Цөмийн хаягдлыг булшлах аюулгүй гэдэг үнэн үү?

Маш чухал мэдээллийг орчуулсан Мигаадаа баярлалаа.
Амарлин

 Шийдэгдээгүй асуудал буюу цөмийн хаягдлыг мөнхөд булшлах байгууламж

.

Орчуулсан Мигаа Могод
Эх сурвалж : http://www.netzwerk-regenbogen.de/akwi12050102.html
.

2004 онд АНУ-ын Невада мужийн Якка ууланд цөмийн хаягдал хадгалах агуулах барих ажлыг зогсоожээ. Учир нь АНУ-ын засгийн газраас төлөвлөсөн асар аюултай цөмийн хаягдлыг булшлах байгууламж барихад 10 мянган жилийн аюулгүйн баталгаа хангалтгүй гэж Нэгдсэн Улсын шүүх үзсэн байна.

Плутони-239-ийн хагас задралын хугацаа нь 24 400 жил. Өөрөөр хэлвэл, 30 тонн плутонийг 24 400 жил хадгалсаны дараа хорт туяа цацруулсан 15 тонн плутони үлдэнэ гэж ойлгож болох юм. Манай эриний тоолол эхэлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хүний насаар тооцвол дөнгөж 80 үе өнгөрсөн байна. Харин 24 400 жил гэдэг нь 960 үе удам дамжих хугацаа ажээ.

10 мянган жилийн аюулгүйн баталгаа гэдэг бол хэмжээ хязгааргүй их бардамнал. Онолын хувьд өнөөг хүртэл хуримтлагдсан цөмийн хаягдлын хэмжээ болон цөмийн хаягдлын хор хөнөөлтэй байх хугацааг тооцож үзвэл 1 сая ба түүнээс ч урт хугацааны аюулгүйн баталгаа шаардагдаж байна. Гэвч бодит амьдрал дээр энэ нь хэрэгжих боломжгүй зүйл юм. Түрүүчийн жишээн дээр тайлбарлавал 30 тонн  цөмийн хаягдал урвалд орж задарсаар 366 мянган жил өнгөрөхөд 1 кг болно. Гэвч уушигний хорт хавдар тусахад цацраг идэвхит хаягдлын ганц граммыг хэдэн мянга хуваасантай тэнцэхүйц хэмжээтэй бодис бүрэн хангалттай  ажээ.

Чернобылийн ослын дараа хөрш зэргэлдээх Беларуст төрсөн хүүхэд

Чернобылийн ослын дараа хөрш зэргэлдээх Беларуст төрсөн хүүхэд   Атомын цахилгаан станцаас (АЦС) ялгардаг аюултай хаягдалд шинжилгээ хийж үзэхэд Йод-129,  Технициум-99, Циркониум-93, Ниоб-94, Уран-233, Цезиүм-138, нэн ялангуяа Нептониум-237 гэдэг изотопууд сая гаруй жилийн дараа ч хорт цацрагаар шарсаар байдаг ажээ. Германы Бремен хотын  их сургуулийн лабораторийн судалгаанаас үзвэл шилэн бүрхүүл дор хадгалсан цацраг идэвхт бодис 1 сая жилтэй тэнцэх хугацааны дараа бүрхүүл хамгаалалтаа идэж хайлуулан гадагшлах бөгөөд сая жилийн дараа ч түүний орчин дахь цацрагийн түвшин зөвшөөрөгдсөн хэмжээнээс 250-560 дахин их байх юм байна.

