Монголыг Фүкүшима болгох гэж үү?

Цөмийн эсрэг үзэлтэй нэгэн Япон хүнээс ирүүлсэн нийтлэлийг хэл найруулгын бага зэрэг  засвартайгаар та бүхэнд толилуулж байна.  Минохара Жоо танд баярлалаа.

Амарлин

Бичсэн Минохара Жоо

Хянан тохиолдуулсан Амарлин

1. Монголд ЦЦС (Цөмийн цахилгаан станц) барих нь

Япончууд Монголд цөмийн цахилгаан станц барихаар төлөвлөж байна. Өнөөг хүртэл цөмийн ослын хорт үр дагаврыг ч бүрэн дүүрэн арилгаж амжаагүй, Фүкүшимагийн дэлбэрсэн ЦЦС-ын цацраг идэвхт бодис дэлхий даяар тархсан хэвээр атал Тошиба, Мицубишигийн аль нэг нь алдаа дутагдалтай цөмийн технологиоо ашиглан Монголд ЦЦС барьж магадгүй болжээ.

Өнгөрөгч 3-р сард Монгол улсын ерөнхий сайд С.Батболд 3-р сарын 11-ний гамшиг тохиолдсон өдрийг тааруулан Япон улсад албан ёсны аялчлал хийсэн билээ. Тэрбээр айлчлалынхаа өмнө хэвлэл мэдээлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Японы засгийн газартай цөмийн эрчим хүч хөгжүүлэх хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ” гэж ярьсан.

Айлчлалын үеэр ерөнхий сайд С.Батболд Монголд уран олборлож буй Арева компанийн (Дорноговь аймагт уран олборлож цацрагт идэвхит бодис болон хүчилд бохирдсон усыг газрын гүн рүү шахаж, гол мөрнийг цацрагаар бохирдуулж байгаа компани)  түнш Мицүбиши худалдааны корпорацийн ерөнхий захирал Кобаяашитай уулзсан байна. Хачирхалтай нь айлчлалын дараа гарсан хоёр орны засгийн газрын албан ёсны мэдэгдэлд цөмийн салбарт хамтын ажиллах талаар ганц ч үг дурдсангүй. Үүний учрыг  3-р сарын 11-ний гамшгаас хойш  хоёр улсад цөмийн эсрэг хөдөлгөөн хүчтэй өрнөсөн тул ийнхүү нуун далдалж байгаа хэмээн таамаглахаас өөр аргагүй байна.

Монгол улсын Засгийн газраас 2020 онд анхныхаа ЦЦС-ыг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн бөгөөд 2013 оноос барилгын ажил эхлэх магадлал өндөр байна. Нэг ЦЦС барихад 300-500 тэрбум иен (2012.05.15-ны өдрийн ханшаар 3 тэрбум 753 саяас — 6 тэрбум 256 сая америк доллар) шаардагддаг. Асар их мөнгөөр баригдах ЦЦС чухам хэнд хэрэгтэй вэ?

2. Монголыг цөмийн хаягдлын хогийн сав болгох нь

Япон, АНУ, Монгол гурван улс “ашигласан цөмийн түлш”-нийхээ хаягдлыг монголын нутагт булшлах зорилготой олон улсын байгууламж барих төлөвлөгөөг 2010 оны 9-р сараас нууцаар боловсруулсан гэж японы “Майничи”сонин олон нийтэд мэдээлсэн (2011 оны 5-р сарын 9-ний нийтлэл).  Тус мэдээний монгол орчуулга нь тэр даруйдаа Монголын өдөр тутмын сонинд нийтлэгдэж, улмаар Фэйсбүкээр дамжуулан цөмийн эсрэг хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн ба тус  хөдөлгөөн одоо ч гэсэн үргэлжилсэн хэвээр. Цөмийн эрчим хүчний нууц бодлого явуулж буй хоёр орны Засгийн газрын зүгээс буюу Монгол улсын Гадаад явдлын яамны сайд Г. Занданшатар болон тухайн үед Япон улсаас Монгол улсад сууж байсан элчин сайд Кидокоро нар дээрх хөдөлгөөнийхэн болон ЦЦС-ыг эсэргүүцэгч нарт хандаж тус мэдээг үгүйсгэсэн мэдэгдэл хийцгээсэн. Түүнээс гадна, Шинжлэх ухааны академийн Б. Чадраа зэрэг “мэргэжилтнүүд” болон О.Чулуунбат зэрэг цөмийн энергийг дэмжигч УИХ-ын гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЦЦС аюулгүй гэсэн уриатай кампанит ажил явуулсан билээ. Мөн 2011 оны 9-р сарын 9-нд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглов” гэсэн зарлиг буулгаж, мөн сарын 22-нд НҮБ-ын индэрээс “Монгол улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдлыг байршуулахгүй гэдгийг онцлон хэлье” гэж зарласан явдал нь Монголд өрнөж байсан цөмийн эсрэг хөдөлгөөнд сөргөөр нөлөөлсөн. Үр дүнд нь монголд цөмийн хаягдал булшлах асуудал замхарч, цөмийн эсрэг хөдөлгөөн болон түүнтэй холбогдох яриа нэг хэсэгтээ намжсан юм.

