Цөмийн эрчим хүчний, уул уурхайн компаниуд нүүдэлчдийн эсрэг дайн зарлажээ

Германы “Анализ ба шүүмж”  сонины нийтлэгч Айкэ Зайделийн  “Цөмийн эрчим хүчний, уул уурхайн компаниуд нүүдэлчдийн эсрэг дайн зарлажээ” нийтлэлийг  “Голомт-ЦЭХ” ТББ-ын орчуулгын бүлгэмээс монгол хэл рүү хөрвүүлэн таньд хүргэж байна. Айкэ Зайдел нь  “Мөнх Тэнгэр” хэмээх Монголын тухай мэдээллийн хуудас Герман хэл дээр ажиллуулдаг.  Мөн энэхүү нийтлэл нь “Анализ ба шүүмж” сонины 2013 оны 11-р сарын дугаарт хэвлэгджээ.

ak

2013 оны хавар Монголын малчид болон уул уурхайн компаниудын хоорондох зөрчил улам хурцдав. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 319 өрхийн малчид уран олборлолтыг эсэргүүцэж, гажигтай төрсөн малынхаа зургуудыг олон нийтэд дэлгэв. Учир нь Францын цөмийн концерн Аревагийн Монгол дахь охин компани Дорноговьд туршилтын аргаар уран олборлож буй нутагт олон зуун хонь ямаа хорогдож, төл мал гажигтай гарах болжээ.
Арева компани 1998 оноос эхлэн Монголд ураны хайгуул явуулж ирсэн бөгөөд 2013 оны 10-р сард Монголын төрийн өмчийн Монатом компанитай гэрээ үзэглэжээ. Тус гэрээ ёсоор Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дээр байрлах 2 орд газраас 60 мянган тонн уран олборлохоор төлөвлөж, Монголын тал ураны уурхайн 35 хүртэл хувийг эзэмшихээр тохиролцжээ. Эдгээр ураны орд газруудын байрлалыг энд дарж үзнэ үү.

Малчид үхсэн малынхаа сэгийг булж байна.

Малчид үхсэн малынхаа сэгийг булж байна.

Copyright 2008 Sabine Haluszka-Seidel; Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах химийн үйлдвэр.

Copyright 2008 Sabine Haluszka-Seidel; Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах химийн үйлдвэр.

Монгол улс нь ураны тогтоогдсон нөөцөөр баялаг улс орнуудын тоонд багтдаг боловч Монголын тогтоогдсон ураны нөөцийн 10 орчим хувь нь эдийн засгийн хувьд олборлоход ашиггүй нөөц байдaг. Монголд өнөөдөр уран олборлож хараахан эхлээгүй байна. Хамгийн сүүлд буюу 1995 онд Монгол улсын зүүн хойд хязгаарт Оросын хилийн ойролцоо уран олборлож, тэнд олборлосон ураны хүдрийг Зүүн Сибирийн Чита хот руу зөөж боловсруулдаг байв.  Өнөөдөр тус уурхайн буурин дээр томоохон нуур бий болжээ. Цөмийн аюулын эсрэг тэмцэгч ГОЛОМТ-ЦЭХ  хөдөлгөөнийхний мэдээлж буйгаар Улаанбаатар хотод хүүхдийн эмнэлгийн цусны хорт хавдрын тасагт хэвтэж эмчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь уран олборлож байсан ил уурхайн ойр орчимд амьдардаг аж.

Аймгийн төв Чойбалсан хотоос хойшихноо орших Мардай хотхонд цагтаа 10 мянган орос мэргэжилтэн ажиллаж байсан бол одоо тус хотхон эзгүйрч хоосорчээ. Гэвч өнөөдөр ч Мардайн уурхайн ухсан нүхнүүдээс хорт цацраг цацарсаар байгааг Голомт цөмийн эсрэг хөдөлгөөнийхэн хэмжиж тогтоосон юм.

