Ураны цацрагаас мал хордсон нь тогтоогдож, малчдыг яаралтай нүүлгэх шийдвэр гарчээ.

2013-3-25 ны “Үнэн” сонинд гарсан нийтлэлийг танд бүрэн эхээр нь хүргэж байна.

unen

March 25th, 2013

Хагас жил гаруй хугацаанд уран олборлолтоос мал хордож үхсэн, үхээгүй хэмээн муур хулгана болж тоглогсдын эцсийн дүгнэлт гарч, цацраг идэвхт бодисоор мал хордсон болохыг нийслэлийн Мал эмнэлэг үржлийн газар энэ сарын 18-нд олон нийтэд дэлгэсэн билээ. Үүний мөрөөр манай сонины сурвалжлах баг Дорноговь аймгийн Улаанбадрах, Сайншанд сумын Зүүнбаян багт очиж цацраг идэвхт ураны хайгуулын лицензтэй “Кожеговь” ХХК-ийн хайгуулын анги болон зүй бусаар малаа хорогдуулсан малчидтай уулзлаа.

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн 19 шүдлэн үхэр, ингэ ботго, ямаа гээд цөөнгүй малаа үхүүлсэн Сайншанд сумын Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэн биднийг очиход нэлээд бухимдалтай байсан юм. Учир нь 50 гаруй жил эл нутагтаа мал хариулж, аж төрж амьдрахдаа ийнхүү мал сүрэг нь олноороо үхэж, хорогдож байсан удаагүй гэнэ. Мөн биднийг очих өдөр аймгийн Мал эмнэлгийн газраас нэн яаралтай нүүх шийдвэр илрүүлсэн нь бухимдах шалтгаан болжээ. Арга ч үгүй биз. Мал ид төллөж буй хавар цагт тохь тухтай хороо бууцнаасаа хаашаа ч нүүх билээ.

5

Улсын сайн малчин Д.Норсүрэнгийнд ойр орчмын малчид, Зүүнбаян багийн Засаг дарга Ш.Эрдэнэчимэг, Улаанбадрах сумын Засаг дарга Б.Ганзориг нар ч ирсэн байлаа.

Цугларсан малчид үхэр, бяруу үхээд зогсохгүй, сүүлийн үед ямаа олноороо халуурч үхэж байгаа тухай халаглан ярьцгаав. Үхсэн ямааны уушиг бүхэлдээ хар толбо үүсч, хавантсан шинжтэй байх. Түүнчлэн бараг л хугацаандаа төллөж буй хурга, ишиг үсгүй, амьгүй төрөх байдал газар авсан гэх /Үхсэн үсгүй ишиг үзүүлэв/. Бөгсөн бие нь хөгжилгүй байнгын хэвтэрт байдаг ишиг, ботготой ч таарлаа.

6

Ийнхүү Улаанбадрах сумын малчдын мал хээл хаяж, гажиг төл цөөнгүй гарсан нь энэ нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Францын “Арева” группын охин компани “Кожеговь” компанийн цацраг идэвхт ураны хайгуулын улмаас болсон гэх хардлага малчдад төрсөн байна.

