АЦС хөхний хорт хавдар үүсгэдэг тухай эрдэмтэд анхааруулж байна
Posted: 2015/06/11 Filed under: Атомын цахилгаан станц, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Ноцтой Leave a comment• Их Британид Уэлсийн Травсфинид, Брэдсвелл ба Хинкли Пойнт дахь АЦС-уудын ойр орчимд оршин суугчдын дунд хорт хавдрын өвчлөлийг судалжээ
• Уэлсийн АЦС-ын ойр хавьд хөхний хорт хавдрын тохиолдол улсын дунджаас даруй тав дахин өндөр байжээ
• Брэдсвелл ба Хинкли Пойнт орчимд хоёр дахин өндөр байгааг илрүүлжээ
• Судлаачид судалгааны үр дүнг маш тодорхой бөгөөд онц чухал хэмээн дүгнэжээ
АЦС-ын салхин дор амьдардаг бүсгүйчүүд бусдыгаа бодвол хөхний хорт хавдар тусах эрсдэл тав дахин өндөр байгaa талаар эрдэмтэн судлаачид анхааруулж байна. Судлаачдын баг Хойт Уэлсийн Травсфинид, Эссекс дахь Брэдсвелл болон Сомерсет дэх Хинкли Пойнтийн АЦС-уудын зэргэлдээ оршин суугчдын дунд 3 тусдаа судалгаа хийж, хорт хавдрын өвчлөлийг судалжээ. Судалгааны дүнд дээрх 3 газар нутагт гурвууланд нь хорт хавдрын өвчлөл, нэн ялангуяа хөхний хорт хавдрын тохиолдол улсын дунджаас хавьгүй өндөр байгааг олж илрүүлсэн байна.

Уэлсийн Травсфинидын АЦС-ын салхин дор амьдардаг 60 хүртэлх насны эмэгтэйчүүдийн дунд хорт хавдар тусах эрсдэл 5 дахин өндөр байгаа талаар эрдэмтэн судлаачид анхааруулж байна
Травсфинид АЦС-ын орчимд хөхний хорт хавдарын өвчлөл улсын дунджаас тав дахин, Эссекс болон Сомерсетийн АЦС-уудын ойр хавьд амьдардаг эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл 2 дахин өндөр байдгийг судалгаагаар нотолжээ. Травсфинид орчимд бусад төрлийн хорт хавдрын өвчлөл улсын дунджаас хоёр дахин их тохиолддог байна. Дээрх судалгааг өмнө нь Аберистбид ажиллаж байсан одоо Ригад байрлах Латвийн Шинжлэх Ухааны Академид алба хашиж буй эрдэмтэн доктор Крис Басби зохион байгуулжээ.
Уэлсийн Травсфинид дэх АЦС нь нутгийн гүнд баригдсан Их Британийн цорын ганц АЦС юм (бусад АЦС-ууд бүгд далайн эрэг дээр байрладаг–Орч). Гвинед дэх Лин Травсфинид нуурын орших тус АЦС нь Магнокс загварын нүүрс төрөгчийн давхар исэлтэй хөргүүр, бал чулуун тохируулга бүхий хоёр ширхэг реактортой. Нуурын усаар АЦС-ыг хөргөж ирсэн. АЦС-аас ялгарч буй цацраг идэвхит бодис нууранд шингэдэг тул нуурын ероолд нилээд хэмжээний цацраг идэвхтэй бодис тунаж давхарга үүсчээ. Тус АЦС нь аль 1993 онд үйл ажиллагаагаа зогсоосон хэдий ч өдийг хүртэл энэ байгууламжийг ариутган цэвэрлэж, салгаж задлах үйл ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй байна. Энэ нутагт салхи нь ихэвчлэн баруун өмнө зүгт салхилдаг тул доктор Басбигийн удирдлаган дор ажилласан судлаачид АЦС-ын салхин дор оршин суугчдын 90 гаруй хувийг судалгаанд хамруулж чаджээ.
Судалгааны тайланг энэ сард Jacobs Journal of Epidemiology and Preventive Medicine сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Тайланд ‘Травсфинид дахь АЦС нь асар бохир атомын цахилгаан станц юм. Цөмийн реакторууд нь нүүрс хүчлийн давхар ислээр ажилладаг хөргүүрийн системтэй, бал чулуун блоктой учир дийлэнх АЦС-уудаас хавьгүй их цацраг ялгаруулдаг. Цаашилбал, тус АЦС нь бүх шингэн хаягдлаа нуурын усанд асгаж ирсэн нь нуурын ероолд тунаж давхарга үүсгэсэн байна гэж бичжээ.

