26 жилийн дараа буюу Чернобылийн шарх анисан уу?

Орчуулсан: Мигаа Могод

Чернобылийн цөмийн ослын нийгэм, эдийн засгийн үр дагавар

Гейгерийн хэмжигч цацрагийн түвшин хэвийн хэмжээнээс 37 дахин өндөр байгааг заасаар атал энэ залуу эмэгтэй Чернобылийн АЦС-ын осолдсон 4-р реакторын бүрхэвчний зургийг авахаар зогсоно. 2010 оны 9 сарын 16. Зургийг: Геня Савилов.

Чернобылийн осол нь Украины нийгэм, эдийн засагт хүчтэй цохилт үзүүлсэн. Нэн ялангуяа xөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, ойн аж ахуй, усны аж ахуй зэрэг эдийн засгийн чухал салбаруудад хүнд туссан. Тухайлбал, ослын дараа цацрагт хордсон бүс нутгуудад хөдөө аж ахуйн олон хамтралын үйл ажиллагаа зогсчээ. Үлдсэн аж ахуйн нэгжүүд нь ажилчин, мэргэжилтэн ховордож, ялангуяа залуучууд олноороо нүүж одсон тул хүн хүчний хомсдлоос болж хаалгаа барьжээ.

Энэ бүгдийн улмаас Украинд ажилгүйдэл нэмэгдэж, амьжиргааны түвшин дордож, гэр бүл, нийгмийн амьдрал, нэн ялангуяа өсвөр насныханд сөргөөр нөлөөлсөн. Нийгмийн халамж, боловсролын тогтолцоо нь хоцрогдсон, улсаас үзүүлж буй татаас тусламж хангалтгүй байсан тул хүнд байдлыг засч сайжруулах боломж бололцоо тааруу байв.

Ослын дараа ЗХУ ба  Украинаас авсан арга хэмжээ

Хохирлын бодит хэмжээний талаар эх сурвалжуудад янз янзын тоо баримт дурддаг.  1990 онд “Правда” сонинд ослын дараах 4 жилд 9,2 тэрбум рубль зарцуулсан гэж бичиж байв. Зөвхөн осолдсон  цөмийн реакторт гэхэд л 80-100 сая рубль зарцуулсан байдаг. Тухайн үед ЗХУ ард иргэдээ цацрагийн аюулаас хамгаалах шаардлагатай бүх арга хэмжээг авсан бол илүү их хөрөнгө  зарцуулах байсан. Гэвч ард иргэдийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлээгүй, тэднийг цацрагийн хордлогогүй  эрүүл хүнсээр хангахад хөрөнгө зарцуулаагүй юм. Тэр байтугай, цацрагт хүчтэй хордсон газрын ургацыг устгалгүй хүнсэнд хэрэглэж байсан. Ингэхдээ багахан хэмжээний мах, сүү устгаж, бусад бүтээгдхүүнийг хүнсэнд хэрэглэжээ.

ЗХУ-ад ингэх хэд хэдэн учир шалтгаан байжээ.  Hэгдүгээрт, ослын аюулыг гайгүй мэтээр гадаадын улс орнуудад ойлгуулах, ард иргэдийг тайвшруулах оролдлоготой холбоотой байсан. Мөн цацрагаар хордсон бүх малын махыг устгавал аюулын жинхэнэ цар хүрээ бусдад ил болж мэдэгдэхээс болгоомжилж байв. Тухайн үеийн улс орны эдийн засгийн  байдал ч төдийлэн сайн байгаагүй. Тиймээс цацрагт хордсон  махыг хордоогүй махтай хольж ЗХУ-ын хязгаар нутгууд руу явуулжээ. Хувиараа тариа ногоо тарьдаг тариаланчдыг ургацаа бусдад зарахыг хориглож, улс худалдаж авч байв. Харин дараа нь тэр ургацыг социализмын үеийн ханган нийлүүлэх бүтцээр дамжуулан худалдаалжээ.

Иргэд болoн мал сүргийг нүүлгэн шилжүүлснээр ургацын хэмжээ багассан. Иймд ослын дарааx жилүүдэд цацрагт хордсон газарт тариа, хүнсний ногоо тариалж, маш их хэмжээний хордсон хүнс худалдаанд гаргaжээ.

