Цөмийн үлгэр буюу Монгол улсын мөхөл

Yхлийн тоосонцор, цөмийн хаягдалтай үлдэxэд Монголчуудын хувьд үлгэр, нар хоёр зэрэг жарганa

            

            

             Монгол улс мандан бадрахад ганцхан зүйл дутагдаж байгаа нь атомын цахилгаан станц (АЦС) гэдэг үлгэрийг эрх мэдэл бүхий хүмүүс хэвлэл мэдээллээр тасралтгүй сурталчлах болсоор нэлээдгүй хугацаа өнгөрчээ. АЦС гэгчийг байгуулаад авбал Монголчууд эрчим хүчний гачаалаа үүрд мартаж, улс орон маань үсрэнгүй хөгжих боломжтой гэнэ. Цөмийн эрчим хүч гэгч  үйдвэрлэлийн өртөг үнэ гэж үгүй шахуу, хүнд аюулгүй, байгальд ээлтэй, баталгаатай бас тэргүүний технологийг ашиглах боломжийг Монголчууд бидэнд “бурхнаас заяaсан” гэх. Цөмийн эрчим хүчний ачаар Улаанбаатар хот утаа униараасаа салж, дэд бүтэц, уул уурхайн салбар эрчимтэй хөгжөөд Монголчууд хотол олноороо баян тансаг амьдарч цэнгэлийн манлайд хүрэх ажгуу (1, 2, 3).


            Дэндүү сайхан үлгэрт эргэлзсэн зарим нь саяхны Японы Фукушимад болсон цөмийн гамшиг, 1986 оны Чернобылийн АЦС-ын осол, цаашилбал Хирошима, Нагасакигийн хор хөнөөлийн тухай дурьдaвч Хирошима, Нагасаки бол дайны үр дүн, Чернобыль бол техник технологи хоцрогдмол байсан эрт галавын үеийн үйлдвэрийн осол, харин  Фукушимад “арчаагүй Япончууд” өөрсдөө буруутай гэж үлгэрчид амыг нь таглана. “Хүн төрөлхтөн цацрагийг удирдаж чаддаг болчихсон” гэж даналзах үлгэрчид  “Африкийн орнуудтай адилхан хөгжихгүй байя, онгоноороо байя гэвэл, ямар ч байшингүй орон сууцгүй эрчим хүчгүй хувцасгүй нүцгэнээрээ сайхан амьдаръя гэвэл бас болж байна”, “аргалаа түлээд суухгүй юу” гэж айлгана (4,5).  Дээрээс нь “алийн болгон Монгол улс хөгжлөөс хойно суух вэ, АЦС-тай болоод Азийн бар болоод өгөe”, “АЦС байгуулахыг эсэргүүцэж буй хүмүүс нь дан Хятадууд” гэж хатгах, эсвэл “цөмийн бөмбөг үйлдвэрлэж хойт урд хөршөө айлгая л даа” гэсэн гэнэн хонгор нөхдийг онилсон өдөөн хатгагчид идэвхтэй ажиллаж буй нь ч илэрхий.   

           Цөмийн үлгэрийн үнэн зөвийг нягтлан эргэцүүлж үзье. АЦС-ын асуудал нь дотроо уран олборлож түлш боловсруулах, АЦС байгуулж эрчим хүчний хэрэгцээг хангах гэсэн 2 хэсгээс бүрддэг. Монгол улс байгалийн ураны нэлээдгүй нөөцтэйн дээр эрчим хүч хэрэгцээ байдаг гэдэг  яалт ч үгүй үнэн. Тухайлбал, манай ураны баталгаат нөөц нь 70 мянган тонн гэдэг ч бодитoop 1.4 сая тонны нөөцтэй гэсэн таамаглал байдаг. Эрчим хүчний хувьд гэвэл оргил хэрэглээний үе болох 18-20 цагийн орчимд Монгол улс хөрш улсаасаа цахилгаан импортолдог нь жилийн  нийт эрчим хүчний хэрэглээний 4 орчим хувийг эзэлдэг. Энэ тоо ч ойрын хэдэн жилдээ тогтвортой хэвээр байгаа. Харин хэрэглээ буурсан шөнийн цагаар цахилгаан нь илүүдээд байдгаас эргүүлж 3% орчмыг экспортолдог юм байна (6).

Гэвч Монгол улсад:

•  Уранаа осол аюулгүй олборлох, боловсруулах, түлш үйлдвэрлэх технологи байна уу?

•  Ураны түлшний үйлдвэр барих хөрөнгө мөнгө байна уу?

•  АЦС барих хэдэн тэрбум ам. долларын хөрөнгө байна уу?

•  АЦС-ийн технологи ноу-хау байна уу?

•  Түлшний үйлдвэрлэл, АЦС-даа ажиллуулах өндөр мэргэжилтэй хүн хүч бэлэн байна уу?

•  АЦС ажиллуулж ирсэн арга туршлага байна уу?

