Уран олборлолтын үнэ цэнэ

Монгол улсад Францын Арева компани хүхрийн хүчлээр газар дор уусгах аргаар уран олборлохоор зэхэж, туршилт хийж эхэлснээс хойш хэдэн жил өнгөрлөө. “Уран олборлох нь хүн амьтанд огт хоргүй, ураны шар нунтаг ч ямар ч аюулгүй, хүхрийн хүчлээр уусган олборлох арга бол шилдэг технологи, Дорноговийн Улаанбадрахад гажигтай мал төрж байгаа нь үүнээс болоогүй, малаа вакцинжуулаагүй малчдын буруу” хэмээн Арева компанийн ажилтнууд, Цөмийн Энергийн Газрынхан (ЦЭГ) болон хүн чанараа хэдэн халтар ногооноор тавиад туучихсан ичих нүүргүй эрдэмтэд удаа дараа мэдэгдэл хийж байсан. Түүнчлэн Дорноговьчуудыг хамгаалан тэмцсэн иргэний хөдөлгөөнийхнийг “гадныхны гар хөл, шантаажчид, хулхи эх орончид” хэмээн цоллож ирсэн.

Үнэндээ бол ураныг газар дор уусгах аргаар олборлох технологийг анх 2010 оны намар Дорноговийн Дулаан-Уулд туршсан бөгөөд үүний дараахан буюу 2011 оны хавраас Улаанбадрахад гажигтай төл мал гарч эхэлсэн юм билээ. Нийтдээ 4060 кг уран олборлох тооцоотой энэ туршилтын талаар Олон Улсын Атомын Энергийн Газарт У. Ганбаатар гэгчийн тавьсан илтгэлийн 11-15 хуудсанд тодорхой бичсэн байна. http://iaea.org/OurWork/ST/NE/NEFW/documents/RawMaterials/TM-ISL-2010/7.pdf

У. Ганбаатарын илтгэл ОУАЭГ 2010 он

Энэ удаа ураныг газар дор хүхрийн хүчлээр уусган олборлох нь ямар ч хор хөнөөлгүй гэж ярьдаг Арева болон тэдний гар хөл бологсдын үгэнд няцаалт өгөхөөр доорх нийтлэлийг орчууллаа. Уншигч та өөрөөсөө асуугаад үзээрэй: Үнэхээр уусган олборлох нь хор хөнөөлгүй юм бол яагаад Арева компанийнхан байгаль орчны мэргэжилтэн гадаад эрдэмтэнг Казахстанд цалинтай ажиллуулж байна вэ? Яагаад Казахстанд уран олборлоход нөхөн сэргээлт хийх хэрэггүй харин АНУ-д бол хийх хэрэгтэй байдаг вэ? Мөн Казахстаны ус хүний унданд болон хөдөө аж ахуйд хэрэглэх боломжгүй учир уран олборлочихоод цэвэрлэх хэрэггүй гэж байгаа нь саяхан ЦЭГ-ын дарга Н. Тэгшбаярын “Дорноговийн ус угаасаа үйлдвэрийн саарал ус, унданд хэрэглэх боломжгүй” гэж дуугарсантай агаар нэг буйг анхаарна уу.

Өнөөдөр хөгжингүй гүрнүүд ядуу буурай улсуудын баялгийг аль болох хямдхан ухаж авахаар үхэлдэж байна. Иймд Монголчууд бид маргаашийн ирээдүйг бодож ухаалаг сонголт хийх хэрэгтэй бус уу. Уух усгүй, мал бэлчээх бэлчээргүй, амьдрах нутаггүй болвол мөнгөөр бид яах билээ? Энэ бол миний бас таны ирээдүй.

Хүндэтгэсэн,
Э. Амарлин

kzuranium2

Уран олборлолтоор тэргүүлэгч улс болоход ямар үнэтэй вэ?

Бен Арнолди. 2013 оны 8 сарын 28.

Сүүлийн 10 жилд Казахстаны аж үйлдвэр асар хурдтай хөгжиж байна. Гэвч энэ хөгжил дэвшил байгаль орчинд ямар хор уршиг авчирч байна вэ?

