Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, алтан нарыг алгаараа хаах уу ?

 Алтан нарыг алгаараа хаах уу буюу “ардчилсан” нэртэй Монголд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ёс суртахуун гэж байна уу?

           Монгол улсад заналхийлж буй цөмийн аюулын талаар анхлан бичсэнээс хойш бараг 6 сар болжээ. Энэ хугацаанд уран олборлох, боловсруулах үе шатуудыг нарийвчлан тайлбарлахаас авахуулаад, үе шат бүрт гарах цөмийн хаягдал хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар, бусад орнууд ямар туршлага байдаг тухай судалж, Монгол, Япон, АНУ-3 орны нууц гэрээ хэлэлцээрийн талаарх гадаадын хэвлэлийн мэдээг орчуулж тавихын зэрэгцээ энэхүү бохир бизнест оролцогсдыг баримт нотолгоотойгоор ил гаргаж тавьсан билээ.

            Бүх мэдээллийг голомт.орг-оор дамжуулан уншигчиддаа хүргэсээр ирсэн. Зарим хүмүүс надад хандаж мэдээллийг сонинд нийтлүүлж, ард түмэнд нээлттэй болгооч гэж зөвлөдөг. Тэгвэл Монголын бүхий л хэвлэл мэдээллийн эх сурвалжууд улс төрчдийн гарт атгаастай гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү? Хараат бус хэвлэл битгий хэл онлайн мэдээллийн порт ч цөөн гэхэд та үнэмших үү? Мөн манай дийлэнх сэтгүүлчид хүмүүст үнэн зөв мэдээлэл хүргэхийн төлөө биш өнгө мөнгөний төлөө хөөцөлдсөн эсвэл хэн нэгний гарт утсан хүүхэлдэй болсон гэдэгтэй та санал нийлэх үү? 

             Мэддэг заримаасаа нэрлэе л даа. “Ийгл ТВ” болон “Ардын Эрх” сонин, мөн news.mn гэхэд Батлан Хамгаалахын сайд Лу. Болдын мэдлийнх гэх. NTV –УИХ-ын гишүүн Г. Батхүүгийнх, SBN –УИХ-ын гишvvн асан С.Болдхэтийнх, С1 телевиз болон “Монголын мэдээ” –ЗТБХБ-н сайд “Женко” X. Баттулгынх, ТВ-9 болон “Зууны Мэдээ”–Ерөнхийлөгч асан Н. Энхбаярынх, “Өнөөдөр” сонин–Засгийн газрынх, “Өдрийн сонин”–Ц. Элбэгдоржийнх, “Vндэсний шуудан”– генсек У. Хүрэлсүхийнх, “Єнєєдрийн Монгол” сонин УИХ-ын гишvvн Д. Тэрбишдагва, Т.Бадамжунай нарынх ажээ. Мөн ерєнхий сайд С.Батболд, шадар сайд М. Энхболд нар “Нийгмийн толь” сонины хувь эзэмшигчид юм байна. Харин Үндэсний ТВ болон “Улаанбаатар TV” ч хэний томилгоогоор хэн ажилладаг, хөгжмийг хэн захиалдаг гэдгийг та бүхэн гадарлана биз. 

              Нөхцөл ийм байхад голомт.орг дээр гарсан мэдээллийг зарим мэдээллийн сайтууд, тухайлбал, sonin.mn, shuud.mn, zaluu.com, mixx.mn, orloo.com, svemon.info, lamongols.com авч нийтэлж, олон  нийтэд хүргэхэд туслалцаа үзүүлж байсанд талархаж байна. Харамсалтай нь, цөмийн бизнест оролцогсдыг нэрлэх болоход мэдээллийн сайтуудын идэвх унтарч, хойргоших нь мэдрэгдэх боллоо.

               Тухайлбал, өмнөх нийтлэлүүдийг гаргаж байсан sonin.mn гэхэд Ц. Элбэгдорж, С. Батболдын оролцоог дэлгэсэн “Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ?” гэдэг цуврал 2 болон дараахь цуврал 3-ыг гаргахаас илт эмээв. Шууд.мн “Цуврал-2”-ыг авсан ч гаргалгүй хав дарж байснаа амралтын өдрүүдийг далимдуулан гялс гаргаад авчихсан гэж байгаа. Харин “Цуврал-3” дээр бол ёстой “шонгүй” гэгч болсон бололтой таг чиг боллоо. Mass.mn бол бүр шулуухан, Цувралын 3-р нийтлэлийн хурц хэсгийг хасаад шинэ нэр өгөөд нийтэлчихсэн байх. “Ардчилсан” нийгмийн “хараат бус” хэвлэлийн үнэн нүүр царай нэг иймэрхүү байна. 