•  АЦС дээр аюул осол гарваас түүнийг зохицуулах гамшгийн менежмент, дэд бүтэц, зохион байгуулалт байна уу?

•  АЦС болон түлшний үйлдвэрээс гарах цөмийн хог хаягдлыг зохицуулах найдвартай арга технологи, хөрөнгө хүч, дэд бүтэц байна уу?

          Асуулт олон ч хариулт ганц: БАЙХГҮЙ!  БАЙХГҮЙ! БАЙХГҮЙ! Эд бүгд байхгүй юм чинь цөмийн эрчим хүч хямд байж таарах уу? Мэдээж  YГҮЙ. Ийм байж Монгол улс цөмийн салбар луу орж байгаа нь ёстой нөгөө “Эрээнээс оймс зөөхөө болиоч дээ, томорч уул уурхайн салбар луу орьё л доо” гэдэг хошин шогийнхны тоглолтыг санагдуулах юм. 

           Энэ дашрамд цөмийн бөмбөг үйлдвэрлэхийг санаархагчдад хандаж: 1-рт, манай улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээнд нэгдсэн улс (7); 2-рт, зэвсэг үйлдвэрлэх технологийг зүгээр нэг хоолны жор шиг тараадаггүй, аргачлалыг цөөн хэдэн орон маш нууц байдалд эзэмшдэг; 3-рт, хэдэн зуун сая эсвэл тэрбумаар тоологдох хүн амтай, асар олон цөмийн физикч эрдэмтэд ажилладаг судалгааны хүрээлэн, лабораторитой, цөмийн зэвсэг үйлдвэрлэж, туршаад 60-70 жил болчихсон хойт, урд хөршүүдтэйгээ айрагны аягаа ч хийж чаддаггүй гэнэн томоогүй Монголчууд өрсөлдөнө гэж тa нap яаж төсөөлж чадаж байнаа гэж хэлмээр санагдах юм.

            Ингээд үзэхэд эдийн засаг болон улс үндэстний аюулгүй байдлын хувьд Монгол улсад АЦС шиг хэрэггүй зүйл алга. Дөрөвхөн хувийн эрчим хүчний хэрэгцээг хангах гээд дэлхий нийтээрээ татгалзаад эхэлсэн АЦС барьж, түүнээсээ гарах цөмийн түлшний хаягдлыг хадгална гэдэг эрүүл саруул ухаанаар тунгаавал яавч ашигтай байж чадахгүй ээ. Асар их нүүрсний нөөцтэй Монгол улсын хувьд АЦС-аар цахилгаан үйлдвэрлээд өртөг буурахгүй гэсэн мэргэжлийн хүний тооцоо ч байна (6).

            Ер нь дөрвөн хувиас илүү хэрэгцээ байcaн ч хэдэн зуун мянган жил болж байж задардаг үхлийн аюул тээгч цөмийн хаягдлыг Монголд бий болгох гэсэн бусармаг зорилгыг цагаатгаж чадахгүй. Түүх сөхвөл 2000 онд Баабар тэргүүтэй УИХ-ын гишүүдийн өргөн барьж байсан Үндсэн хуулийн төслийн “Эрчим хүчний багц хууль” гэх хэсэгт усан цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн талаар эергээр дурьдсан атлаа “Атомын цахилгаан станц байгуулахыг хориглох тухай хууль” гэж оруулсан байх юм (8). 

Арав хүрэхгүй жилийн дотор аюултай хориотой зүйл гэж ад үзэгдэж байсан АЦС чухам яагаад Монгол орны аврал гэгдэх болов? Яагаад манай дээдсүүд цөмийн эрчим хүч гэж улайран хөөцөлдөөд байгаа юм бэ?

Өнөөдөр Франц, АНУ, Их Британи, Япон, Өмнөд Солонгос гээд дэлхийн хөгжингүй том гүрнүүдийн дийлэнхи нь  асар их эрчим хүчний хэрэгцээгээ цөмийн эрчим хүчээр хангадаг. Тэдгээр орнууд АЦС-ын үйл ажиллагааны явцад ялгарсан дийлэнх цөмийн хаягдлаа, нэн ялангуяа хамгийн хор хөнөөлтэй цөмийн түлшний хаягдлаа АЦС-ын дэргэдэх усан санд эсвэл бетонон торхонд хийж түр хугацааны хадгалах задгай агуулахад хадгалсаар ирсэн. Дахин боловсруулах цөөн аргачлал байдаг ч үнэ өртөг өндөртэй, бас аюул осол ихтэйн улмаас төдийлэн ашигладаггүй аж (9).

            Дээрээс нь ураны баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр маш хямд байгаа өнөөгийн нөхцөлд  цөмийн хаягдлаа дахин боловсруулж суух нь эдийн засгийн хувьд асар алдагдалтай болжээ. Баримтаас дурьдвал, ураны арилжааны оргил үе байсан 2007 онд нэг фунт буюу 0.45 кг ураны баяжмалын спот үнэ нь 137 доллар хүрч  байжээ (10). Гэвч тэр цагаас хойш ураны ханш нь буурсаар өнөөдөр нэг фунт нь 50 орчим долларын үнэтэй байна (11). Уул уурхайн компаниудын хувьд үнэ $65-аас доош буй үед уран олборлох нь эдийн засгийн хувьд ашиггүй байдаг аж (12).

