Цөмийн аюулын эсрэг жагсагчдыг засаг дарга бүртгэхээс татгалзаж, цагдаа, тагнуулынхан сүрдүүлэн дарамталжээ

Өчигдөр, 3 сарын 11-нд, Фукушимагийн гамшгийн нэг жилийн ойг тохиолдуулан Фэйсбүкийн Anti Nuclear Movement of Mongolia (Анти Нуклеар Мүвмент) бүлгийн цөмийн аюулыг эсэргүүцэгч залуус Монголд анх удаа багт жагсаал зохион байгууллаа.  Тэд энэ өдрийг гамшигт хохирогсдод хүндэтгэл үзүүлэхийн сацуу  Чернобыль, Фукушимад тохиолдсон цөмийн ослын тухай олон нийтэд дахин сануулж, ийм эмгэнэлт явдал Монгол улсад давтагдах вий хэмээн сэрэмжлүүлэг өгөхөөр цугларчээ.

            Цацрагийн хор хөнөөлийг амсч мэдэрсэн хүн төрөлхтөн байгаль орчин, хүний эрүүл мэндэд жинхэнээсээ ээлтэй, аюул осолгүй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг сонгож, дэлхийн олон улс цөмийн эрчим хүчнээс татгалзаж буй өнөө үед  Монголын төр засгаас АЦС барьж, уран олборлох бодлого явуулж буйг жагсагчид эсэргүүцэн буруушаасан байна.  Нэн ялангуяа Монголын ураныг олборлож, АЦС барьж, “цөмийн түлш зээлдүүлэх” нэрээр халхавчлан гадны улсуудын хэрэглэсэн цөмийн түлшнийхээ хаягдлыг Монголд эргүүлэн булшлахыг санаархаж буйг тэд тууштай эсэргүүцэж, харийнханд үйлчилсэн харалган бодлого Монгол улсыг мөхөөх аюултай гэж АНМ бүлэг мэдэгдээд, цөмийн эсрэг тэмцэлд Монгол хүн бүрийг нэгдэхийг уриаллаа.

Ерөнхий сайд С. Батболд 3 сарын 10-15-ны өдрүүдэд АЦС барих гэрээ байгуулахаар Япон улсад айлчилж байгаа нь тэдний тэмцлийг улам эрчимжүүлжээ. Хэдийгээр засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас үүнийг үгүйсгэсэн ч, энэ талаар ерөнхий сайд 2 сарын 17-нд Монголд хүрэлцэн ирсэн Киодо сонины сурвалжлагчид ярьсан бөгөөд Фукушимагийн ослоос сургамж авсан япончуудтай цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллана хэмээн мэдэгджээ. Ерөнхий сайдын ярилцлага Японы Киодо Ньюс төдийгүй, Майничи, Жапан Tаймс зэрэг нэр хүнд бүхий хэвлэлүүдээр цацагдсан билээ.

Жагсаалд оролцогчдод “V for Vendetta” баг тараасан нь төр засгийн дарангуйллийг эсэргүүцэн эрх чөлөөний төлөө тэмцэгч хувь хүний билэгдэл бөгөөд тус багийг  дэлхийн 80 гаруй орныг хамарсан “Эзэлцгээе” (“Occupy”) хөдөлгөөнийхөн, Викилийксийнхэн зүүж жагсдаг юм байна.

Жагсаалд ирсэн 100 гаруй иргэд уриа лоозонгоо барьсаар талбайг тойрч алхацгаажээ. Анхлан  Сеулын гудмаар уруудаж явган хүний замаар цуварч алхах төлөвлөгөөтэй байсан боловч Сүхбаатар дүүргийн засаг дарга Б. Баярмагнай “ням гаригийн өглөө жагсвал замын түгжрэл үүсгэж, ард иргэдийг бухимдуулна” гэсэн хачирхалтай шалтгаанаар тэдний жагсаалыг бүртгэхээс татгалзсан аж. Угтаа засаг дарга Ням гаригийн 11 цагаас ард иргэд ажилдаа яаран явцгаана гэж итгэдэг төдийгүй зам хөндлөн гарахдаа ногоон гэрлээp гардаг тухай ойлголт маруухан нэгэн бололтой.

Харин жагсаал зохион байгуулж байх үеэр “оролцогчдын аюулгүй байдлыг хангах” нэрийдлээр хошууч Л. Амармөрөнгийн удирдсан дүүргийн цагдаа нар болон энгийн хувцас өмссөн тагнуулын албаныхан хүч нэмэгдүүлэн ирсэн байна. Тэд жагсаалыг эрт тараах, жагсагчдыг дагуулж гудамжаар явахгүй байхыг зандчин шаардаж, жагсаал зохион байгуулагчдыг удаа дараа дарамтлан сүрдүүлжээ.  Тагнуулын гэсэн энгийн хувцастай хар машинтай хүмүүс ирж, жагсаал зохион байгуулагчдыг цагдаагийн путкэнд дуудан авчирч байцаагаад, элдвээр дарамтлахыг оролдсон гэсэн мэдээ байна. Түүнчлэн тагнуулын албаныхан дахин ингэж жагсахаа боль, лекц уншиж бай гэх мэтийн тушаангуй зөвлөгөө өгчээ.

