Фукушимагийн хор уршиг дөнгөж эхэлж байна

2011 оны 3 сарын 11-нд Японд аймшигт осол гарахад цочирдсон Монголчууд газар нутгаасаа тасалж өгөхөөс ч буцахгүй байсан үе саяхан. Гэвч хэдхэн жил өнгөрөхөд, сонин хэвлэлээр мэдээ ч үзэгдэхээ больж, Монголчууд ч Фукушимагийн цөмийн ослыг мартагнаж, аль дээр үеийн улирч баларсан зүйл мэтээр бодох болжээ. Гэтэл үнэндээ бол АЦС осолдоход хяналтаас гарч алдагдсан цезий, иод, плутони, стронци зэрэг асар их цацраг идэвхтэй бодисууд өнөөдөр ч Фукушимад алдагдсаар, орчин тойрныг хордуулсаар байгаа билээ.

Цацраг идэвхит изотопууд нь хүний биед шингэж, улмаар цусны хорт хавдар буюу лейкемия, мөн зөөлөн эдийн болон ясны хорт хавдар, түүнчлэн бусад төрлийн хорт хавдар үүсгэхийн зэрэгцээ эд эсийг гэмтээж, ургийн гажигт хүргэдэг. Тэдгээр изотопуудын хагас задралын хугацааг сонсоход л хор уршгийнх нь цар хүрээ ойлгомжтой. Тухайлбал, плутонийн изотоп Pu-238 гэхэд 87.7 жил, Pu-239 –24 мянга 100 жил, Pu-240 –6 мянга 560 жил болж байж дөнгөж хагас нь задардаг. Стронций-90, Цезий-137 изотопууд хагас задрахад 29.1 –30 жил шаардагддаг.Fukashima_Rad_March20121

Бүдүүн тоймоор зүйрлэвэл, та савтай бэх барьж яваад усан сангийн хажууд унагаж хагалжээ. Бэх ус руу бага багаар урсан орсоор байна. Тэр их усанд жаахан бэх орсон ч сүртэй юм юу л байв гэж бодож болно. Тэгвэл 24 мянган жилд ч дуусахааргүй тийм их бэх бол та яах вэ?.. Өдөрт хэдэн зуун мянган тонн цацрагтай ус Номхон далайд алдагдаж буйг багасгахын тулд Япончууд осолдсон АЦС-уудыг тойруулан мөсөн хана босгохоор төлөвлөсөн гэдэг. Бодвол өөр арга олдоогүй бололтой.

Фукушимагийн жинхэнэ хор хөнөөл нь дөнгөж л эхэлж байна. Цаашид та бидний амьдралын туршид буюу мөнхөд үргэлжилсээр байх болно. Тийм ч учраас дэлхий нийтээрээ Фукушимад болж буй үйл явдлын өрнөлийг анхааралтай ажигласаар ирсэн билээ.

Япончууд 50 жил цөмийн эрчим хүч хэрэглэсэн. Хариуд нь тэд 50 байтугай 500 жилдээ арилшгүй гай зовлонд унасан. Ажилсаг, нямбай, сахилга баттай Япончууд Фукушимагийн ослын үр дагавартай өнөөг хүртэл тэмцээд амжилт олоогүй л явна. Саяхан осолд гэмтсэн реактор луу ундарч, улмаар цацрагт бохирдож буй гүний усны урсгалыг хаах гэсэн ТЕПКО-гийн төлөвлөгөө бүтэлгүйтжээ. Энэ тухай Майничи болон  Japan Today сонинд гарсан нийтлэлүүдийг орчуулснаа толилуулъя.

 

Хүндэтгэсэн,

Э. Амарлин

 

 

Хяналтаас гарсан цацраг идэвхтэй усны асуудлыг шийдэхийн тулд ТЕПКО компани Фукушимагийн АЦС-ын дэргэдэх шуудууг цементлэнэ

2014 оны 11 сарын 22-ны Майничи сонины дугаар.

 

Цацрагт хордсон усны нэвчилтийг зогсоох гэсэн арга хэмжээ нь бүтэлгүйтсэний улмаас Токиогийн эрчим хүчний компанийнхан (ТЕПКО) осолд нэрвэгдсэн Фукушимагийн 1-р АЦС-ын дэргэдэx шуудууг цементлэхээр шийдсэн байна.

