Монголчууд ТАГ ЧИГ…

Бичсэн: Амарлин

Японд газар хөдөлсний дараахан Монголын сэтгүүлчид 24-н цагийн тасралтгүй ТВ нэвтрүүлэг, сурвалжлага бэлтгэж, нийтлэл бичиж, хийрхлийн галыг цуцалтгүй өрдөж байсан. Тэдний хичээл чармайлт ч үр дүнгээ үзүүлж Монголчууд өдөр шөнөгүй цунамигаар амьсгалж, унтах нойр, идэх хоолоо ч мартаж,  газар нутгаа өгнө өгөхгүй, Япончуудыг гэртээ байлгана байлгахгүй гэж талцаж хэлцэж байсан үе саяхан.

Олон хүний амь нас эрсдэж, асар их эвдрэл сүйрэл учирсан Японд найрамдалт хөршийн хувьд тодорхой хэмжээгээр туслах нь Монголчуудын хувьд хүн чанарын асуудал гэдгийг хэн ч зөвшөөрөх байх. Гэхдээ өөрсдөд нь тэднээс дутахгүй олон ноцтой асуудал тулгарчихсан байгаа, тэднийгээ  шийдэж чадахгүй улс орноо мөхлийн ирмэг дээр авчраад байгаа гэдгээ бас санаж суувал бас зүгээрсэн дээ.

Хотын агаарын асар их бохирдол, мөнгөн ус, цианид натри, бусад хорт бодисны хордлого, хоол хүнсний аюулгүй байдлын хяналт алдагдсан  зэргээс үүдэн хүн амын дунд хорт хавдрын тархалт нэмэгдэж, залуужих болсон, тэр бүү хэл эхийн хэвлий дэх ураг, нялхсын амь нас, эрүүл мэндэд нөлөөлөх болсон. Мөн түүнчлэн үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул нүүрлэж, байгаль орчны сүйрэл, авилга, хахууль газар авч, ард олны амьдрал хэт доройтон ядуурч байгаа гээд шийдэж чадаагүй олон асуудал ар араасаа хөвөрч байгааг мартсан ч юм шиг. Арлын Японы хувь заяанд өөрсдийнхөө ирээдүйгээс илүү зовниж, арай дэндүү хөөрцөглөж байсныг “Амьдрал яахав ээ, Анжела Дэвис сайн уу” гэсэн Баабарын үг яг оноод хэлчих шиг болсон.

Уг нь бол Монголчуудад нөгөө “Биеэ засаад гэрээ зас…” гэдгээс авахуулаад энэ талаар зааж сургасан олон сургааль үг байдаг шиг л санагдах юм. Уламжлалаа мэддэггүй зарим нь онгоцоор нисэхийн өмнө үйлчлэгч гарч ирээд “Аюул осол тохиолдох аваас эхлээд өөрийнхөө хүчил төрөгчийн маскийг зүүгээд дараа нь хүүхдийнхээ эсвэл хажууд суусан хүнийхээ маскийг зүүхэд туслаарай” гэж зөвлөдгийг санахад илүүдэхгүй буй заа.

За яахав хэд хонолоо, мэдээ хуучирлаа, хийрхэл ч намжлаа. Харин ингэтэл хэрэг бишдэж, Фукушима дахь цөмийн станцаас цацраг идэвхит бодис алдагдаж, дэлхий нийтэд аюул заналхийлж эхэллээ гэсэн түгшүүрт мэдээлэл олон улсад цацагдаж эхэллээ. Харин түрүүхэн нь “муу эр дайнд хөөрлөө” хэмээн чичлүүлсэн Монгол сэтгүүлчид маань БҮРМӨСӨН ТАГ ЧИГ болсон нь гайхмаар. Мэдээллийн хэд хэдэн сайтаар орлоо, таг чиг…Бодвол, угаас тусах нь тодорхой юм чинь хорт цацрагийн тухай ярьж ард түмнээ дэмий зовоохгүй гэсэн үү эсвэл энэ асуудал Монголоос холуур өнгөрөх тул мэдээлээд хэрэггүй гэж тооцолсон уу.

Гадныхан энэ талаар хэрхэн мэдээлж буйг судалж үзлээ.

3 сарын 28-ны байдлаар гэхэд Фукушимагийн атомын цахилгаан станц дээр ажиллаж байсан 19 хүн 100 миллизивертын хэмжээтэй цацрагт идэвхжлийн тун авсан нь тогтоогдсон байна. 100 миллизиверт гэдэг нь хүнд аюулгүй гэж тогтоогдсон дээд хэмжээ бөгөөд үүнээс дээш тунгаар цацрагт хордвол эрүүл мэнд, амь насад ноцтой аюул учруулдаг байна. Харин Японы Засгийн газраас энэ хэмжээг 205 миллизиверт гэж шинэчлэн тогтоожээ. 3 сарын 29-ний мэдээнээс үзвэл Фукушима -1 станцийн ойролцоох усан дахь цацрагийн хэмжээ нэг цагт 1000 миллизиверт хүрчээ. (1 зиверт =1000 миллизиверт=1 сая микрозиверт юм байна). Түүнчлэн Номхон далайгаас 60 метрийн зайд цацраг идэвхжил илэрчээ.

