Хүсэл мөрөөдлийн алуурчин
Posted: 2012/05/18 Filed under: Хүн ард, эрүүл мэнд | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, шударга ёс, Хүний мөс 3 CommentsМонголын замын цагдаа сүүлийн үеийн технологиор зэвсэглэж, шаардлагаа өндөрсгөж буй тухай мэдээ зөндөө гардаг. Гэвч сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замаар гарч байсан явган зорчигчдыг гэмтээдэг, зуун метр чирдэг, дайрчихаад дээр нь машинаа тавьчихдаг зэрэг аймшигт гэмт хэрэг гарсаар, цочоосоор, жигшээсээр.
Түүний нэг нь сар орчмын өмнө сургуульдаа очихоор гарцаар гарч явсан 10 настай жаал хүүг согтуу жолооч дайрч алчихаад, хамт явсан хүмүүс нь хүүгийн цогцсыг өрөвдөх сэтгэлгүйгээр өшгичиж байсан ноцтой хэрэг (1,2). Цаашлаад согтуу жолоочийг эрүүлжүүлэх дээр аваачсан ч 2 хоногийн дараа согтуу хэвээр байсан төдийгүй согтуу цагдаа гэмт хэрэгтнийг өмөөрч, ядарсан эхийн уй гашуугаар тохуурхаж буй бичлэг интэрнэт дээр тавигдсан байж билээ (3).
Ямартаа ч тэр үеээс эхлэн ямар ч гэмгүй хүүгийн амь насыг хөнөөсөн жолоочийг шүүх шударгаар шийтгэх болов уу гэсэн бяцхан эргэлзээ төрсөнийг нуухгүй. Харин өнөөдөр шууд.мн дээр тус хэргийн тухай шинэ мэдээ гарчээ (4). Сэтгүүлч “Холбогдох албаныхан уг хэргийг шалгаж дуусаагүй байгаа ба Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 215.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ хэмээн мэдэгдсэн” гэж бичсэнийг уншаад өөрийн эрхгүй зүрх шимширлээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140.400 төгрөг гэхээр 10 настай хүүгийн амь насны төлбөрт 21.3 -35.1 сая төгрөг төлчихвөл гэмт хэрэгтэн шийтгэлгүй мултрах боломж бүрджээ. Тэр бүү хэл, гэмт хэрэгтэн Ландкруизераа зарчихвал дахиад ч ганц нэг хүн нэмж дайрчихаад төлбөр хийхэд хүрэлцэх юмсанж.
Мэдээж, хичнээн төлбөр тавьж, шийтгэсэн ч хөөрхий хүү босож ирэхээс нэгэнт өнгөрсөн. Жаал хүү өсч том болоод гэр бүлийнхэндээ ямар их өмөг түшиг болох байсан, ямар их баяр баясгалан авчрах байсныг, улс эх орныхоо төлөө, магад бүр хүн төрөлхтөний тусын тулд хичнээн чухал зүйл хийж бүтээх байсныг бид хэзээ ч харахгүй, сонсохгүй, мэдэхгүй…
Гэвч түүнд тохиолдсон эмгэнэлт явдлыг бусдад мартагдашгүй сургамж болгохын тулд, Монголын олон мянган алаг үрсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд шударга ёсыг хэрэгжүүлж, гэмт хэрэгтнийг шийтгэхийг бид бүгдээрээ шаардвал зохистой. Эс бөгөөс маргааш таны, миний хүүхэд эсвэл бид өөрсдөө золиослогдохгүй, амь насаараа хохирохгүй гэх баталгаа алга. Замын гарц, ногоон гэрлээр гараад ч тус болох нь бага болжээ.
Тэгвэл Эрүүгийн хууль энэ талаар юу гэж өгүүлнэ вэ?
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж ангилдаг байна (5). Хүний алтан амь насыг хөнөөсөн хэргийг хөнгөн эсвэл хүндэвтэр гэж ангилмааргүй. Тэр байтугай Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар “согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал” хэмээн онц хүнд хэрэг гэж авч үзэх боломжтой мэт. Гэвч шууд.мн сайтын сэтгүүлчийн бичсэнээс үзвэл гэмт этгээдэд төлөвлөж буй шийтгэл нь “хүндэвтэр” гэдэг ангилалд багтаж буй бололтой.
Эрүүгийн хуулийн 94.1-д “Бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ. Тийм ч учраас согтуугаар хүүгийн амь насыг хохироосон этгээдэд дээд тал нь 5 жилийн ял төлөвлөж байна. Сонирхуулахад, тус хуулийн 126-р зүйлийн 2.4 заахдаа “насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”. Мөн 126.3-т “бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол 15-аас дээш 25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ” гэж тус тус заажээ. Эндээс үзвэл 10 настай хүүхдийн амь насыг хороовол 3-5 жил, харин хүчиндвэл 15-25 жилийн ял хүлээх ажээ.
Гэвч гарцаар гарч явсан хүүхдийг согтуу жолооч дайрах нь санамсар болгоомжгүйгээс бусдыг хөнөөсөн хэрэг мөн үү???
Эрүүгийн Хуулийн 5 дугаар бүлгийн 26.3-т “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол гэмт хэрэг шууд бус санаатай үйлдсэн гэж үзнэ” гэсэн байна.