Олноо хар мөртэй хэмээн алдаршсан Францын “Areva”-ын салбар компани болох “Кожеговь” нь Монголд үйл ажиллагаагаа явуулаад 15 жил болжээ. Үүнээс сүүлийн 7-8 жил Сайншанд сумын Зүүнбаян багт ураны хайгуул хийж, нөөц тогтоох нэрийдлээр аль хэдийнэ уран олборлож эхэлжээ. Одоогоор уг компанийн хайгуулын анги Зүүнбаян багийн Хонгорын шар дов гэдэг газарт байрлаж байна. Тус компанийн хайгуулын ангийн дарга Г.Түвшинтулга “Одоохондоо ажил эхлэх арай болоогүй байна. Бидэнд эцсийн дүгнэлт ирээгүй учраас мэдэхгүй байна. Бид Цөмийн энергийн газрын шийдвэрийг л хүлээж авна. Бусад нь бидэнд хамаагүй. Манай компани туршилт хийж байгаа. Одоогоор 2000 гаруй тонн уран олборлож дээжийг гадаад, дотоодын компаниудаар шинжлүүлсэн. Ердөө 42 грамм шар нунтаг гаргаж авсан” гэв. Анхандаа ямар ч уран олборлоогүй туршилт хийж байгаа хэмээн мэлзэж байсан уг компанийхан хэдэн тонноор нь уран олборлоод хадгалчихсан байна. Тэр ч бүү хэл Засгийн газартай олборлолтын гэрээ хийхээр хайгуул, нөөцийн гүйцэтгэлээ хүргүүлчихсэн хүлээж суугаа аж. Малчид мал үхэж эхэлснээс хойш аймаг, нийслэлийн Мал эмнэлэг үржлийн газар, Цөмийн энергийн газарт хандаж тус компанийн үйл ажиллагаа явуулж буй хөрснөөс зургаан удаа, уснаас хоёр удаа шинжилгээ авсан байна. Аймгийн мал эмнэлгийн газар эхлээд кальцийн дутагдал, сүүлдээ вирусын гаралтай өвчин хэмээх дүгнэлт гаргаж малд вакцин хийжээ. Гэтэл тусыг эс олж үхэр, ямаа нэг өдөр халуураад л маргааш нь үхдэг байна. Иймд Цөмийн энергийн газарт хандахад байцаагчид нь очиж байдалтай танилцаад “Ямар ч цацрагийн нөлөөгүй хэмээн” мэдэгдсэн гэнэ. Харин нийслэлийн Мал эмнэлгийн газрын төв лабораторид хийсэн шинжилгээгээр уран олборлох явцад илэрдэг хоёр төрлийн хүнд металл байна гэдгийг тогтоосон. Үүнийг олон нийтэд шууд дэлгэсэн нь учир дутагдалтай, манайх л эцсийн дүгнэлтийг гаргах байсан хэмээн Цөмийн энергийн газар нийслэлийн Мал эмнэлэг, үржлийн газрыг дарамтах болжээ.

4

Иймд үнэн бодит дүгнэлт гарчихаад байхад маргааш нь дарамт шахалтад орсон Мал эмнэлэг үржлийн газрын дарга Х.Ганзориг уг дүгнэлтийг үгүйсгэж, хариу гарах болоогүй хэмээн мэдэгдсэн. Гэвч хэргийг даравч дардайна, булавч бултайна гэдгийн адил тухайн мөчид Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллаж уг хэрэг сөхөгджээ. Гамшгийн төвшинд яригдаж буй Улаанбадрах сум, Зүүнбаян багийн малчид “Таны тэр хоргүй, ашиг тустай хэмээн хэлээд байсан уранаас болоод олон малаа үхүүллээ” хэмээн малчид ёстой л нэг бөмбөгдөж өгсөн байна. Сайдыг ирэхтэй зэрэгцээд Мал эмнэлэг, үржлийн газрын дарга Х.Ганзориг ч нийслэлээс очсон байж.

Шинжээчдийн хэлснээр эцсийн дүгнэлтийг Ганзориг даргад өгч явуулсан гэж мэдэгджээ. Иймээс малчин Д.Норсүрэн эцсийн дүгнэлтийг авахыг хүсэхэд “Малчдад өгөх шаардлагагүй. Өгөх ч ёсгүй. Албаныханд эхлээд танилцуулна” хэмээн Х.Ганзориг дарга омогджээ. Ингээд арга мухардсан малчид байгаа байдлыг Ерөнхий сайдын чихэнд хүргэсэн байна. Тухайн мөчид Ерөнхий сайдын өөрийнх нь сурталчлаад байдаг уран гай тарьсан байж болзошгүй тул гомдол гаргасан иргэдтэй тусгайлан цаг болзож гуравдугаар сарын 12-ны шөнийн 11.00 цагийн үед малчин Д.Норсүрэн, Засаг дарга Ш.Эрдэнэчимэг нарыг хүлээн авч уулзжээ. Энэ үед Д.Норсүрэн аймгийн мал эмнэлэгт ирсэн ураны цацрагт хордсон гэх шинжээчдийн дүгнэлтийг Ерөнхий сайдад танилцуулсан байна. Үүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзээд “Дөрөвдүгээр сарын 10-ны дотор шийдвэрлэнэ. Зайлшгүй анхааралдаа авах асуудал байна. Хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно” гэж мэдэгджээ. Харин Х.Ганзориг даргад хатуухан “банга” хүртээсэн гэх. Ямартаа ч Ерөнхий сайдын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан шар нунтаг олборлох ажил эхнээсээ азгүйтэж эхэллээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хуруун шилтэй уран бариад ямар ч хоргүй, хоолондоо хийгээд идсэн ч хордохгүй хэмээн сурталчилж байсан нь саяхан. Тэгэхээр өнөөх мундаг шинжээч, судлаачид нь дүгнэлтээ төөрөгдүүлээд байсан нь үүнтэй холбоотой ч байж болох. Нутгийн иргэдийг аргалчихна гэж бодсон бол инээд хүрмээр, нууж хаасныг нь бодохоор дургүй ч хүрмээр. Байгаль орчин, буянт малаа шүтэж амьдардаг малчны нүдэн дээр мал нь татаж, халуурч байгаад үхэхэд сандарсан малчин төр, засагтаа хандахаас ч яах билээ. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирсэн даруйдаа байгаль орчин, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж нэлээд сандрангуй ажиллаж байгаа сурагтай.

