Хятадууд тоглолтод оролцож эхэлснээр Америкчууд цөмийн хаягдлаа булшлах газартай болохоор шyргуу хөөцөлдөх болжээ
Posted: 2011/12/25 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Mainichi Shimbun | Tags: Ноцтой 3 CommentsThe Mainichi Daily News сониноос орчуулав (2011-12-14)
Эх сурвалж: http://mdn.mainichi.jp/features/news/20111214p2a00m0na013000c.html
Дэлхий нийт плутони бүхий цөмийн түлшний хаягдлыг дахин боловсруулах арга туршлагаас татгалзаж эхэлсэн хэдий ч цөмийн хаягдал агуулах байгууламжийн асуудал шийдэгдээгүй хэвээр үлджээ. Олон улсын цөмийн хаягдлыг Австралид булшлах төлөвлөгөө бүтэлгүйтсэний дараахан ураны нөөц ихтэй, далайд гарцгүй Монголд дээрх байгууламжийг барихаар АНУ ба Япон улсууд гэрээ хэлэлцээр хийж эхэлсэн билээ.
Ингэхдээ АНУ нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудалд голчлон анхаарч байсан бол Япон улсын хувьд цөмийн эрчим хүч үйлдвэрлэх технологио экспортлох үндэсний бодлогоо хэрэгжүүлэхийн сацуу цөмийн хаягдал түлшээ далд оруулах улс орныг эрэлхийлж байжээ.
Өнгөрсөн 9 дүгээр сард ажлаа хүлээлгэн өгсөн Монголын ГХЯ-ны тусгай үүрэгт төлөөлөгч Агваанлувсангийн Ундраа гэгч цөмийн хаягдал агуулах байгууламжийг Монголын говь дахь ураны уурхайн дэргэд барихаар төлөвлөсөн хэмээн Улаанбаатар хотод 4 дүгээр сард айлчилсан сэтгүүлчдэд ярьжээ. Ундраа цааш нь ярихдаа ирээдүйд Монгол улс цөмийн түлшнийхээ экспортыг нэмэгдүүлэхийн тулд цөмийн хаягдал түлш авч хадгална гэжээ. Энэ аргыг “цөмийн түлш зээлдүүлэх” гэх бөгөөд Япон, Америкийн технологиор барьсан үйлдвэрт Монголчууд уранаараа цөмийн түлш үйлдвэрлэж, экспортлоод, эргүүлэн гадаадаас цөмийн хаягдал түлшийг нь авахыг хэлдэг.
АНУ-ын Эрчим Хүчний Яамны дэд сайд Даниел Понеманаар ахлуулсан ажлын хэсгийнхэн [Монголчуудыг] цөмийн зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотой асуудал хэмээн айж бэргэх вий гэж болгоомжилж байжээ. Тиймээс Ундраа болон бусад албаны хүмүүст Тайвань, Өмнөд Солонгост ихээхэн хэмжээгээр хуримтлагдсан цөмийн хаягдал түлшийг Монголд байршуулах төлөвлөгөө танилцуулжээ . АНУ-ын албаны хүмүүс цааш нь тайлбарлахдаа Японы Аомори мужид байрлах Роккашо хэмээх цөмийн хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн дэргэдэх түр хадгалах агуулах дотор буй цөмийн хаягдлыг авахаар зөвшөөрөх юм бол [Монголд] цөмийн хаягдал хадгалах байгууламж байгуулж, үйл ажиллагааг нь хянаж байх санхүүжилт гаргаж болно гэж ярьжээ. Япон улс үгүйсгэсээр байгаа хэдий ч цөмийн хаягдал хадгалах байгууламж барих хөрөнгө санхүүжилтийг Японы тал гаргана гэдгийг хэлэлцээрийн эхний үе шатанд Америкчууд Монголчуудад тайлбарласан аж.
2011 оны 2 дугаар сарын 3 ба 4-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотод Монгол улсын тухай гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэл ажил хийгдэж, Япон улсыг төлөөлөн тус улсын Эдийн засаг, Xудалдаа, Үйлдвэрлэлийн дэд сайд асан, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын зөвлөх Харуфуми Мочизуки очжээ. Тэрбээр тухайн үед Японы ерөнхий сайдын албан тушaaлыг хашиж байсан Наото Каны албанд цөмийн эрчим хүч үйлдвэрлэх технологийн экспортын асуудлыг хариуцдаг байжээ. Түүнчлэн эл бизнест оролцохоор төлөвлөж байсан Японы цөмийн реактор үйлдвэрлэгч Тошиба корпорац ч бас эхний өдрийн ажил хэргийн уулзалт ярилцлагад оролцсон байна.