Архи хэтрүүлээд хэрэглэчихээд тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч өөрийн гэм буруутай үйлдлээс учрах хор уршгийн тухай урьдчилан мэдэхгүй байна гэж байх уу? Согтууруулах ундаа хэрэглэсэн тул машин жолоодох чадвараа алдсан нь тодорхой. Тэгэхээр харин бүр зориудын үйлдэл бус уу? Тэгэж ярьвал жолоочтой архидаж, түүний машинд суусан хүмүүс тус хэргийг хамтран үйлдэгчид бус уу? Ернь аль ч улсын хуулинд, Монголын Эрүүгийн хуулинд ч мөн ижил, “Согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” (23.1) гэж заасан байдаг.
Дээрх хэргийг шууд бус санаатай үйлдсэн гэж авч үзвэл Хүнийг санаатай алах гэсэн Эрүүгийн хуулийн 91.1-д хамаарах ажээ. Тухайлбал, 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.
Өрх толгойлсон ядарсан эхийг дээрэлхэж, мөнгөтэй бас танилтай алуурчин эрх мэдэлтэй хамсаатнуудыхаа тусламжтайгаар ялаа зувчуулахаар төлөвлөж байгаа нь илт (3, 6). Үүнийг хүмүүс ч мэдэрч байгаа бололтой. Мэдээллийн нэгэн сайт дээр “мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүйн тод жишээ” болсон явдлыг гээд “согтуурлын хэмжээ 1.1 байхад цагдаа нь 0.11 тэй байна гэж улайн цайм худал хэлж байх юм. Магадгүй энэ хэрэг …энэ чигээрээ замхарах биз” гэж сэтгэл зовнин бичжээ (7)…
Согтуу жолооч хүүг дайрч амь насыг нь хороосноор ээжийнх нь зүрхийг мөнхөд шархлуулж, гэр бүлийнхнийг нь өнчрүүлж, уй гашууд автуулаад зогсоогүй. Тэр жолооч Бархас хүүгийн өсч том болоод “мундаг гоё мэргэжилтэй, эх орондоо хэрэгтэй том хүн” болох мөрөөдлийг “алсан” юм.
Ум мани бадми хум. Харгуй замыг нь гэрэлтүүлэх ганц болтугай сэтгэлийн зул нэмэрлэе.
Миний дүү Бурханы оронд төрөөрэй.
Ашигласан эх сурвалжууд:
1. Д. Сүхбаатар. Машинаас залуухан согтуу хүүхэн гарч ирээд тоосон ч шинжгүй хүүгийн цогцсыг өшиглөж байлаа. 2012 оны 5 сарын 2. http://www.mminfo.mn/content/23391.shtml?alias=crime
2. Хүүгийн үхсэн эсэхийг өшиглөж шалгажээ. 2012 оны 4 сарын 27. http://www.youtube.com/watch?v=qrOAFMtnBVo
3. Хүүхэд дайрсан жолооч 2 хоногийн дараа согтуу хэвээр. 2012 оны 4 сарын 25. http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ngUDhs4BtSY
4. Талийгаач хүүгийн найзууд зурагт хуудас хийжээ. П. Наран. 2012 оны 5 сарын 17. http://www.shuud.mn/%d0%b0%d0%b2%d1%82%d0%be%d0%bc%d0%b0%d1%88%d0%b8%d0%bd%d1%8b-%d0%be%d1%81%d0%bb%d0%be%d0%be%d1%80-%d1%8d%d0%bd%d0%b4%d1%81%d1%8d%d0%bd-%d1%85%d2%af%d2%af%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%bd%d0%b0%d0%b9/
5. Монгол Улсын Эрүүгийн Хууль. 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан. 2004,2007, 2008, 2009 онуудад нэмэлт засвар хийгдсэн. http://www.mongolianlaws.com/index.php?lid=LW2002010300&action=show&menu=lawmenu&vmode=#
6. Хүүхэд дайрсан этгээдийг цагдан хорьжээ. Д. Жаргалсүрэн. 2012 оны 4 сарын 28. http://www.news.mn/content/105691.shtml
7. Хүүхэд дайрсан жолооч дахиад л согтуу явна. 2012 оны 4 сарын 26. http://www.asunews.mn/main/fact/crime/1204260036/%D0%A5%D2%AF%D2%AF%D1%85%D1%8D%D0%B4-%D0%B4%D0%B0%D0%B9%D1%80%D1%81%D0%B0%D0%BD-%D0%B6%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BE%D1%87–%D0%B4%D0%B0%D1%85%D0%B8%D0%B0%D0%B4-%D0%BB-%D1%81%D0%BE%D0%B3%D1%82%D1%83%D1%83-%D1%8F%D0%B2%D0%BD%D0%B0.html
Монголд хууль улам л хүчгүй болж байна. 10 сая төгрөгтэй байхад хүн алсан ч ялгүй өнгөрдөг жишиг тогтсон гэнэ лээ. Нямдорж болон өнөөгийн Монголын хуульчид, улс төрчид солигдохгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй
Yнэхээр харамсмаар, ээж аавд нь эмгэнэл илэрхийллээ.
хуулиндаа байна уу хүний ухамсарт байна уу???
Маш их харамсаж байна, эмгэнэл илэрхийлье