Цөмийн хаягдaл булшлах яриа байсан нь үнэн гэдгийг Япон сэтгүүлч баталжээ

Цөмийн хаягдлыг Монголын нутагт агуулбал мөнгө өгнө гэж хэмжээг нь хүртэл хэлээд байна

Б.ДОЛЗОДМАА

Эх сурвалж: Өдрийн Сонин

http://www.dailynews.mn/publish/?vid=19095

Япон, Америкийн Засгийн газар манай улсын дээд албан тушаалын хүмүүстэй нууц хэлэлцээр хийж Монголын газар нутаг дор олон улсын цөмийн хаягдлын агуулах барих төсөл хийж байсан талаарх мэдээлэл дуулиан тарьж байна. Гадаад харилцааны яамнаас уржигдар яаралтай хэвлэлийн бага хурал зарлаж энэхүү мэдээллийг үгүйсгэсэн. Манай улсад цөмийн хаягдлын агуулах барих нууц хэлэлцээрийн тухай Монголд ирж сурвалжлага хийсэн Японы “Майничи” сонины Лондон дахь тусгай сурвалжлагч Айкава Харүюкитай холбогдлоо. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголд ирээд буцсан бөгөөд Лондонгоос түүнтэй интернэтээр шууд холбогдож Н.Энхжаргал орчуулагчийн тусламжтайгаар ярилцсанаа хүргэе.

-Та юуны өмнө Мон­голд ирж сурвалжлага хийсэн талаар мэдээ­лэл хүргэхгүй юу?

-АНУ, Япон улс ато­мын цахилгаан станцын талаар Монголд ярилцаж байгаа эсэхийг мэдэхээр би Монгол руу ирсэн. Америк, Япон, Монголын гурван талт хэлэлцээр гэдгийг сонсоод манай Япон улсад хамааралтай болохоор энэ талаар би­чиж тэмдэглэх зорилгоор Монголыг зорьсон.

-Монголд ирээд төр­сөн сэтгэгдлээсээ ху­ваал­цаач?

-Монголд анх удаа очсон. Үнэхээр сайхан газар. Монгол хүмүүс эел­дэг дулаахан санагдсан. Японд болсон цунами газар хөдлөлтийн үед монголчууд сэтгэлээсээ тусалж цалингаасаа хан­дивлаж байсан нь үнэ­хээр сэтгэл хөдлөм гай­хал­тай санагдсан. Мон­гол­чуудад чин сэтгэлээ­сээ баярлалаа гэж хэл­мээр байна.

-Та Монголд олон газ­­раар явав уу. Аль аймагт очиж хаана, ямар байдлаар ажил­лав?

-Би “Майничи” сонин дээрээ бичигдсэнээс илүү мэдээллийг хэлж чадах­гүй нь. Энэ талаар хэлэх боломжгүй байна л даа.

-Нууц гэж үү?

-(Хариулт хэлсэнгүй инээгээд өнгөрөв)

-Монгол Улсад цө­мийн хаяг­дал агуулах барих тухай ямар гэрээ, хэлцэл хийгдсэн юм бол. Хэзээ, хаана, ямар уулзалт болж байсан  зэрэг олон асуулт хөв­рөх нь. Энэ гэрээ хэ­лэл­цээртэй холбоотой мэдээллийг Монго­лын уншигчидтай хуваал­цах­гүй юу?

-Энэ асуудлын талаар зөвхөн ганц Монголд ч биш өөр улс оронд очиж ярилцлага авч яваа. Дараал­лаар  нь ярья л даа. Өнгөр­сөн 2010 оны есдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд АНУ-ын Эрчим хүчний яамны орлогч захирал Понэман Монголд айлчлалаар ирс­нээс эхлэлтэйгээр хэ­лэлцээр яригдаж эхэлсэн. Япон улс боло­хоор өнгөр­сөн жилийн аравдугаар сараас эхлэн хэлэлцээрт нэгдэн орсон. АНУ, Япон, Монгол гурван улсын хоо­ронд утсаар ярих ч юмуу эсвэл ямар нэгэн байдлаар энэ талаар гурвалсан яриа яригдах болсон гэдэг нь тодорхой.

