вэ?!
Өөрөө хийж чадахгүй бол дугай сууж бай!
Та нарийн энэ жагсаалыг харлаа мэдлээ. Уг нь зүгээр суухгүй л бгам бна гж ойлголоо. Гэхдээ фб ийн пэйж дэх хандалтыыд маш бага бна. Энэ талаар ТВ болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хэр их цацаж ярьж байгаа вэ хөдөлгөөнийхөн? Санал асуулга гарын үсэгтэй авбал ясийм бээ гудамж олон нийтийн газруудад тэгээд суулт хийвэл яах бол? 90 онд яаж сууж яаж эргэлт хийлээ тэр гэрээ хийсэн хүмүүсийг нь албан тушаалаас нь огцруулж гэрээг хүчингүй болгоё бугдээрээ
ХАРИУЛТ
Голомт цөмийн эсрэг хөдөлгөөн нь 2011 оны 8 сарын 10-нд 100 мянган цаасан шувуу фото зургийн үзэсгэлэн, мөн 2012 оны 3 сарын 11, 4 сарын 26, 2013 оны 3 сарын 9 гээд нийт 3 удаа жагсаал цуглаан зохион байгуулж, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарыг айлчлахад эсэргүүцлийн цуглаанд оролцож байсан. Бидний зохион байгуулсан жагсаал цуглаанууд төдийлэн олон хүнтэй биш ч мөнгөөр бус зохион байгуулсан хамгийн том жагсаал болж байна гэж хүмүүст үнэлэгдэж байсан билээ.
Өнөөдөр дийлэнх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олигархууд, улс төрчид, намуудын гарт орсон. Тухайлбал, Ийгл, ньюс.мн Лу. Болд, Өдрийн сонин–Элбэгдорж гэх мэтчилэн. Түүнчлэн том компаниуд хаалтын гэрээ байгуулдаг учраас цөмийн аюулын асуудлаар хэвлэл мэдээлэл, ТВ-ээр гарахад хэцүү. Гэвч бид гадаад хэлнээс орчуулсан 10 гаруй баримтат киногоо ТВ-ээр гаргасаар ирсэн. Мөн хэд хэдэн гишүүд маань ТВ, сонинд ярилцлага өгч, Де Факто нэвтрүүлэгт оролцож, АНУ-д Г. Галбадрахад ярилцлага өгсөн.
Өнгөрсөн хугацаанд 5-6 удаа хэвлэлийн бага хурал хийсэн (тус бүрийн төлбөр 125,000 төг– Монгол Ньюс-ын байрны түрээс). Бид мэдээллийг голомт.орг- сайтаар түгээхийн сацуу, өөрсдийн “Голомт” сониныг гаргаж эхэлсэн. Тун удахгүй хоёр дахь дугаар нь та бүхний гар дээр очих болно. “Голомт” сонингoo үнэгүй тараадаг ч хэвлэхэд үнэтэй гэдэг нь ойлгомжтой.https://golomt.org/2012/11/14/newsletter/
Түүнчлэн орчуулсан кинонуудаа бид үнэгүй хувилж тараадаг. 2012 оноос хойш бид хөдөө орон нутагт, тухайлбал, Мардай руу 3 удаа, Дорноговь руу 3 удаа явж ажиллаж, цацрагийн хэмжилт хийсэн. Дорноговийн Улаанбадрахад Гал Үндэстэн Холбооныхонтой хамтарч ажилласан.
Энэ бүх ажлыг бид өөрсдийн сэтгэл зүрхний дуудлагаар хийж байгаа бөгөөд өөртэй чинь ижилхэн Монгол улсын жирийн иргэд билээ. Энэ ажлыг хийж гүйцэтгэсэн гээд бидэнд цалин хөлс, шагнал урамшуулал гэж байхгүй. Эх орныхоо төлөө өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулж байгаадаа сэтгэл өег явдаг хүмүүс дээ, бид. Иймд бидэнтэй хамтран ажиллах, мэдээлэл түгээх, гарын үсэг зохион байгуулах арга хэмжээ зохион байгуулахад тусалж дэмжих залуусыг хамтрахыг уриалж байна.
Холбогдох хаяг: amarlin06@gmail.com
Хүндэтгэсэн,
Амарлин
Бид үнэхээр мэдээллийг хойно авхиймаа би танай хөдөлгөөнийхнийг саяхнаас л мэдсэн харамсалтай бна 😦