            Нөхцөл байдал ийм байхад том гүрнүүдийн хувьд ураны түлшийг асар хямд үнээр худалдаж авахыг хүсэх нь ойлгомжтой. Ингэхдээ ураны түлшийг нь АЦС-даа ашиглаад, үлдсэн хорт хаягдлыг нь Монголчуудад буцааж өгнө гэсэн арай дэндүү ШУДАРГА БУС  нөхцөлтэйгээр гэрээ байгуулахаар төхөөрч эхэлсэн байна. Манай хэдэн цөмийн үлгэрчид ч дуу дуугаа авaлцан “олон улсын стандарт байдаг, уранаа нийлүүлсэн улс орон хаягдлаа буцааж авдгийм” гэж мэдэмхийрэх болжээ (4)  

           Тэгвэл Олон Улсын Цөмийн Энергийн Ассоциацийн  цахим хуудсан дээр “yлс орон бүр өөрийн цөмийн хаягдлыг хариуцна” гээд ураны нийлүүлэгч улс нь цөмийн хаягдлын хариуцлагыг хүлээхгүй, цөмийн түлшний хаягдал нь тус түлшийг реактортоо хийж цахилгаан гаргаж ашигласан улс орны хариуцлага гэж тодорхой заажээ(13). Энэ зарчмыг батлах бусад эх сурвалжууд ч цөөнгүй. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Невада мужийн Якка ууланд тус улсын цөмийн хаягдлын агуулах төв байгуулах саналыг эсэргүүцэж “Муж улс бүр өөрсийн бий болгосон цөмийн хог хаягдлаа хариуцах ёстой. Тэд бүгдийн өмнөөс ганц муж улс хариуцлага хүлээнэ гэдэг шударга бус” гэж бичиж байжээ (14).

Уранаа олборлож түлш үйлдвэрлэх, АЦС байгуулах нь Монгол улсад ямар ашигтай вэ?

            Монгол улсын eрөнхийлөгч болон eрөнхий сайд АНУ, Украин, Энэтхэг, Арабын улсууд гээд дэлхийн олон орноор явж ураны түлш нийлүүлнэ, хог хаягдлыг нь Монгол улс эргүүлж авна гэсэн гэрээ хэлцэл хийж байнa (15, 16). Угаасаа ураны нөөцийг хөндөнө гэдэг унтаж буй гай зовлонг сэрээхтэй ижил гэдэг. Учир нь олборлоогүй байхад унтанги байдалтай байсан ураны хүдэрт гар хүрч хөндмөгц дотоод урвал задрал нь эрчимжиж, цацраг идэвхжил, хор хөнөөл нь нэмэгддэг.  Улмаар уурхайн орчим аюулт хийн бүс үүсч, агаарт үхлийн тоосонцор бужигнадаг (9). Цаг уурын нөхцөл хуурай, шороотой, салхитай Монголд цөмийн цацрагт үхлийн тоосонцороос аврал байх уу? Тоосонцор дахь цацраг идэвхийн задрах хугацаа хэдэн зуун мянган жил гэдгийг та битгий мартаарай.   

          Хоёрдугаарт, цөмийн түлш бүрэн боловсруулах технологийг буурай Монголчуудад өгнө гэдэг үнэхээр эргэлзээтэй (4). Тиймээс олборлосон ураныхаа хүдрийг нунтаглаж, баяжуулаад (1 тонн ураныг баяжуулахад 8 тонн үхлийн хаягдал ялгардаг), цөмийн түлш үйлдвэрлэхээр өөр оронд хүргүүлнэ. Тэнд үйлдвэрлэлийн явцад гарах цөмийн хог хаягдал ч бас манайх л байх болно. Ингээд бэлэн түлшээ гадагш арилжана харин хэдxэн жилийн дараа АСАР ХОРТОЙ, хажууд нь хоромхон зогсоход л амиa алдахуйц хөнөөлтэй цөмийн түлшний хаягдлыг Монголчуудад эргүүлж тушаана.   

           Цөмийн түлш арилжиж олсон мөнгө нь шинээр бариулсан АЦС-ын төлбөрт явах нь тодорхой. Эсвэл аль эртнээс уран олборлоно, түлш зарна гэж амлаад гадныхнаас урьдчилгаа мөнгө нэхэж аваад эхэлчилсэн тул түлшний тооцоо ерөнхийдөө дуусчихсан, харин бид цөмийн реакторын төлбөрт уначихсан байхыг ч хэн мэдэх билээ. Тухайлбал, ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 2009 оны 9 сард Энэтхэг улсад айлчлахдаа ураны түлш нийлүүлэх гэрээ хийж, тус улсаас 25 сая ам. долларыг зөөлөн нөхцөлтэй зээл авсан тухай баримт байна (16).