ТЕПКО компаниас 11 сарын 21-нд Япон улсын Цөмийн Зохицуулаx Aлбанд дээрх төлөвлөгөөг танилцуулсныг тус албанаас баталсан хэмээн мэдэгдсэн ба төлөвлөгөөг хэрэгжүүлснээр шуyдуунд хуримтлагдсан цацрагтай усны хэмжээг ядахнээ бууруулна гэжээ.

Одоогийн байдлаар Фукушимагийн 2-р реакторын гадна далайн эрэг талд ухсан шуудуунд ойролцоогоор 5 мянган тонн цацрагийн бохирдолтой ус тунаад байгаа ажээ. ТЕПКО компаниас анхлан шуудуу ба цөмийн реактор суурилуулсан байгууламж хоёрын уулзвар орчмын усыг хөлдөөснөөр нэвчилтийг зогсоож, дараа нь тунасан усыг соруулж цэвэрлэхээр төлөвлөж байжээ. Гэвч ус хөлдөхгүй байснаар төлөвлөгөө бүтэлгүйтэж, ТЕПКО бохирдсон усыг бүгдийг нь соруулж цэвэрлэх бодлоосоо татгалзахад хүрчээ.

Шинэ төлөвлөгөөний дагуу ТЕПКО энэ оны 11-р сарын сүүлчээс эхлэн усан дор ашигладаг тусгай цементийн зуурмагийг шуудуу руу шахаж, шуудуунд тунасан цацрагийн бохирдолтой усыг соруулж авах юм байна. Ингэж газар дорхи хонгилын хамгийн гүнзгий хэсгийг цементээр бөглөвөл усны нэвчилт зогсох байх хэмээн найдаж байгаа ажээ.

Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлвэл цементэн доор бохирдсон ус үлдэж болзошгүй хэмээн хүмүүс зовниж байгаа ч ТЕПКО-гийн тооцоолсноор нийт бохир усны 1-3 хувь нь үлдэх магадлалтай гэнэ.

Газар дорхи хонгилын урт нь 60 метр орчим. ТЕПКО-гийн төлөөлөгчийн мэдээлснээр тус компани ийм урт шуудууг урд өмнө нь цементэлж бөглөж байсан ажлын туршлагагүй тул төлөвлөгөөг машид болгоомжтойгоор хэрэгжүүлнэ гэсэн байна.

Үүний зэрэгцээ 3-р реакторын дэргэдэх далай орчмын шуудуунд 6 мянган тонн бохирдолтой ус тунаад байна. ТЕПКО компанийхан тус шуудууг ч 2-р реакторын шуудууны ижлээр ирэх 1 сард цементээр дүүргэхээр шийдсэн бөгөөд дараа нь 1 ба 4-р реакторуудын суурь орчмын газрыг хөлдөөж, эдгээр байгууламжууд руу гүний ус нэвчихээс сэргийлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Эх сурвалж: http://mainichi.jp/english/english/newsselect/news/20141122p2a00m0na015000c.html

 

..
ТЕПКО компани Фукушимагийн 1-р АЦС-ын ойролцоох шуудуунд хуримтлагдсаар буй цацрагт усыг хүчрэхээ больжээ

2014 оны 11 сарын 22-ны Japan Times сонины дугаар.

 

Өнгөрсөн Баасан гаригт Токиогийн эрчим хүчний компани (ТЕПКО) Фукушимакийн 1-р АЦС-ын ойролцоох далайн эргийн  дагуу газар дорхи туннель шуудуунд нэвчиж буй цацрагт бохирдсон усыг зогсоох оролдлого нь бүтэлгүйтсэнийг зарлав. Иймд ТЕПКО компанийнхан тусгайлан боловсруулсан цемент ашиглахaaр болжээ.

Гамшигт өртсөн АЦС-ын 2 ба 3-р реакторын турбины байгууламжуудыг холбосон хоолой, кабелийг дамжуулах шуудуунд цацрагийн асар их бохирдолтой 11 мянган тонн орчим ус хуримтлагдсан талаар ТЕПКО мэдэгдсэн байна.

Хөргөлтийн системийг хам хум босгосон болоод реакторын доорх хонгилд гүний ус нэвчсэний улмаас хуримтлагдсан цацрагтай ус Номхон далай руу цутгаж, угаасаа цацрагт хордоод байгаа далайг нэмж хордуулах вий хэмээн япончууд зовниж байна. Учир нь тус байгууламж руу өдөрт 400 тонн гүний ус нэвчдэг гэдэг тооцоо бий.