Мардай хотхоны ажилчдын байрны балгас

Мардай хотхоны ажилчдын байрны балгас

Мардайн ил уурхай байсан газар тогтсон нуур

Мардайн ил уурхай байсан газар тогтсон нуур

Мардайд олборлрлт явуулж байсан газар цацрагийн идэвхжил өндөр хэвээр

Мардайд олборлрлт явуулж байсан газар цацрагийн идэвхжил өндөр хэвээр

Мардайд цацрагийн идэвхжил өндөр хэвээр

Мардайд цацрагийн идэвхжил өндөр хэвээр

Оргил үедээ нэг фунт ураны үнэ 73 доллар хүрч байсан ч Фукушимагийн ослын дараа 35 доллар хүртлээ буурсан тул өнөөдөр ураны дийлэнх уурхайнууд ашиггүй ажиллаж байна. Гэвч  тэд 2013 он гараад ураны үнэ нэмэгдэж, 2015 он гэхэд нэг фунт нь 60 доллар ба түүнээс ч илүү үнэд хүрнэ гэж тооцож байгаа ажээ. Ураны үнэ өссөн тохиолдолд одоо ашиггүй байгаа Монголын орд газрууд ч ашигтай болж эхэлнэ. Дашрамд хэлэхэд, Монголын ураны ордууд эрчим хүчнийхээ хэрэглээг нүүрс болон цөмийн эрчим хүчээр хангахыг эрмэлзэж буй Хятад улсын хилтэй ойр байрладаг ажээ.

Арева концерн нь уран олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч Канадын Камеко компанийн дараа ордог ба араас нь Казахстаны Казатомпром болон Рио Тинто компаниуд удаалдаг. Гэвч Монголын иргэд Арева туршилтын журмаар уран олборлосны улмаас мал сүрэг хордож, гажигтай төл  төрөх болсон гэж үзэж байна. Арева компани нь 2010 онд баруун Африкийн Нигер улсад уурхайн цацрагт хаягдал шороогоор зам тавьсан бөгөөд хэд хэдэн худгийн усыг цацрагаар хордуулсан хэрэгт холбогдож шуугиан тарьж байсан билээ. Нигер дэх уурхайнуудын нөөц хэзээ мөдгүй шавхагдахдаа тулсан тул Арева Монголд шинэ орд ашиглахыг зорьж байна. Монгол дахь 60 мянган тонны нөөцтэй 2 орд газрын гүнд байрлах тул “In-Situ” аргаар олборлохоос өөр аргагүй ажээ. Уг аргаар олборлохдоо уран агуулсан давхаргад хүхрийн хүчил шахаж, ураныг ялгаад, дахин боловсруулж, үндсэн түүхий эд болох шар нунтгийг гаргаж авдаг. Энэ нь газрын тосыг олборлох фракинг гэдэг аргатай төстэй юм.

Арева Монголд олон жил хайгуул явуулсны эцэст уран олборлох зөвшөөрөл авсан төдийгүй Японы Мицубиши корпорацитай хамтрахаар тохирчээ. Цөмийн аюулын эсрэг тэмцэгч ГОЛОМТ-ЦЭХ хөдөлгөөн нь Фейсбүүкээр дамжуулан дэлхийн олон оронд амьдран суугаа Монголчуудыг нэгтгэсэн бүлгэм юм. Тус хөдөлгөөний идэвхтэнүүд туршилтын олборлолт хийсэн талбайн ойролцоо хэмжиж үзээд цацрагийн хэмжээ хэвийнхээс 9 дахин өндөр буюу цагт 1,8 микрозиверт байгааг олж илрүүлжээ. Олон улсад тогтоосон журмаар, цацрагийн хүлцэх дээд хэмжээ нь цагт 0,2 микрозиверт юм.

Гэвч мал зулбаж,  төл мал гажигтай төрөх болсон нь өөр шалтгаантай ч байхыг бас үгүйсгэхгүй . Ураныг хүхрийн хүчлээр уусган олборлохдоо эхлээд цэвэрлэдэг ба энэ үед ялгарсан ради хүхрийн хүчилтэй урвалд орж маш хортой радийн сульфат гэдэг бодис үүсгэдэг. Радийн сульфат нь салхиар тархаж, дээр тайлбарласан хорт үр дагаварт хүргэх боломжтой. Мөн ухсан шорооноос радон гэгч хорт хий ялгардаг байна.

Аревагийнхан туршилтын олборлолтын явцад аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сахиж мөрдсөн хэмээн мэдүүлсэн бөгөөд болсон явдалд өөрсдийгөө буруугүй гэж үзэж байгаа ажээ. Тэд өрөмдлөгөд хүхрийн хүчил биш шавар ашигласан гэж мэдэгдэж байгаа юм. Харин 2010 онд Арева компанид ажиллаж байсан малчид газрын гүн рүү 400 тонн хүхрийн хүчлийг шахсан гэж батлан ярьж байна.

