“Цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ” АНУ-Япон-Монгол 3 улсын гэрээний тухай гадаадын хэвлэлүүдээс

2011 оны хавар Монгол улсад гадны орнуудын цөмийн хаягдал булшлахаар эрх мэдэлтнүүд нууцаар хуйвалдаж байна гэсэн мэдээлэл дэлхийн дахинд тархсан. Тэгвэл энэ талаар гадны хэвлэлүүдэд хэрхэн бичиж байсныг танилцуулья.

randzoneРандзоне – Герман хэл дээрх  oнлайн сэтгүүл.   2011-5-11

Монгол улс: Цөмийн хаягдлын “булш”

2011.05.10 Клаус Валлманн

Дэлхий дахинд хуримтлагдаад байгаа 300 мянган тонн орчим АЦС-ын хог хаягдлыг хэрхэх тухай асуудал ноцтой хэмжээнд тавигдах болсон өнөө үед Япон болон АНУ-ын “монополь” засгийн газрууд цөмийн хог хаягдлаа Монголд булшлахаар тус улсын эрх баригчидтай яриа хэлэлцээр хийж байна. Эдгээр улсууд нь Монголд АЦС болон цөмийн түлшний үйлдвэр байгуулж, мөн тус улсад илрээд байгаа их хэмжээний ураны нөөцийг олборлож, ашиглахад туслана гэж амлажээ. Энэ “тусламжийнх” нь хариуд  Монголчууд газар нутгаа гадны орнуудын цацраг идэвхит хог хаядлыг үүрд хадгалах булш болгон ашиглуулах ёстой гэнэ. Империалист орнуудын үзүүлдэг “Хөгжлийн туслалцаа” гээчийн үнэн нүүр царай энэ. Бушийн засаглалын үед Невадад “цөмийн хаягдлын байгууламж” барихаар төлөвлөсөн байсан ч ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан Обама АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хүчингүй болгосон. Харин Монголын ард түмний эрүүл мэнд, баталгаатай амьдрал Обама, Наото Кан нарт хараажаар сонин биш байгаа бололтой.

Эх сурвалж: http://archiv3.randzone-online.de/?p=10030

Oрчуулсан Т. Туяа, хянасан Оно

orf  Австри улсын ОРФ телевизийн сувгийн  мэдээ.      

    2011-5-10

Цөмийн технологийн наймаа

Японы “Майничи Шимбун” сонины мэдээлснээр Япон улс АНУ-тай хамтран Монгол улсад цөмийн хаягдал хадгалах газар доорх байгууламж барихаар төлөвлөж байна. Энэхүү яриа хэлэлцээр нь гурван улсын хооронд Японы Фукушимагийн АЦСад цөмийн гамшиг гарахаас хагас жилийн өмнө хийгджээ.

Тус хэлэлцээрийг нууцаар хийсэн байна. Энэ санааг хамгийн анх АНУ-ын Эрчим хүчний яамны сайд Даниэл Понэмэн сэдсэн гэх. Гэрээ хэлэлцээрт Японы талаас Эдийн засгийн сайд, АНУ-ын талаас Эрчим хүчний сайд, Монголын талаас Гадаад Хэргийн сайд нар тус тус төлөөлөн оролцжээ.

Төлөвлөгөө ёсоор ашигласан цөмийн түлшийг хадгалахын тулд олон зуун метрийн гүнд зоорь байгуулах шаардлагатай ажээ. Цөмийн хог хаягдлыг хадгалах нь цөмийн салбарын хамгийн ноцтой, тулгамдсан асуудлуудын нэг юм. Одоо хуримтлагдсан цөмийн хаягдал нь ойрын үед хадгалах боломж, хүчин чадлаас хол давсан байна. Манай гариг дээрх АЦС-ын тоо хэмжээ нэмэгдэх тусам хог хаягдлыг нь хадгалах газар, байр савны асуудал улам бүр хурцдаж байгаа аж.

Ураны их хэмжээний нөөцтэй нь тогтоогджээ

“Майничи Шимбун” сонины мэдээлснээр цөмийн хог хаягдал хадгалсных нь хариуд Япон улс АНУ-тай хамтран Монгол улсад АЦС, цөмийн түлшний  үйлдвэр барьж өгөх тэрчлэн уран олборлоход нь туслах санал тавьжээ. Уран нь цөмийн эрчим хүч гаргаж авахад хэрэглэгддэг анхдагч материал бөгөөд Монгол улс ураны их хэмжээний нөөцтэй болох нь тогтоогдоод байгаа юм.