3

Хаягдал шавар хамгаалалтгүй байлаа 
“Кожеговь” ХХК-ийн уран олборлолтоос ялгарсан шавар асгадаг талбайд очлоо. Нутгийн иргэд уг талбайг “Шаврын оршуулга” хэмээн егөөддөг юм байна. Нэлээд том талбайд овоолгож асгасан шар шороо байна. Учрыг лавлавал хамгийн аюултай хаягдал нь энэ аж. Гэтэл эргэн тойрон хашаа хамгаалалт гэх юм алга. Өндөр нь 50 см хэртэй шонгуудад туниа муутай нарийхан төмөр утас татсан нь зарим хэсэгтээ тасарч унаад задгай байж байх. Харамсалтай нь уг хаягдлын талбайгаас малчдын ундны ус хоёрхон километрийн цаана байрладаг аж. Түүнчлэн Дорноговь аймагтаа л томоохонд тооцогдох Баянбулаг хэмээх өвөлдөө ч хөлддөггүй гол хаяанд нь урсч байна. Ийм л эрсдэлтэй малын бэлчээрт хог хаягдлаа асгачихаад юу ч болоогүй мэт байх нь эрхгүй сэтгэл эмзэглүүлнэ. Малчин Д.Норсүрэнгийн бяруунууд голоос ус уугаад уг талбайн ойролцоо бэлчээрт удаа дараа гарсныг эзэд нь татаж авчээ. Шаврын хашаа хамгаалалт гэж бараг байхгүй болохоор мал дотор нь орсон байхыг үгүйсгэх аргагүй. Биднийг очиход хүрээлж татсан торонд малын үс, ноос наалдсан нь үүнийг гэрчилнэ. Ийм онцгой бүс яагаад хамгаалалт муу байгааг “Кожеговь”-ийн хайгуулын ангийн дарга Г.Түвшинтулгаас асуухад “Хаягдал шавар асгасан хамгаалалтын хашаа чанарын шаардлага хангахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ жилдээ багтаж шинэ хашаа барина” гэж үүргээ ухамсарласан царай гаргаж зогсох нь малчдыг басамжилж буй ч юм шиг. Тэрбээр уг шаврын талбайгаас ураны агууламж байх ёстой хэмжээнээс 30 дахин их гарсныг ч хүлээн зөвшөөрсөн юм.

2

Баримт
Дорноговь аймагт хамгийн сүүлд ирсэн албан бичигт юу гэж дурдсаныг өгүүлье.

“Үхсэн, задлан хийсэн тугал, хүнсний зориулалтаар нядалсан адууны эрхтэнд бий болсон эмгэг өөрчлөлт нь гол төлөв цуллаг эрхтэн болох уушги, бөөр, зүрх, элэг дэлүү, тархи нугас, тунгалгийн зангилаа, ясны эдүүдэд цацраг болон малын элементийн ужиг явцтай хордлогын үед илэрдэг эмгэг өөрчлөлттэй дүйж байна. Тухайлбал, цахилгаан соронзон цацраг, гамма цацрагийн хар тугалга, стронций, уран, тори, зэс, цайр зэрэг хүнд элементэд хордсон үед эд, эрхтэнд цэгэн болон голомтолсон цус харвалт, судасны үрэвсэл болсноос цус тогтонгошил үүсэх эсийн төвшинд үхжил, эсийн бөөгнөрөл, /pykkotic/, задрал / karyorrthexis/, эсүүдийн олшролт, тэдгээрийн гэмтэл тод ажиглагдаж буй нь үүнийг гэрчилж байна. Судлаачдын судалгаа, туршилтын дүнгээс үзэхэд уран, тори, ради, радон нь гамма цацраг ялгаруулахаас гадна байнга альфа, бетта, цацраг ялгаруулдаг бөгөөд эдгээр нь мал амьтны эд эсийн төвшинд эргэлт буцалтгүй эмгэг өөрчлөлт үүсгэх аюултай болохыг тогтоосон байна. Иймд ураны хайгуул хийх явцад буй болсон хаягдал шаврыг харуул хамгаалалтгүй ил задгай орхисноос малчин Д.Норсүрэнгийн тугалнууд цацрагийн болон хүнд металын ужиг явцтай хордлого авч тэдгээрээс 20 гаруй тугал үхэж хорогдсонд “Кожеговь” компани буруутай болох нь дээр дурдсан шинжилгээ, судалгааны үр дүн, малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүдийн мэдүүлгээс тодорхой байна. Иймээс малчин Д.Норсүрэнгийн учирсан хохирлыг “Кожеговь” компаниар нөхөн төлүүлэхийг холбогдох хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэжээ.