Хамгийн эртний сүг бичиг 5000 жилийн өмнө бичигдсэн байдаг гэдэг нь барагцаагаар 200 үеийн өмнө ажээ. Тэгвэл 8000-12000 жилийн дараа өнөөгийн үгсийн сан бүрмөсөн устана. Тэр үед “Цөмийн хаягдлын агуулах” гэсэн үсгийг гарчиглаж уншиж чадах хүнгүй болно. Иймд цөмийн хаягдлын хор хөнөөлийн талаар хойч  үеийнхэндээ анхааруулах зорилготой тусгай мэдээллийн сан байгуулах тухай бодит саналуудыг авч үзэж байна. Ингээд бодохоор өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлах чадвартай хүн бүрт АЦС барьж, ажиллуулах нь хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг гэдэг нь тодорхой.

Цөөн тооны баримт дурьдвал, Герман улсад гэхэд хамгийн аюултай цөмийн хаягдал болох АЦС-ын ашиглаж дууссан савханцар жил бүр 400 тонноор нэмэгдсээр байна. 1967 онд Атлантын далайд цөмийн хаягдалтай 100 ширхэг торх  хаясан. 2007 он хүртэлх хугацаанд 12,5 мянган  тонн асар аюултай зэрэглэлийн цөмийн хаягдал, 120 мянган кубметр дунд болон бага түвшний хор хөнөөлтэйд тооцогдох цацраг идэвхит хаягдал хуримтлагдсан байна.

Дээрээс нь нэмээд дахин боловсруулах туршилтын байгууламжаас гарсан 80 мянган литр  “атомын шөл” хэмээн нэрлэдэг цацраг идэвхт шингэн хаягдал Карлсрухэ орчимд хадгалагдаж байна. 504 кг уран, 16,5 кг плутони агуулсан туршилтын цацраг идэвхт “шөлийг” 3 метр зузаан бетон хананы цаана хадгалдаг бөгөөд хэт халж, дэлбэрэхээс сэргийлэн байнга хөргөөх ёстой. Түүнийг агуулж буй байгууламжийн төсөв анх зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтээс хол давсан төдийгүй цаашид ч үргэлжлүүлэн мөнгө сорсоор байх болно. Цөмийн хаягдлыг хөргөөн агуулж буй энэхүү байгууламжийг ашиглаж дууаад, устгаж ариутгахад 2,6 тэрбум евро шаардагдах тооцоо гарчээ.

Цөмийн хаягдал, цацрагийн золиоснууд   2005 оны 6 сард баталсан Германы Цөмийн хуулиар ашигласан цөмийн түлшний савханцаруудыг дахин боловсруулахаар гадаадад гаргахыг хориглосон. Тус хууль гарсаар ашигласан савханцаруудыг Германы нутаг дэвсгэр дээрх 16 түр агуулахад хадгалж байна. Тэдгээрийн 12 нь сүүлийн хэдэн жилд АЦС-уудын дэргэд шинээр барьжээ. Цөмийн түлшний хаягдлыг одоогоор хадгалж байгаа бетонон саванд дээд тал нь 40 жил хадгалах боломжтой. Түр зуурын агуулах нь удаан хугацааны буюу мөнхөд хадгалах байгууламжаас ялгаатай нь гэвэл цөмийн хаягдлыг  газар доор биш харин газрын гадаргуу дээр, энгийн агуулах байранд хадгалдаг.  Эдгээр нь террорист халдлагаас хамгаалж чадаxгүй.

1300 Мегаваттын хүчин чадалтай АЦС-аас жилдээ 30 тонн цөмийн хаягдал гардаг. 35 жил ажиллахад 1000 тонн хаягдал гарна.Өнөөдөр манай гариг дээр 440 АЦС ажиллаж байна. Нэг станц дунджаар 25 жил ажилладаг гэвэл ганцхан станц л 20 мянган тонн асар хортой цөмийн хаягдал, мөн түүнээс ч иx хэмжээний дунд ба бага түвшний аюултай гэгдэх цөмийн хаягдал бий болгодог аж.