Казахстан улс, нийслэл Астана. — Манай гаригийн хамгийн алслагдмал газар нутгийг аюултай хог хаягдлаар бохирдуулвал цэвэрлэх хэрэггүй юу? Тэр хорт хог хаягдал задарч устахад олон мянган жил шаардагдах байсан ч хамаагүй юу?

Казахстан улс улам бүр дэвжин хөгжсөөр, уран олборлолтоороо АНУ, Канад, Австралийг гүйцэн түрүүлж, манай гаригийн уран олборлогч номер нэг улс болсон авч үр дүнд нь аюулт хог хаягдал асар ихээр хуримтлyyлж буйн улмаас эрдэмтэд дээрх асуултуудыг тавьж эхэлжээ.

Дээр үед уран олборлохдоо газар ухаж, ураны хүдэртэй чулууг газрын гадаргуу дээр гаргаж ирдэг байсан. Тэгвэл Казахстанд
дээрхээс хавьгүй цэвэр гэгддэг орчин үеийн шинэ технологоор уран олборлож эхэлжээ. Энэ бол газрын гүн рүү химийн бодис шахаж, ураны хүдрийг уусгаад, соруулж авдаг арга юм.

In situ leach –Ин ситу лийч (ИСЛ) буюу газар дор уусгаж олборлох аргыг хэрэглэснээр газрын гадаргуу бохирддоггүй сайн талтай боловч гүний усыг хортой хүнд металлаар бохирдуулдаг. АНУ-д энэ аргыг хэрэглэж олборлолт явуулсан уул уурхайн компаниуд олон жилийн туршид хичнээн янзаар  оролдоод ч гүний усыг урьд өмнөх шиг нь болтол цэвэршүүлж чадаагүй гэдэг.

Казахстан улс нь ЗХУ-ын үед цөмийн туршилтын талбай, цөмийн хаягдлын агуулах болж, цацрагийн хор хөнөөлийн зах зухаас амссан. Гэвч өнөөдөр ИСЛ уурхай улам бүр өргөжиж буйд төрийн өмчит Казатомпром компаний эрх мэдэлтнүүд даанч нэг зовсон шинж алга. Харин ч ураны уурхай байгалийн жамаар яваандаа өөрөө цэвэршчихдэг гэж хээв нэг хэлж сууна.

Ураныг уусган олборлох технологийн үр нөлөөг судалсан эрдэмтэн судлаачид ураны уурхай ойрын хугацаанд өөрөө цэвэршинэ гэдэгт гүнээ эргэлздэг. Харамсалтай нь Казахстаны цөмийн салбарынхан ч тэр, өд сөд нь дөнгөж гүйцэж буй тус улсын байгаль орчныг хамгаалагчид ч ураны уурхайн тээсэн эрсдлийн тухай тодорхой мэддэггүй бололтой.

Казахстаны ураны уурхайнууд нь хүн ам сийрэг цөл нутагт, хүн амьдардаггүй зэлүүд газар байрладаг тул яг ойрын үед тулчихсан аюул занал хараахан алга. Гэвч Америк улс уранаар баялаг Баруун өмнөд нутагтаа уран олборлосон гашуун туршлагаас үзэхэд цаг хугацаа өнгөрөxөд хүн ам шилжин суурьшиж, газар нутгийг шинээр ашигладаг тул өндөр өртөгтэй цэвэрлэх үйл ажиллагааг хойшлуулж, усны нөөцийг ашиглах аргагүй болтол бохирдуулах нь ирээдүйд ноцтой үр дагаварт хүргэдэг ажээ.

“Казахстан улс одоо ид хөгжиж байна, харин байгаль орчин нэгэнт бохирдвол хэдэн мянган жилдээ сэргэхгүй, ирээдүйд ард иргэд хаана амьдрахыг тааж хэлэх аргагүй ,” гэж газар дор уусгах олборлолтын улмаас бохирдсон байгаль орчныг нөхөн сэргээх асуудлыг судалдаг  байгаль орчны судлаач Брайан Рэйнш ярив.

