Хятад хүнс: Хоол уу хор уу?

Өнөөдөр Монгол улс хорт хавдар, нэн ялангуяа элэг, ходоод, улаан хоолой, уушигны хорт хавдарын нас баралтаар Ази тивд төдийгүй дэлхийд тэргүүлж явна. Энэ түгшүүрт мэдээг Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаac (OECD) Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтран гаргасан “Эрүүл мэндийн тухай товч мэдээлэл: Ази, Номхон Далайн бүс 2012 он” (“Health at a Glance: Asia/Pacific 2012”) гэдэг товхимолд дурьджээ. Тоо баримтаас үзвэл, Монгол улс 100 мянган хүнд хорт хавдарын шалтгаантай 206 нас баралт ногддог үзүүлэлтээрээ 145 нас баралтаар удаахь байранд орсон Хятадаас ч тасархай түрүүлжээ.

Хорт хавдарын ѳвчлѳл Монгол улсад асар ѳндѳр байгаа нь олон янзын шалтгаантай ч хортой хүнсний хяналтгүй хэрэглээ онцгой үүрэг гүйцэтгэдэг нь тодорхой. Иймд жирийн иргэн миний хувьд Монголчууддаа эрүүл мэндийн үнэн зөв мэдээллийг шуурхай түгээж, эрүүл мэнддээ анхаардаг амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд чадах чинээгээрээ сэрэмжлүүлсээр ирсэн. Тухайлбал, 2012 оны 1-р сард миний бичсэн “Сэрэмжлүүлэг № 2: Хүнс нэртэй хорноос болгоомжильё” нийтлэл олон мянган уншигчдад хүрчээ. Өнгөрсөн хугацаанд тус нийтлэлийг үзэхээр голомт.орг сайт руу л гэхэд 155 мянга гаруй уншигч хандсан ба зөвхөн энэ сарын 8-ны өдөр давхардаагүй тоогоор 11 мянга гаруй хандалтаар 8600 хүн орж уншжээ.

Цаашид ч миний бие эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын тухай сэрэмжлүүлсэн цуврал нийтлэл бэлтгэж, олны сонорт хүргэсээр байх болно гэдгээ айлтгахын зэрэгцээ Хятад хүнсний аюулын тухай нэгэн aмерик бүсгүйн ярилцлагыг орчуулснаа та бүхэнд толилуулья.

Хүндэтгэсэн,
Э. Амарлин

2014.11.29

Cancer death rate

Хятадын хүнсний аюулгүй байдал гамшгийн түвшинд очжээ

Эх сурвалж: http://www.foodsafetynews.com/2014/07/chinas-food-safety-issues-are-worse-than-you-thought/#.VHahiMltR8O

2014 оны 7 сарын 11
Нэнси Хүннергарт. АНУ-ын үндэсний хүнсний бодлогын идэвхтэн, сэтгүүлч, эвслийн тэргүүн, “Нэнси Хүннергарт Консалтинг” компанийн ерөнхийлөгч.

Би өнгөрсөн 4 сараас Хятадад 15 жил болсон хэвлэлийн салбарын ажилтан нэгэн aмерик бүсгүйтэй цахим шуудангаар харилцаж эхэлсэн юм. Тэрбээр өөрийн нэрийг нийтлэхгүй байхыг хүссэн тул түүнийг Сюзан гэж нэрлэе. Сюзан одоо Бээжинд суудаг бөгөөд өмнө нь Хубэй мужийн нэгэн жижиг хотод амьдарч байсан.

Анх Сюзан манай байгууллагын Change.org нэртэй цахим хуудсан дээрх Aмерикийн сургууль, хүнсний дэлгүүрүүдэд хятад тахиа нийлүүлэхийг эсэргүүцэж АНУ-ын Конгресст хандсан шаардлагыг олж үзээд (нийт 325 мянга гаруй гарын үсэг цуглуулсан) надтай холбогдсон юм. Сюзан Хятад орон, хятадын ард түмэнд хайртай хэдий ч тус улсад хүнсний аюулгүй байдал туйлын ноцтой байгааг өөрийн биеэр мэдэрсэн тул aмерикчууд хүнсэндээ хэрэглэх тахианыхаа махыг Хятад руу зөөж боловсруулахаар хэлэлцэж буйд маш ихээр зовниж байгаагаа илэрхийлсэн юм.