Үнэн хэрэгтээ эрх баригчид яриаг зөвхөн гадаадын цөмийн хаягдлын асуудалд хандуулж байсан бөгөөд монголын ураныг гадаадад экспортоор гаргаж хаягдал болсных нь дараа эргүүлж авах зорилготой Comprehensive Fuel Services (CFS) буюу “Түлшний бүх талын үйлчилгээ”-ний талаар огт дурдалгүй өнгөрч чадсан. Тэгвэл CFS гэж юу вэ? Энэ бол Монголд олборлосон уранаар Японд цөмийн түлш үйлдвэрлэж, тэр түлшийг Солонгосын  ЦЦС-д хэрэглэсэн тохиолдолд хаягдлыг нь “Монголоос гаралтай цөмийн хаягдал” гэж нэрлээд Монгол эргүүлэн хүлээж авах үйлчилгээг хэлж байгаа юм.

Монгол улсын Засгийн газрын эрх бүхий хүмүүс “гадаадын цөмийн хаягдлыг Монголд оруулахыг хуулиар хориглосон” гэж олон дахин ярьдаг боловч энэ нь ичгүүр сонжуургүй худал зүйл юм. Учир нь хуулийн хориглосон заалтууд нь 2009 онд бүрмөсөн хасагдсан бөгөөд өнөөдрийн мөрдөж буй хууль журмын дагуу гадаадын цөмийн хаягдлыг Монголд оруулах бүрэн боломжтой юм.

3. ЦЦС-ыг тойрсон Мянгуужингийн үлгэр

Фүкүшимагийн ЦЦС-ын гамшгаас хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Аливаад амгалан ханддаг япон хүмүүс анх ЦЦС барьж эхэлсэн үеэс авахуулаад цөмийн гамшиг тохиох хүртэлх мэдээ мэдээллүүд нь худал хуурмагийн далай байсныг одоо л бага багаар ойлгож  эхэлж байна. Монгол улсад ЦЦС барих тухай мэдээ ч мөн адил. Олон зууны туршид байгаль орчинтойгоо зохицон амьдарч ирсэн хөдөөний малчдад ЦЦС-ын тухай үнэн зөв мэдээлэл өгвөл яавч чимээгүй суух учиргүй. Эрх баригчид мэдээллийг хялбархнаар гуйвуулж, нуун дарагдуулж чаддагийг 70 жилийн туршид хэвлэл мэдээлэл нь төрийн хяналтанд байсан ар монголчууд ч, Хятадын ганц намын дарангуйллын системд амьдрагч өвөр монголчууд ч андахгүй сайн мэдэх буй заа.

(1) “ЦЦС аюулгүй”

Үнэхээр аюулгүй юм бол их хэмжээний эрчим хүч хэрэглэдэг Токио, Осака мэт том хотуудад ЦЦС яагаад барихгүй байна вэ? Аюулгүй юм бол Монгол улсын хувьд нийт хүн амын тал нь төвлөрсөн Улаанбаатар хотод барих нь эдийн засгийн хувьд хамгийн зүйтэй шийдэл болж таарна биз дээ. Аюулгүй байдлын улмаас Японд ЦЦС-ыг  томхон хотуудад  барихыг хуулиар хориглосон байдаг. Тиймээс орон нутгийн хүн ам сийрэг, амь зуух эх үүсвэр муутай ядуу хот тосгодод улсын төсвөөс маш их хэмжээний мөнгө хуваарилж, хариуд нь ЦЦС барьж, цөмийн хаягдал хүлээн авахыг тулган шахсаар ирсэн түүхтэй. Үүнийг зэрэгцээ зар сурталчилгаанд асар их мөнгө цацаж  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд худалдан авч, алдартай жүжигчдийг хөлслөн “ЦЦС-ын аюулгүй гэдэг үлгэр зохиож ард иргэдийн толгойг эргүүлж ирсэн түүхтэй. Харин одоо монголчуудад мөнгөн тусламж олгож,  “хамгийн сүүлийн үеийн” технологи гэдэг өгөөш хаяад, далиманд нь ЦЦС байгуулахын хамт өөрсдөө шийдэж чадахгүй байгаа цөмийн хог хаягдлаа монголчуудад шахах гэж байна.