Арева концерн ч Монголын засгийн газар ч Дорноговьд аймагт мал зулбаж, төл нь гажигтай гарч буй явдлын бодит учир шалтгааныг олж тогтоох малчдыг оролцуулсан хараат бус шинжилгээ хийхийг огтхон ч  хичээхгүй байна. Харин ч Арева концерн хөршөөсөө ваарыг нь зээлж хагалчихаад , буцааж өгөхдөө эзнийх нь тавьсан шударга шаардлагын хариуд би чиний ваарыг зээлээгүй, тэгээд ч ваарыг чинь бүрэн бүтэн буцааж өгсөн, ер нь тэгж ярьвал ваар чинь аль хэдийнэ цуурчихсан байсан“ гэж жишим ч үгүй хариулдаг хуншгүй хөрш мэт хүний үнэргүй аашилж байна. Тэр бүү хэл, туршилтын олборлолт хийсэн газраасаа 40 км зайд шинээр 3  худаг гаргачихаад, нутгийн малчдыг мал сүргийн хамтаар тийшээ нүүхийг тулгаж, малчдыг тѳрсѳн нутгаас нь хөөхөөр санаархаж байгаа Аревагийн үйлдлийг үүнээс өөрөөр тайлбарлах аргагүй бизээ. (Монголчууд „Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх“, Даварсаар, даварсаар Дагвын орон дээр  гэж ярьдаг үүнтэй дүйцэх юм—Орч.)

2011 онд Монголд  цөмийн хаягдал булшлах эрх баригчдын төлөвлөгөө илрэх үеэр Фейсбүүкээр нэгдэж байгуулагдсан ГОЛОМТ-ЦЭХ  хөдөлгөөнийхөн малчдын тэмцлийг дэмжиж байгаа юм. Тус хөдөлгөөнийхөн цөмийн аюулын тухай Монголын олон нийтэд ямагт сануулан сэрэмжлүүлж, Чернобыль болон Фукушимад болсон гамшгийн ойн үеэр арга хэмжээ зохион байгуулж ирсэн.  Харин мал нь гажигтай төрж, олноороо хорогдох болсонд Монгол малчид цөхөрч эхэлжээ. Эдгээр үйл явдал нь Монголын өнөөгийн нийгэм дэх эрх мэдэл багатай доодсын улс төрийн тэмцлэл оргилдоо хүрч байгаагийн нэг илэрхийлэл болж байна.

Дорноговь дахь Аревагийн охин компанийн хаяг

Дорноговь дахь Аревагийн охин компанийн хаяг

Сүүлийн хэдэн жилд Монголын говийн малчид ихээхэн гарз хохирол амссан. Тухайлбал 2009-2010 оны өвөл зуд болж, Монголын нийт мал сүргийн 30 хувь нь хорогдсон ба Өмнөговь аймагт уул уурхай эрчимтэй хөгжих болсон нь ч бас нэрмээс болсон гэдэг.

Монголд уранаас гадна дэлхийд хамгийн томд орох Таван Толгойн нүүрсний уурхай болон алт зэс олборлох Оюу Толгойн уурхай гээд том уурхай байдаг. Тэгвэл саяхнаас Монголын баруун зүүн хязгаарыг холбосон төмөр замыг говийн нутгаар тавьж, хамгаалалтын нүсэр тор татахаар төлөвлөх болжээ. Хэрэв ингэвэл цагаан зээрийн сүргүүд төмөр замаар хөндлөн гарч чадахгүй хашигдаж, малын бэлчээрт ноцтой аюул учрах юм.

Говьд ус чандмань эрдэнэ билээ. Сүүлийн жилүүдэд уул уурхай үйл ажиллагаа явуулсны харгайгаар гадаргуун усны түвшин багасч, усанд хорт бодисууд ихcэх болжээ. Харамсалтай нь Монголын лабораториуд ус шинжлэхдээ цацраг идэвжлийг нь шинжилдэггүй тул одоогоор зөвхөн химийн бусад хорт бодисуудыг илрүүлж байна. Говийн ус хомсдсоны  улмаас Орхон голын 30 хувийг 900 км урт хоолойгоор дамжуулан Говь руу урсгах санаачлага яригдаж байна. Ингэх нь газрын гүний усыг ашигласнаас эдийн засгийн хувьд илүү ашигтай гэж үздэг аж. Голын гольдролыг өөрчилвөл уул уурхайн усны хэрэглээ хойт зүгт аж төрдөг малчин ард иргэдэд шууд нөлөөлж эхлэх нь тодорхой бөгөөд энэ нь мал аж ахуй болон даяарчлагдсан уул уурхайн ашиг сонирхлын зөрчилдөөний улмаас улс орон бүхэлдээ хохирч буйн тод жишээ юм.