           АЦС гэгчийг нь асар өндөр зардлаар байгуулдаг, дээрээс нь өндөр мэргэжлийн нарийн сахилга баттай үйл ажиллагаа, байнгын хараа хяналт, урсгал засвар шаардлагатайн зэрэгцээ хуучраад хаахад нь хүртэл хоргүйжүүлэх зардалд нь 300 сая ам. доллар шаардлагатай байдаг. Иймээс бусадс улс орнууд татгалзаж, сэргээгдэх эрчим хүчийг сонирхоод эхэлсэн байгаа. АЦС-аас ялгарсан цөмийн хорт хаягдлыг аюулгүй байдлаар хадгалж, тээвэрлэж, хаа нэгтээ булшлаад , мөнхөд харж хандахад төсөв зардал хэрэгтэй. Гай нь таарч осол гарвал Монгол улс тэр чигээрээ арчигдан устах аюултай.

            Ер нь асар хямд өртөгтэй нүүрстэй Монгол улсад  АЦС байгуулж өгч буй нэрийдлээр ураны нөөцийг нь шавхаж, цөмийн хаягдлаа хаях гэсэн харийнхны санаархал энд илэрхий. Тэдгээр гадны улс орнуудын хувьд цөмийн хорт хаягдалгүйгээр хямд төсөр эрчим хүчээр ард түмнээ хангана гэдэг өндөр ашигтай. Харин цөмийн үлгэр өндөрлөхөд АЦС байгуулж, уранаа олборлосон Монгол улс олон улсын цөмийн хаягдлын томоохон оршуулга болох ажээ.

             Хорин нэгэн мянган төгрөгт хууртагдаж, хорвоогийн шар бор хоногийг өнгөрүүлж суугаа Монголчууд эрчим xүчний үнэ буурах болов уу гэж элдвийг бодсоор цөмийн үлгэрт итгэж ядан сууна. “Үнэн бол гоё доо” гэж санаашравч хошгируулж байгаа байж мэднэ гэж бас бяцхан болгоомжилно. Эх орон, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө гэх эрүүл саруул сэтгэлгээг нь өнөө маргаашаа аргацаасан аминчхан сэтгэл, аймхай хулчгар, бэртэгчин араншин давамгайлжээ. 

Cая гаруй тонн уранаа цөлмүүлж, оронд нь үхлийн тоосонцор, цөмийн хаягдалтай үлдэxэд Монголчуудын хувьд үлгэр, нар хоёр зэрэг жаргах нь тодорхой.

 

Амарлин

http://golomt.org

 

Ашигласан эх сурвалжууд:

  1. Э.Амарлин. Бидний тархийг ХЭН ХЭРХЭН угааж байна вэ? 2011 оны 6 сарын 11. https://golomt.org/2011/07/15/articles
  2. Б. Чадраа: Бурхнаас бидэнд уран гэгч атомын цахилгаан станцын түлшийг бэлэглэсэн.  http://sonin.mn/?p=121529
  3. Өдрийн сонины 2011 оны 4 сарын 18-ны дугаар. Монгол улс атомын цахилгаан станцгүйгээр хөгжихгүй ээ.
  4. Дуусдаггүй яриа–Цөмийн хаягдал” ТВ 25-ийн нэвтрүүлгийн бичлэг. 2011 оны 5 сарын 19. Аудио: http://www.mediafire.com/?n2bxvclk8dnltt8 Видео: http://www.youtube.com/watch?v=YPT5SJqXihw&feature=related
  5. Б. Болдсайхан. Yes Nuclear, No Argal Power. http://boldsaikhan.niitlelch.mn/content/3290.shtml
  6. Б. Нямбаяр. Цөмийн хаягдал хаях нууц санаархал буюу Монголд АЦС барих тухай судалгаа ямар зорилготой вэ? https://golomt.org/2011/07/29/whynpp/
  7. AНУ-ын Конгрессийн Судалгааны Төвийн тайлан. 2011 оны 6 сарын 14.Бэлтгэсэн Сюзан Лоренц. 12 тал https://golomt.files.wordpress.com/2011/07/congress-tailan.pdf
  8. Баабар. Баабар мөн ингэж өгүүлэв. Спортын мастер Мао. Улаанбаатар, 2007. НЭПКО компани. 571 тал.
  9. Э. Амарлин. Монголд АТОМ хэрэгтэй юу? Цөмийн хаягдал” цуврал # 2. 2011 оны 4 сарын 26. https://golomt.org/2011/07/15/articles
  10. Википедиа. Ураны зах зээл/ Wikipedia. Uranium market. http://en.wikipedia.org/wiki/Uranium_market
  11. Washington (Platts). 2011 оны 8 сарын 9. Ураны спот үнэ нэг фунт нь 51.50 ам. доллар хүртэл буурсан ба цаашид ч буурах төлөвтэй гэж шинжээч үзэж байна/Uranium spot price slides to $51.50/lb, but may head lower: analyst. http://www.platts.com/RSSFeedDetailedNews/RSSFeed/ElectricPower/6359599
  12. Н. Болор. Эдийн засгийн хямрал – Протекционизм – Улс төрийн хямрал. http://www.mongolianminingjournal.com/index.php?pid=1&sec=view&id=99