Хятадын хүнсний аюулгүй байдлын гаж тогтолцоо нь aмерикчуудад бодитоор заналхийлж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэхийн тулд би зарим үед өөрөө ч уншихдаа цочирдож байсан Сюзаны захидлуудаас сонгон авч асуулт хариулт хэлбэртэй эмхэтгэснээ танилцуулья.

Таны бодлоор ямар учраас Хятад улсад хүнсний аюулгүй байдлын асуудал ийм ноцтой түвшинд очоод байна вэ?
Хятад хүмүүс халдваргүйжүүлэлт, ариун цэврийн стандартын тухай ямар ч ойлголтгүй тул хүнсний аюулгүй байдлын асуудал цаг ямагт ноцтой аюул учруулсаар ирсэн. Би одоо Бээжинд амьдардаг, гэхдээ би хичнээн их хичээгээд ч жилд дор хаяж нэг удаа хоолны хордлого баталгаатай тусдаг. Хятадад боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн худалдаж авна гэдэг бол аз туршсан хэрэг.
Хятадуудын дийлэнх нь хүнсний аюулгүй байдлын тогтолцоо бүхэлдээ авилгалд автсан гэдэг. Хүмүүс энэ байдлыг эсэргүүцдэг ч ихэвчлэн “Мэй бан фа” буюу “Яаx ч аргагүй” гэж ярьдаг. Энэ нь “салхи шуургыг ургаа мод шиг бүү сөр, хулс шиг уян налархай угт” гэсэн утгатай Күнзийн сургаалиас үүдэлтэй.
Төрийн албаны түшмэд хувьдаа өөрсдийн хэрэгцээг эрүүл хүнсээр хангах фермийн аж ахуйтай байдаг гэж жирийн хүмүүс ярьдаг. Бас эрх баригчид олон нийтийг хамарсан үймээн самуун дэгдэж, бослого эсэргүүцлээс болгоомжилсондоо хүнсний шинжилгээний хариуг хэзээ ч үнэнээр нь хэлдэггүй гэцгээдэг.

Хятадад хүнсний үйлдвэрт ямар хүмүүс ажилладаг вэ?
Хятадын хүнс боловсруулах үйлдвэрт хамгийн бага боловсролтой хүмүүс ажилладаг–чухамдаа Америк тахиаг хятадын үйлдвэрт боловсруулаад эргүүлээд тэр тахиаг АНУ руу экспортлохдоо ашигтай байхын тулд ажилчиддаа асар бага цалин хөлс өгдөг. Тэгвэл тийм бага цалингийн төлөө ажилладаг хүмүүс ямар байх вэ гээд бодоод үз л дээ. Ихэвчлэн хөдөөний гаралтай тэдгээр ажилчид эрүүл ахуй, ариун цэврийн талаар мэдлэг туйлын хомс байдаг.
Би Хятадад ирээд эхний хэдэн жилдээ Шанхай, Шижиажун, Чиндао, Чинуандао, Шеньян, Харбин, Далиан, Чангчун, Ичан, Иду, Вухан, Шиян, Ичун, Шэнжэн, Гуанчжоу, Ганчжоу зэрэг хотуудад амьдарч үзсэн. Дийлэнх хятад хүмүүс нян, бактер вирусийн талаар огт мэдлэггүй, бас хамгийн наад захын ариун цэврийн дэглэм сахиж заншаагүй, гар угаах тухай болон хүнсний бүтээгдэхүүнээр нян дамжин халдварладаг талаар ямар ч ойлголтгүй байдаг.