Уран олборлосон газар нутaг байгалийн жамаар сэргэж, цэвэршихийг хүлээвэл тухайн уурхайн онцлогоос шалтгаалаад хэдэн арав тэр бүү хэл хэдэн мянган жил шаардагдана гэж доктор Рэйнш мэдэгдэв. Харин байгалийг нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлэх нь дээрх хугацааг товчилдог төдийгүй ирээдүйд учирч болзошгүй эрсдлээс ч хамгаалдаг ажээ.

Ундны ус

Дэлхийн олон улсад ИСЛ аргаар уран олборлосны дараа ураны хүдэртэй усархаг давхаргад үлдэж хоцорсон химийн хорт уусмалыг аюулгүй болгох арга хэмжээ авдаг журамтай гэнэ. Учир нь тус уусмал дахь хүнцэл, кадмийн хэмжээ ундны усны стандартаас даруй хэдэн мянга дахин хэтэрсэн байдаг тул ингэж цэвэршүүлэх зайлшгүй шаардлагатай гэж Австралийн Монаш их сургуулийн профессор, байгаль орчны инженер Гэвин Мадд тайлбарлав. Хүнцэл гэгч химийн хорт бодис нь ургамал ногоонд хүртэл шингэдэг тул бохирдсон усаар тариа ногоогоо услах боломжгүй гэнэ.

Цаг хугацаа өнгөрөхөд уран олборлолтын дараа газрын гүнд үлдсэн химийн хорт бодистой ус олборлолтын талбайгаас аажмаар хальж, хөндлөн судлаар тархдаг. Зарим жилд нэмж ердөө ганц метр тархдаг бохир ус зугуухан хэдий ч зогсолтггүй нэвчсээр байдаг. Ураныг уусгаж олборлох технологийг ашиглахдаа ураны хүдрийн судал нь дээд ба доод хоёр талаасаа шавран давхаргаар хавчигдсан, тэдгээр нь бохир усыг босоо шугамаар цэвэр усны давхарга руу нэвчихэд саад болно гэж тооцдог.

Гэвч бодит байдал дээр шавар давхаргын нимгэн зузаан нь жигд бус байдаг төдийгүй уран олборлолтын явцад ашигладаг хүчилд шавар давхарга нь уусахгүй гэх баталгаа байхгүйг эрдэмтэн Рэйнш онцлов.

Цаашилбал, уран олборлохын тулд ураны хүдэртэй уст давхаргыг яг л зүү хатгадаг дэр шиг энд тэндээс нь хамаагүй өрөмдөчихөөд, сүүлд нь тэр цооногуудаа таглаад орхидог. Гэтэл цаг хугацаа өнгөрөхөд газар дор үлдсэн химийн бодис хэрхэн тархахыг тооцох боломжгүй.

“Бид 5-10 жилийн турш ажиглаад огт хангалтгүй. Уурхай байсан газар нутагт хог хаягдал нь тогтвортой байдалд орсон, цаашид бохирдол явагдахгүй гэдгийг баттай тогтооход дор хаяж хэдэн зуун жилийн ажиглалт судалгаа хэрэгтэй,” гэж доктор Мадд ярив.

Харин Казатомпромын албан тушаалтнууд түүний сэрэмжлүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Наадах чинь бүр  шал эсрэгээрээ байхгүй юу,” гэж уул уурхайн компаниуд шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээлт хийх хөрөнгө төсөвлөж, хадгалах ёстой гэж үздэг ахлах менежер Калилалло Байтасов хэлээд “Бид энэ газраас уран олборлоод цөмийн реактор луу зөөж байна гэдэг чинь бид газар дор байгаа хортой хүнд металлыг харин цэвэрлээд байгаа юм бишүү ” гэв.

‘Өөрөө цэвэршдэг өвөрмөц чанар’

2012 оны байдлаар Казахстан улс дэлхийн ураны нийт олборлолтын 35 хувийг бүрдүүлж,  Казатомпромын уран борлуулалтын орлого 1.54 тэрбум доллар хүрчээ. Казахстаны ураны экспортын тэн хагасаас илүүг нь Хятадууд худалдаж авчээ.