13. Олон Улсын Цөмийн Энергийн Ассоциаци: Цөмийн хаягдлыг хариуцах үүрэг хариуцлага/ World Nuclear association: Responsibility for wastes. http://www.world-nuclear.org/info/inf21.html

14. Барак Обама Якка уулын төслийн талаар байр сууриа тайлбарлаж байна. Лас Вегасын Тойм сэтгүүл, 2007 оны 5 сарын 23 /Barack Obama explains Yucca Mountain stance. Las Vegas Review-Journal. May 23, 2007. http://www.lvrj.com/opinion/7598337.html

15. Өдрийн сонин. Б. Долзодмаа. Ерөнхий сайд С.Батболд цөмийн хаягдлаа буцааж авах талаар Арабынхантай ярьжээ.  2011 оны 5 сарын 18. http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=19174&vmet_main=6887

16. The Thaindian News сонин. Энэтхэг Монгол улс уран нийлүүлэх пакт болон 4 өөр гэрээнд гарын үсэг зурaв/ India, Mongolia ink uranium supply pact, four other agreements. 2009 оны 9 сарын 14. http://www.thaindian.com/newsportal/india-news/india-mongolia-ink-uranium-supply-pact-four-other-agreements_100247300.htmljh


12 Comments on “Цөмийн үлгэр буюу Монгол улсын мөхөл”

  1. ayanga says:

    Тиймээ, би тантай санал нийлж бна. Та энэ талаар ихээхэн цаг зав зарцуулж, сайн бэлтгэсэн материалаар биднийг хангаж байдаг. Үүнд тан ургэлж талархаж явдаг билээ. Гэвч үе үе яагаад таныг ийм ажилд ингэж их цаг зарцуулж байдаг юм бол доо гэж бодогддог юм.

    • Сайн байна уу? голомт.орг-ийг үзэж, уншдагт талархья. Ингээд таны эргэлзсэн асуудалд хариулахыг хичээе.

      Би бол аль нэг нам, улс төрийн хүчний харьяалалгүй жирийн нэгэн Монгол иргэн гэдгээ эрт зарласан. Эх орон минь хорт хаягдлаа хаяхаар шамдаж буйн эсрэг өөрийн дуу хоолойг чадах чинээгээрээ өргөж байгаа нэгэн бүсгүй. Гадаадад байгаа миний чадах ажил гэвэл мэдээ мэдээллийг судалж, дүгнэж, орчуулаад, олон нийтэд чадах чинээгээрээ хүргэх явдал. Тиймээс ч голомт.орг блогийг нээж хөтлөх болсон. Цөмийн бизнест оролцогсдыг АН, МАН-гүй нэр цохох болсонд хорссон мушгин гуйвуулагчид намайг орос, хужаагийн тагнуул, бүр Н. Энхбаярын гар хөл ч гэж нэрлэх нь сонсогддог.

      Намайг дэмжиж, миний бичсэн зүйлийг уншдаг хүмүүс ч заримдаа надаас асуудаг : Яагаад энэ асуудалд ийм их цаг зав зарцуулаад байгаа юм бэ гэж. Харамсалтай нь асуултны цаана өнөөх л хардах сэрдэх өнгө аяс, айдас хүйдэс нуугдаж байдаг. Тэд энэ их ажлыг ямар ч цалин хөлсгүйгээр дан ганц сэтгэлийн хүчээр хийнэ гэдэгт минь эргэлзсээр байдаг. Мэдээж, бусдын л ижил миний өдөр 24 цагтай, бусдын л ижил би өөрийн гэсэн ажил амьдралтай, жаргал зовлонтой. Гэвч асууж буй хүмүүсээс ялгаатай нь гэвэл эх орон минь сүйрлийн ирмэг дээр тулчихаад байхад хувиа бодож, хойшоо суухыг зүрх сэтгэлээсээ тэвчиж чадашгүй нь.

      Өнөөдөр хүн бүрт өөрийн гэсэн чухал асуудал байдаг ч эх оронгүй болчихвол эдгээр асуудал чухал хэвээр байна гэж үү?

      Аянга та өөрөөсөө асуугаарай, яагаад гудманд суугаа гуйлгачин хүүхэд рүү зарим нь огт хяламхийхгүй өнгөрөхөд нөгөөх нь 1000 төгрөг сарвайж байдаг вэ? Яагаад өвдөж ядарч байгаа нэгнийгээ хараад зарим нь байгаа бүхнээрэ туслахыг хичээж байхад нөгөөх нь жишим ч үгүй тавлаж суудаг вэ? Хүн болгон ижилгүй. Та өөрийн жишгээр бусдыг бүү хэмжээрэй.