Иймд уран болон газрын тосны хайгуул, шинжилгээ, олборлолт явуулж буй газар нутаг, хайгуул өрөмдлөгийн цэгүүд, өрөмдлөгийн шаврын цэг хаягдлын цэгүүдэд байнгын цацрагийн хяналт хийж баталгаажуулах, тэдгээрт мал амьтан ойртуулахгүй хашаа хамгаалалт хийх, харуул хамгаалалттай болгож мэргэжлийн хяналтын байгууллага, байгаль орчны хяналтын холбогдох байгууллага, мэргэжилтнүүд онцгой анхаарч ажиллах хяналт, сорилын дүнг малчид олон нийтэд мэдээлж байх. Дүгнэлт гаргасан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн, Монгол Улсын зөвлөх эмч Д.Батцэнгэл, Улсын Мал эмнэлгийн Ариун цэврийн төв лабораторийн / УМЭАЦТЛ/ Тасгийн дарга, эмгэг судлаач С.Цэрэнчимэд, Улсын Мал эмнэлгийн Ариун цэврийн төв лабораторийн /УМЭАЦТЛ/ биохимич П.Оюунсүрэн, танилцсан УМЭАЦТЛ-ийн захирал Х.Ганзориг, ерөнхий эмч, дэд захирал С.Сугар” гэжээ.

1

Мэдээлэл гэнэт задрах болсон шалтгаан юу байв 
Муур, хулгана болж тоглож байтал мэдээлэл гэнэт задрах шалтгаан юу байв. Албаныхан хэн нэгний лоббид автаж нуун дарчихаад эргүүлээд задлах шалтгаан дахин үүсэв үү, аль асвэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн айлчлалын үеэр худал мэдээлэл өгч болохгүй гэж үзсэн үү ямартай ч үнэн мэдээлэл ил тод болсон нь энэ. Уг нь Ерөнхий сайд иргэдтэй уулзах уулзалтын үеэр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын “Кожеговь” компанийн ураны олборлолттой холбоотой асуудал тавиг дахад ураны асуудлаархи Засгийн газрын байр суурь зөвхөн шар нунтаг баяжуулах хүртэл ажил хийхийг бодлогоор тодорхойлсон гэж хэлжээ. Ураны хог хаягдал булшлах асуудал ердөө байхгүй, байгаль дээр байгаа хүдрээс ураныг ялгаж авах л ажил байгаа юм. Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт атомын цахилгаан станц барих тухай заалт байсан, одоо ийм асуудал байхгүй. Уран олборлох асуудал дээр бид орон нутгийн иргэдтэй ойлголцохгүйгээр шар нунтаг гаргаж аваад заавал зарна гэдэг асуудлаар ярихгүй. Бидэнтэй ураны асуудлыг хариуцсан хүмүүс хамт явж байгаа. Би тэдэнд мал үхсэн шалтгааныг даруй олох ёстой. Хэрэв уранаас болсон юм бол нарийн тогтоох ёстой шүү гэж хэлсэн” хэмжээжээ. Эндээс иргэдэд Ерөнхий сайдад энэ асуудлаархи үнэн бодит мэдээлэл одоог хүртэл ирээгүй юм байна гэх бодол төржээ. Ерөнхий сайд цааш хэлэхдээ хортой нь тогтоогдвол бид уран олборлоно гэж зүтгэхгүй. Тэгэхээр иргэдийнхээ санаа оноог юун түрүүнд сонсоно. Нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд ажиллах ёстой гэж байр сууриа илэрхийлжээ.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Эх сурвалж: http://www.unen.mn/content/20638.shtml

Advertisements

7 Comments on “Ураны цацрагаас мал хордсон нь тогтоогдож, малчдыг яаралтай нүүлгэх шийдвэр гарчээ.”

  1. Ард says:

    Францийн Арева компанийг хөөж гаргая !!!
    Монголд Ураны хөтөлбөрүүдийг зогооё !!!
    ЦЭГ-ыг татан буулгая !!!