Төрийн өмчит Казатомпром компанийнхан Казахстаны өмнөд хэсгийн газар “өөрөө нөхөн сэргэх өвөрмөц чанартайг ямар ч эргэлзээгүйгээp олж тогтоосон” хэмээн нэг дуугаар мэдэгдэж байна.

Гэвч АНУ-ын Геологийн Судалгааны Агентлагын ажилтан геологич Сюзан Холл ярихдааТэднээс хэлсэн үгээ нотлох ямар судалгаа байна вэ гэхээр тодорхой хариу өгч чаддаггүй” гэж тайлбарлав.

Уул уурхайн компанийн захирал асан, ураныг газaр дор уусган олборлох төслөөр олон улсад мэргэшсэн Жерри Гранди гэгч усны чанараас шалтгаалан нөхөн сэргээх шуурхай арга хэмжээг тэр бүр авах шаардлагагүй хэмээн маргаж байна. “Ерөнхийдөө бол Казахстаны ус нь унданд болон газар тариалангийн усалгаанд хэрэглэхэд зохисгүй,” гэж тэрбээр яриад, “гэхдээ мэдээж усыг хянаж байх хэрэгтэй гэж үздэг” гэв. Жерри Гранд цааш нь ярихдаа ойр орчмынх нь усыг хөдөө аж ахуй болон аж үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг тул АНУ-д л байгаль орчныг нөхөн сэргээж, цэвэрлэгээ хийж байх нь чухал гэв.

АНУ-д худгийн усыг сайтар цэвэрлэсний үр дүнд уран олборлохоос өмнө хэрэглэж байсан зорилгоор хэрэглэж болохуйц түвшинд очсон туршлага мэр сэр байдаг гэнэ.

Гэсэн ч АНУ-ын аль ч уурхайд байгаль орчныг уран олборлолтын өмнөх түвшинд хүртэл нөхөн сэргээж чадаагүй гэж доктор Холл тайлбарлав. Энэ асуудал нь АНУ-ын Цөмийн Салбарын Зохицуулах Агентлагад нилээд бэрхшээл учруулж байгаа. Тус байгуулагынхан ” Уран олборлосон газар нутаг, ус байгалийн жамаар өөрөө цэвэрших боломжтой юу? Бидний хүчин чармайлт ямар нэг үр дүн өгөх болов уу? гээд асууж байсан. Даанч эрдэмтэн судлаачдад тодорхой хариулт өгөх баттай баримт мэдээ алга” гэв.

Казахийн цөл нутагт уран олборлож буй Францын Арева компаниас ураныг газар дор уусгах аргаар олборлосны хор хөнөөлийг шийдэх арга замуудыг судлахын тулд доктор Рэйншийг цалинжуулж байгаа гэнэ. Доктор Рэйнш уурхайн өрөмдлөгийн цооногоор хоол хүнс хийж, байгалийн жамаар микроб нян үржүүлэх аргаар байгаль орчныг нөхөн сэргээж, цэвэрлэх боломжтой эсэхийг туршихаар зэхэж байгаа ажээ. Гэвч биологийн аргаар нөхөн сэргээх нь богино настай, явцгүй шийдэл байдаг хэмээн геологич Холл анхааруулж байна.

Доктор Рэйнш бодлоо хэрэгжүүлэхээр урам зоригтой байгаа бөгөөд энэ арга нь амжилттай хэрэгжвэл Казахстан олон улсад үзүүлэх юмтай болох ажээ. “Аюул  эрсдлийг бууруулж чадаж байвал яагаад болохгүй гэж? “Тарьсан хогоо цэвэрлэж бай” гэж бага байхад ээж чинь заасан биз дээ” гэж тэр хэлэв.

 

..
Эх сурвалж:

The cost of being the world’s No.1 uranium producer.  Ben Arnoldy. 28 August, 2013.
http://www.csmonitor.com/World/Asia-South-Central/2013/0828/The-cost-of-being-the-world-s-No.1-uranium-producer

Advertisements


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s