Их Хурлын гишүүдийг уриалж байна

UIH

Эрхэм хүндэт Их Хурлын гишүүн танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Сүүлийн үед Засгийн Газар болон зарим улс төрчид Монгол улс уранаа олборлож төсвөө бүрдүүлж, ашиг олно гэх мэтчилэн ярьж, эхнээс нь ажил хэрэг болгож эхлээд байна. Гэвч орлого зарлага аль алиныг нь тооцож байж ашиг гардаг учиртай. Уран олборлоход хүрээлэн буй байгаль орчин болон ард иргэд, тэдний эрүүл мэнд, амь нас, амьжиргаанд учрах хор хохирлыг тооцохгүйгээр ашиг орлогоо бодвол гэнэн хэрэг болно. Учир нь уран гэгч цацраг идэвхит бодис нь олон зуун мянган жилийн туршид хор ялгаруулсаар үлддэг тул түүнийг олборлосны дараа дор хаяж хэдэн арав, магад зуун жилийн туршид хянах шаардлагатай төдийгүй хожим гарч болзошгүй гарз хохирлыг ч тооцох хэрэгтэй юм.

Ураны уурхайн нөхөн сэргээлт ба хаалтын асуудлыг өнөөдөр Монгол улсад мөрдөж буй энгийн уурхайн нөхөн сэргээлт, хаалтын эрх зүйн журам стандартаар  зохицуулах боломжгүйг танд онцлон сануулж байна. Монгол улс ураны уурхайн хаалтын дүрэм журам, стандарт шаардлагаа боловсруулалгүйгээр уран болон бусад цацраг идэвхит ашигт малтмалаа ухаж олборлож эхлэвээс хожим хэдэн арван сая тонн цацраг идэвхитэй хог хаягдлыг харж хадгалах асар өндөр өртөгтэй үүргийг үүрд мөнх хүлээх болно. Өнөөдөр Дорнодын Мардайд үлдсэн цацрагт хаягдалд төрөөс хяналт тавьж, хадгалж хамгаалж  чадахгүй байгаагийн улмаас үхэл тээсэн цацрагт тоосонцор тархаж, ард иргэдийг хoрдуулсаар байна.

Иймд энэхүү “онц ноцтой” ашигт малтмалын талаар хариуцлагатай, зөв шийдвэр гаргахын тулд УИХ-ын гишүүн бүр бүрэн дүүрэн мэдээлэлтэй байх нь нэн чухал юм. Энэ бол Монголын эрх баригчид, хууль тогтоогчид болон ард иргэдээс ирээдүй хойч үеийнхнийхээ өмнө хүлээж буй эрхэм үүрэг. Тиймээс Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн ТББ-аас та бүхэнд ураны уурхай, олборлолттой холбоотой үнэн зөв мэдээлэл, баримт материалыг бэлтгэж туслахад бэлэн гэдгээ илэрхийлье.

Энэ удаад бид Ураниум Нетворк олон улсын байгууллагаас гаргасан, Танзани улсад хийхээр төлөвлөж буй уран олборлолтын эдийн засгийн ашиг болон нөхөн сэргээлтийн өртөг зардлын тайланг Монгол хэл рүү хөрвүүлcнээ та бүхэнд хүргэж байна.

Уран олборлолтын эдийн засгийн тооцоо

PDF

 

Энэ баримтаас уран олборлолтын өртөг зардлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Тухайлбал, Танзани улсад төлөвлөсөн ураны 2 ил уурхайг олборлож, уран баяжуулах явцад гарах их хэмжээний “тэйлинг” гэх цацраг идэвхитэй хаягдлыг хадгалах өртөгийг тооцоолжээ. Үүнтэй ижил цацраг идэвхит тэйлинг хаягдал манай Дорнодын Мардайд хараа хяналтгүйгээр хаягдсан бөгөөд Дорнод аймаг нь улсдаа хорт хавдарын өвчлөлөөр тэргүүлдэг гэдгийг дурьдах юун билээ. 

Өнөөдөр Дорноговь, Сүхбаатар зэрэг аймгуудад Францын Арева корпорациас ураныг газрын гүнд уусган олборлох аргыг хэрэглэхээр төлөвлөж байгаа. Дээрх арга нь ил уурхайгаас өөр төрлийн эрсдэл дагуулдаг ба энэ нь гүний усыг дахин хэзээ ч сэргэхгүйгээр хордуулах аюултай юм. Гүний ус хордсон нөхцөлд урьдных шиг болтол нөхөн сэргээх боломжгүй бөгөөд гүний ус бохирдсоноос үүдсэн эдийн засгийн гарз хохирлыг мөнгөөр тооцох аргагүй байдаг. АНУ-ын ураны уурхайнуудад уусган олборлолтын дараа хийгдсэн гүний усны нөхөн сэргээлтийн талаарх мэдээллийг дараах линкээр орж үзнэ үү (англи хэл дээр):  http://www.wise-uranium.org/udusail.html

Эх орноо бүрэн бүтэн, ариун дагшнаар нь  ирээдүй хойч үеийнхэндээ хүлээлгэж өгөх их үйлсэд нэгдэхийг уриалж байна.

Холбоо барих хаяг: anm.mongol@gmail.com

Хүндэтгэсэн,

Голомт -ЦЭХ ТББ


One Comment on “Их Хурлын гишүүдийг уриалж байна”

  1. Хайрт Монгол says:

    ГИШҮҮДИЙГ ХАРЖ БАЙНА. АРГАА БАРАН ГУЙЖ БАЙНА.
    ГУЙЖ БАЙНА.
    ГУЙЖ БАЙНА.
    ӨВДӨГ СӨГДӨН ГУЙЯ.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s