      Эх орноо гэсэн өчүүхэн сэтгэл таны зүрхэнд байгаа бол энд тавьсан мэдээллийг өргөн олны хүртээл болгоход туслаарай. Хүнийрхүү хандаж хүлээж суувал хожим бид харамсаад баршгүй их гарз хохиролд учрах болно.

      Би маргаашийн Монголын төлөө өөрийн цаг зав, эрч хүч, сэтгэл зүрхээ зориулж байна.

      Харин та?

  2. Mongol_hogiin_sav_bish says:

    Маш сайн өгүүлэл болжээ. Маш их баярлалаа. Таны ажил үйлсэд амжилт, амьдралд сайн сайхнийг хусэн ерөөе. Гэрээ хийгээд яваад байгаа ерөнхийлөгч, сайд нар олж уншаасай билээ. Яах гэж юу хийгээд яваагаа ойлгоосой билээ. Хэний итгэлийг өвөрлөж, хаанахийн сэнтийд заларснаа эргэж нэг бодоосой билээ.
    Өнөөдөр Фукушимагийн хамгийн том бэрхшээл бол хаягдал тулшний хөргөлтийн системийн эвдрэл шуу дээ. Тэр их хортой орчимд хүрч ажиллахад хүнд учраас өнөөдрийг хүртэл хорт цацраг тархсаар л байна шуу дээ.

    • Mongol huu says:

      Фукушимад 7 сарын байдалаар нэг цаг дутам ойролцоогоор 1000000000 бекерел цацраг идэвхит бодис агаарт гаргасаар байгаа нь Чернобылийн хэмжээнд хурсэнийг харуулж байна. Ослоос хойш бүтэн 5 сар болж байгаа хэр нь аюултай хороор агаарыг бохирдуулсаар байна.

  3. Mongol huu says:

    Эргэлзэх хэрэггүй бид ирээдүйн үедээ аз жаргалыг бэлэглэх гэж атомийн аюултай тэмцэж байна.

  4. shar says:

    Энэ мэдээллийг олон хүнд хүргэх болно. Бид амиа хичээж байснаасаа л алдах вий!!! Цөмийн аяулын эсрэг нэгдэх

  5. инженер says:

    “Түлшний хомсдол” гэдэг үерт автсан улс сандрахдаа “Тайхар чулуу” руу авирч гарчихаад “Эндээс яаж буух вэ ?” гэж сандралдаж байгааг нь зарим Монголчууд харчихаад “Яасан өндөр хөгжил вэ? Бид тэнд л очих ёстой” гэцгээх юм даа. http://www.vip76.mn/zandanshatarg/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/27087-gzandanshatar-comiin-xayagdlyn-talaar-yaria-xelelceer-xiigeegui.html

  6. Ард says:

    Фукушимад – чихгүй туулай төрж, мал олноороо үхэж байгаа ажээ. http://www.youtube.com/watch?v=vHmTH_K1sqI&feature=related
    http://www.youtube.com/wat​ch?v=X07CLhQ0gSM
    Бид ийм болохыг хүсэхгүй…

  7. bilguun says:

    маш сайн болсон байна…олон xүнд xүргэнээ…

  8. numo says:

    Монголчууд бид нэг чухал асуултанд хариулах цаг болжээ. Энэ асуултын хариу яаж гарахаас бидний аюулгүй орчинд амьдрах эсэх , мөн Монголын ирээдүй ямар байх нь шийдэгдэх учраас сайтар тунгааж зөв хариултаа болгооно уу. Асуулт энгийн бөгөөд хариулт нь тийм эсвэл үгүй гэсэн хоёрхон сонголттой.

    Та эх орныхоо нутаг дээр цөмийн хаягдал хадгалахыг зөвшөөрч байна уу?

    Таны өгсөн хариултаас хамаараад гарах үр дагавар нь ямар байх тухай доор өгүүлэхээс өмнө эхлээд цөмийн хаягдал гээч чухам юу юм бэ гэдгийг тайлбарлах нь зүйтэй санагдана.

    Цөмийн хаягдал (цацраг идэвхт хаягдал гэж бас нэрлэж байгаа) гэдэг бол ураныг боловсруулж гаргаж авсан цөмийн түлшийг АЦС (Атомын цахилгаан станц) -д ашигласны дараа үлдэх цацраг идэвхт бодис юм. Нүүрсийг шатааж дулаан гаргасаны дараа үлдэх үнс шиг л гэсэн үг. Энэ цацраг идэвхт бодис бол хүний эрүүл мэндэд маш хортой бодис.

    Энэ хаягдал нь олон төрлийн цацраг туяа ялгаруулах бөгөөд хүний биед нэгэнт нэвтэрсэн бол янз бүрийн хугацаагаар оршин байж, элэг, бөөр, уушиг, бамбай булчирхай, хоол боловсруулах эрхтэн, төмсөг, өндгөвч, ясанд нөлөөлж гэмтээдэг. Авсан цацрагийнхаа хэмжээнээс хамаарч биеийн дархлаажилт алдагдаж, цусанд өөрчлөлт орж ямар нэгэн хавдраар өвчилдөг бөгөөд үргүйдүүлж, удамшлын гаж хөгжлийн шалтгаан болдог. Хүний биеийн гаж хөгжил дараагийн үр удамд илэрч элдэв гаж согогтой, буруу буюу дутуу хөгжилтэй, зэрэмдэг тахир дутуу хүүхэд төрөх ба энэ байдал хэдэн ч үе дамжин үргэлжилж мэднэ.