-Монголын талаас ямар түвш­ний албаны хүмүүс харил­цаа­тай уулзалдаж байгаа юм бол?

-Японоос Эдийн Зас­гийн ху­дал­дааны яам, Монголын талаас Гадаад харилцааны яам төлөөл­сөн гэж бодож байна.

-Ямар хэлэлцээр хий­сэн та­лаар та то­дорхой тайлбарлахгүй юу?

-Монгол Улс ураны нөөцтэй. Мөн нефтьтэй. Атомын цахилгаан станц барих техник, технологи Монголд шууд алга байна. Монго­лын зүгээс атомын цахилгаан станц барих техник, технологийг хүсч байгаа. АНУ Монголд зөвлөмж байдлаар хандахдаа цөмийн түлш гаргах нь эдийн засгийн хувьд нэг их ашигтай биш. Яагаад гэвэл дэлхийн олон улс орон атомын цахилгаан станц, цөмийн түлш гаргаж байна. Гэхдээ бид нар та нарт цөмийн түлш хийхэд чинь тусалъя. Та нар эргээд бидэнд хариу тусал гэх байдлаар тус нэх­сэн маягийн яриа явуулж байгаа юм билээ. АНУ-ын тулгамдсан асууд­лын нэгд ато­мын цахилгаан станцад хэрэглэсэн цөмийн түлш­ний хаягдлыг эргээд хэрхэх вэ гэдэг яах аргагүй орно Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ, монголчуу­дыг туслахгүй юу гэх маягаар ярил­цаж байна. Хэрэглэ­сэн цөмийн түлш яагаад дэлхий нийтэд тул­гамдсан асуудал байгаа талаар хэлье гэж бодож байна. Дэлхийн олон улс оронд атомын цахилгаан станц бий. Шинээр нэмэгдэж хэд хэдэн улс орон ч цахилгаан станц барихаар төлөв­лөсөн. АНУ-ын зүгээс цөмийн зэвсэг үйлдвэрлэх, дахин боловс­руулах улс орон шинээр бий бол­гохоосоо илүүтэй атомын цахил­гаан станцад хэрэг­лэсэн цөмийн түлшний хаягдлыг аюулгүй амар тайван газарт аваа­чихыг хүсч байна. Дэлхий нийтээр 1990 оноос хойш хорь гаруй жи­лийн турш цөмийн хаягдлыг хэрхэх вэ гэдгийг ярилцаж байгаа ч нэгдсэн тодор­хой шийдвэрт хүрээгүй. 2005 оноос эхлэн Олон улсын Атомын цахил­гаан станцын холбоо (IAEA)-ноос янз бүрийн таамаг санал дэв­шүүлж, цөмийн хаягдлыг найдвар­тай хадгалах олон улсын төвийг Ази, Европт нэг нэгийг байгуулъя гэх мэтчилэн ярилцсаар л байна. Энэ асуудлыг олон нийтийн дунд хамгийн идэвхтэй ярьж байгаа нь АНУ. Ер нь цөмийн зэвсгийн хаягд­лыг хамгийн найдвартай хадгалах арга нь газрын гүнд 100 мянган жилийн хугацаанд найдвартай­гаар булах гэж үздэг. Үүнийг гүний устай газар булж болдоггүй. Үнэн­дээ дэлхийн улс орноос хайгаад үзэхээр газрын гүний усгүй улс орон гэж бараг байхгүй. Монгол, Казахстан, Австрали, Аргентин зэрэг улс орныг говь элсэрхэг газар нутагтай учир цөмийн зэвсгийн хаягдлыг булбал хамгийн найдвар­тай гэж яригдах нь бий. Ийм цаг үед Монгол Улс уранаас цөмийн түлш гаргаж Арабын нэгдсэн Эмират улс (UAE)-д нийлүүлье гэж яриад бай­гаа юм билээ. Энэ жи­лийн нэгдү­гээр сард Монгол Улсын Ерөнхий сайд тус улс руу албан айлчлалаар явсан. Айлчлалын үеэр Мон­голд хийх цөмийн түлшийг худал­даж авахгүй юм уу гэж бизнесийн санал тавьсан юм байна. Ингэхдээ цөмийн түлшийг эхлээд зараад дараа нь хэрэглээд дууссан хойно хаягдлыг нь Монгол Улс буцааж авна гэдгээ хэлсэн.  Бусад улс орнууд зарсан цөмийн түлшний  хаягдлаа буцааж авахгүй гэдэг болохоор Арабын талаас мэдээж баяртай байгаа.  Урьдчилсан байд­лаар Монгол Улс 2020 оноос эхлэн Арабын нэгдсэн Эмират улсад цөмийн түлш нийлүүлье гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Харин цөмийн хаягдлыг 2040-2050 оны үед бу­цааж авна гэж Монголын Засгийн газраас ярьж байгаа гэсэн. Хэдий­гээр хараахан тодорхой болоогүй ч ийм чиглэлийн яриа хэлцэл яваг­даж байгаа юм билээ. Монгол Улс нэгэнт далайн боомтгүй учир ОХУ, БНХАУ-аар дамжиж хаягдлаа бу­цааж зөөх хэрэг зайлш­гүй гарна. Монголын хоёр хөрш улс аюултай тээвэрлэлт гэж үзээд дургүйлхэж ч болзошгүй. Тийм үед тодорхой хэмжээний мөнгө, татвар төлөөд улс орноор нь дамжуулан зөөж болохыг үгүйсгэхгүй. Мэдээж Монгол, Арабын төдийгүй хөрш хоёр улс оронтой гэрээ хэлцэл хийж байж энэ асуудал нэг мөр шийдвэрлэгдэх байх аа.