Монголд 150 000 айл өрх буюу нийт хүн амын 25 хувь болох 750 000 хүн мал аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлж, амьжиргаагаа залгуулдаг. Энэ тоон дээр мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулж амь зуудаг иргэд бас нэмэгдэнэ. Мал аж ахуйг Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалсан байдаг. Мал сүрэг нь төрийн баялагт тооцогдож, төрийн хамгаалалтанд байдаг. Газар улсын өмч бөгөөд Монгол хүн бүр мал сүрэгтэйгээ Монгол орныхоо хаана ч дураараа нутаглан аж төрөх эрхтэй. Mалчдын амьд явах үндсэн эрхэнд халдана гэдэг бол Монгол улсын Үндсэн хуульд халдсан халдлага гэж ойлгож болох юм.

2013 оны 9-р сард уул уурхайн компаниуд болон малчид, байгаль хамгаалагчдын ашиг сонирхлын зөрчилдөөн улам хурцдав. Парламентын ордны өмнөх хуучнаар Сүхбаатарын буюу Чингис хааны талбай дээр болсон малчдын цуглааны үеэр буун дуу гарсан ч хүний амь эрсдээгүй, эд хѳрѳнгѳ сүйдээгүй юм . Тэр өдөр Парламентын ордны ард талаас олон тэсрэх бөмбөг олсон хэмээн зарлаж, хэд хэдэн яаманд хөл хорио тогтоов.  Байгаль орчны төлөө тэмцэгч 11 ТББ-ууд нэгдэж, эсэргүүцлийн үйл ажиллагаанд уриалсан нь цагдаагийнхан Онги голыг аврах хөдөлгөөний гишүүдийг баривчлах шалтгаан болжээ. Улмаар Мөнхбаяр болон Гал Үндэстэн холбооны 9 гишүүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж, 15 жил хүртэл хорих ял оноохоор төлөвлөж байна.

Монголд цөмийн цахилгаан станц барихыг эсэргүүцэгчид, байгаль хамгаалах хөдөлгөөнийхнийг  „Эко дээрэмчид“, „ногоон террористууд“ хэмээн гүтгэн доромжлох нь эрс нэмэгдэв.

 Монголын Үндэстний Тойм сэтгүүл дээр Мөнхбаяр тэргүүнийг "Ногоон Террор”-ийн төлөөлөгч болгон дүрсэлсэн нь

Монголын Үндэстний Тойм сэтгүүл дээр Мөнхбаяр тэргүүнийг “Ногоон Террор”-ийн төлөөлөгч болгон дүрсэлсэн нь

Эрх баригчид 2009 онд батлагдсан Урт нэртэй хуулийг өөрчлөхөөр завдсан нь эсэргүүцэл гарах гол шалтгаан болсон юм. Тус хуулиар голын эх, ой сав газар  уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Тухайн үед зөвхөн нийслэл хотоос хойд зүгт оршдог Хараа голын дагуу гэхэд л мөнгөн ус ашиглан зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр алт олборлож байсан 50 орчим уурхайг хаасан юм. Хангайн нурууны урдуур байрлах Өвөрхангай аймагт уул уурхайн улмаас олон гол ширгэж алдарт Орхоны хүрхрээ хүртэл зарим жилүүдэд амь тавихаа дөхдөг болжээ. Онги гол нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутгаар урсах таван голоос эх авдаг. Тэдний нэг нь 2010 онд бүрэн ширгэж, гурван гол нь бохирдсон бөгөөд тусгай хамгаалалттай Найман нуураас тэжээгддэг ганцхан гол л цэвэр тунгалаг хэвээр үлдсэн аж. Онги голын усанд орсон хүүхдүүдийн арьсан дээгүүр юм туурдаг болжээ. Онги гол нь говийн хотгор дахь их нууруудыг тэтгэж, малчдыг ундны усаар залгуулж байсан. Эдгээр давстай их нуурууд нь говийн бүс дэх жигүүртэн шувуудын өлгий болж, голын усаар нь  мал сүрэг ундаалдаг байсан юм.