ТЕПКО компаниас гүний ус нэвчихийг зогсоохын тулд осолдсон 4 цөмийн реакторыг тойруулан газар дор асар том мөсөн хана байгуулахаар төлөвлөсөн ба энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд цацрагт хордсон усыг соруулж авах нь нэн чухал юм.

ТЕПКО анх 2-р реакторын байгууламжинд шуудуу холбогдсон хэсэг дэх усыг хөлдөөх гэж оролдсон байна. Ингэснээр ус нэмж нэвчихээс хамгаалж, хуримтлагдсан усыг соруулж авах боломжтой болно гэж үзэж байв. Гэвч хичнээн нэмэлт арга хэмжээ аваад хөлдөөх оролдлого амжилтанд хүрээгүй ажээ.

Иймд өнгөрсөн Баасан гаригт ТЕПКО компаниас нэгэн шинэ аргыг санал болгожээ. Энэ нь тусгайлан боловсруулcан цементэн дүүргэгчийг шахаж, шуудуунд хуримтлагдсан уснаас аль болох ихийг соруулж авах арга юм байна.

Шинэ аргыг хэрэглэснээр шуудуунд хуримтлагдсан хортой усыг бүгдийг нь шавхах боломжгүй тул тодорхой хэмжээний цацрагтай ус үлдэж, ажилчдад аюул заналхийлэл учруулсаар байх болно гэдгийг ТЕПКО хүлээн зөвшөөрчээ.

Саяхан хуралдсан Японы улсын Цөмийн Зохицуулаx Aлбаны шинжээчдийн зөвлөлөөс ТЕПКО-гийн санал болгосон шинэ аргыг хэрэгжүүлэх зөвшөөрөл олгожээ. Гэвч зарим шинжээчид ТЕПКО компани анхлан батлуулсан төлөвлөгөөгөө үргэлжлүүлж, хортой усыг бүхэлд нь шавхах ёстой гэсэн байна. Бусад нь ТЕПКО анхлан батлуулсан төлөвлөгөөнөөсөө татгалзсанаар мөсөн хана барих ажилд саад болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

 Эх сурвалж: http://www.japantimes.co.jp/news/2014/11/22/national/tepco-fails-to-halt-toxic-water-inflow-at-fukushima-no-1-trenches/#.VHJQDMmOoTY


2 Comments on “Фукушимагийн хор уршиг дөнгөж эхэлж байна”

  1. Tumurchuluun says:

    Дэлхийн эруул мэндэд санаа зовсон сайхан сэтгэлээс уудэж ийм бодит мэдээг терелх хэл дээрээ хервуулнэ олон нийтэд хургуулж бгаад маш их талархалтай бгаагаа илэрхийлье.Ийм мэдээг 76 УИХГ, НИХТ-45, Цемийн енергийн тэнэг даргад биечлэн хургэж гарын усэг зуруулж аваад Мэдээ егсний хелс гж албан есоор Тесвеес авч бх ажлыг хеецелд.Энэ ТТ холбоотой Нууцад хамраах гдг ч юмуу нэг онцгой нэр егмеер юм бн.Ундэсний аюулгуй байдлын Сонор мэдээ гдг ч юмуу Нэрээ олж егеед заавал телбер авч бнуу. Тесвийн тэр байтугай херенге менгийг тансаг хэрэглээнд зориулж бгаа шуу. Усны асуудлаар ч Агаарын бохирдлоор ч асуудал маш асуудал хуримтлагдаад бн. Энэ санал санаачилгыг минь дэмжвэл хамтран ажиллаж болноо.

  2. Sudlaach says:

    Хариуцлагагүй мэдээлэл гаргаж байгаа та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Та бүхэн эх сурвалжийг нь сайн шалгаж байгаарай.

    http://www.asrltd.com/japan/plume.php

    энэ хуудсаар ороод “THIS IS NOT A REPRESENTATION OF THE RADIOACTIVE PLUME CONCENTRATION” гэж бичсэнийг нь уншаад та бүхэн алдаагаа үзнэ биз.

    Хариуцлагатай улс төр хий гэж хэлмээр байна. Монголчуудыгаа хагарган бутаргах мэдээлэл гаргаж байгаа бол юун Голомт, танайхыг Хог шаар гэлтэй


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s