Хятадад үйл ажиллагаа явуулдаг улс дамжсан хүнсний том корпорациуд ямар байдаг бол? Тэд нар АНУ- д явуулдаг үйл ажиллагаандаа мөрддөгтэйгээ ижил ариун цэвэр, хүнсний аюулгүй байдлын стандарт сахьдаггүй гэж үү?
Үгүй л болов уу. Хятадын хамгийн том мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Шуангхуй Интернэйшнл” гэдэг компани (өнгөрсөн жил АНУ-ын “Смитфилд Фудс” гэдэг томоохон компанийг 4.7 тэрбум доллараар худалдаж авсан) гэхэд л байнгын асуудалтай байдаг. Өттэй мах зарсан, бүтээгдэхүүнийг нь хэрэглэсэн хүмүүс хордож амь насаа алдсан, хааяа шинжилж үзэхэд махан дахь нянгийн агууламж хэт өндөр, мөн кленбутерол зэрэг хориотой бодис илэрсэн тухай дуулиант мэдээ байнга гардаг. “Смитфилд” компанийг худалдаж авахынх нь өмнөхөн “Шуангхуй” компанийн тухай сөрөг мэдээлэлүүдийг интернэтээс устгасан гэхдээ Хятадад бол тэр талаар бичсэн хэвээр.

Хятад иргэд өөрсдөө хүнсний аюулгүй байдлын асуудлын талаар хэр сайн мэдлэгтэй вэ? Тэд энэ талаар ямар бодолтой явдаг бол?
Бээжингийн оршин суугчид бол хүнсний аюулгүй байдлын асуудлаар маш сайн мэдлэгтэй. Тэд хоол хүнсэндээ санаа зовнидог нь сүүлийн жилүүдэд дор хаяж 4 зүйл дээр илэрч буйг би ажигласан.
Нэгдүгээрт, гаднаас хүнс импортолдог хүнсний дэлгүүрүүд нэлээд олширч, худалдан авагчдынх нь тоо хурдтай нэмэгдэж байна. Анх намайг Хятадад ирэхэд Бээжинд импортын хүнсний бараа зардаг ганцхан дэлгүүр байсан, дэлгүүр гэхээс илүү бараг хананд гаргасан жижиг нүх байсан даа. Тэнд зөвхөн гадныхан очиж үйлчлүүлдэг байсан. Харин өнөөдөр тэр дэлгүүр Бээжинд 8 газарт салбараа нээсэн. Түүнтэй өрсөлддөг 4 сүлжээ гарч ирсэн, тэдний дийлэнх нь бүрэн хэмжээний хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Тавхан жилийн өмнө тэр дэлгүүрээр үйлчлүүлэгсдийн дийлэнх нь гадныхан байдаг байсан. Тэнд хүнсний бараа бүтээгдэхүүнийг нутагтаа зарагддаг үнээс нь 100 болон түүнээс дээш хувиар нэмж үнэлж зардаг ч өнөөдөр тэнд хятад иргэд дүүрэн үйлчлүүлдэг болсон.
Хоёрдугаар өөрчлөлт гэвэл гадуур хоол иддэг хүмүүсийн зан байдал өөрчлөгдсөн. Боломжтой бол гудамжинд зардаг хоол болон чанар муутай хямд гуанзнаас татгалзахыг хичээдэг болсон. Дундаж xятад хүн сарынхаа орлогын 50 хүртэлх хувийг нь хоол хүнсэндээ зарцуулдаг. Гадуур хоолны хордлого нэн түгээмэл болсон, бас Хятадад хорт хавдарын өвчлөл улам бүр нэмэгдэж байгаа. Дөч хүрээгүй мөртлөө элэг бөөрний өвчин туссан 3 ч хүнийг би лав таних юм бна. Хятадад ходоод гэдэсний хорт хавдар хамгийн түгээмэл. Дийлэнх хүмүүс бохир хоол хүнс хэрэглэдэг тул хорт хавдар тусах нь гарцаагүй гэж ярьцгаадаг.
Гурав дахь баримт бол Хонконг болон бусад улс орнууд Хятад иргэдэд худалдах болон хилээр нэвтрүүлэх хүүхдийн хуурай сүүний тоонд хязгаарлалт хийсэн. Хятадууд гадаад орнуудад бөөн бөөнөөрөө очоод хүүхдийн сүүг нь хуу хамж явдаг болохоор ийм журам тогтоосон.
Эцэст нь тагтан дээрээ хүнсний ногоо тарих явдал маш өргөн дэлгэрч байна. Энд хүнсний ногоонд хордох нь маш элбэг тохиолддог болохоор Бээжинд амьдардаг хүн бүр тагтан дээрээ алгын чинээ ногооны талбайтай болохыг хичээдэг.