Энэ дашрамд, АНУ-ын Байгаль Орчныг Хамгаалах Байгууллагаас тогтоосон цацраг идэвхит бодисны нэг удаагийн нөлөөллөөр хүний биед гарах өөрчлөлтийн стандартыг танилцуулья:

50-100 миллизиверт —-цусны найрлаганд өөрчлөлт орно

500 милизиверт —хэдхэн цагийн дотор дотор муухайрч, огиудас хүрнэ

700 миллизиверт–бөөлжинө

750 миллизиверт —2-3 долоо хоногийн дотор үс унана

900 миллизиверт —гүйлгэнэ

1000 миллизиверт–цус алдана

4000 миллизиверт– эмчлэхгүй бол 2 сарын дотор амь насаа алдах аюултай

10,000– гэдэс дотрын хана гэмтэж, дотуур цус алдаж, 1-2 долоо хоногийн дотор амь насанд хүрэх аюултай

20,000—төв мэдрэлийн тогтолцоо гэмтэж, хэдхэн минутын дотор ухаан алдаж, хэдэн цагаас хэдэн өдрийн дотор амь насанд хүрнэ

Хэдийгээр Фукушима-гаас бусад газруудад цацраг идэвхит йод тун бага хэмжээгээр илэрсэн, хүний эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэж тайвшруулж буй ч (тухайлбал, Токиод крантны усанд бага хэмжээгээр илэрсэн гэнэ) үнэндээ цацрагийн үр нөлөө хуримтлагддаг тул бас хүний биед аюулгүй гэж хэлэх боломжгүй юм. Бидний бие организм амьдралын явцад хүлээн авч буй цацраг идэвхит бодисын нөлөөг хуримтлуулдаг. Товч тайлбарлавал, улиралд эсвэл жилд ганц удаа рентген зургаа авахуулахад хүнд хүрч буй цацрагийн нөлөө төдийлөн хортой биш ч  тэр аппараттыг ажиллуулдаг рентгены эмч  өдөр бүр бага багаар цацрагийн тун авсаар байгаад сүүлдээ хорт хавдар тусдаг байна. Цацраг идэвхит бодис нь хүний ДНК молекулыг гэмтээх замаар хүний бие эрхтэнд нөлөөлдөг байна. Цацраг идэвхитэй бодисыг хоол хүнсээр дамжуулан хэрэглэх нь цацраг туяанд хордохоос илүү аюултай байдаг ажээ. Дотогш орсон тэр хорын нөлөө хүний биед хуримтлагдаж, ясанд нэвчиж, хорт хавдар, генийн мутаци (гаж хөгжил) үүсгэдэг. Цацрагийн хорт нөлөөллөөс үүссэн 2 янзын мутаци байдаг гэнэ. Эхнийх нь гэвэл, жирэмсэн эхчүүд цацраг бодист хордоход ургийн хөгжилд нөлөөлж гаж хөгжилтэй хүүхэд төрдөг. Нөгөөх нь гэвэл эрүүл хүн цацрагт хордосны улмаас генийн мутаци явагдаж, ирээдүйд төрөх хүүхэд нь тэр гажиг удамшдаг бас аюултай ажээ.

Ер нь цацраг идэвхит бодис, нэн ялангуяа хоол хүнсэн дэх хорт бодисын нөлөө томчуудыг бодвол бага насны хүүхдүүдэд илүү хортой юм байна.  Хүүхдүүдийн бамбай булчирхай насанд хүрэгчдийнхээс жижиг тул цацраг идэвхтэй бодисын тун илүү ихийг хүртэж, хорт хавдар үүсэх аюул илүү өндөр байдаг ажээ.

Гринпийс хэмээх байгаль орчны хамгаалах төлөө тэмцдэг олон улсын байгууллагын мэдээлснээс үзвэл Фукушимад Чернобылийн эмгэнэл давтагдаж байгаа бөгөөд аюул ослыг үнэлэх стандартаар хамгийн өндөр буюу 7 дугаар түвшинд хүрчээ. Фукушима-1 станцийн 2-р блокт цацраг идэвхит бодисын хэмжээ (цацраг идэвхит йод-131 хэмээх бодис) асар хурдан нэмэгдэж эхлэв.

3 сарын 22-ны байдлаар хэвийн хэмжээнээс 126.7 дахин их,

3 сарын 26-ны байдлаар 1250 дахин их,

3 сарын 27-ны байдлаар 100 мянга дахин өндөр болжээ (Япончууд эхлээд 10 сая дахин өндөр байна гэж мэдээлсэн боловч удалгүй цацраг идэвхит йодыг кобальттай андуурч хэмжсэн байна хэмээн уучлалт хүссэн юм).