 АНУ цөмийн хаягдлын эцсийн агуулах байгууламж барих боломжгүй гэнэ

Стратегийн талаас нь авч үзвэл АНУ, Япон улс хоёул цөмийн эрчим хүчний салбарт хуримтлуулсан технологийн мэдлэгээ (“know-how”) цөмийн хог хаягдал хадгалах эцсийн булшны үйлчилгээний хамтаар “бөөндөж” зарах, ингэcнээр ОXУ болон Франц улстай энэ чиглэлд өрсөлдөх бодолтой гэсэн таамаглалыг тус сонины газраас дэвшүүлжээ. АНУ нь Жорж Бушийн засаглалын үед Невада муж улсад цөмийн хаягдал булшлах байгууламж барихаар төлөвлөж байсан ч ард иргэдийн эсэргүүцлийн улмаас Бушийн залгамжлагч Барак Обама төслийг зогсоосон ажээ.

Цөмийн хаягдал булшлах xэлэлцээрийг нууц байдалд явуулжээ

Цөмийн хаягдлын гэрээг эсэргүүцсэн дуу хоолой зөвхөн Монголд гараад зогсохгүй нь тодорхой. БНХАУ болон ОХУ ч гэсэн энэ салбар дахь өрсөлдөгчийн хувьд төлөвлөгөөнд саад хийх магадлалтай гэж тус сонины газраас анхааруулсан байна. Тэд Монгол улстай хиллэдэг хөрш орнууд тул өөрсдийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлтэнд зөвшөөрөл өгөх хэрэгтэй болно. Ийм ч учраас уг хэлэлцээр нууц байдалд явагдсан гэж нэрээ хэлэхээс татгалзсан мэдээлэгчийн ярьсаныг тус сониныхон ишилжээ. Үүнээс гадна Фукушимад болсон цөмийн осол, гамшгаас хойш Японы цөмийн салбар шүүмжлэлийн ширүүн галд өртөөд байгаа. Ийм үед цөмийн хог хаягдлаа өөр улсад аваачиж хаях бодлого баримталж байгаа нь олны эгдүүцлийг улам хүргэх нь дамжиггүй.

Байдал хэдийгээр ийм байгаа ч Япон улс цөмийн технологио олон улсад зарж борлуулахыг хөгжлийнхөө гол стратеги гэж үздэг бодлоосоо салж чадахгүй хэвээр байна. Вьетнам улстай наймаалцаад тохирчихсон. Энэтхэг болон Турк улсуудтай төслийн хэмжээнд яриа хэлэлцээр хийгдэж байгаа. Одоогоор мэдэгдээд байгаа сул тал нь Япон улс үйлчлүүлэгчдийнхээ ашигласан түлшний хаягдлыг хүлээн авч хадгалах газаргүйд оршиж байна. Орос, Франц улсуудад бол ийм боломж бий. 2035 он хүртэл Японы газар нутаг дээр “цөмийн хаягдлын булш ” барих төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нэн бэрхшээлтэй” учир Монголд энэ төслөө “хэрэгжүүлэх” талаар яригдаж байгаа билээ.

 Фукушимагаас болж хэлэлцээр удааширчээ

Монгол улс нь геологийн нөхцөл байдлын хувьд цөмийн хог хаягдал булшлахад нэн тохиромжтойгоос гадна төв Азийн энэ улс нь манай гаригийн хүн амын нягтрал хамгийн багатай орнуудын нэг юм. Газар нутаг нь 1,5 сая км2 (бараг 50 хувь нь говь, цөл) буюу Франц улсаас хоёp дахин том газар нутагтай атлаа  Монгол улс 3 хүрэхгүй сая хүн амтай. “Тус улсын ураны нөөц нь 1,5 орчим сая тонн ” гэж тооцоолсон Олон Улсын Атомын Энергийн Газрын мэдээг  “Майничи Шимбун” сонин ишилжээ. Япон болоод АНУ нь Монгол улстай хэлэлцэж, түүхий уран нийлүүлэхээр баталгаажуулж авчээ.

Анхлан 2011 оны 2 сард үзэглэх байсан тус гэрээ Фукушимад гарсан цөмийн ослын улмаас хойшилж, хэзээ гарын үсэг зурагдах нь тодорхойгүй боллоо гэж Японы сонин бичжээ.