            Хаа очиж гадаадад суугаа Монголчуудын хөтөлдөг мэдээллийн сайтууд элдэв дарамтаас арай ангид байдаг бололтой, цувралаар нь нийтэлсэн lamongols.com болон orloo.com-ынхонд баярлалаа. 

          Түүнчлэн та бүхэнд сонирхуулaхaд, нэгэн Япон эмэгтэй 8 сард Монголд ирэхдээ Монголчуудад элэгтэй нэг бүлэг Япончуудын хүсэлтээр нутагтаа цөмийн хаягдал булшлуулж болохгүй шүү гэсэн утгатай том ярилцлага сонинд өгчээ. Саяхан тэр эмэгтэй дахиад Монгол явахаараа сонинд ярилцлага өгнө, одоо мөнгөө цуглуулж байна гэж бичжээ. Учрыг сонирхвол түрүүчийн удаа 4 сая төгрөг төлж байж ярилцлага өгcөн, одоо  Япончууд сэтгүүлчид өгөх мөнгөө цуглуулж байгаа гэнэ. Монголчуудад сэтгэл тавьж,  цөмийн аюул заналд өртөхөөс сэрэмжлүүлж буй сайхан сэтгэлт хүнээс сэрэмжлүүлж зөвлөгөө өгснийх нь төлөө мөнгө нэхнэ гэж сэтгэлд багтмааргүй.

         Мөн “Зууны Мэдээ” сонины нэгэн сэтгүүлчээс эхлээд З. Оргилмаа гэх мэтийн нэр бүхий хэд хэдэн  сэтгүүлчид голомт.орг-ийн мэдээллээс амаа олохгүй “халуун будаа” идсэн тохиолдол цөөнгүй гарсан билээ. Үйлдэл дээрээ баригдсан ч уучлал гуйх ч ухамсаргүй нүүр буруулан зугтааж буй тэдний байдлаас харахад cэтгүүлчдийн ёс зүй, ёс суртахуун шалдаа унасaн ажээ.

          Ийм  сэтгүүлчид бас хэвлэлтэй бaйж хэрэгтэй, үнэн зөв мэдээлэл хүргэдэг хараат бус хэвлэлтэй ардчилсан нийгэмд амьдардаг гэдэгтээ бид хэрхэн итгэх вэ??? 

          Гэсэн ч алтан нарыг алгаараа хаана гэж юу байх вэ, Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа. Нүх сүв бүрээр мэдээлэл нэвчсээр л байх болно. Ард түмний тэвчээр нэг л өдөр сад тавих цаг ирнэ.

Жич:

Саяхны нэг өдөр Ливийн удирдагч Гаддафигийн үхлийн талаар видео үзэж суухдаа “эрх мэдэл нэгтнийхээ” сүүлчийн мөчийн тухай мэдээг Монголын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар хэрхэн хүлээж авсан бол гэж өөрийн эрхгүй бодогдов…


3 Comments on “Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, алтан нарыг алгаараа хаах уу ?”

  1. MUNKHTUR says:

    Yostoi budaa bolgojee! Dashramd helehed http://www.lamongols.com Tsuwral-3-iig saya tawisan baina lee shuu! Lamongols.com-d talarhal ilerhiileh n zuitei baihaa.

  2. delgermaa says:

    sonin bolgohod:
    10sarin 28ni “SPIEGEL.DE”-d Fukushimaagiin cacrag tuyanii hemjee zasgiin gazariin medeelj buigaas hamaagui iluu ondor bna gesen bna lee, BODIT MEDEELEL bidendee hurgej bui yavdald talarhaj bna, chamd bolon busad humuust amjilt hus’e

  3. reader says:

    Мэдээллүүд тань эх сурвалжуудаа тодорхой заасан байдаг болохоор үнэн зөв гэдэгт итгэдэг. Маш их хөдөлмөрлөж цаг зарцуулж байгаад тань талархаж баярлаж байдаг. Танд эрүүл энх, амжилт бүтээл хүсье. Тумний итгэлийг хөсөр хаясан хүмүүсийн бусармаг үйлдлүүд бүгдэд ил болж тэдэнд хариуцлага тооцох цаг удахгүй ирнэ гэдэгт найдаж байна.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s