Травсфинид дэх АЦС болон бусад 2 АЦС-ын ойр хавьд бүх төрлийн хорт хавдрын өвчлөлийг эрдэмтэд судалжээ
Улмаар энэ нь АЦС-ын салхин дор амьдардаг хүмүүсийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлжээ. Тухайлбал, ‘АЦС-ын нөлөөлөл 60 хүртэлх насны эмэгтэйчүүдэд хамгийн эмзэг туссан бөгөөд тэдний дунд хөхний хорт хавдрын өвчлөл хэвийнхнээс бараг тав дахин өндөр байна. Түүнчлэн Травсфинид нуурын загасыг хүнсэнд хэрэглэсэн хүмүүсийн дунд хорт хавдрын өвчлөл 2 дахин өндөр байгаа нь АЦС-ын сөрөг нөлөөллийг давхар баталж байна. Цаашилбал, энэ нутагт түрүү булчирхай, цусны, холбогч эдийн болон нойр булчирхайн хорт хавдарын өвчлөл харьцангуй өндөр байна. Тооцооноос үзэхэд тус нутагт 2 жилд ойролцоогоор 19.5 хүн хорт хавдар тусах магадлалтай байтал 2003-2005 онуудад нийтдээ 38 хүн хорт хавдраар өвчилснийг эмч нар оношилжээ.
Судалгааны тайланд ‘Энэхүү судалгааны дүгнэлтүүд нь маш ноцтой бөгөөд цөмийн эрчим хүчний талаарх уулс төрийн шийдвэр гааргахад нэн чухал ач холбогдолтой’ гэж тэмдэглэжээ.
Түүнчлэн Jacobs Journal of Epidemiology and Preventative Medicine сэтгүүлд өөр нэгэн судалгааны тайлан нийтэлсэн нь доктор Басбигийн удирдлаган дор Эссекс гүнлэгийн Брэдсвеллийн АЦС-ын орчимд хийгдсэн судалгаа юм. Тус АЦС нь Эссексийн Блэкватер голын урд талд оршдог байна.

Эссекс, Сомерсэт дэх АЦС-уудын ойр хавьд хөхний хорт хавдрын өвчлөл үндэсний дунджаас өндөр байна. Хөхний хорт хавдрын зураг.
Судлаачид Блэкватер голын ойр орчимд амьдардаг оршин суугчдыг Крауч гэдэг голын дэргэд цацрагт бохирдоогүй нутагт оршин суугчидтай харьцуулжээ. Судлаачдын дүгнэлтээс үзвэл 1995-2001 онуудад Эссексийн Блэкватер голын орчимд оршин суугчдын дунд хорт хавдрын улмаас нас барах тохиолдол харьцуулсан нутгийнхаас хавьгүй өндөр байна. Тухайлбал, Брэдвеллийн АЦС-ын цацрагаар бохирдсон Блэкватер голын сав нутагт оршин суугчдын дунд хөхний хорт хавдраас шалтгаалсан нас баралт цацрагт бохирдоогүй Крауч голын сав нутгийн эмэгтэйчүүдтэй харьцуулахад 2 дахин өндөр байжээ. Судлаачид цааш нь Сомерсет сумын Хинкли Пойнтийн АЦС хавийн оршин суугчдын дунд хөхний хорт хавдрын нас баралтыг төстэй аргаар харьцуулан судалахад эрсдэл 2 дахин өндөр байна гэдэг ижил дүгнэлтэнд хүрсэн гэжээ.
Дээрх 3 АЦС-ыг Цөмийн Байгууламжийг Татан Буулгах Агентлагийн харьяа Магнокс ХХК-иас хариуцдаг байна. Цөмийн Байгууламж Татан Буулгах Агентлаг нь Эрчим хүч, Цаг уурын өөрчлөлт хариуцсан төрийн нарийн бичгийн даргаас олгосон эрхийн дагуу нийт Англи даяарх иргэний цөмийн байгууламжуудыг татан буулгаж, цэвэрлэх үүрэг хүлээсэн ажээ. Их Британийн засгийн газрын Эрчим хүч, Цаг уурын өөрчлөлтийн яамны төлөөлөгч сэтгүүлчдэд Английн Нийгмийн Эрүүл Мэндийн Яамнаас энд дурьдсан судалгааны шинжлэх ухааны үндэслэлийн талаар лавлахыг санал болгосон байна. Мөн Уэлсийн Засгийн газар тус улсын нийгмийг цацрагийн хордлогоос сэргийлэх, цөмийн байгууламжийг татан буулгах асуудлыг хариуцдаг тулд засгийн газраас нь албан ёсны хариулт авахыг зөвлөжээ.
Их Британийн Нийгмийн Эрүүл мэндийн яамны харъяа Цацраг, химийн бохирдол ба байгаль орчны бохирдлын төвийн захирал доктор Жил Меара хэлэхдээ “Аливаа өвчний бөөгнөрөл, голомтыг олж илрүүлэх нь орон нутгийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын үүрэг. Хэрэв тэдгээр ажилтнуудад дэмжлэг туслалцаа хэрэгтэй бол бидэнд хандаж болно” гэсэн юм. Уэлсийн Нийгмийн эрүүл мэндийн яамнаас Травсфинид орчмыг хариуцсан нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудтай хамтарч тус орон нутагт хорт хавдрын голомтуудыг судлахаар болсон гэж мэдэгдсэн байна.
Дэлгэрэнгүйг:
http://www.walesonline.co.uk/news/wales-news/welsh-nuclear-power-station-responsible-9415019
http://jacobspublishers.com/images/Epidemiology/J_J_Epidemiol_Prevent_1_1_008.pdf