Үнэн мэдээлэл хүмүүсийн дунд тархаж эхэлснээр 1989 онд Зөвлөлтийн засгийн газраас цацрагт хордсон бүс нутгийн хүн амд туслах хөтөлбөр боловсруулжээ. Тус хөтөлбөрт цацрагт өндөр хэмжээгээр хордсон орон нутгийн иргэдэд нөхөн төлбөр олгох, тэднийг цацрагаар хордоогүй хоол хүнсээр хангах, нүүлгэж шилжүүлэх зэрэг асуудал багтсан байна.

Харин сүүлийн хорь гаруй жилийн турш Украин улс ослын үр дагаврыг арилгахад шаардлагатай санхүүгийн ачааг дангаараа үүрсээр ирсэн бөгөөд өнөөг хүртэл жил бүр улсын төсвийнхөө 5 хувийг зарцуулсаар байна. Зөвхөн 1991-2000 онуудад гэхэд ослын үр дагаварыг арилгах арга хэмжээнд 6 тэрбум доллар зарлагджээ. Цөмийн ослын үр дагавартай олон салбарууд тэмцэж буйн дотор эрүүл мэндийн салбар тэргүүлдэг.

Украины мэргэжилтнүүдийн тооцоолсноор ослын учруулсан гарз хохирлын тооцоо 2115 он гэхэд 201 тэрбум долларт хүрэх ажээ. Харьцуулвал, 2001 онд Украин улсын ДНБ 201,927 тэрбум доллар байжээ.
Xүн амын эрүүл мэндэд үзүүлсэн Чернобылийн ослын хорт нөлөө: ОУАЭГ-ын  байр суурь ба бусад эх сурвалжууд

Хүн амын өвчлөлт , түүний цацрагтай холбогдолтой эсэх сэдвээр эрдэмтэд маргалдсаар ирсэн. Зүүн, барууны эрдэмтэд хоорондоо маргахаас авахуулаад тухайн осол болсон газар нутгийн эрдэмтэд ч хоорондоо санал зөрөлддөг. Ер нь эрдэмтэд мэргэжилтнүүд үзэл бодлоор нэгдэх нь цөмийн салбарын эдийн засаг, улс төрийн ашиг сонирхолд нийцдэггүйг бодолцох хэрэгтэй юм.

Цөмийн эрчим хүчийг дэмжигч талууд нь Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн (ОУАЭA) дэмжлэгтэйгээр Чернобылийн ослын үр дагаварыг аль болгох бууруулж, хор хөнөөл багатай мэтээр тайлбарлаж, заримдаа бүр үгүйсгэх ч явдал тохиолддог.  Үүний нэг жишээ бол Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ОУАЭГ, Европын Холбооноос гаргасан бичиг баримт. Түүнд “Чернобылийн ослоос болж  1986 онд 28 хүн, 1996 онд нэмж 14 хүн цацрагаар хордож нас барсан” гэж дурьдсан байдаг.

Энэ тоо бол ОУАЭГ-aac гаргасан тоо юм. Тэгвэл бусад олон эх сурвалжуудад Чернобылийн ослын үр дагаварааc болж олон мянган хүн нас барсан гэдэг.  Oсoлд 3.5 сая хүн амтай Украины хүн амын 84 хувь нь шууд нэрвэгдсэн, тэдний дотор 1 сая гаруй хүүхэд байсан. Ослын хор хөнөөлийг арилгасан 336 мянган ликвидаторын 92 хувь нь ямар нэг өвчтэй болсон бa 25 мянган ликвидатор залуу нас баржээ. Өнөөдөр 1,3 сая хүүхдэд эмчийн байнгын хяналт шаардлагатай байна. Oслын дараа Украины хүн амын жил тутмын нас баралт эрс өсч, 90 мянган хүн тахир дутуу болж, бамбай булчирхайн хавдрын өвчлөл хэд дахин нэмэгдсэн. Тэр байтугай, Чернобылийн  цөмийн ослын улмаас цаашид 340- 475 мянган хүн хорт хавдраар амь насаа алдах тооцоо гарсан байна.

Хүн амын өвчлөлт

Ослын улмаас хэр их цацраг алдагдсан болоод тэрхүү цацрагийн улмаас ард иргэд эрүүл мэндээрээ хэрхэн хохирсон тухай мэдээлэл харилцан адилгүй байна.