Ийнхүү эх орон, улс нийгмийнхээ эрх ашгийн төлөө, ирээдүй хойчийн төлөө энгийн тайван жагсаал хийх гэсэн жагсагчдад эрх баригчид саад хийхээр элдэв арга саам хайж, тэднийг сүрдүүлж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нь бүдүүлгээр халдаж байсан нь АЦС барьж, гадны цөмийн хаягдлыг  оруулахаар эрх баригчид чармайж буйн дахин нэг нотолгоо боллоо. Цөмийн Энергийн Газрын дарга асан С. Энхбат ч засгийн газрын нэр бүхий гишүүд Монголд цөмийн хаягдал булшлахаар нууц хэлэлцээр хийснийг саяхны ярилцлагууддаа батлан ярьсан байгаа. Үнэхээр  ард иргэдийг айлган сүрдүүлж, тэдний түнэр харанхүйд байлгах нь хулгайчид л хамгийн ашигтай байдаг гэдэг билээ. 

Фэйсбүкийн АНМ бүлэг нь дэлхийн олон улсад тархан суугаа Монголчуудыгаа цөмийн аюулын эсрэг нэгтгэх зорилготойгоор 2011 оны 6 сард байгуулагдсан эх оронч шударга иргэдийн сайн дурын холбоо юм. АНМ бүлэг нь аль нэг улс төрийн нам, хөдөлгөөнтэй холбоогүй, зөвхөн Монгол улсын эрх ашиг, аюулгүй байдлыг дээдлэгч, эрх оронч оюунлаг хүмүүсийн нэгдэл мөн.

АНМ бүлгийн гишүүд нь Монгол болон АНУ, Герман, Англи, Бразил, Япон, Солонгос, Австри, Швейцар, Австрали зэрэг орнуудад сурч, ажилладаг.  Дашрамд хэлэхэд тус жагсаалын санхүүжилтийг улс төрчид, нам, хөдөлгөөн, пүүс компаниас бус зөвхөн гадаад, дотоодод амьдарч буй гишүүд, дэмжигчдийнхээ тусламжтайгаар цуглуулсан бөгөөд АНМ бүлгийнхэн тайлангаа Фэйсбүк дээр ил тод тавьж буй ажээ.

Өнгөрсөн хугацаанд АНМ бүлэг нь ард иргэгдэд АЦС, цөмийн аюулын тухай бодитой, үнэн зөв мэдээлэл хүргэхэд онцлон анхаарч ирсэн . Анх  Хирошимагийн ойн өдрөөр “100 мянган цаасан шувуу” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулсaн. Түүнээс хойш АНУ-ын дэд ерөнхийлөгчийг Монголд айлчлахад эсэргүүцлийн жагсаалд оролцож, цацрагийн хор хөнөөл, цөмийн аюулыг илчилсэн арваад баримтат киног гадаад хэлнээс орчуулж, үзэгчдэд хүргэсэн байна.

Түүнчлэн АНМ бүлгийн гадаадад суугаа гишүүд нь Лос Анжелес хотод удаа дараа Монголд цөмийн хаягдал булшлахын эсрэг жагсаал хийж, Монголчууддаа мэдээ мэдээлэл тарааж, санал асуулга авч, АНУ-ын ерөнхийлөгч болон Японы засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Мөн Лондон, Женев дэх гишүүд нь гадаадад суугаа Монголчуудад зориулсан мэдээллийн ширээ ажиллуулжээ.

Тус бүлгийнхэн  http://golomt.org сайтаараа дамжуулан Монголд цөмийн хаягдал булшлах нууц гэрээг дэлгэж, Дорнодын талыг Солонгосчуудад зарсан, хоол хүнсний аюулгүй байдлын тухай ноцтой мэдээллүүдийг нотолгоо баримтаар дэлгэн тавьж, олны анхаарлыг татаж байсан билээ.

            Цаашид цөмийн эсрэг хөдөлгөөнийхөн хот хөдөөгийн орчин суугчдад цацрагийн хор хөнөөлийн тухай мэдээ хүргэх ажлаа үргэлжлүүхийн зэрэгцээ мэргэжлийн түвшинд цацрагийн  хэмжилт хийж, төр засгийн үйл ажилллагаанд тавих иргэдийн хараа хяналтыг дээшлүүлэхийг дэмжиж ажиллах ажээ.

 

 

 

Мэдээлэл бэлтгэсэн Амарлин


4 Comments on “Цөмийн аюулын эсрэг жагсагчдыг засаг дарга бүртгэхээс татгалзаж, цагдаа, тагнуулынхан сүрдүүлэн дарамталжээ”

  1. Ard says:

    Сүхбаатар дүүргийн засаг дарга Б. Баярмагнай ард түмний сэтгэгдлийг ҮЛ ОЙШООХ байдал гаргаж, ард түмний цагдааг түүний эсрэг ажиллуулахыг хичээсэн байна. Тийм этгээдүүдийг дараагийн сонгуулиар цэвэрлэх шаардлагатай шүү…

  2. Mongol huu says:

    Монголд хаагуур хилээр цθмийн хаягдал оруулах гэсэн зарим нэг энэ тэндээс харсан мэдээлэлээ хуваацвал дорнодын тамсагийн талаас хятадаас тθмθр замаар оруулах гэж яригдаж байгаа юм болов уу. Хятад улс одоогоор 21 АЦС тэй. Ирээдvйд 120 орчимтой болно гэж байгаа юм байна. Тэдний хувьд ч хаягдалаа хаана хийх вэ гэж бодож суугаа. Бидний мэдээлэл хэр их байна тθдий хэрээр

  3. Mongol huu says:

    тэмцэлд хэрэгтэй. Сайд дарга нар энэ цθмийн асуудалыг дарж нууцлах болсон. Хэнээс мэдээлэл олох вэ.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s