    Энэ бол бидний цөөхөн Монголчуудад тохиолдож болох ноцтой аюул бөгөөд магадгүй Монгол үндэстэн устаж үгүй болоход хүргэж мэдэх юм. Ийм гамшиг нүүрлэж ирэх гэж байгаа дохио янз бүрийн шугамаар өгөгдөж байгаа учраас Монголын ард түмэн оройтоогүй дээрээ шийдвэрээ гаргах цаг нэгэнт болжээ.

    Одоо дээрх асуултад та “тийм“ гэж хариулсан бол ямар үр дагавар бий болох вэ гэдгийг эхлээд авч үзье:
    1. Монголд олон улсын цөмийн хаягдал хадгалах том агуулах газар доор барина.
    Энэ агуулахад бид гадаад орнуудаас ихээхэн хэмжээний цөмийн хаягдалыг хүлээн авч
    хадгална.
    Нэгэнт олон улсын зориулалттай учраас манай улс дэлхий дээр бий болох анхны
    цөмийн хаягдлын хогийн газар болно.
    2. Урьдчилсан байдлаар сонгосон Дорнод ба Дорноговийн нутагт (Багануур хавьд гэж бас яриад байгаа) Монголын анхны АЦС-ууд баригдана. (2012 оноос ажлаа эхлээд 2017 он гэхэд анхны АЦС ашиглалтад орох гэнэ.)
    3. Ураны олборлолт явагдаж, магадгүй баяжуулсан ураныг экспортонд гаргаж эхэлнэ.

    Эдгээрийн үр дүнд үүсэх хамгийн гол аюул нь Монголчууд цацраг туяанд хордох бодит нөхцөл байдал бий болоход л байгаа юм. Монгол орон газар хөдлөлтийн бүсэд хамаардаг улс.
    Бид байтугай өндөр хөгжсөн орнууд ч тохиолдож болох байгалийн гамшгийг урьдчилан хэлж чадахгүй. Газар хөдлөлтийг болохоос нь өмнө мэдэх боломж хаа ч байхгүй.

    Дэлхийн газар хөдлөлтийн аюултай бүсийн газрын зураг дээр Монголын нийслэл Улаанбаатар газар хөдлөлтийн идэвх ихтэй бүс гэгдэх баруун Монгол ба идэвх багатай зүүн Монгол гэсэн хоёр бүсийн яг зааг дээр байрлаж байна. Хэдийгээр АЦС барихаар товлосон аймгууд газар хөдлөлтийн идэвх багатай зүүн бүсэд орох боловч энэ нь газар хөдлөлтийн аюулаас хол байна гэсэн үг биш юм.

    2010 онд Рихтерийн шаталбараар 3-5 баллын газар хөдлөлт Монгол улсын төв хэсэг, Улаанбаатар хотод мэдрэгджээ. Газар хөдлөлтийн төв нь Дундговь айлмгийн Дэлгэрцогт сумаас хойшоо 10 км хол байсан ба орон нутгийн цагаар 15 цаг 15 минутанд хөдөлсөн аж. . Улаанбаатар хотын иргэд бага зэргийн чичиргээг мэдэрсэн байна. Энэ баримтаас харахад газар хөдлөлтийн аюул багатай гэгдэх манай орны зүүн хэсэг ч найдваргүй гэдгийг нотолж байна.

    Техник, технологи өндөр хөгжсөн Япон улс сая газар хөдлөлтөөс болж сүйдсэн Фукушимагийн АЦС-ыг аюулгүй болгох гэж одоо ч оролдсоор байна. Эрх баригчид нь тэндээс гарч буй цөмийн тархалтын тухай үнэн мэдээллийг нууж байсны улмаас тэр АЦС-аас хойш орших хотын оршин суугчид цацраг туяанд хордож эхэлжээ. Оросын Чернобылийн АЦС сүйрэхэд мөн бодит мэдээллийг эрх баригчид нь нууж, хүмүүс олноор амь алдан хэлмэгдэж, газар нутаг цацрагаар бохирдсоны улмаас эзэнгүй хаягдсан хот тосгон одоо ч сүнснээс өөр оршин суугчгүй гэрч болон үлджээ.

    Байгалийн хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдөх хүн төрөлхтөн түрүүчээсээ аюулыг ухамсарлаж АЦС-аас татгалзаж эхэлж байна. Байгалийн гамшиг , техник технологийн алдаа , эсвэл хувь хүний хариуцлагагүй байдлаас болж АЦС-ын сүйрэл болоход үүсэн бий болох хохирол, гарз, үр дагавар нь хэзээ ч засагдахгүй бөгөөд Монголчуудын үр удмыг сэгэлж, газар хөрсийг нь цацрагаар хордуулж хойч үе маань амьдрах аргагүй, үржих боломжгүй болгох учраас дээрх асуултад тийм гэж хариулсан хүмүүс ирээдүйнхээ өмнө нүгэл үйлдэж байна шүү гэдгийг мэдэж авах хэрэгтэй.