Гэвч яриа хэлэлцээрээс гадуур орхигдсон байсан Японы Гадаад Хэргийн Яам асуудалд гэнэт оролцож, тодорхойгүй зүйл олон байна гэсэн тул гэрээнд гарын үсэг зурах явдлыг хойшлуулжээ. Харин дараахан нь буюу 3 дугаар сарын 11-нд Япон улс 9.0 магнитудийн хүчтэй газар хөдлөлт, цунамид өртөж, улмаар Фукушима дахь 1-р АЦС дээр осол гарч, үр дагавар нь өнөөг хүртэл үргэлжилсээр буй тул цөмийн хаягдал булшлах байгууламжийн тухай гэрээ хэлэлцээр хойшлогджээ.
Дээрх төлөвлөгөөний тухай Майничи Шимбун сонин анхлан 5 дугаар сард бичсэний дараа Монголд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, 9 дүгээр сард Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж энэ асуудлаар гэрээ хэлэлцээр хийхийг хориглосноор тус төлөвлөгөө дуусгавар болгожээ.
“Цөмийн түлш зээлдүүлэх” тогтолцооны хүрээнд цөмийн хаягдал булшлах байгууламж барих тухай асуудлыг анхааралтай ажиглаж байсан өөр нэг улс бол Хятад юм. Тус улс нь 10 жилийн дараа гэхэд АЦС ашиглалтаараа АНУ-ын дараа орох хүчирхэг гүрэн болох төлөвтэй байгаа ажээ.
“Ирээдүйд Хятад Орос хоёр олон улын цөмийн эрчим хүчний зах зээлд ноёрхож болзошгүй” гэж Японы Цөмийн Энергийн Комиссийн түшмэл Акира Омото ярьсан юм.
2006 онд Тошиба группын салбар, АНУ-д байрладаг Вестингхаус Электрик (Westinghouse Electric Co.,) компани нь АЦС экспортлох гэрээ байгуулсны шанд АР1000- маягийн шинэ реакторын технологийн нууцаа Хятадуудад задалжээ. Улмаас Хятадууд өөрсдийн СР1000 реактораа бүтээсэн ба 2014 оноос эхлэн экспортолж эхлэх төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн Хятадууд өндөр түвшний цацраг идэвхт хаягдлаа Монголын хил орчимд буюу Гансу мужийн говийн элсэнд булшлахаар шийдсэн бөгөөд ОХУ-ын ижлээр АЦС-ын технологио гадаадад зарж, хариуд нь цөмийн хаягдал түлш авахаар санал тавихаар ажиллаж байна.
Хятад улс нь цөмийн зэвсэг үйлдвэрлэж буй Пакистанд хоёрын зэрэг хуучин загварын цөмийн реактораа зарахаар тохиролцоод байгаа. Дээх асуудлын улмаас АНУ болон бусад гүрнүүд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудалд сэтгэл түгших болжээ.
АНУ-ын Төрийн Департамент дахь цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаарх лидер Ричард Стратфорд өнгөрсөн 3 дугаар сарын сүүлчээр бусад гүрнүүд хүчирхэгжих болсны улмаас АНУ-ын хүч суларч буйд харамслаа илэрхийлжээ. Иймд АНУ нь байр сууриа хараахан алдаагүй байгаа дээрээ цөмийн хаягдал түлшээ хаях газар нутагтай болж авахыг хичээж байна. Монголчуудад санал болгосон төсөл гэгчээс үзэхэд АНУ-ын хувьд байдал түгшүүртэй байгаа ажээ.
Харуюки Айкава
Европ дахь Ерөнхий Товчоо
“Хятадууд өндөр түвшний цацраг идэвхт хаягдлаа Монголын хил орчимд буюу Гансу мужийн говийн элсэнд булшлахаар шийдсэн” нь аюултай байна. “Далайн эргийн хятадуудын тансаг ахуйг бүрдүүлсэн цахилгааны хэрэглээний хорт хаягдлыг өөр мужид аваачиж хаях нь шударга бус” гэж АНУ-ын муж улсууд хэлнэ байх. АНУ-ын нэг муж улсын цөмийн хаягдлыг нөгөө муж улсад хаяхыг хориглосноос Нэгдсэн хаягдлын цэг байгуулж чадаагүй гэсэн биз дээ. Үүнийг Гансу мужийнханд дуулгах юмсан…
Amarlin mash sain baina.
Amarlind, Frohe Weihnachten und ein gesundes, glückliches und erfolgreiches neues Jahr!