Хятадад хүнсний аюулгүй байдал ийм хүнд байхад та хувьдаа асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
Би өөрийн унших, үзэх боломжтой төрийн болон бие даасан хэвлэл мэдээлийн хэрэгслүүдийн мэдээнд үргэлж анхаардаг. Би өөрийн эрүүл мэндэд төдийгүй энд амьдардаг байгаа найз нөхдийнхөө өмнөөс ч сэтгэл түгшдэг. Хамтарч байр хөлсөлдөг найзтайгаа хамт (тэр маань бас америк) зөвхөн импортын хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг болсноос хойш бид хоёрын эрүүл мэнд мэдэгдэхүйц сайжирсан. Тухайлбал, найзын маань арьсан дээгүүр нь байнга юм туурч харшил гардаг байсан нь арилсан. Бид сард 1-2 удаа найз нартайгаа хамт гадуур хоолонд орохдоо л хятад гаралтай хүнсний бүтээгдэхүүн иддэг. Ихэнхдээ бид хоёр найзуудаа манайд ирж хоол идэхийг урьдаг. Гадуур хоол идсэний дараа андашгүй. Толгой, гэдэс өвдөнө, манай найзын арьсан дээр нь 24 цагийн дотор юм туурдаг. Хэрэв бид аль нэг ресторанд хооллоод дараа нь өвдөөгүй бол өвдөн өвдөтлөө тэндээ очдог доо.

Хятадад органик хүнсний ногоо худалдаж авах боломжтой юу?
Энд “органик” нэртэй жимс ногоо мэр сэр байдаг ч (цөөн нэр төрлийн жимс жимсгэнэ), гэхдээ үүнтэй холбоотой хоёр том асуудал бий. Нэгдүгээрт нь үе үе төрөөс явуулдаг шалгалтаар хамгийн наад захын шинжилгээ хийхэд органик гэдэг шошготой хүнсний бүтээгдэхүүний 30 орчим хувь нь элдэв бодисонд бохирдож, химийн хортой бодис агуулдаг нь илэрдэг. Албаны түшмэд 30 хувь гэж мэдээлж байгаа бол бодит тоо нь 60 орчим хувь гэсэн үг байх гэж бусад хүмүүсийн ижлээр би хардаж байгаа. Байгаль орчныг хамгаалах Грийнпийс олон улсын байгууллагаас гаргасан саяхны нэг тайланд Хятадын органик ногоо тариалагч фермерээс “органик гэж юу вэ?” гэж асуухад дийлэнх нь “Өөрөө тарьсан ногоо” гэж хариулсан гэж бичсэн байсан.

Хятад фермерүүд ямар учраас ногоо тарихдаа химийн хортой бодис хэрэглэдэг вэ?
Төрөөс инфляцийг хянах зорилгоор фермеруудын хүнсний ногоо борлуулалтын ашгийг хязгаарладаг. Ингэснээр ихэнх фермерууд эдийн засгийн хүнд байдалд ордог учраас химийн бодисоор бордож ургацаа нэмэгдүүлэхийг хичээдэг. Фермерууд өөрсдийнхөө хувийн хэрэглээний хүнсний ногоо тарьдаг зурвас газартаа хэзээ ч химийн бордоо ашигладаггүй гэж хотынхон ярьдаг (бас үүнд зовнидог). Харин бусдад зарж борлуулах ногоо тарьдаг газраа химийн бордоогоор бордож, ашиг орлогоо нэмэгдүүлдэг. Иймэрхүү шалтгааны улмаас ноднин жилийн тарвас дэлбэрдэг мэтийн үзэгдэл гардаг. Тухайн үед фермерууд тарвасаа маш хурдан томруулахын тулд үл мэдэгдэх химийн бодис шахсанаас болж асар олон тарвас талбай дээрээ дэлбэрсэн.