Статистикээс үзвэл цусны эргэлтийн, уушиг, амьсгалын замын, мэдрэлийн, ходоод шулуун гэдэсний болон хэвлий түрүү булчирхайн өвчлөлүүд хамгийн элбэг тохиолддог ажээ. Ямартаа ч ослын дараагаар хүүхдүүдийн дунд бамбай булчирхайн хавдар огцом өссөнийг бүх талууд хүлээн зөвшөөрдөг. Бамбай булчирхай бол хүний дааврын  үйл ажиллагааг  зохицуулдаг чухал эрхтэн бөгөөд түүний үйл ажиллагаанд йод онцгой үүрэгтэй. Хэрэв осол гарснаас хойшхи 48  цагийн дотор багтан осолд нэрвэгсдэд йодын бэлдмэл уулгасан бол бамбай булчирхай йодоор бүрэн хангагдаж, цацраг идэвхит йод хуримтлуулахгүй байх байсан бөгөөд бамбайн хавдраас сэргийлж чадах байсан.

Харамсалтай нь йодын бэлдмэлийг  хэзээ хойно хагас дутуу тараасан тул хүмүүсийг аюулт өвчнөөс хамгаалж чадаагүй билээ. Цацраг идэвхт йодын үйлчилгээний улмаас бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, улмаар хүний бүх биеийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Хэрвээ бамбай булчирхайгаа мэс заслын аргаар авахуулвал, насан туршдаа нэмэлт дааврын бүтээгдэхүүн хэрэглэдэг журамтай аж. Гэвч энэ эм ч гэсэн Чернобылийн осолд нэрвэгдсдэд тэр бүр олддоггүй ажээ.

Өнөөгийн хүн амын байдал

Өвчлөлтийн тоо яг хэд вэ гэдэг асуудал дээр маргаж байх зуур олон нийтийн эрүүл мэндийн  асуудал анхаарлаас гадуур орхигдож байна. Судалгааны дүнгээс харахад ард иргэдийн дунд толгой өвдөх, хамраас цус гарах, сульдаж ядрах, анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй болох, даралт өндөрсөх гэх мэт өвчний шинж тэмдгүүд ихээр илэрдэг аж. Багш нар хүүхдүүд зааж буй зүйлийг хүлээж авах чадвар муудсан тул сургалтын төлөвлөгөөний дагуу хичээл заах боломжгүй болсон тухай мэдээлж байна. Эдгээр шинж тэмдэг  нь цацрагтай шууд хамаатай байх хам шинж тэмдгүүд юм.

Түүнээс гадна цацрагаар хордсон нутагт оршин сууж буй хүмүүс өөрсдийн ирээдүй, эрүүл мэндийн төлөө, үр хүүхдийнхээ төлөө гэсэн байнгын айдастай амьдардаг. Тус нутагт ихэнхдээ өөрсдийн хүнсний хэрэгцээгээ хангах ногооны талбайтай, цөөн тооны  үхэр малтай айлууд амьдардаг. Тэдний ногоон талбайн цацрагийн хордолтын хэмжээ одоо ч өндөр. Цацраг хүний нүдэнд харагддаггүй, дээрээс нь нутгийн ард иргэд мэдээлэл муутай байдаг тул олон хүн цацрагийн хордлоготой хүнс хэрэглэсээр ирсэн.

Удаан хугацааны явцад хүний эрүүл мэндэд  үзүүлэх үр нөлөө, хор хохирол нь асар их. Хүн амын дунд ходоодны хорт хавдар, бамбай булчирхайн хорт хавдар, цусны хорт хавдарын өвчлөл эрс нэмэгдсэн. Ялангуяа өсвөр үеийнхэн хамгийн эмзэг байдаг ажээ. Дээрээс нь цацрагаас айх айдас тэдний сэтгэл зүй, эрүүл мэндэд нөлөөлдөг. Oрон нутгийн нийгэм, эдийн засгийн хүндхэн байдал, оршин сууж буй таагүй орчин,  сэтгэл санааны стресс дарамт нэрмэснээр ирээдүйдээ итгэлгүй, байнгын айдаст баригдсан өсвөр үеийнхэн өсч хүмүүжиж байна.

Эх сурвалж:

Жулиан Каварэро, Базелийн Их Сургууль, Швейцарь, Бүтээлийн нэр: Чернобылийн атомын цахилгаан станцын ослын ард иргэдэд үзүүлсэн нөлөө

Украины Чернобылийн ослын талаарх Яамны албан баримт. 07/ 2002

Advertisements

One Comment on “26 жилийн дараа буюу Чернобылийн шарх анисан уу?”

  1. duuree says:

    аймшигтай юм аа


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s