ЦЦС-ын хор хөнөөлийн талаар Украины Чернобыльд тохиолдсон эмгэнэлт явдлын тухай мэдээ материалаас олж мэдэж болно. Чернобылээс 2 мянга гаруй км зайд орших Английн баруун хойд хэсгийн  малын фермүүдийг одоо хэр нь хонины махаа зах зээлд нийлүүлэх хориотой байдаг гэсэн мэдээ саяхны сонинд нийтлэгдсэн юм. Учир нь Чернобылийн станц дэлбэрэхэд цацагдсан цезий-137 гэгч бодис газрын хөрсөнд гүн нэвчиж, гүний ус, бэлчээрээр дамжин  хонь малыг өнөөг хүртэл хайр найргүй хордуулсар байна гэнэ. Цацраг идэвхийн аюулын талаар Казахстаны Семипалатинск хот орчимд олон жилийн туршид цөмийн туршилт хийснээс үүдсэн эмгэнэлт явдал, хор хохирлын тухай баримт мэдээг олж уншиж болно. Ураныг  олборлох, баяжуулах, задалж цахилгаан гаргах зэрэг үйлдвэрлэлийн үе шат бүрт  цөмийн хаягдал ялгардаг бөгөөд тэр их хаягдлыг хоргүйжүүлэх технологийг өнөөдрийг хүртэл бүтээж  чадаагүй төдийгүй цаашид ч чадахгүй гэж эрдэмтэд үзэж байна. Хөгжингүй орнуудын хувьд өнөөг хүртэл хуримтлуулсан асар их хэмжээний цөмийн хаягдлаа газрын гүн дэх байгууламжинд 100 мянгаас нэг сая жил булшилж хадгалахаас өөр арга зам байхгүй. ЦЦС ажиллуулж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ  гэдэг нь бид хэрээс хэтэрсэн хэрэглээ, тансаг амьдрынхаа үнэ хөлсийг ирээдүй хойч үеийнхэндээ аймшигт өр болгон өвлүүлж буйтай ижил юм.

(2) “ЦЦС байгаль орчинд халгүй”

ЦЦС-д шаталт явагддаггүй учир цахилгаан үйлдвэрлэхэд нүүрс хүчил ялгардаггүй. Гэвч уг сэдвийг хөндөж ярихдаа уран олборлох, хувиргах, баяжуулах, тээвэрлэх, ЦЦС барих зэрэг ЦЦС-тай дам холбоотой бүхий л үе шатанд асар их хэмжээний нүүрс хүчил ялгардгийг огт дурдалгүй өнгөрдөг. Түүнчлэн ЦЦС-ыг ажиллуулах, бохирдсон цөмийн реакторыг задлах, цацрагт идэвхит бодисыг мөнхөд булшлах явцад асар их хэмжээний эрчим хүч шаардагддаг. Хамгийн чухал нь ЦЦС-д осол гэмтэл гарвал агаар, ус, хөрсийг бохирдуулж, хүнсний бүх бүтээгдэхүүнийг хордуулж, хүний эрүүл мэндэд урт удаан хугацаагаар үргэлжлэх хэлж баршгүй сөрөг нөлөө үзүүлдэг. Фүкүшимагийн ард иргэд хичнээн их зовж буйг төсөөлж хэлэхийн аргагүй, сэтгэл зүрхээр мэдэрч болно.