Та хүнсний хангамжид нөлөөлөх хөрс болон усны бохирдлын талаар юу мэдэх вэ?
Хятадын хөрс ус хаа сайгүй асар ихээр бохирдсон. Сая 2010 онд хийж дууссан хөрсний судалгааны тайланг төрөөс улсын нууц хэмээн зарлаад, нууцалсан, тэгснээ саяхан улсын өмчийн тариалангийн талбайн 20 хувь нь хорт бодисонд хордсон гэж эрх баригчид хүлээн зөвшөөрсөн. Харин Хятадад амьдардаг хүмүүс 20 хувь гэдэг бол хэт дарсан тоо, бас хуучирсан мэдээлэл гэж хэлнэ.
Усны хувьд бол Хятадын хотуудын 90 хувийнх нь гүний ус ямар нэг хэмжээнд бохирдсон ба гүний усны 64 хувь нь маш ихээр бохирдсон гэж уншиж байсан. Харамсалтай нь орчны бохирдолтой холбоотой бүх тоо баримтыг төрөөс маш хатуу чанд хянаж нууцалдаг учир ил байгаа тоо баримтууд нь ихэнхдээ баримжаа байдаг.
Миний таньдаг ганц ч хүн Хятадад крантны ус уудаггүй. Хамгийн ядуу хүмүүс ч гэсэн савласан ус уудаг. Би хувьдаа Аквазана гэдэг усны шүүлтүүрээр ундны болон шүршүүрийн усаа шүүдэг. Шүршүүрийн усны шүүлтүүр нь тусдаа, усыг уух биш усанд орох түвшинд цэвэршүүлдэг. Анх намайг Хятадад ирэхэд зочид буудлын өрөө болгонд буцалсан устай том халуун сав тавьдаг байсан. Ресторанд буцалсан ус өгдөг, хүмүүс крантны усаа буцалгаад уудаг байсан. Одоо тэгэхээ больсон.
Энд усыг хуурамчаар савладаг гэдэгт та итгэх үү? Төрөөс хийсэн шалгалтаар савласан усны 60 хувь нь хуурамч буюу зүгээр л крантны усыг савлаад зарж байсныг илрүүлсэн гэж сонссоноос хойш би усны шүүлтүүр хэрэглэдэг болсон.

Яг одоо Хятадад хуурамч хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой дуулиан гарч байна уу?
Одоо энд хуурамч өндөгний тухай шуугиж байна. Худалдаж авахад гаднаас нь хараад бараг ялгахын аргагүй хуурамч өндөг нь жинхэнэ өндөгийг бодвол үйлдвэрлэхэд хавьгүй хямд. Дээрээс нь хуурамч зөгийн бал хийж байна. Шинжилгээгээр дэлгүүрт зарагдаж байгаа зөгийн балны 60 хувь нь зүгээр өнгөнд оруулсан глюкозтой ус гэдгийг тогтоосон байна лээ. Мэдээж, Хятадын хуурамч зөгийн бал Франц, АНУ-д ч хүрсэн байна гэсэн.

Таны өөрийн хувийн туршлага, хийсэн судалгаанаас үзэхэд АНУ-д өсгөсөн тахиаг Хятадад боловсруулах нь аюултай юу?
Америкчуудын хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг Хятадад боловсруулах тухай сонсоод надад маш их айдас төрсөн. Миний бодлоор аливаа хүнсийг энд боловсруулаад буцаасан тохиолдолд дээрээс нь элдэв янзын бодис нэмчихдэггүй юмаа гэхэд нянгаар бохирдох нь ойлгомжтой. Хятадууд хүнсний бүтээгдэхүүнийг зохистой температурт хадгалж, ариун цэврийн стандартын дагуу боловсруулна гэдэг худлаа шүү, баталгаа огт байхгүй.

Эх сурвалж: Golomt.org

Advertisements


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s