Цөмийн хаягдлыг биосфер, хүн, амьтан, ургамалаас олон сая жилийн туршид тусгаарлан хадгалах ёстой. Гэвч бодит байдалд ингэх боломж байхгүй. Газар дор булсан ч эрт орой хэзээ нэг цагт цагт гүний ус руу нэвчих нь тодорхой.   Өнөөгийн шинжлэх ухааны хөгжлийн түвшинд авч үзвэл цөмийн хаягдлын мөнхөд булшлах  агуулах барих боломжгүй гэж 2000 онд Германы засгийн газрын байгаль орчны мэргэжилтнүүд дүгнэжээ. Тэд тайландаа 10 мянга болон түүнээс олон жилийн хугацаанд хүн төрөлхтөнд бодитоор заналхийлэх аюул эрсдлийг тооцоолох боломжгүй тул цацраг идэвхит түлшний онцлог шинж чанар, мөн цөмийн хаягдлын асуудлыг шийдэж чадахгүй байгаатай холбогдуулан цөмийн эрчим хүчийг цаашид ашиглах боломжгүй юм гэж дурджээ.

Өнөөдөр манай гариг дээр цөмийн хаягдлыг мөнхөд агуулах байгууламж байхгүй. 2003 оны 11 сард Италийн ерөнхий сайд Берлускони Итали улсад цөмийн хаягдал хадгалах байгууламж барих шийдвэр гаргасан. 1987 онд буюу Чернобылийн ослын дараахан Италичууд бүх ард түмний санал асуулга явуулж, цөмийн эрчим хүчнээс татгалзсан. Тэд ажиллаж байсан гурван АЦС-аа шууд зогсоож, нэг станцаа байгалийн хий болон газрын тосоор ажилладаг болгон өөрчилсөн. Берлускони нийт Европын цөмийн хаягдлыг булшлах агуулах барихыг санаархсан ч Италийн ард түмний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, сарын дараа ажлаасаа огцорч байжээ.

Швейцарт Рейн мөрний сав нутгийн Бенкэн гэх газарт, мөн Францын Лотрингений Бурэ орчимд  газар доор шавран чулуулагт цөмийн хаягдал булшлах боломжийг судалж байна. Гэвч 2009 онд Зурихийн техникийн дээд сургуулийн шинжээчдийн дүгнэлтээр Бенкен, Бурэ -гийн аль алинд нь цөмийн хаягдал хадгалах байгууламж барих боломжгүй гэж гарчээ.

Америкийн ерөнхийлөгч асан Ж.Буш Невада мужийн Якка уулын боржин чулуулагт цөмийн хаягдлыг эцэслэн булшлах агуулах барихаар санаархаж байсан ч 2009 оны 3 сарын 9-нд одоогийн ерөнхийлөгч Обамагийн шийдвэрээр барилгын ажлыг зогсоосон. Швед улсад ч мөн ижил боржин чулуулагт цөмийн хаягдлын агуулах байгуулах гэсэн оролдлого нь  бүтэлгүйтжээ.

Өнөөг хүртэл манай гариг дээр хуримтлагдсан цөмийн хаягдлыг хүн төрөлхтөн хэрхэхээ мэдэхгүй, түр хадгалах агуулахуудад хадгалсаар байна. АЦС-ыг бүтээснээс хойш дөнгөж 50 жил өнгөрч байна. Цаашид хэр их хэмжээний цөмийн хаягдал бий болохыг хэн ч таашгүй.


2 Comments on “Цөмийн хаягдлыг булшлах аюулгүй гэдэг үнэн үү?”

  1. Ард says:

    ‎”Атомын цахилгаан станцийн цөмийн түлш хэрэглэгдэж дууссаны дараа тухайн уран олборлосон орон руу нь буцаан илгээх зарчим” удахгүй мөрдөгдөэ эхлэх тул Цөмийн түлшний ХАЯГДАЛ болж буцаж ирэх Ураны ордуудаа ХААЦГААЯ !!! … Эх нутгаа аварцгаая !!!

  2. Anhaa Bold says:

    facebookiin group haachiv?


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s