Олон мянган жилийн турш хорт цацрагаар шарсаар байх “өв”

Дэлхийн олон улсууд АЦС-аас эрчим хүчний хэрэглээгээ хангадаг болсноос хойш “цацраг идэвхит хог хаягдлаа хэрхэх вэ?” гэдэг асуулт улам бүр хурцаар тавигдах болсон билээ. Жил хагасын өмнө Герман, Франц улсуудын ОХУ руу сэм “экспортолсон” цөмийн хог хаягдлыг зэвэрсэн контейнер дотор, заримдaa бүр ил задгай хадгалж буйг харуулсан мэдээ шуугиан тарьж байсан. Манай гариг дээр хуримтлагдсан цөмийн хог хаягдлын хэмжээ 300 мянган  тонн хүрсэн гэдэг тооцоо бий. Цацрагаар өнө мөнхөд шарсаар байх энэхүү “өв” нь ирээдүйд хүн төрөлхтний тоо томшгүй олон үеийнхий толгойны өвчин болж тэднийг үүрд шаналгах нь.

Эх сурвалж: http://orf.at/stories/2057387/2057389/

Орчуулсан: Т.Туяа & Оно

heise    Германы Хайсэ сонин. 03.07.2011

    Флориан Рөтцэр

Япон улс цөмийн хог хаягдлаа булшлах газар хайж байна

„Westinghouse“-ийн эзэмшигч Тошиба концерн Фукушимагаас үүсч бий болсон цөмийн хог хаягдлыг булшлах байгууламжийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгуулахыг АНУ-аас шахан шаардаж байна.

Цунамид өртсөнөөс болж нэг дор унтарсан 6-н цөмийн реакторын хөргөх усан санд хадгалагдаж буй мянга мянган ашиглагдсан түлш саваануудаа Япон улс хааш нь хийхээ мэдэхгүй хүнд дарамтанд ороод байна.

Японд хог хаягдлаа эцсийн байдлаар хадгалах байгууламж, товчоор хэлбэл „булш“ байхгүйгээс одоогийн байдлаар ашиглагдаж хуучирсан түлштэй саваануудаа атомын цахилгаан станц дотроо хадгалахаас өөp аргагүй болоод байгаа бөгөөд хэрэв хөргүүр унтарвал эдгээp саваанууд  нь цаашид ч аюултай хэвээр байна гэдэгт гол асуудал оршиж байгаа юм.

“Тэпко” компаний ярьж байгаагаар бол цаашид хүрээлэн буй орчныг цацраг идэвхит бодисооp нэмж бохирдохоос хамгаалахын тулд юуны түрүүнд цөмийн реакторyyдыг хөргөх усан сантай нь хамт майхан маягийн зүйлээр бүтээх хэрэгтэй байгаа юм байна. Гэхдээ одоогийн байдлаар энэ ажлыг хийхээсээ илүү цацрагт идэвхит бодисооp хордсон усыг ундны болон далай усaнд оруулахгүй байхын төлөө тэмцэж байна.  Далайн уснаас соруулан авч цөмийн реакторyyдыг хөргөхөд хэрэглэсэн 100.000 гаруй тонн цацрагт бохирдсон ус цөмийн цахилгаан станцад хуримтлагдаад байгаа бөгөөд эдгээрийг цэвэрлэх төхөөрөмж эвдэрчихээд байгаа нь нэмж хүндрэл учруулж байна. Уг төхөөрөмжийг ажилд орууллаа ч гэсэн шүүсэн материалаа хаашaa хийх нь бас тодорхой бус юм.

2006 онд тухайн үеийн Америкийн цөмийн концерн болох Westinghouse-ийг Их Британи улсын British Nuclear Plc. цөмийн концернooс худалдан авсан дэлхийн хамгийн том цөмийн концерн болох “Тошиба” нь Японд одоогоор цөмийн хог хаягдлын “булш” барих боломжгүй гэж үзэж байгаа аж. Фукушимагийн эвдэрч гэмтсэн ус буцалгах хөдөлгүүрийг Westinghouse зохион бүтээсэн юм байна. Тошиба концерн Америкийн засгийн газрыг Монголд даруй цөмийн хаягдлын булш барихыг шахан шаардаж байгаa. Энэ талаар Япон, АНУ болон Монгол улс аль хэдийн Comprehensive Fuel Supply -ийн хүрээнд хэлэлцээр хийсэн байна. Мөн АНУ-ын Yucca Mountains-д нэн даруй цөмийн хаягдлын булш  барихaap төлөвлөсөн төлөвлөгөө нь бүтэxгүй болсон гэнэ.

5 сард Тошибагийн тэргүүн Норио Сазаки АНУ-ын байгаль орчны яамны дэд сайд Даниел Пөүнмэнд  энэхүү төлөвлөгөөгөө түргэвчлүүлнэ үү гэсэн утгатай захидал илгээжээ.