Түүнчлэн цацраг туяаны хэмжээ хэт өндөр байгаа тул блокуудыг цаашид хөргөх боломжгүй болсон гэж ТЕРКО компанийнхан мэдэгджээ. (Ингэхээр мэдээж дэлбэрч л таарна гэсэн үг…)

Францын шинжээчдийн үзэж байгаагаар радиаци дээд түвшиндээ хүрсэн бөгөөд Фукушимагийн станцын хажууд 15 минут болоход жирийн үед нэг жилд авдагтай тэнцүү хэмжээний цацраг идэвхит бодисны тун хүртэх юм байна. ОХУ-ын Росатом байгууллагын мэргэжилтнүүдийн ярьж буйгаар нөхцөл байдал тэрнээс ч долоон дор байгаа бөгөөд станц-д хэрэглэж байсан  асар хортой плутони бодис усаар угаагдан далай тэнгисийн ус руу орж далайн ус, амьтдыг хордуулж байна гэж үзэж байгаа юм байна (Плутони бодис нь уранаас хавьгүй их цацраг идэвхтэй тул агаарт дэгдсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд маш хортой, түүний задрах хугацаа нь 24 мянган жил гэнэ).

Өнөөдөр цацраг идэвхит йод тэнгис руу орж, мөн хорт изотопууд агаарт дэгдэж дэлхийн аль ч өнцөг буланд хүрэх боломжтой болжээ. Өмнөд Солонгос (Сөул), Хятадын баруун өмнөд хэсэг, ОХУ-ын Владивосток, Филиппин, Австрали, тэр бүү хэл Испани, Франци, Шотландын Глазго, Англи, Канад гээд олон оронд цацраг идэвхит йод-131 илэрчээ. Түүнчлэн, АНУ-д гэхэд 15 мужид буюу Хойт болон Өмнөд Каролина, Флорида, Массачусетс, Невада, Аляска, Алабама, Орегон, Охайо, Филадельфи, Вашингтон, Айдахо, Калифорни, Аризона, Хавай арлуудад ч байна гэнэ. Одоохондоо шалбаагт тогтсон борооны усанд бага сага хэмжээгээр илэрч буй бөгөөд нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зүгээс  хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулах хэмжээнд хүрээгүй гэж тайвшруулж байгаа юм байна.

Харин зундаа агаарын урсгал өөрчлөгдөх тул хорт бодис эргэж Япон болон Хойт, Өмнөд Солонгос руу эргэж ирэх аюултай ажээ.

Сонин юм даа, цацраг идэвхит бодис салхинд туугдаад аль хэдийнэ АНУ-ын баруун эрэгт (бүр Нью Йорк орчим) хүрчихээд байхад Монголчууд ТАГ ЧИГ… Харин саяхан академич Чадраа гуай Монголд атомын цахилгаан станц барихгүй бол ойрын үед хөгжинө гэж горьдолтгүй гэсэн ярилцлага өгснийг сонин.мн дээрээс уншсан юм байна (Б. Чадраа: Бурхнаас бидэнд уран гэгч атомын цахилгаан станцын түлшийг бэлэглэсэн). Салхиар ирж буй цацрагийн тун арай багадаад байгаа тул Монголчууддаа дээд тунгаар нь хүртээх төлөвлөгөө хэрэгжүүлэхээр санаархаж байгаа бололтой.

Эх сурвалжууд:

http://svobodaslova.by/novosti/tema/_3810.html

http://rus.ruvr.ru/2011/03/29/48120757.html

http://rus.ruvr.ru/2011/03/29/48143367.html

http://www.usatoday.com/news/nation/environment/2011-03-28-radiation-usa_N.htm

http://www.torontosun.com/news/canada/2011/03/22/17710226.html

http://www.reuters.com/article/2011/03/29/uk-japan-nuclear-russia-idUSLNE72S06420110329

http://www.tribuneonline.org/headlines/20110330hed6.html

http://www.reuters.com/article/2011/03/27/us-japan-quake-radiation-idUSTRE72Q0HN20110327?pageNumber=1

http://www.associatedcontent.com/article/7875202/radiation_tainted_tap_water_may_have.html?cat=5

http://sonin.mn/?p=121529


One Comment on “Монголчууд ТАГ ЧИГ…”

  1. хүний хүү says:

    уб-ЫН ГЭР ХОРООЛЫНХНЫ ЕВЕЛЖИН ИЛ ХАЯСАН ЯЛГАДАС, ЦЭР НУУРСНИЙ УНС ХОГ ОДОО ГЭСЭЖ ХАВРЫН САЛХИНД БУРГИН ХУН АМЫН ТАЛ НЬ БУЮУ САЯ ИЛУУ МОНГОЛЫН АМ ХАМАР ЛУУ ЧИХЭЖ ЁСТОЙ ГАМШИГ БОЛЖ ФУКУСИМОГООС ИЛУУ ГАЙ ЧИРЧ ХАЛДВАРТ ЕВЧИН ТАРЬЖ БАЙХАД ТӨР НЬЧ НЕГЕЕ ОРИЛОО ЯНХАН СЭТГУУЛЧ ХУУХНУУД Ч ЧИМЭЭГУЙ. ХУНИЙ АМААР БУДАА ИДДЭГ ТОЛГОЙ ХООСОН МОНГОЛЧУУД ИЙНГЭЖ ЕЕРСДИЙГЕЕ ХЕНЕЕЖ ДУУСАХ НЭЭ. ТУГШУУР ЗАРЛААЧ


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s