    АНУ, Япон зэрэг оронтой Монгол улсыг төлөөлж хэлэлцээ, яриа, семинар хийж , Монголд уран олборлох, АЦС барих, цөмийн хаягдалын агуулах байгуулах сонирхолтой байгаа манай эрх баригчид ард түмнийхээ эрүүл орчинд аюулгүй эрхтэн бүтэн амьдрах эрхийг хэдэн ногооноор худалдах гэж байна. Ирээдүйд тохиолдож болох болзошгүй аюул, Монголын иргэдийн аюулгүй байдлаас илүү өнөөдөр олдох мөнгө тэдэнд чухал бололтой.

    Хэрвээ та тэр асуултад үгүй гэж хариулсан бол ирээдүй хойч үеийнхээ өмнө гавъяа байгуулсанд өөрийгөө тооцоорой. Та ингэж хариулсанаар Монгол орноо гадна дотнын цөмийн цацраг идэвхт хаягдалын хогийн сав болохоос аварсан гавъяатай иргэдийн нэг болно.
    Цөмийн хаягдал, АЦС, ураны олборлолт бүгд хоорондоо нягт гинжин холбоотой учраас тэдгээрийг салгаж ойлгох, тус тусад нь авч үзэж болохгүй . Бид хэрвээ уран олборлоод , баяжуулсаныхаа дараа экспортлоод эхлэх юм бол хүссэн хүсээгүй тэр ураныг худалдаж авсан орноос цөмийн хаягдлыг нь буцааж авах л болно. Жишээ нь, манай эрх баригчид саяхан Арабын Нэгдсэн Эмират улсад айлчлахдаа тэр улсад уран экспортлоод, гарсан цөмийн хаягдлыг нь буцааж авах тухай тохироо хийсэн байна. Энэ чинь Монголд цөмийн хаягдал булах хэрэгтэй болноо гэсэн үг. Тийм учраас Монголд уран олборлож экспортлохыг эсэргүүцэж болиулах хэрэгтэй. Бид асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай байна:
    Уран олборлохгүй
    Цөмийн хаягдал хадгалахгүй
    АЦС барихгүй

    Монгол орон маань тэнгэрийн ивээлээр төрөл бүрийн ашигт малтмал арвинтай билээ. Бид тэр цацраг туяатай уранаар оролдохгүйгээр бусад баялгаа ашиглаад явахад хэрэгцээгээ бүрэн хангаж чадна. Цахилгаан гаргах хор уршиг багатай олон арга байна. Уранаа ашиглаж АЦС барихгүй бол Монгол хөгжихгүй бусдаас хоцрох гээд байна гэж яриад яваа тархи угаагч нараас та нар АЦС сүйрвэл биднийг цацрагаас хамгаалж, амьдрах орчинг маань цацраг туяагүй болгож, үр хүүхдүүд маань бүрэн бүтэн эрхтэнтэй, эрүүл төрөх баталгаа гаргаж өгч чадах уу гэж асуу.

    Эсвэл цөмийн хаягдалын агуулах болон АЦС-ууд газар хөдлөлт мэтийн байгалийн гамшиг, эсвэл хүний үйлдлээс болж хэзээ ч эвдэрч сүйрэхгүй гэсэн амлалт өгвөл үнэмшье гэж хэл.
    Хэрвээ тэгж баталгаа, амлалт өгч чадахгүй бол тэд өнөөдрийн олох хэдэн долларт толгой нь эргэж ,ухаан нь самуурсан байна гэж ойлгоорой. Тийм ухаан самуу хүмүүст ирээдүйгээ даатгаж өөрсдийгөө өрлүүлж, үр удмаа зэрэмдэглүүлэхгүйн тулд Монголоо эрүүл авч үлдэхийн төлөө, өөрийн үр удам, ач гучынхаа сайхан ирээдүйн төлөө ҮГҮЙ гэж хэлэх цаг болжээ.

    Ураны олборлолт, цөмийн хаягдал хадгалах, АЦС барихтай холбоотой бүх яриа, тохиролцоо, арга хэмжээг нэн даруй зогсоож, харилцагч талуудад Монгол улс урантай холбоотой аливаа хэрэглээ , үйлдлээс татгалзаж байгааг албан ёсоор мэдэгдэж байр сууриа илэрхийлэхийг төр засгаасаа шаардаж тэмцэхийг нийт Монголчууддаа уриалж байна.

  9. ojargal says:

    Монголын улс төрчид чөтгөрийн галаар тоглож бна Өнөөдөр сонин 8.17ний дугаарт бий үүнийг сайтдаа тавина уу


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s