 Copyrigt 2010 Sabine Haluszka-Seidel. Говийн баян бүрд Онги гол,  одоо хордсон.

Copyrigt 2010 Sabine Haluszka-Seidel. Говийн баян бүрд Онги гол, одоо хордсон.

Биднийг 2010 онд Гал Үндэстэн хөдөлгөөн анх үүссэн голомт нутгаар зочилж явах үед Уянга сумын засаг дарга болон байгаль хамгаалагчид заримдаа алт ухагчдын эсрэг буу барин тэмцдэг тухайгаа ярьж байсан юм. Түүнээс хойш Урт нэртэй хууль батлагдсантай холбоотойгоор байдал бага зэрэг дээрдэж эхэлсэн. Гэхдээ хот нь харлаж, ядуурсан малчид иргэд амь зуухын эрхээр алт ухах болсон нь бас яалт ч үгүй үнэн. Монголд ойролцоогоор 100 мянга орчим нинжа буюу хувиараа алт ухагчид байдаг гэдэг тооцоо бий. Тэд алт угаадаг түмпэнгээ ар нуруундаа үүрдэг нь мэлхий нинжа шиг харагддаг учраас ингэж нэрлэх болжээ.

 Copyright 2006 Sabine Haluszka-Seidel: Уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдийн амь амьжиргааг нь сүйтгэж байгаа нь

Copyright 2006 Sabine Haluszka-Seidel: Уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдийн амь амьжиргааг нь сүйтгэж байгаа нь

Уул уурхайн компаниуд ашигт малтмал олборлох нөхцлийг улам бүр өөрсдөд ашигтай болгон өөрчлөхийн тулд Монголын төр засагт шахалт үзүүлсээр байна. Санхүүгийн хямралын улмаас түүхий эдийн үнэ буурсан  нь Монголын эрх мэдэлтнүүдийг сандаргажээ. Рио Тинтогийн Оюу Толгой дахь Монголын талын хөрөнгө оруулалт хариуцсан менежер ашгийн төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй учраас ажлаасаа халагдаж байв. Хавар монголчууд алт зэсийн ордуудад эзэмшиж буй хувиа нэмэгдүүлэх шаардлага тавьсаны хариуд олон мянган монгол ажилчдыг ажлыг нь хийлгэхгүй сул зогсоосон удаатай. Монголын засгийн газар уул уурхайн баялгаар хангалуун амьдруулна гэсэн сонгуулийн амлалтаа биелүүлж чадахгүйн улмаас дарамтанд ороод байна. Ашиг орлого нь буурсаар атал санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр хэвээр тул засгийн газар санхүүгийн хүнд бэрхшээлтэй тулгарчээ. Энэ бүхний үр дүнд төгрөгний ханш навс унажээ. Сүүлийн 10 жилд евротой харьцах Монгол төгрөгний ханш 40 хувиар буурсан ба өмнө нь 1200 төгрөгтэй тэнцдэг байсан евро одоо 2000 хол давжээ.

Монголын нийгэм нь Монголын парламентын гишүүдийн олонхийг өөрийн талд татсан гадаадын хөрөнгө оруулагчид  болон ашигт малтмалаа олборлож ашиг олохыг дэмжигч  иргэд нэг талд, харин нөгөө талд нь энэхүү “хөгжлийн” улмаас мөхлийн аюулд ээрэгдсэн малчид, иргэд гэсэн хоёр хэсэгт ялгаран хуваагдах нь тодорхой болоод байна.

Айке Зайдел

2013 оны 10-р сар

Эх сурвалж:

http://www.munx-tenger.de/index.php?id=226

Нийтлэлийг PDF хэлбэрээр энд дарж үзнэ үү:

Орчуулсан Нисмэл, xянасан Э.Амарлин

Голомт-ЦЭХ” ТББ-ын Oрчуулгын бүлгэм

Advertisements

One Comment on “Цөмийн эрчим хүчний, уул уурхайн компаниуд нүүдэлчдийн эсрэг дайн зарлажээ”

  1. zzz says:

    Сайхан мэдээлэл байна, Алтанхуягаас асуух юмсан


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s