Тэрбээр “атомын цахилгаан станц барьдаг улсууд, Монголоос нийлүүлсэн ураныг авч хэрэглээд, хэрэглэсэн түлшээ Монголд буцаагаад өгч болох юм” гэсэн санааг гаргасан аж. Ингэснээр цөмийн энергийн сэргэн мандалтын үе эхэлж далиманд нь АНУ болон Япон улсууд цөмийн хаягдлаа далд оруулаад авах аятай боломж гарч байна гэж үзсэн байна. Мөн түүнчлэн атомын цахилгаан станц ажиллуулах сонирхолтой улсууд цаашид өөрийн нутагтаа уран баяжуулах шаардлагагүй болно гэж тооцоолжээ.

Монгол улс хэдийгээр уран нийлүүлэлтээс ашиг олж болохоор байгаа ч Фукушимад гарсан осол гамшгийн дараа газар нутгаа хогийн цэг болгох хүсэлгүй байгаа нь тодорхой. Тэгээд ч цөмийн хаягдлын тээвэрлэлт Орос юмуу Хятадын газар нутаг дээгүүр дамжин өнгөрөх ба үүнийг зөвшөөрөх эсэх талаар одоо болтол ярьж шийдсэн юм алга байна. Герман улс ч бас цөмийн хог хаягдлаа Фукушимад булшлахыг санаархаж байсан ч энэ бүтэхгүй мөрөөдөл гэдэг нь ойлгомжтой боллоо.

Фукушимагийн ослоос хойш Японы цөмийн технологид үл итгэх байдал дэлхийн улс орнуудад газар авч байна. Тиймээс ч Йордан, Орос, Өмнөд Солонгос Вьетнам зэрэг улсууд Япон улстай байгуулсан гэрээ хэлэлцээртээ эргэлзэж эхлээд байгаа. Япончууд атомын цахилгаан станцдаа итгэх итгэл алдраад байгаа энэ үед явж явж өнөө Тэпко концерн 40 жил ажиллаaд 2012 онд ашиглалтын хугацаа нь дуусч байгаа Михамагийн хуучин атомын цахилгаан станцын хуучин гэрээг дахин 10 жилээр сунгахыг зорьж байна. Энэ хооронд Фукушимагийн ойр орчмын далайн уснаас 34 хоногийн хагас задралын хугацаатай Тэллэр (литр тутамд 720 Becquerel) гэдэг бодис олдоод байна. Энэ нь өөр газар дахин цооролт үүссэн болохын нэг илрэл боловч Тэпко үүнийг үгүйсгэж байгаа юм.

Эх сурвалж: http://www.heise.de/tp/artikel/35/35048/1.html

Oрчуулсан А.Ариунаа, хянасан Оно

 logo-kyodo-news-final-copy            Кёодо Hьюс, 2011 оны 7 сарын 18

“Цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ” санаачлагын хүрээнд байгуулсан

хамтарсан гэрээний агуулга

“Цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ” санаачлагын хүрээнд Монгол, Япон, АНУ гурван улсын засгийн газрын байгуулсан хамтарсан гэрээний эх хувилбарын агуулгыг тоймловол:
• Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд тулгарч буй сорилтыг даван туулахын тулд олон улсын хэмжээнд цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах үйл явцыг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
• 2010 онд зохион байгуулагдсан “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ (NPT)”-г дахин хэлэлцэх хурлаас гаргасан зөвлөмж буюу “Цөмийн түлшний циклийн улс дамнасан олон талт арга хэмжээ”-г боловсруулан хэрэгжүүлэхэд анхаарах
• Цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэнээр цөмийн энергийн хэрэглээг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх
• Бизнесийн зорилгоор цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ үзүүлэх санаачлагтай холбогдуулан тогтмол хугацаанд уулзалт, хэлэлцээр өрнүүлж, үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлэх
• Цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээний санаачлагыг олон нийтийн зүгээс эсэргүүцэж болзошгүйг харгалзан хариу арга хэмжээний талаар судлах
• Хаягдал түлшний агуулах барихтай холбогдуулан Монголд технологийн туслалцаа үзүүлж, чадавхжуулах асуудлыг ОУ-ын Энергийн газартай хэлэлцэх
• АНУ-ын дэмжлэгтэйгээр Цөмийн энергийн улмаас үүсч болзошгүй хохирлыг барагдуулах тухай гэрээ (CSC)-г үндэслэн цөмийн энергийн нөхөн төлбөртэй холбоотой олон улсын бүтэц тогтолцоог бий болгож цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээнд оролцогч улс орнууд нэгдэн орохыг хөхүүлэн дэмжих

Орчуулсан Р. Гэгээн

үргэлжлэл бий…

Голомт ЦЭХ -ийн орчуулгын баг

Advertisements


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s