-Манай улс цөмийн түлш хий­хээр төлөвлөж байгаа энэ үетэй давхцан Монгол Улсын газар нутагт цөмийн хаягдал агуулах гэсэн АНУ-ын сонирхол илтэд харагдаж байна гэж тодорхойлж болох уу. Өөрөөр хэлбэл Монго­лыг ятгаж байна, тийм үү?

-АНУ-ын талаас Монгол Улсыг Арабын орнуудтай гэрээ хэлцэл ярьж байгааг мэдэхийн дээдээр сайн мэдэж байгаа. Нэгэнт 2050 онд Арабаас цөмийн хаягдлаа буцааж авах юм бол АНУ ч юмуу бусад улс орноос ирэх хаягдлыг цугт нь авахгүй юм уу гэсэн байдлаар санал тавиад байгаа гэж ойлгогд­сон. Цөмийн хаягдлаа хэрхэх вэ, хааш нь далдлах вэ гэж санаа зовниж байгаа үед Монгол Улс тусалбал бид баярлаж талархах болно. Зөвхөн баярлалаа гэж хэлэх биш нэлээн их хэмжээний мөнгө өгнө. Монголын талаас бай­гууламж барьчихгүй юмуу гэсэн саналыг хэлэх байдлаар ярьж байна. Хэрэв нутагтаа цөмийн хаягдал агуулбал төдий хэмжээний мөнгө өгнө гэж бүр хэмжээг нь хүртэл хэлээд байгаагаас үзэхэд шууд сонир­хол байгаа нь мэдээж хэрэг.

-Тэгвэл Монгол Улсын Зас­гийн өөрсдөө ямар байр суурь баримталж байгаа бол. Таныг сурвалжлага хийх явцад юу анзаарагдав?

-Энэ асуудал өнгөрсөн жилийн есдүгээр сараас эхлэн яригдаж эхэлсэн. Одоогоор хараахан юу ч шийдэгдээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

-Гурван улсын уулзалт яг хэдийд болсон байдаг юм бэ?

-Вашингтонд энэ 2011 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Монгол, Япон, АНУ гэсэн гурван улс цугларсан уулзалт болсон.

-Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас ийм төрлийн яриа хэлцэл огт болоогүй гэж мэдэгдээд байгаа. Шууд хэлэхэд таны бичсэн мэ­дээ, сурвалжлагыг ташаа гэж үгүйсгэж байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Би өөрийнхөө бичсэн мэдээ­лэлд итгэлтэй байна. Монголчууд төдийгүй бусад улс орны ихэнх иргэд атомын цахилгаан станцын тухайд мэдээлэл хомс байдаг. Миний хувьд энэ сэдвийн дагуу мэдээ, мэдээлэл бичдэг болохоор асуудлыг тодорхой хэмжээнд сайн мэднэ. Би сүүлийн дөрвөн жилийн турш цөмийн түлшний талаар сурвалжлага хийж цөөнгүй улс оронд ажиллаж байна. Тэгээд ч Монгол, АНУ, Японы гурван талт хэлэлцээрийн талаар зөвхөн ма­най “Майничи” сонин төдийгүй “Wall street journal”, “Routers”, “Асахи” болон Японы телевиз, хэвлэлийнхэн бичиж, ярьж байна шүү дээ.

-Таны ажилладаг “Майничи” сонинд гарсан мэдээллийг илтэд үгүйсгээд байгаа хандлага гар­саар байна. Ер нь сэтгүүлчдийн бичсэн бодит мэдээллийг илтэд үгүйсгэх хандлага бишгүй гардаг шүү дээ?

-Тийм ээ. Энэ бол бидний мэр­гэж­лийн хувьд гардаг байдаг л зүйлийн нэг. Монгол Улсын Зас­гийн газраас энэхүү мэдээллийг үгүйсгээд байгаа ч Японы Засгийн газраас гурван улсын хэлэлцээр болсон гэдгийг албан бус байдлаар хүлээн зөвшөөрч байна гэдгээ дурдаж байгаа. АНУ-аас гарч байгаа мэдээлэлд ч гурван улсын хэлэлцээрийг хүлээн зөвшөөрдөг. Хэрвээ миний бичсэн мэдээлэл ташаа байсан бол Японы өөр бусад олон хэвлэлээр дамжин мэдээлэгдэхгүй байх байсан биз дээ.

Advertisements

4 Comments on “Цөмийн хаягдaл булшлах яриа байсан нь үнэн гэдгийг Япон сэтгүүлч баталжээ”

  1. gegeelen says:

    100 мянган жилийн хугацаатай газрын гүнд гүнийн уснаас хол булшилдаг гэхээр ямархан аймаар урвал явагдадгийг баталж бна. Эрх мэдэлтнүүдээ эх орноо халтар хэдэн төгрөгнөөс бүү худалдаач, МОНГОЛ сайхан орноо эрүүл саруулаар нь хамгаалья,

  2. gegeelen says:

    Миний ойлгосноор азаар энэ одоогоор яриа төдий байгаа гэдэгт л найдаж байна. Цөмийн хаягдлыг эх орондоо бүү булшлаач. Ийм зуйл хэзээ ч болохгүй гэдэгт МОНГОЛ орондоо хайртай хүний хувьд итгэж байна. Та нарт ч бас итгэж байна

  3. Ganaa says:

    Энд миний бодлоор Японы сонирхол байна. Манай улс цөмийн түлш үйлдвэрлэж улмаар дэлхийн зах зээл дээр Орос, Казахстантай өрсөлдөх талаар ярилцсан нь үнэн. Орос бусад улс орнуудад нийлүүлсэн түлшний хаягдлаа буцааж авч байгаа нь ч үнэн. Казахстан ч энэ замаар явах гэж буй. Казахстан бол энэ зах зээл дээр шинэ тоглогч. Учир нь оросууд цөмийн хаягдлыг дахин боловсруулж түлш үйлдвэрлэх шинэ технологитой болсон байгаа. Яг ийм үед Монгол улс цөмийн түлш үйлдвэрлэж экспортлох гэрээ хэлцэл хийгээд эхлэнгүүт, танайх хаягдлаа оросууд шиг буцааж авах уу гэсэн асуудал хөндөгдсөн, болсон явдал ердөө л энэ.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s