(3) “ЦЦС-ын цахилгаан нь хямдхан”

“1 грамм уран-235-аас 3 тонн чулуун нүүрс, 2,000 литр газрын тостой тэнцэхүйц хэмжээний эрчи хүч гардаг” гэж цөмийн энергийг дэмжигчид ярих дуртай. Даанч байгалийн ураны зөвхөн 0.7%-ийг л уран-235 эзэлдэг юм. Тиймээс түүнийг гаргаж авахын тулд асар их хэмжээний эрчим хүч зарцуулан баяжуулах шаардлагатай. Түүнчлэн ЦЦС-ыг барихад асар өндөр зардалтай. ЦЦС барьсан орон нутгийн засаг захиргаа болон ард иргэдэд олгох мөнгөн тэтгэмж, цацраг идэвхит хаягдлыг хаях, цөмийн реакторыг задалж буулгах, “ашигласан цөмийн түлшийг” дахин боловсруулах, ЦЦС-ын дэмжигч усан цахилгаан станц хажууд нь барих зэрэг нэмэлт зардал их. Дээрээс нь ямар нэг асуудал гарвал станцын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах зардал, хохирогсдод төлөх нөхөн төлбөрийн мөнгийг ч бас нэмэх хэрэгтэй. Хамгийн хачирхалтай нь энд дурьдсан асар их зардлыг ЦЦС-ын эдийн засгийн тооцоог гаргахад хэзээ ч оруулдаггүй байна.

 

4. Юуны өмнө үнэнийг олж мэдье

ЦЦС-ын бодит байдлын тухай дээр өгүүлсэн. Өнөөдөр Мoнголын ард иргэдээс үнэн зөв мэдээллийг нуун дарагдуулсан хэвээр төдийгүй “Цөмийн түлшний бүх талын үйлчилгээг” (CFS) хэрэгжүүлэх болон ЦЦС байгуулах төлөвлөгөө шат дараалан урагшилж байна. Монгол улсыг цөмийн аюулаас хамгаалахын тулд юуны өмнө үнэн зөв мэдээлэлтэй байж, бодит байдлыг сайтар судалж мэдэх нь чухал. Та бүхэн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс Монголын цөмийн хөтөлбөртэй холбоотой чухал мэдээг цаг тухайд нь орчуулан нийтэлж олны хүртээл болгож буй golomt.org вебсайтад орж сонирхоно уу. Мөн мэдээллийг япон хэлээр түгээн дэлгэрүүлдэг bayartai.com сайт ч бас шинээр нээгдсэн. Монгол улсын ирээдүйн хувь заяа хутганы ирмэг дээр байгааг аль болох олон монголчууд мөн Монголыг сонирхогч япон хүмүүст хүргэх нь чухал байна.  Фэйсбүкт “Anti Nuclear Movement Mongolia” бүлэг байгуулагдсан бөгөөд  цөмийн аюулыг таниулах зургийн үзэсгэлэн, цуглаан жагсаалыг бор зүрхээрээ дэлхийн олон оронд зохион байгуулж байгаа юм. Цөмийн аюулыг олон хүмүүст мэдэгдэж “Цөмийн түлшний бүх талын үйлчилгээ” болон ЦЦС-д “үгүй” хэмээн хэлж, эрс эсэргүүцье!

Advertisements

5 Comments on “Монголыг Фүкүшима болгох гэж үү?”

  1. cddddd says:

    Хувьсгал хийх л үлдлээ. Монголд хаях цөмийн хаягдлын нүхийг нь хүртэл ухчихсан гэж дуулдсан

  2. mnhh says:

    Монголд уран олборлож бгаа гээд ТВ9 оор гарсан мэдээ юу болж бгаан бол

    • Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт Аревагийн охин компани Кожеговь уран олборлож байгаа. Анти Нуклеар Мүвментийн цөөн гишүүн саяхан тийшээ яваад ирсэн. Ингэхдээ ТВ-9 -ийн сэтгүүүлч Бүжинлхам болон зураглаач нарын зардлыг дааж авч явсан. Бид Дорноговийн аялалын талаар удахгүй тайлан бичиж танилцуулах болно. Мөн тус аялалын зургуудаас тавина.

  3. Turuu says:

    За за монгол улс газрын хөрснөөс арчигдах юм байна л дээ. Улсын төрийнхөн дор бүрнээ асар их авилга авсан байна л даа . Аваагүй байсан бол үр хүүхдээ бодоод эсэргүүцэх байсан маш их мөнгө авжээ янз нь. Ер нь мафи маягийн ажиллагаа болж дээ. Хэрэв тийм бол Ард тумэн та нарийн утсан амийг чинь тасар татан хаях болно. Та нар дэлхийн өмнөөс Монгол ард тумнийг золиосолох гэж бна. Нэн дариу үүнийгээ зогсоохгүй бол ард түмэн үр хүүхдийнхээ өмнөөс та нарыг золиослох болно авилгачдаа

  4. asd123 says:

    Манайд хаягдал булах нь тодорхой болчихсон юм бна л даа. Энэ нөхөр ингэж яриж бх юм. http://society.time.mn/content/13917.shtml


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s