    Монголын Төр, Засаг Ураны олборлолтонд улайрч, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Дулаан Уул-д туршилт нэрээр нууцаар олборлолт явуулж байсан нь, тэр нь “туйлийн аюултай, хариуцлагагүй технологитой” нь нотлогдлоо. “Гамшиг үүсгэж эхэлсэн Ураны хайгуул ба олборлолтыг зогсоох, Уурхайн орчмын нутаг дэвсгэрийг аюулгүй болгоход хөрөнгө зарахыг ЗГ хичээсэнгүй. Харин төрсөн нутгийг нь шалтаглан булаахын тулд Малчдыг хүйтний улирлыг үл харгалзан Индиан адил хөөж эхэллээ” гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

    “Бид бүгдийг хянаж чадаж байгаа. Ямар ч аюулгүй” гэж удаа дараа сүржигнэн мэдэгдэж байсан ЦЭГ-ийн дарга Тэгшбаярын хариуцлагагүй үйл ажиллагааны хариуцлагыг өөр хүнд тохоож, ЦЭГ-ийг хаацайлж байгаа нь зохисгүй үйлдэл мөн.

  2. sa says:

    зиа Oюутолгой гээд Өмнөгөвь будаа болсон одоо Дундговь цаашлаад 1, 1-ээрээ явж өгөх нь дээ. яадын билээ хаана очиж амьдрана даа бид

  3. eegii says:

    аревагийнхан шар нунтаг гаргаад зараад эхэлчихсэн бол удахгүй баяжуулсан ураныг атомын цахилгаан станцад шатаачихаад тэр хэдэн мянга дахин хортой гээд байгаа цөмийн хаягдлаа олон улсын конвенцийн дагуу танайх хадгалах ёстой гээд тулгаад эхэлнэ дээ. Ядаж байхад манайд тэрийг нь хадгалах найдвартай авдар бий билүү. Одоогоор миний сонссон зүйл бол тийм агуулах дэлхийд ч байхгүй.

  4. delgermaa says:

    цөмийн реактор, гадныхны цөмийн хог хаягдал ярихаа больё гэхэд, одоо бий болж байгаа цацрагт шар шороог ил задгай, ундны усны ойр байлгаж байгаа нь гамшиг биш үү?

  5. mongol hun says:

    яана даа монголчууд минэ арай ч дээ хэлэх ч үг алга алт ухаад хэдэн голын минь амийг тасдсан одоо уран хайсан хумуус эх оронд минь амьдрах боломжгуй болголоо доо тэр Тувшинтулга гэсэн новшнуудыг буудах хэрэгтэй. Монголоос зайлуулаачээ наадуулаа ямар хэцүү юм бэ уул усаа ухаж яах гээд байгаам бэ ухахгуй бол өлсөж ухэх гээд байна уу

  6. Nanzad says:

    Кожеговь туршилтын журмаар 2700 орчим тонн уран олборлосон нь үнэн. Энэ нь шар нунтаг биш бөгөөд одоогоор ион солилцооны давирхайд наалдуулан авсан байдлаар ЦЭГ-ын тавьсан шаардлага, стандартын дагуу харуул хамгаалалт бүхий тусгай байранд хадгалж байгаа. дээр уран олборлолтоос ялгарсан шавар гэжээ. Энэ нь цооног өрөмдөх явцал гарсан шавар бөгөөд ямар ч өрмийн машин ямар ч ашигт малтмал дээр өрөмлөг хийсэн ялгаагүй л гардаг шавар юм. Уг компаний хайгуулийн ангиас хэдэн км-ийн зайд Баянбулаг гэх гэзэр байдаг бөгөөд энэ нь гол бус жижиг булаг юм. Өвөл нь хөлдөх бөгөөд гол болон урсаж чаддаггүй элс хөрсөндөө шингэдэг жижиг булаг болно.

  7. Nanzdad says:

    *** л даа чи Нанзад аааа
    Тэгвэл мал яагаад юунд хордож үхсэн юм бэ????

    Хариулт:

    Нанзадынхаар бол мал амиа хорлосон байх, магад Малид болж байгаа дайныг эсэргүүцсэндээ ч юм уу эсвэл Ертөнцийн эзэнтэй уулзахаар яарсандаа биз. kkk


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s